Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 321/ШШ2025/00918

 

 

 

 

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 321/ШШ2025/00918

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймаг дахь сум дундын шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сум, 4 дүгээр баг, дүгээр байр, од оршин суух, ******* овогт *******н *******

  Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сум, 4 дүгээр баг, Дэнжийн 4 тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******

  Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваалгах тухай

  Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгч: Г.*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: *******н

Хариуцагч: О.******* /цахимаар/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:******* /цахимаар/

Хариуцагчийн өмгөөлөгч: ******* /цахимаар/

Шинжээч: , /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баярсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1.Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ******* бид хоёр 2008 онд танилцаж, 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэрлэлтээ батлуулж албан ёсоор гэр бүл болсон. Бид хамт амьдрах хугацаандаа 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр том охин А.г, 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр охин А.ийг, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр охин А.ийг, 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ихэр хүү А., нарыг төрүүлсэн. Бид гэр бүл болсноос хойш бидний амьдрал хэрүүл уруулгүй, халуун дулаан уур амьсгалтай сайхан амьдарч, бид хамтын бизнесээ эхлүүлж хүний дайтай сайхан амьдарч байсан. ******* хөдөө орон нутгаар барилгын ажил авч ажиллаж, ямар нэгэн асуудал гаргадаггүй байсан юм. Бид хамтдаа 2019 онд амьдралаа дээшлүүлэх зорилгоор Эмфлд констракшн ХХК-ийг байгуулж үйл ажиллагаа хэвийн сайхан явж байсан. ******* барилгын ажил авч тухайн барилгынхаа шугамаар байнга хөдөө орон нутагт ажилладаг, өвлийн улиралд гэртээ байж хүүхдүүдээ харж хандаж, хичээл сургууль, цэцэрлэгт нь зөөж өгдөг, бусад улиралд гэртээ байдаггүй байсан. Бид хоёр хэн аль нь ар гэрээ авч явах гэж хөдөлмөрлөж ирсэн. Гэтэл 2023 оны 12 дугаар сарын 19-ний орой Хэнтий аймгийн Норовлин сумаас надруу танихгүй эмэгтэй хүн залгаад Танай нөхөр чинь энд амьдрал зохиогоод байна, чи эхнэр нь юм бол ирээч гэж хэлсэн. Манай нөхөр ******* тухайн үед Норовлин суманд Төрийн банкны барилгыг хариуцан бариулж байсан болохоор би нөхрөө ажлаа хийж явна л гэж бодож байсан. Би *******т хичнээн итгэж өдий хүрлээ дээ, даанч яав даа л гэж хэлмээр байна. Ингээд би 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Норовлин сумруу таксинд суугаад очиж нөхөр *******ыг тухайн сумын харьяат гэх эмэгтэйтэй хувийн харилцаатай нэг гэрт хамтран амьдарч энэхүү харилцаа нь удаж байгааг олж мэдсэн. Тухайн үед нөхөр *******аас яагаад ингэж байгаа талаар асуухад ******* би энэ хүнд дасчихсан, чи хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд удалгүй ******* 2024 оны 01 дүгээр сард шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид салах өргөдлөө өгсөн. Энэ цагаас хойш ******* гэртээ амьдрахаа больж, Норовлин суманд эхнэр Төмөрсүх гэх эмэгтэйтэйгээ хамтран амьдрах болсон. Одоо үр хүүхдүүдээ тэжээ тэтгэдэггүй, харж ханддаггүй, манай хоёр том охин *******т маш дургүй болж, хүүхдүүдэд хүртэл зан байдлын доголдол үүсгэж байна. Үр хүүхдүүдээ яаж байна гэж залгаж асуудаггүй, 5 хүүхдээ орхиод өөр нэг хүүхэдтэй Төмөрсүх гэх эмэгтэйтэй амьдарч, хайраа ханиа гэж түүнрүү байнга мөнгө төгрөг шилжүүлж, тэр ч бүү хэл бидний амьдарч буй байрыг финанс ББСБ-ын барьцаанд тавьж, барьцаанд тавихдаа банк бусд өгсөн өргөдөлдөө Төмөрсүхийг өөрийн эхнэр гэж бүртгүүлж зээл авсан байсан. Би уг гэр бүлээс гадуурх харилцаатай асуудлыг мэдснээс хойш сэтгэл санаа хямарч, бие махбодь өвдөж эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх нөхцөл байдал үүссэн. Намайг эмнэлэгт хэвтсэн үед ******* шүүхэд салах өргөдлөө өгөөд надтай ирж уулзахад том охин маань ааваасаа битгий салаач гэж хүртэл гуйж байсан. *******ын үйлдлээс болж том охин , нар аавыгаа үзэн ядаж уулзахыг хүсэхээ больсон. *******ыг хүүхдүүдтэйгээ огт уулзахгүй, би түүнийг гуйж байж хоёр ихэр хүүхдийнхээ үсний даахины найранд ирүүлсэн. Гэтэл 500,000 төгрөг өгчихөөд буцаагаад надаас нэхсэн. Ийм л хүн шүү дээ. Салахаасаа өмнө цагаан сарын өмнө гэртээ байхгүй охидынхоо дэргэд миний хайр гэсэн дугаарруу видео колл хийсэн бөгөөд үүнээс хойш охидууд маш их хямарсан. ******* анх шүүхэд эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл өгөөд уулзалтад ирээгүй, өмнөх шүүх хуралдаанд би эвлэрэн хэлэлцэж болох байх гэж бодсон боловч шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид ирэхдээ үл ойшоосон байдалтай, үнэхээр эвлэрэх боломжгүй болсон гэдгийг мэдсэн. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.

Миний хүүхдүүд төрсөн цагаасаа эхлэн надтай хамт амьдарсан, тэднийг салгаж өсгөх ямар ч боломжгүй тул би хүүхдүүдээ өөрөө авна, хүүхдүүдийн санал авахад ээжтэйгээ амьдрах тухайгаа илэрхийлсэн тул хариуцагчийн охин , хүү нарыг өөрийнхөө асрамжид авна гэсэн сөрөг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хүүхдүүд маань юунд сонирхолтой, ямар дугуйланд явдаг гэдгийг ******* мэдэхгүй, өөрийн гэсэн ойр байр тогтвортой амьдрах орчин нөхцөлгүй тул охин , , , хүү , Болд нарыг миний асрамжид үлдээж өгнө үү.

Бид хамтран амьдрах хугацаандаа Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг дүгээр байрны од 2 өрөө орон сууцыг худалдан авч байсан. Тухайн үед ийм зүйл болно гэдгийг мэдээгүй тул *******ын нэр дээр байрыг авсан. ******* салж тусдаа амьдарсныхаа дараа байраа зарна гээд Хэнтий зарын групп дээр тавьсныг хараад байрыг маань зарах гэж байгааг мэдсэн. Гэтэл ******* өөрийнхөө ээж нийлж ББСБ ХХК-д зээлийн барьцаанд тавьсан байсныг зээлийн гэрээ байгуулагдсны дараа мэдсэн. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг дур мэдэн барьцаанд тавьсан тул *******аар зээлийг төлүүлж, 186,600,000 төгрөгийн үнэлгээ бүхий уг байраа би хүүхдүүдийнхээ хамт авах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Мөн бидний гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох улсын дугаартай Тоёото приус-41 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээгээр 22,430,000 төгрөгөөр үнэлсэн тул гэр бүлийн гишүүдийн тоогоор адил хуваалгах,

Охин нарын англи хэлний сургалтын төлбөр нэг хүүхдийн 2,500,000 төгрөг нийт 5,000,000 төгрөг гаргуулна, охин ийн Долчи сургалтын төвд явсан сургалтын төлбөр нэг сарын 900,000 төгрөг болж байгаа үүний 2 сарын төлбөр 1,800,000 төгрөг, хүүхдийн шүд эмчлүүлсний зардал нийт 9,700,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Би шүүхэд 32,570,000 төгрөгийг бусад сургалтын төлбөрийг шаардсан боловч уг шаардлагаа багасгаж байна. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.... гэв.

2.Хариуцагч Б.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа, мөн сөрөг нэхэмжлэлдээ: ... Бид анх 2008 онд танилцаж, 2010 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Бид хамт амьдрах хугацаандаа 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр том охин А.г, 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр охин А.ийг, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр охин А.ийг, 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ихэр хүү А., нарыг төрүүлсэн. Би гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн зүйл байхгүй. ******* намайг хүн гэж боддоггүй, мөнгө олох хэрэгсэл шиг л харьцдаг. Одоо шүүх хуралдаанд хохирогчийн дүрд тоглоод яахав дээ, яг үнэндээ би хохирогч хүн. Миний хүүхдүүдийг байнга миний эсрэг үйлдэл хийлгэж, намайг үзэн ядуулах зүйл хийлгэдэг. Одоо том хоёр охин маань намайг үздэггүй, надаас мөнгө нэхэж л надтай харьцдаг. Би 2013 оноос эхлэн барилгын инженерээр Си Эйч би Жи констракшн ХХК-д ажиллаж гэр бүлээ тэжээж эхэлсэн. 2014 оноос эхлэн Хэнтий аймгийн сумдуудаар бүтээн байгуулалтад оролцож, хөдөө орон нутгаар ажиллах болсон. Ажил жил бүрийн 3 сард эхэлж, өвлийн 3 сар гэртээ хүүхдүүдээ харж байдаг. Ажлын ачааллаас шалтгаалан сардаа 1-2 удаа гэртээ ирж хонодог байсан. Би эхнэрийгээ байнга дэмжиж, олон нялх хүүхэд ойрхон төрүүлсэн гээд хайр халамжаар дутаахгүйг хичээж өдий хүрсэн. 2020 оноос *******ын хэрэглээ маш их болж, нүдэндээ давхраа оёулах, урууландаа филер хийлгэх, арьсаа татуулах, брэндийн цүнх куртикээр гоёж, үнэтэй ноолууран эдлэлд маш их мөнгө үрдэг болсон. Мөн найзуудтайгаа нийлж үнэтэй хэрэглэл авах нь ихсэж, ямар ч шалтгаангүйгээр зугаа цэнгэлд явдаг болсон. Миний сарын цалин 3 сая төгрөг учир түүний хэрэглээг хангаж чадахаа больсон. *******ын ээж болон хойд аав нь манайд амьдарч би олон хүн тэжээхээс авахуулаад санхүүгийн маш хүндрэлтэй байдалд орсон. ******* ч өөрөө зүгээр байгаагүй, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэснийг би сонссон. Мөн найзуудтайгаа нийлж байрныхаа зочид буудалд архидан согтуурч, зугаацан явдаг гэдгийг маш олон хүнээс сонссон. Гэхдээ би энэ талаар хэлж хэрүүл маргаан үүсгэж байгаагүй, өөрөө нүдээрээ хараагүй зүйлийг хүний ам дамжсан ярианд үндэслэж хэрүүл маргаан үүсгэх нь ёс зүйгүй үйлдэл гэж би боддог. Ингээд 2022 онд компани байгуулан ажиллаж гэр бүлээ тэжээх болсон. ******* 2023 оны 12 дугаар сарын 20-нд Норовлин суманд ирж хүмүүсийн ам дамжсан ярианд үндэслэн Төмөрсүх гэх эмэгтэйтэй хардаж, биднийг хамтран амьдарч байгаа мэтээр хэл ам хийж, түүний гэрт хууль бусаар нэвтрэн эд зүйлийг устгаж эрүүгийн хэргээр хүртэл шийтгүүлсэн. Намайг одоо хүүхдүүдтэйгээ нийлж байнга хэл амаар доромжилж, мөнгө нэхэх болохоороо л залгадаг. Хүүхэд маань хүртэл намайг үхэж далд ор гэх мэтээр чат бичдэг, энэ нь хэрэгт авагдсан байгаа. Би энэ бүх байдлыг тэсэж байгаад 2024 оны 01 дүгээр сард шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид өргөдлөө өгсөн. Гэвч бид эвлэрэх ямар ч орон зай байхгүй болсон тул эвлэрүүлэн зуучлагчид 2 удаа очсон ч эвлэрээгүй. Шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн өрөөнд камер байдаг бол ******* ямар байдалтай надтай харьцаж байсныг нотлуулмаар байна. Би дээрх хугацаанд маш их өртэй байсан тул Улаанбаатар хотод найзындаа амьдарч, дараа дараагийн ажлын саналыг хүлээн авч уулзалт ярилцлаганд ороод 2024 оны өвөл цагаан сараар гэртээ ирж аав ээжтэйгээ золголт хийгээд цагаан сарын үер намайг хөөж туугаад арга буюу аавындаа очиж хоносон. Тухайн үед Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажилтай байсан тул явсны араар чи Норовлин суманд Төмөрсүх гэх хүүхэнтэйгээ хос дээл өмсөөд золголт хийж явна гээд бас л хүний үгээр хий хоосон хардаж хэрүүл маргаан үүсгэсэн. Би зээл авах шаардлагатай болоод байраа барьцаанд тавьж зээл аваад *******д уг зээлнээс өгсөн. Зээл авах анкет бөглөхөд найз Төмөрсүхийг эхнэр гэж бичүүлсэн нь үнэн, гэхдээ бид гэр бүлээс гадуурх харилцаа байхгүй, зүгээр л найз нөхдийн холбоотой хүмүүс юм. *******ын яриад байгаа шиг зүйл байхгүй. Одоо бид цаашид хамтран амьдрах ямар ч орон зай байхгүй тул гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна.

Харин охин , хүү нарыг өөрийнхөө асрамжид авах хүсэлттэй байна. Охин , , хүү Болд нарыг ээжийнх нь асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй. ******* өөрөө зан байдлын хувьд маш огцом ууртай, Төмөрсүхийг очиж зодож байсан, гэрт нь орж эрүүгийн хэрэг үүсгэн шийтгүүлсэн. Ийм хурц ширүүн ааштай хүний дэргэд хүүхдүүд маш буруугаар хүмүүжиж байгаа, том охидууд маань угаасаа надтай маш муухай харьцаж байгаа тул би хүүхдүүдээ адилхан асран хамгаалах эрхийхээ хүрээнд охин , нарыг өөрийнхөө асрамжид авах хүсэлттэй байна.

Бид 2023 онд компаниа байгуулж, эргэлтийн хөрөнгө орлогогүй болсон тул ББСБ ХХК-д өөрийн өмчлөлийн дүгээр байрны од байрлах 2 өрөө орон сууцыг барьцаанд тавьж 50,000,000 төгрөгийн зээл авсан. Тэр мөнгөнөөс ******* авч хэрэглэсэн. Уг байрыг би *******д өгөхийг зөвшөөрөхгүй.

улсын дугаартай тээврийн хэрэгслийг Булл капитал ББСБ ХХК-ийн зээлээр авч байгууллагын хэрэгцээнд зарцуулан унадаг, харин мөн бидний дундын өмч болох улсын дугаартай кроун маркийн автомашиныг ******* өөрөө унаж хэрэглэж байгаа тул үүнийг хуваалгана гэх шаардлагыг зөвшөөрөхгүй байна. ..гэв.

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөнгө төгрөгтэй холбоотой асуудлыг сая О.******* хэллээ л дээ. Компани гэдэг бол тодорхой хэмжээний орлого олоод түүгээрээ зардлаа нөхөөд гарч байгаа ашгаараа ингэж тодорхойлогдоно шүү дээ. Энэ 2 нэлээн хэдэн жил амьдарсан байх. Залуу хүмүүс байж шүүх хуралдаан болох бүрд яригдаад байгаа Хэнтийд хамгийн өндөр үнэтэй элит зэрэглэлийн байшин гэж яригдаж байна. Г.******* ч гэсэн өөрөө хэлж байна. Би үр хүүхдүүддээ өргөж тэжээе. Чи харин биднийг тэжээх ёстой гэсэн ийм юм ярьж байна. Тэгэхэд одоо өнөөдөр эд нар 30 хэдэн настай залуучууд байна. Тэгэхэд насаараа хөдөлмөрлөж ажил хийгээд өөрийн гэсэн орон сууцтай болж чадаагүй айл өрх маш олон байна. Би үүнийг юу гэж харж байгаа вэ гэхээр О.******* бол гэр бүлийнхээ төлөө хангалттай л зүтгэдэг хүн байна. Гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөхгүйгээр орон сууцтай болсон байсан байна. Үр хүүхдүүдтэйгээ хамт амьдраад байсан байна. Тэгэхээр үр хүүхдийн хүмүүжил гэдэг бол дан ганц эцгээс шалтгаалахгүй шүү дээ. Хэргийн материалд О.*******ын яриад байгаа хүүхдүүдээс нь мессеж ирдэг гээд байж байна. Энэ мессежний талаар бид нар зөндөө уншиж байсан. Төлөвшөөгүй хүүхдийг эх нь мөнгө өг мөнгө өг гэдэг. Г.******* амьдралын боломж муу байна гээд байгаа хэр нь ээ энэ жил сургуулийн юмыг нь бэлдээд өгөхөөр энийг чинь авахгүй ээ. Америк дэлгүүрээс арай үнэтэй юм авна үхээч чи хатаач чи гээд ийм байгаад байхаар О.******* яагаад хүүхдүүд дээрээ очихгүй байгаа юм бэ. Энэ 2 нийлдэг ч бай салдаг ч бай яваа яваандаа энэ хүүхдүүд эргээд хэн алинд нь яаж хандах юм бэ. Жоохон ухаан ороод том болоод ирэхээрээ амьдралын наад захын зүйлсийг ялгах л байх. Гэр бүлийн дотоодын асуудал хэцүү шүү дээ. Энэ хүнийг мөнгөний машин шиг үзсээр байгаад гомдож гонсойсон юм уу тиймэрхүү зүйл ажиглагдаад байгаа. Эмэгтэй хүнтэй холбогдоог асуудал байхад чинь хүн ална гээд айлд очоод эрүүгийн гэмт хэрэгтэн болж болох юм уу. Тэр шүүх хурал дээр нь би ******* өмгөөлөгчтэй хамт очсон юм. Гарч ирэхээр нь харж байсан О.******* хүүхдүүдтэй нь уулзуулахгүй байна лээ шүү дээ. Энэ хүн чинь бүс нутгийн амьжиргааны 50 хувиар тогтоосон тэтгэмж төлөөгүй шүү дээ. Шүүх харин Г.*******ын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлд зааснаар тэтгэмжээ төлөөд явж байгаа. Тэр мөнгийг энэ хүн яаж олох юм бэ. Тарихгүй, ургуулахгүй, дээрэмдэхгүй, ажил хийгээд л олж байна. Хэлээд байгаа шүү дээ улс даяараа барилгын салбар ийм болчихсон. Мөнгөө төлж чадахгүй байна гээд хэлж байна. Хэн аль нь үр хүүхдээ тэгш хүмүүжүүлэх ёстой. Би бол заавал оролцъё гээд 2 дахь удаагаа хуралд орж байна. Тэгэхээр О.*******ын хэлж чадахгүй байгаа зүйлийг өөр өнцгөөс нь тайлбарлах гэж орж ирж байна. Тэрнээс Төмөрсүх ч билүү хэн билээ тэр хүмүүст нь туслах гээд орж ирээд байгаа асуудал биш. Хойд эцэг, дагавар хүүхэд байсан ч гэсэн адилхан эрх үүрэг хүлээнэ. Ямар шалтгаанаар эцгийнх нь эсрэг хүүхдүүдийг чиглүүлээд бүгдийг нь би авна гээд байх юм. Хэн нь үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх эрх нь байгаа. Өнөөдөр шүүх хурал дуусаад хэрвээ гэр бүл салсан тохиолдолд Г.******* хэзээ ч хүүхдүүдийг нь аавтай нь уулзуулахгүй юм байна гэж би ойлгосон. Өнөөдөр О.******* хэн нэгэн хүнтэй холбогдсон байвал яах ёстой юм бэ. Энэ чинь шаал өөр асуудал шүү дээ. Өнөөдөр нэхэмжлэлийн шаардлага гэр бүл цуцлуулах, эд хөрөнгө хуваах тухай шүү дээ. Гэтэл О.******* завхайрч явсан, өөр хүнд мөнгөө зарцуулсан гэдгийг шүүх ч шүүх эрх байхгүй. Эмзэг асуудал шүү дээ маш олон хуулийг зэрэгцэж хэрэглэж байж энэ асуудал шийдэгдэнэ. Тэгтэл өнөөдөр хүүхдийг эцгийнх эсрэг чиглүүлээд байна гэдэг чинь энэ хүн хүүхдүүдийнхээ эрхийг зөрчөөд байгаа байдал зөндөө харагдаж байгаа байхгүй юу. Сайн байна уу ааваа, таны бие сайн уу гэж асууж байгаа юм ердөө байхгүй. Зүгээр л мөнгө мөнгө гээд ганц ярьж байгаа юм нь мөнгө. Танд хайртай шүү дээ хамт амьдаръя л даа ааваа гэсэн юм байхгүй. Миний бодлоор харамсалтай байна. Цаашдаа бас нэг айлын эхнэр, хүүхдийн эх болох хүнийг ингэж хүмүүжүүлж болмооргүй байна.. Гэв.

  4. Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.

  4.1 Зохигчийн гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар (1-хх-ийн 12 хуудас)

4.2 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин А., 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн охин А., 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин А., 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр төрсөн ихэр хүү А., нарын төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар (1-хх-ийн 13-17 хуудас)

4.3 Хүүхдүүдийн эрүүл өсөж бойжиж байгаа болон сургууль цэцэрлэгт суралцдаг тухай тодорхойлолт (1-хх-ийн 18-22 хуудас)

4.4 Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл (1-хх-ийн 23 хуудас)

4.5 Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар (1-хх-ийн 25 хуудас)

4.6 Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа (1-хх-ийн 52-53 хуудас)

4.7 Г.*******ын нэр дээрх Хаан банк ХК-ийн дугаартай дансны хуулга, нэхэмжлэх (1 хх-ийн 185-196 хуудас)

4.8 Ай жи эл ХХК-тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний хуулбар (1-хх-ийн 198-204 хуудас)

4.9 Мэссэж чат, автомашины зураг (1-хх-ийн 221-226 хуудас )

4.10 Фото зураг (2 хх-ийн 60 хуудас)

4.11 Бодит үнэлгээ ХХК-иар тээврийн хэрэгсэл үнэлүүлсэн тухай баримт (3 хх-ийн )

   5. Хариуцагч талаас хариу тайлбар ирүүлсэн байна.

  5.1 Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, депозит дансны хуулга (2 хх-ийн 23-47 хуудас)

5.2 Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар Шийтгэх тогтоолын хуулбар ( 2 хх-ийн 90-93 хуудас)

5.3 Мэссэж чатны хуулбар (2 хх-ийн 96-138 хуудас)

  6. Шүүхийн журмаар зохигчийн хүсэлтээр дараах баримтууд хэрэгт цугларсан байна.

  6.1 Bull capital ББСБ ХХК-ийн албан бичиг, хавсралт зээлийн гэрээний хуулбар, бусад баримтууд  (1-хх-ийн 79-87 хуудас)

6.2 Хэнтий аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 228 дугаартай албан бичгээр ирсэн дүгнэлт (1-хх-ийн 102-118 хуудас)

6.3 Бодит үнэлгээ ХХК-ийн шинжээчийн дүгнэлт (1-хх-ийн 139-146 хуудас)

6.4 Хэнтий аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын шинжээчийн дүгнэлт (хх-ийн 205-224 хуудас)

  6.5 Хүүхдүүдээс авсан санал (2 хх-ийн 80-83 хуудас)

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

  1.Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч О.******* холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваалгах тухай нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч О.******* нь хүүхдийн асрамж тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

  Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

  Нэг. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд

  1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар гэрлэлт цуцлуулах, мөн хуулийн 34 дүгээр зүйлд заасан тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэл нь шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан байх тул нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх нь үндэслэлтэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14.1.-д Гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ гэж заасан.

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч О.******* нар нь шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрэн хэлэлцээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс тэдгээрт эвлэрүүлэх арга хэмжээг авахаар дахин хэргийг шүүх дэх эвлэрүүрэн зуучлагчруу шилжүүлсэн боловч мөн эвлэрэн хэлэлцээгүй болох нь хэрэгт авагдсан Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн , 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэлээр тогтоогдож байх тул шүүх тэдгээрийг эвлэрүүлэх бүхий л арга хэмжээг хэрэгжүүлсний үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

  3.Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч О.******* нар нь 2008 онд гэр бүлийн харилцаатай болж, хамтран амьдарч 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 

Тэднийг хамтран амьдрах хугацаанд буюу 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр охин А., 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр охин А., 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр охин А., 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүү А., нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний болон хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

  4.Нэхэмжлэгч Г.******* гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...О.******* нь 2023 оны сүүлээс эхлэн Төмөрсүх гэх эмэгтэйтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, одоо хүртэл хамтран амьдарч байгаа. Тэр хүүхнээсээ болж өөрөө шүүхэд 2024 оны 01 дүгээр сард гэр бүлээ салгуулахаар шүүхэд нэхэмжлэл өгсөн, одоо тусдаа амьдраад 2 жил болж байгаа, бид шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй тул гэрлэлтээ цуцлуулна.. гэж,

  5. Хариуцагч О.******* нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан.... Би гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна, гэхдээ гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн зүйл байхгүй, ******* ч өөрөө гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн тухай би сонссон, нүдээрээ хараагүй болохоор энэ талаар маргаан үүсгээгүй, бидний хувийн дотно харилцаа байхгүй болсон, цаашид эвлэрэн хэлэлцэх боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна..... хэмээн маргааны байр суурь илэрхийлэхгүй оролцож байна.

  6. Гэрлэгчдийн гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь зан харилцааны таарамжгүй байдал, Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.-т заасан буюу Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүргээ биелүүлээгүйгээс мөн гэрлэгчид хэн аль нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэх шалтгаанаас үүдэлтэй хэрүүл маргааны улмаас 2024 оны 1 дүгээр сараас эхлэн тусдаа амьдраад 2 жил орчим болсон боловч одоог эвлэрэн хэлэлцээгүй байна.

7. Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Гэр бшлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай зөвлөмжид.. Гэрлэгчид эвлэрэх боломжгүй гэдэг нь гэрлэгчид цаашид хамтран амьдрах бодит нөхцөл байхгүй болохыг ойлгоно. Уг ойлголтод согтуурах мансуурах бодис байнга хэрэглэдэг, бэлгийн харилцаа тохирохгүй байх, гэр бүлийн гишүүдийг өөрийн эрхшээлд байлгахаар хүч хэрэглэж, биед халдах, айлгах, сүрдүүлэх, заналхийлэх, мөрдөж мөшгөх, гэр бүлийн гишүүдийн дундын өмчийг дангаар захиран зарцуулах зэргээр сэтгэл санаа, бие махбодь, эдийн засгийн байнгын хүчирхийлэл дарамт үзүүлснээр гэр бүлийн бусад гишүүд, ялангуяа хүүхдэд ноцтой хохирол учруулсан, эсхүл учруулж болзошгүй байхыг хамааруулж ойлгоно хэвээр тайлбарласан ба уг зөвлөмж одоо ч ач холбогдлоо алдаагүй, Г.*******, О.******* нарын хувьд хувийн дотно харилцаа хөндийрсөн, энэ харилцаанд биенээ голох асуудлаас үүдэн шүүх хуралдааны явцад тайлбар гаргасан, тусдаа амьдраад нэг жил гаран болсон зэрэг нөхцөл байдлуудыг шүүн харгалзан үзсэн.

  8.Шүүхийн хэлэлцүүлэгт гэрлэгчдийн хэн аль нь цаашид гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх, авч үлдэх боломжгүй тухайгаа илэрхийлсэн, тусдаа амьдраад 2 жил орчмын хугацаа болоход хэн аль нь хамтын амьдралаа эргэж сэргээх талаар хичээл зүтгэл гаргаагүй тухайгаа илэрхийлсэн Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан гэр бүл цуцлахад хориглох шалтгаан байхгүй тул шүүхээс дахин эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчим, хэргийн нөхцөл байдлыг харгалзан гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.

  9. Шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ, энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2-т эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж зааснаар хэвээр хадгалагддаг.

  Өөрөөр хэлбэл зохигчийн хэн аль нь үр хүүхдийнхээ өмнө хэрэгжүүлэх хуульд заасан эрх үүрэг хэвээр үргэлжлэхийг тайлбарлах нь зүйтэй.

    Хоёр. Хүүхдийн асрамж тогтоолгох үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд

  10.Нэхэмжлэгч Г.******* нь хүүхдүүдээ өөрөө асран хамгаалах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч О.******* үүнийг зөвшөөрөхгүй, охин А., хүү А. нарыг өөрийнхөө асрамжид авах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, талууд хүүхдийн асрамжийн асуудлаар маргааны байр суурь илэрхийлж оролцлоо.

11. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ 7 ба түүнээс дээш насны хүүхдийн саналыг харгалзан үздэг.

Шүүхээс охин 2 дугаар хавтаст хэргийн 80-83 дугаар хуудаст охин А., А. нарын саналыг хуульд заасны дагуу асуухад .. хоёулаа ээжтэйгээ цуг амьдрах тухайгаа илэрхийлсэн байна.

  12.Шүүхээс хүүхдийн асрамжийг асуудлыг шийдвэрлэхдээ хүүхэд эцэг эхийнхээ хэнд нь илүү ээнэгшин дассан байдал, хүүхдийн хүмүүжилд эерэгээр нөлөөлөх, чадвар, ёс суртахууны болон хувийн зан чанар, боловсролын түвшин, ажил эрхлэлт, хүүхэдтэй харилцаа холбоотой байдал, цалин хангамж, хүүхдийн боловсрол хүмүүжилд анхаарч буй байдал хүүхдийн ёс суртахууны болон биеийн хөгжилд цаг зав гаргах боломж зэрэг бүхий л байдлыг хангалзан үзэж хэргийг хянан шийдвэрлэдэг.

13.Энэ нь Хүүхдийн эрхийн конвенцийн 3 дугаар зүйлийн 1-д Хүүхдийн талаар аливаа ажил явуулахдаа ...шүүх ...нэн тэргүүнд хүүхдийн эрх ашгийг дээд зэргээр хангахад анхаарал хандуулна, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т Төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах гэж тус тус заасан зарчимд нийцнэ.

  14. Зохигч 2024 оны 01 дүгээр сараас тусдаа амьдарснаас хойш хүүхдүүд эх Г.*******тай амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

  15.Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр Хэнтий аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг шинжээчээр томилоход шинжээчийн дүгнэлтэд (1 хх-ийн 102-118 хуудас)

  -Эцэг, эхийн ёс зүй, төлөвшил хэсэгт (1 хх-ийн 113 хуудас)

  Нэхэмжлэгч Г.*******ын хувийн байдлыг Цагдаагийн газрын мэдээллийн сангаас шүүхэд урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, зөрчлийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь тогтоогдсон, ирээдүйдээ итгэлтэй, хүүхдүүдээ сайн өсгөж хүмүүжүүлж явна, сурч боловсрох сайхан амьдруулна гэсэн итгэлтэй байна.

Хариуцагч О.*******ын хувийн байдлыг Цагдаагийн газрын мэдээллийн сангаас шүүхэд урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, зөрчлийн хариуцлага хүлээж байгаагүй нь тогтоогдсон, *******ын хувьд ирээдүйд итгэлтэй байгаа ч хүүхдүүдийнхээ ирээдүйг хэрхэн яах талаар төвлөвлөсөн зүйл ажиглагдсангүй гэж дүгнэсэн байна.

Хариуцагч тал шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй байр суурьтай шүүхийн хэлэлцүүлэгт оролцож хэрэгт авагдсан 2 дугаар хавтаст хэргийн 90-93 дугаар хуудаст авагдсан Хэнтий аймаг дахь сум дуны эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар шийтгэх тогтоолыг баримтаар гарган, шинжээч нь ял шийтгэлтэй хүнийг ял шийтгэлгүй мэтээр бичсэн нь үндэслэлгүй хэмээн тайлбар гаргах ба шүүхээс уг шинжээчийн дүгнэлт 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 228 дугаар албан бичгээр ирснээс үзвэл шинжээчийн дүгнэлт гарснаас хойш 3 сарын дараа нэхэмжлэгч Г.******* нь ял шийтгэгдсэн байх тул шинжээчийн дүгнэлтийг шууд үгүйсгэх боломжгүй юм.

  -Шинжээчийн ерөнхий дүгнэлтэд

  Нэхэмжлэгч Г.******* нь хүүхэдтэй ээнэгшин дассан, харилцааны ойр дотно байдалтай, анхаарал халамж сайн тавьдаг, хүүхдүүдийн бие даасан байдлыг нь дэмждэг, хүүхдийн хөгжил боловсролд анхаарал хандуулдаг давуу талтай,

  Хариуцагч О.******* нь эдийн засгийн хувьд боломжтой, амьдрах орчин нөхцөл хэвийн боловч хүүхдүүдтэй ээнэгшин дассан, ойр дотно харилцаа, тэдэнд анхаарал халамж үзүүлж байгаа нөхцөл байдал муу байна.

  Шинжээчийн баг үзэж байгаагаар .. охин А., А., А., хүү А., нарыг нэхэмжлэгч Г.******* нь асран хүмүүжүүлэх бүрэн боломжтой болохыг дэмжин уламжилж байна гэжээ. (1 хх-ийн 114 тал)

  16.Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, хүүхдийн санал, зохигчийн шүүх хуралдаанд гаргаж буй тайлбар, мэдүүлэг, ажил хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдал зэргийг харгалзан хүүхдүүд төрсөн цагаасаа эхлэн ээжтэйгээ ээнэгшин дассан, хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээхэд тэдгээрийн сурлага хүмүүжилд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал болон эх Г.*******ын хувьд зан суртахууны харшлах шалтгаан тогтоогдохгүй, өсвөр насны 3 хүүхдийн насны онцлог, бага насны 2 хүүхдийн насны байдал зэргийг бүхий л талаас нь харгалзан үзэж, хүүхдүүдийг салгаж өсгөн асран хамгаалах нь зохимжгүй, хүүхдүүд нэг ам бүлд өсөх нь хүүхдүүдийн эрх эерэг нөлөөтэй хэмээн үзэж хүү охин А., А., А., хүү А.,  нарыг эх Г.*******ын асрамжид үлдээхээр шийдвэрлэв.

Хэдийгээр нэхэмжлэгч Г.******* нь шүүхээр ял шийтгэгдэж байсан хэдий ч хэрэгт авагдсан шийтгэх тогтоолоос үзвэл өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байх ба энэ нь хүүхдүүдээ асран хамгаалах эрхэд, асран хамгаалах чадварт шууд сөргөөр нөлөөлөх, хүүхдүүдээ асран хамгаалах боломжгүй гэж шууд үзэх үндэслэл биш гэж дүгнэлээ.

  Хэнтий аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын шинжээчийн дүгнэлт бусад баримтад үндэслэн хүүхдүүдийг эхийнх нь асрамжид үлдээж байгаа тул охин А., хүү А. нарыг өөрийн асрамжид авах тухай хариуцагч О.*******ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 17.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдүүдийг эх Г.*******ын асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч О.*******ын хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүрэгтэй ба энэ үүргээ хэрэгжүүлэхэд хэн аль нь саад учруулахыг хориглодог болохыг тайлбарлах нь зүйтэй.

Тодруулбал хүүхдүүдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй бол эцэг нь хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзаж байх, уулзуулж байх үүргийг талууд тэгш эдлэх ба хүүхдүүдтэй уулзахдаа хүүхдэд аюулгүй орчин нөхцөлд уулзаж байх нь зүйтэй.

  18.Цаашид нэхэмжлэгч Г.******* нь хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж, хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчихгүй асарч хамгаалах үүрэгтэйхүүхдийн эрх ашиг зөрчигдвөл тэдгээрийн асрамжийг өөрчлүүлэхээр хариуцагч О.******* нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй.

   Гурав. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд

  19.Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй юм.

  Нэхэмжлэгч зохигч тусдаа амьдарсан, гэр бүлийн харилцаа хөндийрсөн хэдий ч хариуцагч хуульд заасны дагуу үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр хүүхдийг эцгээр нь тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

  Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5-д зааснаар эцэг эх үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргийн хүрээнд охин А., А., Ө., хүү А., нар нарыг эцэг О.*******аар сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

  Хүүхдийн тэтгэлэгийг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр буюу 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

  Дөрөв. Эд хөрөнгө хуваалгах нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

20Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч О.*******аас гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хэмээн үзэж, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, дүгээр байрны од байрлах, 63,89 мкв 2 өрөө орон сууцыг өөрийнхөө болон хүүхдүүдийнхээ өмчлөлд үлдээх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч тал уг шаардлагын үндэслэлээ .. уг байрыг бид хамтын хөдөлмөрийн үр дүнд авсан, тухайн үед ямар нэгэн бодолгүй *******ын нэр дээр авч байсан юмаа, иймд уг хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө..хэмээн маргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.******* шүүхэд тайлбар гаргахдаа .. байр банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа, уг зээлийн өрийг ******* цуг хариуцах ёстой хэмээн маргасан.

Зохигчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь хариуцагч О.*******ын нэр дээр түүний өмчлөлд бүртгэлтэй, одоогоор финанс корпораци ББСБ ХХК-иас О.*******ын авсан зээлийн барьцаанд байгаа болох нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл тухайн эд хөрөнгө нь барьцаанд бүртгэлтэй, финанс корпораци ББСБ ХХК-ийн барьцаалбартай (1 хх-ийн 52 дугаар хуудас) болох нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар нотлогдоно.

21.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж заасан, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө хуульд заасны дагуу барьцаалагдсан, финанс корпораци ББСБ ХХК болон хариуцагч О.******* нарын хооронд зээлийн болон барьцааны гэрээний тусдаа харилцаа үүссэн, энэ нь гэр бүлийн маргаанаас тусдаа харилцаа байх тул шүүхээс барьцаалагдсан эд хөрөнгийн эрхээр хангагдсан барьцаалагчийн эрхэд халдаж үл хөдлөх эд хөрөнгийг хуваах боломжгүй юм.

22.Харин нэхэмжлэгч талаас дээрх үл хөдлөх хөрөнгө орон сууцыг Бодит үнэлгээ ХХК-иар үнэлүүлэхэд зах зээлийн үнэлгээ нь 186,600,000 төгрөгөөр үнэлэгдсэн (1 хх-ийн 139-146 хуудас), уг хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавьсан, бидний 2010 оноос хойш хөдөлмөрийн үр шимээр бий болсон хөрөнгө хэмээн эд хөрөнгө хуваалгах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлах бөгөөд хариуцагч О.*******ын нэр дээр нэг хүний өмч хэдий ч өөрийн хөрөнгөөр бий болгосон, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэх баримт гаргаж өгөөгүй болно.

23.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2-т Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид дараахь хөрөнгө хамаарна гэж, мөн хуулийн 126.2.1-т гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгийг дундын өмчид тооцохоо, мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т Гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна,

Хуулийн 130 дугаар зүйлийн 130.3.-т Маргаан гарсан тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоох бөгөөд энэ нөхцөлд гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг тодорхойлж аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг бусдад нь олгож болно хэмээн заасан.

24.Хэрэгт цугларсан баримт, зохигчийн тайлбараас үзвэл дээрх Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, дүгээр байрны хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

25.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд орон сууц О.*******ын нэр дээр байдаг хэдий ч тухайн орон сууц нь зохигчийг гэр бүл болсноос хойш бий болсон эд хөрөнгө болох нь тэдгээрийн тайлбар, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдох ба хариуцагч тал тухайн эд хөрөнгийг хуваарьт хөрөнгө гэдгийг баримтаар нотлоогүй тул шүүхээс гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэж, тухайн эд хөрөнгийн үнэлгээгээр мөнгөн хэлбэрээр тооцож, хариуцагчаас эд хөрөнгийн үнийг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэв.

26.Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь финанс корпораци ББСБ ХХК-ийн барьцаанд бүртгэлтэй, барьцааны эрх хуулиар хамгаалагдах тул шүүхээс хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлсэн Бодит үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээнд үндэслэн 186,600,000 төгрөгийг (186,600,000:7=26,657,142 төгрөг нэг хүнд ногдох) гэр бүлийн гишүүдийн тоогоор 7 хувааж түүний 5 хүүхэд болон эхнэрт нийт 6 хүнд ногдох 159,942,852 төгрөгийг хариуцагч О.*******аас гаргуулж, нэхэмжлэгч Г.*******, охин А., А., А., хүү А., нарт олгох нь зүйтэй.

27. Нэхэмжлэгч Г.******* нь анх шүүхэд 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн дундын өмч хуваарилуулах, хүүхдийн сургалтын төлбөр хариуцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлдээ үл хөдлөх эд хөрөнгө байрыг хуваалгана гэж тайлбарласан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж (1 хх-ийн 181-183 тал) 43,430,000 төгрөг гаргуулах,( хүүхдийн сургалтын төлбөр, эмчилгээний зардал, ******* надаас зээлсэн 32,570,000 төгрөг) тухай, мөн сургалт дамжааны төлбөр, бусад зардал (1 хх-ийн 209-210 хуудас) гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

28.Гэвч шүүхийн хэлэлцүүлэгт Г.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа 32,570,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа охин А., А. нарын 2023 онд Green field академид суралцсан төлбөр 1,980,000 төгрөг, 2024 онд Green field академид суралцсан төлбөр нэг хүүхдийн 2,500,000 төгрөг нийт 5,000,000 төгрөг, охин А.гийн Хязгааргүй сэтгэлгээ математикийн сургалтын төлбөр 1,080,000 төгрөг, А.гийн шүдний гажиг заслын эмчилгээний зардал 1,800,000 төгрөг нийт 9,860,000 төгрөг гаргуулна, бусад нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзана хэмээн тодруулсан.

Шүүхээс нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь 1 дүгээр хавтаст хэргийн 185-192 дугаар хуудаст авагдсан дансны зарлагын гүйлгээгээр хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төлсөн гэж дүгнэх боломжгүй, 195-196 дугаар хуудаст авагдсан нэхэмжлэх гэх баримтаар охин А., А. нарын сургалтын төлбөр төлсөн гэх утга агуулгатай баримт биш, эдгээр баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул уг 9,860,000 төгрөг гаргуулах тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

29.Хариуцагч О.*******ын тухайд 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд гэрлэлт цуцлуулж хүүхдийн асрамж тогтоолгох, дундын өмчлөлийн эд хөрөнгө хуваалгах шаардлага гаргасан (1 хавтаст хэргийн 63-66 хуудас) боловч тус шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай захирамж (1 хх-ийн 88-92 хуудас)-аар сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан ба түүнээс хойш эд хөрөнгийн асуудлаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага дахин гаргаагүй, мөн 1 хавтас хэргийн 152 хуудаст гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан тул энэ хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

30.Мөн нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд 46-76 УАА улсын дугаартай тоёото приус-41 маркийн тээврийн хэрэгслийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэж, хуваалгана, мөн хариуцагч О.******* нь улсын дугаартай тоёото кроун маркийн автомашиныг хуваалгана хэмээн тайлбарлах боловч хэн аль нв шүүхэд энэ тухай тусдаа нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, учир шүүхээс уг эд хөрөнгөтэй холбоотой шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, дахин энэ шаардлагыг гаргахад уг шийдвэр саад болохгүйг дурдвал зохино.

Уг хэрэгт шүүгчийн захирамжаар Хэнтий аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгаалалын газрыг шинжээчээр томилсон ба шинжээчийн зардлыг зохигчоор хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 340,400 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.*******аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* овогт *******ийн *******, ******* овогт *******н ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

  2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин А., 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн охин А., 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин А., 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү А., нарыг нарыг эх Г.*******ын асрамжид үлдээж, хариуцагч О.*******ын охин А., хүү А. нарыг өөрийн асрамжид авах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

   3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин А.г 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, охин А., А., хүү А., нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 1-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг О.*******аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

  4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

  5.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох үнэлгээгээр тогтоогдсон орон сууцны үнэ 159,942,852 төгрөгийг хариуцагч Г.*******аас гаргуулж, нэхэмжлэгч Г.*******, охин А., А., А., хүү А., нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 9,080,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

  6.Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.6-д зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөж, хүмүүжүүлэх сэтгэхүйн хувьд зан төлвийг төлөвшүүлэх тэжээн тэтгэх хүүхдээ үндэсний соёл заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх суурь боловсрол эзэмшүүлэх хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг зохигчдын хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарлаж, хүүхдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хуулиар хүлээсэн үүрэгт саад учруулахгүй байхыг зохигчид тайлбарласугай.

7. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй болохыг дурдсугай.

  8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 340,400 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгосугай.

  9.Шинжээчийн зардлыг зохигчоос хувь тэнцүүлэн гаргуулсугай.

10. Зохигч гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн асуудлаар дахин нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдсугай.

  11.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.сүрэнд даалгасугай.

    12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

                                       

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.УРАНЗАЯА