Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 425

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг,

улсын яллагч С.Оюунжаргал,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Д.Б-д холбогдох эрүүгийн 1803004610301 дугаартай, 187/2018/0406/Э индекстэй хэргийг 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, Х овогт Д.Б

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 17 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн ..... дүгээр хороо, .............-н эцсийн буудлын замд ........ маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Т.М-г мөргөж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 17 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн ...... дүгээр хороо, ...........-н эцсийн буудлын замд иргэн Б.М-н эзэмшлийн ..... маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон таксины үйлчилгээ үзүүлэн зорчигчоо буулгаад эсрэг талынхаа автомашины хөдөлгөөнийг харж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөө эхлүүлэхдээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасныг зөрчин явган зорчигч Т.М-г харалгүй араас нь мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Д.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Б.М гэдэг хадам ахынхаа машиныг аваад гэртээ байсан багаж хэрэгслийг ажил дээрээ аваачиж тавьсан. Буцах замдаа хүн гар өргөхөөр нь аваад ........-н эцсийн буудал дээр хүргэж өгөөд эргэх замдаа хохирогчийг мөргөж гэмтээсэн...2010 онд жолооч болсон...Эсрэг талын машинаа харж байгаад хөдөлсөн. Миний буруутай үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учирсан...Хохиролд нийт 3.000.000 төгрөг төлсөн...Хохирогчийн ар талаас нь мөргөсөн...Хажууд байсан хүмүүс хохирогчийг босго гээд намайг загнаад байсан...Гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-11/

             3. Хохирогч Т.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 19 цагийн орчим би Хан-Уул дүүргийн ............-н эцсийн буудлын ........-н банкны урд талын явган хүний шороон замаар замын хажуугаар хойноос урагш чиглэлтэй алхаж явтал араас нэг машин тулж ирээд нуруу хэсэг мөргөж унагасан. Мөргөхдөө 1 метр орчим газар түрж унагасан ба намайг газар унагуут машины баруун талын урд дугуйгаараа миний биеийн зүүн хөлнөөс...зүүн дал хүртэл дайрчихаад буцаад ухарсан. Тэгээд л машинаасаа жолооч нь бууж ирээд намайг босоод ир гээд татсан. Тэгэхээр нь би босож чадахгүй гэж хэлсэн. Тэр үед хажуугаар явж байсан танихгүй хүмүүс чи ингэж хүн дайрчихаад яаж босгох гээд байгаа юм бэ наад хүний чинь нуруун дээр чиний дугуйны мөр гарсан байна гэж хэлсэн. Тэгэхэд жолооч миний куртик дээрх мөрийг цохиод арилгасан. Тэгээд хажуугаар явж байсан хүмүүс түргэн цагдаа дуудаж удалгүй түргэн ирж намайг аваад явсан...Осол болох үед замын хөдөлгөөн бага, шороон зам байсан...Миний араас дохио...өгөөгүй мөргөж дайрсан...Миний зүүн хөлний шилбэний яс хугарч, шагай мултарч бяцарсан. Зүүн хөлний эрхий хуруунд 6 оёдол тавиулсан. Хагалгаанд орж 6 хадаас тавиулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/

            4. Гэрч Х.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 17 цагийн үед эгч Д.Д-н хамт Хан-Уул дүүргийн ..... дугаар хороо ........-н банкны замд хойноосоо урагш чиглэлтэй явган хүний шороон замаар алхаж байтал замын эсрэг талд эмэгтэй хүн ёоё гээд орилсон. Тэр үед би замын эсрэг тал руу халтал ........ маркийн автомашины жолооч ертөнцийн зүгээр урдаасаа хойш чиглэлтэй явж байхдаа явган хүний шороон зам дээр явж байсан явган зорчигчийг мөргөөд унах үед нь явган зорчигчийн ташаан толгой дээр автомашины зүүн гар талын урд дугуй гарч байгаа харагдсан. Хүүе гээд замын эсрэг талаас гүйгээд очтол ...... маркийн автомашины жолооч сандраад урагш дахиад хөдөлсөн. Тэр үед мөргүүлсэн эмэгтэйн зүүн талын далны хэсэг дээр дугуй гараад ирсэн. Жолооч сандраад хойш ухрах үйлдэл хийх явцдаа мөн явган зорчигчийн зүүн хөлний шагай дээгүүр гарсан. Явган зорчигч явган хүний шороон зам дээр хамаг хувцас нь шороо болсон хувцсан дээгүүр нь автомашины дугуй дайрч гарсан мөр гарсан байсан. Тэгээд эгч бид хоёр цагдаа болон түргэн тусламжид дуудлага өгсөн. Мөн цагдаагийн алба хаагч нарыг ирэх үед эгч бид хоёр гэрийн хаяг, утасны дугаараа тэмдэглүүлээд явсан...Үзэгдэх орчин чөлөөтэй, байгалийн гэрэлтэй, шороон замтай, гэрэл дохио байхгүй, явган хүний шороон замтай, 2 эгнээ замтай, суурингийн доторх зам байсан...Би ослыг нүдээрээ харсан...яг мөргөх агшиныг хараагүй...явган зорчигч мөргүүлээд унах агшин мөн автомашины дугуйнд хөлөө дайруулж,...хөл дээгүүр нь гарах агшинуудыг харсан...жолооч би ........-н банкны гадаа хүн буулгаад буцаж эргэх үйлдэл хийхдээ явган зорчигчийг анзааралгүй эсрэг талынхаа автомашины хөдөлгөөнийг харж байгаад хүн мөргөчихлөө гээд сандраад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/

            5. Гэрч Д.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 17 цаг 30 минутын орчимд дүү Х.Б-н хамт Хан-Уул дүүргийн ...... дугаар хороо .......-н банкны замд ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй явган хүний замаар алхаад явж байхад замын эсрэг талд эмэгтэй хүн ээжээ ёоё ёоё гээд орилсон. Юу болов гээд замын эсрэг тал руу хартал ........ маркийн автомашины жолооч замын эсрэг талд ертөнцийн зүгээр урдаасаа хойш чиглэлтэй явж байхдаа эмэгтэй хүн мөргөсөн байсан. Бид хоёр зам хөндлөн гарч гүйгээд очтол ....... маркийн автомашины жолооч эмэгтэй хүний хөл дээгүүр нь гарч хохирогч явган хүний шороон зам дээр хамаг хувцас нь шороо болсон хэвтэж байсан. Тэгээд дүү бид хоёр цагдаа болон түргэн тусламжид дуудлага өгсөн. Мөн цагдаагийн алба хаагч нарт гэрийн хаяг, утасны дугаараа тэмдэглүүлээд явсан...Үзэгдэх орчин чөлөөтэй, байгалийн гэрэлтэй, шороон замтай, гэрэл дохио байхгүй, явган хүний шороон замтай, 2 эгнээ замтай, суурингийн доторх зам байсан...жолооч би .......-н банкны гадаа хүн буулгаад буцаж эргэх үйлдэл хийхдээ явган зорчигчийг анзааралгүй эсрэг талынхаа автомашины хөдөлгөөнийг харж байгаад хүн мөргөчихлөө гээд сандраад байсан...Осол болсон газар явган хүний гарц болон гэрэл дохио байхгүй...Осол гаргасан жолооч хохирогчийг явган хүний шороон зам дээр мөргөсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26/

            6. Иргэний хариуцагч Б.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... ...... 20 маркийн ....... улсын дугаартай автомашин нь миний эзэмшлийнх. 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 16 цагийн үед манай хүргэн дүү Д.Б ажилдаа явахаар миний эзэмшлийн ...... маркийн ....... улсын дугаартай автомашиныг гуйж авч явсан юм. Орой 20 цагийн орчим надруу залгаад би хүн мөргөчихлөө гэж хэлсэн. Хаана вэ гэж асуутал Хан-Уул дүүргийн .......-н эцсийн буудлын замд гэж хэлсэн. Би дүүд ах нь очих уу гэж асуутал хэрэггүй би хүнээ аваад ГССҮТ рүү явж байна гэж хэлсэн. Тэгээд би ГССҮТ рүү очиж дүү Д.Б-тэй уулзаж юу болсон талаар сонссон...Надад хохирогчид учирсан эмнэлгийн мөнгө төгрөгийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Гэхдээ манай дүү Д.Б хохирогчид учирсан бодит бүх хохирлыг төлж барагдуулсан байгаа...Миний эзэмшлийн ...... маркийн ........ улсын дугаартай автомашинд ослын улмаас эвдрэл гэмтэл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29/

            7. Өвчний түүхээр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№6813/-ний дүгнэлт:

                        -Т.М-н биед зүүн талын гадна хавчаарын далд хугарал, шагайн үений мултрал гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэтэл мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

                        -Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

                        -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 32/

            8. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-56/

            9. Замын цагдаагийн алба, шинжээчийн №466 дүгнэлт:

                        -Зам тээврийн ослын материалд авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлт “...асфальтан, шулуун тэгш, нойтон, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 2 эгнээ, явган хүний замтай, хашлагагүй, хайсгүй, зам мөн тээврийн хэрэгслийн ослын дараах байрлал, автомашинд үүссэн эвдрэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, тээврийн хэрэгслийн оношилгооны дүгнэлт зэргийг үндэслэхэд ...... маркийн ....... улсын дугаартай автомашины жолооч Д.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д зааснаар “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

                        -....... маркийн ...... улсын дугаартай автомашин нь тоормосны мөргүй тул хурдыг тодорхойлох боломжгүй.

                        -Явган зорчигч Т.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн байх үндэслэлгүй байна.

                        -Зам тээврийн осол нь замын эвдрэл, замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

                        -Зам тээврийн осол гарахад Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянзүрх техникийн оношилгооны үзлэгийн төвийн нэр бүхий шинжээч нарын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтээр илэрсэн тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтэл, бүрэн бус байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна. /хх-ийн 61/

            10. Шүүгдэгч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би иргэн Б.М-н эзэмшлийн ...... маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон кабиндаа ганцаараа 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 17 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн .... дүгээр хороо .........-н эцсийн 1 дүгээр буудлын орчим явж байтал таксинд хүн гар өргөхөөр нь авч .........-н эцсийн .........-н банк хүргэж өгөхөөр ертөнцийн зүгээр урдаасаа хойш чиглэлтэй явсан. Тэгээд би .........-н банкны харалдаа ирж зогсож зорчигчоо буулгаад зүүн гар тийш буюу буцаж эргэх үйлдэл хийх үедээ ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй явж байсан автомашиныг хараад явган хүний замаар явж байсан эмэгтэй хүнийг харалгүй явган хүний зам дээр автомашиныхаа зүүн гар талын урд хэсгээр мөргөсөн. Тэр үед хохирогч явган хүний зам дээр унасан. Би сандраад хойш ухрах үйлдэл хийсэн тэр үед би хохирогчийн баруун хөлийн шагайн дээгүүр гарсан байсан. Би сандарч бууж ирээд хохирогчоос биеийн байдлыг асуутал дуугүй шокын байдалтай байсан. Мөн хажуугаар явж байсан хүн цагдаа болон түргэн тусламжид дуудлага өгчихлөө гэж хэлсэн. Удалгүй түргэн тусламж ирж хохирогчийн биеийн байдлыг үзээд ГССҮТ рүү авч явсан. Би өөрөө хэргийн газар үлдэж цагдаагийн алба хаагч нартай хэргийн газрын үзлэг хэмжилт хийлгэсэн. Хэргийн газрын үзлэг хэмжилт дуусгачихаад ГССҮТ рүү хохирогч дээр очсон...Асфальтан, шулуун тэгш, нойтон, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 2 эгнээ, явган хүний замтай, хашлагагүй, хайсгүй зам байсан...ойролцоогоор 5 км/цагийн хурдтай байсан...Би 2010 онд жолооны курс төгсөж жолооч болсон. Жолооч болсноосоо хойш 8 жил тасралтгүй автомашин жолоодож байна...автомашин жолоодох эрхийн үнэмлэхтэй...Би хохирогчид учирсан эмчилгээний бүх хохирлыг төлж барагдуулсан. Мөн хохирогчид цаашид эм тариа аваарай гээд 3.000.000 төгрөг өгсөн...Би замын хөдөлгөөний дүрэм зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн хохирол учруулснаа ойлгож байгаа. Миний буруу...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71-72/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Д.Б нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№6813/-ний дүгнэлт, Замын цагдаагийн алба, шинжээчийн №466 дүгнэлт зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

            Шүүгдэгч Д.Б-н үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний улмаас ямар нэгэн хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож үйлдсэн гэж үзнэ.

Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Д.Б нь 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 17 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн ..... дүгээр хороо, ............-н эцсийн буудлын замд иргэн Б.М-н эзэмшлийн ....... маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон таксины үйлчилгээ үзүүлэн зорчигчоо буулгаад эсрэг талынхаа автомашины хөдөлгөөнийг харж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөө эхлүүлэхдээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчин явган зорчигч Т.М-г харалгүй араас нь мөргөж түүний биед зүүн талын гадна хавчаарын далд хугарал, шагайн үений мултрал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсныг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Б-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д.Б-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч Т.М-н мөрдөн шалгах ажиллагаанд буюу нийслэлийн замын цагдаагийн газарт гаргасан “...3.000.000 төгрөгөөр тохиролцсон...миний төрсөн хүү Б.А-н дансаар 3.000.000 төгрөг хүлээн авсан...гомдолгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 88/ гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал /...49 настай, хүүгийн хамт амьдардаг.../, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.

Мөн шүүгдэгч Д.Б-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Х овогт Д.Б-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х овогт Д.Б-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б-д оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.  Д.Б-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Д.Б-д сануулсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР