| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 2331001950133 |
| Дугаар | 2026/ДШМ/09 |
| Огноо | 2026-01-20 |
| Зүйл хэсэг | 24.2.1., 24.2.3., |
| Улсын яллагч | Р.Мягмардорж |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2026/ДШМ/09
Ш.Б*******, “******* шугам” ХХК нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Ерөнхий шүүгч Г.Давааренчин, Д******* аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор Р.Мягмардорж
Шүүгдэгч Ш.Б*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү даргалж, шийдвэрлэн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/236 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлоор Ш.Б*******, “******* шугам” ХХК-д тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2331001950133 дугаартай, 3 хавтас хэргийг 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х******* овогт Ш******* Б*******, Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр Д******* аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “******* Шугам” ХХК-нд гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл *, эхнэр, хүүхдүүдийн хамт, У******* хот, Х******* дүүрэг, ** дугаар хороо, ******* *** ***-*** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, (РД: ***************),
2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Фермерийн аж ахуй эрхлэх, Газар тариалан эрхлэх, Аялал жуулчлал, Гадаад худалдаа, Барилгын засвар, засал чимэглэл чиглэлээр үйл явуулах чиглэлээр байгуулагдаж, Улсын бүртгэлийн гэрчилгээ авсан, У******* хот, Ч дүүрэг, ** дүгээр хороо, ******* дугаар гудамж, ******* тоотод байрлах хаягтай, Улсын бүртгэлийн ********* дугаартай, регистрийн *********** дугаартай, “******* шугам” хариуцлагатай хувьцаат компани
Шүүгдэгч Ш.Б******* нь 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймаг, сум, 2 дугаар баг, “” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан алт олборлох зорилгоор ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан;
Шүүгдэгч “******* шугам” ХХК нь 023 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймаг, сум, * дугаар баг, “” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан алт олборлох зорилгоор ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Ш.Б*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар, “******* шугам” ХХК-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:
Шүүгдэгч Х******* овогт Ш******* Б******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах зорилгоор газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч “******* шугам” ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь заалтад заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах зорилгоор газрын хэвлийд халдах гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х******* овогт Ш******* Б******* зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр ял,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1, 9.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “******* шугам” ХХК-нд ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр торгох ял оногдуулан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг тус бүр 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоон,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэн,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4-т зааснаар шүүгдэгч Ш.Б******* ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Нуundai R290LC-7 маркийн экскаватор, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох Монгол банкинд хадгалагдаж байгаа 6,6 грамм алтыг тус тус хураан авч улсын орлогод оруулан,
Шүүгдэгч Ш.Б******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийн уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгаж, ...шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасан эрхийнхээ дагуу давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Энэ хэргийг анхан шатны шүүхээр 2 удаа, давж заалдах шатны шүүхээр 2 удаа хэлэлцсэн ба анхан шатны шүүхээр урьд хэлэлцэхдээ 2 удаа цагаатгаж шийдвэрлэж байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгыг тогтоох талаар хуульчилсан байна. Хавтас хэрэгт энэ асуудлын нарийвчлан шалгаж тогтоогоогүй, өөрөөр хэлбэл “******* шугам” ХХК тухайн газарт “” компанийн гэрээгээр нөхөн сэргээлтийн ажил хийж гүйцэтгэх очсон байсныг хууль бусаар ашигт малтмал олборлох зорилготой байгаагүй болох нь баримтаар тогтоогдож байгаа.
Хэрэг учрал болсон цаг хугацаанд миний бие тухайн газарт байгаагүй, төв оффисын байрнаасаа холбогдож, үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Түүнчлэн “” ХХК-ийн ажилтнууд ч мөн манай компанийн үйл ажиллагаанд давхар хяналт тавьж ажиллаж байсан. Хэрэгт авагдсан “Эко-инженеринг” компанийн шинжээчийн дүгнэлтэнд дурьдсан сансраас авсан гэх зураг нь 2018 онд эвдэгдсэн, тэр хэлбэр дүрсээрээ авагдсан байдаг. Тэр газар урьд өмнө нь эвдэгдсэн газар байсан ба “” компаниас зааж өгсөн газарт л үйл ажиллагаа явуулсан, түүнээс өөр газар ухаж, сэндийчиж, газрын хэвлийд халдсан зүйл байхгүй юм. Иймд болсон хэрэг учралын талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэн, гэм буруугийн асуудалд дүгнэлт хийж өгнө үү.
Давж заалдах шатны шүүхээс нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж байсан нь гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл эрүүгийн хариуцлага, ял шийтгэл оногдуулахад дараахь зүйлийг анхаарч үзнэ үү.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар надад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөн хуулийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “******* шугам” ХХК-ийг давхар торгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. Учир нь “******* шугам” ХХК нь ганц хүний гишүүнчлэлтэй компани бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээх субъектийг зөв тогтоож чадаагүй гэж үзэж байна. Гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрээр үйлдсэн, гэмт хэргийг хуулийн этгээдийн ашиг сонирхлын үүднээс үйлдсэн, гэмт хэргийг хуулийн этгээдийн зөвшөөрлөөр эсвэл зааварчилгааны дагуу үйлдсэн гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад бодитой тогтоож чадаагүй болохыг давж заалдах шатны шүүх анхаарч үзэж, надад болон "******* шугам" ХХК-д давхар хариуцлага хүлээлгэснийг хүчингүй болгож, хувь хүнд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэж, оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү гээд шүүх хуралдаанд гомдлоо дэмжиж оролцож байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Нотлох баримт нь өөр зүйл хэлээд байдаг. Болсон үйл баримтын талаар өөр зүйл яриад байдаг. Прокурор яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэнэ гээд шийдээд байгаа нь ойлгомжгүй. Болсон үйл баримт нь өөр зүйл яриад байдаг. Үйл баримтыг дүгнэх ёстой. Бид нар бодит үнэнийг тогтоох ёстой. Хавтаст хэрэгт ганц нотлох баримт байгаа. “Эко инженеринг” ХХК нь хуучин нүх байна гэж дүгнэчихсэн. Ш.Б******* нэг зүйлийг хэлдэг. Бид нар “” ХХК-с авч байгаа нүх нь хуучин “” ХХК-ийн талбай дээр байсан шороог угаагаад гарсан алтаар нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг явуулж дэмждэг. “Монлед” ХХК, “******* шугам” ХХК нарын хийсэн гэрээ ямар шугамаар явах ёстой байсан талаар огтоос чухалчилж харахгүй байна. 2021 онд гэрээтэй байхад нөхөн сэргээлтийн ажил хийж улсад хүлээлгэн өгч гавьяа байгуулсан гэж тухайн үед сайшаагдаж байсан гэдэг. Энэ болгон дээр дүгнэлт хийх ёстой байсан юм болов уу гэж боддог гэв.
Прокурор шүүх хуралдаан гаргасан дүгнэлтдээ:
... “******* шугам” ХХК-д эрүүгийн хариуцлага оногдуулж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлд заасан үндэслэл байна гэж харж байгаа. Шүүгдэгчийн зүгээс “” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй газар үйл ажиллагаа явуулсан гэх боловч хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тухайн газар маань “” ХХК-ийн газраас өөр газар гэдэг нь тогтоогддог. Газрын хэвлийд халдсан, эрэл хайгуул хийсэнд нь улсын яллагчийн зүгээс гэм буруутайд тооцуулах саналыг гаргасан байдаг. Тоног төхөөрөмж байгаа газар болон газрын хэвлийд халдсан гэх газар нь “” ХХК-ийн газраас тусдаа газар байгаа. Тэгэхээр шүүгдэгч Ш.Б******* ын яриад байгаа гэрээтэй байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгддэг. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Ш.Б*******, “******* шугам” ХХК-д холбогдох эрүүгийн 2331001950133 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2.Шүүгдэгч “******* шугам” ХХК нь 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймаг, сум, * дугаар баг, “” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан алт олборлох зорилгоор ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
-Гэрч М.Б 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... “******* шугам” ХХК-ийг гэрээгээр ажиллуулж ашигт малтмал олборлох нөхөн сэргээлт хийх ажлыг гүйцэтгүүлсэн. Ингэхдээ 2021 оны 8 дугаар сарын дундаас 9 дүгээр сарын сүүл хүртэл олборлолт явуулаад нөхөн сэргээлтийн ажлыг дутуу хийгээд буусан. Гэрээнд бол 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хамтран ажиллахаар байсан боловч хүйтэн болоод буусан. Ашиглалт явуулах болон нөхөн сэргээлт хийх талбайн хэмжээг тусгаагүй ба олборлолт хийсэн талбайг эсхүл түүнтэй адил хэмжээний талбайг нөхөн сэргээнэ гэж тусгасан боловч “******* шугам” ХХК нь нөхөн сэргээлтийн ажлыг дутуу хийгээд буусан. Ингээд 2021 онд хамтран ажиллах хугацаа дуусаад манай захирал нь “******* шугам” ХХК-тай хамтран ажиллахаар нөхөн сэргээлт дутуу хийх, манай компанид ашиг муу байгаа зэрэг дутагдалтай талууд байгаа тул дахин гэрээг сунгахгүй гээд 2022 онд “******* шугам” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй. Харин “******* шугам” ХХК нь 2022 онд манай компанийн 2021 оны үлдэгдэл нөхөн сэргээлтийг хийх нэрээр ирж бас л дутуу нөхөн сэргээлт хийсэн. Тэгээд 2023 оны зун манай компанийн 2021 оны дутуу нөхөн сэргээлтийн ажлыг дахин хийх нэрээр “” гэх газарт манай компанийн ашиглалтын талбайгаас гадуур олборлолт явуулсан байна лээ” гэх мэдүүлэг,
-Гэрч Б.Э 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...”******* шугам” ХХК-ийн холбогдох ажилтнууд манай компанийн эбэл шороог угаасныг би мэдэхгүй байна. “******* шугам” ХХК-ийн захирал Б******* түүний ажилтан Мөнгөн гэх хүмүүст “Эбэл шороо угаа” гэж огт хэлээгүй” гэх мэдүүлэг,
-“Эко Инженеринг” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 21 дугаартай шинжээчийн: “...нийт эвдэгдсэн 0.14га талбайд судалгаа хийхэд байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь нийт 5,911,243 төгрөг, нөхөн сэргээх ажлын зардал нь 1,658,834 төгрөг болж байна” дүгнэлт,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 3401 дугаартай шинжээчийн: “Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл нь алтны металл байна. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл нь цагаан өнгийн цаастай 7.9350 грамм байх бөгөөд тухайн алтны жин 6.6295 грамм жинтэй байна” дүгнэлт,
-Ашигт малтмал газрын тосны газрын 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 10/3346 дугаартай: “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.18, 11.1.22 дахь заалтыг үндэслэн албан бичигт дурьдагдсан солбилцол бүхий талбайг уул уурхайн кадастрын зураг зүйн мэдээллийн системд 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар шүүлт хийж үзэхэд хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд давхцалгүй байна. Харин Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан Усан сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай бүхэлдээ давхцалтай байна” гэсэн албан бичиг,
-Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын ахлах байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 01/29-001/068/18 дугаартай дүгнэлт,
-“Хөрөнгө Эстимэйт үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт зэрэг баримтуудаар хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлон тогтоогдсон байна.
3.Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.Б******* ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, “******* шугам” ХХК-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Ш.Б******* болон “******* шугам” ХХК-ийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
4.Шүүхээс шүүгдэгч Ш.Б******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1, 9.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “******* шугам” ХХК-нд ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсэн байна.
5.Дээрхи шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.Б******* түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргасан ба гомдлын үндэслэлээ “******* шугам” ХХК тухайн газарт “Монлит” компанийн гэрээгээр нөхөн сэргээлтийн ажил хийж гүйцэтгэхээр очсон, хууль бусаар ашигт малтмал олборлох зорилготой байгаагүй, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар надад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “******* шугам” ХХК-ийг давхар торгож шийдвэрлэсэн нь давхар хариуцлага хүлээлгэсэн гэж тайлбарлажээ.
6.Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс зохих зөвшөөрөлгүй газрын хэвлийд халдаж ашигт малтмал олборлох, эрэл хайгуул хийх гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн болохыг нотлоогүй, “ трейд” ХХК-ний тусгай зөвшөөрөлтэй талбайд гэрээний дагуу туслан гүйцэтгэгчээр ажиллаж нөхөн сэргээлт хийсэн гэж тайлбарлаж байгаа боловч “ трейд” ХХК-ний гүйцэтгэх захирал А.ын “… 2023 онд “******* шугам” ХХК-тай тусгай зөвшөөрөлтэй талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулаагүй болно.” гэсэн 2024 оны 01 сарын 18-ны өдрийн 24/01 дугаартай албан бичиг, гэрч М.Б “...үйл ажиллагаа явуулж эхлэх үед манай компани нь өөрсдийн техник төхөөрөмж, хүн хүч дутмаг байсан тул өөрсдийн зөвшөөрөлтэй талбай дээрээ “******* шугам” ХХК-ийг гэрээгээр ажиллуулж ашигт малтмал олборлох нөхөн сэргээлт хийх ажлыг гүйцэтгүүлсэн. Ингэхдээ 2021 оны 8 дугаар сарын дундаас 9 дүгээр сарын сүүл хүртэл олборлолт явуулаад нөхөн сэргээлтийн ажлыг дутуу хийгээд буусан. Гэрээнд бол 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хамтран ажиллахаар байсан боловч хүйтэн болоод буусан... Ингээд 2021 онд хамтран ажиллах хугацаа дуусаад манай захирал нь “******* шугам” ХХК-тай хамтран ажиллахаар нөхөн сэргээлт дутуу хийх, манай компанид ашиг муу байгаа зэрэг дутагдалтай талууд байгаа тул дахин гэрээг сунгахгүй гээд 2022 онд “******* шугам” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй. Харин “******* шугам” ХХК нь 2022 онд манай компанийн 2021 оны үлдэгдэл нөхөн сэргээлтийг хийх нэрээр ирж бас л дутуу нөхөн сэргээлт хийсэн. Тэгээд 2023 оны зун манай компанийн 2021 оны дутуу нөхөн сэргээлтийн ажлыг дахин хийх нэрээр “” гэх газарт манай компанийн ашиглалтын талбайгаас гадуур олборлолт явуулсан байна лээ” гэх мэдүүлэг зэрэг баримтаар үгүйсгэгдэж байна.
Мөн хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9 дүгээр бүлэгт тодорхой заасан бөгөөд тус хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно” гэж тодорхойлжээ.
Уг зохицуулалтаар хувь хүний үйлдсэн гэмт хэрэг нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө байвал түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хийсэн гэмт үйлдлийн өмнөөс хуулийн этгээд төлөөлөн хариуцлага хүлээх ба уг үйлдэл /эс үйлдэхүй/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид тусгайлан заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх шаардлагатай. Тодруулбал, эрх бүхий этгээд хуулийн этгээдийн өмнөөс төлөөлөн гэмт үйлдэл /эс үйлдэхүй/ гүйцэтгэвэл тэр нь хуулийн этгээдийн үйлдэлд тооцогдож, давхар хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 4-т “Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийг ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй”, 9.1 дүгээр зүйлийн 3-т “...хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь ...хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргасан, зөвшөөрөл өгсөн эрх бүхий албан тушаалтныг ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус зааснаас тодорхой байх бөгөөд энэ нь мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5-д “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасантай зөрчилдөхгүй болно.
Шүүгдэгч Ш.Б******* нь Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийн хувьцааг 100 хувь ганцаараа эзэмшиж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т заасны дагуу компанийн удирдлагыг дангаараа хэрэгжүүлдэг болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчийн гомдол үндэслэлгүй байна.
7.Анхан шатны шүүхээс хэргийг хүлээн аваад гэмт хэргийн нотлогдсон байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, Эрүүгийн хуулинд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэсэн нь хууль зөрчөөгүй байх тул шүүгдэгч түүний өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/236 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2.Шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг магадлал хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
4.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН