| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Баттогтох |
| Хэргийн индекс | 2516002220244 |
| Дугаар | 2026/ДШМ/06 |
| Огноо | 2026-02-12 |
| Зүйл хэсэг | 11.1.1, 17.1.1., |
| Улсын яллагч | Ө.М |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2026/ДШМ/06
Д.М-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, шүүгч З.Нандинцэцэг, Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Ө.М,
Хохирогчийн өмгөөлөгч Ж.Д,
Шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Б.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Б нарыг оролцуулан,
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/269 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор шүүгдэгч Д.М-д холбогдох эрүүгийн 2516002220244 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн хувийн мэдээлэл: Ж овгийн Д.М нь Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ний өдөр Говь-Алтай аймгийн ********* суманд төрсөн, *** настай, *********, ******** боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл *****, ******, ******* хамт Говь-Алтай аймгийн ********* сумын ********* багийн ******** хорооны *** - *** тоотод оршин суух хаягтай, урьд Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, мөн шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял, мөн шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял, мөн шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Д* ******** регистрийн дугаартай,
Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч Д.М нь Говь-Алтай аймгийн ********* сумын ********** багийн нутаг дэвсгэр *** - *** тоот хашаанд байх монгол гэрт 2025 оны 08 дугаар сарын 11-ний шөнийн 23 цагийн үед хохирогч Г.Д-тай чиний дансанд байсан мөнгийг би үрээгүй гадуур худлаа ярьж явлаа гэх зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний толгой хэсэгт 1 удаа өшиглөж эрүүл мэндэд нь тархины дарагдал, тархины хүнд зэргийн няцрал, цус харвалт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
Мөн Д.М нь 2025 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хооронд хохирогч Г.Д-ын Хаан банкны 53******** тоот харилцах данснаас олон удаагийн гүйлгээгээр 2,280,305 төгрөгийг нууцаар, хууль бусаар авч хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Шүүгдэгч Ж овгийн Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.4-т заасныг баримтлан шүүгдэгч Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3-д заасныг баримтлан шүүгдэгч Д.М-ээс 780,305 /долоон зуун наян мянга гурван зуун тав/ төгрөг, хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хохиролд 15,408,000 /арван таван сая дөрвөн зуун найм мянга/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Г.Д /Говь-Алтай аймгийн ********* сумын ********* баг *** - *** тоотод оршин суух, РД: Д* *********/-д олгож, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.М-ээс 10,542,096 /арван сая таван зуун дөчин хоёр мянга ерөн зургаа/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын төрийн сангийн 100000******** тоот дансанд оруулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй зэргийг тус тус дурдаж, ….. эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/269 дугаар шийтгэх тогтоолд дараах гомдлыг гаргаж байна.
Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогдуулан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэвч Д.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Анхан шатны шүүх хуралдаанаас өмнө Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогчид 2,280,305 төгрөгний хохирол учирснаас 1,500,000 төгрөг төлсөн, хохирогчийн зүгээс эмчилгээ, эрүүл мэндэд учирсан хохиролд баримтаар 324,222 төгрөг нэхэмжилсэн хохиролд 350,000 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд цаашид гарах эмчилгээ сувилгааны зардалыг нөхөн төлнө гэдгээ илэрхийлж байгаа юм. Хохирогч Г.Д-ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл нь 3-р зэрэгт хамаарахаар шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд энэ нь хөдөлөмөрийн хөлсний доод хэмжээг 13-22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн шүүхээс тогтоохоор заасан боловч анхан шатны шүүхээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 19 дахин нэмэгдүүлж 15,048,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн, мөн түүнд шүүхээс 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хүндээр тусч байна. Учир нь Д.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд хохирол хор уршгийг нөхөн төлнө гэдгээ илэрхийлж тодорхой хэжээний хохирол төлсөн байхад үүнийг харгалзаж үзэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд ялын санкц нь 2 жилээс 8 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэхээр заасан хэдий ч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хүний тухайд ялын доод хэмжээ буюу тухайн зүйл хэсгийн хамгийн бага ялыг оногдуулах бүрэн боломжтой гэж үзэж байна.
Иймд Д.М-ийн хорих ялыг багасгаж, мөн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлд гаргуулахаар шийдвэрлэсэн 15,048,000 төгрөгийг багасгаж тухайн зэрэглэлд хамаарах хамгийн бага нэгжээр тооцож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
3. Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
4. Үйл баримтын дүгнэлт, нотлогдсон байдлын талаар:
4.1. Шүүгдэгч Д.М нь Говь-Алтай аймгийн ********* сумын ******* багийн нутаг дэвсгэр *** - *** тоот хашаанд байх монгол гэрт 2025 оны 08 дугаар сарын 11-ний шөнийн 23 цагийн үед хохирогч Г.Д-тай чиний дансанд байсан мөнгийг би үрээгүй гадуур худлаа ярьж явлаа гэх зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний толгой хэсэгт 1 удаа өшиглөж эрүүл мэндэд нь тархины дарагдал, тархины хүнд зэргийн няцрал, цус харвалт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
Мөн Д.М нь 2025 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хооронд хохирогч Г.Д-ын Хаан банкны 53******** тоот харилцах данснаас олон удаагийн гүйлгээгээр 2,280,305 төгрөгийг нууцаар, хууль бусаар авч хохирол учруулсан байна.
5. Хэргийн үйл баримтыг нотлох баримтын талаар:
5.1. Шүүгдэгч Д.М нь 2025 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хооронд хохирогч Г.Д-ын Хаан банкны 53******** тоот харилцах данснаас олон удаагийн гүйлгээгээр 2,280,305 төгрөгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
5.1.1. Хохирогч Г.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр би М-ийн гэрт байхад М ирээд Д чиний сим карт манай гэрт байгаа би “Шинэ-Алтай” зах орж тоглолоо гэж хэлээд гараад явсан. Би М-ийн гэрээс гараад найз М-ийн гэрт очоод М-д 2025 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Кайф бааранд байхдаа М-д өгч явуулсан сим картаа авахаар очиход М-ийн гэрт аав ээж хоёр нь байхаар гэрээс сим картаа аваад М-ийн гэрт буцаад очсон. Тэгээд өдрийн 13 цагийн үед М-ийн хамт гудамжинд явж байгаад Б гэх найзтайгаа таараад М, Б бид хэд Мөст-Алтай караоке рүү орохоор явсан. Мөст-Алтай караоке рүү орохоос өмнө өөрийн сим картыг Б-ийн гар утсанд хийгээд хаан банкны интернэт банк руу орж дансанд байгаа үлдэгдэл мөнгөө шалгахад 2025 оны 08 дугаар сарын 03-ны өдөр М-д сим картаа гар утсанд нь хийж өгөхөд миний хаан банкны дансанд найздаа хадгалуулсан мөнгийг манай найз шилжүүлж миний дансанд 1,600,000 гаруй мянган төгрөг байсан. Тухайн 1.600.000 төгрөг миний данснаас зарлага болж гараад дансны үлдэгдэл 0.0 төгрөг болсон байсан. Би Мөст-Алтай караоке байхдаа ганц нэг таньдаг хүндээ М миний сим картыг ашиглан миний хаан банкны данс руу орж дансанд байсан мөнгийг үрсэн талаар хэлсэн. М бид 17 цагийн үед Мөст-Алтай караокеноос гараад М-ийн гэрт очсон. М-ийн гар утсаар ээж У, эгч А нар луу залгаж миний дансанд байсан мөнгийг М үрээд дууссан талаар хэлэхэд ээж эгч хоёр загнаад тоогоогүй. Би 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Nokia маркийн гар утастай явж байгаад утасны цэнэг дуусахаар М-ийн гар утсанд сим картаа хийж худалдаж авсан юмныхаа тооцоог хийж байгаад мартаад сим картаа өгөөд явуулсан байсан...Нэгт миний гар утасны цэнэг дууссан, хоёрт миний дугаар дараа төлбөрт болохоор М миний сим картыг гар утсандаа хийгээд хэрэглэж байхаар болсон. Би М-тэй найз нөхөд болохоор итгээд өөрийн Хаан банкны интернэт банк руу орох нууц үг, гүйлгээний үгийг хэлсэн байсан. 2025 оны 08 дугаар сарын 03-ны өдөр М-д сим картаа кайф бааранд өгсөн. Би яагаад ингэж сайн санаж байгаа вэ? гэхээр 2025 оны 08 дугаар сарын 03-ны өдөр би найздаа өгч хадгалуулсан байсан 1,600,000 төгрөгийг манай найз над руу буцаан шилжүүлэхдээ эхлээд 1,500,000 төгрөг, дараа нь 100,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Манай найзаас шилжүүлсэн 1,600,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр миний ажилладаг Ж ХХК-аас 7 дугаар сарын цалин 580,305 төгрөг нийт 2,180,305 төгрөгийг миний зөвшөөрөлгүй хэрэглэсэн байна. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг (ХХ 35-37),
5.1.2 Хохирогч Г.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...Би 2016 онд Говь-Алтай аймгийн төв хаан банк нь дээр 53********тоот дансыг нээлгэж хэрэглэж эхэлсэн. Тухайн дансыг надаас өөр ашигладаг хүн байхгүй. Би 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр банк бусаас 3,500,000 төгрөгийн зээл авч, Б гэх найзаасаа үхэр худалдаж авахаар тохиролцож үхрийн мөнгө 1,800,000 төгрөг, мөнгөгүй болохоороо авна гээд 1,600,000 төгрөг нийт 3,400,000 төгрөгийг Б-ийн Хаан банкны 53******** тоот данс руу шилжүүлсэн. Миний Хаан банкны 53******** тоот данс руу 2025 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Хаан банкны 53******** тоот данснаас 100,000, 1,500,000, 100,000 төгрөгийг манай найз Б шилжүүлсэн. 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр миний данс руу орсон 580,305 төгрөг бол миний ажиллаж байсан Ж ХХК-аас намайг илүү хоног ажилласан болохоор нэмэлтээр олгосон цалин байна. Харин 2025 оны 08 дугаар сарын 03-аас 2025 оны 08 дугаар сарын 08-ны хооронд миний хаан банкны данс руу мөнгөн шилжүүлгээр орлого болон орсон 40,000, 365,000, 60,000, 100,000, 600,000, 300,000 төгрөгүүдийг ямар учраас ямар хүн хийсэн талаар би мэдэхгүй. Миний дансанд 1,600,000 төгрөг байсан, үүнээс хойш мөн миний ажиллаж байсан газраас илүү хоногийн цалин 580,305 төгрөг орсон байсан. Би М-ээс өөрийн дансанд байсан 1,600,000 төгрөг, цалин 580,305 төгрөг нийлээд 2,180,305 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (ХХ 40-41),
5.1.3. Гэрч Н.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр миний танил Д гэх залуу манай гэрт ирсэн юм. Д нь надад хандан: Найз нь хөдөөнөөс ирлээ Мичид баар руу орж ганц нэг пиво ууя гээд намайг дагуулаад Мичид баар руу 22 цагийн үед орсон Д бид хоёр пиво ууж байгаад Д баарны тооцоо хийчихсэн, одоо Кайф караоке орж дуулья гээд бид хоёр Кайф караокед орж шөнийн 23 цаг өнгөртөл дуулж архи уучхаад манай гэрт очиж амарсан. Д нь 2025 оны 08 дугаар сарын 06-аас 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүртэл манай гэрт амьдарсан. Би 2025 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 2 хоног Д-тай хамт архи согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэж байгаад 08 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн архи уугаагүй. Д бид хоёр 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр олон хоног архи уусан болохоор шартаж манай гэрт өнжсөн. 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Д бид хоёр гадуур явж байгаад Д-ын танил залуутай таараад 13 цагийн үед Мөст-Алтай караокед орохоор болоод Мөст-Алтай караокены гадаа Д нөгөө найзынхаа гар утсанд сим картаа хийгээд хаан банк руугаа орж үзэхэд Д-ын дансанд байсан мөнгө байхгүй байсан. Энэ үед Д миний хаан банкны бүх нууц үг, кодыг М мэддэг М миний мөнгийг авчихлаа гэсэн. Д нь Мөст-Алтай караокед байхдаа миний хаан банкны дансанд байсан мөнгийг М авчихлаа гээд тэнд байсан хүмүүст яриад байсан. Д найзынхаа хамт Мөст-Алтай караокед 16 цаг хүртэл архи уугаад би хажууд нь архи уугаагүй дагаад явж байсан. Д бид хоёр 16 цаг өнгөрөөгөөд манай гэрт ирэхэд Д нь миний 89******** дугаараас ээж рүүгээ залгаад миний ажил хийгээд олсон мөнгийг М нь миний хаан банкны бүх нууц үг, кодыг мэддэг болохоор надад хэлэлгүй авсан байна гээд яриад байсан. Д нь мөн миний утсаар эгч рүүгээ залгаад М миний мөнгийг авсан гээд яриад байсан. Тэгээд 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 23 цаг өнгөрч байхад манай гэрт М нь орж ирээд Д-тай муудалцсан. Тэр хоёрын муудалцсан шалтгаан бол М нь манай гэрт орж ирээд Д-ыг гадуур худлаа ярилаа би чиний мөнгийг аваагүй чи дансныхаа хуулгыг авч үз гэх зэргээр маргалдаж байхад би гэрийнхээ зүүн талын орон дээр хэвтсэн, Д манай гэрийн баруун талын орон дээр хэвтсэн, миний хэвтэж байсан зүүн талын орны дунд хэсэгт М суусан байсан...” гэх мэдүүлэг (ХХ 49-51),
5.1.4. Гэрч Г.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 18 цаг 04 минутад 89******* гэсэн дугаараас залгаад ээж миний Хаан банкинд байсан мөнгийг М авсан байна. М нь миний Хаан банкны интернэт банкны нууц үгийг мэддэг юм гээд ярихаар нь яах гэж тийм хүмүүстэй найзалж нөхөрлөдөг юм гээд загнасан...” гэх мэдүүлэг (ХХ 58-59),
5.1.5. Гэрч Я.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Г.Д гэх хүнийг танихгүй. Д.М-г танина. Би 2004 оноос эхлэн Хаан банкны 50*********** тоот дансыг ашиглаж байна. Миний хаан банкны дансыг надаас өөр ашигладаг хүн байхгүй. Миний Хаан банкны 50********** тоот данс руу 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр М 100.000 төгрөг шилжүүлсэн. 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр М нь бэлэн мөнгөний машинаар дамжуулан миний 50********** тоот данс руу 300.000 төгрөг бэлнээр хийгээд тухайн данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг (ХХ 61),
5.1.6. Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Говь-Алтай аймгийн ********** сумын ******** багт үйл ажиллагаа явуулдаг Мөст-Алтай караокед 2025 оны 08 дугаар сараас эхлэн ажиллаж байна. Хаан банкны 53*********** тоот данс миний данс мөн. Тухайн дансыг надаас өөр ашигладаг хүн байхгүй. Би 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Мөст-Алтай караокед ээлжтэй ажиллаж байсан өдөр байна. Мөст-Алтай караокед ээлжинд гарах үедээ тухайн өдрийн үйлчлүүлсэн хүмүүсийн орлогыг өөрийн данс руу аваад ажлаасаа буухдаа захирал Г-ийн данс руу шилжүүлдэг юм. Миний хаан банкны 53********** тоотод орсон дээрх орлогуудыг Ш гэж дууддаг М нь 2025 оны 08 дугаар сарын 04-ний шөнө Мөст-Алтай караокед хэрэглэсэн архи, пиво, ундааны төлбөрөө интернэт банкаар шилжүүлсэн орлогууд байна. Би Г.Д гэх хүнийг танихгүй. Д.М Мөст-Алтай караокед заримдаа орж ирж үйлчлүүлдэг тул танина. Эдгээр хүмүүстэй садан төрлийн холбоо байхгүй...” гэх мэдүүлэг (ХХ 63),
5.1.7. Гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Говь-Алтай аймгийн *********** сумын ******** хүнсний дэлгүүрт худалдагчаар ажилладаг юм. Хаан банкны 53*********** тоот данс миний дансны дугаар байна. Надаас өөр эзэмшигч байхгүй. Тухайн Хаан банкны 53********тоот данс ямар хүний данс гэдгийг мэдэхгүй. Тухайн мөнгөн шилжүүлгүүдийг М гэх залуу шилжүүлсэн. Би Г.Д гэх хүнийг танихгүй. Д.М-г зүс төдий танина, манай дэлгүүрээс архи, пиво зэрэг зүйлс авдаг...” гэх мэдүүлэг (ХХ 65),
5.1.8. Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2008 онд Говь-Алтай аймгийн ********* сумын Хаан банканд 53*********** тоот дансыг нээлгэж хэрэглэж эхэлсэн. Надаас өөр тухайн дансыг эзэмшигч байхгүй. Би Г.Д гэх хүнийг танихгүй. Д.М манай дүү Б-ы найз байгаа юм. Манай дүүгийн найз болох М нь надаар 2025 оны 07 дугаар сард Sono цахим банк бусаас 300,000 төгрөгийн зээл авхуулсан юм. 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр тухайн sono цахим банк бусын зээл хийх өдөр болсон тул би М-тэй холбогдож, sono цахим банк бусаас зээлээ хийх өдөр байна гэсэн мессеж ирлээ зээлээ хийгээрэй гэхэд М миний хаан банкны 53*********** тоот данс руу Хаан банкны 53*********** тоот данснаас 365.000 төгрөг шилжүүлээд та зээлээ дарчхаад дахиад надад зээл аваад Хаан банкны 53************ тоот данс руу шилжүүлээд өгөөрэй гэсэн. Би Sono цахим банк бусаас дахин зээл аваад М-ийн хэлсэн Хаан банкны 53*********** тоот данс руу 365.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (ХХ 67),
5.1.9. Гэрч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Говь-Алтай аймгийн *********** сумын Кайф караокег ажиллуулдаг юм. Би Г.Д гэх хүнийг танихгүй, Д.М-г танина. Би 2006 оноос хойш Хаан банкны 53*********** тоот дансыг ашиглаж эхэлсэн. Надаас өөр тухайн дансыг эзэмшигч байхгүй. Тухайн өдөр гэртээ байхад М над руу залгаад эгч дүүдээ 100,000 төгрөг зээлээч гэхээр М-ийн хэлж өгсөн 53******** тоот данс руу 100,000 төгрөг шилжүүлсэн. Орой ажил дээр М ирээд 100,000 төгрөгийг бэлнээр надад өгсөн...” гэх мэдүүлэг (ХХ 69),
5.1.10. Гэрч Ц.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Говь-Алтай аймгийн ********** сумын ********* багт үйл ажиллагаа явуулдаг Оргил-Алтай зочид буудалд 2023 оны 10 дугаар сараас эхлэн ресейпшнгээр ажиллаж байна. Хаан банкны 53************* тоот данс миний дансны дугаар байна. Надаас өөр эзэмшигч байхгүй. Тухайн мөнгийг хэн шилжүүлсэн талаар би санахгүй байна. Олон хүн буудлаас шөнийн цагаар бэлэн гоймон болон бусад зүйлсийн тооцоог хийдэг. Би Г.Д гэх хүнийг танихгүй. Д.М-г танина. Эдгээр хүмүүстэй садан төрлийн холбоо байхгүй...” гэх мэдүүлэг (ХХ 71),
5.1.11. Хаан банкны 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 197 дугаартай албан бичиг (ХХ 19),
5.1.12. Хаан банкны 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 217 дугаартай албан бичиг, Г.Д-ын Хаан банкны эзэмшлийн 53******** тоот харилцах дансны хуулга (ХХ 22-27),
5.1.13. Г.Д-ын Хаан банкны эзэмшлийн 53******** тоот харилцах дансны хуулгат үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (ХХ 29-30) зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.
5.2. Шүүгдэгч Д.М нь хохирогч Г.Д-ын дансанд байсан 2,280,305 төгрөгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч хохирол учруулсан үйлдлийн улмаас Говь-Алтай аймгийн *********** сумын ******* багийн нутаг дэвсгэр *** - *** тоот хашаанд байх монгол гэрт 2025 оны 08 дугаар сарын 11-ний шөнийн 23 цагийн үед “хохирогч Г.Д-тай чиний дансанд байсан мөнгийг би үрээгүй гадуур худлаа ярьж явлаа” гэх зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний толгой хэсэгт 1 удаа өшиглөж эрүүл мэндэд нь /тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доор цусан хураа/ тархины дарагдал, тархины хүнд зэргийн няцрал, цус харвалт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
5.2.1. 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (ХХ 4-7),
5.2.2. Хохирогч Г.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2025 оны 08 дугаар сарын 11-ний шөнийн 23 цагийн үед би гэрийн баруун талын орон дээр, М зүүн талын орон дээр хэвтэж байхад М нь М-ийн гэрт ороод ирэхээр би мэнд ус мэдээд М-д хандан: Чи хүний найз байж миний дансанд байсан мөнгийг дуусгачхаад надаа хэлэхгүй яасан юм бэ гэхэд М нь надад хандан: Би чиний дансанд байсан мөнгийг чинь хэрэглээгүй гээд бид хоёрын хооронд маргаан үүссэн. Би М-д хандан миний мөнгийг төлж өгөхгүй бол цагдаагийн байгууллагад өгч шалгуулна гэж хэлэхэд миний толгойн зүүн талын чих шанаа хэсэг рүү нэг юмаар М цохиод авах шиг болохоор би яаж байгаа юм гээд босоод ирэхэд М гэрийн зүүн талын орноос босож ирээд та хоёр боль наад хэрүүлээ маргааш Д-ын дансны хуулгыг авч үзэж байгаад хэрүүлээ хий гэхэд М явлаа гэж хэлээд М-ийн гэрээс гараад явсан. М-г гарч явсны дараа орон дээр хэвтэж байхад миний зүүн талын шанаа хэсэгт янгиж өвдөөд эхлэхээр би М-ээр толгойгоо бариулахад өвдөөд байхаар М-ийн гар утсаар ээж рүүгээ залгаад би очлоо таксины мөнгө бэлдэж байгаарай гэж хэлсэн. М-ийн гэрээс гараад нойл орж бие засчхаад хашаанаас гарахад жижиг гэрлээ асаасан машин байхаар нь очоод цонхны тогшоод жолоочоос нь ахыгаа гэрт хүргээд өгөөч таксины мөнгийг нь өгье гэж гуйхад намайг гэрт хүргэж өгсөн. Би гэртээ ороод унтах гэхэд миний толгой өвдөөд байсан болохоор У-ийг түргэн дуудаад өгөөч гэж гуйсан. Удалгүй нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн эмч ирээд намайг үзээд эмнэлэг авч явна гэхээр би яваагүй. Тэгээд орондоо ороод хэвтэж байсан нэг ухаан ороход аймгийн Нэгдсэн эмнэлэгт ухаан орсон. Гэрийнхэн маань намайг 2 хоног ухаангүй эмнэлэгт байсан талаар хэлсэн. Би М-тэй 2016 онд танилцаж найзалж нөхөрлөж байгаа юм. Би 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Nokia маркийн гар утастай явж байгаад утасны цэнэг дуусахаар М-ийн гар утсанд сим картаа хийж худалдаж авсан юмныхаа тооцоог хийж байгаад мартаад сим картаа өгөөд явуулсан байсан. Миний толгойн зүүн тал руу нэг удаа цохисон. Би хэвтэж байсан болохоор юугаар цохисныг нь хараагүй. М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэхийг би мэдэхгүй байна. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг (ХХ 35-37),
5.2.3. Гэрч Н.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тэгээд 2025 оны 08 дугаар сарын 11-ний шөнийн 23 цаг өнгөрч байхад манай гэрт М нь орж ирээд Д-тай муудалцсан. Тэр хоёрын муудалцсан шалтгаан бол М нь манай гэрт орж ирээд Д-ыг гадуур худлаа ярилаа би чиний мөнгийг аваагүй чи дансныхаа хуулгыг авч үз гэх зэргээр маргалдаж байхад би гэрийнхээ зүүн талын орон дээр хэвтсэн, Д манай гэрийн баруун талын орон дээр хэвтсэн, миний хэвтэж байсан зүүн талын орны дунд хэсэгт М суусан байсан. Д, М хоёр нэгнийгээ мөнгө авсан аваагүй гэж хэрэлдэж байгаад хэсэг чимээгүй болоод Д нь М-д хандан би маргааш чамайг өгдөг газар чинь өгнө гэхэд М сууж байсан гэрийн зүүн талын орноос босоод баруун орон дээр хэвтэж байсан Д-ын толгой хэсэг рүү өшиглөхөд Д ёолохоор би босоод та хоёр маргааш учир зүйгээ олцгоо гэсэн. М манай гэрээс гараад явсан ба М-г гарч явсны дараа Д нь орон дээр хэвтэж байснаа гэнэт орилоод толгой өвдөөд байна гээд толгойгоо бариад байхаар нь би санаа зовоод яасан зүгээр рүү гэхэд миний толгойг бариад өгөөч толгой өвдөөд байна гэхээр нь би Д-ын толгойг барьж өгсөн. Д нь гар утсаа өгч байгаач би ээжтэйгээ ярих гэсэн юм гээд миний утсыг аваад ээжтэйгээ утсаар ярихдаа би гэртээ очмоор байна би такси аваад очъё та таксины мөнгө бэлдэж байгаач гэж ярьсан. Д нь ширээн дээр байсан нойлын цаас аваад гарч бие заслаа гэж гарахаар би араас нь гарахад нойлд сууж байхаар нь манай гэрт буцаж орж ирэх байх гэж бодсон чинь орж ирэхгүй болохоор би гараад харахад нойлд байхгүй болохоор гудамжаар зам дагаад алхаж байгаа юм байлгүй гэж бодоод гудамжаар хайхад олдоогүй. Би Д-ыг гудамжаар хайгаад олдохгүй болохоор нь шөнийн 02 цагийн үед унтаж амарсан. Г.Д нь 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийг дуустал М гэх хүнтэй хэрэлдэж маргалдсан. М нь манай гэрт 2025 оны 08 дугаар сарын 11-ний 23 цаг өнгөрч байхад Д-тай хэрэлдэж маргалдаж Г.Д-ын толгой хэсэг рүү 1 удаа баруун хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Г.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг (ХХ 49-51),
5.2.4. Иргэний нэхэмжлэгч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...энэ хэрэгт холбогдуулан Г.Д нь эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан тусламж үйлчилгээний мөнгө болох 10,542,096 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (ХХ 46),
5.2.5. Гэрч А.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2025 оны 08 дугаар сарын 11-ний шөнийн 23 цаг өнгөрөөд 24 цаг болох гэж байхад аймгийн Нэгдсэн эмнэлгийн хойд талын засмалын хойд талд байдаг айлуудын хашааны урд зогсоод найзалдаг З гэх эмэгтэйтэй уулзсан. З бид хоёрыг машин дотроо юм яриад сууж байхад миний машины цонхыг нэг эрэгтэй хүн тогшихоор нь би машиныхаа цонхыг онгойлгох үед нөгөө эрэгтэй хүн ахын дүү ахыгаа гэрт хүргээд өгөөч таксиныхан мөнгийг өгье гэхээр нь би нөгөө ахыг гэрт хүргэж өгөх гээд машиндаа суулгаад дээд тал руу явсан. Тэгээд нөгөө ахаар гэрийн заалгаж явсаар байгаад гэрийнхэн гадаа ирэхэд машины цаг 00 цаг 40 минут болсон. Нөгөө ах би гэртээ ороод мөнгө аваад гараад ирье хүлээж байгаарай гээд нэг хашаа руу орсон. Удалгүй нэг настай эгч гарч ирээд надад баярлалаа миний дүү гээд 4500 төгрөг өгсөн. Би тухайн хүний өгсөн таксины мөнгөөр буцаж төв рүү орж буудлаас ундаа авчхаад З-ийн гэрт очиж унтаж амарсан. Би Говь-Алтай аймгийн төвд баригдаж байгаа 9 давхар байшинд ажиллахаар ***** аймгаас ирсэн. Зуны улиралдаа барилгын ажил хийдэг юм. Тухайн залуу надтай юм яриагүй. Би Говь-Алтай аймгийг сайн мэдэхгүй болохоор надад зам зааж өгсөн. Тухайн залуу нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Согтолтын хувьд дунд зэрэг ярьж хэлж байгаа нь ойлгомжтой байсан. Тухайн залуу огиж бөөлжих гэж байгаа юм шиг болоод байхаар нь би та зүгээр үү гэхэд ах нь гайгүй гээд гэр рүүгээ явах замаа зааж өгсөн. Тухайн залуугийн биед ил харагдах газар шарх сорви байгаагүй...” гэх мэдүүлэг (ХХ 54-55),
5.2.6. Гэрч Г.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2025 оны 08 дугаар сарын 12-ны шөнийн 00 цаг 02 минутад Д над руу 89********** гэсэн дугаараас залгаад ээжээ намайг Ханбуурал авто сургуулийн хажуу талаас ирээд аваадах гэхээр нь би шөнө орой болсон байна өөрөө ир гэхэд Д би такси аваад яваад очъё та мөнгийг нь өгөөрэй гэсэн. Би Д-ыг ирэх байх гээд гэртээ унталгүй хүлээж байхад Д гэртээ хүрээд ирсэн. Д нь гэртээ ирээд гадаа такси хүлээж байгаа мөнгийн өгөөрэй гэхээр нь би өөрт байсан бэлэн мөнгө 4500 төгрөгийг авч гараад таксины жолоочид өгсөн. Буцаад гэртээ ороод ирэхэд Д гутлаа тайлсан газарт хэвтсэн толгой руу өшиглөсөн чинь өвдөөд байна Ш пиздаа гээд орилоод байсан. Д нь их өвдсөн бололтой эмнэлэг дуудаач гээд байхаар нь аймгийн нэгдсэн эмнэлгийг дуудахад эмч ирээд өвчин намдаах 2 ширхэг эм өгчхөөд яваад өгсөн. Тэгээд Д унтаад өгөх шиг болохоор нь тоогоогүй юм. Тэгсэн Д нь ямар ч хариу байхгүй ухаангүй болсон байхаар нь эмнэлэгт дуудлага өгсөн. Гэртээ орж ирээд толгой руу өшиглөсөн Ш пиздаа гээд байсан. М /Ш/, мөн Ш /Бүтэн нэрийг мэдэхгүй/ нартай найзалж нөхөрлөдөг. Сүүлийн үед 89********* дугаартай хүнтэй найзалж нөхөрлөж эхэлсэн. Би тухайн хүнийг харж байгаагүй. Г.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Согтолтын хувьд хэлж ярьж байгаа нь ойлгомжтой хэвийн байсан. Миний хүү Д-ыг уурхайгаас ажлаасаа буугаад ирсэн үед М худлаа хэлж гар утсыг ломбардад тавьчихдаг байсан. Урьд өмнө Д нь М-тэй хэрэлдэж маргалдсан талаар мэдэхгүй. Биед ил харагдах шарх, гэмтэл байгаагүй...” гэх мэдүүлэг (ХХ 58-59),
5.2.7. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Д-ийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гаргасан 349 дугаартай “1. Г.Д-ын биед тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа мэс заслын дараах байдал, тархины дарагдал, тархины хүнд зэргийн няцрал, цус харвалт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүд нь 2025 оны 08 дугаар сарын 11-ээс 08 дугаар сарын 12-ны өдрүүдэд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. 4. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.3 болон 4.1.4-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт (ХХ 75-77),
5.2.8. Ховд аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч, сэтгэцийн эмч, цагдаагийн дэслэгч Б.Б, сэтгэл зүйч, цагдаагийн дэслэгч Г.Х нарын 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн ХОВ0825/128 дугаартай “…Гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байгаа нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (ХХ 83-85),
5.2.9. Хохирогчийн талаас гаргаж өгсөн хохирлын баримтууд (ХХ 159) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
6. Хууль зүйн дүгнэлт, давж заалдах гомдлын талаар:
6.1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б нь “…Д.М-ийн хорих ялыг багасгаж, мөн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлд гаргуулахаар шийдвэрлэсэн 15,048,000 төгрөгийг багасгаж тухайн зэрэглэлд хамаарах хамгийн бага нэгжээр тооцож өгнө үү…” гэж давж заалдах журмаар гомдол гаргасан байна.
6.2. Анхан шатны шүүхээс Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) жил, 06 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.4-т заасныг баримтлан шүүгдэгч Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 (хоёр) жил 06 (зургаа) сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
6.3. Мөн анхан шатны шүүх хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу, тусгай ангид тухайн гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулж болох ялын төрлөөс хорих ялыг сонгож оногдуулсан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон, ял хүнддээгүй байна.
6.4. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдлийн улмаас учирсан сэтгэл санаа эд материалын хохирлыг зөв тодорхойлж шийдвэрлэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй зэргийг тус тус дурдсан нь үндэслэлтэй байна.
6.5. Хохирогч Г.Д-д анхан шатны шүүх хуралдаанаас хойш буюу 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 790,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 2,290,000 төгрөгийг шүүгдэгчийн зүгээс хохиролд төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
6.6. Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/269 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий оролцогч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД З.НАНДИНЦЭЦЭГ
Ш.БАТТОГТОХ