| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 2512005410336 |
| Дугаар | 2026/ДШМ/09 |
| Огноо | 2026-02-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Гансүх |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2026/ДШМ/09
Прокурор: М.Гансүх
Хохирогч: Б
Хохирогчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг
Шүүгдэгч: Г.А
Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2026/ШТЦ/03 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогч Бдавж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Г.Ад холбогдох 2512005410336 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 23-ны өдөр А аймгийн ИхТ суманд төрсөн, 34 настай, халх, эрэгтэй, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт А аймгийн Э сумын 7 дугаар баг Т хорооллын 0тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд А аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, Боржигон овогт Гансүхийн Аптангэрэл /РД:АГ91062311/
Шүүгдэгч Г.А нь согтуурсан үедээ буюу 2025 оны 11 дүгээр сарын 29-ний шөнө 23 цагийн үед А аймгийн Э сумын 7 дугаар баг Т хорооллын 0тоотод өөрийн гэрт, өөрийн хамтран амьдрагч Д.Бруу “надтай юм ярихгүй байна” гэх шалтгаанаар уурлан дайрч, түүний хоолойг боох, нүүр хэсэг рүү нь алгадах, үсдэж, чирэх зэргээр зодсон үйлдлийн улмаас духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний хэнгэргийн цоорол, зүүн бугалга, цээж хуйханд цус хуралт гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
А аймгийн Прокурорын газраас Г.Ад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2026/ШЦТ/03 дугаартай шийтгэх тогтоолд: Шүүгдэгч Боржигон овогт Гансүхийн Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Шүүгдэгч Г.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Г.Ад шүүхээс оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Г.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д тус тус зааснаар шүүгдэгч Г.Аээс 158,355 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд олгож, Шүүгдэгч Г.А нь энэ хуралдаанаас хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн баримт бичиг ирээгүй, түүнд хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлхийг мэдэгдэж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогч Д.Бдавж заалдах гомдолдоо ... Д.Бминий бие 2025 оны 11 дүгээр сарын 29-ний шөнө 23 цагийн үед гэртээ нөхөр Г.Ад зодуулж духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний хэнгэргийн цоорол, зүүн бугалга, цээж хуйханд цус хуралт зэрэг хөнгөн гэмтэл учруулсан. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа талаар прокуророос, мөн хялбаршуулсан шүүх хурал болох талаар огт мэдээгүй. Ийм байхад Д.Бнамайг шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн тул түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулав гэж оролцогч миний эрхийг ноцтой зөрчсөнд гомдолтой байна. Би одоо шийтгэх тогтоол гарсан өдрөөс хойш гэртээ амьдраагүй хүүхдээ дагуулаад гэрээсээ хөөгдсөн. Улаанбаатар хотод хүүхдийн хамт амьдарч байна. Иймд эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж гаргаж байгаа гомдлыг хүлээн авч хуулийн дагуу шийдэж өгнө үү... гэжээ.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ ... Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал хангагдсан. Шийтгэх тогтоолыг хүлээн авсны дараа гараад байгаа асуудлын тухайд дахин хүсэлтээ гаргаад мөрдөн шалгах байгууллагаар шалгуулах боломжтой гэж хохирогчид хэлмээр байна. Бусад асуудлын тухайд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал хангагдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын санкцтай. Өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Г.Ад 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. Эрүүгийн хариуцлага болон хэрэг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн талаар хавтаст хэргийг танилцуулахад хохирогчид мэдэгдсэн, гомдол, санал байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн байдаг. Өөр ямар байдлаар нотолж, хангах ёстой байсныг ойлгохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн санал, дүгнэлттэй байна ... гэв.
Хохирогч Д.Бдавж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Надад хялбаршуулсан гэдгийг хэлээгүй. Зүгээр санал, гомдол байна уу гэж прокурор утсаар ярьсан. Дараа нь шүүхийн тогтоолыг над руу утсаар ярьж өгөөгүй. Шүүхээс надтай хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байна гэж хэлээгүй. Түүнд би гомдолтой байгаа. Энэ хүн анхнаасаа санаатай намайг зодож, нүдээд, хэрүүлтэй амьдарч байхаар гэж байна. Би энэ хүнтэй ерөөсөө хэрэлдсэн юм байхгүй, өөрөө ирж салъя гэж ярилцсан юм байхгүй. Энэ явдал надад болон хүүхдэд маань хүнд тусаж байна. Одоо болтол зодуулсан, тархи толгой өвдөөд л явж байна. Хүний мөсгүй хаяж байгаа байхгүй юу. Эгч нь ирээд хөөгөөд, ямар шалтгаанаар яагаад ингээд байгааг би ойлгоогүй. Улаанбаатар хотод байраа хүнд түрээсэлчихсэн, одоо баяр ёслол болох гэж байна. Өвлийн хүйтэнд тэр хүмүүсийг гар гэж хэлж чадахгүй шүү дээ. Ингээд хүүхэдтэйгээ байр түрээслээд явж байна. Г.А хүнийг маш их хохироож байна. Хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэж хүсэж байна. Тухайн үедээ би дахиж ийм үйлдэл гаргахгүй, дахиж ингэхгүй гэчхээд, өөрөө архи уугаад нааш, цаашаа ачаанд явахдаа согтуу байсан. Тийм, тийм зүйлд гомдолтой байна ... гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Алтанчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Хохирогч Бгаргасан гомдлыг дэмжиж байгаа. Шүүгдэгч Г.Аийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтэд сайн дураар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн гэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1.2-т заасан хүсэлтийг прокурор хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө гаргана гэсэн байдаг. Гэтэл яг хэдий хугацаанд гаргасан өдөр нь байхгүй байгаа учраас энийг үндэслэлтэй хүсэлт гаргасан, сайн дураараа гэм буруугаа хүлээж байна гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна. Ийм учраас хохирогч Бгаргасан гомдлыг хүлээн авч хуулийн дагуу шийдэж өгнө үү ... гэв.
Шүүгдэгч Г.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Энэ хялбаршуулсан журам гэдгийг анхнаасаа мөрдөн байцаагч өөрт нь хэлсэн. Прокуророос хүртэл өөрт нь хэлсэн. Намайг прокурор дээр очиход би эхнэртэй чинь холбогдож ингэж хэлсэн гэж байсан. Бүх зүйлийг мэдэж байсан хэрнээ хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг мэдээгүй гэж хэлээд байгаа. Би хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байгаа. Миний буруутай үйлдэл байсан. Согтуурсан үедээ ийм үйлдэл гаргасандаа үнэхээр харамсаж байгаа. Тийм учраас би шүүх хурлаар явж хийсэн хэргийнхээ гэм бурууг үүрнэ гэсэн утгаар явж байгаа. Шүүх хурлаар орсны дараа би уучлалт гуйгаад, бид 2 эвлэрээд, дахиад болно бүтнэ гээд хамт амьдарч эхэлсэн. Тэгтэл үнэхээр болохгүй болохоор нь тусдаа амьдрах шийдвэр гаргасан. Тусдаа амьдрах шийдвэр гаргаснаас болж давж заалдах гомдол гаргаж байна гэж ойлгож байна ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан эсэхэд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянав.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.А 2025 оны 12 сард өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг, А аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор 2025 оны 12 сарын 18-ны өдрийн 184 дугаартай тогтоолоор хүсэлтийг хангаж, 2025 оны 12 сарын 18-ны өдрийн 125 дугаартай тогтоолоор Г.Ад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тус тус шийдвэрлэсэн.
Улмаар шүүгдэгч Г.Аийг согтуурсан үедээ буюу 2025 оны 11 дүгээр сарын 29-ний шөнө 23 цагийн үед А аймгийн Э сумын 7 дугаар баг Т хорооллын 0тоотод өөрийн гэрт, өөрийн хамтран амьдрагч Д.Бруу “надтай юм ярихгүй байна” гэх шалтгаанаар уурлан дайрч, түүний хоолойг боох, нүүр хэсэг рүү нь алгадах, үсдэж, чирэх зэргээр зодсон үйлдлийн улмаас духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний хэнгэргийн цоорол, зүүн бугалга, цээж хуйханд цус хуралт гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ... прокурор яллагдагчийн хүсэлтийг хүлээн авах, эсхүл татгалзах тухай тогтоол гаргана ... гэж, мөн зүйлийн 7 дахь хэсэгт ... прокурор хохирогчид энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан шийдвэрийг мэдэгдэж, хохирол нөхөн төлөх талаар яллагдагчийн гаргасан санал болон энэ хуулийн 8 дугаар бүлэгт заасан эрх, үүргийг тусгайлан танилцуулна ... гэж тус тус хуульчилсан.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад прокурор Г.Аийн гаргасан хүсэлтийг хангасан, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоолуудыг хохирогчид мэдэгдээгүй, эрх, үүргийг тусгайлан танилцуулаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.
Прокурор дээрх нөхцөл байдлыг үгүйсгэж хохирогчид утсаар танилцуулсан, энэ талаараа тэмдэглэл хөтлөсөн гэж тайлбарлаж байгаа боловч хохирогч үгүйсгэж маргасан, хохирогчийн гомдлыг няцаасан баримт, утсаар холбогдсон талаарх баримт болох утасны жагсаалт зэрэг нь хэрэгт авагдаагүй, прокурорын утсаар ярисан тухай тэмдэглэл нь дангаар нотлох баримт болохгүй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална ... гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт ... хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч оролцох хүсэлт гаргасан бол оролцуулна ... гэж тус тус заасан.
Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Ад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдээгүй, түүнийг шүүх хуралдаанд оролцох эрхээр хангаагүй болох нь хэргийн оролцогчдод шүүх хуралдааны товыг мэдэгдэж, танилцуулсан тухай баримт, хохирогчийн гомдол, тайлбараар тогтоогдож байх тул хохирогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хохирогчид шүүх хуралдаан хаана, хэзээ болохыг, хүсэлтээ ирүүлж шүүх хуралдаанд оролцох талаар тус тус мэдэгдэх үүрэгтэй атал уг үүргээ биелүүлээгүйгээс хохирогчийн шүүх хуралдаанд хүсэлтээ гаргаж оролцох эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.8 дахь хэсэгт заасанд хамаарах бөгөөд мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.
Иймд хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Ад холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэг анхан шатны шүүхэд очтол Г.Аийн хувийн байдлыг харгалзан, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2026/ШЦТ/03 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Г.Ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ В.ЦЭЦЭНБИЛЭГ
ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР
Д.БАЙГАЛМАА