Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 209/МА2022/00055

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
 иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2022/00199/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Г.Давааренчин, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  04 дүгээр сарын 14-ний өдрийн 568 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******,

                   ******* нарт холбогдох

    Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 4,791,103 төгрөг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг хариуцагч *******гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Зээлдэгч *******, ******* нар Дархан салбарын төв тооцооны төвөөс 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ******* тоот зээлийн гэрээ байгуулж, 11,141,896 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалингийн зээл авсан бөгөөд зээлийн барьцаанд гэрийн эд зүйл барьцаалсан болно.

Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн банк зээлээ төлөхийг удаа дараа шаардсан. Гэвч зээлдэгч зээлээ төлөөгүй, өнөөдрийг хүртэл 1220 хоног хугацаа хэтрүүлсэн. Иймээс зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсгийг үндэслэн хариуцагч *******, ******* нараас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 819,480.47 төгрөг, зээлийн хүү 3,810,615.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 161,007.13 төгрөг нийт 4,791,103 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагчийн  татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч “*******” ХХК-аас 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ЗГ/201642764375 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 11,141,869 төгрөгийг жилийн 22,8 хүүтэй, 48 сарын хугацаатай цалингийн зээл авсан нь үнэн.

Зээлдэгчийн үүргээ биелүүлж үндсэн зээлээс анх авсан 11,141,869 төгрөгөөс 10,322,415 төгрөг төлсөн, хүүгийн төлбөрт 3,355,231.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 21,833.32 төгрөг нийтдээ 13,699,480.37 төгрөгийг төлсөн.

Үндсэн зээлээс 819,480 төгрөг үлдсэн, зээлийн гэрээний хугацаа 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр дууссан байтал, хугацаа дууссан хүчингүй гэрээг баримтлан зээлдэгчээс хэт өндрөөр зээлийн хүүгийн төлбөр 3,810,615.40 төгрөг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 161,007.13 төгрөг буюу 3,971,622 төгрөгийг үндэслэлгүйгээр шаардсан гэж үзэж байна.

Иймд банкны шаардсан 4,791,103 төгрөгийн шаардлагаас 3,971,622 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2, 242 дугаар зүйлийн 242.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 819,480.47 төгрөг, зээлийн хүү 3,810,615.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 161,007.13 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн Дархан салбарт олгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,608.00 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 91,608.00 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Зээлийн гэрээ 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр буюу 48 сараа хугацаатай байсан гэрээний хугацаа дууссан. Бид зээлдэгчийн үүргээ биелүүлж үндсэн зээлээс анх авсан 11,141,869 төгрөгөөс 10,322,415 төгрөг төлсөн, хүүгийн төлбөрт 3,355,231.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 21,833.32 төгрөг нийтдээ 13,699,480.37 төгрөгийг төлсөн.

Хугацаа дууссанаас хойш 2,048,200 төгрөг төлсөн. Хугацаа дууссан гэрээний зээлийн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хариуцагч *******гийн давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “*******” ХХК хариуцагч *******, ******* нарт холбогдуулж, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл зээлийн үндсэн төлбөр 819,480.47 төгрөг, зээлийн хүү 3,810,615.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 161,007.13 төгрөг нийт 4,791,103 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч барьцаат зээлийн гэрээний 2.4.4-т заасан хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй тул зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх ёстой гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Хариуцагч *******, ******* нар зээлийн гэрээний хугацаа 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр дууссан тул хугацаа дууссан хүчингүй гэрээгээр хэт өндөр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар

 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр талуудын хооронд жилийн 22.8 хувийн хүүтэй, 4 жилийн хугацаатай 11.141.896,11 төгрөгийн барьцаат зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдэгч нарт 3.000.000 төгрөг олгожээ.

Учир нь талуудын хооронд өмнө байгуулагдсан  зээлийн гэрээнээс 8.141.896,11 төгрөгийн үлдэгдэлтэй байжээ.

Цалин барьцаалсан энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т заасан хуулийн шаардлага хангасан гэрээ байх бөгөөд зээлдүүлэгч тал хууль болон гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу зээлдэгчээс зээлийн төлбөрийн үлдэгдлийг зохих хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт шаардах эрхтэй.

Зээлийн гэрээний эргэн төлөлтөд доголдол үүссэн талаар талууд маргаагүй.

Гэрээний хавсралт “зээл буцаан төлөх хуваарь”-аар зээлдэгч нар сар бүр 357.700 төгрөг төлж, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төлж дуусгахаар тохиролцсон байна.

Зээлдэгч *******, ******* нар үндсэн зээлийн төлбөрөөс 819.480,47 төгрөгийн үлдэгдэлтэй гэдгээ хүлээн зөвшөөрч, мэдэж байгаа боловч хугацаа дууссан гэрээгээр нэхэмжилж буй хүү нь хэтэрхий өндөр байна гэсэн татгалзал үндэслэлгүй байна.

Зээлийн гэрээний 2.4.3.2-т “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-аас хугацаа хэтрүүлэн, эсхүл дутуу төлсөн тохиолдолд зээлийн төлбөр гүйцэтгэсэн өдөр хүртэл хугацаанд тооцогдсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус төлүүлж, үлдсэн дүнгээр үлдсэн зээлийг төлүүлнэ”, 2.4.4-т “Зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд багтаан  зээлээ бүрэн төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус зааснаар хариуцагч *******, ******* нар зээлийн үлдэгдэл төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна.

Зээлдүүлэгчийн  “зээл буцаан дуудах мэдэгдэл”-ийг 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр зээлдэгч ******* хүлээн авсан.

Зээлдүүлэгчээс зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн үлдэгдэл төлбөрийг төлүүлэхээр өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд хариуцагчийн хаяг тодорхой бус шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгож байжээ.

Мөн зээлдүүлэгчийн хүсэлтээр хариуцагч нарыг шүүхээс эрэн сурвалжилж, оршин суух хаяг нь тодорхой болж, хамтран үүрэг гүйцэтгэгч ******* 2019 оны 02 дугаар сараас зээлийн төлөлт хийж, зээлийн үлдэгдэл  819.480,47 төгрөг болсныг хариуцагч ******* үгүйсгээгүй.

Талууд 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зээл, зээлийн хүүг сар бүр тодорхой дүнгээр төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулж байжээ.

Үүрэг гүйцэтгэх зарчим, хугацаа, үүрэг зөрчсөнөөс талуудын хэн аль нь гэрээнээс татгалзах эрх, үүрэг гүйцэтгэх дараалал, хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хүлээх үүрэг, үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардах эрхийн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1, 216 дугаар зүйлийн 216.4, 225 дугаар зүйлийн 225.1, 242 дугаар зүйлийн 242.1, 242.2, 242.3-т заасныг тус тус зөв тайлбарлан хэрэглэжээ.

Талуудын мэтгэлцэх эрхийг хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Шүүх улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох заалтыг оновчтой, зөв хэрэглээгүй алдаа гаргасан  байх тул хууль хэрэглээний алдааг зөвтгөж шийдвэрлэх нь зүйтэй.

 Иймд хариуцагч *******гийн гэрээний хугацаа дууссан байхад хэтэрхий өндөр хүү тооцсон тул нэхэмжлэлээр шаардаж буй зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг хасаж тооцож, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  04 дүгээр сарын 14-ний өдрийн 568 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 2 дугаар заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1” гэснийг 

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч *******гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******гаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78.496 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                           

        

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Х.БАЙГАЛМАА

                                                     ШҮҮГЧИД                                 Г.ДАВААРЕНЧИН

                                                              Л.АМАРСАНАА