Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 209/МА2022/00061

 

*******ны
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

                                     Хэргийн индекс: 135/2022/00029/и

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Г.Давааренчин, Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 767 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэг болон алданги нийт 2,250,000 төгрөг гаргуулах тухай,

Иргэний хэргийг хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд цахимаар: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баяраа,

Шүүх хуралдаанд танхимаар: хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

******* нь 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дугаар Бот-2014/269 тоот гэрээгээр 5,000,000 төгрөгийн 1 ширхэг FT-250 маркын бага оврын трактор зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулан урьдчилгаа 70 хувь болох 3,500,000 төгрөг, үлдэгдэл 30 хувь болох 1,500,000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төлөхөөр гэрээ байгуулсан.

Зээлийн төлөлтийг одоо хүртэл төлж барагдуулаагүй тул хугацаа хэтэрсэн өр 1,500,000 төгрөг, анз 750,000 төгрөг нийт 2,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

*******ны нэхэмжлэлтэй нэхэмжлэлийн шаардлага болох 2,250,000 төгрөгийг төлөхөөс татгалзсан.

Үндсэн зээлийн үлдэгдэл 1,500,000 төгрөг байгаа боловч гэрээний хугацаа 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул төлбөрийг төлөхөөс татгалзаж байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, прокурор Б.Доржханд нь тайлбартаа:

2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаартай Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарсан. ******* байгуулагдаад орон тооны хязгаарыг тогтоосон.

Энэ тогтоолоор Санхүүгийн тайланд бүхэлдээ хөрөнгө өглөг, авлагыг хуульд заасан хугацаанд буюу Иргэний хуулийн 76 дугаар зүйлд заасны дагуу 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шаардах үүсэж байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэжээ.

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч *******гээс 1,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 750,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 38,950 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

5. Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

5.а. Нэхэмжлэгч тал үндсэн зээлийн үлдэгдэл 1,500,000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс шаардах эрхтэй байсан боловч гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхийг хэрэгжүүлээгүй байснаа 2022 онд шаардсаныг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзээд мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар нийт 2,250,000 төгрөг төлөхөөс татгалзсан.

Гэтэл анхан шатны шүүх, Монгол Улсын Засгийн газрын 16 дугаартай тогтоол батлагдсан өдрөөс иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасан шаардах эрх үүссэн гэж үзэхээр байна хэмээн хууль буруу тайлбарлаж, нэхэмжлэгч талын шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй,

5.б. Иймд хөдөө аж ахуйн дэмжих сангийн ажлын албанд 1,500,000 төгрөг олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******гийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй *******ны нэхэмжлэлтэй *******д холбогдох хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

2. Хариуцагч ******* гомдолдоо ... 2.а.нэхэмжлэгч тал үндсэн зээлийн үлдэгдэл 1,500,000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс шаардах эрхтэй байсан боловч гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхийг хэрэгжүүлээгүй байснаа 2022 онд шаардсаныг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзээд мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар нийт 2,250,000 төгрөг төлөхөөс татгалзсан.

Гэтэл анхан шатны шүүх, Монгол Улсын Засгийн газрын 16 дугаартай тогтоол батлагдсан өдрөөс иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасан шаардах эрх үүссэн гэж үзэхээр байна хэмээн хууль буруу тайлбарлаж, нэхэмжлэгч талын шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй,

2.б. Иймд хөдөө аж ахуйн дэмжих сангийн ажлын албанд 1,500,000 төгрөг олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн агуулгыг тусгажээ.

3. Анхан шатны шүүх нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлсэн, хэргийн үйл баримт болон нөхцөл байдлыг бүрэн тогтоож нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

4. Давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

5. Хэргээс судлан үзвэл: талуудын хооронд 2014 оны 07 дугаар сарын 31-ны өдөр Бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр 5,000,000 төгрөгийн үнэ бүхий FT-250 маркын хадлангийн иж бүрдэл нэг ширхэг эд хөрөнгийг зээлдэгчийн өрхийн аж ахуйг дэмжих, хөгжүүлэх зориулалтаар хүүгүйгээр олгох, гэрээний хугацаа 3 жил буюу 36 сар байх, нийт үнийн дүнгийн 70 хувь буюу 3,500,000 төгрөгийг зээлдүүлэгч талд төлөх, үлдэгдэл төлбөр болох 30 хувь буюу 1,500,000 төгрөгийг 2015-2017 оны хугацаанд хэсэгчлэн төлж дуусгах, хуваарьт төлбөрийг төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна.

6. Зээлээр эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь худалдах, худалдан авах гэрээний нэг төрөл бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр худалдагч тал худалдан авагчид эд хөрөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн, харин худалдан авагч нь үнийг төлөх үүргийг хүлээсэн боловч биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч буюу худалдагч нь FT-250 маркийн тракторын үнийн үлдэгдэл болох 1,500,000 төгрөгийг шаардах эрхтэй.

7. Хэрэгт авагдсан нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд нэхэмжлэгч тал нь талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн гэж гэрээний үүргийн гүйцэтгэл болон гэрээний хариуцлага болох алданги зэргийг гаргуулахаар шаардсан байх ба хариуцагч нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан байна.

8. Анхан шатны шүүх, талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, харин гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.

9. Хэргийн 12- 13 дугаар талд авагдсан Хүнс, хөдөө аж ахуй,хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А-134 дугаар Хөдөө ахуйг дэмжих санд хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай тушаал,

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар ******* байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай тогтоол зэрэг бичгийн баримтуудаас үзвэл:

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг байгуулж, Тариаланг дэмжих сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өглөг,авлага, ...г Хөдөө аж ахуйг дэмжих санд балансаас балансад шилжүүлэхээр тус тус шийдвэрлэж, *******нд улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгосон байна.

10. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараах тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ: 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж хуульчлан зохицуулсан.

Харин хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг Иргэний хуулийн 72, 76 дугаар зүйл,заалтаар зохицуулсан ба хуулийн 72.1-д хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, 76.1-д шаардах эрх үүссэн үеэс тоолно гэж тус тус заасан.

11. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.1-д гэрээнд заасан үүрэг биелэгдэж, зээлдэгч хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлснээр гэрээ дуусгавар болно гэж заасан.

12. Энэ хэргийн хувьд хэргийн 4-6 дугаар талд авагдсан гэрээнээс үзэхэд: гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа нь 2017 оны 07 дугаар сарын 31-ны өдөр дуусгавар болохоор байх ба хөөн хэлэлцэх хугацаа нь 2020 оны 07 дугаар сарын 31-ны өдөр дуусахаар байна.

Гэвч уг хугацаанаас өмнө Засгийн газрын тогтоол гарсан байх тул энэ үеэс *******нд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар шаардах эрх үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Тодруулбал, нэхэмжлэгч ******* нь хөөн хэлэлцэх хугацааны дотор гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Харин Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан хөөх хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

13. Хариуцагч нь гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийн үнэ бүхий FT-250 маркийн хадлангийн иж бүрдэл тракторыг урьдчилгаа 70 хувь буюу 3,500,000 төгрөгийг төлж хүлээн авсан, үлдэгдэл 1,500,000 төгрөгийг 3 жилийн хугацаанд буюу 2017 оны 07 дугаар сарын 31-нд төлж барагдуулахаар тохирсон болохоо хүлээн зөвшөөрдөг, энэ талаар маргаагүй.

14. Харин гэрээний хугацаа 2017 оны 07 сарын 31-ний өдөр дуусгавар болсон, нэхэмжлэгч талаас нэг ч удаа төлбөрөө төлөхийг шаардаж байгаагүй, зээлээр олгосон техникүүд нь чанар муутай, дороо эвдэрч ашиглах боломжгүй болсон, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн тайлбарыг анхан шатны шүүхэд бичгээр гаргаж маргасан байна. /хх-27/,

15. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч буюу худалдан авагч/зээлээр/ нь худалдан авсан эд хөрөнгийн үнийг гэрээгээр тохирсон графикт хугацаанд нь төлөх үүрэгтэй. Энэ үүргээ хариуцагч нь худалдан авагчийнхаа хувьд өөрөө хэрэгжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх учиртай.

16. Хэдийгээр талуудын хооронд байгуулагдсан гэрээ/хх-4-6/-ний 5.2-т зээлдэгчээс зээлийн үнэ, төлбөрийг графикийн дагуу төлөөгүй тохиолдолд зээлдүүлэгчийн лизинг хариуцсан ажилтан зээлдэгчийн бүх орлогод хяналт тавьж төлбөрийг төлүүлэх арга хэмжээ авна гэсэн үүргийг нэхэмжлэгч буюу зээлдэгч тал хүлээсэн, энэ үүргээ хэрэгжүүлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй байх боловч энэхүү зээлийн гэрээ нь хоёр талын гэрээ бөгөөд гэрээний хоёр тал адил эрх, үүрэг хүлээдэг тул дан ганц нэхэмжлэгч талын шаардахыг хүлээх бус үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэх нь үүргийг хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан үүрэг гүйцэтгэх зарчимд нийцнэ.

Мөн Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1- зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх учиртай.

17.Иймд хэргийн үйл баримт болон нөхцөл байдал, хариуцагчийн тайлбар зэргийг харгалзан үзэж нэхэмжлэгчийн гэрээний үүргийн гүйцэтгэлд шаардсан 1,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч байгууллагад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алданги 750,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолд дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдохгүй байна.

18. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...хариуцагч ******* нь 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төлбөр төлж дуусгах үүргийг хүлээсэн, нэхэмжлэгч нь шүүхэд анх 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт ойлгомжгүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэсэн дүгнэлттэй зөрчилдөж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Гэхдээ энэ нь шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 767 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч ******* нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Л.АМАРСАНАА

                                                                                  ШҮҮГЧИД                                          Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                                                           Х.БАЙГАЛМАА