Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 1350

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Н, улсын яллагч Ц.Г, шүүгдэгч Ж.В, түүний өмгөөлөгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

             Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Г-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А овогт Ж.В-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806011591572 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 

   Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Ж.В нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 029 дүгээр цэргийн анги дотор И.Э зодож, улмаар биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.В мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 11/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 12-13/, хохирогч, иргэний нэхэмжлэгчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 16-17/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.О мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 18-19/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Э.Н мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 24-25/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ө.Ө мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 26-27/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Э.Э мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 28-29/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Х.Б мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 30-31/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.М мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 32-33/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Т.Ц мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 34-35/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1963 дугаартай дүгнэлт /хх-н 45/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн тэмдэглэл /хх-н 143-145/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 728 дугаартай дүгнэлт /хх-н 116-114/, хохирлын мөнгө хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 120/, шинжээч эмч Т.Ч мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 127-128/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 109/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 146/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гантулгабатаас шүүгдэгч Ж.В нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 029 дүгээр цэргийн анги дотор Т.Э зодож, улмаар биед хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.    

Шүүхээс шүүгдэгч Ж.В нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 029 дүгээр цэргийн анги дотор Т.Э зодож, улмаар түүний биед хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Т.Э өгсөн: “ ...Би 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Манлай сумаас Зэвсэгт хүчний 029 дүгээр ангид хугацаат цэргийн алба хаахаар татагдаж ирсэн. Ирсэнээс хойш алба сайн хааж байх үед надтай он жав болох манай түрүүч В 2017 оны 12 сард намайг казармдаа ороо хураагаад байлдагч Бодьнасан болон надтай нэг казармд байдаг цэргүүд байж байхад В орж ирээд миний хажууд ирээд хурдан ор дэрээ хураацгаа яасан удаан юм бэ гэж хэлээд намайг дуудахаар нь би яваад очтол миний хамран тус газарт нэг удаа гараараа цохьсон. Энэ үед байлдагч Э ирээд одоо болоо шдээ энэ байлдагчийг чи урьд нь хүртэл цохиж байгаа харагдсан хамраас нь цус гаргаад байх юм гэж хэлэхээр нь би Володъя би хамрандаа 2 жилийн өмнө хагалгаа хийлгэсэн хамар руу битгий цохиод бай, гэмтэх аюултай болохоор өөр газарт цохь гэж хэлсэн. Тэгэхэд Володъя хамраас цус гардаг л биз дээ сүртэй юм гэж хэлээд яваад өгсөн. Тэгэхээр нь би 00-н өрөө рүү ганцаараа орж хамрынхаа цусыг тогтоочихоод буцаж ирсэн. Үүнээс хойш 4-5 хоногийн дараар би жагсаалын талбай цэвэрлэчихээд эргээд казармдаа орж ирээд байж байхад В над дээр ирээд ямар нэгэн шалтгаангүйгээр ахин хамран тус газарт 2-3 удаа цохьчихоод яваад өгсөн. Энэ явдлаас 7 хоногийн дараа миний хамраас цус гарч хатгуулаад ээлжилж бөглөрөөд байхаар нь би ангийнхаа Нараа эмчид хандахад Цэргийн нэгдсэн төв эмнэлэгт үзүүлэх шаардлагатай гэхээр нь би сувилагч Өнөрөөтэй Цэргийн төв эмнэлэгт ирж үзүүлэхэд хамрын зураг авахуулах шаардлагатай гээд хамрынхаа зургийг авахуулаад үзүүлэхэд яаралтай хагалгаанд орох шаардлагатай хамрын мөгөөрс мурийж цоорсон байна эмнэлэгт хэвтэж, эмчлүүлээд эмчилгээнд орно гэж хэлсэн. Би Цэргийн төв эмнэлэгт 5 хоног хэвтэж эмчлүүлсэн. 5 хоног хэвтэж эмчлүүлээд үр дүнгээ өгөөгүй тул би өчигдөр ангиасаа чөлөө авч гараад урьд нь хагалгаанд “ЭМЖЖ” эмнэлэгт үзүүлэхэд ахин хагалгаанд орох шаардлагатай байна гэсэн” гэх мэдүүлэг /хх-н 16-17/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Э.Э өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 12-ны орой тоо дуусаад ротын байрандаа орж ирэх үед ротын байран дотор ротын түрүүч Володъя байлдагч Энх-Амгаланг нүүрэн тус газар нь алгадсан.” гэх мэдүүлэг /хх-н 28-29/

Мөрдөн шалгах ажилгааны шатанд гэрч Т.Ц өгсөн: “... 2018 оны 01 дүгээр сарын 12-ны орой 22 цаг өнгөрч байсан санагдаж байна. Ротынхоо байранд амарч байхад Энх-амгаланг түрүүч В гар утас хэрэглэж байгаа юу гэж асуугаад тэр хоёр маргалдсан. Энх-Амгалан би хэрэглээгүй гээд уурлаад байсан. Маргалдаж байгаад Э-г түрүүч В нүүрэн тус газар нь алгадсан” гэх мэдүүлэг /хх-н 34-35/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1963 дугаар,

1. Т.Э биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо.

2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн /хх-н 45/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 728 дугаартай,

1. 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №1963 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2. 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Цэргийн төв эмнэлгийн хамрын хөндийн тодосгогч бодисгүй КТГ-н шинжилгээг дүрс оношлогооны нарийн мэргэжлийн эмчээр уншуулахад хамар ясны шинэ болон хуучин хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын таславчийн цоорол тогтоогдож байх бөгөөд хамрын таславчийн мурийлт нь шинэ гэмтэл үү эсхүл хуучин хугарал уу гэдгийг ялгаж тогтоох боломжгүй.

3. Т.Э 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн КТГ-р хамар ясны шинэ болон хуучин хугарал, хамрын таславчийн мурийлт, цоорол тогтоогдсон бөгөөд тус “ЭМЖЖ” эмнэлэгт 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дээрх гэмтэл өөрчлөлтийг засах мэс засал эмчилгээ хийгдэх шаардлагатай байжээ.” Гэх дүгнэлт /хх-н 116-118/

Шинжээч эмч Т.Ч өгсөн: “...Т.Э биед шинэ болон хуучин хугарал, цоорол гэмтэл тогтоогдсон. Тухайн зурган дээр тогтоогдсон хамар ясны шинэ хугарал нь 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс өмнө 3-4 долоо хоногийн дотор үүссэн байх боломжтой.” /хх-н 127-128/

Мөрдөн шалгах ажилгааны шатанд яллагдагч Ж.В өгсөн: “...          2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өглөө хуваарын дагуу босоод амралтын байраа цэвэрлэж байхад Т.Э ямар нэгэн цэвэрлэгээ хийхгүй ганцаараа орныхоо хажууд шалан дээр суугаад байсан. Ядаж наад ороо хураагаач гэж хэлэхэд ойлголоо одоо хураалаа гэж хэлсэн. Би гарч хог хаячихаад эргээд ороод ирэхэд юу ч хийгээгүй сууж байсан. Хоолондоо орох цаг боллоо наад ороо хураалдаа бусад нь юм хумаа хийгээд байна шдээ гэж хэлэхэд уурлангүй хураачихна шдээ гээд газраас босоод ороо хураасан. Хуваарын дагуу 07 цаг 10 минутын үед хоолонд орсон. Өдөр хуваарийн үйл ажиллагаа явагдсан. Орой 17 цагийн үед ротын захирагч ахмад Очирням цэргүүд гар утас барьж байна болиороо та нар гэж хэлсэн. Т.Э-г гар утас барьдаг байсанг мэддэг байсан тул орой амралтын цагаар казарм дотор Т.Энх-Амгалан дээр очоод наад утсаа болиоч, дарга нар уурлаад байна лээ. Баригдчих юм бол бид нар бүгд шийтгүүлнэ гэдгийг чи мэдэж байгаа биздээ, надад утас байхгүй шдээ гэж хэлсэн. Орных нь гутсыг сөхөөд үзэхэд гар утасны батерей гарч ирсэн. Гар утас чинь байгаа юм байна шдээ гэхэд өөдөөс юм хэлэхгүй суугаад байсан. Утсаа гаргаад ирээ хаячихъя гэхэд надад байхгүй гээд байхад чинь гэж хэлээд уурласан. Яасан юм ойлгодоггүй юм гэхэд дуугарахгүй суугаад байсан. Чамаас болоод бөөнөөрөө шийтгүүлээд байж байх юм уу гэж хэлэхэд надад ямар хамаатай юм, надаа тэр утас чинь байхгүй гэхээр нь уур хүрээд нэг нүүр рүү нь баруун гараараа алгадсан. Энх-Амгалан хэсэг дуугүй зогссон. Хамарнаас цус гарчихлаа гээд нүүрээ дараад байхаар нь явж угаа гэж хэлээд явуулсан. Хэсэг хугацааны дараа Энх-Амгалан эргэж орж ирээд бид нар хуваарын дагуу унтаж амарсан. Тухайн үйл явдлаас хойш Энх-Амгалан гар утас хэрэглэж байсан. Ар гэрийнх нь ирээд дарга нар болон над руу дайрч дарамталсан. Энх-Амгалан та нарыг шийтгүүлэх надад хамаагүй гэхээр нь дургүй хүрээд би алгадчихсан.” гэх мэдүүлэг /хх-н 143-146/

            шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд “Зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд” зааснаар хянан шийдвэрлэхээр заасан хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.2, 17.3, 17.4 дэх хэсэгт тус тус заасан нөхцөл бүрдсэн байхыг шаардана гэж хуульчилсаныг прокурор анхаарч үзээгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Шүүхээс хэдийгээр дээрхи шаардлагыг хангаагүй байгаа хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Володъя нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирол төлбөр барагдуулсан, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.  

Шүүхээс шүүгдэгч Ж.В-д ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй шүүгдэгч Ж.В энэ  шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.