| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2018/0294/Э |
| Дугаар | 423 |
| Огноо | 2018-09-13 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | С.Цэрэндорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 423
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн Ч.Уранбилэг,
улсын яллагч С.Цэрэндорж,
хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С,
шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр /ҮД:0-206/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Н овогт Т.Б-д холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201524000123 дугаартай, 187/2018/0294/Э индекстэй хэргийг 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Н овогт Т.Б
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Т.Б нь 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газартай ИНЕГ/ТББ/Б-08/14 дугаартай “Төв, орон нутгийн аеродромуудын урсгал засвар болон 2014-2015 оны өвлийн ашиглалтын ажилд шаардлагатай засварын материалуудыг нийлүүлэх” гэрээг байгуулан, “...... банк”-нд 135.500.000 /нэг зуун гучин таван сая таван зуун мянга/ төгрөгийг байршуулсан, урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргасан тухай “........ банк-ны албан бичгүүдийг хуурамчаар үйлдэн ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулан гэрээний урьдчилгаа санхүүжилт болох /135.500.000 төгрөг/ тухайн үнийн дүнтэй тэнцэх хэмжээний мөнгийг Иргэний нисэхийн ерөнхий газраас 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гаргуулан авч, бусдад их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Т.Б нь 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газартай ИНЕГ/ТББ/Б-08/14 дугаартай “Төв, орон нутгийн аеродромуудын урсгал засвар болон 2014-2015 оны өвлийн ашиглалтын ажилд шаардлагатай засварын материалуудыг нийлүүлэх” тухай гэрээ байгуулан, гэрээний урьдчилгаа санхүүжилтийг авахаар зорилгоор “....... банканд 135.500.000 төгрөг байршуулсан буюу урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргасан” тухай тус банкны 221, 222 дугаартай хуурамч албан бичгүүдийг гаргуулан дээрх гэрээний урьдчилгаа төлбөр 135.500.000 төгрөгийг шилжүүлэн авч зориулалтын бусаар буюу өөрийн байрыг барьцаанаас чөлөөлөх, өөр ажил үйлчилгээнд зарцуулах зэргээр ашиглаж Иргэний нисэхийн ерөнхий газарт 135.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Т.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний бие “..........” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2013 оноос хойш ажиллаж байсан. Манай компани улсын болон хувийн хэвшлийн байгууллагуудад тендерийн бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг байсан бөгөөд үүний дагуу Иргэний нисэхийн ерөнхий газраас 2014 оны 7 дугаар сарын 24-нд зарласан төвийн болон орон нутгийн аеродромуудын өвлийн засвар ашиглалтын материалуудыг нийлүүлэх тендерт оролцсон. Уг тендерт хоёр компани оролцож үнийн дүн өндөр байна гэсэн үндэслэлээр хүчингүй болсон. Үүний дараа Иргэний нисэхийн ерөнхий газраас манай компанид эргэж хандаад үнээ бууруулвал танай компанитай гэрээ байгуулья гэсэн санал тавьсан. Саналыг хүлээн авч манай компани Иргэний нисэхийн ерөнхий газартай 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр гэрээ байгуулсан. Тухайн үед манай компани нь хэд хэдэн төсөлд ажиллаж байсан учир санхүүгийн боломж муу байсан. Тусгай нөхцөлд заасан гэрээний заалтын дагуу урьдчилгаа төлбөр авья гэсэн хүсэлтийг Иргэний нисэхийн ерөнхий газарт гаргасан. Хүсэлтийг хүлээн зөвшөөрч урьдчилгаа төлбөр авахын тулд баталгаа байршуул гэж хэлсэн. Би баталгаа байршуулна гэх зарын дагуу холбогдож баталгаа гаргуулсан. 2014 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр ...... банкинд 135.500.000 баталгаа гаргуулж Иргэний ерөнхий газарт өгсөн боловч уг баталгааг шаардлага хангахгүй байна гэсэн үндэслэлээр буцаасан. Дахин өөр хүнд хандаж баталгаа гаргуулж Иргэний нисэхийн ерөнхий газраас 135.500.000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт хүлээн авсан. 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн байцаагч Л.Г надад хэлэхдээ чиний хэргийг хэрэгсэхгүй болгох гэж байгаа. Хуурамч баталгаа гаргасан этгээд чинь олдохгүй байгаа учир чи энэ асуудлаа хүлээн зөвшөөр, хуурамч баталгаа гаргасан асуудлын хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд цугт нь нийлүүлээд хэрэгсэхгүй болгоё гэж надад хэлсний дагуу тухайн асуудлыг хүлээн зөвшөөрсөн. Уг нь хуурамч баталгааг би хийгээгүй. Зарын дагуу хүнээр баталгаа гаргуулсан. Тухайн үед хуурамч баталгаа гаргасан гэдгийг мэдээгүй. ОХУ-ын хэд хэдэн компаниас аспалтен замын завсарын чигжээс, мастек, будаг, будаг шингэлэгч зэрэг материалыг хувааж авахаар болсон. ОХУ-аас бараа бүтээгдэхүүн нийлүүлэх ажлыг Ч.М хариуцан ажиллаж байсан. Ч.М ОХУ-ын компаниудтай харилцаад гэрээ байгуулчихлаа гэж надад хэлсэн. Үүний дагуу Иргэний нисэхийн ерөнхий газраас гэрээний урьдчилгаа төлбөрт авсан 135.500.000 төгрөгийг Ч.М-д өгсөн. Би “.......” ХХК-тай будаг нийлүүлэх талаар гэрээ, хэлцэл байгууллахаар тохиролцсон боловч урьдчилгаа төлбөр 135.500.000 төгрөгийг Ч.М руу шилжүүлсэн учир будгийг худалдан авч чадаагүй. Манай компанид бараа бүтээгдэхүүн нийлүүлэх талаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан аж ахуй нэгж байгууллагыг хууран мэхлэх, залилах санаа сэдэл байдаггүй. Тухайн үед бизнесийн алдаа гаргаж бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж чадаагүй. Иргэний нисэхийн ерөнхий газартай гэрээ байгуулсан компани цаашид ажил авахад хялбар байдаг учраас ашиг харалгүй гэрээг байгуулж биелүүлэх зорилготой ажиллаж байсан ч санхүүгийн боломжгүй нөхцөл байдлын улмаас ийм байдалд хүрсэн. Иргэний нисэхийн ерөнхий газраас авсан 135.500.000 төгрөгнөөс хувьдаа зарцуулаагүй. Тухайн үед Хан-Уул дүүргийн гүүрэн гарцан дээр ажиллаж байсан бөгөөд санхүүгийн шаардлагын улмаас 2014 оны 4 дүгээр сарын 17-ны “........” банк бус санхүүгийн байгууллагад байраа барьцаанд тавьсан. Намар нь байраа бусдад зарж борлуулсан. Иргэний нисэхийн ерөнхий газраас авсан 135.500.000 төгрөгийг ОХУ-аас бараа бүтээгдэхүүн нийлүүлэх ажил хариуцаж байсан Ч.М-д өгсөн. Ойрын хугацаанд Иргэний нисэхийн ерөнхий газрын хохирлыг барагдуулна гэж бодож байгаа. Хохирлыг Ч.М-с гаргуулах хүсэлтэй байна...Төв, орон нутгийн аеродромуудын урсгал засвар болон 2014-2015 оны өвлийн ашиглалтын ажилд шаардлагатай засварын материалуудыг нийлүүлэх гэрээг байгуулсан...2014 оны 9 дүгээр сарын 05-наас 2014 оны 10 дугаар сарын 10-ны хооронд бараа материал нийлүүлэх ёстой байсан...“........” ХХК-ийг төлөөлж би гэрээг байгуулсан...Тухайн үед манай компани санхүүгийн хүндрэлтэй байсан тул банкны баталгаа байршуулна гэх зарын дагуу хүнд хандаж уг баталгааг гаргуулсан...Иргэний нисэхийн ерөнхий газраас 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэрээ цуцлагдсан талаар мэдэгдсэн...н.Х нь Архангай аймаг дахь барилгын ажлыг хариуцаж байсан. Түүн рүү 100.000.000 гаруй төгрөг шилжүүлсэн байдаг. Уг барилгаас мөнгө төгрөг авч чадаагүй байна...Бараа нийлүүлэлтийн ажил хийгдсэн байгаа. Ойрын хугацаанд мөнгө орж ирэх төлөвлөгөөтэй байгаа...50.000.000 төгрөгөөр байраа чөлөөлөөд мөнгийг нь буцааж хийсэн. ОХУ-ын компаниудтай гэрээ байгуулчихлаа гэж хэлэхээр нь 135.500.000 төгрөгийг итгэлцлийн байдлаар Ч.М руу шилжүүлсэн...Нийт 101.000.000 сая төгрөгийн санхүүжилт орж ирэх ёстой. Үлдсэн мөнгийг бусдаас зээлэх байдлаар хохирлыг төлж барагдуулах боломжтой гэж үзэж байна...Хохирогч байгууллагаас уучлалт гуйж байна. Өнгөрсөн жилүүдэд эдийн засгийн болон ар гэрийн нөхцөл байдалд боломжгүй байсан. Энэ жил хийсэн гүйцэтгэсэн болон гүйцэтгэж байгаа гэрээний үр дүнд хохирол төлбөрийн тодорхой хувийг босгож, үлдсэн мөнгийг найз нөхдөөсөө зээлж хохирлыг барагдуулсан. Цаашид бусдад төлөх өр, зээл ихтэй байгаа. Мөн ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж сонгох санкцын хамгийн бага торгуулийн ялыг оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Иргэний нисэхийн ерөнхий газар төв орон нутгийн 2014-2015 оны өвлийн ажилд шаардлагтай засварын материалуудыг 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “........” ХХК-аас нийлүүлж авахаар байсан. ТББ/Б-08/14 тоот гэрээ 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан байдаг. Тендерийн баримт бичигт заасны дагуу урьдчилгаа төлбөрийн баталгаа авах эрхтэй байсан. Гэрээний үүргээ биелүүлэхийн тулд урьдчилгаа төлбөр шаардлагатай байна гэсэн хүсэлтийг Иргэний нисэхийн ерөнхий газарт ирүүлсэн. Манай байгууллага урьдчилгаа төлбөр авахын тулд банкны баталгаа гаргуул гэж хэлсэн байдаг. Тухайн гүйцэтгэлийн үнийн дүнтэй тэнцэх хэмжээний мөнгө, болон өөрсдийн өмчлөлийн хөрөнгөөр баталгаа байршуулдаг. Т.Б-н гаргаж өгсөн 221 дугаартай банкны баталгаанд ...... банкны ТБ урт цагаан ТТ салбарын захирал Ж.Э гэсэн гарын үсэгтэй “.......” ХХК 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн ИНЕГ/ТББ/Б-08/14 тоот төв болон орон нутгийн аэродромуудын 2014 оны урсгал засвар болон 2014-2015 оны өвлийн ашиглалтын ажилд шаардлагатай байгаа 35 тонн мастек, цагаан будаг 6.5 тонн, шар будаг 2.5 тонн, шингэлэгч 5 тонн, цацруулагч 1.5 тонн, бетон хучилтын түргэн засварын материал 4 тонн, хучилтын заадас чигжээс 5000 метр урт материалуудыг нийлүүлэх гэрээний ерөнхий нөхцөлийн 48 дугаар зүйлийн дагуу хүлээсэн үүргээ амжилттай биелүүлэхээ баталж Иргэний нисэхийн ерөнхий газрын өмнө хариуцлага хүлээж 135.500.000 төгрөгийн банкны баталгаа ирүүлэхтэй холбогдуулаад ....... банк гүйцэтгэгчийн нэрийн өмнөөс 135.500.000 төгрөгөөс хэтрэхгүй мөнгөн дүнтэй төлбөрийг захиалагчийн өмнө хариуцаж, гүйцэтгэгч гэрээний үүргээ зөрчсөн тухай захиалагчийн бичгээр гаргасан анхны шаардлагыг хүлээн авсан даруй үл маргалдах журмаар энэхүү төлбөрийг хийх үүрэг хүлээж батлан даалт гаргаж байна. Захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээний нөхцөл болзол, түүний дагуу гүйцэтгэх ажил, гэрээний бичиг баримтад оруулж болох аливаа өөрчлөлт, нэмэлт нь энэ батлан даалтын дагуу банкны хүлээсэн үүргийг хөндөхгүй ба дээрх өөрчлөлт, нэмэлтийн талаарх аливаа мэдэгдлийг ирүүлэх шаардлагагүй. Энэхүү баталгаа нь гэрээний нөхцөлийн дагуу захиалагчид дээр дурдсан дүнтэй ижил төлбөр эргэн төлөгдөх өдөр хүртэл хүчинтэй гэж байгаа. Дахиад 222 дугаартай 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргасан тухай баримтыг Иргэний нисэхийн ерөнхий газарт ирүүлсэн бөгөөд уг албан бичгүүдэд үндэслэж 2014 оны 9 сарын 26-ны өдөр “.........” ХХК-ийн ..... банкны данс руу 135.500.000 төгрөгийг шилжүүлсэн. 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нийлүүлэх байсан бараа материал 2014 оны 12 дугаар сар болтол ирээгүй учир 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэрээ цуцлах талаар “......” ХХК-д шаардлага хүргүүлсэн. Гэрээ цуцлах мэдэгдэл гаргасан өдөр мөн ...... банкинд урьдчилгаа төлбөрийн баталгаанаас байгууллага хохирлоо барагдуулахаар албан бичиг явуулахад ...... банкны 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 311 тоот албан бичгээр хуурамчаар үйлдсэн баримт бичиг байна гэсэн хариу ирүүлсэн. Тэр үед манай байгууллагыг “........” ХХК залилсан болохыг мэдсэн. 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэст хандсан. Үүнээс хойш “......” ХХК-д манай байгууллагыг хохиролгүй болгооч гэж удаа дараа хэлж байсан. Ч.М-тай ийм холбоотой байсан асуудлаа өмнө нь ярьж байгаагүй. Гомдлын шаардлагаа дэмжиж байна. Манай байгууллагын хохирлыг яаралтай гаргаж өгнө үү...Шаардлагатай болон эргэлзээ бүхий нөхцөл байдал байвал банкны баталгааг шалгадаг...Зарим тохиолдолд мэдээлэл ирдэг бөгөөд манай байгууллагад тендерийн баримт бичиг хүлээн авах боловсруулах тасаг байдаг бөгөөд байнга компаниудтай харилцаж банкны баталгаа хуурамч байх магадлалтай гэсэн мэдээлэл ирвэл шалгадаг. Мөн тухайн компани нь эдийн засгийн хувьд урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргах чадваргүй гэх эргэлзээ гарвал шалгадаг...Тендерт оролцох шаардлага хангасан учир гэрээ байгуулсан...Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтэнд байршуулсан баримт татварын бичиг, сүүлийн 2-3 жил хийсэн ажлын жагсаалтад тулгуурлаж санхүүгийн чадвартай гэж үзсэн...Захиалсан бараа бүтээгдэхүүнээ худалдаж авахад нь урьдчилгаа төлбөр болгож өгсөн...Т.Б нь Иргэний нисэхийн ерөнхий газраас урьдчилгаа төлбөрийн мөнгө авахын тулд бусдад мөнгө өгч хуурамчаар баталгаа гаргуулсан. Мөн уг мөнгийг гэрээний үүрэг биелүүлэхэд бус өөр зүйлд захиран зарцуулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Иймд хохирогч байгууллагын зүгээс Т.Б-с 135.500.000 төгрөгөө гаргуулж авах нэхэмжлэлээ дэмжиж байна...Тендер шалгаруулалт нь төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу хоёр удаа тендер шалгаруулалт явагдаж амжилтгүй болсон бөгөөд тухайн хуулийн 34 дүгээр зүйлд гэрээг шууд байгуулах аргыг хэрэглэж болно гэж заасан байдаг. Тендер шалгаруулалтыг ажлыг улирал болгон дотоод аудит шалгадаг. Жилд нэг удаа гадны аудитын байгууллага ирж шалгадаг. Тухайн байгуулсан гэрээг хуульд, нийцээгүй, хүчин төгөлдөр бус гэрээ гэх эрх бүхий байгууллагын шийдвэр өнөөдрийг хүртэл ирээгүй байна. Хүчин төгөлдөр бус гэрээний үр дагавар нь өгсөн авсан зүйлээ буцаах байдаг. Манай байгууллагаас санал гарган харилцан тохиролцсоны үндсэн дээр “......” ХХК-тай гэрээ байгуулсан. Урьдчилгаа төлбөр авахын тулд банкны баталгаа авчир гэж хэлсэн болохоос хүнд мөнгө өгөөд хуурамч банкны баталгаа авчирч өг гэж хэлээгүй. Үүнийг санаатай үйлдэл гэж үзэж байна. Хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг гардаж авснаас хойш Т.Б-тай уулзаж миний гомдол гаргах хугацаа дуусахаас өмнө хохирлоо барагдуулвал гомдол гаргахгүй гэж хэлэхэд үүргээ огт биелүүлээгүй. Ч.М, Т.Б хоёрын хоорондын мөнгөтэй холбоотой асуудлыг иргэний маргаан гэж үзэж байна...Хохирол төлбөр барагдуулсан учир гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг нь сонгох санкцтай бөгөөд Т.Б-д хамгийн хөнгөн ял шийтгэлийг оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
3. Иргэний нисэхийн ерөнхий газрын хууль эрх зүй, дүрмийн боловсруулалтын газрын дарга З.Т-с Цагдаагийн газарт хандаж гаргасан хүсэлт /1хх-ийн 4/
4. Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1хх-ийн 11-13/
5. “.......” ХХК-ийн ..... банкны ........ дугаартай дансны хуулга /1хх-ийн 149/
6. ИНЕГ-т материал нийлүүлэх ИНЕГ/ТББ/Б-08/14 дугаартай гэрээ /1хх-ийн 180-196/
7. Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...“.......” ХХК-ийн данс руу “Чингис хаан” олон улсын нисэх буудлын данснаас 135.500.000 /нэг зуун гучин таван сая таван зуун мянга/ төгрөгийг шилжүүлэн өгсөн...ямар ч материал нийлүүлээгүй, ямар ч мөнгө төлж барагдуулаагүй...одоо “........” ХХК-ийн захирал Т.Б-с 135.500.000 /нэг зуун гучин таван сая таван зуун мянга/ төгрөгийн хохирлоо төлүүлж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 143-145, 5хх-ийн 142-143, 215/
8. Гэрч П.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хувьд Хөрөнгө оруулалтын тасгийн ахлах эдийн засагчаар ажиллаж байгаа бөгөөд “.........” ХХК-тай холбоотой тендерийн асуудлыг сайн мэдэхгүй. Энэ компанитай манайх “Төв орон нутгийн аэродромуудын урсгал засвар болон 2014-2015 оны өвлийн ашиглалтын ажилд шаардлагатай засварын материал нийлүүлэх”-ээр гэрээ байгуулсан байсан. Тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга П.Х-т “.......” ХХК-иас Төрийн банкны урьдчилгаа төлбөрийн баталгаа болон Урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргуулсан нь үнэн гэсэн тодорхойлолтын хамт өгсөн байсан учраас би гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн баримт дээр гарын үсэг зурсан. Тухайн баримт дээр н.Э, н.С дарга /хянасан/ санхүүгийн газрын дарга гарын үсэг зураад танилцсан мөнгийг шилжүүлэх шийдвэр гарч нягтлан дээр шилжсэн. Мөнгөний эх үүсвэр нь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын урсгал засварын төсөвт суугдаж батлагдсан байдаг болохоор тэр мөнгөнөөс шилжүүлэгдсэн юм. Гэрээний хугацаа дуусаад 2 сар болоод манайх гэрээгээ цуцлая гэхэд Наушки өртөөн дээр бараа нь явж байгаа жаахан харзная гэсэн, тэгээд бүтэхгүй болохоор нь банкны баталгааны мөнгөө эргүүлээд татахаар банк руу бичиг явуулсан чинь ...... банкны ...... тооцооны төвөөс лавлахад манай тооцооны төвөөр ийм их хэмжээний буюу 135.500.000 /нэг зуун гучин таван сая таван зуун мянга/ төгрөгийг баталгаа гаргаж өгдөггүй. Манай төв банкнаас гаргаж өгдөг гэсэн бөгөөд танай албан бичиг манайд ирсэн учраас дээрх мөнгийг шилжүүлсэн гэхэд тэр эмэгтэй манайхаас явуулсан гээд байгаа бичгээ манайх руу явуулчих, төв банкны дотоод аудитын газар явуулаад тэндээс шалгаад хариу өгье гэсэн. Баримт бичгийг факсаар явуулахад манай тооцооны төвийн захиралын гарын үсэг биш байна гэсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 36-37, 4хх-ийн 149-151/
9. Гэрч Ц.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ИНЕГ-аас “Төв орон нутгийн аэродромуудын урсгал засвар болон 2014-2015 оны өвлийн ашиглалтын ажилд шаардлагатай засварын материал нийлүүлэх”-ээр “.......” ХХК шалгарсан гэж байсан бөгөөд энэ компаний урьдчилгаа төлбөр 135.500.000 /нэг зуун гучин таван сая таван зуун мянга/ төгрөгийг манайхаас шилжүүл гэсэн үүргийг ИНЕГ-аас даасгасны дагуу манай данснаас 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “.......” ХХК-ийн .... банкны ........ дугаарын төгрөгийн данс руу шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 39-40, 4хх-ийн 155-156/
10. Гэрч П.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...“.......” ХХК-ийн захирал нь манайхыг утсаар ярихаар утсаа ерөөсөө авахгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 41-42, 4хх-ийн 146-148/
11. Гэрч Ж.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.........” ХХК 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр манай банкинд ........ дугаарын төгрөгийг данс нээж, энэ мөнгөө 1 хоног байршуулаад буцаагаад авсан байсан. 2014 оны 12 дугаар сарын 24-нд ИНЕГ-аас ТБ/Б-08/14 тоот гэрээг цуцалж байгаатай холбогдуулан танай банкинд байршуулсан урьдчилгаа төлбөрийн баталгаа болох 135.500.000 /нэг зуун гучин таван сая таван зуун мянга/ төгрөгийг ИНЕГ-ын ........-ны ...... тоот дансанд шилжүүлнэ үү гэсэн 01/3075 албан бичиг ирсний дагуу тухайн урьдчилгаа төлбөрийн баталгаа болон албан тоотыг манайх руу явуулсан. ИНЕГ-аас ирсэн, манайхаас явуулсан гээд байгаа бичигт зурсан гарын үсэг нь миний гарын үсэг биш байсан. Бид эргээд 2014.12.26-ны өдөр ИНЕГ-т 311 тоот албан бичгээр танайхаас ирсэн албан бичиг болон цахим шуудангаар ирсэн ....... банкны 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 221, 222 урьдчилгаа төлбөрийн баталгаанууд нь ...... банкны баталгаат бичиг бус хуурамчаар үйлдэгдсэн баримт бичиг болохыг мэдэгдье гэсэн албан бичгийг хүргүүлсэн. Би 2014 оны 9 дүгээр сарын 15-19-ний өдрийн хугацаанд сургалтанд сууж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 43-44/
12. Гэрч Ч.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...“.......” ХХК-ийн захирал Т.Б нь 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдөр “.......” ББСБ-аас 50.000.000 /тавин сая/ төгрөгийн зээлийг 4 сарын хугацаантай авсан. 2017 оны 7 дугаар сард зээлийн хугацаа дууссан боловч зээлээ төлж барагдуулах боломжгүй байгаа учраас зээлийн хугацааг 2 сараар сунгаж өгөхийг хүссний дагуу сунгаж өгсөн. 2014 оны 9 дүгээр сард зээлийг бүрэн төлж барагдуулсан. Т.Б нь өөрийнхөө амьдарч байсан байраа найздаа зараад төлж байгаа гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 45-46, 5хх-ийн 156-158/
13. Гэрч П.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хөрөнгө оруулалтын албаны мэргэжилтэн нь тендерээ зарлаад шалгарсан байгууллагынх нь материалыг надад ирүүлдэг юм. Тухайн үед “........” ХХК нь манайд бараа материал нийлүүлэх тендерт шалгарсан бөгөөд би ээлжийн амралтаа авч байсан учир инженер Н-т материалыг хүлээлгэж өгсөн. “.......” ХХК нь хугацаандаа бараа материалаа нийлүүлээгүй байсан. Энэ компани нь банкны баталгаа гаргуулж урьдчилгаа 135.500.000 /нэг зуун гучин таван сая таван зуун мянга/ төгрөг авсан талаар яригдаж байсан...н.Н-с энэ байгууллагын материалыг хүлээгээд авсан байгаа...“........” ХХК-ийн захирал нь манайх ОХУ-д олон улсаас хориг тавьсантай холбоотой ажил саатаад байна гэж байсан...Одоо хүртэл “........” ХХК ямар нэг бараа материал нийлүүлээгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 48, 4хх-ийн 152-154/
14. Гэрч Д Ш А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...“........” ХХК-ийн захирал Т.Б-тай засварын материалын гэрээ байгуулаагүй, тухайн байгууллагын хаяг руу бараа бүтээгдэхүүн нийлүүлээгүй...“.......” ХХК-иас “.......” ХХН дансанд мөнгө шилжүүлээгүй болно...” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 211-213/
15. Гэрч Г Р С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Монгол улсын иргэн Ч-н М гэх хүнийг танихгүй. “......” ХХК болон “......” ХХК-ийн хооронд 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр №147 дугаартай гэрээг байгууулах үед байгаагүй. Тухайн гэрээг 2 талууд цахим шуудангаар гарын үсэг зурахыг би санал болгосон. “......” ХХК-иас “.......” ХХК руу явуулсан нэхэмжлэлийн скриншот зэрэг материалыг мэдүүлэгтээ тусгуулахыг хүсэж байна...” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 15-17/
16. Гэрч А Л Р-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр “..........” ХХК нийлүүлэгч, “.......” ХХК-ууд №147 гэрээнд гарын үсэг зурсан. Тухайн гэрээнд “......” ХХК нийлүүлэгч, “......” ХХК худалдан авагч болсон. Гэрээнд гарын үсэг зурсны дараа “......” ХХК мөнгөө шилжүүлээгүй ба худалдан авагчийн талаас гэрээний нөхцлөө биелүүлээгүй тул “......” ХХК гэрээгээ цуцалсан...” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 72-73/
17. Гэрч Я А И-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2014 оны 9 дүгээр сард манай компани руу “......” ХХК төлөөлөгч нийт 93828 рублийн үнэ бүхий 15 хайрцаг 50,80 мм диаметртэй уплотнительный шнур, 217404 рублийн үнэ бүхий 33 хайрцаг 31, 74 мм диаметртэй уплотнительный шнур, 1995000 рублийн үнэ бүхий 35000 кг Битумнополмерный герметик бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулахыг хүсэн утсаар холбоо барьж хандсан. Нийлүүлэгчээр “.......” ХХК-ийн ерөнхий захирал Г Д А, худалдан авагчаар “.......” ХХК-ийн ерөнхий захирал М нар №147 тоот гэрээ байгуулсан. “.......” ХХК-иас 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр №15256 нэхэмжлэлийг илгээсэн боловч “.......” ХХК нь “.......” ХХК-ийн тооцооны данс руу нийт 2,306,232 рублийг шилжүүлэх ёстой байсан. 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл “......” ХХК-ийн дансанд “.......” ХХК-иас тооцоо хийгдээгүй тул гэрээ цуцалсан. “......” ХХК-д бараа зараагүй ба тэдний хаяг руу юу ч илгээгээгүй болно...” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 74-76/
18. Гэрч Г Д А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...“ .......” ХХК төлөөлөгч нийт 93828 рублийн үнэ бүхий 15 хайрцаг 50,80 мм диаметртэй уплотнительный шнур, 217404 рублийн үнэ бүхий 33 хайрцаг 31, 74 мм диаметртэй уплотнительный шнур, 1995000 рублийн үнэ бүхий 35000 кг Битумнополмерный герметик бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулахыг хүсэн манай байгуулага руу хандсан. Нийт 2,306,232 рублийг шилжүүлэх ёстой байсан. Тооцоо хийгдээгүй тул гэрээ цуцалсан. “.......” ХХК-д бараа зараагүй ба тэдний хаяг руу юу ч илгээгээгүй болно...” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 77-79/
19. Гэрч Г.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2014 оны 9 дүгээр сард Т.Б-с 100.000.000 /нэг зуун сая/ төгрөг авч зарцуулсан асуудал байхгүй. Би тэр үед компаний дансанд орж ирсэн мөнгийг ярилцаад зарцуулж байсан. Би тэр үед компаний дансанд орж ирсэн мөнгө төгрөгийн асуудлаас болж Т.Б-с тухайн үед 100.000.000 /нэг зуун сая / төгрөг авсан гэж мэдүүлсэн байна. Би барилгын ажлыг хариуцаж байсан болохоор тухайн үед ингэж мэдүүлсэн байна. Мөнгө төгрөг дансаар орж гарч байсан. Тэрнээс биш Т.Б-с бэлнээр болон дансаар 100.000.000 /нэг зуун сая/ төгрөг авсан асуудал байхгүй. ...... аймгийн ....... суманд баригдаж байсан сургуулийн барилга, 120 мянгатын гүүрэн гарцыг санхүүжүүлэх, ажилчдын цалин хөлс тавих, материал худалдан авах зардал гээд мөнгө төгрөгийн хэрэгцээ их байсан болохоор Т.Б хүртэл надад 100.000.000 /нэг зуун сая / төгрөг өгөх бололцоо байгаагүй. Миний саяын өгсөн мэдүүлэг үнэн зөв. Надад энэ 100.000.000 /нэг зуун сая/ төгрөг өгөөгүй гэдгээ мэдэж байгаа байх...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 51-52, 5хх-ийн 216-217/
20. Гэрч Ц.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.Б надад ОХУ-ын “.......” ХХК руу шилжүүл гэж 135.500.000 /нэг зуун гучин таван сая таван зуун мянга/ төгрөг өгсөн асуудал байхгүй. Би ОХУ-руу наймаа хийдаг хүнээр мөнгө төгрөг өгүүлсэн асуудал байхгүй...Би ОХУ-ын “......” ХХК руу тээврийн мөнгө гэж 30 орчим сая төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгө нь бараа материалын мөнгө төгрөг биш байсан. Энэ шилжүүлсэн мөнгөөр тээврийн зардал хийн шатаах зуух оруулж ирэх гэж байсан. Шатаах зуух нь тээвэрлэгдэж Монгол улсад орж ирсэн. “.......” ХХК-иас шилжүүлсэн 30 орчим сая төгрөг нь дээрх 135.500.000 төгрөгтэй холбоогүй байх. Мөнгөний эх үүсвэр нь хаанаас гарсан эсэхийг мэдэхгүй байна. Т.Б нь Орос хэлний мэдлэг муутай болохоор надаар зуучлуулан холбогдож шатаах зуух оруулж ирсэн. Т.Б болохоор надаар шилжүүлэг хийлгэсэн 30 сая төгрөгийн асуудалтайгаа андуураад 135,500,000 төгрөгийг өгч ОХУ-д наймаа хийдэг хүнээр ОХУ-ын “.......” ХХК, “.......” ХХК, “НПО Гранит” ХХК руу өгүүлсэн асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 220-221, 222-223/
21. Гэрч Л.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2013 оны 10 дугаар сараас эхлэн Иргэний нисэхийн ерөнхий газрын Санхүү эдийн засгын газрын даргаар 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлл ажилласан. Одоо өөр газар ажиллаж байна...Байгууллагын мэргэжлийн хэлтэс болон хуулийн хэлтсээр гэрээ баталгаажсан үед би ИНЕГ-ын санхүүг төлөөлж гэрээн дээр гарын үсэг зурдаг. Гэрээний нарийн ширийн зүйлийг мэргэжлийн хүмүүс ажиллаж байдаг бөгөөд нарийн бичгийн дарга нь мэдэх ёстой. Гэхдээ тухайн нарийн бичгийн даргын ажил үүргийн хуваарьт банкнаас эргэж нягтлан үзэх талаар заасан зүйл байдаггүй...Би тэр талаар мэдэхгүй байна. Нарийн бичгийн дарга л энэ талаар сайн мэдэж байгаа байх. Гэрээ байгуулах урилгыг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын нэрээр өгдөг. Тэгсэн тохиолдолд нөгөө байгууллага ирж гэрээ байгуулах ёстой. Тийм зарчмаар гэрээ хийгдсэн байх гэж бодож байна...Тухайн компани нь бага үнийн санал өгсөн тохиолдолд тухайн байгууллагатай гэрээ байгуулах саналаа манайх бичгээр гаргасан байх ёстой. Тэр дагуу тухайн байгууллагад гэрээний эрх нь үүсч байгаа юм, надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 226-227/
22. Шинжээчийн №466 дугаартай дүгнэлт, зургийн үзүүлэлт:
-....... банкны 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн ИНЕГ-т хаягласан “Урьдчилгаа төлбөрийн баталгаа /банкны батлан даалт/” гэсэн гарчигтай 221 дугаартай албан бичиг, 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн ИНЕГ-т хаягласан “Урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргасан тухай” гэсэн гарчигтай 222 дугаартай албан бичгүүд нь хуурамч.
-Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг албан бичиг дээр дарсан тэмдгийн дардас нь загварт ирүүлсэн тэмдгийн дардастай тохирохгүй өөр бараар дарсан байна.
-Гарын үсгийн адилтгалын шинжилгээнд чөлөөт болон туршилтын загварыг шинжилгээний шаардлага хангахуйц байдлаар ирүүлсэн тохиолдолд дүгнэлт гаргах боломжтой. /1хх-ийн 54-58/
23. Шинжээчийн №676 дугаартай дүгнэлт:
-Шинжилгээнд ирүүлсэн 221, 222 тоот албан бичиг гэх зүйлүүдийн хуудасны доод хэсэгт байх /Ж.Э/ гэсэн бичигний урд хэсэгт байх гарын үсгүүд нь Төрийн банкны Урт цагаан тооцооны төвийн захирал Ж.Э-н гэх гарын үсгийн загваруудтай бүтцээрээ тохирохгүй байна.
-Шинжилгээнд ирүүлсэн 221, 222 тоот албан бичиг гэх зүйлүүдийн хуудасны доод хэсэгт байх /Ж.Э/ гэсэн бичигний урд хэсэгт байх гарын үсгүүдийг хөх өнгийн будагчтай бичигч хэрэгсэл хэрэглэн бичсэн байна. /1хх-ийн 67-70/
24. Шүүгдэгч Т.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Манай компани ИНЕГ-аас зарласан тендерт 2014 оны 7 дугаар сард сонин дээр гарсан зарын дагуу холбогдох материалаа бүрдүүлэн тендерт оролцсон юм...Тухайн тендерт...манай компани...шалгараагүй талаар албан бичиг ирүүлсэн...Түүний дараа ИНЕГ-ын тендер хариуцаж байсан мэргэжилтэн нь утсаар яриад манай байгууллага дээр ирж уулзаач гэсэн. Тэр дагуу нь 2014 оны 8 дугаар сарын сүүлчээр би ИНЕГ-т ирж уулзахад...манайх 2 удаа тендер зарласан боловч хоёулаа хүчингүй болсон...Дээрх хуулийн дагуу оролцсон компаниудаас бага үнийн саналтай байгууллагаас нь саналыг нь авч шууд гэрээ байгуулах санал тавьсан...Тухайн нийлүүлэх бараа материалын тоо хэмжээг багасгахаар тохиролцсоны дагуу гэрээг байгуулсан. Гэрээний дагуу манайхаас менежер н.М ОХУ-ын ........ компаниас замын чигжээс, мастик 3,5 тонныг авахаар гэрээ байгуулсан бөгөөд гэрээний урьдчилгаа төлөөгүй байсан. Мөн ....... ХХК-тай будаг, гэрэлтүүлэгч нийлүүлэх гэрээ байгуулсан юм...гэрээ байгуулсны дараа гэрээний дагуу ИНЕГ-аас гэрээний нийт үнийн дүнгийн 40 хүртэл хувийн урьдчилгаа олгоно гэж заасны дагуу 135.500.000 төгрөгийг манайд шилжүүлэхээр болсон бөгөөд энэ мөнгийг шилжүүлэхийн өмнө банкны баталгаа шаардсан. Тухайн үед манай компанид бэлэн мөнгө байгаагүй...авлага байсан боловч...мөнгө нь орж ирэх боломжгүй байсан учраас би банкны баталгаа гаргадаг хүмүүстэй уулзсан...тэр баталгаа гаргасан хүн нь манай дансанд 135.500.000 төгрөг хийсэн боловч хүү нь маш өндөр байсан учраас бид тохиролцоогүй болохоор...мөнгөө буцаагаад авсан юм. Тэгээд би тэр өдрөө зар мэдээ сонин дээрээс банкны баталгаа гаргана гэсэн хүмүүстэй уулзаж байгаад тэр хүний утасны дугаарыг олж авсан бөгөөд нэг хүнтэй утсаар холбогдож байгаад уулзаад өмнөх болсон асуудлаа хэлсэн бөгөөд тэгэхэд би ингэж гаргаж өгөх боломжтой... ..... банканд таньдаг хүн байгаа. Би бичгийг нь хийж өгье гэсэн. Тэр бичиг нь 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөр огноолсон байсан бөгөөд тэр өдрөөс 2-3 хоногийн өмнө анх тэр хүнтэй уулзаж маргааш нь бичиг хийж өгсөн...ИНЕГ-т өгсөн 221, 222 дугаартай албан бичгүүдийг авч ИНЕГ-ын холбогдох ажилтанд хүлээлгэж өгсөн. Бичиг хүлээлгэж өгснөөс хойш 2-3 хоногийн дараа манай ...... банкны дансанд ИНЕГ-аас 135.500.000 төгрөг орж ирсэн. Энэ мөнгөнөөс 30-аад сая төгрөгийг ОХУ руу шилжүүлсэн. Мөн миний байр барьцаанд байсан учраас би түүнийг суллаж аваад...дахиж барьцаанд тавьсан. Үлдсэн мөнгө нь манай найз нар .......-д сургуулийн барилга барьж байсан болохоор түүнд түр хугацаатай мөнгө хэрэгтэй байна гэсэн учраас нэг сарын хугацаатай зээлдүүлсэн...манай найз нар нийлээд тэр барилгын ажлыг хийж байсан бөгөөд дараагийн санхүүжилт нь орж ирэх дөхсөн байсан...боловч тухайн мөнгө нь орж ирэхгүй, яг гэрээ байгуулсан компани нь...өөр компани байсан болохоор бид нарын ярьж байсан ажил бүтээгүй юм...миний хувьд энэ гэрээний дагуу бараа нийлүүлэх боломж байсан. Оросын тал болохоор шууд 100 хувь төлбөрөө төлсний дараа барааг ачуулна гэсэн...мөнгөө авчих юм бол л яаралтай төлж барагдуулна...Нэгэнт гэрээ байгуулсан болохоор бараа материал нийлүүлэх мөнгө төгрөг олоод ажлаа хийе гэж бодож байсан. Санхүүгийн хүндрэлтэй байдлаас болоод ИНЕГ-аас авсан мөнгө төгрөгийг төлж чадахгүй яваад байгаа юм....135.500.000 төгрөгийг төлье гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 86-88, 5хх-ийн 238-239, 240-241/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Б нь урьд 2002 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 276 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж 1 жилээр хянан харгалзсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар зэрэг /1хх-ийн 98, 101-102, 5хх-ийн 242/-ээр тогтоогдлоо.
1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн б-д “тэнсэгдсэн этгээд шүүхээс тогтоосон хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй бөгөөд уг хугацаанд ял тэнссэнийг хуульд заасан өөр үндэслэлээр хүчингүй болгоогүй” гэж зааснаар шүүгдэгч Т.Б-н ял шийтгэлгүй болох 2 жилийн хугацаа /тэнссэн/ 2004 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр дууссан байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Т.Б нь 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газартай ИНЕГ/ТББ/Б-08/14 дугаартай “Төв, орон нутгийн аеродромуудын урсгал засвар болон 2014-2015 оны өвлийн ашиглалтын ажилд шаардлагатай засварын материалуудыг нийлүүлэх” тухай гэрээ байгуулан, гэрээний урьдчилгаа санхүүжилтийг авах зорилгоор “....... банканд 135.500.000 төгрөг байршуулсан буюу урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргасан” тухай тус банкны 221, 222 дугаартай хуурамч албан бичгүүдийг ашиглан дээрх гэрээний урьдчилгаа төлбөр болох 135.500.000 төгрөгийг шилжүүлэн авч зориулалтын бусаар буюу өөрийн байрыг барьцаанаас чөлөөлөх, өөр ажил үйлчилгээнд зарцуулах зэргээр ашиглаж Иргэний нисэхийн ерөнхий газарт 135.500.000 төгрөгийн хохирол учруулсныг хуурч, баримт бичиг ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Т.Б-г хуурч, баримт бичиг ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын зорилгыг “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тодорхойлсон бөгөөд “эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт хуульчилсан байна.
Тиймээс шүүхээс шүүгдэгч Т.Б-д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Т.Б-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч байгууллагад учруулсан 135.500.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С-н өгсөн “...Хохирол төлбөр барагдуулсан...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй байна...Т.Б-д хамгийн хөнгөн ял шийтгэлийг оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүгдэгчийн хувийн байдал /....../ зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан торгох /10.000-40.000 нэгж/, хорих /2-8 жил/ гэсэн сонгох ялуудаас торгох ял буюу 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.
Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж хуульчилсан бөгөөд энэ нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд төлөөгүй буюу биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын саналыг үндэслэн хуульд заасан журмаар хорих ялыг биечлэн эдлүүлдэг хууль зүйн үр дагавартай болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг диск, ....... банкны 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 221, 222 дугаартай албан бичгүүд зэргийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн шүүгдэгч Т.Б-н эзэмшлийн ...... маркийн ...... улсын дугаартай тээврийг хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Т.Б-д буцаан олгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овогт Т.Б-г хуурч, баримт бичиг ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Н овогт Т.Б-г 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Б-д оногдуулсан 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Т.Б-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Т.Б-д сануулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг диск, ..... банкны 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 221, 222 дугаартай албан бичгүүд зэргийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн шүүгдэгч Т.Б-н эзэмшлийн ..... маркийн ...... улсын дугаартай тээврийг хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Т.Б-д буцаан олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, тогтоол хүчин төгөлдөр болмогц Т.Б-д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР