Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 2026/ДШМ/08

 


И.Д, Н.С, Э.Г нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, шүүгч З.Нандинцэцэг, Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Б.У,
Шүүгдэгч Э.Г-ийн өмгөөлөгч Д.А,
Шүүгдэгч И.Д, Н.С нарын өмгөөлөгч Ж.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.О нарыг оролцуулан,
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/271 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч И.Д, Н.С нарын өмгөөлөгч Ж.Д эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор шүүгдэгч И.Д, Н.С, Э.Г нарт холбогдох эрүүгийн 2516001520250 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын хувийн мэдээлэл:

Б овогт И.Д нь Монгол улсын иргэн, халх, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн ********** сумд төрсөн, *** настай, *********, ********* боловсролтой, ******* мэргэжилтэй, “**********” ХХК-нд ************* ажилтай,  ам  бүл  ***, *********, *** хүүхдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ********** сумын ********* багийн *** - *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Д* ************ регистрийн дугаартай, 
О овогт Н.С нь Монгол улсын иргэн, халх, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн ********* сумд төрсөн, ** настай, *********, ********* боловсролтой, ********** мэргэжилтэй, ********* эрхэлдэг,  ам  бүл  ***,  *******, ********** хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн *********** сумын ******** багийн ************ аппартмент байр, **** -р орц ***** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Д* *********** регистрийн дугаартай, 
Б ургийн овогт Э.Г нь Монгол улсын иргэн, халх, 20** оны ** дүгээр сарын **-ний өдөр Говь-Алтай аймгийн ******** сумд төрсөн, **** настай, *********, ********** боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй,  ам  бүл  ****,  *****, *****, ********* хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ********* сумын ********* багийн *** - *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Д* ********* регистрийн дугаартай, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч И.Д, Н.С нар нь бүлэглэн согтуурсан үедээ Говь-Алтай аймгийн ******** ********** багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мичид” баарны зогсоол дээр 2025 оны 05 дугаар сарын 22-ны шөнө 3 цагийн үед Э.Г-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаас шүүгдэгч Н.С нь түүний толгой хэсэг рүү архины шилээр 2 удаа цохиж, түүнд баруун чихний дэлбэн болон баруун чихний ар хэсэгт шарх гэмтэл, шүүгдэгч И.Д нь хамар хэсэг рүү гараараа 2 удаа цохиж, түүнд хамрын таславчийн мурийлт гэмтэл тус тус учруулж, Э.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт, 
Шүүгдэгч Э.Г нь согтуурсан үедээ Говь-Алтай аймгийн ********** сумын ******** багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мичид” баарны зогсоол дээр 2025 оны 05 дугаар сарын 22-ны шөнө 3 цагийн үед И.Д-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүний толгой хэсэг рүү гараараа 2 удаа цохиж, түүнд зүүн хөмсгөнд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд шарх гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүгдэгч  Б овогт И.Д,  О овогт Н.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан “бүлэглэх” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд, Б овогт Э.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Д, Н.С нарт тус бүр 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-д 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял тус тус  оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч И.Д, Н.С нарт оногдуулсан 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Э.Г-д оногдуулсан 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч И.Д, Н.С, Э.Г нарт сануулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч И.Д-аас нийт 2,908,818 (хоёр сая есөн зуун найман мянга найман зуун арван найм) төгрөг, шүүгдэгч Н.С-оос нийт 3,769,226 (гурван сая долоон зуун жаран есөн мянга хоёр зуун хорин зургаа) төгрөг гаргуулж, хохирогч Э.Г-д, шүүгдэгч И.Д-аас 1,720,818 (нэг сая долоон зуун хорин мянга найман зуун арван найм) төгрөг, шүүгдэгч Н.С-оос 2,581,226 (хоёр сая таван зуун наян нэгэн мянга хоёр зуун хорин зургаа) төгрөг тус тус гаргуулж “Эрүүл мэндийн даатгалын сан”-д тус тус  олгож, энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Э.Г эрүүл мэндийн даатгалын санд 104,300 (нэг зуун дөрвөн мянга гурван зуу) төгрөг төлсөн, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт ирсэн 1 ширхэг CD-г хэрэг хадгалах хугацаагаар хавсаргаж, ….. эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч И.Д, Н.С нарын өмгөөлөгч Ж.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/271 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Тус шийтгэх тогтоолоор Н.С, И.Д нарыг бүлэглэн согтуурсан үедээ Э.Г-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж толгой хэсэг рүү архины шилээр 2 удаа зохиж, түүнд баруун чихний дэлбэн болон баруун чихний ар хэсэгт шарх гэмтэл, шүүгдэгч Н.С нь хамар хэсэг рүү гараараа 2 удаа цохиж, түүнд хамар таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан бүлэглэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн И.Д, Н.С нарыг гэм буруутайд тооцож, тус бүрийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, И.Д, Н.С нарын үйлдлийг яллах дүгнэлтэд дурдсанаас өөрөөр дүгнэлт гаргаж шийдвэрлэсэн, мөн шүүгдэгч Э.Г-ийн хамар таславчийн мурийлт гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл эсэх нь эргэлзээ бүхий нотлох баримт хэрэгт авагдсан байхад тус гэмтэлийг И.Д, Н.С нар учруулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх тул Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/271 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нарт ашигтай байдлаар шийдвэрлэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

3. Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

4. Үйл баримтын дүгнэлт, нотлогдсон байдлын талаар:

4.1. Шүүгдэгч И.Д, Н.С нар нь бүлэглэн согтуурсан үедээ Говь-Алтай аймгийн ********* сумын ***** багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мичид” баарны зогсоол дээр 2025 оны 05 дугаар сарын 22-ны шөнө 4 цагийн орчим Э.Г-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаас шүүгдэгч И.Д нь түүний толгой хэсэг рүү архины шилээр 2 удаа цохиж, түүнд баруун чихний дэлбэн болон баруун чихний ар хэсэгт шарх гэмтэл, шүүгдэгч Н.С нь хамар хэсэг рүү гараараа 2 удаа цохиж, түүнд хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Э.Г нь согтуурсан үедээ Говь-Алтай аймгийн ********* сумын ****** багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мичид” баарны зогсоол дээр 2025 оны 05 дугаар сарын 22-ны шөнө 3 цагийн үед И.Д-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүний толгой хэсэг рүү гараараа 2 удаа цохиж, түүнд зүүн хөмсгөнд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд шарх гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

5. Хэргийн үйл баримтыг нотлох баримтын талаар: 

5.1. Шүүгдэгч Э.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...Би тухайн үед Д гэх хүнтэй харилцан зодолдсон. Би Д гэх хүнийг газарт унагаагаад ноцолдож байхад доороос миний хамар луу гараараа 2 удаа цохисон. Миний хамрын таславч мурийсан байсан. Эмнэлгийн байгууллагад үзүүлсэн. Эмнэлгийн байгууллагад үзүүлсэн бичиг байгаа. Би өмнө нь хамартаа бэртэл гэмтэл авч байгаагүй. Гомдол саналтай байна. Эмчилгээнийхээ баримтыг гаргаж өгнө...” гэх мэдүүлэг (ХХ 50),
5.2. Гэрч Э.У-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2025 оны 05 дугаар сарын 22-ны шөнө 02 цаг 50 минутын үед С эгч бид хүн байхгүй байхаар нь Мичид баар болон караокегоо хаасан ... Манай караокены үүдний зогсоол дээр хэдэн машин байж байхаар очиж зогссон. Очоод зогссон чинь танихгүй эрэгтэй хүн ирээд С эгчтэй юм яриад байж байсан чинь хажуу талд зогсож байсан саарал Приус-20 маркийн машинаас Х гэх залуу бууж ирээд С эгч юм яриад байж байсан танихгүй хүнийг сайн уу ахаа гэсэн. Тэгсэн чинь С ах бууж ирээд нөгөө танихгүй хүнийг чи миний дүүг зоддог хэн бэ? гэсэн чинь би танай дүүг зодоогүй гээд хоорондоо маргалдсан чинь Х нь нөгөө танихгүй ахыг аваад цаад талын машин луу явсан. Д ах С ах С эгчийн машины хажууд зогсож байсан чинь нөгөө танихгүй ах Х 2 хүрч ирээд нөгөө танихгүй хүн Д ахтай маргалдаад Д ахыг барьж аваад 2 удаа гараараа цохисон чинь Х салгах гээд дундуур орсон. Тэгээд  С ах өврөөсөө архины шил гаргаж нөгөө танихгүй ахын толгой руу архины шилээр 1 удаа цохисон. Дахиад  архины шилээрээ толгой руу цохисон чинь архины шил хагарсан. Нөгөө танихгүй ахын толгойноос цус гарсан. Тэгээд цагдаа дуудсан удалгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг (ХХ 61), 

5.3. Гэрч Г.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2025 оны 05 дугаар сарын 28-ны 02 цаг 50 минутад Мичид баарны үүдний зогсоол дээр У-ын хамт машинтайгаа очоод зогссон чинь Г хүрч ирээд надтай юм яриад зогсож байсан чинь хажуу талын саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслээс 2 танихгүй хүн бууж ирээд Г-ийг чи манай дүүг зоддог хэн бэ гээд гэсэн чинь би биш ээ та хүн андуураад байна гэсэн. Тэгсэн чинь тэр танихгүй 2 хүн халзрах уу үзэх үү гээд байсан. Г би биш ээ хүн андуураад байна гэсэн. Тэгсэн чинь тухайн тээврийн хэрэгслийг барьж байсан залуу Г-ийг ахаа наад 2 чинь согтуу байна гээд цааш нь аваад явсан ... Тэгсэн чинь Г цааш нь авч явсан залуутайгаа буцаад хүрээд ирсэн. 2 танихгүй ахын нэг нь Г-ийг чамайг явуулахгүй, үзье гээд дайраад байхаар нь Г тухайн ахыг эхлээд цохиод хоорондоо зодолдсон. Тэгээд салгасан чинь С гэх хүн өврөөсөө архины шил гаргаж ирээд Г-ийн толгой руу цохисон чинь архины шил хагараагүй дахиад толгой руу цохисон чинь архины шил нь хагараад цус гоожоод тогтохгүй байсан ...” гэх мэдүүлэг (ХХ 64-65), 

5.4. Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч,  цагдаагийн хошууч  Т.А-ын 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ГОА0725/284 дугаартай “...Э.Г-ийн биед баруун чихний дэлбэн болон баруун чихний ар хэсэгт шарх, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ... Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна... Э.Г-ийн биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх агуулга бүхий дүгнэлт (ХХ 72-73), 
5.5. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч, цагдаагийн ахмад Д.Д-ийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ГОА0725/217 дугаартай “...Э.Г-ийн биед баруун чихний дэлбэн болон баруун чихний ар хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо... хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно ... Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх агуулга бүхий дүгнэлт (ХХ 72-73),  

5.6. Мөрдөгчийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Мичид баарны гадна талын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “... Мичид баарны үүдэнд 2 хүн зогсож байх ба хажуу талаас 2 хүн хамт ирээд тухайн 2 хүний нэг залуутай уулзаад зогсоно. Энэ үед Мичид баарны үүдний зогсоол дээр тээврийн хэрэгсэл ирээд зогсоно. Тухайн 3 залуу зогсож байхад машинаас эмэгтэй хүн бууж ирээд тухайн залуучууд дээр очно. Машины жолооч талаас эмэгтэй хүн бууж ирээд нэг эрэгтэй хүний араас нь татна. Татсан эрэгтэй хүн нэг хүнтэй заамдаж цаашаагаа алхаад тухайн хүнээ хөлөөрөө нэг удаа өшиглөнө. Тэгээд нөгөө 2 залуу дайрах гэсэн чинь эмэгтэй хүн дайруулахгүй бариад байж байна. Тухайн эмэгтэйгээ цааш нь түлхчихээд нөгөө 2 эрэгтэйн нэг эрэгтэйг нь барьж аваад өшиглөөд зодож байгаа харагдана. Тухайн эрэгтэйгээ газарт унагаачихаад цаад талын эрэгтэйг очиж барьж аваад хоорондоо зодолдож цохиж байхад наад талаас нь 2 хүн очоод тухайн хүмүүсийг салгаж байгаагаар бичигдсэн байна...” гэх тэмдэглэл (ХХ 21), 

5.7. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “...иргэн Э.Г /Д* **********/ нь 80*********  дугаарын утсаар ********* сумын ********* баг Мичид баарны үүдэнд “Толгойгоо хагалуулчихлаа” гэсэн мэдээллийг 05 дугаар сарын 22-ны өдрийн 03 цаг 55 минутад авсан” гэх агуулга бүхий тэмдэглэл (ХХ 06) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. 

6. Шүүгдэгч Э.Г нь согтуурсан үедээ Говь-Алтай аймгийн ******** сумын ******** багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мичид” баарны зогсоол дээр 2025 оны 05 дугаар сарын 22-ны шөнө 3 цагийн үед И.Д-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүний толгой хэсэг рүү гараараа 2 удаа цохиж, түүнд зүүн хөмсгөнд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд шарх гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

6.1. Дээр дурдсан үйл баримт нь гэрч Э.У-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2025 оны 05 дугаар сарын 22-ны шөнө 02 цаг 50 минутын үед С эгч бид хүн байхгүй байхаар нь Мичид баар болон караокегоо хаасан ... Д ах С ах С эгчийн машины хажууд зогсож байсан чинь нөгөө танихгүй ах Х 2 хүрч ирээд нөгөө танихгүй хүн Д ахтай маргалдаад Д ахыг барьж аваад 2 удаа гараараа цохисон чинь Х салгах гээд дундуур нь орсон...” гэх мэдүүлэг (ХХ 61),   

6.2. Гэрч Г.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2025 оны 05 дугаар сарын 22-ны 02 цаг 50 минутад Мичид баарны үүдний зогсоол дээр У-ын хамт машинтайгаа очоод зогссон ... Тэгсэн чинь Г цааш нь авч явсан залуутайгаа буцаад хүрээд ирсэн. 2 танихгүй ахын нэг нь Г-ийг чамайг явуулахгүй, үзье гээд дайраад байхаар нь Г тухайн ахыг эхлээд цохиод хоорондоо зодолдсон...” гэх мэдүүлэг (ХХ 64-65),

6.3. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Д-ийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ГОА0725/227 дугаартай “...И.Д-ы биед зүүн хөмсгөнд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд шарх гэмтэл тогтоогдлоо ... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх бөгөөд хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно ... Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх агуулга бүхий дүгнэлт (ХХ 67-68) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

7. Хууль зүйн дүгнэлт, давж заалдах гомдлын талаар:    

7.1. Шүүгдэгч И.Д, Н.С нарын өмгөөлөгч Ж.Д нь “…Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/271 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нарт ашигтай байдлаар шийдвэрлэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү…” гэж давж заалдах журмаар гомдол гаргасан байна.

7.2. Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч И.Д, И.С нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Э.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсан нь үндэслэлтэй байна.

7.3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын хүрээнд бодитой тогтоож, тогтоогдсон үйл баримтад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

7.4. Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Э.Г эрүүл мэндийн даатгалын санд 104,300 (нэг зуун дөрвөн мянга гурван зуу) төгрөг төлсөн, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт ирсэн 1 ширхэг CD-г хэрэг хадгалах хугацаагаар хавсаргахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. 

7.5. Дээр дурдсан нөхцөл байдлуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч И.Д, Н.С нарын өмгөөлөгч Ж.Д-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/271 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч И.Д, Н.С нарын өмгөөлөгч Ж.Д-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий оролцогч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

                 ШҮҮГЧИД                            З.НАНДИНЦЭЦЭГ

                                                         Ш.БАТТОГТОХ