| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 130/2020/00145/И |
| Дугаар | 212/МА2022/00056 |
| Огноо | 2022-06-03 |
| Маргааны төрөл | МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар бусад, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 212/МА2022/00056
Б.М нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 130/ШШ2022/00322 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *** оршин суух ** овогт Б.М нэхэмжлэлтэй, хариуцагч аймгийн Засаг дарга, хамтран хариуцагч Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яаманд холбогдох,
“газрын нөхөн олговор 60000000 /жаран сая/ төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэж, 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Жанерке, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, Д.О /цахим сүлжээгээр/ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн үндэслэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
1.1. Миний бие 2019 оны 4 дүгээр сарын эхээр Ө сумын иргэн Н.М нэр дээрх А бүсэд хамаарах, зам дагуу, Баян-Ө аймгийн Ө сумын ** дугаар багт байршилтай, өмчлөлийн 1250 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг худалдан авч мөн оны 04 дүгээр сарын 19-ний өдөр тус газрыг улсын бүртгэлд бүртгүүлж, Г-******** дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Уг газрыг анх би худалдаж авахад ямар нэгэн бүтээн байгуулалт хийгдээгүй, хоосон газар байсан.
1.2. Гэтэл Баян-Ө аймгийн Засаг даргын захиалгын дагуу Баян-Ө аймгийн “Ж” ХХК нь хатуу хучилттай замыг шинээр тавихад уг замын ус зайлуулах хоолойны тавцангийн 2.5 метр бүхий хэсгийг миний өмчлөлийн газарт зөвшөөрөлгүйгээр дур мэдэн оруулж барьсан байна. Уг ус зайлуулах хоолойг миний өмчлөлийн газрын дунд хэсэгт чиглүүлж барьсан учраас байгалийн онц аюултай үзэгдэл болох аадар бороо орж үер буувал гэр бүлийн гишүүдийн амь насанд аюул учрах эрсдэлийг бодитойгоор бий болгож байна. Гүйцэтгэгч “Ж” ХХК нь ажлаа гүйцэтгэхдээ замын хөдөлгөөнийг түр хязгаарлаж, уг чиглэлд явах авто замын хөдөлгөөнийг хязгаарласан учраас ус зайлуулах хоолойны тавцан миний өмчлөлийн газарт, зөвшөөрөлгүйгээр баригдсан болохыг тухайн үед мэдэх боломжгүй байсан.
1.3. Тус чиглэлийн замын хөдөлгөөнийг нээсний дараа ус зайлуулах хоолойноос болж үүсэх аюул болон зөвшөөрөлгүй баригдсан тавцанг мэдэж Баян-Ө аймгийн Ө сумын З Дд хандаж энэ талаар гомдол гаргаж байсан боловч тус газар нь А бүсэд хамааралтай, Ө сумын З Д шийдвэрлэх боломжгүй, бидний хариуцах асуудал биш гэж анхаарч үзээгүй. Дараа нь уг хатуу хучилттай авто замын гүйцэтгэгч компани болох “Ж” ХХК-ийн удирдлагад хандахад бид захиалагчийн өгсөн захилгын дагуу гүйцэтгэсэн, манай компани хариуцахгүй гэх хариуг амаар өгсөн. Улмаар миний бие аймгийн З Дд энэ талаар гомдол гаргасан боловч миний шаардлагыг зөвшөөрөөгүй, ус зайлуулах хоолойг хаах боломжгүй гэх утга бүхий хариуг надад өгсөн.
1.4. Анх шүүхэд өмчлөлийн газарт зөвшөөрөлгүй баригдсан үерийн ус зайлуулах хоолойны тавцанг албадан нүүлгэж, гэр бүлийн хэрэгцээний дагуу газрыг ашиглуулахаар чөлөөлж өгөх талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч Баян-Ө аймгийн З Дас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа газар өмчлөгч миний өмчлөлийн газрыг эзэмшихэд саад болж байгаа зөрчлийг арилгахад хамтран ажиллах талаар дурдаж, шинээр баригдаж байгаа Ө сумын төвийг үерийн уснаас хамгаалах байгууламжийн салбар шугамд нийлүүлэх арга хэмжээ авахад үерийн усыг бүрэн зайлуулах боломж гаргаж өгөх талаар хамтран ажиллах болно гэсэн. Үүнд нийцүүлэн нэхэмжлэлийн шаардлагаа миний өмчлөлийн газарт зөвшөөрөлгүй татагдсан үерийн ус зайлуулах хоолойн тавцангаас өмчлөлийн газраа албадан чөлөөлүүлж, ус зайлуулах хоолойгоор гарсан үерийн усыг шинээр баригдаж байгаа Ө сумын төвийг үерийн уснаас хамгаалах байгууламжийн салбар шугамд нийлүүлэхийг хариуцагчид үүрэг болгож өгнө үү гэж өөрчилсөн. Дараа нь уг шаардлагыг дахин өөрчлөн тодруулж, миний өмчлөлийн газарт зөвшөөрөлгүй татагдсан үерийн ус зайлуулах хоолойн тавцанг албадан нүүлгэж, миний өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж, өмчлөлийн газар луу чиглэгдэн баригдсан ус зайлуулах хоолойг хаалгаж өгнө үү гэж өөрчилсөн.
1.5. Нэхэмжлэлийн шаардлагыг дахин өөрчлөн тодруулж байна. Б.М миний өмчлөлийн газарт зөвшөөрөлгүй татагдсан үерийн ус зайлуулах хоолойн тавцанг албадан нүүлгэж, миний өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж, өмчлөлийн газар луу чиглэгдэн баригдсан ус зайлуулах хоолойг хаалгаж өгнө үү гэж өөрчилж байсан боловч тухайн үерийн ус зайлуулах хоолойг хааж болохгүй гэсэн холбогдох газрын дүгнэлт гарсан учраас тухайн газрыг зориулалтаар нь ашиглах боломжгүй болж байна. Иймд миний бие тухайн газрыг зах зээлийн үнэлгээгээр үнэлүүлж, газрын нөхөн олговрыг нэхэмжилж байна. Иймд өмнөх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн иргэн миний өмчлөлийн газрын нөхөн олговорт 60000000 /жаран сая/ төгрөгийг гаргуулж өгнө үү.
1.6. Газраа улсын хэрэгцээнд буцаан өгөх болно.
2. Хариуцагч аймгийн ЗДн тайлбар, татгалзал:
2.1. Аймгийн төв, Ө сумын төвийн 10,4 км хатуу хучилттай авто замын зургийг Улаанбаатар хотын “Э ” ХХК-аар хийлгэсэн. Уг компани 10,4 км хатуу хучилттай авто замын зураг төсөлд улсын экспертиз хийлгэж баталгаажуулсан. Батлагдсан зураг төсвөөр хийгдсэн бүтээн байгуулалтыг өөрчлөх боломжгүй. Харин ус зайлуулах хоолойгоор гарсан үерийн усыг шинээр баригдаж байгаа Ө сумын төвийг үерийн уснаас хамгаалах байгууламжийн салбар шугамд нийлүүлэх арга хэмжээ авахад үерийн усыг бүрэн зайлуулах боломж гаргах өгөх талаар хамтран ажиллаж болно.
2.2. Тухайн газрыг анх 2015 онд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй олгосон нь үйлдвэрлэл үйлчилгээний бүсэд өөрөөр хэлбэл дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар олгосон газрын дундаас хууль зөрчиж өөртөө давуу байдал бий болгож хууль бус газар эзэмшсэн.
2.3. Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Ө сумын газрын нөөцийг харгалзан нэг иргэнд шинээр 700 м2 хүртэл газар олгохоор тусгаж газар олголт хийж ирсэн. Тухайн газрыг 1250 м2 шинээр олгосон нь мөн хууль зөрчиж давуу байдал бий болгосон үйлдэл.
2.4. Зам дагуух ус зайлуулах хоолой нь тухайн газрыг ашиглахад ямар нэгэн саад учруулахгүй гэж үзэж байна. Анхны газар олголт нь хууль зөрчиж илт давуу байдал бий болгосон тул ямар нэгэн нөхөн олговор олгох боломжгүй гэжээ.
3.Хамт хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамны тайлбар, татгалзал:
3.1.Зам, тээврийн хөгжлийн яам болон “Ж” ХХК-ийн хооронд Аймгийн төвийн авто замын өргөтгөл, шинэчлэлт, 10,4 км /Баян-Ө, Ө сум/ ажилгүй гүйцэтгэх 156 дугаар гэрээг 2018 оны 8 дугаар сард байгуулж, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр захиалагчид хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулсан. Гэвч нэхэмжлэгч нэхэмжлэлдээ миний бие 2019 оны 4 дүгээр сарын эхээр Ө сумын иргэн Н.М нэр дээрх А бүсэд хамаарах зам дагуу Баян-Ө, Ө сумын ** дугаар багт байршилттай өмчлөлийн 1250 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг худалдан авсан. Уг газар нь анх хоосон ,ямар нэгэн бүтээн байгуулалт хийгдээгүй байсан гэж дурдсантай зөрчилдөж байна.
3.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ... авто замын гүйцэтгэгч компани болох “Ж” ХХК-ийн удирдлагад хандахад бид захиалагчийн өгсөн захилгын дагуу гүйцэтгэсэн, манай компани хариуцахгүй гэж амаар хариу өгсөн гэж дурдсан нь Авто замын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д “Нийслэл, орон нутгийн чанартай авто зам, түүний зурвас газрыг эзэмшигч нь аймаг, нийслэлийн З Д, түүнээс эрх олгосон этгээд байна” гэж заасны дагуу уг зам нь Баян-Ө аймгийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд олгогдсон тул захиалагч болох Зам, тээврийн хөгжлийн яам хариуцагчаар оролцох үндэслэлгүй.
3.3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбогдуулан тайлбарлахад, нэхэмжлэгч өөрчилсөн нэхэмжлэлдээ ... иргэн миний газрын нөхөн олговор болох 60000000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж дурдсан байгаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заасантай нийцэхгүй байна.
3.4. Мөн Авто замын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Нийслэл, орон нутгийн чанартай авто зам, түүний зурвас газрыг эзэмшигч нь аймаг, нийслэлийн З Д, түүнээс эрх олгосон этгээд байна” гэж заасан. Иймд Баян-Ө аймгийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд гаргах шийдвэртэй холбогдуулан гаргасан тул Зам, тээврийн хөгжлийн яамны хуулиар олгосон чиг үүрэгт хамаарахгүй байна.
4. Баян-Ө аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 130/ШШ2022/00322 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 37 дугаар зүйлийн 37.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.М хариуцагч Баян-Ө аймгийн З Д, хамтран хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамд тус тус холбогдуулан гаргасан өмчлөлийн газрын нөхөн олговор болох 60000000 /жаран сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.М улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457950 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
5.1. Иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах үед иргэний газар өмчлөх эрхийн баталгааг хангах журмыг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасан. Гэтэл иргэний өмчлөл бүхий газарт өмчлөгчийн зөвшөөрөлгүй зам, ус зайлуулах хоолой тавьсан. Үүнээс болж иргэн тухайн өмчөө ашиглах боломжгүй болсон нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон.
5.2. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т "Иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай шийдвэрийг Засгийн газар гаргана", 32.3-т "Иргэний өмчийн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай шийдвэрт газрыг зайлшгүй солих, эргүүлэн авах болсон зориулалт, үндэслэлийг тодорхой заана", 32.4-т "Иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай шийдвэр гаргахаас нэгээс доошгүй жилийн өмнө газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага газар өмчлөгчтэй энэ тухай урьдчилан тохиролцсон байна" гэж тус тус заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн.
5.3. Анхан шатны шүүхээс “Аймгийн төвийн хатуу хучилттай 10.4 км авто замын ус зайлуулах хоолойн байгууламжийн зарим хэсэг буюу ус зайлуулах төмөр бетон хоолойн ус гарах талын ус сарниулагч цементэн зуурмагтай чулуу бэхэлгээтэй талбайн 12.96 м кв хэсэг нь Б.М өмчлөлийн газарт орж давхацсан байдлыг Б.М өмчлөлийн 1250 м.кв газрыг бүхэлд нь улсын тусгай хэрэгцээнд буцаан авсан гэж үзэх боломжгүй байна. Хуульд иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах ажлыг тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлсний дараа гүйцэтгэх тухай заасан бөгөөд хуульд заасан нөхөн олговор олгох тохиолдол тогтоогдоогүй” гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. Ус зайлуулах төмөр бетон хоолойн 12.96 м.кв хэсэг нь Б.М өмчлөлийн газарт орсноос болж Б.М өмчлөлийн 1250 м.кв газрыг зориулалтаар нь ашиглах боломжгүй, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчинө хэмээн мэргэжлийн байгууллагаас шинжээчийн дүгнэлт гарсан байхад шүүх 1250 м.кв газрыг бүхэлд нь төр өөрийн хэрэгцээндээ авсан гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй байна.
5.4. Иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах ажлыг төр өөрөө зохион байгуулах, холбогдох шийдвэрийг гаргахаар хуульчилсан байхад газар өмчилж буй иргэний газарт төр шууд бүтээн байгуулалтын ажлыг нэгэнт хийж гүйцэтгэн өөрийн хэрэгцээндээ ашиглаж байгаа учир анхан шатны шүүхийн “иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээндээ буцаан авсан гэж үзэх боломжгүй, буцаан авсан ч гэсэн бүхэлдээ аваагүй” гэсэн утга агуулгын хувьд эсрэг тэсрэг дүгнэлт нь үндэслэл муутай болжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ ханган шийдвэрлэж өгнө үү.
6. Хамтран хариуцагч Зам тээврийн хөгжлийн Яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
6.1. Баян-Ө аймгийн Засаг дарга байсан А.Г-ы баталсан инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажил, аймгийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан 2017 оны 12 дугаартай гэрээний дагуу тухайн авто замын бүтээн байгуулалтын ажил хийгдсэн. Зам тээвэр хөгжлийн яам нь захиалагч байгууллага гэсэн нэрээр орсон боловч энэхүү ажил нь улсын төсвийн хөрөнгөөр, зам тээвэр хөгжлийн сайдын багцаас хөрөнгийн эх үүсвэрийг гаргахаар талууд гэрээ байгуулсан.
6.2. Авто замын инженерийн нарийвчилсан зураг төсөл аймгийн Засаг даргын баталсан зураг төслийн дагуу хийгдсэн. 2017 оны 12 дугаартай гэрээний дагуу инженерийн нарийвчилсан зураг төслөөр гэрээг Зам тээврийн яам нь “Ж” ХХК-тай 2018 онд гэрээ байгуулж 2019 онд бүтэн байгуулалтыг хүлээлгэж өгөх хугацаатай.
6.3. Нэхэмжлэгч Б.М “Намайг газар худалдаж авахад ямар нэгэн бүтэн байгуулалт хийгдээгүй байсан гэдэг нь үндэслэлгүй. Тухайн авто замын бүтэн байгуулалт ажил нь 2018 оноос эхэлсэн. Нэхэмжлэгч тухайн газрыг 2019 онд худалдаж авсан. Иргэн Б.М өмчлөлийн газрын 1.200 м.кв талбайн зөвхөн 12.6 метр буюу 1.36 м.кв газарт ус зайлуулах хоолой тавцангийн хэмжээ оногдож байгаа. Тус хэмжээнээс хамаараад иргэн Б.М өмчлөлийн газрыг бүхэлд нь тусгай хэрэгцээний газарт авах нь хууль зүйн үндэслэлгүй. Тусгай хэрэгцээний газарт аваагүй учраас Газрын тухай хууль болон Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар иргэнд газар өгөх, авах, гаргах хэмжээ заагийг тогтоосноор Засгийн газрын журмын дагуу түүнд нөхөн олговор олгох үндэслэлгүй.
6.4. Тэгэхээр иргэний 1.200 м.кв газрын 12.6 м.кв оногдох хэсгийн борооны ус зайлуулах хоолойны хэмжээнээс шалтгаалаад түүнийг бүхэлд нь тусгай хэрэгцээнд авах боломжгүй. Нэхэмжлэгчийн амь нас, эд хөрөнгөд нь хохирол аюул учирна гэсэн баталгаатай тогтоосон баримт байхгүй.
6.5. Монгол Улсын Газрын тухай хууль, Авто замын тухай хууль, Засгийн газрын холбогдох тогтоол, Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу захиран зарцуулах эрх нь аймгийн З Дд олгогдсон. Тийм учраас Зам тээврийн хөгжлийн яамны сайдын багцаас хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн боловч тухайн авто замыг чөлөөлөх, газар олгох асуудалд хөндлөнгөөс оролцох боломжгүй. Зам тээвэр хөгжлийн яам энэ хэрэгт хариуцагч биш.
7. Хамтран хариуцагч Зам тээврийн хөгжлийн Яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
7.1. Нэмэлт тайлбар хэлье. Хариуцагчийн тайлбарт шинжээчийн дүгнэлтийг дурдаж байна. Шинжээчийн дүгнэлтийг хоёр удаа гаргасан. Эхнийх нь шинжээчийн нэр нь орсон. Гэтэл авто замын тухай хуулиараа авто замын мэргэжилтэн, зөвлөх инженер дүгнэлт гаргах ёстой
7.2. “Ашид билгүүн” гэх үнэлгээ гаргах компаниар 60.000.000 төгрөгийн үнэлгээ гаргасан. Энэ газартай адилхан газар байхгүй учраас 60.000.000 төгрөгөөр үнэлж байна гэсэн. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8.1-т “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заасан. Гэтэл энэ аргуудыг хэрэглэхгүйгээр, шууд 60.000.000 төгрөг гэж гаргасан нь үндэслэлгүй байна.
ХЯНАВАЛ:
8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
9. Нэхэмжлэгч Б.М “газрын нөхөн олговорт 60000000 /жаран сая/ төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлага” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар процессын болон материаллаг эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилтод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлан хэрэглэснийг, “шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай, талуудын хуульд заасан арга хэрэгслээр олж авч, хэрэгт цуглуулсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал бүрэн тогтоогдсон, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэн шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь, бүрэн бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хийсэн хууль зүйн дүгнэлт бүхий үндэслэгээг тус тус ойлгоно.
11. Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч аймгийн Засаг дарга, хамтран хариуцагч Зам тээврийн хөгжлийн Яаманд холбогдуулан “2019 оны зун Баян-Ө аймгийн Засаг даргын захиалгын дагуу “Ж” ХХК нь хатуу хучилттай замыг шинээр тавихад уг замын ус зайлуулах хоолойны тавцангийн 2.5 метр бүхий хэсгийг Баян-Ө аймгийн Ө сумын 13 дугаар багт байршилтай, миний өмчлөлийн 1250 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газарт зөвшөөрөлгүйгээр дур мэдэн оруулж барьсны улмаас байгалийн онц аюултай үзэгдэл болох аадар бороо орж үер буувал гэр бүлийн гишүүдийн амь насанд аюул учрах эрсдэлийг бодитойгоор бий болгож байна. Миний бие өмчлөлийн газарт зөвшөөрөлгүй баригдсан үерийн ус зайлуулах хоолойн тавцанг албадан нүүлгэж, миний өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж, өмчлөлийн газар луу чиглэгдэн баригдсан ус зайлуулах хоолойг хаалгаж өгнө үү гэж байсан боловч тухайн үерийн ус зайлуулах хоолойг хааж болохгүй гэсэн холбогдох газрын дүгнэлт гарсан учраас тухайн газрыг зориулалтаар ашиглах боломжгүй болж байна. Иймд өмчлөлийн газрын нөхөн олговор болох 60000000 төгрөгийг гаргуулж, газраа улсын хэрэгцээнд өгөхийг хүсэж байна” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
12. Хариуцагч аймгийн Засаг даргаас “Уг 10,4 км хатуу хучилттай авто замын зураг төсөлд улсын экспертиз хийлгэж баталгаажуулсан, батлагдсан зураг төсвөөр хийгдсэн бүтээн байгуулалтыг өөрчлөх боломжгүй. Тухайн газрыг анх 2015 онд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй өмчлүүлж олгосон нь үйлдвэрлэл үйлчилгээний бүсэд өөрөөр хэлбэл дуудлага худалдаа, төсөл шалгаруулалтаар олгосон газрын дундаас хууль зөрчиж өөртөө давуу байдал бий болгож хууль бус газар эзэмшсэн. Зам дагуух ус зайлуулах хоолой нь тухайн газрыг ашиглахад ямар нэгэн саад учруулахгүй. Анхны газар олголт нь хууль зөрчиж илт давуу байдал бий болгосон тул ямар нэгэн нөхөн олговор олгох боломжгүй” гэж, хамтран хариуцагч Зам тээврийн хөгжлийн Яамнаас “Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасантай нийцэхгүй байна. Мөн Авто замын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Нийслэл, орон нутгийн чанартай авто зам, түүний зурвас газрыг эзэмшигч нь аймаг, нийслэлийн Засаг дарга, түүнээс эрх олгосон этгээд байна” гэж заасан. Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд гаргах шийдвэртэй холбогдуулан гаргасан тул Зам, тээврийн хөгжлийн яамны хуулиар олгосон чиг үүрэгт хамаарахгүй байна” гэж тус тус маргажээ.
13. Баян-Ө аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/602 дугаартай захирамжаар Н.Маргулан нь Баян-Ө аймгийн Ө сумын 13 дугаар багт байршилтай 1250 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээнд өмчилж авсан ба тухайн газрыг нэхэмжлэгч Б.М нь 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр худалдан авч, уг газрын өмчлөгч болсон нь нэгж талбарын 8312015096, улсын бүртгэлийн Г-****** дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, кадастрын зураг, гэр хорооллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогджээ.
14. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхтэй гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж хуульчилсан тул нэхэмжлэгч нь өмчлөх эрхээ хамгаалуулахаар шүүхэд мэдүүлэх эрхтэй. Түүнчлэн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.” гэж зааснаас үзэхэд өмчлөгч Б.М нь хөрөнгөө бусдын хууль бус халдлагаас хамгаалах эрхтэй.
15. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Зам тээврийн Яам, “Ж” ХХК-ийн хооронд аймгийн төвийн авто замын өргөтгөл, шинэчлэлт хийгдэх 10.4 км авто замын ажил гүйцэтгэх 156 дугаар гэрээг 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр байгуулж, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр захиалагчид хүлээлгэн өгөхөөр гэрээлжээ. Уг гэрээний дагуу “Ж” ХХК нь аймгийн төвийн авто замын өргөтгөл, шинэчлэлт хийгдэх 10.4 км авто замын ажлыг улсын экспертизээс баталсан авто замын инженерийн нарийвчилсан зураг төслийн дагуу гүйцэтгэж улмаар 2020 оны 7 дугаар сард улсын комисст хүлээлгэн өгсөн байна.
Уг 10,4 км хатуу хучилттай авто замын ус гарах талын ус сарниулагч цементэн зуурмагтай чулуу бэхэлгээтэй талбайн 12.96 м.кв хэсэг нь нэхэмжлэгч Б.М өмчлөлийн Баян-Ө аймгийн Ө сумын ** дугаар багт байршилтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1250 м.кв газарт давхацсан нь хавтаст хэрэгт авагдсан 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн №04-**** дугаартай шинжээчийн дүгнэлт, маргаан бүхий газарт 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр шүүхээс үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл, газрын схем зураг, гэрэл зургуудаар тогтоогдож байна.
16. Тус замын ус зайлуулах хоолой Б.М өмчлөлийн газарт харалдаа баригдсаны улмаас ус зайлуулах төмөр бетон хоолойгоор тавцан руу дамжиж гарсан бороо, үерийн ус Б.М өмчлөлийн гэх газарт урсаж орох аюултай бөгөөд энэ нь улмаар тус газарт байрлах иргэний тухайн өмчлөл, эзэмшлийн газрыг ашиглах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд сөрөг нөлөөлөлтэй болох нь 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн №04-04-027/01 дугаартай шинжээчийн дүгнэлтийн б-д “Тухайн ус зайлуулах хоолойг хааснаар тус авто замд эвдрэл гэмтэл үүсэж, улмаар тус авто замын ашиглалтын явцад гамшгийн улмаас эвдрэл гэмтэл гарч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад бэрхшээл үүсэх эрсдэлтэй байна” гэх, в-д “Тухайн авто зам магадлалын дүгнэлт бүхий баталгаажсан зураг төслийн дагуу баригдсан учир замын ашиглалтын хэвийн байдлыг алдагдуулахгүй байх, мөн замын насжилтыг уртасгах ач холбогдолтой тул ус зайлуулах хоолой заавал байх шаардлагатай байна” гэх, 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн 1-т “Баян-Ө аймгийн Ө сумын 13-р баг, Жана ауыл антений урд талын хар замд ус зайлуулах хоолой баригдсан байх ба уг ус зайлуулах хоолойн тавцангийн урт нь 2.7 м, өргөн нь 4.8 м байсан ба энэ нь шууд залгаа Б.М өмчлөлийн гэх газарт орж байв. Хэрвээ бороо орсны улмаас үерийн усанд автсан тохиолдолд тухайн ус зайлуулах төмөр бетон хоолойгоор тавцан руу дамжиж гарсан бороо, үерийн ус Б.М өмчлөлийн гэх газарт урсаж орох аюултай байна. Энэ нь улмаар тус газарт байрлах иргэний тухайн өмчлөл, эзэмшлийн газрыг ашиглах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд сөргөөр нөлөөлнө” гэх дүгнэлтүүдээр бүрэн тогтоогджээ.
17. Нэхэмжлэгч Б.Мгаас анх шүүхэд хариуцагч Баян-Ө аймгийн З Дд холбогдуулан Өмчлөлийн газарт зөвшөөрөлгүй баригдсан үерийн ус зайлуулах хоолойны тавцанг албадан нүүлгэж, гэр бүлийн хэрэгцээний дагуу газрыг ашиглуулахаар чөлөөлж өгөх талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж өмчлөлийн газарт зөвшөөрөлгүй татагдсан үерийн ус зайлуулах хоолойн тавцангаас өмчлөлийн газраа албадан чөлөөлүүлж, ус зайлуулах хоолойгоор гарсан үерийн усыг шинээр баригдаж байгаа Ө сумын төвийг үерийн уснаас хамгаалах байгууламжийн салбар шугамд нийлүүлэхийг хариуцагчид үүрэг болгож өгөх шаардлага гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн шаардлагыг дахин өөрчилж нэхэмжлэлийн шаардлагаа “өмчлөлийн газрын нөхөн олговор болох 60000000 /жаран сая/ төгрөгийг гаргуулж өгнө үү, газраа улсын хэрэгцээнд буцаан өгнө” гэж тодорхойлжээ.
18. Иргэний өмчийн газрыг бүхэлд нь буюу түүний зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах асуудлыг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар зохицуулсан байх бөгөөд тус хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт “Иргэний газар өмчлөх эрхийг зөрчсөн этгээд иргэнд учруулсан хохирлыг түүний олох байсан орлогын хамт иргэний хуульд заасан журмын дагуу нөхөн төлнө” гэж, мөн хуулийн 37 дугаар зүйлд иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах тохиолдолд ийнхүү солих буюу эргүүлэн авахаасаа өмнө газрыг сольж байгаа тохиолдолд иргэний хүсэлтийг үндэслэн өмчилж байсан газраас нь төлөв байдал, чанарын хувьд дордохооргүй газрыг өмчлүүлэх, эргүүлэн авч байгаа тохиолдолд үнийг нь төлөх, өмчилж байсан газарт байгаа үл хөдлөх хөрөнгийн үнийг төлөх, өмчлөгчөөс тухайн газарт зарцуулсан хөрөнгийн үнийг төлөхөөр тус тус хуульчилжээ.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаас үзвэл (1) улсын батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах, (2) шинжлэх ухаан, технологийн сорилт, туршилт болон байгаль орчин, цаг агаарын төлөв байдлын байнгын ажиглалтын талбай байгуулах, (3) улсын чанартай зам, шугам сүлжээ, барилга байгууламж барих тохиолдолд иргэний өмчийн газрыг бүхэлд нь буюу түүний зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авч болохоор хуульчилсан.
Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.28 дахь заалтад “улсын чанартай авто зам” гэж нийслэлийг аймгийн төвтэй, аймгийн төвийг хооронд нь болон хилийн боомттой холбосон авто замыг, 4.1.24 дэх заалтад “орон нутгийн чанартай авто зам” гэж аймгийн нутаг дэвсгэр дэх хот, сум, суурин газар, фермерийн аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн баазыг хооронд нь холбосон болон тэдгээрийн доторх авто замыг” ойлгохоор хуульчилснаас дүгнэхэд Зам тээврийн Яамны захиалгаар “Ж” ХХК-ийн гүйцэтгэсэн аймгийн төвийн авто замын өргөтгөл, шинэчлэлт хийгдэх 10.4 км авто зам нь орон нутгийн чанартай авто замд хамаарч байна. Тиймээс Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан иргэний өмчийн газрыг бүхэлд нь буюу түүний зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авч болох үндэслэл хэргээс тогтоогдохгүй байгаагаас гадна нэхэмжлэгчийн өмчийн газрыг төрөөс, эсхүл түүний эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас бүхэлд нь буюу түүний зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авсан гэх үйл баримт, хуульд заасан урьдчилсан нөхцөлүүд тогтоогдохгүй байна.
19. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд иргэний өмчийн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авахад зохих урьдчилсан нөхцөлүүдийг хангасан байхаар хуульчилжээ. Тухайлбал, тус хуулийн 32.4 дэх хэсэгт “Иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай шийдвэр гаргахаас нэгээс доошгүй жилийн өмнө газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага газар өмчлөгчтэй энэ тухай урьдчилан тохиролцсон байна” гэж, 32.5 дахь хэсэгт “Иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авахад газар өмчлөгч болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах асуудлыг урьдчилан тохиролцоно: 32.5.1. газрын үнэ; 32.5.2. тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэ; 32.5.3. өмчлөгчөөс уг газарт зарцуулсан хөрөнгө, газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авснаас өмчлөгчид учрах хохирлын хэмжээ; 32.5.4. улсын тусгай хэрэгцээнд авах газрын хэмжээ; 32.5.5. улсын тусгай хэрэгцээнд авсан газрыг сольж олгох газрын байршил, хэмжээ, төлөв байдал, чанар; 32.5.6. газрыг чөлөөлөх нөхцөл, хугацаа; 32.5.7. газрыг чөлөөлөхтэй холбогдон талуудын хүлээх үүрэг, хариуцлага; 32.5.8. нөхөх олговрын хэмжээ, түүнийг төлөх журам, хугацаа” гэж хуульчилсан байна.
Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар дээрх хуульд заасан урьдчилсан нөхцөлүүдийг тус тус хангах үйл баримт нотлогдон тогтоогдоогүй бөгөөд аймгийн төвийн хатуу хучилттай 10.4 км авто замын ус зайлуулах хоолойн байгууламжийн зарим хэсэг буюу ус зайлуулах төмөр бетон хоолойн ус гарах талын ус сарниулагч цементэн зуурмагтай чулуу бэхэлгээтэй талбайн 12.96 м.кв хэсэг нь Б.М өмчлөлийн газарт орж давхацсан байдлыг Б.М өмчлөлийн 1250 м.кв газрыг бүхэлд нь улсын тусгай хэрэгцээнд буцаан авсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно. Энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
11. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “.. шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэх давж заалдах гомдолд дурдсан үндэслэл тогтоогдоогүй тул дээрх үндэслэлүүдээр гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Харин нэхэмжлэгч нь өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хувийн өмчийн газраа төр дайчлан авсан гэж үзэж нөхөн олговор гаргуулах, үнийг нь төлүүлэхтэй холбогдуулан нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.10 дахь заалтаар уг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх байтал анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457.950 төгрөгийг улсын орлого болгосныг өөрчилж, нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457.950 төгрөгийг, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 457.950 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Б.Мд зохих данснаас гаргуулж буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Ө аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 130/ШШ2022/00322 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.10 дахь заалт, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.М нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457.950 /дөрвөн зуун тавин долоон мянга, есөн зуун тавь/ төгрөгийг Төрийн сангийн ***** дугаар данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч Б.М /**********/-д олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.10 дахь заалт, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457.950 /дөрвөн зуун тавин долоон мянга, есөн зуун тавь/ төгрөгийг Төрийн сангийн 100020000941 дугаар данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч Б.М /***********/-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК