| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2018/0402/Э |
| Дугаар | 419 |
| Огноо | 2018-09-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Жаргалсайхан |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 419
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,
улсын яллагч Т.Жаргалсайхан,
шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт ЦО-т холбогдох эрүүгийн 1810017020503 дугаартай, 187/2018/0402/Э индекстэй хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Ц.О
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.О нь 2018 оны 7 дугаар сарын 07-ны шөнө 04 цагийн үед Хан-Уул дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...... хотхоны ..... байрны зүүн талд хохирогч Б.А-н нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ц.О нь 2018 оны 7 дугаар сарын 07-ны шөнө 04 цагийн үед Хан-Уул дүүргийн..... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ....... хотхоны ..... байрны зүүн талд хохирогч Б.А-тай найз С.Ц-г согтуу унтаж байхад нь хүзүү рүү нь цохилоо гэх зүйлээс болж маргалдан түүний нүүр тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Ц.О-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...Би өөрөө хөмсгөө өөр залууд цохиулсан уурандаа гадаа хохирогчтой маргалдаад цохьсон. Би тэр үед эрүүл байсан. Хохирогч нилээн согтолттой байсан ба манай найзын шилэн хүзүү рүү 3-4 удаа нилээн чанга цохьсон. Тэгээд би “яаж байгаа юм бэ” гээд барилцаж авсан ба тавиулах гээд цохьсон. Тухайн үед болчимгүй үйлдэл хийсэн...Миний түрэмгий зангаас болж ийм зүйл болсон...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Б.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 7 дугаар сарын 06-ны орой 22 цагийн үед хамт ажилладаг Ж.Г, н.М бид нар Ч.С-н Хан-Уул дүүргийн .... дугаар хороо, ..... хотхоны ....байрны .... тоот дахь гэрт нь очиж хөл бөмбөг үзсэн. Бид нар хөл бөмбөг үзэнгээ 750 граммын савлагаатай архи 2 шил, 500 граммын савлагаатай Сэнгүр нэртэй пиво 2 шилийг хувааж уусан. Шөнө 02 цагийн үед хамт ажилладаг Х.Д, С.Ц нар ирсэн ба тэд нэг шил архитай ирэх шиг болсон. Би тэдний авч ирсэн архинаас уугаагүй, унтчихсан. Би шөнө 04 цагийн үед түр тар хийсэн чимээ гараад хүмүүс маргалдаад байх шиг болохоор нь сэртэл манай станцын Дулааны хэмжих хянах хэрэгслийн автоматикийн цехийн ажилтан Ц.О ирчихсэн сууж байсан. Ж.Г нь Ц.О-тай маргалдаад Ц.О-н...хөмсөгийг сэт цохиод цус гаргачихсан байсан...Ингээд...гадаа гартал...Ж.Г, Ц.О хоёр дахин маргалдаад Ц.О нь Ж.Г-г газар унагачихсан толгой руу нь хөлөөрөө дэвсэж байсан. Тэр үед Ж.Г-г Х.Д, н.М хоёр Ц.О-с салгаад холдуулаад аваад явсан. Харин би Ц.О-г тайвшруулаад Х.Д-н машин руу авч очсон. Тэгээд унтаж байсан С.Ц-г сэрээх гээд мөрөн дээр нь 2-3 удаа алгадаад “хөөе сэрээч ээ найзыгаа аваад яв” гэж хэлтэл Ц.О “чи манай найзыг яаж байгаа юм бэ” гээд гэнэтхэн уурлаад миний баруун нүд орчимд гараараа нэг удаа хүчтэй цохьтол нүд овойж хавдсан...Тухайн үед миний баруун нүд хавдаж, хөхрөөд нүдний алиманд цус хурсан...баруун нүдний ухархайн доод дотор хана цөмөрсөн хугаралтай гэсэн онош тавигдсан...нийт 2.039.000 төгрөгийг...Ц.О-с нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6/
3. Гэрч Х.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр найз н.Г, Ц.О, С.Ц нарын хамтаар С.Ц-н төрсөн өдрийг...тэмдэглэсэн...Шөнө 02 цагийн үед урьд нь хамт ажиллаж байсан инженер н.М нь С.Ц бид хоёр руу ярьж дуудсан. н.М инженер “.....” хотхонд Ч.С-д байна хүрээд ир гэж хэлсэн. С.Ц нь тухайн үед согтуу байсан болохоор гэр болон машиныхаа түлхүүрийг Ц.О-т үлдээгээд явсан. С.Ц бид хоёр замаасаа 750 граммын савлагаатай Соёрхол нэртэй архи 2 шилийг аваад...Ч.С-н гэрт очсон...Тэнд н.М болон манай цехийн ажилтан Ж.Г, Б.А, Ч.С нар байсан...Би С.Ц-г Ч.С-н гэрт оруулж өгчихөөд н.Г, Ц.О нарыг авахаар явсан. Ингээд н.Г-г гэрт нь хүргэж өгөөд С.Ц-г авахаар Ц.О-н хамт Ч.С-н гэрт орсон...Ж.Г гэнэтхэн л Ц.Одгаравын зүүн хөмсөг орчимд гараараа нэг удаа цохиод сэтэлчихсэн...Би С.Ц, Ц.О хоёрыг аваад түрүүлээд гарсан...Ц.О нь Ж.Г-г цохиж байгаа харагдсан. Би гүйж очоод Ж.Г-г тэвэрч авч салгаад Ж.Г, н.М нарыг Ч.С-д хүлээлгэн өгчихөөд буцаад гараад иртэл орцны нэгдүгээр давхарт лифтний хажууд Б.А баруун нүдээ гараараа дарчихсан сууж байсан. Түүнээс юу болсон тухай асуутал тэрээр С.Ц-г машинд унтаж байхаар нь сэрээх гэтэл Ц.О чи миний найзыг цохьдог хэн бэ гэснээ миний нүд рүү цохьчихлоо гэж хэлсэн. Тухайн үед Б.А-н баруун нүд нь хөхөрсөн харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13/
4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№8794/-ний дүгнэлт:
-Б.А-н биед баруун ухархайн доод болон дотор хананд хугарал, баруун зовхи, алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 17/
5. Шүүгдэгч Ц.О-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2018 оны 7 дугаар сарын 07-ны шөнө 04 цагийн үед С.Ц-н байгаа гэх Хан-Уул дүүргийн .... дугаар хороо, ..... хотхоны .... байрны .... дугаар давхрын .... тоот дахь Ч.С-н гэрт Х.Д-н хамт очсон. Тухайн үед Ч.С-н гэрт н.М, Ж.Г, Б.А нар байсан...Би тэдэнтэй танилцаад...Тэгтэл Ж.Г миний зүүн гар талд суугаад хоол идэж байснаа гэнэтхэн босоод ирэхээр нь би түүний миний урдуур гарах нь гэж бодоод зай тавьж өгтөл тэрээр явахгүй урд зогсоод байхаар нь дээшээ хартал Ж.Г гараа атгаж байгаад миний зүүн хөмсөг орчим нэг удаа цохиод хөмсөг сэтэлсэн...Ингээд би айлд хүмүүстэй хэрэлдэж маргалдаад яахав гэж бодоод хэрүүл маргаан хийгээгүй...С.Ц, Х.Д бид гурав харихаар гартал хойноос Б.А, н.М, Ж.Г...нар гарч ирсэн. С.Ц тухайн үед их согтсон байсан болохоор Х.Д С.Ц-г машин руугаа аваад явсан Орцны үүдэнд н.М, Ж.Г нартай тамхи татаад Б.А биднийг хараад зогсож байсан...Би Ж.Г-т “ах яагаад намайг цохиж байгаа юм бэ” гэтэл тэрээр “чи сүртэй шдээ, ахынхаа ганц цохилтыг даахгүй” гэхээр нь түүнтэй маргалдаж байгаад Ж.Г бид хоёр бие биенээ заамдсан. Би Ж.Г-н зүүн гуя руу нь өшиглөтөл хойноос Б.А намайг тэвэрч аваад биднийг салгасан...бид хоёр хамтдаа Х.Д-н машин руу явсан. Б.А машинд унтаж байсан С.Ц-г шилэн хүзүү рүү нь 3 хүчтэй алгадаад “хөөш чи найзыгаа аваад яваач” гэж хэлэхээр нь түүнд “хөөе чи боль, наад хүн чинь чиний гарын аяыг яаж даах вэ, согтуу байна” гэж хэлээд Б.А-н цээж рүү нь нэг гараараа түлхтэл тэрээр намайг заамдсан. Би ч гэсэн мөн Б.А-г зүүн гараараа заамдаад...Б.А миний зүүн шанаа орчимд нэг удаа хальт цохихоор нь би зөрүүлээд баруун гараараа Б.А-н зүүн шанаа орчимд нэг удаа цохьсон Б.А надаас салаад орц руу явж байхад цаанаас нь Х.Д орцноос гарч ирж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.О нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№8794/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Ц.О нь 2018 оны 7 дугаар сарын 07-ны шөнө 04 цагийн үед Хан-Уул дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ..... хотхоны .... байрны зүүн талд хохирогч Б.А-тай найз С.Ц-г согтуу унтаж байхад нь хүзүү рүү нь цохилоо гэх зүйлээс болж маргалдан түүний нүүр тус газарт нь гараараа цохиж биед нь баруун ухархайн доод болон дотор хананд хугарал, баруун зовхи, алимны салстад цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ц.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.О-н гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг /450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох/ хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн /хх-ийн 46, 47/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад шүүгдэгч Ц.О-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ц.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Ц.О-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.О-т оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Ц.О-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Ц.О-т сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР