Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 177

 

 

 

    

 

 

 

 

 

2018 оны 9 сарын 07 өдөр                            2018/ШЦТ/177                              Хэрлэн сум

 

     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2018/0198/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                    А.Уламбаяр,

Улсын яллагч                                                  Ц.Цэен-Ойдов,

Хохирогч                                                           С.Лхамцэцэг,

Хохирогчийн өмгөөлөгч                                  Э.Уянга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Г.Бадамгэрэл,

Шүүгдэгч                                                          С.Н. нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Н.д холбогдох 1839002230180 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Тэмүүжингийн 48б-37 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх С.Н. /РД:/;

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч С.Н. нь 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Хэрлэн сумын 4-р баг Тэмүүжингийн 48б-37 тоотод С.Лхамцэцэгтэй хэрүүл маргаан үүсгэж иргэн С.Лхамцэцэгийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Н. нь 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Хэрлэн сумын 4-р баг Тэмүүжингийн 48б-37 тоотод С.Лхамцэцэгтэй хэрүүл маргаан үүсгэж иргэн С.Лхамцэцэгийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч С.Лхамцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манайх Хэрлэн сум 4 дүгээр баг Эрчим 47б-37 тоот хашаанд 2017 оны 10 дугаар сарын 16-нд гэрээ барьж буусан. Буусан өдрөөс хойш 7 хоногийн дараа айлын эзэгтэй Зулаа нь энд байлгахгүй танайх манай хашаанаас хурдан нүү гээд байсан. 2018 оны 4 дүгээр сарын 20-ны 16 цагийн үед Зулаа гэдэг айлын эзэгтэй нь манайд орж ирээд танайх одоо хэтэрч байгаа юм биш үү хэзээ нүүх юм гэсэн. Би за за нөхөртэйгээ яръя гээд утсаар нь залгатал ээж утсыг нь авсан. Тэгтэл нөгөө эмэгтэй ирээд намайг утсаар ярьж дуусаагүй байтал хоёр хацар луу ээлжлээд 2-3 удаа алгадсан. Яагаад байгаа юм бэ гэсэн чинь би чамайг хашаандаа буулгасан юм чинь зодох эрхтэй гээд миний бага хүү 3 настай хүүг гадаа гаргаад үүд түгжээд зүүн талын гарын сарвуу хэсгийг маажиж, миний утсыг аваад утсаар цээж хэсэг рүү 3 удаа хатгаж толгой руу 2 удаа цохисон. Би хаалгаа онгойлгоод гэрээсээ зугтаачихсан юм. Дараа нь би цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-17 тал/

Гэрч О.Анхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 19-ний орой 22 цагийн үед манай эхнэр Лхамцэцэг нь айлын эзэгтэй эмэгтэйтэй хэрүүл маргаан гаргасан гэж сонссон. Би аймагт 21-ний орой ирээд уулзахад айлын эзэгтэй надтай муудсан гэж хэлсэн. Би хэрүүлийн талаар сайн сонсоогүй. Манайх энэ айлын хашаанд 2017 оны намар 10 дугаар сарын 20 хавьцаа буусан юм. Тухайн үед хашааны төлбөр өгнө гэж яриагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/

С.Н.ын мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн: “...манай хашаанд нэг айл 2018 оны намар 10 сард гэрээ бариад буусан. Энэ айл буусан цагаасаа хойш байнга хэрүүл маргаантай байх болсон. Хашаанд хогоо шатаана, бохирын худагт угаадсаа хийнэ,  хашаанд хамаагүй газар биеэ засна. Би энэ байдалд нь дургүйцээд хашаанаас нүү гэж удаа дараа шаардлага тавьж байгаа. Тэгтэл тэр эмэгтэй ёо энэ бузрын хашаанаас хурдан нүүх юмсан. Анхааг хурдан ир гэж хэл өнөө шөнөдөө нүү гээд байна, энэ нэг тэнэг өдөржингөө манайд зогслоо гээд утсаар яриад байсан. Би хашаанд буусан төлбөр мөнгөө төл гэхэд миний өөдөөс юун мөнгө манай нөхрөөс мөнгө авна гээгүй биздээ чи ер нь манай нөхөртэй алцганаж, явалдаад байгаа биз дээ гээд шүлсээ үсэргээд нүүрэнд тулж ирээд хашгираад байхаар нь би тэрнийг нэг удаа алгадсан. Би бага насны хүүхдэд хэрүүл сонсгоод яах вэ гээд гэрээс гаргасан. Намайг цохиод байхаар нь гарнаас нь бариад авсан чинь гараа татаад сарвууг нь маажчихсан юм билээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/

Насанд хүрээгүй гэрч Л.Билгүүнбаатарын: “...намайг сургууль дээрээ байхад манай ээж Лхамцэцэг миний 90270085 гэсэн дугаарын утас руу утасдаад хашааны хүн намайг зодоод байна хурдан хүрээд ир гэж хэлсэн. Тэр үед манай хичээл тарах дөхсөн байсан болохоор би хичээлээ тараад гэр лүүгээ явсан. Тэгээд хашааны гадаа ирэхэд манай ээж Лхамцэцэг хашааны гадаа хөл нүцгэн Зулаа мод барьчихсан намайг оруулахгүй байна гээд зогсож байсан. Ээжийн хацар нь улаа бутарчихсан байсан. Тэгээд яасан гэж асуусан чинь Зулаа намайг алгадсан гэж хэлсэн. Тэгээд гэр лүү ороод хаана чинь өвдөж байна гэсэн чинь миний хавирга өвдөж байна Зулаа миний хавирга руу утсаар цохисон гэж хэлсэн. Ээжийн нүдний шилнийх нь өрөөсөн нь уначихсан байсан. Тэгэхээр нь унасан шилийг нь гэрээс олж өгөөд шилийг зүүлгэсэн. Тэгээд ээж цагдаа дуудсан чинь төд удалгүй цагдаа ирээд ээжтэй уулзчихаад хашааны эзэн Зулаа эгчтэй уулзэх гэсэн чинь Зулаа эгч хүүхдээ дагуулаад эмнэлэг дээр явж байна гэж хэлсэн. Тэгээд нөгөө цагдаа намайг дуудахаар хүрээд ирээрэй гэж хэлсэн. Тэгээд цагдааг явсны дараа ээж дүү нартайгаа гэртээ байж байхад цагдаа хүрээд ир гэж дуудахаар нь ээж дүү бид хэд хамт цагдаа дээр очсон. Тэгээд нөгөө цагдаа ээжээс мэдүүлэг авчихаад ээжийг эмнэлэгт орж үзүүлээрэй гэж хэлсэн. Тэгээд бид хэд эмнэлэг орж ээжийг эмчид үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/

Шинжээч эмч Л.Бямбатуяагийн: “...С.Лхамцэцэг нь тухайн үедээ нэгдсэн эмнэлгийн лаборатороор цээжний зураг авахуулсан байсныг Хэнтий аймагт С.Лхамцэцэгийн цээжний зургийг унших эмч байхгүй гэснээр манай байгууллагаас Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн газрын даргад тоот бичиж явуулаад Шүүх эмнэлгийн дүрс оношлогооны эмч ахлах ахлагч Оюунбаясгалан тус цээжний зургийг уншиж явуулсан байсан. Оюунбаягалан эмчийн уншиж явуулсан бичгэн дээр С.Лхамцэцэгийн зүүн 6-р хавирганы зах ирмэг далны шугамаар тэгш бус /хугарал/ гэснийг үндэслэн дүгнэлт гаргасан. С.Лхамцэцэгийн биед үүссэн 6-р хавирганы хугаралаар хөнгөн зэргийн гэмтэл гэж тогтоосон. Харин Лхамцэцэгийн биед үүссэн баруун нүдний доод зовхи, зүүн сарвуунд зулгаралт үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/

Шинжээч эмч Т.Номинцэцэгийн: “...энэ зургийг Оюунбаягалан эмчээр уншуулахад зүүн 6-р хавирганы хугарал гэж уншигджээ. Тухайн оношилгооны хариуг үндэслэн Л.Бямбатуяа нь №192 дугаартай дүгнэлтийг гаргасан учир тухайн үедээ үндэслэлтэй байна гэж үзсэн. Өмнөх зургийг дахин уншуулахад 7-р хавирганы хугарал байна гэж С.Чулуунсүх эмч хариу уншуулсан. Хүний биед учирсан зүүн 7-р хавирганы гэмтэл нь Хүний эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна... гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 тал/

Шинжээч эмч С.Чулуунсүхийн: “...Миний уншсан рентген зураг дээр 7-р хавирганы шинэ хугарал байсан. 5,6-р хавирга нь хугараагүй харин дотогш бага зэрэг хонхойж ясны хана зузаарсан байсан. Оюунбаясгалан эмчийн зөрөөтэй уншсан асуудал тухайн үед КТГ зураг авагдаагүй зөвхөн цээжин дэх рентген зургаар яснууд давхардсан гарах зурагны чанар муу зэргээс зөрүү гарсан байж болно. Шинэ гэмтэл байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 26-67 тал/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №757 тоот дүгнэлт:

-С.Н.ын биед зүүн 7-р хавирганы хугарал, баруун нүдний доод зовхи, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо,

-дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой,

-С.Лхамцэцэгийн биед зүүн 7-р хавирганы  хугарал бүхий гэмтэл байна,

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан №192 тоот дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Н. нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Лхамцэцэг нь намайг нөхөртэйгөө ярих явцдаа элдвээр хэлж доромжлоод байсан. Тэгээд би утсаар ярьж дуусахыг нь хүлээж байгаад танайх хашаанд буусан хугацааныхаа мөнгийг төлөөрэй гэж хэлэхэд Лхамцэцэг “чи муу манай нөхөртэй явалдаж явалдчихаад, алцганачихаад одоо юу яриад байгаа юм бэ” гэх зэргээр намайг элдвээр хэлж нүүр рүү шүлсээ үсчүүлээд байхаар нь би түлхээд буйдан дээр нь суулгасан. Мөн намайг гар утсаараа энд тэндгүй цохиод байсан, тэгэхээр нь би нэг гараараа нөгөө гарыг нь барьж байгаад утсыг нь авч буйдан руу нь шидсэн. Гарыг нь барьж байхад маажигдсан байсан. ...би энэ хүний биед хавирга хугарахаар гэмтэл учруулаагүй... надад түүнийг олон удаа цохиж, зодсон асуудал байхгүй... Би гэм буруугүй” гэж мэдүүлсэн;

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл нь  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед С.Н., Лхамцэцэг нар нь бие биедээ халдсан. С.Н.ын биед ч мөн адил гэмтэл учирсан. Лхамцэцэгийн биед учирсан гэх 7-р хавирганы хугарал бүхий гэмтлийг С.Н. нь учруулаагүй гэж үзэж байна. Лхамцэцэг нь мөрдөн байцаалтын шатанд 3 удаа мэдүүлэхдээ С.Н. эхлээд намайг 2-3 удаа алгадсан, цээж рүү 3 удаа хатгаад, толгой руу 2 удаа цохьсон гэж мэдүүлсэн. Сүүлд нь мэдүүлэхдээ 4-5 удаа алгадсан, 5-6 удаа цохьсон гэж мэдүүлдэг бөгөөд ингэж олон янзаар мэдүүлж байгаа нь эргэлзээтэй. Мөн эхний удаа мэдүүлэхдээ хөхөн доогуур хөндүүрлэж байна гэх боловч 5 сарын 23-ны өдөр мэдүүлэхдээ хөхөн доогуур хөхөрсөн байдаг гэж мэдүүлдэг. Шинжээч эмч Бямбатуяа дүгнэлт гаргахдаа хохирогчийг биечлэн үзэхэд ямар нэг хөхөрсөн зүйл байгаагүй гэх бөгөөд дүгнэлтдээ энэ талаар огт дурдаагүй. Тэгэхээр хэзээ ийм гэмтэл учирсан нь эргэлзээтэй. Мөн  Лхамцэцэгийг уурлахаараа хүн рүү уурлаж хашгирдаг болохыг түүний нөхөр нотолж мэдүүлэг өгсөн байна... Мөн С.Н. болон Лхамцэцэгийн нөхрийн мэдүүлэгт Лхамцэцэг нь С.Н.ыг нөхөртэйгөө харддаг бөгөөд үүний улмаас миний үйлчлүүлэгчийг гүтгэж байна гэж бодож байна. Насанд хүрээгүй гэрч Билгүүнбаатарын мэдүүлэгт утасны дэлгэц хагарсан, баруун гараас нь хумсны шалбархайтай гэж мэдүүлдэг ч хэрэгт мэдүүлэг өгсөн бүх хүн Лхамцэцэгийн зүүн гар гэж мэдүүлдэг.  Гар утасны наалтны хувьд Лхамцэцэг анх мэдүүлэхдээ утасны дэлгэц гэсэн боловч мөрдөн байцаагчийн үзлэг хийсэн тэмдэглэл дээр утасны нүүрийг нь сольсон гэж мэдүүлдэг. Энэ байдлаар зөрүүтэй, эргэлзээтэй мэдүүлгүүд өгсөн байдаг. Мөн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргахад Чулуунсүх гэх эмчийн дүгнэлтээр: 7-р хавирганд зөрүүгүй хугарал, 5-6-р хавирганд арьс зузаарсан байна, хугаралгүй гэдэг. Анх Лхамцэцэгийн 5-6-р хавирга хугаралтай гэж дүгнэлт гарсныг С.Н. хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас “УБ Сонгдо”-д очиж Лхамцэцэгийн рентгэн зураг авахуулаад англи хэлээр зургийн тайлбар гарсан байсныг шинжээчийн дүгнэлтэд огт дурдаагүй. Энэ англи тайлбарт 7-р хавирга хуучин хугаралтай гээд 6-р хавирганы талаар огт дурдаагүй. Тэгэхээр Лхамцэцэгийн биед учирсан гэмтэл нь тухайн үед учирсан уу, эсвэл хуучин хугарал байсан уу гэдэг эргэлзээтэй. Лхамцэцэг 2 жилийн өмнө мотоциклоос унасан талаараа мэдүүлдэг тул үүнийг хуучин хугарал байж болзошгүй гэж үзэж байна. Энэ хэрэгт С.Н.ын буруутай болохыг хөдлөшгүй баримтаар тогтоогоогүй, эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтай байдлаар шийдэж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн боловч эдгээр нь хохирогчийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэргээр няцаагдаж байх бөгөөд өмгөөлөгчийн дээр дурдсан мэдүүлгүүд хоорондын зөрүү нь тухайн мэдүүлгийг бүхэлд нь үгүйсгэх үндэслэл болохгүй тул шүүгдэгч С.Н.ыг хохирогч С.Лхамцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Н.ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг мөн бөгөөд прокурор Ц.Цэен-Ойдов шүүгдэгчид дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул С.Н.д эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч С.Лхамэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...надад өөр хүнд зодуулсан зүйл байхгүй, тухайн үед С.Н.д зодуулсан... Би одоо С.Н.аас эмчилгээний зардал буюу эм тарианы мөнгө 181.500 төгрөг, биеэ үзүүлэхээр Улаанбаатар хот руу ирж, буцсан замын зардал 52.000 төгрөг, мөн сэтгэл санааны хохиролд 1 сая төгрөг гээд нийт 1.233.550 төгрөг нэхэмжилж байна... ” гэжээ.

Хохирогчид учирсан бодит зардал буюу эм тарианы мөнгө, замын зардал гээд хэрэгт авагдсан, нотлох баримтын шаардлага хангасан баримтуудын хүрээнд буюу 207.950 төгрөгийг шүүгдэгч С.Н.аас гаргуулж, үлдэх иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Наранузлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С.Н.д 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх санал гаргасан бөгөөд, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл нь С.Н.ын бага насны 3 хүүхэдтэй байдлыг харгалзан үзэж, торгох ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргажээ. Шүүгдэгч С.Н.ын хувьд үйлдсэн хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч С.Н. нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй ба хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан томографикийн зураг, бичлэг, “УБ сонгдо” эмнэлэгт үзүүлсэн эмчийн тайлбар, Iphone-4 маркийн гар утас зэргийг хохирогчид буцаан олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Н.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н.ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох   ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч С.Н. нь түүнд оногдуулсан 500 нэгтжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н. нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  томографикийн зураг, бичлэг, “УБ сонгдо” эмнэлэгт үзүүлсэн эмчийн тайлбар, Iphone-4 маркийн гар утсыг хохирогчид буцаан олгосугай.

 

6. Иргэний  хуулийн 497 дугаар   зүйлийн 497.1, 510   дугаар   зүйлийн   510.1 дэх

хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н.аас 207.950 /хоёр зуун долоон мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж хохирогч С.Лхамцэцэгт олгож, үлдэх иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, ба түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

    

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ц.МӨНХТУЛГА