Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 212/МА2022/00047

 

     А.Д-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Баян-Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2022/00293 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч **** оршин суух А.Д-гийн /РД:**********/ нэхэмжлэлтэй, хариуцагч **** үйл ажиллагаа явуулдаг Баян-Ө аймгийн Ө сумын Засаг дарга /********/-д холбогдох,  

“Баян-Ө аймгийн Ө сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №Б\43 дугаартай “Сэлгэн ажиллуулах тухай захирамжийг хүчингүй болгож, А.Д-г урьд эрхэлж байсан Баян-Ө аймгийн Ө сумын хүүхдийн ** цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэж, 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:   

1.1. Миний бие 2018 оноос эхлэн Ө сумын хүүхдийн ** цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

1.2. 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Ө сумын Засаг дарга Д.Е Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалтыг ноцтой зөрчиж миний зөвшөөрлийг авалгүйгээр өөр ажилд томилсонд гомдолтой байна. Мөн миний бие 6 сартай нялх хүүхэдтэй.

1.4. Иймд А.Д- намайг сэлгэн ажиллуулах тухай Баян-Ө аймгийн Ө сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №Б\43 дугаартай “Сэлгэн ажиллуулах тухай захирамжийг хүчингүй болгож, Баян-Ө аймгийн Ө сумын хүүхдийн ** цэцэрлэгийн эрхлэгчээр эгүүлэн тогтоож өгөх”-ийг хүсэж байна.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1.Ө сумын Хүүхдийн цэцэрлэгүүдийн эрхлэгч нарыг цэцэрлэг хооронд туршлага солилцох, сайн туршлага бий болгох зорилгын хүрээнд Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.8 дахь хэсэгт тусгаж харилцан тохиролцсоны үндсэн дээр сэлгэн ажиллуулж байгаа ба аймгийн болон сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан заалтуудыг хэрэгжүүлэхээр энэхүү ажлыг зохион байгуулж байгаа.

2.2. Сэлгэн ажиллуулах захирамжийн хэрэгжилтийг эрхлэгч нар хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу биелүүлэх үүрэгтэй бөгөөд хэн нэгний эрх зүйн байдлыг нь доордуулсан асуудал байхгүй.

2.3. Эрхлэгч А.Д-д Ө сумын Хүүхдийн ** цэцэрлэгийн ажлыг хүлээлгэн өгөх бөгөөд цаашид цалин хөлс нь тус цэцэрлэгээс цагийн бүртгэлийг үндэслэн бодогдох болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.

 

3. Баян-Ө аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 0** сарын 18-ны өдрийн 130/ШШ2022/00293 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-ийг баримтлан Б.А Д-г Ө сумын ** цэцэрлэгийн эрхлэгчээр сэлгээн ажиллуулсан Баян-Ө аймгийн Ө сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №Б\43 дугаартай Сэлгээн ажиллуулах тухай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Д-г урьд эрхэлж байсан Баян-Ө аймгийн Ө сумын хүүхдийн ** цэцэрлэгийн эрхлэгчээр эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.  

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Ө сумын хүүхдийн цэцэрлэгүүдийн эрхлэгч нарыг хооронд нь сэлгэн ажиллуулах тухай ажил зохион байгуулсан гол зорилго нь цэцэрлэг хооронд сайн туршлага бий болгох, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилго агуулсан.

4.2. А.Д- нь тэс өөр албан тушаалд сэлгэн ажиллаагүй бөгөөд зөвхөн цэцэрлэгийн харьяалал өөрчлөгдсөн бөгөөд эрхэлсэн ажил, хөдөлмөрлөх нөхцөлийн хувьд чанарын ямар нэгэн ялгаа байхгүй, эрх зүйн байдлыг доордуулсан шийдвэр гараагүй.

4.3. А.Д-тай харилцан тохиролцоогүй мэдэгдээгүй гэдэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байгаа бөгөөд хөдөлмөрийн гэрээг сум дундын шүүх тал бүрээс нь судалж, үнэлээгүй явдалд гомдолтой байна.

4.4. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр биш учраас бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Хавтаст хэрэгт ажилтан ажил олгогчдын хооронд харилцан сэлгэн ажиллуулах зөвшөөрсөн талаар нотлох баримт авагдаагүй. Нэхэмжлэгчийн зөвшөөрлийг авахгүйгээр шууд нэг талын санаачилгаар сэлгэн ажиллуулах шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүйгээс гадна Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.12 дахь заалтыг баримталж сэлгэн ажиллуулах тухай шийдвэр гаргасан нь өөрөө хуульд нийцээгүй. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд энэхүү үндэслэл тогтоогдоогүй байсан. Энэ талаар анхан шатны шүүх зөв шийдвэр гаргасан учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна.

 

ХЯНАВАЛ:

 

            6. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж үзээд, давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгч А.Д-гаас “2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Ө сумын Засаг дарга  Д.Е Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалтыг ноцтой зөрчиж миний зөвшөөрлийг авалгүйгээр Ө сумын ** цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд томилсонд гомдолтой, намайг сэлгэн ажиллуулах тухай Баян-Ө аймгийн Ө сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №Б/43 дугаартай “Сэлгэн ажиллуулах тухай” захирамжийг хүчингүй болгож, Баян-Ө аймгийн Ө сумын хүүхдийн ** цэцэрлэгийн эрхлэгчээр эгүүлэн тогтоож өгнө үү гэж анхан шатны шүүхэд гомдол гаргажээ.

8. Ажил олгогч буюу хариуцагчаас “Ө сумын Хүүхдийн цэцэрлэгүүдийн эрхлэгч нарыг цэцэрлэг хооронд туршлага солилцох, сайн туршлага бий болгох зорилгын хүрээнд Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.8 дахь хэсэгт тусгаж харилцан тохиролцсоны үндсэн дээр сэлгэн ажиллуулж байгаа ба аймгийн болон сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан заалтуудыг хэрэгжүүлэхээр энэхүү ажлыг зохион байгуулж байгаа. Сэлгэн ажиллуулах захирамжийн хэрэгжилтийг эрхлэгчид хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу биелүүлэх үүрэгтэй бөгөөд хэн нэгний эрх зүйн байдлыг нь доордуулсан асуудал байхгүй.” гэж маргажээ.

            9. Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу талуудаас гаргаж өгсөн нотлох баримтуудаар нэхэмжлэгч А.Д- нь урьд Баян-Ө аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын  31-ний өдрийн Б/81 дугаартай захирамжаар Ө сумын ** хүүхдийн  цэцэрлэгийн  эрхлэгчээр томилогдон, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ө сумын ** хүүхдийн  цэцэрлэгийн  эрхлэгчээр ажиллаж байсан нь тогтоогджээ. /хавтаст хэргийн 7 дахь тал/

            10. Ажил олгогч Баян-Ө аймгийн Ө сумын Засаг дарга Д.Е нь 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №Б/43 дугаартай “Сэлгэн ажиллуулах тухай” захирамжид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.1.4, 102 дугаар зүйлийн 102.1.1, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.8 дах заалтуудыг тус тус үндэслэн Ө сумын хүүхдийн ** цэцэрлэгийн эрхлэгч А.Д-г Ө сумын 0** цэцэрлэгийн эрхлэгчээр 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сэлгэн ажиллуулжээ.

11. Ажил олгогч ажилтныг сэлгэн ажиллуулахдаа “Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.8 дахь хэсэгт тусгаж харилцан тохиролцсоны үндсэн дээр сэлгэн ажиллуулж байгаа” гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан баримтаар сэлгэн ажиллуулах талаар ажил олгогч ажилтантай тохиролцсон ажилтан хүлээн зөвшөөрсөн талаарх үйл баримт нотлогдон тогтоогдоогүй бөгөөд энэ талаарх анхан шатын шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

12. Ажилтныг сэлгэн ажиллуулах талаар Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/  59 дүгээр зүйлийн 59.1-д “Ажил олгогч ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллага дотроо, харьяа нэгж, салбарын хооронд дараах үндэслэлээр ажилтныг гурван жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно” гэж заажээ. Хуулийн энэ заалтаас үзэхэд ажил олгогч нь ажилтныг сэлгэн ажиллуулахдаа ажилтантай заавал тохиролцсон, зөвшөөрлийг нь авсан байхаас гадна аж ахуйн нэгж, байгууллага дотроо, харьяа нэгж, салбарын хооронд сэлгэн ажиллуулахаас биш өөр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллуулж байгааг сэлгэн ажиллуулсан гэж үзэхгүй. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/  59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн ба ажил олгогч уг зохицуулалтыг буруу хэрэгжүүлж ажилтны эрхийг ноцтой зөрчсөн байна.

            13. Хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргээс үзвэл, ажилтан болон ажил олгогчийн сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, сэлгэн ажиллуулах болсон үйл баримт тогтоогдоогүй ба энэ талаарх ажилтны гомдол хуул зүйн үндэслэлтэй. Харин хариуцагчийн хариу тайлбар Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй болно.

14. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... А.Д- нь тэс өөр албан тушаалд сэлгэн ажиллаагүй бөгөөд зөвхөн цэцэрлэгийн харьяалал өөрчлөгдсөн бөгөөд эрхэлсэн ажил, хөдөлмөрлөх нөхцөлийн хувьд чанарын ямар нэгэн ялгаа байхгүй, эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гараагүй.  А.Д-тай харилцан тохиролцоогүй мэдэгдээгүй гэдэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байгаа бөгөөд хөдөлмөрийн гэрээг сум дундын шүүх тал бүрээс нь судалж, үнэлээгүй явдалд гомдолтой байна” гэх давж заалдах гомдлын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзвэл, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, сэлгэн ажиллуулахтай холбоотой Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, А.Д-гийн гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж  шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Баян-Ө аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2022/00293 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

                                   

ШҮҮГЧ                                                                        Д.КӨБЕШ