Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 209/МА2022/00059

 

*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2022/00275/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Г.Давааренчин, Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  03 дугаар сарын 17-ны өдрийн 439 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох

    Нэхэмжлэлийн шаардлага: “Хүнсний барааны төлбөрт 3,339,200 төгрөг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цогтсайхан /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Миний бие нь “Милко” ХХК-ны борлуулалтын албанд худалдааны төлөөлөгчөөр ажилладаг ба ******* нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 531,200 төгрөгийн, 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 2,808,000 төгрөгийн нийт 3,339,200 төгрөгийн хүнсний бараа зээлээр авч одоог хүртэл өгөхгүй байна.

******* нь 3,339,200 төгрөгийн төлбөрөө төлөөгүй учраас ******* миний бие нь *******гийн өмнөөс “Милко” ХХК-нд уг төлбөрийг цалингаасаа суутгуулан бүрэн төлж барагдуулсан. Иймд *******гаас хүнсний барааны төлбөр болох 3,339,200 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

  1. Хариуцагчийн  татгалзал, тайлбарын агуулга:

Би хөдөө ногоо тарьдаг хүн. Өмнөговь аймгийн Цагаан хад гэх газарт худалдаа, үйлчилгээний дэлгүүр ажиллуулдаг манай бэр намайг *******тэй холбоо бариад бараа аваад явуулаач гэсэн. *******  2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 531,200 төгрөгийн барааг падаан бичүүлэн авсан. Буцааж өгч амжаагүй байхад хугацаа нь дууссан, манай гэрт байгаа. 531,200 төгрөгийн баримтад өөрийн гарын үсэг зурсан тул төлнө. Манай бэр 900,000 төгрөгийг *******-ийн дансанд шилжүүлсэн.

Харин 2,808,000 төгрөгийн милко сүүг би аваагүй, надаар дамжаагүй тухайн үед би Дарханд байсан. Хавтаст хэрэгт байгаа баримт дээр Цагаанаа гэдэг хүн гарын үсэг зурсан байсан. Иймд хүний авсан барааны 2,808,000 төгрөгийг надаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, өөрийн авсан барааны үнэ 531,200 төгрөгийг төлнө гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч *******гаас 3,339,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,378 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 68,378 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Хариуцагч ******* би “Милко” ХХК-иас 2020 оны 01 сарын 10-ны өдөр 531.200 төгрөгийн, 2020 оны 01 сарын 12-ны өдөр 2,808,000 төгрөгийн нийт 3.339.200 төгрөгийн баримтад гарын үсэг зурсан. Уг бараа бүтээгдэхүүнийг манай бэр авсан. Би “Милко” ХХК болон нэхэмжлэгч ******* аль алинаас нь мөнгө аваагүй.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ гэсэн хуульд зааснаар бараа материал шилжүүлсэн үйл явдлын үүргийг мөнгөөр гаргуулан авахаар шаардсаныг шүүх хангаж шийдсэнийг би анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцэхгүй гэж үзээд хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

           1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй бүхэлд нь хянаж, гомдлыг  хангах үндэслэлгүй, харин  шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан хүнсний барааны үнэ нийт 3,339,200 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.Хандаа нь ...өөрөө авсан 531,200 төгрөгийн барааны үнийг төлж барагдуулъя, 2,808,000 төгрөгийн барааг хүлээн аваагүй тул зөвшөөрөхгүй гэж  маргасан байна. /хх-15/

3. Анхан шатны шүүх, нэхэмжлэгч ******* нь *******гийн ““Милко” ХХК-д төлөөгүй төлбөр 3,339,200 төгрөгийг түүний өмнөөс төлсөн байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлээр хариуцагч *******гаас 3,339,200 төгрөгийг гаруулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

4. Хариуцагч ******* нь ... хүнсний барааг өөрөө аваагүй, манай бэр авсан, “Милко” ХХК болон ******* нараас аль алинаас нь мөнгө аваагүй учир анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ. /хх-35/

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ” гэж,

Хуулийн 26.3-д хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх, чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж тус тус заасан.

Нэхэмжлэгчийн хувьд өөрийнх нь эрхийг зөрчсөн гэж үзэж буй этгээд иргэний хэрэгт хариуцагчаар ордог бөгөөд нэхэмжлэлд дурдсан, нэхэмжлэгчийн заасан этгээдийг тухайн хэрэгт хариуцагчаар оролцуулдаг.

6. Нөгөө талаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ заасан, түүний сонгож авсан этгээдийг биш, хариуцагчаар татагдсан этгээдийн хүсэлтээр өөр хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим, журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

7. Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлдээ хариуцагч гэж *******г  зааж, түүнд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба анхан шатны шүүх *******ийн нэхэмжлэлтэй *******д холбогдох нэхэмжлэлд  “Иргэний хэрэг үүсгэсэн”, *******д  нэхэмжлэлийн хувийг гардуулж, тайлбар авсан зэрэг нь хууль  зөрчөөгүй  байна.

8. Хэргээс судлан үзвэл: нэхэмжлэгч ******* нь “Милко” ХХК-ийн  борлуулалтын албанд худалдааны төлөөлөгчөөр ажилладаг байх ба тэрээр *******д 2020 оны 01 сарын 10-ны өдөр 531,200 төгрөгийн, 01 сарын 12-ны өдөр 2,808,000 төгрөгийн нийт 3,339,200 төгрөгийн хүнсний барааг нийлүүлсэн, ******* нь бусдаар дамжуулан дээрх бараа /өөрийн бэрийн гуйлтаар авсан гэх/-ны зарим хэсгийг өөрөө, зарим хэсгийг  бэрийнхээ гуйлтаар дайж явуулсан, нэхэмжлэгч ******* нь дээрх хүнсний барааны нийт үнэ 3,339,200 төгрөгийг өөрийн цалингаас суутгуулан төлж байгууллагыг хохиролгүй болгосон гэх  үйл баримт тогтоогдсон,

Улмаар ******* нь “Милко” ХХК-н борлуулалтын албанд нийт 3,339,200 төгрөгийн хүнсний барааг зээлээр авсан, 3 сарын 15-нд тооцоогоо авч өгөх нь үнэн гэх хүсэлтийг бичгээр гаргасан байх ба энэ нь түүнийг нийт 3,339,200 төгрөгийн хүнсний барааг худалдан авсан, тооцоотой болохоо илэрхийлсэн гэж үзэхээр байна.  /хх- 3, 4-6/

9. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг харилцан хүлээдэг.

10.Иймд талуудын хооронд хүнсний бараа худалдах, худалдан авах хэлцэл амаар хийгдсэн байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хүнсний бараа худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

11. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдан авагч буюу хариуцагч ******* нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу түүнд шилжүүлэх замаар нийлүүлсэн хүнсний барааны үнийг шаардах эрхтэй байна.

12. Хариуцагч ******* нь хүнсний барааны төлбөр болох 3,339,200 төгрөгийг төлөхөө илэрхийлэн  “Милко” ХХК-н борлуулалтын албанд хүсэлт бичиж өгсөн байх тул түүнийг  Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т зааснаар дээрх хөрөнгийг хүлээн авсан гэж үзнэ.

13. Дээр дурдсанаас дүгнэхэд : талуудын хооронд хүнсний бараа худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байтал анхан шатны шүүх, нэхэмжлэгч ******* нь *******гийн “Милко” ХХК-д төлөөгүй төлбөр 3,339,200 төгрөгийг түүний өмнөөс төлсөн гэсэн үндэслэлээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар зүйлчлэн шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн, талуудын хоорондох эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон гэж үзэх үндэслэлтэй.

14. Мөн анхан шатны шүүх, зохигч нарт улсын тэмдэгтийн хураамжийг хуварилан шийдвэрлэхдээ холбогдох хуулийг зөв оновчтой хэрэглээгүй зэрэг зөрчил гаргасан байна.

15. Иймд талуудын тайлбар, хэргийн үйл баримт болон нөхцөл байдал  зэргээс  хариуцагч *******гийн ... анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн агуулга бүхий гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, харин  анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 болон  2 дахь заалтуудад хууль хэрэглээний өөрчлөлтүүдийг  оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх  дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон  ТОГТООХ НЬ :

           1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  03 дугаар сарын 17-ний өдрийн 439 дүгээр  шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ Иргэний хуулийн  492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг ...” гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг...” гэж ,

            Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар ...” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар ... ” гэж  тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,950  төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

   3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                          

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Л.АМАРСАНАА

                                                         ШҮҮГЧИД                                     Г.ДАВААРЕНЧИН

                                                             Х.БАЙГАЛМАА