| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Энхтөр |
| Хэргийн индекс | 2512001230090 |
| Дугаар | 2026/ДШМ/07 |
| Огноо | 2026-02-06 |
| Зүйл хэсэг | 24.6.2.2., |
| Улсын яллагч | Т.Алтанзул |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2026/ДШМ/07
211/ЕШ2026/00019
Шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг
томилсон шийдвэрийг албажуулах тухай
А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг би А аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй Д.Бямбацэрэнд холбогдох 2.304.821 төгрөг гаргуулах тухай, А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 301/ШШ2026/00135 дугаар шийдвэрийг хариуцагчийн өмгөөлөгч Г.Энхбаяр эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлоор хэргийг 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
А аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй Д.Бямбацэрэнд холбогдох 2.304.821 төгрөг гаргуулах тухай, А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 301/ШШ2026/00135 дугаар иргэний хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэх шүүх хуралдаан даргалагч, бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах нь зүйтэй байна.
А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг би Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 78 дугаар зүйлийн 78.1, тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2026/ШЗТ/01 дугаартай тогтоолыг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. А аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй Д.Бямбацэрэнд холбогдох 2.304.821 төгрөг гаргуулах тухай, А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 301/ШШ2026/00135 дугаар шийдвэртэй иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Ч.Энхтөр, бүрэлдэхүүнд ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Д.Байгалмаа нарыг томилсон шийдвэрийг албажуулсугай.
2. Шүүх хуралдаанд хэргийг шүүгч Ч.Энхтөр илтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ В.ЦЭЦЭНБИЛЭГ
2026/ДШМ/07
Прокурор: Т.Алтанзул
Шүүгдэгч: Б.Б, Ч.Я,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.У,
Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/235 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч нарын давж заалдах гомдлоор,шүүгдэгч Б.Б, Ч.Я нарт холбогдох 2512001230090 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1900 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр А аймгийн И суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 0, эхнэр 0 хүүхдийн хамт А аймгийн Э сумын Алаг уул багийн Шовон гэх газарт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, М овогт Бийн Б /РД:000000000000000/
Шүүгдэгч Ч.Я нь бүлэглэн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр А аймгийн Э сумын Абагийн Бөвөр гэх газраас хууль бусаар 5 ширхэг, 2,243 метр куб шинэс төрлийн босоо модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, мөн газраас Б.Бы хамт Hyundai Mighty маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж, тээвэрлэн ойн санд 246,224 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Б нь бүлэглэн 2025 оны 02 дугаар сарын 14ний өдөр А аймгийн Э сумын Абагийн Бөвөр гэх газраас хууль бусаар 5 ширхэг, 3,3037 метр куб шинэс төрлийн босоо модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, мөн газраас Ч.Ягийн хамт Mitsubishi canter маркийн 00-00улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж, тээвэрлэн ойн санд 362,614 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
А аймгийн Прокурорын газраас Б.Б, Ч.Я нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хэргийг А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Чийн Я, Шүүгдэгч М овогт Бийн Б нарыг хууль бусаар зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ч.Я, Б.Б нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ч.Я, Б.Б нарт гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Я, Б.Б нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулахыг тайлбарлаж, Шүүгдэгч Ч.Я, Б.Б нарт тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 4971, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Я, Б.Б нараас байгаль орчинд учруулсан хохиролд 1,826,514 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Ч.Ягээс 913,257 /есөн зуун арван гурван мянга хоёр зуун тавин долоо/ төгрөг төгрөг, шүүгдэгч Б.Баас 913,257 /есөн зуун арван гурван мянга хоёр зуун тавин долоо/ төгрөгийг тус тус гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц А аймгийн Прокурорын газрын 2025 оны 02 дүгээр сарын 25-ны өдрийн 47 дугаартай, 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 81 дугаартай эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын тогтоолууд, 2025 оны 04 дүгээр сарын 08- ны өдрийн 24 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Ягийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 18,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 00-00 улсын дугаартай Хюндай майти маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч Ч.Ягээс хураан авч, шүүгдэгч Б.Бы гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 00-00улсын дугаартай Мицибуши кантер маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 3,675,000 төгрөгийг шүүгдэгч Б.Баас гаргуулж, хэрэгт битүүмжлэгдсэн шинэс төрлийн 5,5470 мкуб шоо метр мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 100,000 төгрөгийн үнэ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн таг нь цэнхэр өнгөтэй, тагны арын цагаан өнгийн дөрвөлжин төмрийн дээд хэсэг хар өнгийн төмөр дээр “Жи эс эн” гэсэн бичигтэй хуучин цахилгаан хөрөө, 100,000 төгрөгийн үнэ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн шар өнгийн цахилгаан хөрөө зэргийг тус тус улсын орлогод оруулж, Байгаль орчин, уур амьсгалын санд шүүгдэгч Ч.Ягээс гаргуулах 913,257 төгрөг, шүүгдэгч Б.Баас гаргуулах 913,257 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхэд зарцуулж, хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлж, Шүүгдэгч Ч.Я, Б.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч нар, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч /иргэний нэхэмжлэлтэй холбоотой/ нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Я, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ч.Я давж заалдах гомдол тайлбартаа: Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Ч.Я нь Б.Бтай бүлэглэж 2025.02.14-ний өдөр А аймгийн Э сумын Абагийн Бөвөр гэх газраас хууль бусаар 5 ширхэг 2,243м3 шинэс төрлийн босоо модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж Б.Бы хамт ачиж тээвэрлэн ойн санд 246,224 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон гэж дүгнэсэн. Гэтэл хэргийн материалд Б.Б бид хоёр ямар нэгэн гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж бүлэглэн гүйцэтгэсэн болон гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг оролцоог нарийвчлан тогтоосон 1 ширхэг ч нотлох баримт байдаггүй бөгөөд бүлэглэсэн байхаар хүндрүүлэн зүйлчлэхээр нөхцөл байдал тогтоогддоггүй. Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 246,224 төгрөгийн хохирол учирсан гэж шинжээч дүгнэсэн. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4.1-д Ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж зааснаар 246,224x3=913,257 төгрөгийн хохирол тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5.1; 2.5.5 дахь заалттай зөрчилдсөн шийдвэр болжээ. Гэрч Б.Бн 2025.02.21-ний өдрийн Ч.Я нь надаас өмнө нь мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй гэх мэдүүлэг (х/х-24,25) хэрэгт авагджээ. Гэтэл миний бие 2024.09.18-ны өдөр гэрч Б.Бэс 2024.09.18-21-ний өдрүүдэд Мод бэлтгэх эрхийн бичгийг (Дугаар 24051241) авч байсан бөгөөд тэр ч байтугай тухайн эрхийн бичигт заасан өдрүүдэд хөдөө байсан даралт харвасан, шингэн алдсан аавыгаа эмчлүүлэхээр сум дундын эмнэлэгт хэвтүүлж, асарсан учир модоо бэлдэж чадаагүй тул зөвшөөрлийн бичгийг сунгаж өгөөч гэхэд за та хөдөө бие муутай аавыгаа асардаг юм чинь тэр бичгээрээ хэрэглээний модоо бэлдчихгүй юу даа гэж хэлэхээр нь 02.14-нд модонд явтал намайг барьж гэмт хэрэгтэн болгосон. Гэрч Б.Б ямар учраас худал мэдүүлэг өгөөд байгааг шалган тогтоолгомоор байна, гомдолтой байна. Өмгөөлөгчтэй хуралд оролцсон боловч өмгөөлөгчгүйгээр хуралд оролцсон гэж шийтгэх тогтоол алдаатай гаргасанд гомдолтой байна. Яллах дүгнэлтийн III хуудсанд: Ч.Я нь 2025.02.13-ны өдөр Б.Б руу залгаж түлээний модгүй болчихлоо, чи хамт модонд явах уу? гэхээр нь Б.Б нь галын түлээний модгүй болж байсан тул зөвшөөрч модонд явах талаар харилцан тохиролцсон байна гэжээ. Тиймээ дөн өвлийн хүйтэнд 82 настай, даралт харвасан аавыгаа хөлдөөж алахгүйн тулд гал алдах гээд байсан болохоор Монгол Улсын Үндсэн хуульд заасан амьд явах эрхээ эдлэхийн тулд жам ёсны хэрэгцээгээ хангахаар ойг цэвэрлэхээр зөвхөн өөрийн хэрэгцээнд ахуйн зориулалтаар модыг сумын засаг захиргааны нэгжээс зөвшөөрөл өгөөч, сунгаад өгөөч гэж удаа дараа гуйхад зөвшөөрөл өгөхгүй байгаа гэсэн хариултыг өгөөд байсан болохоор аргагүйн эрхэнд хэрэгцээний модоо бэлдсэн нь үнэн. А аймгийн Э сумын засаг дарга Б.Э нь тус суманд 2025.01.01-ээс 2025.05.28-ны өдрийг хүртэлх хугацаанд тус сумаас А аймгийн Байгаль орчны газарт мод бэлтгэх зөвшөөрлийн бичиг авах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч загвар шинэчлэгдэж, тендер зарлагдсан гэх шалтгаанаар уг эрхийн бичиг олгогдоогүй нь үнэн болно, гэх тодорхойлолтыг иргэдэд бичгээр мэдэгдсэнийг хэрэгт хавсаргаж байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү! Манай сумын маш олон иргэд дүн өвлийн хүйтэнд засаг захиргааны нэгжээс доорх шалтгаанаар зөвшөөрөл санаатай юмуу, санамсаргүй юмуу байдлаар өгөхгүй байсан нөхцөлд хэрэглээний мод уулнаас бэлдэж авсныхаа төлөө өөрсдийн амьжиргаанд хэрэглэдэг портер, бонго, маяти, 69 гэх мэт машинуудаа улсын орлого болгуулж төр засагт асар их гомдолтой, бухимдалтай суугааг эрхэм шүүгчид анхаарч үзнэ үү! Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5.1-д: Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна гэжээ. Гэтэл миний Хюндай майти маркийн машин нь гэмт хэргийн улмаас үйлдэж олсон хөрөнгө биш бөгөөд хураан авсан хөрөнгийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулна гэж хуульчилсан байх тул машиныг минь миний өмчлөлд үлдээж өгөхийг хичээнгүйлэн хүсье.
Миний машиныг хурааж улсын орлого болгох нь миний амьдралд үнэхээр хүнд тусаад байна. Миний 40-50 жилийн хөдөлмөр үгүй болох гээд байна. Б.Б гэдэг хүн та боломжтой үедээ та авчих гэж хэлсэн. Би сар гаруй гэртээ байсан. Цас 50 см зузаантай орсон. 10 сарын 17-н гэхэд цас орсон байсан. Тэгээд түлээ авах ямар ч боломжгүй, тэр хавийн пүнз, шон зэрэг боломжит юмаа түлээд, эгчтэй утсаар яриад та очоод гоожин байвал аваад өгөөч гэсэн, тендер зарласан болохоор ямар ч боломжгүй гэсэн байсан. Тэгээд өөрөө модонд явсан. Байцаагч гоожин аваагүй гэж мэдүүлээд байгаад гомдолтой байгаа гэв.
Иймд миний үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3-т заасан Гарцаагүй байдалд хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү! гэжээ
Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол, тайлбартаа: Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: Б.Б нь Ч.Ятэй бүлэглэж 2025.02.14-ний өдөр А аймгийн Э сумын Абагийн Бөвөр гэх газраас хууль бусаар 5 ширхэг 3,3037м3 шинэс төрлийн босоо модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж Ч.Ягийн хамт Мицибуши кантер маркийн 00-00улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж тээвэрлэн ойн санд 362,214 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэжээ. Гэтэл хэргийн материалд Ч.Ятэй би ямар нэгэн гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж бүлэглэн гүйцэтгэсэн болон гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг оролцоог нарийвчлан тогтоосон нотлох баримт байдаггүй бөгөөд бүлэглэсэн байхаар хүндрүүлэн зүйлчлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байхад хүндрүүлсэн зүйлчилсэнд гомдолтой байна. Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 362,214 төгрөгийн хохирол учирсан гэж шинжээч дүгнэсэн атал Байгаль орчны тухай хуулийн 49.4.1; Иргэний хуулийн 497.1-г үндэслэн 913,257 төгрөгийг хохиролд тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5.1; 2.5.5 дахь заалттай зөрчилдсөн шийдвэр болсонд гомдолтой. Өөрөөр хэлбэл бодит хохирлыг хохиролд тооцоогүй байна. Яллах дүгнэлтийн III хуудсанд: Я нь 2025.02.13-ны өдөр Б.Б руу залгаж түлээний модгүй болчихлоо. Чи хамт модонд явах уу? гэхээр нь Б.Б нь галын түлээний модгүй болж байсан тул зөвшөөрч модонд явах талаар харилцан тохиролцсон байна гэжээ. А аймгийн Э сумын засаг дарга Б.Э нь тус суманд 2025.01,01-ээс 2025.05.28-ны өдрийг хүртэлх хугацаанд тус сумаас А аймгийн Байгаль орчны газарт мод бэлтгэх зөвшөөрлийн бичиг авах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч загвар шинэчлэгдэж, тендер зарлагдсан гэх шалтгаанаар мод бэлтгэх зөвшөөрлийн бичиг манай суманд олгогдоогүй байна гэдэг тайлбарыг сумын иргэдэд өгдөг байсан ба энэ тухай тодорхойлолтыг хэрэгт хавсаргасан байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Сумаас зөвшөөрөл өгөхгүй удаад байсан тул манай сумын маш олон иргэд өвлийн тэсгим хүйтэнд хөлдөж үхэхгүйн тулд ой цэвэрлэхийн хажуугаар унасан мод уулнаас авсныхаа төлөө өөр өөрсдийн амьжиргааг залгуулдаг портер, бонго, маяти, 69 гэх машинуудаа улсын орлого болгуулж төр засагт асар их гомдолтой, бухимдалтай байгааг шүүгчид анхаарч үзнэ үү! Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5.1-д: Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна гэжээ. Гэтэл миний унаж явсан машин миний төрсөн ахын ариун хөдөлмөрөөрөө олж авсан амьжиргаандаа хэрэглэдэг машин бөгөөд Дний газраас тухайн машиныг Мицибуши кантер 1,800,000 төгрөгөөр үнэлсэн болно. Гэтэл энэ үнэлгээг мөрдөн байцаагчид өгсөн боловч хэрэгт авагдаагүй байна. Иймд надаас 3,675,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Миний үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3-т заасан "Гарцаагүй байдалд хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү!
Прокурорын газрын уулзалтын өрөөнд хэрэгтэй танилцаад дахин үнэлгээ гаргуулах гомдол гаргахад, Т.Алтанзул прокурор таны машин таны нэр дээр биш юм байна. Тэгэхээр танд торгууль гарахгүй гэж хэлсэн. Таны мод бэлтгэсэн, мөн хөрөөн дээр чинь торгууль гарна гэсэн тайлбар өгсөн. Тийм тайлбар өгсөн болохоор нь би хэрэг прокурорт шилжсэний дараа дахин үнэлгээ гаргуулах хүсэлт өгөөгүй. “Д” үнэлгээний төв 2 удаа үнэлгээ гаргасан. Эхлээд 3.700.000 төгрөг, дараа нь дахиад 1.800.000 төгрөгөөр үнэлсэн. Амгаланбаатар байцаагчид хэрэг мөрдөгдөж байхад 2 удаа үнэлгээ гаргасан. 3,700,000 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэж давж заалдах гомдол гаргасан гэв.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
Шүүгдэгчдийн өмгөөлөгч Ж.У давж заалдах шатны шүүх хуралд гаргасан саналдаа: Миний үйлчлүүлэгчдийн эрх зүйн байдлыг асар дордуулж, нэг талыг буюу яллах талыг барьж хэргийг шийдвэрлэсэн байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих нөхцөл байдлууд нотлогдож тогтоогдоогүй. Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж тогтоогоогүй.
Гэрч Б.Б худлаа мэдүүлэг өгөөд байгаа нь хавтаст хэргээс тодорхой харагдаж байгаа. Урд нь Ч.Я гэх хүн ерөөсөө надтай холбогдож байгаагүй, мод бэлтгэх эрхийн бичиг авч байгаагүй гэж мэдүүлэг өгдөг. Гэсэн атлаа өвчтэй аавыгаа асардаг юм чинь урд нь олгогдсон гоожингийн бичгээр түлээний модоо бэлдчихгүй юу даа гэж хэлсэн. Гоожингийн бичиг яагаад гарахгүй байна гэхээр тендер зарласан байгаа учраас бичиг гарахгүй байгаа. Аймаг руу явуулсан байгаа гэж хэлсэн. Тэгээд Ч.Я сумын Засаг даргаас хүсэлт гаргаж энэ тодорхойлолтыг авсан. Шүүгдэгч Ч.Ягийн яриад байгаа бүх зүйл үнэн байсан. Энэ нь нотлогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3-т заасан гарцаагүй байдалд хохирол учруулсан бол гэмт хэргийн шинжгүй гэж үзнэ гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эсвэл шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх нөхцөл байдал тогтоогдож байгаа жишээ нь гэрч, яллагдагч нарын мэдүүлэг зөрүүтэй нөхцөл байдлууд байгаад тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж, дахин шалгаж, үнэн зөв, бодиттой шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3-т заасан шударга ёсны зарчимд нийцэхээр байна. “Д” гэх хөрөнгийн үнэлгээний газар яагаад яг адилхан 1 машин дээр 1.800.000 төгрөгийн үнэлгээ гаргачихаад, дараа нь яагаад асар зөрүүтэй үнэлгээ гаргаад байгаа юм бэ. Энийг хэрэгт өгье гэхээр авахгүй. Урд нь авсан н.Мөнхбаяр гээд өмгөөлөгчид энэ нөхцөл байдлаа хэлэхээр яасан юм, тоогоогүй. Эдгээр байдлаас энэ хүмүүсийн эрх зүйн байдал асар дордсон нөхцөл байдалтай байгаа. Тэгэхээр нэг бол хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч, нэг бол хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгөөч, анхан шатны шүүх рүү буцааж өгөөч гэсэн хүсэлттэй байна. Үйлчлүүлэгч нарынхаа гомдлыг дэмжиж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
3. Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
4. Үйл баримтын дүгнэлт, нотлогдсон байдлын талаар:
4.1. Шүүгдэгч Ч.Я нь Б.Бтай бүлэглэн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр А аймгийн Э сумын Абагийн Бөвөр гэх газраас хууль бусаар 5 ширхэг, 2,243 метр куб шинэс төрлийн босоо модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, Б.Бы хамт Hyundai Mighty маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж, тээвэрлэн ойн санд 246,224 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Б нь Ч.Ятэй бүлэглэн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр А аймгийн Э сумын Абагийн Бөвөр гэх газраас хууль бусаар 5 ширхэг, 3,3037 метр куб шинэс төрлийн босоо модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, Ч.Ягийн хамт Mitsubishi canter маркийн 00-00улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж, тээвэрлэн ойн санд 362,614 төгрөгийн хохирол учруулсан байна.
5. Хэргийн үйл баримтыг нотлох баримтын талаар:
5.1. Энэ үйл баримт нь Б.Б, Ч.Я нарын заасан хэргийн газарт үзлэг хийхэд 10 ширхэг тайрсан хожуул байсан тухай.” үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-5, 86-89/,
5.2. Б.Бы мод ачиж тээвэрлэсэн 00-00улсын дугаартай цагаан өнгийн Кантер маркийн тээврийн хэрэгсэлд 1,5 метрийн урттай, тайрсан 50 ширхэг хуурай шинэс төрлийн мод ачиж явсан тухай тээврийн хэрэгсэл, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх 06-11/,
5.3. Ч.Ягийн мод ачиж тээвэрлэсэн 00-00 улсын дугаартай, цагаан өнгийн Майти маркийн тээврийн хэрэгсэлд 1,5 метрийн урттай, тайрсан 44 ширхэг хуурай шинэс төрлийн мод ачиж явсан тухай тээврийн хэрэгсэл, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 90-96/
5.4. А аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Бямбасүрэнгийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн: "Майти маркийн 00-00 дугаартай тээврийн хэрэгсэлд ачигдсан мод нь босоо модноос бэлтгэсэн, 2,2433 м3 хэмжээтэй, хуурай, 246,224 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээтэй, сибирийн шинэс төрлийн мод байсан” тухай АРХ 032 /109 дугаартай дүгнэлт /хх 129-132/,
5.5. А аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Бямбасүрэнгийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн "Кантер маркийн 00-00улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачигдсан мод нь босоо модноос бэлтгэсэн, 3,3037 м3 хэмжээтэй, хуурай, 362,614 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээтэй, сибирийн шинэс төрлийн мод байсан” тухай АРХ 0325 /110 дугаартай дүгнэлт /хх 40-43/
5.6. Гэрч Б.Бн “Ч.Я, Б.Б нар нь өмнө нь мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй, тухайн өдөр буюу 2025 оны 02 дугаар сарын 14-ны өдөр мод бэлтгэх эрхийн бичиг авах талаар уулзаж, холбогдож байгаагүй.” тухай мэдүүлэг /хх-ийн 24-25, 108-109- хуу/,
5.7. “Д” ХХК-ын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Mitsubishi canter маркийн 00-00улсын дугаартай автомашиныг 3,675,000 төгрөгөөр, ойгоос бэлтгэсэн модыг 330,370 төгрөгөөр, цахилгаан хөрөөг 100,000 төгрөгөөр” тус тус үнэлсэн АЦ25-51 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 63-70/,
5.8. “Д” ХХК-ын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Ойгоос бэлтгэсэн модыг 224,330 төгрөгөөр, цахилгаан хөрөөг 100,000 төгрөгөөр үнэлсэн” АЦ25-50 дугаар шинжээчийн дүгнэлт /1 хх 151/,
5.9. Хас үнэлгээ ХХК-ын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Hyundai Mighty маркийн 00-00 улсын дугаартай автомашиныг 18,000,000 төгрөгөөр үнэлсэн” тухай 19 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 229/,
5.10. Хууль бусаар мод бэлтгэсэн цахилгаан хөрөөнд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 45-47, 137-139/,
5.11. Иргэний нэхэмжлэгч Б.Эийн "Байгаль орчинд учирсан хохирлоо төлүүлэх хүсэлтэй байгаа” тухай мэдүүлэг /1 хх 118-119/,
5.12. Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 05, 06 дугаартай “Бөвөр гэдэг газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй тухай” албан бичиг /1 хх 55, 142/ нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
5.13. Шүүгдэгч нар зохих зөвшөөрөлгүйгээр тухайн газрын ойгоос мод бэлтгэснээ хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар давхар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нар тухайн гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайг давхар нотлож байна.
6. Хууль зүйн дүгнэлт, давж заалдах гомдлын талаар:
6.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч шүүгдэгч нар нь зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх нь хууль бус үйлдэл гэдгийг мэдсээр байж эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж тээвэрлэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдэл болно.
6.2. Шүүгдэгч нар нь үйлдлээрээ нэгдэж төрийн эрх бүхий байгууллагын зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос огтлолтоор мод бэлтгэж, тээвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан бүлэглэж, зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна.
6.3. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б, Ч.Я нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй.
6.4. Мөн анхан шатны шүүх хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу, тухайн гэмт хэрэгт оногдуулж болох хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын ар гэрийн хувийн байдал, гэм бурууд тохирсон байна.
6.5. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг зөв тодорхойлж шийдвэрлэсэн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсийг улсын орлого болгож, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлүүлж, орлогын хэмжээ хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
6.6. Шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч Ж.У нь шүүгдэгч нарын үйлдлийг гарцаагүй байдалд хохирол учруулсан шинжтэй гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах талаар давж заалдах гомдол, тайлбар гаргасан байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлон заасанчлан гарцаагүй байдалд хохирол учруулах нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдалд учирч болох байсан аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр энэ хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж бусдад хохирол учруулсан байхыг шаарддаг.
6.7. Гэтэл шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдалд тухайн хууль бус үйлдлийг хийсэн буюу гарцаагүй байдалд хохирол учруулсан шинжгүй байна.
6.8. Мөн шүүгдэгч Б.Б нь 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 21-ний өдрийг хүртэл 3 хоногт мод бэлтгэж тээвэрлэх эрхийн бичгийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар модоо бэлтгэж тээвэрлэж чадаагүйн улмаас уг эрхийн бичгийн дагуу модоо бэлтгэж тээвэрлэж явсан талаар тайлбарлаж байгаа боловч түүний эрхийн бичиг авсан гэж тайлбарлаж байгаа хугацаанаас хойш 5 сар орчим хугацаа өнгөрсөн, Б.Бд эсвэлн түүний аав Ж.Чт олгосон мод бэлтгэх эрхийн бичгийн хугацааг сунгасан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
6.9. Түүнчлэн хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт цуглуулж бэхжүүлэн, анхан шатны шүүхээр хэлэлцэгдэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудад эргэлзэх ямар нэгэн үндэслэл тогтоогдохгүй байна.
6.10. Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг үндэслэн А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/235 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, Ч.Я нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/235 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, Ч.Я нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЭНХТӨР
ШҮҮГЧИД В.ЦЭЦЭНБИЛЭГ
Л.НЯМДОРЖ