Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2017/00573

 

“Дарханцалам” ББСБ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1654 дүгээр шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

         2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаар магадлалтай,

         “Дарханцалам ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

         Б.Хараад холбогдох      

         Зээлийн гэрээний үүрэгт 31.658.859 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

         Хариуцагчийн өмгөөлөгч Д.Цагаандарийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Пүрэвсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Цагаандарь, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Б.Цэдэндамбаагийн гаргасан тайлбарт: “Дарханцалам” ББСБ нь Б.Хараатай 2011 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 11/03 тоот зээлийн гэрээ, 11/03 тоот барьцааны гэрээгээр 12 сарын хугацаатай, сарын 3.0 хувийн хүүтэйгээр нийт 25 000 000 төгрөгийн зээл олгосон ба зээлийн хугацаа дуусахад дахин нэг жилийн хугацаа сунгуулсан. Б.Хараа нь зээл авснаас хойш 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл зээлийн хүүгээ төлж байсан бөгөөд үндсэн зээлээсээ 8 378 875 төгрөг төлсөн байна. Үүнээс хойш зээл, хүүгийн төлбөрөө хийхгүй болсон бөгөөд зээл, хүү төлүүлэх тухай албан мэдэгдэл хүргүүлэхэд өөрийн эхнэрийн дүү Н.Эрдэнэбадрахыг дагуулж ирээд энэ хүн удахгүй төлөөд өгнө гэсэн. Н.Эрдэнэбадрах нь 3 өрөө байраа зараад төлнө, дэлгүүрээ зараад төлнө гэсээр одоог хүрсэн. Иймд Б.Хараагаас үндсэн зээл 16 621 125 төгрөг, түүний хүү 15 037 734 төгрөг, нийт 31 658 859 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Нэмэгдүүлсэн хүү 4.864.121 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж нэхэмжилсэн боловч нэмэгдүүлсэн хүү гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна.” гэжээ.

        Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Хариуцагч Б.Хараа нь 2011 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 25.000.000 төгрөгийн зээлийг 3 хувийн хүүтэйгээр зээлсэн. Б.Хараа нь зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй. Зээлийг Н.Эрдэнэбадрах авсан. Н.Эрдэнэбадрах зээл хүсээд очиход нь барьцаа хэрэгтэй гэхэд нь Б.Харааг гуйгаад 3 өрөө байрыг нь тавиад Н.Эрдэнэбадрахад зээл авч өгсөн. Зээлийн төлбөрт нийт 31 538 000 төгрөг төлсөн. Гэрээ нь гарын үсэггүй, тамгагүй байдаг. Н.Эрдэнэбадрахыг авсныг мэдсээр байж Б.Хараагаас нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. 25.000.000 төгрөгийг 31.000.000 төгрөг болгож төлсөн тул дахин мөнгө төлөхгүй.” гэжээ.

         Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1654 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Хараагаас 10 163 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Дарханцалам” ББСБ-д олгож, 21 495 659 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүү 4.864.121 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 1б байрны 16 тоот 3 өрөө Ү-2003007637 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 38 м2 талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 409.030 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 177.561 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1654 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг, “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.Хараагаас 31.658.859 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Дарханцалам” ББСБ-д олгосугай.” гэж 4 дүгээр заалтын, “...хариуцагчаас 177.561 төгрөг...” гэснийг “...хариуцагчаас 316.244 төгрөг...” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

           Хариуцагчийн өмгөөлөгч Д.Цагаандарийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “...магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ гэрээний 2 талын нэг болох зөвхөн зээлдэгчийн үүргийг харж биелүүлэхийг шаардан, зээлдүүлэгчийн хуулиар болон гэрээгээр хүлээсэн үүргийг орхигдуулан хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэхгүй орхисон, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн болох нь дараах баримтуудаар тогтоогдоно. Миний үйлчлүүлэгч Б.Хараа ...зээлийн болон барьцааны гэрээ хийж "Дарханцалам" ББСБ-аас 25.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлж авсан байдаг. Хариуцагчийн хувьд үндсэн зээл болон хүүнд нийт 31.538.000 төгрөгийг төлсөн байдаг нэхэмжлэгч тал ч үүнийг хүлээн зөвшөөрдөг. "Дарханцалам” ББСБ энэ төлсөн 31.530.000 төгрөгийн ихэнх хэсгийг буюу 23.159.125 төгрөгийг хүүнд тооцож аваад үндсэн зээлээс 8.378.875 төгрөгийг хассан байна. Үүнээс харахад хүүнд бараг үндсэн 25.000.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгийг суутгаж аваад одоо дахиад хүү болон зээлд 31.658.859 төгрөг гаргуулахаар шүүхэд хандан, давах шатны шүүх гомдлыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчиж байна. Б.Хараа зээлийг анх авахдаа нэг жилийн хугацаатай авсан, энэ нэг жилийн дотор үндсэн зээл 25.000.000 төгрөгийг, хүү 8.545.000 төгрөгийн хамт нийт 33.545.000 төгрөг төлж барагдуулах ёстой бөгөөд өөрөөр хэлбэл 12 сарын турш сар бүр 2.795.417 төгрөг төлж байж гэрээний үүрэг биелэгдэх ёстой байсан. Гэтэл зээлдэгч энэ үүргээ биелүүлэхгүй дутуу төлөлт хийж, сар бүр 650.000 төгрөгөөс 775.000 төгрөг төлж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаас харагддаг. Энэ байдалд "Дарханцалам" ББСБ зээлийн гэрээний 8.2.5 дугаар заалт, "Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай” хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу хяналт тавьж, зээл эргэн төлөгдөх найдваргүй гэж үзвэл хугацаанаас нь өмнө гэрээг цуцалж, зээлийг төлүүлэхийг шаардах үүрэг хүлээсэн байна. Гэтэл энэ үүргээ "Дарханцалам" ББСБ биелүүлээгүй, өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний 1 жилийн хугацаанд Б.Хараад төлөлтөө бүрэн хийхийг шаардсан мэдэгдэл хүргүүлээгүй, гэрээг цуцалж зээл төлөхийг шаардсан ямар нэг арга хэмжээ аваагүй байна. Харин зээл авснаас хойш 4 жил 5 сарын дараа шүүхэд ханджээ. "Дарханцалам" ББСБ зээлийн гэрээнд заасан үүрэг болон дээрх хуульд заасан хяналт тавих үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 223.2-т заасан “Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэг үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ". Хэрвээ үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн бол Иргэний хуулийн 224.2.3-т зааснаар хүү анз авах эрхээ алдахаар хуульчилж өгсөн байна. Иймд "Дарханцалам" ББСБ зээлийн гэрээний хугацаанд буюу 1 жилийн хугацаанд хүү анз авах эрхтэй бөгөөд харин гэрээний хугацаа дууссанаас хойш хүү анз авах эрхээ алдсан байхад давж заалдах шатны шүүх 4 жил 5 сарын хугацааны хүү болон зээлийн хамт нийт 31.658.059 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна . "Дарханцалам" ББСБ хариуцагчийг дахин 1 жилийн хугацаагаар сунгалт хийх хүсэлт өгсөн гэх боловч уг хүсэлтийг /хх-ийн 9/ хэн бичсэн нь тодорхойгүй. Б.Хараа гарын үсэг зураагүй, зээлийн гэрээнд огт хамаагүй н.Эрдэнэбадрах гэдэг хүн хүсэлт дээр нэрээ бичсэн нь Иргэний хуулийн 43.2.1-д заасныг хангаагүй тул сунгалт хийх санал хүргүүлсэн гэж үзэх боломжгүй юм. Тэгээд ч зээлийн гэрээний 3.4-т "Зээлдэгч зээлийн гэрээний хугацааг сунгуулах хүсэлт тавьсан тохиолдолд ББСБ холбогдох хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж буй эсэхийг харгалзан үзэж зээлийн хугацааг сунгах үндэслэлтэй гэж үзвэл нэг удаа сунгана. Гэхдээ зээл төлөгдөх эцсийн хугацаа дуусахаас ажлын 5 хоногийн өмнө зээлдэгч хугацаа сунгах хүсэлтээ ББСБ-д ирүүлнэ" гэжээ. Хугацаа сунгах хүсэлтийг зээлдэгч 5 хоногийн өмнө өгөөгүй хүсэлт дээр бичигдсэн огноогоор бол зээл төлөгдөх эцсийн хугацааны өдөр буюу 14-ний өдөр өгсөн, мөн зээлийн гэрээний 1 жилийн хугацаанд зээлийн эргэн төлөлт хийх үүргээ зээлдэгч ялимгүй зөрчөөгүй ихээхэн хэмжээгээр зөрчин, биелүүлээгүй байх тул" Дарханцалам" ББСБ хугацаа сунгах хүсэлтийг хүлээн авахаас татгалзах ёстой. Гэтэл зээлийн хугацаа 2012 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр дууссаны дараа зээлдэгчийн хийсэн төлөлтийг зээлийн хүүнд тооцон авч байгаа нь үндэслэлгүй юм. "Дарханцалам” ББСБ хуулиар хүү болон нэмэгдүүлсэн хүү авах эрхээ алдсан тул хариуцагчийн нийт төлсөн 31.538.000 төгрөгөөс зээлийн гэрээний хугацаанд төлөх хүү 8.545.000 төгрөгийг хасвал, үндсэн зээлд 22.993.000  төгрөг төлсөн тооцоо гарч байна. Одоо 2.007.000 төгрөг төлөх дутуу байгаа тул магадлалд өөрчлөлт оруулан Б.Хараагаас гаргуулахаар шийдвэрлэсэн 31.658.859 төгрөгөөс 29.651.859 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, хасч тооцож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

    Нэхэмжлэгч “Дарханцалам ББСБ” ХХК нь хариуцагч Б.Хараад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 16.621.125 төгрөг, хүү 15.037.734 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.864.121 төгрөг, нийт 36.522.980 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй, зээлийг Н.Эрдэнэбадрах авсан, зээлийн гэрээний хугацаа сунгагдаагүй, 25.000.000 төгрөгийг 31.000.000 төгрөг болгож төлсөн, тул дахин мөнгө төлөхгүй гэж маргажээ.

  2011 оны 01 сарын 14-ний өдөр иргэн Б.Хараа нь “Дарханцалам ББСБ” ХХК-иас 25.000.000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлж, үүргийн гүйцэтгэлд Б.Хараа, Н.Эрдэнэцэцэг, Х.Санчир, Х.Саруул нарын өмчлөлийн Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 16 тоот 3 өрөө орон сууцыг барьцаалсан ба Н.Эрдэнэцэцэг нь хамтран зээлдэгч болсон байна.

       Анхан болон давж заалдах шатны шүүх зээлдүүлэгч “Дарханцалам ББСБ” ХХК зээлдэгч Б.Хараа нарын хооронд байгуулагдсан зээл болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн нь зөв юм.

        Тус гэрээний дагуу зээлдүүлэгч нь 25.000.000 төгрөгийг Б.Хараагийн эзэмшилд шилжүүлсэн ба хариуцагч нь 2015 оны 10 сарын 14-ний өдөр хүртэл нийт 31.538.000 төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн талаар талууд маргаагүй байна.

          Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 10 163 200 төгрөгийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан ямар баримтыг үнэлж, дээрх тооцооллыг гаргасан нь ойлгомжгүй байх тул шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3-т нийцсэн гэж үзэхгүй.  

         Нэхэмжлэгч хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний хугацаа сунгагдсан гэсэн үндэслэлээр 31 658 859 төгрөг гаргуулах тухай шаардлагынхаа тооцооллыг хийсэн байх бөгөөд хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд гэрээний хугацаа сунгагдсан эсэх тухайд талууд зөрүүтэй тайлбар гаргаж маргажээ.

2011 оны 01 сарын 14-ний өдөр иргэн Б.Хараа болон “Дарханцалам ББСБ” ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2012 оны 01 сарын 14-ний өдөр дууссан байх бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн 9, 36 дахь талд авагдсан “Б.Хараа, Н.Эрдэнэбадрах нарын 2012 оны 01 сарын 14-ний өдөр “Дарханцалам ББСБ”-д хандан гаргасан хариуцагчийн гарын үсэг зурагдаагүй өргөдөл”-ийг гэрээний  сунгалт гэж дүгнэсэн  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3-т заасныг зөрчсөн байна. Учир нь хариуцагч Б.Хараа зээлийн гэрээг сунгуулах хүсэлт гаргаагүй гэж тайлбарлан, дээрх өргөдөлд гарын үсэг зураагүй гэж маргасан ба хэрэгт авагдсан уг баримтад хариуцагчийг гарын үсэг зурсан гэж үзэхээргүй байна.  Түүнчлэн нэхэмжлэгч хариуцагчийн гаргасан гэх дээрх өргөдлийн дагуу гэрээг шинэчлэн байгуулж, хугацааг сунгасан тухай баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацааг сунгагдсан гэж үзэхгүй.

Иймээс хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн гаргасан тооцооллын хүрээнд Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасныг хэрэглэж, маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1654 дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306.210 /гурван зуун зургаан мянга хоёр зуун арав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Х.СОНИНБАЯР

                                                 ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН