Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2026/ДШМ/11

 

 

 

 

 

 

 

 

                                                                                

                                                                                   2026/ДШМ/11

 

 

        

Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Байгалмаа даргалж, ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

            Прокурор: Ж.Ундармаа

            Яллагдагчийн өмгөөлөгч Э.Цэндсүрэн

Яллагдагч: Б

            Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2026/ШЗ/52 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Бт холбогдох 2512004270268 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

          

 Яллагдагч: Монгол Улсын иргэн, 1000 оны 0 дугаар сарын 0-ны өдөр У хот С дүүрэгт төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ковшны оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 0, эцэг, эх, 0 дүүгийн хамт У хот С дүүргийн 0-р хороо, Х-ын 0 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, О овогт Дийн Б /ИБД:00000000000/

         

            Яллагдагч Б нь 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 23 цагийн үед А аймгийн Х сумын төвд хохирогч Дыг машин засварын газарт хайж очин хүч хэрэглэж буюу түүний биед халдаж, нүүр хэсэгт нь олон удаа цохиж зодон, хүч хэрэглэхээр заналхийлж буюу хохирогч Н, Д нараас “пиво авч өг, яг одоо миний урд авчирч өг, мөнгө өг” зэргээр мөнгө нэхэж, хохирогч нар бэлэн мөнгө байхгүй байна, утсаар дансаар мөнгө шилжүүлье гэж хэлэн машин руу явахад араас нь очиж машинд нь сууж “энэ машиныг чинь авчихдаг ч юм билүү” гэх зэргээр автомашин авахаар довтлон дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн, хохирогч Дын нүүрэн хэсэгт гараараа олон удаа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, нүүрэнд зулгаралт, 1 шүдний эмтрэл гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

 

 А аймгийн Прокурорын газраас Бт холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2026/ШЗ/52 дугаар шүүгчийн захирамжинд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Бт холбогдох 2512004270268 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг А аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар нэг ширхэг хуурцаг ирүүлснийг хэргийн хамт хүргүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

           

Дээд шатны прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:... 1. Шүүхийн шийдвэрт заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан үндэслэлийн тухайд: Шүүгчийн захирамжид хохирогч Дын 2 удаагийн, хохирогч Нарангэрэлийн 1 удаагийн, гэрч Б.Саранцэцэгийн 1 удаагийн мэдүүлгийн зарим хэсгийг тус тус дурдаж, улмаар “гэмт хэргийг хэн үйлдсэн буюу гэмт хэргийн хамтран оролцоо байгаа эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай байна гэж шүүхээс үзлээ” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Учир нь яллагдагч Б нь хохирогч нар луу үг хэлээр дайрч буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдлийг, мөн хүч хэрэглэж буюу хохирогчийн биед халдах үйлдлийг ганцаараа гүйцэтгэсэн болох нь доорх баримтуудаар тогтоогддог. Хохирогч Дын “ногоон өнгийн подволкатай, хар өнгийн өмдтэй, хар өнгийн түрийтэй гутал өмссөн байсан залуу миний нүүр рүү маш олон удаа цохисон. Уг залуу ээжийг ирэхээс өмнө намайг цохьсон залуу мөн байсан.” гэсэн мэдүүлэг, хохирогч Нийн “Энэ үед ногоон өнгийн подволкатай, хар өнгийн өмдтэй, хар өнгийн түрийтэй гутал өмссөн залуу хүү бид хоёрын араас ирж, хүүхдийн минь нуруу болон нүүр хэсэг рүү хөлөөрөө олон удаа өшиглөж, "буржгар толгойтой гичий" гэж дуудан үснээс нь зулгааж чирсэн. Тэгээд өнөөх залуу миний машин руу орж жолоочийн суудал дээр суусан. Тухайн үед машины түлхүүр зоолттой байсан бөгөөд түлхүүрийг түлхэн машиныг асааж “энэ машиныг чинь аваад явдаг ч юм билүү” гэж хэлээд араанд нь хийгээд хаазалсан” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Саранцэцэгийн “ногоон өнгийн подволкатай, хар өнгийн өмдтэй, хар өнгийн түрийтэй гутал өмссөн 20 орчим насны залуу бууж ирээд Дтой дээрэнгүй харьцаж "буржгар үстэй пизда нааш ир, ирээд машинд суу гэсэн... ногоон өнгийн подволкатай, хар өнгийн өмдтэй, хар өнгийн түрийтэй гутал өмссөн 20 орчим насны залуугийн дуу л гараад байсан. Тэгээд Нболон Д нараас өнөөх залуу би энэ сумын атаман, энэ сумаар явж байгаа хүмүүс надад мөнгө өгөх ёстой, 3 пивоны мөнгө өг, яг одоо миний урд авчирч тавь" гэж хэлээд газар руу гараараа зааж байх шиг харагдсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Л.Дын “ногоон өнгийн подволкатай, хар өнгийн өмдтэй, хар өнгийн түрийтэй залуу “сэгсгэр, буржгар үстэй пизда нааш ир, ирээд машинд суу” гэж хэлээд толгой хэсэг рүү нь маш олон удаа цохиж авсан. Би замын гэрэл бараадаад зогсож байтал Нэгчийн машинд өнөөх залуу орж жолоочийн суудал дээр суугаад машиныг асааж, хаазлан хөдлөх гэж оролдсон” гэсэн мэдүүлэг, хяналтын камерын бичлэг, Ж.А, Э.Б нарын мэдүүлэг зэрэг болно. Харин түүнтэй хамт явсан Ж.А, Э.Б нараас хохирогч нар руу чиглэсэн ямар нэгэн үг, хэл, өгүүлэмж, идэвхтэй үйлдэл гаргаагүй буюу үйлдлээрээ санаатай нэгдээгүй болох нь дээрх баримтуудаар давхар нотлогддог бөгөөд “хамт байсан” гэх обьектив байдлаар тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулж болохгүй юм. Ийм учраас прокурорын яллах дүгнэлтэд яллагдагч Б нь тус гэмт хэргийг үйлдэхэд бусадтай бүлэглэж, хамтран оролцсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй талаар хууль зүйн дүгнэлтийг хийсэн байна. Түүнчлэн яллагдагч Бийн хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор зодооныг салгах оролдлогыг Э.Б, Ж.А нар хийсэн болох нь гэрч А “энэ үед Э.Б Бийг зогсоох зорилгоор тэр 2 дээр очиход Б Э.Бийн толгой хэсэг рүү нь нэг удаа цохисон”, Э.Бийн “Тэгээд би машинаас бууж Бийг зогсоох гэж оролдсон... Тэгээд нэг мэдсэн чинь А машинаасаа буугаад ирчихсэн Бийг болиулах гэж оролдож байсан...” гэсэн мэдүүлэг, хяналтын камерын бичлэг зэргээр нотлогддог. Хяналтын камерын бичлэгийг шинжлэн судлах үед Э.Б, Ж.А нарын бүлэглэн оролцоогүй болох нь илүү тодорхой дүгнэгдэх боломжтой юм. Харин шүүгчийн захирамжид дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдэд “сүүлд машины ард сууж байсан залуу Дын нуруу руу өшиглөсөн гэж санагдаж байна” гэж дурдагдсан боловч хяналтын камерын бичлэгт Э.Б, Ж.А нар зодооныг эхлэх үеэс дуусах хүртэл салгах оролдлогыг хийж байсан нь үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж үзэх үндэслэлийг үгүйсгэж, тэдгээрийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан тул ашигтайгаар нь шийдвэрлэх буюу гэм буруугүйд тооцох зарчмын асуудал хөндөгдөж байна. Нөгөөтэйгүүр үйл явдал болсны дараа хохирогчийн араас өшиглөсөн үйлдэл нь дээрэмдэх, дээрэмдэх явцдаа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах үйлдэлд бүлэглэн оролцсон гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хохирогчийн нуруунд гэмтэл учраагүй болохыг нэмэлтээр дурдах нь зүйтэй юм. Шүүхийн шийдвэрт заасан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлийн тухайд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг зөрчиж Бийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг тогтоолгохоор шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнээс давсан дүгнэлт хийсэн байна гэж үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэхгүй” гэж заасныг зөрчиж, Бийн гэм бурууд хамаарах түүний бусадтай бүлэглэн үйлдсэн хэргийн “бүлэглэсэн гэх этгээд”-ийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийсэн нь Бийн гэм бурууг урьдчилж тогтоосон гэж үзэхээр байна. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийг дурдаж, нотолбол зохих байдлыг тогтоогоогүй гэж дүгнэсэн бөгөөд прокурорын яллах дүгнэлтэд яллагдагч Б нь тус гэмт хэргийг үйлдэхэд бусадтай бүлэглэж, хамтран оролцсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэснийг няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй атлаа ямар нотлох ажиллагаа хийгээгүй болохыг хэргийг прокурорт буцаасан үндэслэлдээ тодорхой заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзлээ. Иймд А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2026/ШЗ/52 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ... Эсэргүүцлийг дэмжиж оролцож байгаа. Хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгийн нотлох баримт болон эд мөрийн баримтаар хурааж авсан 5 бичлэг бүхий сидинд авагдсан бичлэг зэргийг дүгнэж үзэхэд яллагдагч Бийн хувьд бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд халдах, бусдын тээврийн хэрэгслийг дээрэмдэх зэрэг нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэндсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: ... Дээд шатны прокурорын гаргасан эсэргүүцлийг үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ гэмт хэрэгт хамтран оролцсон, өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдсэн гэж үзэхээр үйл баримт байхгүй байна. Хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байна гэж үзэж байгаа учраас хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

Шүүгдэгч Б давж заалдах шатны шүүх хуралдаанд: тайлбар байхгүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй болсон эсэхийг эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд яллагдагч Бт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

2. А аймгийн Прокурорын газраас яллагдагч Б нь 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 23 цагийн үед А аймгийн Х сумын төвд хохирогч Дыг машин засварын газарт хайж очин хүч хэрэглэж буюу түүний биед халдаж, нүүр хэсэгт нь олон удаа цохиж зодон, хүч хэрэглэхээр заналхийлж буюу хохирогч Н, Д нараас “пиво авч өг, яг одоо миний урд авчирч өг, мөнгө өг” зэргээр мөнгө нэхэж, хохирогч нар бэлэн мөнгө байхгүй байна, утсаар дансаар мөнгө шилжүүлье гэж хэлэн машин руу явахад араас нь очиж машинд нь сууж “энэ машиныг чинь авчихдаг ч юм билүү” гэх зэргээр автомашин авахаар довтлон дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн, хохирогч Дын нүүрэн хэсэгт гараараа олон удаа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, нүүрэнд зулгаралт, 1 шүдний эмтрэл гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

3. А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 01 сарын 12-ны өдрийн 2026/ШЗ/39 дүгээр захирамжаар яллагдагч Бт холбогдох эрүүгийн хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлон зарлаж 2026 оны 01 сарын 15-ны өдрийн 14 цаг 30 минутад шүүх хуралдааныг явуулж, шүүх “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолж тогтоогоогүй, гэмт хэргийг хэн үйлдсэн буюу гэмт хэргийн хамтран оролцоо байгаа эсэхийг шалгаж тогтоох” гэж дүгнэж хэргийг прокурорт буцаажээ.

 

4. Хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн:

Хохирогч Дын “ ... Приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй үл таних 3 залуу машинаасаа “хөөе наашаа ир дээ, энд ирээд зогс, яасан том пизда вэ” гэж над руу орилсон. Тэгэхээр нь машин дээр нь явж очоод “яасан юм бол ахаа” гээд асуухад миний өөдөөс “чи яасан том юм, хүний нутагт ингэж томордоггүй юм” гээд тухайн машины урд сууж байсан 20 орчим насны ногоон өнгийн фудволкатай, хар өнгийн өмдтэй, хар өнгийн түрийтэй гутал өмссөн залуу бууж ирээд миний баруун хацар хэсэг рүү нэг удаа алгадаж дараа нь нүүр хэсэг рүү гараа атгаж байгаад нэг удаа цохьсон. Миний хамраас цус гарч доошоо суухад тухайн залуу миний толгой руу хөлөөрөө өшиглөсөн. ... Ээж ирж уулзаад зогсож байтал нөгөө залуучууд ирж намайг машинд суу гэсэн.  Ингээд манай ээжийг хэл амаар доромжилж зодох гэж завдсан бөгөөд 20 орчим насны ногоон өнгийн фудволкатай, хар өнгийн өмдтэй, хар өнгийн түрийтэй гутал өмссөн залуу миний нүүр рүү маш олон удаа цохьсон. Тухайн 3 залуу ээж бид хоёроос 3 пивоны мөнгө өг, яг одоо авчирч миний урд тавь гэж гэж шаардсан. Тэгэхээр ээж бид хоёр бэлэн мөнгө алга байна гэхэд “дансанд чинь хэдэн төгрөг байна, шилжүүл” гэсэн. Дараа нь манай ээжийн машинд сууж “энэ машиныг чинь авчихдаг юм билүү” гэж хэлээд уг машиныг авч явах гээд түлхүүрийг нь түлхэж асааж араанд нь хийсэн ба уг машин тухайн үед эвдэрчихсэн байсан тул авч явж чадаагүй. /хх-6х/, ... Б гэх залуу л миний биед гэмтэл учруулсан. Харин хамт явсан залуу нь намайг цохих нь цохьсон гэхдээ миний биед гэмтэл учруулахаар зодож цохиогүй” /хх-14-15х/ гэх мэдүүлэг,

Хохирогч Нийн: “... Тухайн тээврийн хэрэгслийн урд сууж байсан ногоон өнгийн фудволкатай, хар өнгийн өмдтэй, хар өнгийн түрийтэй гутал өмссөн залуу машинаасаа бууж ирээд миний хүүгийн нүүр хэсэг рүү баруун гараараа маш олон удаа цохиж миний хүүгийн хамраас цус гоожсон. Би тэгээд “юу болж байгаа юм бэ та нар чинь” гэж хэлэхэд намайг “Тань шиг хүнтэй харьцахгүй ал авгай, би энэ сумын атаман, энэ сумаар явж байгаа хүмүүс надад мөнгө өгөх ёстой, 3 пивоны мөнгө өг, яг одоо миний урд авчирч тавь” гэж хэлээд газар руу гараараа зааж байсан. Тэгэхээр нь би “эгч нь мөнгө өгье” гэж хэлсэн. Эгчид нь яг одоо бэлэн мөнгө алга байна гэхэд утсаараа шилжүүл гээд 51-ээр эхэлсэн Хаан банкны дансны дугаар надад хэлсэн. Тухайн үед би гар утсаа машиндаа үлдээчихсэн байсан учраас гар утсаа хайхаар хүүтэйгээ цуг машин руугаа явсан. Энэ үед ногоон өнгийн фудволкатай, хар өнгийн өмдтэй, хар өнгийн түрийтэй гутал өмссөн залуу хүү бид хоёрын араас ирж хүүхдийн минь нуруу болон нүүр хэсэг рүү хөлөөрөө олон удаа өшиглөж, буржгар толгойтой гичий гэж дуудан үснээс зулгааж чирсэн. Тэгээд өнөөх залуу миний машин руу орж жолоочийн суудал дээр суусан. Тухайн үед машины түлхүүр зоолттой байсан бөгөөд түлхүүрийг түлхэн машиныг асааж “энэ машиныг чинь аваад явчихдаг ч юм билүү” гэж хэлээд араанд нь хийгээд хаазалсан. Тухайн үед миний машин эвдэрчихсэн байсан тул авч явж чадаагүй. Миний хуурай дүү болох Д утсаараа ярьж байсан бөгөөд  ногоон өнгийн фудволкатай, хар өнгийн өмдтэй, хар өнгийн түрийтэй гутал өмссөн залуу “хөөе чи хэнтэй яриад байгаа юм, цагдаа дуудаад байгаа юм уу пизда минь” гээд үснээс нь зулгааж утсыг нь булааж авахыг оролдсон. Сүүлд машины ард сууж байсан нэг залуу бууж ирээд миний хүүгийн нуруу руу өшиглөөд байсан санагдаж байна” /хх-10-11х/ гэх мэдүүлэг,

Гэрч Б.Сийн “ ... Дтой уулзаад байж байхад хар саарал өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй 3 залуу ирээд тухайн машины зүүн урд хаалганаас ногоон өнгийн фудволкатай, хар өнгийн өмдтэй, хар өнгийн түрийтэй гутал өмссөн 20 орчим насны залуу бууж ирээд Дтой дээрэнгүй харьцаж “буржгар үстэй пизда нааш ир, ирээд машинд суу” гэсэн. Ямар ч байсан ногоон өнгийн фудволкатай, хар өнгийн өмдтэй, хар өнгийн түрийтэй гутал өмссөн 20 орчим насны залуугийн дуу л гараад байсан. Тэгээд Нболон Д нараас өнөөх залуу “би энэ сумын атаман, энэ сумаар явж байгаа хүмүүс надад мөнгө өгөх ёстой, 3 пивоны мөнгө өг, яг одоо миний урд авчирч тавь” гэж хэлээд газар руу гараараа зааж байх шиг харагдсан. Тэгээд “бэлэн мөнгө байхгүй бол шилжүүл, гар утас чинь хаана байгаа юм” гээд орилоод байсан. Миний дүүгийн машинд 3 залуугийн нэг нь орж жолоочийн суудал дээр суугаад машиныг асааж хаазлан хөдлөх гэж оролдсон. Энэ үед Должинжав утсаараа ярьж байсан бөгөөд ногоон өнгийн фудволкатай, хар өнгийн өмдтэй, хар өнгийн түрийтэй гутал өмссөн залуу “хөөе чи хэнтэй яриад байгаа юм, цагдаа дуудаад байгаа юм уу пизда минь” гэж хашгираад үснээс нь зулгааж утсыг нь булааж авахыг оролдсон./хх-24х/ гэх мэдүүлэг,

Гэрч Л.Дын “... А аймгийн Х сумын төвд 22 цагийн үед ирж засварын газар дээр очоод Дтой уулзаад байж байхад хар саарал өнгийн Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл ирээд тухайн машины зүүн урд талын цонхноос “Хөөе тэр залуу нааш ир” гэж орилсон. Тухайн машины зүүн урд талын хаалганаас ногоон өнгийн фудволкатай, хар өнгийн өмдтэй, хар өнгийн түрийтэй гутал өмссөн 20 орчим насны залуу бууж ирээд Дтой дээрэнгүй харьцаж “чамайг машинд суу гээд байгаа юм биш үү” гээд байсан. Ногоон өнгийн фудволкатай, хар өнгийн өмдтэй, хар өнгийн түрийтэй гутал өмссөн залуу “сэгсгэр буржгар үстэй пизда нааш ир, ирээд машинд суу” гэж хэлээд толгой хэсэг рүү нь маш олон удаа цохиж авсан. Би замын гэрэл бараадаад зогсож байтал Нэгчийн машинд өнөөх залуу орж жолоочийн суудал дээр суугаад машиныг асааж хаазлан хөдлөх гэж оролдсон.  Тэгээд Нболон Д нараас өнөөх залуу “би энэ сумын атаман, энэ сумаар явж байгаа хүмүүс надад мөнгө өгөх ёстой, 3 пивоны мөнгө өг, яг одоо миний урд авчирч тавь, би 3 тоолно, хурдал” гэж хэлээд хуруугаараа тоолоод байсан. Энэ үед Н, Д нар нь машин руугаа явж мөнгийг нь хурдан шилжүүлье гээд гар утсаа хайсан бөгөөд ногоон өнгийн фудволкатай, хар өнгийн өмдтэй, хар өнгийн түрийтэй гутал өмссөн залуу тэр 2-ыг дагаж Дыг машин руугаа орох гэхэд нь утсаа хурдан ол, хурдал гэж хэлээд нуруу хэсэг рүү хөлөөрөө маш олон удаа өшиглөсөн. Би 102 руу залгаж дуудлага өгч байх хооронд ногоон өнгийн фудволкатай, хар өнгийн өмдтэй, хар өнгийн түрийтэй гутал өмссөн залуу “хөөе чи хэнтэй яриад байгаа юм, цагдаа дуудаад байгаа юм уу пизда минь” гэж хашгираад миний үснээс зулгааж гар утас булааж авахыг оролдсон. Тэгээд би гар утсаа өгөхгүй гэж нэлээд зууралдсан бөгөөд миний толгой хэсэг рүү гараараа 3 удаа цохьсон. /хх-28х/ гэх мэдүүлэг,

Гэрч А “ ... Эрүүл мэндийн төвийн урд талын шороон зам дээр явж байгаад урт буржгар үстэй залуу тааралдахад Б намайг “машинаа зогсоо наад залуутай чинь уулзая гэсэн. Тэгээд би машинаа зогсооход Б машины зүүн  урд талын хаалганы цонхыг буулгаж тухайн залууг “хөөе хаашаа явж байгаа юм залуу” гэж дуудахад тухайн залуу машин дээр ирж “яасан юм бол, миний хаашаа явж байгаа чамд ямар хамаатай юм” гэж хэлэхэд Б “чи хэн юм” гэж орилсон. Тэгэхэд буржгар үстэй залуу “би ажлаар явж байгаа юмаа, машин эвдэрчихээд засварын газар хайгаад явж байна” гэж хариулахад Б машинаас бууж буржгар үстэй залуугийн зүүн хацар руу 2 удаа баруун гараараа нилээн хүчтэй цохьсон. Тэгээд буржгар үстэй залуугийн хамраас цус гарч доошоо сууж байсан. Б машинд суугаад намайг машинаа асаа, явъя гээд бид 2 буцаад Хорсон. ...Хдээр очоод Э.Бтэй уулзахад “та 2 пиво авчраагүй юм уу, би сумын төв орж пиво олъё” гээд бид 3 буцаад сумын төв орсон. Х сумын баруун хойд талд байдаг нэг дэлгүүр рүү очиж үзэхэд тухайн дэлгүүр цоожтой байсан бөгөөд Б сумын төвийг нэг тойроод үзье нөгөө буржгар үстэй залууг олъё гэж хэлсэн. Би энэ хоёрыг Хдээр буулгаад хурдан гэртээ харъя гэж бодоод сумын төвийн төв замаар чигээрээ Хруу явж байхад буржгар үстэй залуу Бийн дэлгүүрийн гадаа замынхаа хойно гарчихсан саарал өнгийн жижиг тээврийн хэрэгслийн дэргэд зогсож байсан. Б намайг машинаа наанаа зогсоо гээд машины зүүн урд талын хаалганы цонхыг буулгаад “хөөе залуу машинд суучих” гэж хэлээд машинаас бууж тухайн залуу дээр очоод дахиад баруун гараараа тухайн залуугийн зүүн хацар руу цохьсон. Би машинаасаа бууж салгах гэхэд Бт буржгар үстэй залуугийн ээж бололтой нэг эгч ирээд “Чи манай хүүхдийг яаж байгаа юм” гээд орилсон. Буржгар үстэй залуу дэлгүүр рүү орох гэхэд Б би чамайг зодохгүй, нааш ир гэж хэлээд буржгар үстэй залуу дээр очсон. Энэ үед Э.Б Бийг зогсоох зорилгоор тэр 2 дээр очиход Б Э.Бийн толгой хэсэг рүү нь 1 удаа цохьсон. ... Б тухайн эмэгтэй дээр очиж гар утсыг нь булаах гэж оролдсон” /хх-33х/ гэх мэдүүлэг,

Гэрч Цийн “ ...23 цагийн орчимд тухайн залуу манай засвар дээр ирэхэд уруул нь хавдчихсан байсан бөгөөд танай сумын залуучууд ч нилээн ширүүн байна шүү гэж ярьсан.  ...буцаад гарч ирэхэд хар саарал өнгийн приус 30 маркийн автомашин ирчихсэн, тухайн машинаас бууж ирсэн бололтой согтуу залуу буржгар үстэй залуугийн толгой руу 2-3 удаа цохиж авсан. Ингээд буржгар үстэй залуугийн ээж дундуур нь орж салгах гэж оролдоход ээжийг нь элдэв янзын үгээр хэлж доромжилсон. Приус 30 маркийн машинаас бууж ирсэн ногоон өнгийн фудволкатай, хар өнгийн өмдтэй, хар өнгийн түрийтэй гутал өмссөн залуу ээж хүү хоёроос мөнгө нэхэж дансныхаа дугаарыг хэлж, миний данс руу яг одоо мөнгө хий, пиво авчирч урд тавь гэхэд буржгар үстэй залуугийн ээж “эгч нь утсаа олоод мөнгийг нь хийе” гэж хэлж байсан. Мөн засуулах гэж байсан машинд нь сууж “энэ машиныг чинь аваад явъя” гэж байсан. Тухайн үед машины кропны шингэн дууссан учраас машиныг хөдөлгөж чадаагүй. Тэгээд хар куртка өмссөн эмэгтэй хүн утсаар ярьж байхад ногоон өнгийн фудволкатай, хар өнгийн өмдтэй, хар өнгийн түрийтэй гутал өмссөн залуу “чи цагдаа дуудаад байгаа юм уу” гээд араас нь элдэж хөөн утсыг нь булааж авсан. Би нэлээн салгах гэж оролдсон бөгөөд цохиод авчихдаг ч юм билүү гэж бодсон. /хх-38х/ гэх мэдүүлэг,

Сэжигтэн Э.Бийн “...Б машинаас буугаад буржгар үстэй залуугийн зүүн хацар руу нь баруун гараараа цохиод авсан. Тэгээд би машинаас бууж Бийг зогсоох гэж оролдсон бөгөөд Б дахиад буржгар үстэй залуугийн хацар руу нь цохиж байсан. Тэгэхэд тухайн залуугийн хамарнаас цус гарч би өмднийхөө халаасанд байсан нойлын цаасыг аваачиж өгсөн. Буржгар үстэй залуу машин руугаа суух гэтэл Б нуруу хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөөд жийсэн. Тэгээд нэг мэдсэн чинд А машинаасаа буугаад ирчихсэн Бийг болиулах гээд оролдож байсан” хх-104х/ гэх мэдүүлэг,

Яллагдагч Бийн “... хохирогч Дтой таараад өөрийн таньдаг залуутай андуураад дуудсан чинь биш байсан. Тэгээд уг залуу над руу яасан гээд нилээн чанга дуугараад надаас засварын газар асуугаад ярьж байгаад хоорондоо муудалцаад би уг залууг 2 удаа алгадчихаад голын эрэг дээр үлдсэн Б дээр очиж Бийг машиндаа суулгаад буцаж сумын төв ороод авто засварын газрын урдуур явж байсан чинь нөгөө залуутайгаа таараад “чи машинд суучих” гэж хэлсэн. Миний урдаас суухгүй гээд бид хоёр хоорондоо маргалдаад би бууж дахин 2 алгадаад уг залуугийн машины урд талд очсон. Тэгсэн уг залуугийн ээж ирж салгаад байж байсан чинь над руу чанга чанга орилоод байсан. Тэгэхээр нь дахин очиж 2 удаа алгадсан. Би 4 удаа зүүн талын хацар тус алгадах шиг болсон. 2 удаа гараараа зүүн талын шанаа тус газар нь цохьсон, машины хажууд зогсож байхад араас нь хөлөөрөө нуруу тус газар нь өшиглөсөн. /хх-147х/ гэх мэдүүлэг,

“Дын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, нүүрэнд зулгаралт, 1 шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүснэ. Хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, шүдний эмтрэл гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Нүүрний зулгаралт гэмтлүүд нь 2.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэсэн А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн АРХ0725/292 дугаар шинжээчийн дүгнэлт,

Хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-93-96х/ зэрэг нотлох баримтуудад эргэлзэх, тэдгээрийг хууль зөрчиж цуглуулж, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагаагаар гэмт хэргийг хэн хэрхэн үйлдсэн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоожээ.

 

5. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр тухайн “гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг тогтоолгох”-оор хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6, 11 дэх хэсэгт заасан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэх асуудалд хамаарахгүй. 

 

6. Өөрөөр хэлбэл, прокурорын эсэргүүцэл агуулгын хувьд хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзэж хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

7. Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

 

                                                      ТОГТООХ нь:

 

1. А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2026/ШЗ/52 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.БАЙГАЛМАА

 

                            ШҮҮГЧИД                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                                                                                     Ч.ЭНХТӨР