Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 209/МА2022/00058

 

“Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх
сүлжээ” ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2022/00201/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Г.Давааренчин, Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  03 дугаар сарын 15-ны өдрийн 405 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Гурван сээр” ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Цахилгаан эрчим хүчний төлбөр 12,103,256 төгрөг, алданги 6,617,289.45 төгрөг, нийт 18,720,545.45 төгрөг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Ц.Оюунжавын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхгэрэл, хариуцагчийн төлөөлөгч Ц.Оюунжав, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, багасгасан шаардлагадаа:

1.а. “Гурван сээр” ХХК-тай аж ахуйн нэгжийг цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан, үйл ажиллагааны үндсэн чиглэл нь шуудайны үйлдвэр боловч крипто вальттай холбогдох үйл ажиллагааг нууцаар эхлүүлж хоногийн 24 цагийн туршид тасралтгүй цахилгаан эрчим хүч ашиглаж улмаар хэт ачааллаас шалтгаалж үйлдвэрт нь  гал гарсан зөрчил гарсан.

... 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр цахилгаан эрчим хүчний авлага барагдуулах гэрээг байгуулж,  2021 оны 11 дүгээр сарын 30-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохирсон. Уг гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдаагүй, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасныг зөрчин цахилгаан эрчим хүч хангах гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй өр үүсгэж 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 17,755,175 төгрөгийн өр төлбөртэй байна. Иймд хугацаандаа төлөгдөөгүй эрчим хүчний төлбөр 17,755,175 төгрөг, алданги 7,989,829 төгрөг, нийт 25,745,004 төгрөг  гаргуулах,

1.б. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад багасгаж үндсэн төлбөр 12,103,256 төгрөг, алданги 6,617,289.45 төгрөг, нийт 18,720,545.45 төгрөг гаргуулах гэжээ.   

  1. Хариуцагчийн  татгалзал, тайлбарын агуулга:

... Манайх үйл ажиллагаа явуулж байхдаа цахилгааны төлбөрт элдэв асуудал гарч байгаагүй, харин ч 2020 онд 30 гаруй сая төгрөгийн илүү төлөлт хийсэн байхад  асуудал гаргаж байгаагүй.

Засгийн газраас 12,103,256 төгрөгийн цахилгаан хөнгөлөлт эдэлсэн. Гэтэл Биткойны үйл ажиллагаа нь хөнгөлөлтөд орохгүй заалттай байгаа учраас буцаад цахилгааны төлбөр гарсан. Энэ талаар Ганзоригт хэлэхэд тэрээр цахилгааны төлбөрийг төлнө гээд зөвшөөрсөн. Хуучин үлдэгдэл өр 15,000,000 төгрөг дээр Засгийн газрын хөнгөлсөн төлбөр нэмэгдээд нийт 27,103,256 төгрөг болсон. Ганзориг нь Биткойн ажиллуулж байхдаа гал гаргасан зардлыг төлөөгүй байсан.

Иймд үндсэн төлбөр 12,103,256 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, харин алданги 6,617,289.45 төгрөгийг хасаж өгнө үү гэжээ. 

3.Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3-д зааснаар хариуцагч Гурван сээр ХХК-аас 18,046,762.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-д олгож, 641,962 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286,700 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 248,183 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгч Ц.Оюунжав давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.а. Өмгөөлөгчийн хамт оролцох хүсэлтийг шүүх хуралдааны явцад гаргасан боловч эрхийг эдлүүлэлгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан,

4.б. Талууд эвлэрэн хэлэлцэх бүрэн боломжтой байхад хугацаа өгөлгүй хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн,

4.в. Хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гуравдагч этгээд болох *******ийг шүүх хуралдаанд оролцуулаагүй, мөн *******той байгуулсан “эвлэрлийн гэрээ”-г нотлох баримтаар гаргаж өгсөн байхад хэрэгт ач холбогдолгүй гэж шийдвэрлэсэн,

4.г. Хариуцагчийн зүгээс цахилгааны төлбөр дээр маргаагүй. Иймд анхан шатны шүүхийн 405 дугаар шийдвэрийн 6,015,587 төгрөгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн  агуулга бүхий гомдол гаргажээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн төлөөлөгч Ц.Оюунжав эс зөвшөөрч гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүх хүлээн авч, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг  бүхэлд нь хянан үзэв.

2. Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд  мэтгэлцэх  эрхээ бүрэн хэрэгжүүлсэн  байна. 

  1. Хариуцагчийн төлөөлөгч Ц.Оюунжав нь... хариуцагчийн зүгээс цахилгааны

төлбөр дээр маргаагүй, харин алданги 6,015,587 төгрөгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн  агуулга бүхий гомдол гаргажээ.

4. Давж заалдах шатны шүүх гомдолд заасан үндэслэл болон хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан  “алданги”-ийг багасгаж, энэ үндэслэлээр шийдвэрт  өөрчлөлт оруулах нь зүйтэй  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

5. Хэргээс судлан үзвэл:  нэхэмжлэгч Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК нь хариуцагч  Гурван сээр ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болон  шаардлагадаа:  Гурван сээр ХХК-тай  аж ахуйн нэгжийг цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан, үйл ажиллагааны үндсэн чиглэл нь шуудайны үйлдвэр боловч крипто вальттай холбогдох үйл ажиллагааг нууцаар эхлүүлж хоногийн 24 цагийн туршид тасралтгүй цахилгаан эрчим хүч ашиглаж улмаар хэт ачааллаас шалтгаалж үйлдвэрт нь  гал гарсан зөрчил гарсан. ... 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр цахилгаан эрчим хүчний авлага барагдуулах гэрээг байгуулж,  2021 оны 11 дүгээр сарын 30-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохирсон. Уг гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдаагүй, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасныг зөрчин цахилгаан эрчим хүч хангах гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй өр үүсгэж 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 17,755,175 төгрөгийн өр төлбөртэй байна. Иймд хугацаандаа төлөгдөөгүй эрчим хүчний төлбөр 17,755,175 төгрөг, алданги 7,989,829 төгрөг, нийт 25,745,004 төгрөг  гаргуулах шаардлага анх шүүхэд гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад багасгаж үндсэн төлбөр 12,103,256 төгрөг, алданги 6,617,289.45 төгрөг, нийт 18,720,545.45 төгрөг гаргуулах гэжээ.   

6. Хариуцагч Гурван сээр ХХК-н төлөөлөгч Ц.Оюунжав нь ...манайх үйл ажиллагаа явуулж байхдаа цахилгааны төлбөрт элдэв асуудал гарч байгаагүй, харин ч 2020 онд 30 гаруй сая төгрөгийн илүү төлөлт хийсэн байхад  асуудал гаргаж байгаагүй. Засгийн газраас 12,103,256 төгрөгийн цахилгаан хөнгөлөлт эдэлсэн. Гэтэл Биткойны үйл ажиллагаа нь хөнгөлөлтөд орохгүй заалттай байгаа учраас буцаад цахилгааны төлбөр гарсан. Энэ талаар Ганзоригт хэлэхэд тэрээр цахилгааны төлбөрийг төлнө гээд зөвшөөрсөн. Хуучин үлдэгдэл өр 15,000,000 төгрөг дээр Засгийн газрын хөнгөлсөн төлбөр нэмэгдээд нийт 27,103,256 төгрөг болсон. Ганзориг нь Биткойн ажиллуулж байхдаа гал гаргасан зардлыг төлөөгүй байсан. Иймд үндсэн төлбөр 12,103,256 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, харин алданги 6,617,289.45 төгрөгийг хасаж өгнө үү гэсэн агуулга бүхий тайлбар гарган татгалзлаа тодорхойлсон  байна.

7. Талуудын хооронд 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “Цахилгаан эрчим хүчээр хангах” гэрээ байгуулагдсан, энэхүү гэрээгээр хангагч нь хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангах, хэрэглэгч нь эрчим хүч хэрэглэсний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх, үүргийг тус тус хүлээх, мөн “алданги” тооцох талаар харилцан тохирсон байна. /хх-6-11/

         8. Хариуцагч байгууллагын төлөөлөгч  Ц.Оюунжав нь  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... эрчим хүчний төлбөрийг төлөхийг зөвшөөрч байгаа, маргахгүй, харин алданги 6,015,587 төгрөгийг чөлөөлүүлэх үндэслэлээр гомдол гаргасан тул гомдлыг хангаж өгнө үү гэж давж заалдах гомдлын үндэслэлээ тодорхойлсон болно.

          9. Хэргийн маргааны үйл баримт тогтоогдсон, маргааны зүйл нь аж ахуйг цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнээс үүдэлтэй, тухайлбал, эрчим хүчээр хангагч тал нь  гэрээгээр  хүлээсэн үүргээ биелүүлсэн, харин эрчим хүч хэрэглэгч  тал нь  эрчим хүч ашигласны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс маргаан үүссэн  байна.

10. Анхан шатны шүүх нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар хэргийг зүйлчилсэн нь маргааны  эрх зүйн харилцааг  зөв тодорхойлсон гэж үзэв.

11. Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон талуудын тайлбар зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

           12. Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан “Цахилгаан эрчим хүчээр хангах” гэрээнд талууд “алданги” тооцохоор тохирсон байх бөгөөд энэ нь Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчөөгүй, нийцсэн байх тул анхан шатны шүүх дээрх хуульд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьд 6,015,587  төгрөгийн алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй.

13. Хариуцагчийн төлөөлөгчийн ... анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш  үндсэн төлбөрөөс зохих хэмжээгээр төлж, үндсэн төлбөр багассан гэх тайлбарыг нэхэмжлэгч тал үгүйсгэж, маргаагүй, зөвшөөрсөн, харин хариуцагчийн төлөөлөгч нь ... компани  санхүүгийн хүнд нөхцөлд  байгаа гэж тайлбарлах боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

14. Гэвч хэргийн 18-25, 28-дугаар талд авагдсан Галын аюулгүй байдалтай холбоотой зөрчил бүртгэх маягт, Технологийн зөрчил судлан бүртгэх акт, Цахилгаан эрчим хүчний авлага барагдуулах гэрээ, ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт болон талуудын тайлбар, хариуцагч байгууллага нь эрчим хүчний үндсэн төлбөрөөс зохих хэмжээгээр төлж барагдуулсан, үндсэн төлбөрийг төлөхөө зөвшөөрч илэрхийлсэн, хэргийн үйл баримт болон нөхцөл байдал зэргийг харгалзан давж заалдах шатны шүүх, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар “алданги” -н хэмжээг багасгаж шийдвэрлэх нь хуульд харшлахгүй гэж үзлээ.

15. Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, хариуцагч “Гурван сээр” ХХК-иас гэрээний үүрэгт  12,031,175 төгрөг, алданги 3,007,793.5 төгрөг /6,015,587 : 2 = 3,007,793.5/, нийт 15,038,968.5  төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ ХК-д олгохоор  шийдвэрлэв.

16. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн  тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагчаас гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111,199 төгрөгийг шүүгчийн захирамжаар  буцаан олгохыг дурдах нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

           1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  03 дугаар сарын 15-ний өдрийн  405 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх  “ Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар хариуцагч “Гурван сээр” ХХК-иас  18,046,762.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-д олгож, 641,962 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг

“Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар хариуцагч Гурван сээр” ХХК-иас  эрчим хүчний төлбөрт 12,031,175 төгрөг, алданги 3,007,793.5 төгрөг, нийт 15,038,968.5  төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ” ХК-д олгож, алдангиас 3,649,755.5 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111,199 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                          

        

 

                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Л.АМАРСАНАА

                                                             ШҮҮГЧИД                                Г.ДАВААРЕНЧИН

                                                                   Х.БАЙГАЛМАА