| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батлайн Намхайдорж |
| Хэргийн индекс | 2523000000029 |
| Дугаар | 2026/ДШМ/07 |
| Огноо | 2026-03-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнх-Эрдэнэ |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2026/ДШМ/07
С.Л-д холбогдох эрүүгийн
хэргийн талаар
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч З.Нандинцэцэг даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Ерөнхий шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.П,
Прокурор Ц.М
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2026/ШЦТ/06 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор С.Л-д холбогдох 2523000000029 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1995 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн .......... сумд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 5, ээж, дүү нарын хамт амьдардаг, Завхан аймгийн ........ сумын ......... багийн, ......... хороо, 2 дугаар гудамж, 2 тоотод оршин суух хаягтай,
Урьд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж байсан, ...... овогт .......-ийн Л /регистрийн дугаар: ............../
Шүүгдэгч С-ийн Л нь согтуурсан үедээ буюу 2025 оны 01 дүгээр сарын 22-ны орой 22 цагийн үед Завхан аймгийн ....... сумын .......... багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “............” хүнсний дэлгүүрийн ойролцоо иргэн Н.Л-тэй үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний толгойнд буюу зүүн шанааны дээд хэсэгт чулуугаар нэг удаа цохиж хохирогч Н.Л-ийн эрүүл мэндэд зүүн чамархайн дээд хэсэгт шарх бүхий хөнгөн зэргийн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
1. Анхан шатны шүүх: Шүүгдэгч ..... овогт С-ийн Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С. Л-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Л-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Л-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдаж, шүүгдэгч С.Л-д 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, иргэний нэхэмжлэгч нь Завхан аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас гэмт хэргийн улмаас учирсан 116,303 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, шүүгдэгч С.Л нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...өмгөөлөгч Д.Э би С.Л-д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 сарын 09-ны өдрийн 2026/ШЦТ/06 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн тогтоолд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн сэтгэцийн түвшинд өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байсан" гэж дүгнэсэн. Шүүгдэгч С.Л нь сэтгэцийн эмгэг буюу оюуны хомсдол өвчний улмаас 2018 оноос хойш хөдөлмөрийн чадвар алдаж, сэтгэцийн эмчийн байнгын хяналтад байгаа. Хэрэгт авагдсан ЗНЭ-ийн 2025 оны 05 сарын 01-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 14 дугаартай дүгнэлтэд С.Л нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл мэдрэлийн ямар нэг өвчин үгүй байсан. С.Л нь оюуны хөнгөн хомсдол өвчтэй байсан гэх эргэлзээтэй дүгнэлт гарсан байдаг ба шинжээч эмч Г.Д шүүхийн хэлэлцүүлэгт "Оюуны хомсдол өвчнийг олон улсад хүлээн зөвшөөрсөн Векслерийн сорилд авсан оноогоор тогтоодог бөгөөд 69-51% оюуны хөнгөн хомсдол, 50-41% нь оюуны хүндэвтэр хомсдол, түүнээс доош оноо авах юм бол оюуны хүнд хомсдолтой гэж тогтоодог. С.Л-ийн хувьд 2019 онд хийгдсэн Векслерийн сорилоор 51% буюу оюуны хөнгөн хомсдол тогтоогдсон. Энэ нь ухамсарлах сэтгэн бодох чадвар 6-12 настай хүүхдийн шинж чанартай. ...СЭМҮТ-ийн шүүх шинжилгээний дүгнэлт гаргах журам байдаг. Уг журамд оюуны хөнгөн хомсдолтой хүн хэрэг хариуцах чадвартай гэж, хүндэвтэр хүнд хомсдолын үед хэрэг хариуцах чадваргүй гэж гардаг. ...2025 оны 05 сарын 01-нд шинжээчийн дүгнэлтийг хийхдээ 2019 онд хийсэн IQ дээр үндэслэж, мөн дээрх журамд заасны дагуу гаргасан. С.Л хяналтын явцад өөрчлөгдөж байна уу гэхээр өмнө нь хэрэгт холбогдож байсан, оюуны хөнгөн хомсдолыг дагаад зан төрхийн өөрчлөлттэй байна уу гэж бодож байна. Тийм учраас дахин сорил авах юм бол IQ түвшин буурсан байх магадлалтай. ...С.Л-ийн хувьд IQ 51 хувьтай байж байгаад 70 болоод эдгэрнэ гэсэн ойлголт байхгүй" гэж мэдүүлсэн байдаг. Дээрх баримтууд болон С.Л-ийн бодит байдал зэргийг харгалзан түүний хэрэг хариуцах чадварыг эцэслэн үнэн зөв тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх талаар удаа дараа тавьсан хүсэлтийг үл хэрэгсэж хэрэг хариуцах чадвартай гэх дүгнэлтийг хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан нөхцөл байдлыг бий болгосон.
Тухайн үйл явдлын үед хохирогч Н.Л болон шүүгдэгч С.Л нараас өөр хүн байгаагүй нөхцөл байдал байдаг. Гэтэл анхан шатны шүүх дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг харилцан зөрүүтэй байхад хохирогчийн мэдүүлгийг үндэслэж шүүгдэгчийг гэм буруутай гэж дүгнэхдээ С.Л-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлгийг үгүйсгэж байгаа үндэслэлээ заагаагүй. С.Л хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх цаг хугацаанд өөрийн бодит байдлыг үнэн зөвөөр ярьж байсан болох нь 2025 оны 02 сарын 26-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг, 2025 оны 05 сарын 01-ний өдрийн 14 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудад тусгагдсан тогтвортой мэдүүлгүүдээр нотлогдож байгаа. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан үндэслэлээр гомдол гаргаж байна... гэжээ.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч С.Л-г анхан шатны шүүхийн тогтоолд гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн сэтгэцийн түвшинд өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байсан гэж дүгнэсэн. Хэрэгт шүүгдэгч С.Л-г сэтгэцийн эмгэг буюу оюуны хөнгөн хомсдол өвчний улмаас 2018 оноос хойш хөдөлмөрийн чадвараа алдаж сэтгэцийн эмчийн байнгын хяналтад байгаа талаарх амбулаториор эмчлүүлэгчийн карт хэрэгт авагдсан байдаг. Мөн ............. аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн эмч нарын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 14 дугаартай дүгнэлтэд С.Л-г гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл мэдрэлийн ямар нэгэн өвчингүй байсан. С.Л оюуны хөнгөн хомсдол өвчтэй байсан гэх эргэлзээтэй дүгнэлтүүд гарсан байдаг. Ингээд шинжээч эмч Д-г анхан шатны шүүх хуралдаанд оролцуулсан. Д эмч шүүх хуралдаанд оролцоод оюуны хөнгөн хомсдол өвчин нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сорил оноогоор тогтоодог. Уг сорилд 69-51 оноо авах юм бол оюуны хөнгөн хомсдолтой, 50-41 оноо авах юм бол оюуны хүндэвтэр хомсдолтой, 41-ээс доош оноо авах юм бол оюуны хүнд хомсдолтой гэж тогтоодог. Гэтэл С.Л-.ийн хувьд 2019 онд сорил өгөөд 51 оноо буюу оюуны хөнгөн хомсдолтой гэж тогтоогдсон байгаа. Энэ нь ухамсарлан сэтгэн бодох чадвар нь 6-12 настай хүүхдийн шинж чанартай адилхан байдаг. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх шинжилгээний дүгнэлт гаргах журамд оюуны хөнгөн хомсдолтой хүн хэрэг хариуцах чадвартай, харин хүндэвтэр, хүнд хомсдолын үед хэрэг хариуцах чадваргүй гэж үздэг. 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийг хийхдээ 2019 онд С.Л-д хийгдсэн сорилын оноог үндэслэж дээрх журмын дагуу дүгнэлт гаргасан. С.Л хяналтын явцад өөрчлөгдөж байна уу? гэхээр С.Л урьд нь хэрэгт холбогдсон байдаг. Мөн оюуны хомсдолыг дагаж зан төлөвийн өөрчлөлтүүд илэрсэн гэж харж байгаа. Ийм учраас С.Л гэх хүнд дахин сорил тавих юм бол IQ түвшин буурсан буюу хүндэвтэр, хүнд түвшин рүү орсон байх магадлалтай. С.Л-ийн сэтгэн бодох чадварын сорил 51 оноотой байж байгаад 70 оноо хүрч эдгэх боломжгүй юм. Харин насжилт зан төлөвийн эмгэгтэй холбоотойгоор энэ оноо буураад явдаг онцлогтой гэсэн тайлбарыг Д эмч хэлсэн байдаг. Эдгээр баримтуудад С.Л-ийн бодит байдалд биеэ авч яваа байдал, эрүүл төрх байдал зэргийг нь харгалзаад түүний хэрэг хариуцах чадварыг эцэслэн үнэн зөв тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлтийг удаа дараа тавьсан. Уг хүсэлтүүдийг тавьсаар байтал хэрэг хариуцах чадвартай гэх дүгнэлтийг 2019 онд хийгдсэн С.Л-ийн 51 гэсэн оноонд үндэслэж гаргасан шинжээчийн эргэлзээтэй дүгнэлтэд үндэслэж хэрэг хариуцах чадвартай гэж дүгнэсэн байдаг. Энэ дүгнэлт нь өөрөө хэргийн бодит байдалд нийцээгүй байна гэж үзэж байгаа. Мөн хэрэг хариуцах чадварыг эцэслэн тогтоох нь шүүхийн шийдвэр гарахад онцгой нөлөөтэй байж болохоор байгаа. Тухайн үйл явдал болох үед хохирогч Л, шүүгдэгч С.Л нараас өөр хүн байгаагүй нөхцөл байдал байдаг. Гэтэл анхан шатны шүүх дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг харилцан зөрүүтэй байхад хохирогчийн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг гэм буруутай гэж дүгнэхдээ шүүгдэгч С.Л-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлгийг үгүйсгэж байгаа үндэслэлээ заагаагүй. С.Л хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л хугацаанд өөрт тулгарсан нөхцөл байдлыг өөрийн хэмжээнд тайлбарлаж ирсэн байдаг. Энэ нь 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг, 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 14 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт, 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр болсон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг баримтуудад байдаг. С.Л мэдүүлэхдээ намайг гэр рүүгээ алхаад явж байхад 2 хүн над дээр ирсэн. Ингээд намайг архи авч өг гэсэн, тэр 2 хүн мориноосоо буучихсан байсан чинь нэгнийх нь морь үргээд яваад өгсөн. Тэгтэл морь үргээчихлээ гэж миний дээлийн захнаас заамдаж доороо хийж унагаад миний хугарсан хөл дээр дараад хоолойг боосон. Тэгээд би босооч ээ, намайг тавиач ээ гэж гуйсан боловч тавиагүй, хөл маань маш их өвдсөн, би айсан. Ингээд би газраас чулуу аваад цохисон гэдэг мэдүүлгийг удаа дараа хэлээд байдаг. Тэгэхээр энэ нөхцөл байдал хэд, хэдэн баримт дээр хөдөлшгүйгээр тусгагдсан байгаа. Харин хохирогч Л мэдүүлэг өгөхдөө үргэсэн морины араас С.Л яваад нэгийг нь олоод ирсэн нөгөөдхийг нь олж ирээгүй. Чи нэг мөсөн явсан байж хоёр морийг хамт нь олоод ирэхгүй яасан юм бэ? гэж би С.Л руу уурлаад зогсож байхад гэнэт газраас чулуу аваад цохичихсон гэдэг мэдүүлгийг эхний удаад өгсөн. Сүүлд хэргийг шүүгч 60 хоногийн хугацаагаар завсарлуулахад хохирогчоос мэдүүлэг авсан байдаг. Тэгэхэд С.Л-тай замын хажуугаар алхаж байхад намайг цохисон гэж мэдүүлсэн. Ийм өөр, өөр мэдүүлгүүдийг хохирогч өгсөн нөхцөл байдалд дүгнэлт хийхгүйгээр С.Л-гийн удаа дараа хөдөлбөргүй өгч байгаа мэдүүлгийг няцаан хохирогчийн мэдүүлгийг үндэслэж С.Л-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан нөхцөл байдал бий болсон буюу дүгнэлтэд онцгой ач холбогдолгүй нотлох баримт харилцан зөрүүтэй байхад нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан гэв.
4. Прокурор Ц.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч С.Л-гийн хэрэг дээр 3 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтэд С.Л энэ гэмт хэргийг үйлдэх үедээ сэтгэц мэдрэлийн ямар нэгэн өвчингүй байсан гэдэг эхний өгүүлбэр байдаг. Үүнийг шинжээч андуурч бичсэн техникийн шинжтэй алдаа байна. Энэ бол өвчтэй байсан гэдгээ хэлсэн. Энэ дүгнэлтэд гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдан жолоодох чадвартай байсан. С.Л гэмт хэргийг үйлдэх үед оюуны хөнгөн хомсдол өвчтэй байсан. Өөрийн үйлдлийг мэдэн удирдан жолоодох чадвартай байна. С.Л нь оюуны хөнгөн хомсдол өвчтэй болох нь хэрэг хариуцах чадвартай байна. С.Л-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна. Хором зуурын сэтгэл хөдлөлөөр гэмт үйлдэл хийсэн нь сэтгэцийн эрүүл мэндтэй холбоогүй байна гэсэн дүгнэлтийг 3 хүний бүрэлдэхүүнтэй шинжээч нар гаргасан. С.Л-гийн холбогдож байгаа хэрэгт зөвхөн хохирогч болон шүүгдэгч нар хоёулаа байсан гэж мэдүүлдэг. Тухайн гэмт хэрэг болох үед цагдаагийн 2 алба хаагч явж таарсан. Энэ нь гэрч Г, Б нар тухайн үед эргүүлийн цагдаагийн ажлаа хийгээд явж байсан байдаг. Ингээд явж байхад С.Л согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, өвөртөө 1 ширхэг архитай гудамжинд нус, цэрээ хаяад явж байхад нь дээр дурдагдсан 2 цагдаа тааралдаад С.Л-г гэрт нь хүргэх талаар ээжтэй нь холбогдоод явуулсан нөхцөл байдлууд байдаг. Ингэж явсныхаа дараа С.Л хохирогчтой таарч морь үргээсэн асуудал болж маргалдаж чулуугаар толгойд нь цохисон нөхцөл байдал тогтоогддог. Цагдаагийн 2 алба хаагчаас гэрчийн мэдүүлэг авахад С.Л-гийн хувцас хунар нь шороо тоос болсон дээр, доороо орсон, зодолдсон нөхцөл байдал тогтоогдоогүй. Хохирогчийг С.Л чулуугаар цохисон нөхцөл байдал тогтоогддог. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч цахимаар оролцсон бөгөөд “би С.Л-ийн биед ямар нэгэн байдлаар халдсан, цохисон зүйл байхгүй. Харин харааж, доромжилсон нөхцөл байдал байгаа” гэдгээ хүлээн зөвшөөрч болсон асуудлын талаар мэдүүлдэг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахын зэрэгцээгээр, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судаллаа.
2. Шүүгдэгч С.Л нь согтуурсан үедээ буюу 2025 оны 01 дүгээр сарын 22-ны орой 22 цагийн үед Завхан аймгийн ........ сумын .......... багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “............” хүнсний дэлгүүрийн ойролцоо иргэн Н.Л-тэй үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний толгойнд буюу зүүн шанааны дээд хэсэгт чулуугаар нэг удаа цохиж хохирогч Н.Л-ийн эрүүл мэндэд зүүн чамархайн дээд хэсэгт шарх бүхий хөнгөн зэргийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан:
хохирогч Н.Л-ийн “...Би 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн орой 21 цагийн үед ... гудамжинд мориноосоо буугаад тамхи татаад зогсож байтал гудамжны өнцгөөс зүс таних Л гэнэт гүйгээд гараад ирсэн миний хөтлөөд зогсож байсан морь үргээд хоёр морио алдчихсан. Тэгэхээр нь би Л руу уурлаад чи гудмаар зөөлөн гарч ирэхэд яадаг юм бэ. Миний морийг үргээгээд алдуулчихлаа гэж хэлээд ардаас нь очоод морь бариад ир гэж хэлсэн чинь Л морьдын араас яваад нэгийг нь хөтлөөд хүрээд ирсэн ба би Л руу чи нэг морийг нь барьчхаад наад морио унаад нөгөөхийг нь бариад ирэхгүй яасан юм бэ гээд уурласан. Энэ үед надтай хамт явж байсан дүү П нь Л-гийн барьж ирсэн нэг морийг унаад нөгөө мориныхоо ардаас хөдөлсөн. Тэгээд бид хоёр хоёулхнаа зогсож байтал Л гэнэт газраас чулуу аваад миний зүүн шанааны дээд хэсэг буюу толгойд нэг удаа цохиод авсан. Тэгсэн шууд миний толгойноос цус гараад эхэлсэн. Тэгээд би малгайгаараа толгойнхоо цус гарч байгаа хэсгийг дараад Л-г дагуулаад замын хажуугаар явж байтал зам дагуу цагдаагийн эргүүлийн алба хаагчидтай таараад болсон явдлынхаа тухайн хэлээд цагдаагийн байгууллагад хандсан... Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр,
гэрч Ч.П-ын “…Л бид хоёр ...Б гэх нэртэй хүнсний дэлгүүрийн ойролцоо ... мориноосоо буугаад тамхилж байсан чинь цаад талын хашааны булангаас Л гүйж гарч ирээд улмаар бид хоёрын морь үргээд алдуулчихсан ...тэр үед Л нь Л-д хандаад чи морьд үргээчихлээ гээд уурлаад морь бариад ир гээд явуулсан ба миний унаж явсан морь номхон морь байсан болохоор шууд баригдчихсан ...Л миний морийг хөтлөөд ирсэн. Ингээд би морио унаад Л-ийн морийг барьж ирэхээр болоод тэндээс хөдөлсөн ба Л болон Л хоёр хамт үлдсэн. ...Тэгээд маргааш өглөө Л над руу залгаад Л нь миний толгой руу чулуугаар цохиод эмнэлэг явсан гэж хэлсэн. ...намайг тэр хоёртой хамт байхад ямар нэгэн зодоон цохион болоогүй...” гэсэн мэдүүлгээр,
гэрч Г.Г-ийн “...У сумын ...... багийн нутаг дэвсгэрт явж байтал .....-ийн дэлгүүр гэдэг нэртэй газрын ойролцоо Л-ийн хамт Л замын хажуугаар алхаж байсан. Тэгээд би дуудлагад явж байсан учраас нэг их зүйл бодолгүй хажуугаар нь өнгөрөөд явчихсан ба эргээд дуудлагаа шийдчихээд буцаад ажил руугаа явж байтал Лү, Лх нар нь хамт зогсож байсан ба Лх-х нь толгой хагарчихсан цустайгаа хутгалдчихсан байж байхаар нь би юу болсон талаар нь асуусан чинь Лх нь энэ зүгээр явж байснаа гэнэт чулуугаар толгой руу цохичихлоо гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр,
гэрч Б.Б-ийн “...Завхан аймгийн ........ сумын нутаг дэвсгэрт машинт эргүүлийн үүргийг эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Г.Г-ийн хамт гүйцэтгэж ажиллаж байсан ... 00 цаг өнгөрч байхад Завхан аймгийн ......... сумын ...... багийн нутаг дэвсгэрт байх .....-ийн дэлгүүрийн ойролцоогоор машинтай явж байхад дахин Л нь танихгүй эрэгтэйтэй хамт замын хажуугаар алхаж байсан бөгөөд бид хоёр дуудлагаар явж байсан учраас шууд өнгөрөөд явчихсан. Ингээд эргээд 5-10 минутын дараа буцаад Л-гийн хамт явж байсан газарт ирэхэд түүний хамт явж байсан эрэгтэй нь энэ толгой руу чулуугаар цохиод хагалчихлаа гэж хэлсэн ба тэр үед Л нь цаашаагаа зугтах гэхээр нь би түүнийг зогсоосон. Энэ үед цагдаагийн ахлах ахлагч Г.Г нь Л-аас яагаад хүний толгой чулуугаар цохиж байгаа юм бэ гээд асуутал би цохиогүй. Өөрөө халтираад уначихсан шүү дээ гэх зэрэг зүйл яриад байсан. ...Лү болон толгойгоо хагалуулсан эрэгтэй нарын хувцас хунар шороо тоос болсон. Хоорондоо ноцолдсон эсэх зүйл анзаарагдаагүй. Бид хоёрыг хажуугаар нь зөрөхөд тэр хоёр хоорондоо маргалдаж муудалцсан зүйлгүй алхаж байсан. Хоорондоо маргалдаж муудалцсан асуудалгүй байсан. Би дуудлагаа шийдчихээд эргээд 5-10 минутын дараа ирэхэд Лх-ийн толгой хагарчихсан хоёулаа зэрэгцээд зогсож байсан. Тэр үед хохирогч нь намайг энэ С.Л зүгээр явж байгаад гэнэт толгой руу чулуугаар цохиод хагалчихлаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр болон
Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн “...2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 0000000073 дугаартай “...1.Н.Л-нгийн биед зүүн чамархайн дээд хэсэг шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. 3. Дээрх гэмтэл нь тогтоолд заасан хэрэг учрал болсон гэх 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5.Н.Лх-гийн биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 6.Үзлэг шинжилгээ хийх явцад шинээр нөхцөл байдал тогтоогдсонгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон байна.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нэг нэгнийгээ баталсан шинжтэй байна.
4. Анхан шатны шүүх хэргийг зөв зүйлчилж, хуульд заасан ял оногдуулсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоожээ. Шүүгдэгч С.Л-ийн өмгөөлөгч сэтгэцийн дүгнэлтийг дахин гаргуулахаар давж заалдах гомдол гаргажээ. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч Г.Д-гийн мэдүүлгээр шүүгдэгч С.Л нь хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдсон бөгөөд шинжээчийн дүгнэлтийг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулахад эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгээгүй байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийг хэрэг хариуцах чадвартай гэж дүгнэсэн шинжээчийн дүгнэлтийг С.Л-д хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон шийдвэрүүдтэй харьцуулахад эргэлзээтэй нөхцөл байдал бий болоогүй байна. Иймд шүүгдэгч С.Л-ийн өмгөөлөгч Д.Э-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Тодорхойлох болон Тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Л-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх гэсний “таван зуу” гэснийг “зургаан зуун” гэж бичсэнийг техникийн шинжтэй алдаа гэж үзэж, давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2026/ШЦТ/06 дугаартай шийтгэх тогтоолын 4 дэх заалтын “зургаан зуун” гэснийг “таван зуун” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР
Б.НАМХАЙДОРЖ