Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 426

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Гансугар,

улсын яллагч Г.Эсэн,

шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.О-т холбогдох эрүүгийн 1810017310522 дугаартай, 187/2018/0414/Э индекстэй хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, Б овогт Б.О

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.О нь 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн ..... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ...... худалдааны төвийн гадна талбайд Г.Б-н нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.О нь 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн ....дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ..... худалдааны төвийн гадна талбайд хамт ажилладаг хохирогч Г.Б-тай араас нь тэвэрч хүзүүг нь боолоо гэх зүйлээс болж маргалдан түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Б.О-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...Хохирогчтой хоорондоо уулзаад эв зүйгээ олсон...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

             2. Хохирогч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 6 дугаар сараас хойш ....... харуул хамгаалалтын албанд ажиллаж байгаа. 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 10 цагийн үед манай хамгаалалтын албаныхан салхинд гарахаар Хан-Уул дүүргийн .... дүгээр хороо ..... худалдааны төвийн гадаа цугларсан. Тэгээд манай ажлын Б.О ....... худалдааны төвөөс гараад явж байхаар нь би араас нь очоод 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Б.О-тай маргалдаад гинжийг маань тасалж байсан болохоор гинж байж магадгүй гээд мөрөн дээр нь дараад, мөн цээж хэсгээр нь гараа явуулж гинж байгаа эсэхийг үзэхэд байхгүй байсан. Тэгэхэд Б.О эргэж хараад ундаа барьсан гараараа 2 удаа миний нүүр хэсэг рүү цохьсон. Тэгээд манай ажлын залуучууд цаанаас гүйж ирж бид хоёрыг салгасан...Миний зүүн нүдний доор хөхөрч, язарсан, хиймэд шүд хугарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-10, 11-12/

            3. Гэрч С.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Б.О гэх хүнийг танина. Манай харуул хамгаалалтын албанд 2018 оны 02 дугаар сараас эхэлж ажиллаж байгаа...Тухайн өдөр манай хамгаалалтын албаныхан ойрхон салхинд гарах гээд “.......” худалдааны төв /Хан-Уул дүүргийн ..... дүгээр хороонд байрлах/ дээр цугларсан. Цуг байсан харуулууд алга болчихоор нь би “.....” худалдааны төвийн хажуугаар яваад хойд талын гудамжинд зогсож байхаар нь буцаж “......” худалдааны төвийн гадаа авч ирэхэд Б.О, Г.Б хоёр хоорондоо зодолдчихсон байдалтай байсан. Тэгээд би Г.Б-г “чи эндээ үлд” гэж хэлээд бид нар явцгаасан...Намайг ирэхэд хоорондоо зодолдчихсон салцгаагаад зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20/

            4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№9640/-ний дүгнэлт:

                        -Г.Б-н биед баруун 2-р шүдний паалангийн эмтрэл бүхий гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

                        -Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

                        -Дээрх гэмтэл нь хэзээ үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй. /хх-ийн 22/

5. Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...Г.Б нь 168 см өндөртэй, 74 кг жинтэй гэх ба биеийн ерөнхий хөгжил зөв, толгойдоо 3 см урттай хар өнгийн үстэй, зүүн нүдний доогуур улаан хүрэн өнгөтэй, хавдсан, зүүн хацарт 1см*0,2см хэмжээтэй шалбарсан, баруун нүдний доогуур хөхөрсөн, үүдэн шүдний тал хэсэг хугарсан...” /хх-ийн 35-37/

            6. Шүүгдэгч Б.О-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би Алтанагадас харуул хамгаалалтын албанд 2018 оны 01 дүгээр сараас хойш харуулын албаны даргын ажил хийж байгаа. 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр ажлаасаа буугаад 10 цагийн үед хээрийн сургалтанд гарах гээд манай хамгаалалтын албаныхан Хан-Уул дүүргийн .... дүгээр хороо ...... худалдааны төвийн гадаа цуглархаар болсон. Тэгээд би ...... худалдааны төвөөс 1,5 литрийн цэвэр ус аваад гарч ирж байхад Г.Б араас ирж миний хүзүүнээс боогоод, нуруу руу 1 удаа цохьсон. Тэгэхээр нь би өөрийгөө хамгаалах гээд эргэж хараад нүүр хэсэг рүү нь 2 удаа цохьсон. Тэгээд байж байхад манай ажлын сургалтанд явах гэж байсан залуучууд ирж салгасан...Би Г.Б-тай маргалдаж муудалцаагүй. Бид хоёрын хажууд хүн байгаагүй...Г.Б-г би нүүр хэсэг рүү нь гараараа хоёр удаа цохьсон...Бид хоёрын дунд ямар нэг шийдэгдээгүй асуудал, өс хонзонгийн зүйл байхгүй...гэмтлүүдийг Г.Б-н биед би учруулсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-34/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.О нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№9640/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Б.О нь 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ...... худалдааны төвийн гадна талбайд хамт ажилладаг хохирогч Г.Б-тай араас нь тэвэрч хүзүүг нь боолоо гэх зүйлээс болж маргалдан түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь баруун 2-р шүдний паалангийн эмтрэл бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.О-н гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг /450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох/ хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн /хх-ийн 45/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад шүүгдэгч Б.О-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Б.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Б.О-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.О-т оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Б.О-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.О-т сануулсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР