| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2018/0405/Э |
| Дугаар | 421 |
| Огноо | 2018-09-13 |
| Зүйл хэсэг | 19.14.1., |
| Улсын яллагч | Ч.Отгонсүрэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 421
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Гансугар,
улсын яллагч Ч.Отгонсүрэн,
шүүгдэгч Ж.Э, түүний өмгөөлөгч Л.Доржпүрэв /ҮД:0-801/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ж.Э-т холбогдох эрүүгийн 1802003350190 дугаартай, 187/2018/0405/Э индекстэй хэргийг 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Ж.Э
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ж.Э нь 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Буянт-Ухаа агаарын замын боомтоор өөрийн зурагтай боловч Б-н Д-н мэдээлэл бүхий ................ дугаартай хуурамч паспортаар Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ж.Э нь 2007 онд Монгол Улсад байхдаа өөрийн ах ............. овогтой ..........-н иргэний үнэмлэхийг өөрт нь мэдэгдэлгүй ашиглан хуурамч бичиг баримт бүрдүүлэн өөрийн зурагтай ........... дугаартай гадаад паспорт гаргуулан авч БНСУ руу явж ажиллаж амьдарч байгаад хууль бусаар оршин сууж байсан үндэслэлээр Монгол Улс руу албадан буцаагдаж ирэхдээ дээрх гадаад паспортаар Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан болох нь:
2. Тагнуулын ерөнхий газрын Хилийн 33 дугаар отрядын дэргэдэх Хилийн тагнуулын тасгаас ирүүлсэн хилийн зөрчлийн материал /хх-ийн 2-9/
3. Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, паспортын хуулбар: “... ................. дугаартай Монгол Улсын үндэсний гадаад паспорт нь улаан өнгийн хавтастай, Mongolia Passport /Монголия Паспорт/ гэсэн бичигтэй, гол хэсэгтээ шаргал өнгийн төрийн соёмботой, 1-32 хуудас хүртэл дугаарласан 16 хуудас бүхий гадаад паспорт байв...2 дугаар нүүрэнд богино хар үстэй, хар өнгийн хүрэмтэй, цагаан цамц, хөх өнгийн зангиа зүүсэн эрэгтэй хүний дүр зурагтай, Монгол Улс, Төрөл: Е, Улсын нэрийн товчлол: ........., Паспортын дугаар: .........., Бүртгэлийн дугаар: .........., Эцэг: Б, Нэр: Д, Иргэний харъяалал: Монгол Улс, Төрсөн он, сар, өдөр: ............, Хүйс: эрэгтэй, Олгосон он, сар, өдөр: ......, Дуусах хугацаа: ....... гэж бичигдсэн байв…Тамганы зүүн талд олгосон байгууллагын албан тушаалтны гарын үсэг болон эзэмшигчийн гарын үсэг зурагдсан байв...6 дугаар нүүрэнд 2011 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгалт хийсэн...10 дугаар нүүрэнд БНСУ-ын ........ тоот виз наагдсан...14 дүгээр нүүрэнд БНСУ-ын ......... тоот виз наагдсан...32 дугаар нүүрний доод хэсэгт Буянт-Ухаа боомтоор ......-нд гарсан, ......-нд орсон, ......-нд гарсан, ......-ны өдөр орсон хил нэвтэрсэн тухай...дардас...Тус гадаад паспортын 8, 12, 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30 дугаар нүүрэнд ямар нэгэн тэмдэглэл хийгдээгүй, 3, 5, 7, 13, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31 дугаар нүүрэнд “....................” гэсэн бичилттэй тамга дарагдсан байв...” /хх-ийн 17-28/
4. Ж.Э, Б.Д нарын Монгол Улсын хилээр нэвтэрсэн талаарх лавлагаа: “...Ж.Э .......... ... ......... ...... Орох...Б.Д ............... ... ............... ... ............... Гарах, ......... Орох, ........... Гарах...” /хх-ийн 34-35/
5. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Ж.Э, Б.Д нарын иргэний үнэмлэх, гадаад паспорт авахдаа бүрдүүлсэн баримтын хуулбарууд /хх-ийн 39-45/
6. Гэрч Б.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ-..... дугаар аяллын онгоцонд зорчигчийн баримт бичиг шалгах манаанд үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд ....... дугаартай Б овогтой Д нь орж ирсэн. Зорчигчийн баримт бичгийг шалгах явцад паспортын зураг нь өөр байсан мөн паспортын дугаарыг шалгахад өөр регистрийн дугаар гарч ирж байсан. Б овогтой Д нь түүний төрсөн ах нь болох нь шалгалтаар илэрсэн...Энэ паспорт бусдынх гэдэг нь мэдэгдэх үед өөрөөр нь регистрийн дугаарыг нь хэлүүлж шалгахад мэдээлэл нь таарч байсан. Ж.Э нь Солонгос улсаас албадан буцаагдаж байгаа болохоор бичиг баримт нь онгоцны нислэгийн багаар ирсэн. Тус зөрчлийг ахлах даргадаа мэдэгдсэнээр шилжүүлсэн...Гаргасан зөрчлийн талаар нарийвчлан асуугаагүй, зөрчилтэй гэдэг нь мэдэгдэх үед ахлах дарга ахлах дэслэгч Ц.Г-д шилжүүлсэн...Тус өдөр манай ээлжийн дарга ахлах дэслэгч Ц.Г экипажаар ирсэн бүрэлдэхүүний бичиг баримтыг шалгаж үзээд нэг хүнийг зөрчилтэй гэдгийг нь мэдээд надад Б овогтой Д гэх хүний бичиг баримтыг өгч бүртгүүлсэн. Тэгээд би паспортыг нь уншуулахад мэдээлэлд гарч ирсэн зураг нь тухайн зорчигч биш байна гэдэг нь мэдэгдсэн. Би тэр хүнд хандаж “...Энэ таны бичиг баримт биш байна. Өөр хүний бичиг баримт байна. Та өөрийн регистрийн дугаарыг хэлнэ үү” гэж хэлэхэд “Тиймээ” гэж хэлээд өөрийн регистрийн дугаарыг хэлсэн. Тэгээд би тэр хүнийг цаанаа суугаад хүлээж байхыг хүссэн. Тэгээд би тус хүний хэлсэн регистрийн дугаарыг нь шалгаж үзэхэд өөр нэртэй боловч зураг нь таарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14, 55-57/
7. Гэрч Г.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би иргэний бүртгэлийн төвд 2001 оны 9 дүгээр сараас 2008 оны 01 дүгээр сарын хооронд анх бичиг хэргийн архивийн эрхлэгчээр 2 жилийн хугацаанд ажиллаж байгаад гадаад паспортын байцаагчийн албан тушаалыг хашдаг болсон ба 2008 оны 01 дүгээр сараас ажиллахаа больсон...Яг тухайн өдөр болсон явдлыг бүрэн дүүрэн санахгүй байна...Надад үзүүлсэн баримтыг харахад тус паспортыг зохих журмын дагуу мэдээллийн санд шалгаад архивын бүртгэлд бүртгэгдсэний дараа би холбогдох шалгалтуудыг хийгээд материалыг нь хүлээн авч паспортыг нь олгосон байна гэж бодож байна...Тухайн үед би түүний иргэний үнэмлэхний зургийг мэдээллийн сан дахь зурагтай харьцуулж харахад адилхан харагдаж байсан учир олгосон байх...Журмын дагуу гадаад паспорт авах хүн өөрийн биеэр ирж бүрдүүлсэн материалыг хүлээлгэн өгч мөн паспортыг өөрийн биеэр хүлээн авах ёстой...Тухайн үед хурууны хээ бүртгүүлдэггүй байсан. Учир нь тухайн үед цахим иргэний үнэмлэхний бүртгэл хийгдэж эхлээгүй байсан. Бид гадаад паспорт авахаар бүрдүүлсэн материал дахь зургийг мэдээллийн санд байгаа иргэний үнэмлэхний зураг болон тухайн хүний дүр төрхтэй харьцуулж харж паспорт олгодог байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-51/
8. Гэрч Ц.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ-..... аялалын онгоцны бүртгэлийн үеэр орох чиглэлд шалгах манааны үүрэг гүйцэтгэж байсан...Тус өдөр ОМ-...... дугаар аялалын онгоц буух үед тээврийн хэрэгсэл шалгах манааны үүрэг гүйцэтгэж байсан албан хаагч станцаар надад зорчигчдын тоо болон экипажаар хүргэгдэн ирсэн бичиг баримтын тоог мэдэгдсэн. Экипажаар хүргэгдэж ирсэн 6 ширхэг бичиг баримтыг өөрийн биеэр очиж авч шалгахад Б овогтой Д-н .......... дугаартай Монгол Улсын энгийн гадаад паспорт эзэмшигчийн иргэний бүртгэл мэдээллийн сан дахь мэдээлэл нь сэжигтэй санагдсан. Үүнд: регистрийн дугаар нь 2 удаа бичигдсэн байсан. Тэгээд би тус зорчигчийг дуудаад хартал тухайн хүний царай иргэний бүртгэлийн мэдээлэлд гарч ирсэн зурагнаас өөр харагдсан. Тэгээд би түүнээс холбогдох мэдээлэл болох хаашаа, хэзээ явсан, иргэний бүртгэлийн мэдээлэл, гэр бүлийн байдал зэрэг мэдээллүүдийн талаар нь лавлан асуусан. Намайг асуухад...иргэний бүртгэлийн мэдээллийн санд байсан бүх мэдээллийг үнэн зөв хэлж байсан ба БНСУ-д хууль бусаар ажиллаж амьдарч байгаад хууль хяналтын байгууллагад баригдаж албадан буцаагдаж байгаа талаараа хэлсэн. Би түүнээс “Энэ таны өөрийн бичиг баримт мөн үү” гэж асуухад “Мөн” гэж хариулсан. Тэгээд би түүний хил нэвтрэлтийг шалгаж үзэхэд тус хүний регистрийн дугаар нь давхардсан байсан бөгөөд давхардаж байсан регистрийн дугаар нь маш олон удаа хил нэвтэрсэн байсныг илрүүлээд...”Таньд өөр гадаад паспорт бий юу, Та өөр гадаад паспорт авч байсан уу” гэж асуухад “Үгүй ээ. Энэ бол миний ганц гадаад паспорт мөн” гэж хариулсан. Тэгээд би түүнээс “Танд ойролцоо насны ах дүү бий юу” гэж асуухад “Үгүй ээ” гэж хариулсан. Тэгээд би түүнд “Та хэрвээ өөр хүний бичиг баримтаар ирж байгаа бол эртхэн үнэнээ хэлээд ор. Энэ нь танд хэрэгтэй” гэж хэлсэн. Тэгээд тэр хүн хэсэг чимээгүй зогсож байгаад “За за. Энэ миний төрсөн ахын гадаад паспорт байгаа юмаа” гэж хэлсэн. Тэгээд би тэр хүний бичиг баримтыг шалгагч ахлагч Б.Т-т шилжүүлж өгөөд “Шалгаад бүртгэ” гэж хэлсэн...Би өөрөө илрүүлж түүнээс хэд хэдэн удаа тулгаж асуусны дараа тэр хүн үнэнээ хэлсэн. Хэрэв би илрүүлээгүй бол тус бичиг баримтаар улсын хил нэвтрэх боломжтой байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-54/
9. Гэрч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2008 онд бие муудаад хотод ирж эмнэлэгт хэвтэх болоод иргэний үнэмлэхээ хайтал олоогүй. Тэгээд тухайн үед Ж.Э Солонгос улсаас надтай холбогдоод “Ахаа уучлаарай. Би таны паспортыг аваад ирсэн байна” гэж хэлсэн. Тэгээд Солонгос улсаас надруу шуудангаар миний иргэний үнэмлэхийг явуулсан. Би Ж.Э миний иргэний үнэмлэхийг ашиглан гадаад паспорт гаргуулж аваад миний нэрээр Солонгос улс руу явсан талаар мэдээгүй байсан. Миний нэрээр гадаад паспорт аваад явсан талаар би сая Ж.Э-г Монгол Улсад ирэх үед нь л мэдлээ...Надаас зөвшөөрөл аваагүй, яаж миний бичиг баримтыг авсан гэдгийг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-69/
10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4464 дүгнэлт:
-Шинжилгээнд ирүүлсэн Б овогтой Д гэх нэртэй ......... дугаарын Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт нь жинхэнэ.
-Тус гадаад паспортанд ямар нэгэн засвар, өөрчлөлт орсон гэх шинж тэмдэг илрэхгүй байна. /хх-ийн 75-77/
11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4462 дүгнэлт:
-Шинжилгээнд ирүүлсэн ........ дугаартай Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт дээрх гэрэл зураг нь харьцуулах загварт ирүүлсэн Жигжидсүрэнгийн Энхбаярын гэрэл зурагтай тохирно. /хх-ийн 81-83/
12. Шүүгдэгч Ж.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...хувиараа бизнес эрэлдэг байх үедээ...танил хүнээрээ дамжуулан албан паспорт гаргуулж авч байсан. Одоо тэр хүний нэрийг санахгүй байна. Тэгээд тэр паспортоороо 2005 оны 10 дугаар сард анх удаа БНСУ руу зорчиж байсан. БНСУлсад 2 сар гарангийн хугацаанд ажиллаж байгаад Монгол улсад буцаж ирсэн...2006 оны 3 дугаар сард дахин БНСУ руу ойролцоогоор 2 сарын хугацаатай явсан. Тэр жил би нийт 2-3 удаа БНСУ руу, ОХУ руу 1 удаа явсан санагдаж байна. Тэгээд 2006, 2007 онуудад БНСУ руу тус албан паспортоор хил нэвтрэхийг оролдсон боловч БНСУ-аас хаяг тодорхой бус, тосож авах хүн байхгүй гэх мэт шалтгааны улмаас 3 удаа хилээс буцаагдаж байсан. Тэгээд тус албан паспортын хугацаа дууссан учир өөрийн нэр, бичиг баримтаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас холбогдох материалыг бүрдүүлж зохих журмын дагуу энгийн гадаад паспорт гаргуулан авч тус паспортоор дахиад БНСУ руу зорчсон боловч урьд нь ажил эрхэлж байсан, визний ангилал зөрчсөн учир нэвтрүүлээгүй. Тэгээд манай эхнэр тухайн үед БНСУ-д байсан учир өөрийн ах Б-н Д-н бичиг баримтыг өөрөөс нь зөвшөөрөл авалгүйгээр ашиглан өөрийн зургийн хамт Улсын бүртгэлийн ерөнхий газраас паспорт гаргуулан авсан. Манай ах бид хоёр адилхан төрхтэй, ойролцоо зүс царайтай учир тухайн үед холбогдох ажилтанууд нь анзааралгүй надад паспорт гаргаж өгсөн. Тэгээд би ах Б-н Д-н нэртэй миний зурагтай ....... дугаартай гадаад паспортыг ашиглан БНСУ-ын виз авч 2007 онд БНСУ руу явсан. Тэгээд 2 сар хавьцаа ажиллаж байгаад 2008 онд буцаж ирсэн. Тэгээд Монгол Улсад сар орчим байж байгаад дахиад БНСУ-ын виз авч БНСУ руу явсан. Тэгээд тэндээ 10 жил өөрийн эхнэр н.Б-н хамт ажиллаж амьдарч байгаад сая 2018 оны 6 дугаар сард БНСУ-ын холбогдох хуулийн ажилтануудад хууль бусаар оршин сууж байсан...баригдаад 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улс руу албадан буцаагдсан. Монгол Улсад ирээд хилээр нэвтрэх үедээ өөрийн ах Б-н Д-н нэртэй, миний өөрийн зурагтай ........ дугаартай хуурамч гадаад паспортыг ашиглан улсын хил нэвтрэхийг завдаж баригдсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахин ямар нэгэн хууль бус үйлдэл хийгүй гэдгээ амлаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 90-93/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Э нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 106/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4462, №4464 дүгнэлүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Ж.Э нь 2007 онд Монгол Улсад байхдаа өөрийн ах Б овогтой Д-н иргэний үнэмлэхийг өөрт нь мэдэгдэлгүй ашиглан хуурамч бичиг баримт бүрдүүлэн өөрийн зурагтай .......... дугаартай гадаад паспорт гаргуулан авч БНСУ руу явж ажиллаж амьдарч байгаад хууль бусаар оршин сууж байсан үндэслэлээр Монгол Улс руу албадан буцаагдаж ирэхдээ дээрх гадаад паспортаар Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсаныг хуурамч баримт бичгээр Монгол Улсын хилийг нэвтрэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ж.Э-г хуурамч баримт бичгээр Монгол Улсын хилийг нэвтрэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ж.Э-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан төлбөл зохих хохирол төлбөргүй зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал /...../, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Э-т 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.
Мөн шүүгдэгч Ж.Э-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн Б овогтой Д гэсэн нэртэй ....... дугаартай улаан өнгийн Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт 1 ширхэгийг устгуулахаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ж.Э-г хуурамч баримт бичгээр Монгол Улсын хилийг нэвтрэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Ж.Э-г 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Э-т оногдуулсан 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Ж.Э-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн Б овогтой Д гэсэн нэртэй ........ дугаартай улаан өнгийн Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт 1 ширхэгийг устгуулахаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Ж.Э-т сануулсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ж.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР