| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Баттогтох |
| Хэргийн индекс | 2516000000126 |
| Дугаар | 2026/ДШМ/07 |
| Огноо | 2026-02-12 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.У |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2026/ДШМ/07
Г.Б, Б.М, Ч.Т нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, шүүгч З.Нандинцэцэг, Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Б.У,
Шүүгдэгч Ч.Т,
Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ж.Д,
Шүүгдэгч Ч.Т, Б.М нарын өмгөөлөгч Д.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.О нарыг оролцуулан,
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/262 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч Ч.Т-ын өмгөөлөгч Д.А эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор шүүгдэгч Г.Б, Б.М, Ч.Т нарт холбогдох эрүүгийн 2516000000126 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын хувийн мэдээлэл:
Ж овогтой Г.Б нь Монгол Улсын иргэн, 20** оны ** дугаар сарын **-ний өдөр төрсөн, *** настай, *********, ********* боловсролтой, *********** мэргэжилтэй, *********, ам бүл ***, ********, ******** хамт Говь-Алтай аймгийн ********** сумын ******** багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Д* ********* регистрийн дугаартай,
Ж овогтой Б.М нь Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр төрсөн, *** настай, *********, ********* боловсролтой, мэргэжилгүй, ********, ам бүл *****, *******, **** хүүхдийн хамт Говь- Алтай аймгийн ********* сумын ******* багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Д* ******** регистрийн дугаартай,
Б овогтой Ч.Т нь Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, *** настай, **********, ************ боловсролтой, мэргэжилгүй, *******, ам бүл ****, **********, ***** хамт Говь-Алтай аймгийн *********** сумын ******** багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2001 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 79 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял эдэлж байсан, Д* ********** регистрийн дугаартай,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 05 дугаар сарын 01-ний шөнө 02 цагийн үед Говь-Алтай аймгийн ********** сумын ********* ам гэх газарт хохирогч Б.М-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүнийг машинаас татаж буулгаж ирээд үснээс нь зулгааж толгой руу нь гараараа 2 удаа цохиж дээд уруул шарх, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн Г.Б, Б.М нарын зодооныг салгах гэсэн Ч.Т-ыг заамдаж авч гараараа зүүн талын шанаа руу цохиж, цээж хэсэг рүү өшиглөж түүний биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зүүн хацарт хавдар, зүүн хөмсгөнд, зүүн шанаанд зулгаралт, дээд уруулын дотор салстад өнгөц язрал, дээд үүдэн 1 шүдний хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Ч.Т, Б.М нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэж 2025 оны 05 сарын 01-ний шөнө 02 цагийн үед Говь-Алтай аймгийн ********* сумын ********* гэх газарт хохирогч Г.Б-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүнийг хамар луу нь гараараа цохиж, газарт унагааж хажуу талаас нь өшиглөж зодсоны улмаас дээд үүдэн 1 шүдний бүрэн бус булгаралт, тархины хаван, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт, 2 уруул, хамарт хавдар, доод уруулын дотор талд цус хуралт, өнгөц язрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Шүүгдэгч Ж овогтой Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ж овогтой Б.М, Б овогтой Ч.Т нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Б.М, Ч.Т нарыг тус бүрийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Б.М, Ч.Т нарт оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, ялтан нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногийн хорих ялаар тооцож ял солих болохыг шүүгдэгч Г.Б, Б.М, Ч.Т нарт мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б, Б.М, Ч.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.Т-ын нэхэмжилсэн эмчилгээтэй холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй зэргийг тус тус дурдаж, ….. эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ч.Т-ын өмгөөлөгч Д.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/262 дугаар шийтгэх тогтоолыг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гардан аваад дараах гомдлыг гаргаж байна.
Эрүүгийн 2516000000126 дугаартай хэргийн нотолбол зохих бодит байдлыг бүрэн тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж чанар хэр хэмжээг бүрэн тогтоогоогүй байхад хэргийг шийдвэрлэж байгаа нь дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.
Ч.Т-ын биед учирсан гэмтлийн шалтгаан нөхцөлийг бүрэн шалгаж тогтоогоогүй, прокурорын шатанд өмгөөлөгчийн хүсэлтийг хангасан байх боловч ажиллагааг дутуу хийж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Өвчитний түүхэд гэмтлийн эмчийн онош болон доторын эмчийн онош ноцтой зөрж байхад дотрын эмчийн оношоор хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, доторын эмч би гэмтлийн шинж тэмдэгийн талаар мэдэхгүйгээр хэлж байхад сэхээн амьдруулах тасгийн эмчийн мэдүүлэг, гэмтлийн эмчийн бичиглэл, онош зэргийг анхаарч үзэлгүй хэт нэг талыг барьсан дүгнэлтийг хийж байгаа нь хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй, нөлөөлж болох нөхцөл байдлыг орхигдуулсан нөхцөл байдал бий болсон.
Өмгөөлөгчийн хүсэлтийг хангасан атлаа гэмтлийн эмч, уушигний нарийн мэргэжлийн эмч нарыг гэрчээр асуугаагүй, дотрын эмчийн /эмчлэгч эмчийн/ онош үнэн зөв болохыг шалгуулах хүсэлттэй холбоотой ажиллагааг огт хийгээгүй нь хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ прокурор мөрдөгч огт биелүүлээгүй болох нь тогтоогдоно. Түүнчлэн хууль зөрчиж гаргасан шинжээчийн дүгнэлтэд үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. Мөрдөгчөөс болон Т-ын зүгээс огт эмнэлэгийн бичиг баримт өгөөгүй, хэрэгт ямар ч бичиг баримт хавсаргагдаагүй байхад шинжээчийн дүгнэлтэд эмнэлэгийн бичиг баримт дурдагдсан байгаагаас тодорхой харагдана. Энэ нь Шинжилгээний тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл юм.
Мөн шинжээчээс гаргасан дүгнэлттэй нь холбоотой асуултыг асуух бөгөөд Тын биед учирсан уушигний гэмтэл, хавирганы хугарал зэрэг нь хэзээ хэрхэн үүссэн болохыг үзээгүй шинжлээгүй атлаа одоо тогтоох боломжгүй талаар мэдүүлэг өгч байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл уушиганд учирсан эмгэг нь гэмтлээс болсон эсэх, хавирганы хугарлын цаг хугацаа зэргийг тогтоох боломжтой байхад шинжилж шалгаж үзээгүй атлаа шууд хамааралгүй мэтээр дүгнэж хэргийг шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй. Эмчлэгч эмч уг эмгэг нь 7 хоногоос 1 сарын хооронд үүсэх эмгэг гэж тайлбарлаж байгаагаас тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтойг илтгэж байхад эмчлэгч эмчийн бусад мэдүүлгийг үнэлж зарим хэсгийг үнэлэхгүй байгаа нь ойлгомжгүй байна. Иймд хэргийн үнэн бодит байдлыг бүрэн тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
3. Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
4. Үйл баримтын дүгнэлт, нотлогдсон байдлын талаар:
4.1. Говь-Алтай аймгийн ********** сумын ********* гэх газарт 2025 оны 05 дугаар сарын 01-ний шөнийн 01 цагаас 02 цагийн үед шүүгдэгч Г.Б, Б.М, Ч.Т нар нь шүүгдэгч Ч.Т-ын эзэмшлийн автомашин дотор архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар шүүгдэгч Г.Б Б.М нар нь тухайн цаг хугацаанд үүссэн үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж Б.М нь Г.Б-ийн хамар хэсэг рүү гараараа 1 удаа цохьсон, улмаар Г.Б нь Б.М-ийг машинаас татаж буулган үснээс нь зулгааж толгой руу нь гараараа цохиж дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн Б.М-ийг өмөөрч зодолдсон Ч.Т-ыг шүүгдэгч Г.Б нь зодож түүний биед зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зүүн хацарт хавдар, зүүн хөмсгөнд зүүн шанаанд зулгаралт, дээд уруулын дотор салстад өнгөц язрал, дээд үүдэн 1 шүдний хугарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Б.М Ч.Т нар нь үйлдлээрээ нийлж Г.Б-ийг хамар луу нь гараараа цохиж, газарт унагааж дээрээс нь цохисоны улмаас дээд үүдэн 1 шүдний бүрэн бус булгаралт, тархины хаван, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт, 2 уруул, хамарт хавдар, доод уруулын дотор талд цус хуралт, өнгөц язрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байна.
5. Хэргийн үйл баримтыг нотлох баримтын талаар:
5.1. Шүүгдэгч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн “...2025 оны 04 дүгээр сарын 31-ний орой 23 цагийн үед ********* баг ********* гэх газарт байх гэрээсээ аймгийн төв орох гээд мотоциклтой гараад явсан. ********** дээр гараад ирсэн чинь машин урдуур хөндөлдөөд ороод ирсэн. Та нар чинь яаж байгаа юм гэсэн чинь машины хойд хаалга онгойсон чинь Т ах байсан. Т ахтай мэнд солиод байж байгаад Т ах би тантай уулзъя гэж бодож байсан юм. Танай азарганд гүү тавих гэсэн юм гэсэн чинь тэгээ гэсэн. Т ах намайг машинд орж ирээд суучих гэсэн би машинд ороод суусан. Тэгсэн чинь Т-ийн эхнэр нь надад архи хийгээд өгөхөөр нь уухгүй буцаагаад өгсөн. Т-ийн эхнэр нь чи Г-ын хүү мөн үү гэхээр нь тийм байна гэсэн. Чи намайг таних уу гэхээр нь танина гэсэн. Т ах бид хоёрыг юм яриулахгүй хажуугаар орж ирээд байсан. Т-ийн эхнэр нь монголын ёс 3 байдаг юм гээд дахиад надад архи хийгээд өгсөн. Тэгээд байж байсан чинь Т-ийн эхнэр нь надад хандаад шээс чинь танай аав энэ ********* багт нуруугүй морьтой л ирж байсан. Одоо яасан том болсон юм гээд миний эрүү рүү гараараа цохиод авахаар нь яаж байна гэсэн чинь яадаг юм. Г-ын шээс чинь гээд байхаар нь машинаас буугаад мотоцикл дээр очсон чинь түлхүүр байхгүй байхаар нь буцаж машин дээр очоод мотоциклын түлхүүр өгөөдөх гэсэн чинь Т-ийн эхнэр Т-ийн эхнэр бууж ирээд яахаараа чиний мотоциклын түлхүүрийг бид нар авдаг юм гэсэн. Т-ийн эхнэр намайг янз бүрээр хэлж байгаад хамар луу гараараа цохисон чинь миний хамраас цус гарсан. Тэгсэн чинь Т нь намайг заамдаж аваад газарт унагаагаад баруун зүүн хацар луу гараа атгаж байгаад цохиод Т-ийн эхнэр нь хажуу талаас хөлөөрөө өшиглөөд байж байхад машин хүрээд ирэхээр нь би авраарай гээд орилсон. Машинаас 2 хүн бууж ирээд салгасан. Тэгсэн чинь Т нь машин луу очоод суусан. Харин Т-ийн эхнэр нь Г-ын шээсийг ална гээд над руу дайраад хамар уруул хэсэг рүү цохисон. Сүүлд ирсэн хүмүүс нь тэд нарыг машинд суулгаж өгөөд явуулсан. Би тэнд ганцаараа үлдээд аав ээж рүүгээ хүнд зодуулсан гэж гар утсаар яриад удалгүй ээж ирсэн...” гэх мэдүүлэг (ХХ 32-33),
5.2. Шүүгдэгч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн “…2025 оны 04 дүгээр сарын 30-ны орой Т, Б, Э бид нар аймгийн төв орж ирээд бензин ойр зуурынхаа идэх уух зүйл бас 0.75 литрийн Хараа нэртэй архи аваад гэр лүүгээ явсан. Гэрийнхээ ойролцоо очиж зогсоод Т, Э нар нь тухайн архиа уугаад сууж байсан чинь мотоциклтой залуу хүрч ирээд машин дотор орж ирээд суугаад бид нар мэнд усаа мэдэлцсэн. Тэгээд ууж байсан архинаасаа би хийгээд өгсөн. Хийж өгсөн архийг уучхаад дахиад нэмээд өгөөч гэхээр нь би дахиад хийж өгсөн. Намайг янз бүрээр хэлээд доромжлоод байхаар нь чи эгчийгээ тэгж болохгүй гэж хэлээд хамар луу нь гараараа цохисон чинь хамраас нь цус гарсан. Тэгсэн чинь намайг машинаас татаж буулгаж ирээд үсдэж зулгаагаад толгой руу гараараа 2 удаа цохисон чинь Т бууж ирээд чи эмэгтэй хүнийг зодож цохиж болохгүй гэсэн чинь Б Т хоёр нь хоорондоо зодолдоод Б нь Т-ыг цохиод газарт унагаасан. Та нарыг бүгдийг чинь ална гээд намайг барьж аваад нүүр толгой руу нүдээд байсан. Би тэгээд ухаан алдаад уначихсан байсан. Ухаан орсон чинь Б нь Б чамайг болон ахыг чинь цохиж унагаагаад та 2 хэсэг зуур ухаан алдчихлаа гэсэн. Цагдаа дуудчихлаа одоо явъя гээд бид нар гэр лүүгээ явсан...” гэх мэдүүлэг (ХХ 39),
5.3. Шүүгдэгч Ч.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн “...2025 оны 04 дүгээр сарын 30-ны орой Э, М, манай эхнэр Б бид 4 малаа тавьчхаад бензин авах гэж аймгийн төв орж ирчхээд бензинээ аваад дэлгүүрээс 0.75 литрийн Хараа нэртэй архи аваад гарсан. Гэрийнхээ ойролцоо очоод тухайн авсан архиа задлаад уугаад сууж байхад мотоциклтэй залуу ирээд мэнд усаа мэдэлцээд машинд орж ирээд суусан. Машинд суугаад хийж өгсөн архинаас 1 юм уу 2 татсан байх өөрөө архи уучихсан ирсэн. Тэгээд М-тэй тухайн залуу маргалдсан. Машинаас буугаад Б нь М-ийг зодоод байхаар нь би дундуур нь ороод салгасан чинь намайг шууд цохиод унагаасан. Ухаан орсон чинь эхнэр чи 20-30 минут ухаангүй хэвтлээ гэсэн. Б бүгдийг нь ална гэж намайг машин тойруулж хөөлөө гээд байж байсан. Тэгээд намайг машиндаа суулгаж аваад гэр лүүгээ явсан. Гэрт очоод удаагүй байж байхад цагдаа нар ирээд аймгийн төв рүү явсан... миний биеийн зүүн шанаа, зүүн нүд хөхөрсөн байна. 1 шүд хугарсан. Хиймэл шүд бас хугарсан. Тухайн гэмтлийг Б учруулсан... би эмнэлгийн байгууллагад үзүүлээгүй...” гэх мэдүүлэг (ХХ 36),
5.4. Гэрч Л.Б-ын “...2025 оны 04 дүгээр сарын 30-ны орой Э, М, Т бид 4 аймгийн төв орж ирээд бензин, ойр зуурын идэж уух зүйлээ аваад мөн 0,75 литрийн Хараа нэртэй архи аваад буцаад гэр лүүгээ явсан. Гэрийнхээ ойролцоо очиж зогсоод 0,75 литрийн Хараа нэртэй архи задлаад Т, М, Э нар уугаад сууж байхад мотоциклтой Б гэх залуу хүрч ирээд Т ах байна гээд таньсан. Өө ах нь гэсэн чинь би тантай юм ярих гэсэн юм. Тэгээд Б нь машин дотор орж ирээд суугаад танай хонгор азарганд чинь гүү тавих гэсэн юм гэхэд ах үгүй гэхгүй тэг тэг гэсэн. М архи хийгээд өгсөн чинь тухайн архинаас уусан. Дахиад 2-3 хундага архи татсан. Тэгээд М Б 2 хоорондоо маргалдаж байгаад Б машинаас М-ийг түлхэж унагаагаад тэр хоорондоо барьцалдаад авсан. Б М-ийн үснээс зулгаагаад цохиж авахаар нь манай нөхөр Т салгах гээд орсон чинь Т-ыг заамдаж аваад гараараа зүүн талын шанаа руу цохиод газарт унахаар нь цээж хэсэг рүү нь өшиглөсөн. Би Б чи ахыгаа цохиод унагаачихлаа хүн аллаа гэсэн чинь би одоо тэгвэл бүгдийг чинь ална гэхээр нь би машин луугаа зугтаж ороод машинаа дотроос нь түгжсэн. М, Б нар хоорондоо зууралдаад байсан. Тэгээд байж байсан чинь машинтай хүмүүс хүрч ирээд зогсоод буугаад ирэхээр нь би машинаас буугаад явж очоод энэ залуу ахыг чинь зодчихлоо гэсэн та нар нэг нутгийн хүмүүс байж ингэж болохгүй гэхээр нь бид нар машиндаа суугаад гэр лүүгээ явсан...” гэх мэдүүлэг (ХХ 48-49),
5.5. Гэрч Б.Б-ын “...2025 оны 05 дугаар сарын 01-ний шөнө ********** сумын ******* багаас Б-ийн хамт аймгийн төв рүү явж байсан чинь замд машин гэрлээрээ дохиод байсан. Бид 2 дөхөөд очсон чинь эмэгтэй хүн гараа өргөөд хүрээд ирсэн. Тэгээд энд хүмүүс зодолдоод байна. Салгаад өгөөч гэсэн. Яваад очсон чинь Б, Т нар машиныхаа урд гэрэлд дээр доороо ороод өнхрөлдөөд байж байхаар нь манай ах Б очоод салгасан. Тэгсэн чинь Б эгч нэгийг нь тэнд алаад хаячихлаа гэхээр нь харсан чинь хүн хэвтэж байсан. Очоод хамар дээр гараа тавьсан чинь амьсгалж байхаар нь хөөе гээд дуусан чинь яасан гээд босоод ирсэн. Тэгээд байж байхад М нь Б-ийн нүүр хэсэг рүү гараараа 2 удаа цохиод авсан. Б нь эд нар миний мотоциклын түлхүүр авчихсан гээд дайраад байсан нөгөө хүмүүс бид нар аваагүй гэсэн. Гэрэл тусгаад мотоциклын түлхүүрийг нь хайсан газар уначихсан байхаар нь Б-д олоод өөрт нь өгсөн. Тэгээд та нар таньж мэддэг хүмүүс байж хоорондоо учраа ол гэж хэлээд Т, Б, М, Э нарыг машинд суулгаад гэр лүү нь явуулсан. Харин Б нь тэнд цагдаа дуудсан гэж хэлээд үлдсэн. Бид 2 аймгийн төв рүү явсан...” гэх мэдүүлэг (ХХ 53),
5.6. Гэрч Д.З-ийн “...2025 оны 05 дугаар сарын 01-ний шөнө 01 цагийн үед манай хүү Б гар утсаар Т, Т-ын эхнэр, Т, Т-ийн эхнэр нар ирээд намайг зодчихлоо гээд ярьсан. Чи зүгээр үү гэхэд зүгээр зүгээр санаа зоволтгүй хүрээд ир гэсэн. Би машинаа унаад яваад очсон. Явах замдаа нөхөрлүүгээ залгаад яаж байна юу болж байна гэхэд нөгөө 4 зодчихоод явсан гэж байна. Бас Б-ын 2 хүүхэд байж байгаад явсан гэж байна гэсэн. Тэгээд хүү дээрээ яваад очсон чинь мотоциклын хажууд цусаа гоожуулчихсан сууж байсан. Мотоциклыг нь асаагаад явах гэсэн чинь түлхүүр нь байхгүй байсан. С руу залгаад цагдаагийн байгууллагад яаж дуудлага өгдөг юм гэж асуугаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (ХХ 51),
5.7. Гэрч Б.Т-ын “...Миний бие Ч.Т-ыг үзээд уушгины хатгалгаа тодорхойгүй, үжил амьсгалын дутагдал хүнд зэрэг гэх онош тавьсан. Уушгины хатгалгаа тодорхойгүй, үжил амьсгалын дутагдал хүнд онош нь хүнд зодуулснаас болж үүсэх гэмтэл биш. Ч.Т-д уушгины архаг эмфиземийн, бүүл өвчтэй байсан. Остеомиелитрээр 2 удаа хагалгаанд орж байсан гэдэг нь ямар нэгэн ясны эдээт үрэвсэл өвчний улмаас мэс засалд орж байсан гэсэн асуумжтай. Тухайн үед ил харагдах шарх байгаагүй. Хүнд цээж рүүгээ өшиглүүлсний улмаас хүний уушгинд хатгалгаа үүсэх боломжгүй. Өмнө уушгиний өрөвсөлтэй хатгалгаатай байж байх үедээ цохиулсны улмаас хатгалгаа болох боломжгүй. Хүнд зодуулсны улмаас хавирга хугарах, уушги шалчийх боломжтой гэмтэл, харин уушгины хатгалгаа өрөвслийн шалтгаантай үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг (ХХ 129),
5.8. Гэрч Х.Т-ын “Дээрх оношийг нарын мэргэжлийн гэмтлийн эмчийн үзлэг оношилгоо шинжилгээнд тулгуурлана. Дээрх оношийг тавьсан учраас тухайн уушгины хатгалгаа нь гэмтлийн шалтгаантай үүссэн байж болзошгүй. Хүнд зодуулсан нь 1 сарын өмнө өөрийн үгээр жилийн өмнө цустай цэр гарч байсан гэх өгүүлэмжтэй. Гэхдээ эмчид үзүүлсэн тэмдэглэл байхгүй. Ийм учраас шалтгаан тодорхойгүй онош тавигдаж байгаа. Архаг хууч өвчин нь остеомиелит /ясны идээт үрэвсэл/ ийм оноштой 2 удаа хагалгаанд орсон. Даралт ихсэх өвчин гэсэн түүхээс бусдаар уушгины архаг өвчний асуумж байгаагүй. Өмнө нь эмчид үзүүлж байсан ямар нэгэн эмчийн тэмдэглэл байхгүй байсан. Ямар нэгэн ясны үрэвсэл өвчний улмаас мэс засалд орж байсан гэсэн асуумжтай. Үзлэгээр нь хөлийн шагай шилбэ хэсэгт мэс заслын сорвитой идээ шүүс байхгүй. Уушгины няцрал ихээр үүсвэл уушгины хатгалгаа үүсэх боломжтой. Өмнө нь уушгины үрэвсэлтэй хатгалгаатай байсан бол эмчилгээ хийлгэхгүй бол хүндэрнэ...” гэх мэдүүлэг (ХХ 131),
5.9. Гэрч Л.Б-ийн “...Би 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Ч.Т нь манай яаралтай тусламжийн тасагт ирэх үеийн зовиур нь цээжээр хатгаж өвдөнө, толгой өвдөнө ханайлгана амьсгаа давчдан, нүдний урдаар юм жирэлзэнэ 2 гар дагаж бадайрч өвдөнө гэсэн зовуурьтай ирсэн. Би тухайн хүнийг үзээд амьсгалын дутагдалтай байсан тул яаралтай хүчилтөрөгч эмчилгээг эхлүүлсэн. Тэгээд шинжилгээ төлөвлөөд ээлжээсээ буусан. Ч.Т-ын амин үзүүлэлтүүд нь хэвийн. Харин амьсгалын дутагдалтай байсан тул яаралтай хүчилтөрөгч эмчилгээг эхлүүлсэн. Ч.Т нь 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс эхэлж ханайлгаж цээжээр өвдөж эхэлсэн. 2025 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс эхэлж цустай цэр гарч эхэлсэн. Ч.Т нь мотоциклоос унасан гэх яриа өгүүлэмж хэлээгүй. Харин 1 сарын өмнө хүнд зодуулсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (ХХ 133),
5.10. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч цагдаагийн ахмад Д.Д-ийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 183 дугаартай “...1.2. Г.Б-ийн биед дээд үүдэн 1 шүдний бүрэн бус булгаралт, тархины хаван, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт, 2 уруул, хамарт хавдар, доод уруулын дотор талд цус хуралт, өнгөц язрал гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. 4. Дээрх гэмтлүүдээс дээд үүдэн 1 шүдний бүрэн бус булгаралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (ХХ 62-63),
5.11. Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Д-ийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ГАО0725/184 дугаартай “Ч.Т-ын биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зүүн хацарт хавдар, зүүн хөмсгөнд, зүүн шанаанд зулгаралт, дээд уруулын дотор салстад өнгөц язрал, дээд үүдэн 1 шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдээс дээд үүдэн 1 шүдний хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоолдлоо. Бусад гэмтлүүд нь бүрдлээрээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт (ХХ 59-60),
5.12. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч цагдаагийн ахмад Д.Д-ийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 185 дугаартай “...1. 2. Б.М-ийн биед дээд уруул шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. 5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт (ХХ 56-57),
5.13. Шинжээч эмч Д.Д-ийн өгсөн “...Ч.Т нь үзлэг хийх явцад толгой эргэнэ өвдөн, зүүн хацар өвдөн гэх зовиур хэлсэн. Цээжээр өвдөнө гэх зовиур хэлээгүй. ...Ч.Т-ын биед үзлэг хийж мөн эмнэлгийн бичиг баримтад үзлэг хийх явцад дээрх гэмтлүүд бичигдээгүй байсан. 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн эмнэлгийн бичиг баримтад бичигдсэн онош нь миний дүгнэлт гаргасан хугацаанаас хойш бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг (ХХ 39-40),
5.14. Шинжээч эмч Д.Д-ийн дахин өгсөн “2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн эмчийн үзлэгийн хуудастай ирсэн. Тухайн эмчийн үзлэгийн хуудас дээр зовиур толгой өвдөнө, хэсэг газрын үзлэгт зүүн нүдний салст улаасан хавдаж хөхөрсөн мэдрэлийн үзлэгт шөрмөсний рефлекс хэвийн, дагзны булчингийн хөшингө үгүй, онош толгой хацрын гэмтэл гэсэн бичигтэй ирсэн. Тухайн үед Ч.Т-ыг үзэхэд цээж, хэвлийн гэмтэлтэй гэж хэлээгүй. Зөвхөн нүүр толгой хэсэгт гэмтэлтэй гэсэн өгүүлэмжтэй байсан. Тухайн үед Ч.Т нь нүүр толгой хэсэгт гэмтэлтэй гэсэн яриа өгүүлэмжтэй байсан. Ч.Т нь хэржигнэсэн, амьсгаадсан, ханиалгасан, цээж хэсгээр хатгаж өвдөж байна гэх яриа өгүүлэмжтэй байгаагүй...” гэх мэдүүлэг (ХХ 135),
5.15. Ч.Т-ын амбулаториор эмчлүүлэгчдийн карт (ХХ 206-209),
5.16. Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний 3346 дугаартай түүх (1-р ХХ 229, 2-р ХХ 05),
5.17. Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 13760 дугаартай яаралтай тусламжийн хуудас (ХХ 86-94), 13116 дугаартай өвчний түүх (ХХ 95-113) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
6. Хууль зүйн дүгнэлт, давж заалдах гомдлын талаар:
6.1. Шүүгдэгч Ч.Т-ын өмгөөлөгч Д.А нь “…анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү…” гэж давж заалдах журмаар гомдол гаргасан байна.
6.2. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Б, Б.М, Ч.Т нарыг тус бүрийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
6.3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын хүрээнд бодитой тогтоож, тогтоогдсон үйл баримтад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.
6.4. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
6.5. Дээр дурдсан нөхцөл байдлуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Т-ын өмгөөлөгч Д.А-ий гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/262 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Т-ын өмгөөлөгч Д.А-ий давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий оролцогч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД З.НАНДИНЦЭЦЭГ
Ш.БАТТОГТОХ