| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2018/0416/Э |
| Дугаар | 416 |
| Огноо | 2018-09-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 416
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг,
улсын яллагч Б.Гүнсэл,
шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт С.Б-д холбогдох эрүүгийн 1810015120474 дугаартай, 187/2018/0416/Э индекстэй хэргийг 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ш овогт С.Б
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.Б нь 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн .... дугаар хороо ....... тоот хашааны гадна Б.М-тай маргалдан улмаар баруун гарын шуу, зүүн гарын бугуй хэсэгт нь шилээр зүсэж эрүүл мэндэд нь хөнгө хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч С.Б нь 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн .... дугаар хороо ....... тоот хашааны гадна Б.М-г “та танихгүй айлын хашаа руу яах гэж орж ирж байгаа юм бэ” гэхэд нь “ямар сүртэй пизда вэ” гэж хэлэн маргалдаж улмаар газар байсан шилээр Б.М-н баруун гарын шуу, зүүн гарын бугуй хэсэгт нь зүсэж эрүүл мэндэд нь хөнгө хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч С.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 16-ны өглөө гэрээсээ согтуу гараад С.М-тэй хамт Б.М-н хашааны гадаа очсон. Гэтэл ямар юм хийж согтуу хүн дагуулж ирээд байгаа юм гэж С.М-д хэлэхээр нь би юу яриад байгаа юм бид хоёр танай хашаа руу ороогүй байна гэхэд та яасан их зантай юм гэж хэлээд намайг бариад авсан. Бид хоёр газар унаад би газарт байсан шилийг аваад тэр залуугийн гар руу нь хоёр удаа цохьсон. Хохирогчид учирсан гэмтлийг би учруулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Хохирлыг бүрэн төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Б.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо ...... тоот гэртээ өглөө 10 цагийн үед хашаандаа ногоо усалж байсан чинь ээж н.Ц дэлгүүр ороод ир гэж хэлсэн. Дэлгүүр орох гээд байж байтал гаднаас танил С.М ах танихгүй 40-50 орчим насны согтуу ахтай манай хашаанд ороод ирсэн манай эхнэр н.Ш танихгүй согтуу хүмүүс хашаанд орж ирээд явж байна гээд тэр согтуу хүмүүсийг гар гэж хэлсэн чинь С.М ах танихгүй ахтай хашаанаас гараад явсан. Би дэлгүүр орох гээд хашаанаас гараад алхаж байсан чинь С.М ах нөгөө танихгүй ахтай гудамжны үзүүрт сууж байсан, С.М ахтай уулзаад ямар юм хийж согтуу хүн дагуулж ирээд байгаа юм гэж хэлсэн чинь нөгөө согтуу танихгүй ах яасан сүртэй новш вэ гэж хэлээд босож ирээд намайг түлхсэн чинь гар зүссэн байсан тэгээд би буцаагаад түлхээд шилийг нь гарнаас аваад хаясан, би гартаа шил барьсан байсан гэдгийг нь мэдээгүй гар зүсчихээр нь мэдсэн тэр шилийг нь аваад хаясан, тэгээд би дэлгүүр орох гээд явж байтал араас ахиж ирээд гарыг нь харсан чинь шилний хагархай барьсан байсан би түлхсэн боловч миний баруун гарыг зүсээд цус их гарахаар нь би айгаад шууд гэрлүүгээ буцаад орсон. Тэгээд гэртээ ороод 102, 103 дугаарын утасруу залгаж дуудлага өгсөн...Би тэр С.Б гэж хүнийг цохиж зодоогүй...Би зодуулсандаа гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-14/
3. Гэрч С.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн .... дугаар хороо Цэргийн ангийн ..... дугаар байрны ...... тоотод өөрийн ач охин болох н.Н-н үсийг аваад найр хийж байгаад халуун болохоор нь агаарт гараад байрны гадаа сууж байтал С.Б-тай таарсан. П.Д надаас...2000 төгрөг авсан чинь Б.М-д байна гэсэн чи гэрийг нь мэддэг юм чинь хоёулаа хамт явъя гээд бид хоёр хамт явсан. Тэгээд Хан-Уул дүүргийн .... дугаар хороо ....... тоотод очиж хаалгаар нь орсон чинь Б.М-н эхнэр гэх эмэгтэй танихгүй хүн ороод ирсэн байна гар гэж хэлэхээр нь бид хоёр буцаад гараад явж байтал араас Б.М, П.Д хоёр ирээд Б.М С.Б-г барьж аваад хоорондоо ноцолдоод байсан тэгээд хоёулаа унаад босоод ирсэн чинь Б.М-н гарнаас цус гарч байсан, тэгээд би түргэн дууд гэтэл Б.М-н ээж н.Ц нь түргэн цагдаа дуудсан байсан тэгээд цагдаа ирээд намайг гэрээс аваад С.Б-н...үхрийн саравчин дотор унтаж байхаар аваад Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр ирсэн...Б.М хэлэхдээ гар шилээр зүсчихлээ гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/
3. Гэрч П.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 11 цаг болж байхад гэрээсээ гараад явж байсан чинь танил ах С.Б ах таарсан тэгээд надаас ганц шил архи аваад өгчих гэж хэлсэн, надад мөнгө байхгүй байсан болохоор би зүс таних Б.М-н гэр болох Хан-Уул дүүргийн .... дугаар хороо ...... тоотод танил ах С.Б-н хамт очсон. Тэгээд С.Б ахыг гадаа байж бай гэж хэлээд би өөрөө Б.М-н гэрт орж Б.М-н аав н.Б-с 5500 төгрөг аваад гарсан чинь хашааны гадна Б.М танил ах С.Б хоёр хоорондоо ноцолдоод зогсож байсан ба Б.М-н баруун, зүүн гараас нь цус гарч байсан ба би Б.М-с яасан юу болсон гэж асуусан чинь С.Б гэх хүн миний гарыг шилээр зүсчихсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б.М-г гэрт оруулж өгөөд С.Б-тай уулзах гээд гарсан чинь байхгүй байсан тэгээд би гэртээ очсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/
4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№7675/-ний дүгнэлт:
-Б.М-н биед баруун шуу, зүүн бугуйнд шарх гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь хурц ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 23/
5. Шүүгдэгч С.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр өөрийн гэртээ...найз болох н.Б, н.Б нарын хамт 0,75 л савлагаатай “Хараа” нэртэй 1 шил архи хувааж ууж дуусгаад манай хоёр найз явсан. Тэгээд би нэмж архи уумаар санагдаад гэрээсээ гараад явж байсан чинь зүс таних П.Д-той таарсан бөгөөд П.Д-с нэг шил архи аваад өгөөч гэж гуйсан чинь миний араас хүрээд ир би нэг хүнээс мөнгө авна гэж хэлэхээр нь араас нь дагаж айлын хашаанд орсон чинь нэг эрэгтэй хүн гар гэж хэлсэн тэгээд уг хашаанаас гараад байж байсан чинь нэг эрэгтэй хүн гарч ирээд та танихгүй айлын хашаа руу яах гэж орж ирж байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь ямар сүртэй пизда вэ гэж хэлсэн чинь тэр залуу та юу гээд байгаа юм бэ гэж хэлээд намайг бариад авсан тэгээд бид 2 газар унаад би газарт байсан шилийг аваад тэр залуугийн гар руу нь хоёр удаа цохьсон. Тэгээд би гэртээ очоод байж байсан чинь цагдаа очиж намайг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр аваад ирсэн...Би өөрийн буруутай үйлдэлдээ их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-34/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Б нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№7675/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч С.Б нь 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн .... дугаар хороо ...... тоот хашааны гадна Б.М-г “та танихгүй айлын хашаа руу яах гэж орж ирж байгаа юм бэ” гэхэд нь “ямар сүртэй пизда вэ” гэж хэлэн маргалдаж улмаар газар байсан шилээр Б.М-н баруун гарын шуу, зүүн гарын бугуй хэсэгт нь зүсэж биед нь биед баруун шуу, зүүн бугуйнд шарх гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч С.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч С.Б-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 250.000 төгрөгийг сайн дураар нөхөн төлсөн гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн хувийн байдал /...../, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Б-д 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.
Мөн шүүгдэгч С.Б-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт С.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш овогт С.Б-г 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Б-д оногдуулсан 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. С.Б-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг С.Б-д сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР