| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2405048451973 |
| Дугаар | 2026/ДШМ/282 |
| Огноо | 2026-03-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Солонго |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2026/ДШМ/282
2026 03 12 2026/ДШМ/282
Ө.Г-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Солонго,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2026/ШЦТ/126 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Т.Т-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ө.Г-д холбогдох эрүүгийн 2405048451973 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ө- овогт Ө-ийн Г-, ...., ял шийтгэлгүй, /РД:Ө-/;
Шүүгдэгч Ө.Г- нь 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хороо, “Ө-” караокены гадна Т.Т-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн Прокурорын газраас: Ө.Ган-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ө- овогт Ө-ийн Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Ө.Г- нь тус шийтгэх тогтоолоор бусдад төлбөргүйг дурдаж, хохирогч Т.Т- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой бусад нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч Т.Т- давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Ө.Г-ийг хохиролд төлөх төлбөргүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй тул давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж өгнө үү.” гэжээ.
Прокурор Б.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хохирогч Т.Т- нь мөрдөн байцаалтын шатанд хохирлын баримт гаргаж өгөөгүй. Харин анхан шатны шүүх хуралдаанд эмчилгээний зардал болох 460.000 төгрөгийн баримт гарган өгч, шүүгдэгч Ө.Г- нь хохирол төлөхөөр шүүх хуралдааныг 2 хоногоор завсарлуулж, энэ хугацаанд хохирогчид 1.160.000 төгрөг төлсөн. Шийтгэх тогтоолоор хохирогчийг цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн. Ө.Г- нь нөхөн төлөхөө илэрхийлж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ө.Г-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч Т.Т-ын гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Ө.Г- нь 2024 оны 11 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хороо, “Ө-” караокены гадна Т.Т-той маргалдан түүний нүүр рүү нь өшиглөх, цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь баруун дээд үүдэн 1-р шүдний булгарал, зүүн дээд үүдэн 1-р шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч Т.Т-ын “...караокены гадна би зүс таних Ө.Г-тэй таарч, ойр зуурын юм ярилцсан, юунаас болж маргалдсаныг мэдэхгүй, барьцалдаж байгаад гэнэт л намайг доош дараад, нүүр рүү өшиглөж, хоёр удаа цохисноос болж миний үүдэн хоёр шүд цөмрөөд далийчихсан, дээд, доод уруул язарчихсан байсан. ...” /хх 16-17, 23/,
гэрч А.Б-гийн “...Бид нар караокед сууж байхад Т.Т- гадаа гараад орж ирэхгүй болохоор нь гараад харсан чинь тэр хоёр заамдалцсан зогсч байсан. Т.Т- “шүд хугарчихлаа” гээд байсан. ...” /хх 27/,
Ө.Г-ийн яллагдагчаар өгсөн “...Т.Т-той гадаа гараад муудалцсан, намайг эхлээд цохихоор нь би буцаагаад цохитол нүүр рүү нь цохисон байсан. ...” /хх-ийн 73/ гэсэн мэдүүлгүүд,
“...Т.Т-ын биед баруун дээд үүдэн 1-р шүдний булгарал, зүүн дээд үүдэн 1-р шүдний сулрал бүхий хөнгөн гэмтэл учирсан. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 15196 дугаар дүгнэлт /хх 33-34/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Ө.Г-ийн хохирогч Т.Т-ын нүүрэн тус газар нь цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ө.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэсэнийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ө.Г- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй ба харин хохирогч Т.Т- нь “...шийтгэх тогтоолд “төлөх төлбөргүй” гэж тусгасан нь үндэслэлгүй” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.
Анхан шатны шүүх гэм хорын хохирлын хэмжээг тогтоохдоо, хохирогчоос гаргаж өгсөн баримтын хэмжээнд хохирлыг тооцон, тооцоолох боломжгүй хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг зааж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3 дах хэсэгт заасантай тус тус нийцсэн байх тул хохирогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэж үзэх боломжгүй.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хуралдаанд хохирогч эмчилгээний зардалд баримтаар 460.000 төгрөгийн хохирол нэхэмжилж, шүүгдэгч 1.160.000 төгрөг төлсөн байх бөгөөд үүнийг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүйг дурдаж, хохирогч нь цаашид гарах хохирол, хор уршгийн зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээж шийдвэрлэсэнийг буруутгах үндэслэлгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Т.Т-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2026/ШЦТ/126 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Т.Т-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН