Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 430

 

 

 

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг,

улсын яллагч Г.Эсэн,

шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Ц-д холбогдох эрүүгийн 1810006030465 дугаартай, 187/2018/0407/Э индекстэй хэргийг 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, Б овогт Б.Ц

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Ц нь 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр зохиомол байдлыг бий болгож ....... сайтад “Хямдхан хивэг зарна. ............. ХХК, утас:.......” гэсэн зар тавьж, Д.Ц-г төөрөгдөлд оруулан хуурч, өөрийн ...... банкны ....... тоот дансруу 520.000 төгрөгийг нь шилжүүлүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Ц нь 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр ....... сайтад “Хямдхан хивэг зарна. ................ ХХК, утас:.......” гэсэн зар тавихад нь холбогдсон Д.Ц-т ........, ...... гэсэн хоёр дугаар ашиглан “...хэрэв худалдаж авах бол орон нутгийн тендерийн ачааны тэргэнд 1 шуудайг нь 500 төгрөгөөр явуулна...хивэг ачуулсан хүн мөн үү, би жолооч нь байна явах гэсэн чинь энэ хүн мөнгөө төлөхгүй бол явуулахгүй гээд байна та мөнгөө хийнэ үү...яаралтай мөнгөө хий, хивэгийг чинь ачуулчихлаа машин чинь явах гээд байна хэрэв мөнгөө хийхгүй бол наймаагаа буцаалаа...алтны уурхайн салдаг зам дээр явж байна хот руу оройн 18:00 цагийн үед орно, та машинаа бэлэн байлгаж бай...” гэж худал хэлж, 520.000 төгрөгийг өөрийн 5063092970 тоот дансаар шилжүүлэн авсан болох нь:

1. Шүүгдэгч Б.Ц-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...Гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

             2. Хохирогч Д.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагийн үед гэртээ буюу Хан-Уул дүүргийн ..... дугаар хороо ..... хотхоны ...... тоотод байх үедээ “........” сайтаас хямдхан хивэг зарна, ............... ХХК, утас: ...... гэсэн зар байсан. Тэгээд би энэ утас руу нь залгаад хивэг байна уу гэж асуухад “хивэг байна” яаралтай 10 тн-г зарна 1 тн-г нь 240.000 төгрөгөөр зарна гэхээр нь 2 тн-г худалдаж авахаар болж, хаана байдаг талаар асуухад ...... аймгийн төв дээр байна, хэрэв худалдаж авах бол орон нутгийн тендерийн ачааны тэргэнд 1 шуудайг нь 500 төгрөгөөр явуулна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хивэгээ машинд ачаад явуулчих би ирэхээр нь мөнгийг нь өгье гээд утсаа салгасан. Өдөр 13:00 цагийн үед ....... гэсэн утаснаас залгаад “хивэг ачуулсан хүн мөн үү, би жолооч нь байна явах гэсэн чинь энэ хүн мөнгөө төлөхгүй бол явуулахгүй гээд байна та мөнгөө хийнэ үү” гэж ярьсан. Тэгээд би анх ярьсан ...... гэсэн дугаар руу нь залгаад та яагаад мөнгө нэхээд байгаа юм бэ, би хивэгээ үзэж байгаад мөнгө шилжүүлнэ гэсэн чинь та яаралтай мөнгөө хий, хивэгийг чинь ачуулчихлаа машин чинь явах гээд байна хэрэв мөнгөө хийхгүй бол наймаагаа буцаалаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би дансаа явуулчих гэж хэлсэн чинь ..... гэсэн утаснаас 2 тн нь 480.000 төгрөг ..... банкны ...... Б.Ц гэсэн мессеж ирүүлсэн тэгээд би 2 тн хивэгний үнэ болох 480.000 төгрөг, ачааны зардлын мөнгө 40.000 төгрөг нийт 520.000 төгрөгийг гэртээ мобайл банкаар шилжүүлсэн. Тэгээд 13:00 цагийн үед би жолоочийн дугаар гэх ...... гэсэн дугаар руу залгасан чинь алтны уурхайн салдаг зам дээр явж байна хот руу оройн 18:00 цагийн үед орно, та машинаа бэлэн байлгаж бай гэж хэлсэн. Тэгээд би хивэг ачих портер маркийн автомашин хоёрыг дуудаж 80.000 төгрөгөөр түлш хийсэн. Тэгээд оройн 17:00 цагийн үед жолоочийн дугаар гэх ........ гэсэн дугаар руу залгасан чинь холбогдох боломжгүй байсан, тэр оройгоо шөнийн 00:00 цаг хүртэл залгасан боловч холбогдох боломжгүй байсан. Маргааш өглөө нь ..... банкны төвөөс мөнгө шилжүүлсэн хүний лавлагааг авахад Б.Ц гэсэн хүний дансны дугаар байсан...Жолооч гэдэг нь нам гүм газарт солонгорсон, чичэрсэн хоолойтой хүн байсан, хивэг зарж байгаа хүн нь цоглог, шингэвтэр дуутай хүн байсан...хивэг зарна гэж байсан хүн ...... аймагт байна, ......... ....... ХХК-ийн борлуулагч менежер ажилтай гэж хэлээд байхаар нь итгэсэн...Би ..... аймгийн ...... сумын ...... гэдэг газарт үнээний фермерийн аж ахуй эрхэлдэг...Би одоо учирсан хохирлоо түргэн шуурхай барагдуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/

            3. ...... банкны хууль эрх зүйн газраас ирүүлсэн №29/3142 дугаартай албан тоот: “......... тоот дансыг ....... регистертэй Б.Ц эзэмшдэг байна... ....... тоот дансны 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг дуусталх хугацааны гүйлгээний хуулгыг хавсралтаар хүргүүлж байна...Б.Ц...Депозит дансны дэлгэрэнгүй хуулга...Гүйлгээний огноо: 03/05/2018...Харьцсан данс  ......... ...Хуулгын агуулга ЕВ-15:39:39 (..........)-Hiveg...Орлого: 520.000...” /хх-ийн 29-30/

            4. Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл: “...20.000 төгрөгийн дэвсгэрт 6 ширхэгийг хүлээн авав...Хүлээлгэн өгсөн: Б.Ц...” /хх-ийн 48/

            5. Эд мөрийн баримтаар түр хураан авсан тухай тэмдэглэл: ”...20.000 төгрөгийн дэвсгэрт 16 ширхэг, 10.000 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг, нийт 350.000 төгрөгийг хураан авав...Хохирлын мөнгө хураалгасан: Б.Ц...” /хх-ийн 49/

             6. Эд мөрийн баримтаар түр хураан авсан тухай тэмдэглэл: “...20.000 төгрөгийн дэвсгэрт 22 ширхэг, 10.000 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг, нийт 470.000 төгрөгийг хүлээлгэн өгөв...Хохирлын мөнгө хүлээн авсан: Д.Ц...” /хх-ийн 50/

            7. Шүүгдэгч Б.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би мөнгө олох зорилгоор 2018 оны 3 дугаар сарын 03-ны өдөр ....... сайт дээр хивэг хямд зарна гэж зар тавьсан. Тэгээд 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр ...... гэсэн дугаараас залгаад хивэг авмаар байна хаанаас авах уу гэхээр нь би зохиогоод ..... аймагт байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би мөнгөө урьдчилаад өгөх юм бол машинд ачаад явуулчихдаг юм гэж хэлсэн. Тэгээд машин ачаад явуулахдаа яаж ачдаг юм гэхээр нь нэг шуудай хивгийг 500 төгрөгөөр ачдаг юм гэж хэлсэн. Тэгсэн тэр хүн болно тэгье мөнгө шилжүүлчихье гэж хэлсэн. Тэгээд дараа нь би жолооч бол нөгөө хүн рүү залгаад би жолооч байна хивэг ачаад гарч байна явж байна гэж мөнгийг нь хурдан шилжүүлж авах гэж ярьсан. Тэгээд би өөрийн ...... гэсэн дансны дугаараа өгч 520.000 төгрөгийг шилжүүлж авсан. Тухайн хүн 2 тн хивэг захиалаад 480.000 төгрөг болоод ачааны хөлс гэж 60.000 төгрөг нэмээд 520.000 төгрөг авсан. Тэгээд мөнгө нь шилжээд ирэхээр нь Хүнсний .... дүгээр дэлгүүрийн АТМ-ээс аваад өөрийн ярьсан ......, ...... гэсэн дугааруудыг хугалаад хаячихсан. 520.000 төгрөгөөр тэр орой бааранд орж архи уугаад маргааш сэрэхэд мөнгөгүй болсон байсан...би өөр хүнээс залилаж мөнгө төгрөг аваагүй ганц удаа буюу анх удаа ийм үйлдэл хийсэн. Уг гэмт хэргийг би ганцаараа үйлдсэн...Би хохирлоо бүрэн төлж барагдуулна...Хийсэн хэрэгтээ ичиж байна, буруу зүйл хийснээ ойлгосон дахин гэмт хэрэгт холбогдохгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Ц нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Б.Ц нь 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр ....... сайтад “Хямдхан хивэг зарна. .............. ХХК, утас:.......” гэсэн зар тавихад нь холбогдсон Д.Ц-т ....., ...... гэсэн хоёр дугаар ашиглан “...хэрэв худалдаж авах бол орон нутгийн тендерийн ачааны тэргэнд 1 шуудайг нь 500 төгрөгөөр явуулна...хивэг ачуулсан хүн мөн үү, би жолооч нь байна явах гэсэн чинь энэ хүн мөнгөө төлөхгүй бол явуулахгүй гээд байна та мөнгөө хийнэ үү...яаралтай мөнгөө хий, хивэгийг чинь ачуулчихлаа машин чинь явах гээд байна хэрэв мөнгөө хийхгүй бол наймаагаа буцаалаа...алтны уурхайн салдаг зам дээр явж байна хот руу оройн 18:00 цагийн үед орно, та машинаа бэлэн байлгаж бай...” гэж худал хэлж, 520.000 төгрөгийг өөрийн ....... тоот дансаар шилжүүлэн авсныг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Ц-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Ц-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 520.000 төгрөгийг сайн дураар нөхөн төлсөн гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал /....../, хохирогч Д.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд хавтаст хэргийн материал танилцахдаа гаргасан “...хохирлын мөнгөө хүлээн авсан, ямар нэгэн санал гомдолгүй болно...гэсэн тайлбар /хх-ийн 52/ зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ц-д 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.

Мөн шүүгдэгч Б.Ц-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тэмдэглэе.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Б.Ц-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Б.Ц-г 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.  Б.Ц-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.Ц-д сануулсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР