| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2018/0302/Э |
| Дугаар | 409 |
| Огноо | 2018-09-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Нарангэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 409
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг,
улсын яллагч Н.Нарангэрэл,
шүүгдэгч Д.Ц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д.Ц-т холбогдох эрүүгийн 1810009060401 дугаартай, 187/2018/0302/Э индекстэй хэргийг 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Д.Ц
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Ц нь 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “......” ХХК-ийн хашааны гадна хохирогч Э.Б-г нөхөр О.Б-тэй хардлаа гэж маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Д.Ц нь 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “........” ХХК-ийн хашааны гадна хохирогч Э.Б-тай “нөхөр О.Б-тэй хардлаа, авгай гэж доромжиллоо” гэж маргалдан түүний үснээс нь зулгаан нүүрэн тус газар нь гараараа цохих, баруун, зүүн гуя, шилбэнд нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Д.Ц-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би О.Б-н эхнэртэй зөв буруугаа ололцох гэж уулзсан. Гэтэл Э.Б нь над руу дайрч миний үснээс зулгаасан. Би үснээс зулгаасан гарыг нь тавиулсан...Би учруулсан...Э.Б-т учир явдлыг тайлбарлаж ойлгуулсан боловч над руу дайрч миний үснээс зулгаасан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн нөхөр О.Б-тэй 2013 оноос хойш...хамтран амьдарсан ба 2014 онд дундаасаа нэг охинтой болсон. Манай нөхөр 2017 оны 10 дугаар сарын сүүлээр ....... ХХК-д бүрээсчин ажилд орсон ба 2018 оны 01 дүгээр сараас эхлэн манай нөхөр надад тавих халамж нь муудаад ирсэн ба тухайн үед би нээх юм бодоогүй юм. Тэгээд 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр би нөхөр хүүхэдтэйгээ ээжийнхээ гэрт очиж байж байгаад харих замдаа би нөхрөөсөө утсыг нь авч хүнтэй ярих гэж байгаад мессеж хэсгийг нь шалгатал ......... дугаарын утасруу манай нөхөр 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн орой бичсэн “аниа би хүлээж байя, хаана байгаа юм, би яах юм би одоо харьчих юм уу, согтоод алга болчихов доо” гэх мэтээр бичсэн байхаар нь “энэ юун дугаар юм” гэж асуутал манай нөхөр надаас утсаа булааж аваад буцааж өгөлгүй уурлаад ямар нэгэн тайлбар хэлээгүй. Тэгэхээр нь би нөхрийнхөө дүүгийн утсаар тэр дугаар руу нь залгатал нэг эмэгтэй утас авахаар нь би “Б гэж хүн таних уу” гэхэд танина гэхээр нь би түүний эхнэр нь байна та хоёр ямар холбоотой юм гэж хэлтэл “би танай нөхөртэй холбоогүй, итгэхгүй бол маргааш манай ажил дээр хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд би маргааш нь түүний ажил болох Хан-Уул дүүргийн ..... дугаар хороо ......... ХХК дээр очоод тэр эмэгтэйг дуудтал хоёулаа ийшээ гудамжинд уулзая гэхээр нь ажлаас нь холдсон. Тэгээд би түүнд “чи яахаараа айл гэрийн амьдралд хошуу дүрээд, үймүүлээд байгаа хөгшин авгай вэ” гэж хэлтэл “чи намайг хөгшин авгай гэж доромжиллоо” гээд хацар алгадаад толгойноос үсдээд доош нь дарчихаад тавихгүй байхаар нь би өөрийнх нь үснээс зөрүүлээд зулгаасан боловч миний үснээс тавилгүй дарсан чигээрээ миний баруун, зүүн гуя, шилбэ, зүүн гарын тохой хэсэгт хөлөөрөө өшиглөсөн ба миний толгойг доош нь дарсан байхдаа миний нүүрэнд доороос нэг гараараа алгадаад байсан. Тэгээд үснээс тавьчихаад надруу салаавч гаргахаар нь би дахиад түүнийг хөгшин авгай гэж хэлтэл гудамжны хашаанд шахаж байгаад миний үснээс зулгаагаад дахин доош нь дараад нөгөө гараараа миний нүүрийг сарамдсан. Тэгэхээр нь би тэр хүүхнийг арай гэж тавиултал миний гар утсыг булааж аваад ажлынхаа хүнийг “цүнх гар утас аваад ир” гэж ярьсан ба би утсаа буцааж булааж авсан...манай нөхөр гарч ирээд намайг “чи яах гэж ирсэн юм одоо эндээс зайл алга бол” гэж хэлээд хөөгөөд байхаар нь би явсан...Миний биед учирсан...гэмтлүүдийг Д.Ц гэх эмэгтэй учруулсан ба толгой нүүр хэсгийн гэмтлүүдийг гараараа самардаж, харин бие хөл, гаранд учирсан гэмтлүүдийг хөлөөрөө өшиглөж учруулсан...Би тэр эмэгтэйд зодуулсандаа гомдолтой байна. Би тэр эмэгтэйд зодуулаад ямар нэгэн байдлаар эмчилгээ хийлгээгүй болохоор нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17, 18-19/
3. Гэрч О.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Э.Б-тай гэрлэлтээ батлуулахгүйгээр 2013 оноос хойш хамтран амьдарсан ба 2014 онд дундаасаа нэг хүүхэдтэй болсон. Би 2017 оны 10 дугаар сараас эхлэн ....... ХХК-ийн Хан-Уул дүүргийн салбарт бүрээсчинээр ажилд орсон. Манай эхнэр ер нь намайг хий хоосон харддаг ба 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр би хадам ээжийнхээ гэрээс эхнэр хүүхдээ очиж авчихаад гэртээ харих гээд явж байтал манай эхнэр миний утсыг аваад үзэж байгаад ажлын газрын танил эгч Д.Ц руу “та нар хаана байгаа юм тарах болж байгаа юм уу” гэж бичсэн байхыг харчихаад намайг хардаад уурлаад байсан. Тэгээд би тухайн өдөр эхнэртээ тэр эмэгтэйтэй ямар нэгэн холбоогүй талаараа тайлбарлан хэлсэн боловч итгээгүй. Тэгээд би маргааш нь ажил дээрээ байж байтал Д.Ц эгчийн найз С /Б.С/ гээд эмэгтэй надад “танай эхнэр чинь ирчихсэн гараад ир гэж байна” гэхээр нь би гараад очтол манай эхнэрийн үс нь сэгсийчихсэн, Д.Ц эгчийн цээж нь маажигдсан байсан. Тэгэхээр нь би эхнэртээ “чи яах гэж хэрүүл зодоон хийгээд байгаа юм бэ чи зүгээр явчих” гэж хэлтэл “чи энэ хүүхнээсээ доор үзлээ” гээд уурлаад байхаар нь би түүнийг яв гээд явуулсан...Би Д.Ц-той ямар нэгэн холбоо байхгүй. Зүгээр нэг газарт хамт ажилладаг юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/
3. Гэрч Б.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр өөрийн ажил болох Хан-Уул дүүргийн ..... дугаар хороо ....... үйлдвэр дээр байж байтал 16 цагийн үед миний утасруу танихгүй дугаараас дуудлага ирэхээр нь автал манай ажлын Д.Ц “миний цүнх, гар утсыг аваад гараад ирээч” гэхээр нь би цүнх, гар утасыг нь аваад гартал гудамжинд Д.Ц танихгүй хүүхэнтэй зогсож байсан ба тэр хоёр хоорондоо зодолдсон байдалтай харагдаж байсан. Тэгээд би буцаж ажилруугаа ороод цехийн дарга Ж.Э-д хэлсэн. Ийм л асуудал болсон...Намайг гарах үед тэр хоёрт ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Тэр хоёрын үс гэзэг нь сэгсийсэн, хувцас нь шороо болсон байдалтай байсан болохоор би тэр хоёрыг зодолдсон байх гэж бодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/
4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№3918/-ний дүгнэлт:
-Э.Б-н биед баруун нүдний дотор булан, нүдний алим, зүүн шуу, баруун, зүүн гуя, зүүн шилбэний цус хуралт, баруун нүдний дээд зовхи, хамрын нуруу, доод эрүү, зүүн чихний ар хэсгийн зулгаралт, зүүн тохойны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шилбэний цус хуралт, зулгаралт бүхий гэтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.
-Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /хх-ийн 35/
5. Шүүгдэгч Д.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр гэртээ надруу нэг эмэгтэй залгаад “О.Б-г таних уу” гэхээр нь би манай ажлын залуу болохоор танина гэдгээ хэлтэл “та хоёр явалддаг юм уу чамруу мессеж бичсэн байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд манай байгууллага цэргийн баяр мартын 8-ны баяраа хамт тэмдэглэсэн өдөр ажлынхаа хүмүүсийг хаана байна гэж л бичсэн өөр мессеж бичээгүй гэж хэлсэн. Тэгтэл худлаа яриад бай гээд доромжлоод байхаар нь “маргааш ажил дээр ирээд нөхөртэйгөө хамт нүүрэлдэхгүй юу” гэж хэлсэн. Тэгтэл маргааш нь буюу 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ажил дээрээ байж байхад 14 цагийн үед намайг гадаа хүн дуудаж байна гэхээр нь гараад очтол О.Б-н эхнэр гээд эмэгтэй зогсож байсан. Тэгээд би тэр хүүхэнтэй хамт ажлынхаа хаалганаас жаахан холдож байгаа түүнд нөхөртэй нь холбоогүй талаараа хэлтэл намайг элдвээр доромжлоод авгай гээд бид хоёр хоорондоо хэрэлдэж байгаад нөхрийг нь дуудуултал гарч ирэхгүй байсан. Тэгээд бид хоёр нөхрийг нь хүлээгээд зогсож байтал тэр эмэгтэй намайг үсдээд авахаар нь би хойшоогоо гарыг нь тавиулах гээд гартай нь зууралдаж байгаад эргэж хараад зөрүүлээд толгойноос нь үсдсэн. Тэгтэл намайг хөлөөрөө нэг удаа өшиглөхөөр нь би буцаагаад зүүн гуяанд нь нэг удаа өшиглөөд цааш нь түлхэж гарыг нь тавиулсан. Тэгээд би тэр хүүхний утсыг нь булааж аваад ажлын эмэгтэй Б.С рүү залгаад “Б-г дуудаад миний утсыг аваад гараад ирээч” гэж хэлсэн. Удалгүй Б.С гарч ирээд надад миний утсыг өгчихөөд буцаад орсон. Тэгээд байж байтал манай дарга Ж.Э гарч ирээд О.Б-г дуудуулаад гарч ирсэн ба О.Б эхнэрийгээ загнаад үлдсэн. Харин би эргээд ажилдаа орсон...Би Э.Б-тэй үсдэлцэж байгаад хумсаараа нүүр толгойг нь маажиж гэмтээсэн. Тэгээд гуяанд нь нэг удаа өшиглөсөн...Би О.Б-тэй ямар нэгэн эр эмийн харилцаа байхгүй. Зүгээр нэг газарт л ажилладаг юм...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-45/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Ц нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№3918/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Д.Ц нь 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.......” ХХК-ийн хашааны гадна хохирогч Э.Б-тай “нөхөр О.Б-тэй хардлаа, авгай гэж доромжиллоо” гэж маргалдан түүний үснээс нь зулгаан нүүрэн тус газар нь гараараа цохих, баруун, зүүн гуя, шилбэнд нь өшиглөх зэргээр зодож биед нь биед баруун нүдний дотор булан, нүдний алим, зүүн шуу, баруун, зүүн гуя, зүүн шилбэний цус хуралт, баруун нүдний дээд зовхи, хамрын нуруу, доод эрүү, зүүн чихний ар хэсгийн зулгаралт, зүүн тохойны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шилбэний цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д.Ц-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал /....../, хохирогчоос гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжилээгүй, мөн хохирогч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний биед учирсан...гэмтлүүдийг Д.Ц гэх эмэгтэй учруулсан ба толгой нүүр хэсгийн гэмтлүүдийг гараараа самардаж, харин бие хөл, гаранд учирсан гэмтлүүдийг хөлөөрөө өшиглөж учруулсан...Би тэр эмэгтэйд зодуулсандаа гомдолтой байна. Би тэр эмэгтэйд зодуулаад ямар нэгэн байдлаар эмчилгээ хийлгээгүй болохоор нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17, 18-19/, утсаар ярьсан “...миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй. Харин гомдолтой байна, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 98/, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ц-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.
Мөн шүүгдэгч Д.Ц-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д.Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Д.Ц-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Ц-т оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Д.Ц-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Д.Ц-т сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР