Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 429

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг,

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Т.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Т.М-д холбогдох эрүүгийн 1810015690344 дугаартай, 187/2018/0416/Э индекстэй хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, Т овогт Т.М

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т.М нь 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 12 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн .... дүгээр хороо ......-н замд ...... маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин унадаг дугуй жолоодон явсан Л.Н-г мөргөснөөс эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Т.М нь 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 12 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн .... дүгээр хороо ......-н замд Н.Ш-н эзэмшлийн ...... маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа зам дээр буцаж эргэн Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т заасныг зөрчин эсрэг урсгалаас буюу өөдөөс ирж явсан унадаг дугуйтай Л.Н-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Т.М-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...2004 оноос хойш тасралтгүй тээврийн хэрэгсэл жолоодож байна...Нийт 4.268.000 төгрөг төлсөн...Зам дээрээ буцаж эргэсэн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-15/

3. Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 16-17/

             4. Хохирогч Л.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 12 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн .... дүгээр хороо ......-н замд өөрийн эзэмшлийн унадаг дугуй унаж ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй явж байтал ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй явдаг урсгал маш их түгжрэлтэй байсан. Энэ үед ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй явж байсан ...... маркийн автомашин зам дээр шууд зүүн гар тийш буцаж эргэх үйлдэл хийсэн. Автомашины жолооч буцаж эргэж байхдаа аюулгүй байдлаа хангалгүй мөн намайг харалгүй шууд мөргөсөн. Осол болох үед жолооч автомашиныхаа баруун гар талын их гэрэл орчмоороо миний зүүн хөлийн өвдөг хэсэг рүү мөргөөд зогссон байсан. Би энэ үед зам дээр дугуйтайгаа унасан. Тэгээд босоод иртэл автомашины хагарсан их гэрэлд зүүн хөлийн өмдний шилбэ нэвт урагдаж шилбэний яс махнаасаа гарчихсан харагдаж байсан. Би жолоочид чи түргэн тусламж болон цагдаад дуудлага өг гэж хэлсэн. Жолооч түргэн болон цагдаад дуудлага өгсөн. Удалгүй түргэн тусламж, цагдаагийн алба хаагч нар ирсэн. Түргэн тусламжийн эмч ирж миний хөлийг үзээд боолт хийж шууд ГССҮТ рүү авч явсан...Асфальтан, шулуун тэгш, үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаар тогтуун, гадаа байгалийн, гэрэл дохио байхгүй, явган хүний замгүй, хуурай, хашлагагүй, суурингийн доторх, 2 эгнээ зам байсан...Осол болох үед тас хийх чимээ гарсан...Гэмтлийн хүндэвтэр зэргийн дүгнэлт гарсан...Ослын улмаас зүүн хөлийн шилбэний арьс урагдсан, зүүн хөлийн тойг өвдөг хоёрын зөөлөвч сэтэрсэн, зүүн хөлийн нэг шүрмэс сэтэрсэн...Би эмчилгээндээ өөрөөсөө баримтаар нийт 3.000.000 /гурван сая/ орчим...төгрөг зарцуулсан...Өөрт учирсан бодит хохирлоо авбал гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27/

5. Иргэний хариуцагч Н.Ш-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... ..... маркийн ..... улсын дугаартай автомашин нь миний эзэмшлийнх...2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр нагац ах Т.М нь миний эзэмшлийн ..... маркийн ...... улсын дугаартай автомашиныг ойр зуурын ажил амжуулах гэсэн юм гэж надад хэлээд авсан юм. 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 13 цагийн орчим нагац ах Т.М надруу залгаж би Хан-Уул дүүргийн .......-н замд явж байгаад дугуйтай хүн мөргөчихлөө гэж хэлсэн. Би түүнээс хүн нь гайгүй юу цагдаа түргэн дууд гэж хэлсэн. Надад өөрөөр ослын талаар мэдэх зүйл байхгүй...Надад хохирогчид учирсан эмчилгээний мөнгө төгрөгийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Гэхдээ манай нагац ах Т.М хохирогчид учирсан бодит бүх хохирлыг төлж барагдуулж байгаа...Би автомашиндаа эвдрэл хохирлын үнэлгээ хийлгэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32/

            6. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№7569/-ний дүгнэлт:

                        -Л.Н-н биед зүүн өвдөгний дотор минискны урагдал, зүүн өвдөгний шарх, зүүн шилбэний зулгаралт, баруун тавхайн шарх гэтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                        -Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

                        -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 35/

            7. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт №219: /хх-ийн 65-71/

            8. Мөрдөгчийн магадлагаа №175:

                        -....... маркийн ...... улсын дугаартай автомашины жолооч Т-н М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-д заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

                        -Унадаг дугуй унаж явсан Л-н Н /....../ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн байх үндэслэлтэй байна.

                        -Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна. /хх-ийн 75/

            9. Шүүгдэгч Т.М-н мөрдөн шалгах ажиллагаанд холбогдогчоор өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 12:30 цагийн үед би ....... маркийн ...... дугаартай автомашиныг жолоодоод баруунаас зүүн чигт явж байгаад түгжрээнд зогссон. Тэгээд буцаж явах болоод зам дээр зүүн гар тийш эргэх үед цаанаас чигээрээ явсан унадаг дугуйтай хүн ирж миний машины урд гупер рүү мөргөсөн. Тэр хүн унахдаа машины урд гэрлийг өвдгөөрөө мөргөж өвдөг нь урагдсан. Тухайн үед би эрүүл явсан...Харагдаагүй, миний явсан эгнээний урд ачааны том машин явж байсан болохоор хараагүй...Хамаатны дүү Н.Ш-н эзэмшлийнх би түр унаж явсан юм...Урд гэрэл хагарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 78/

            10. Шүүгдэгч Т.М-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...Би хохирогч Л.Н-н эмчилгээний болон унадаг дугуйны бүр төлбөрийг төлж барагдуулсан. Нийт 4.200.00 /дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөг өгсөн...2004 онд жолооч болсон. 14 жил автомашин жолоодож байна...жолоодох эрхийн үнэмлэхтэй...Би Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс болж хүний биед хүндэвтэр зэргийн хохирол учруулснаа ойлгож байна. Миний буруу...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 83-84/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Т.М нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№7569/-ний дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа №175 зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

            Шүүгдэгч Т.М-н үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний улмаас ямар нэгэн хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож үйлдсэн гэж үзнэ.

Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Т.М нь 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 12 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн .... дүгээр хороо .....-н замд Н.Ш-н эзэмшлийн ..... маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа зам дээр буцаж эргэн Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин эсрэг урсгалаас буюу өөдөөс ирж явсан унадаг дугуйтай Л.Н-г мөргөж биед нь зүүн өвдөгний дотор минискны урагдал, зүүн өвдөгний шарх, зүүн шилбэний зулгаралт, баруун тавхайн шарх бүхий хүндэвтэр гэмтэл учруулсныг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Т.М-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Т.М-н гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг /450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох/ хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн /хх-ийн 108/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад шүүгдэгч Т.М-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Т овогт Т.М-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т овогт Т.М-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.М-д оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Т.М-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Т.М-д сануулсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР