Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 212/МА2022/00048

 

 

 “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

            Баян-Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,   

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2022/00193 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *** үйл ажиллагаа явуулах “Б” ХХК /гүйцэтгэх захирал А.Е, рд:******/-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *** үйл ажиллагаа явуулах “Э” ХХК /гүйцэтгэх захирал Х.Е, рд:*****/-д холбогдох,  

“тоног төхөөрөмжийн үнэ 15480000 төгрөг, алданги 7740000 төгрөг, нийт 23.220.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэж 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Х.Е, хариуцагчийн өмгөөлөгч Я.Сьезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл:   

1.1. Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагаа явуулж байсан цэвэр усны үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмжийг хариуцагч “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Е нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах, суурилуулах тухай” гэрээ байгуулж, гэрээний төсөл болон гэрээний саналыг худалдан авагч тал “Э” ХХК-ний гүйцэтгэх захирал Х.Е өөрөө боловсруулж, гэрээний хоёр дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан болзолтойгоор, зээлээр худалдаа авах нөхцөлтэйгөөр байгуулсан бөгөөд тухай үед худалдагч тал болох “Б” ХХК-аас үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмжийг шалган хүлээн авч, суурилуулан үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн явуулж, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн ба одоо хүртэл хэвийн ажиллаж, цэвэр усны бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж худалдан борлуулж байна.

1.2.Талуудын хооронд байгуулсан Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах, суурилуулах гэрээний 2.2 дахь заалтад заасан ёсоор тоног төхөөрөмжийн нийт худалдах үнэ 38700000 төгрөг бөгөөд худалдан авагч “Э” ХХК нь тоног төхөөрөмж анх худалдан авсан үед буюу 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 23220000 төгрөг төлж өгсөн ба үлдэх 15480000 төгрөгийг гэрээний хоёр дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл төлж барагдуулахаар гэрээнд тусгаж, баталгаажуулсан. Мөн гэрээний хоёр дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт “Худалдагчийн нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөрийг гэрээний 2.2-т заасан хугацаанд төлөөгүй хожимдуулсан бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.5%-тай тэнцэх хэмжээний алдангийг худалдагчид төлнө” гэж тодорхой заасан.

1.3.Гэвч худалдан авагч “Э” ХХК нь худалдан авсан эд хөрөнгийн үнийн дүнгийн үлдэгдэл 15480000 төгрөгийг одоо болтол төлж өгөлгүй гэрээний нөхцөл, шаардлагыг зөрчиж худалдагч “Б” ХХК-ийг хохироож байгаа тул хариуцагчаас тоног төхөөрөмжийн үнийн үлдэгдэл 15480000 төгрөг нэхэмжлэх болно. Мөн хариуцагч “Э” ХХК-ийн төлбөл зохих төлбөрийн дүн 15480000 төгрөг төлөх эцсийн хугацаа 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр дууссан учир гэрээний хоёр дахь хэсгийн 2.3 дахь заалтын дагуу 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх 530 хоног гэрээний хугацаа хэтрүүлснийг үндэслэж, алдангийн хэмжээг тооцоход алдангийн нийт дүн 530 хоног /15480000 төгрөг:100%х0.5%/=41022000 төгрөг гарч байгаа ба энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-аас хэтэрч болохгүй гэж заасан тул нийт хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 15480000 төгрөгийн 50 хувиар тооцоход алдангийн үнэ 7740000 төгрөг болох юм.

1.4.Иймд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар “Э” ХХК-аас худалдан авсан тоног төхөөрөмжийн үнийн үлдэгдэл 15480000 төгрөг, алданги 7740000 төгрөгийн хамт тус тус гаргуулж “Б” ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр “Тоног төхөөрөмжийг худалдан авах гэрээ” хийсэн. Гэвч уг төхөөрөмж нь 2020 оны 02 дугаар сарын дунд үе хүртэл зөвхөн хагас автоматаар ажилладаг төхөөрөмжийг суурилуулсан боловч одоог хүртэл ямар ч ажиллаагаагүй байна. Бүх тоног төхөөрөмжийг ажиллуулж үзсэн боловч хуучирсан, элэгдэлд орсон байсан ба уг тоног төхөөрөмжийн сэлбэг нь олдоогүй, байхгүй байна.

2.2. Харин би тухайн үед автомат болон таглагч шугамыг буцаан авахыг хэд хэдэн удаа Х.Мээс шаардсан. Х.М таглагч, савлагч автомат шугамуудыг Увс аймгаас нэг хүн худалдаж авахаар болсон, удахгүй буцаагаад авъя гэсэн боловч аваагүй. Тоног төхөөрөмжийг цаашид ашиглах боломжгүй болсон учраас 6 сараас хойш ажиллуулахаа больсон. Би ч гэсэн байр сав, шошго бэлтгэх зэрэгт 50.000.000 төгрөгийн зардал гаргасан боловч одоо хүртэл 1 төгрөг ч ашиг үзэж амжаагүй, алдагдалд ороод хохирч байна. Сүүлд байрны түрээс болон 2 ажилтны цалинг төлж чадахгүйд хүрсэн. Худалдагч 1 жилийн баталгаа өгнө гэсэн боловч баталгаа өгөөгүй. Гэтэл тус компанийн захирал уг автомат шугамыг аваагүй удаасан.

2.3. Мөн бид тоног төхөөрөмж худалдан авах үед 60%-ийг “Б” ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, 23220000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн байсан. Үлдсэн мөнгө болох 15480000 төгрөгийг үйлдвэр ажиллаж ашиг олох үед төлөхөөр тохирсон. Харин уг суурилуулсан тоног төхөөрөмжүүд нь авсан цагаас эхлэн удаа дараа эвдэрч хуучирсан одоо ажиллагаагүй болоод байгаа ба сэлбэг нь олдохгүй хуучин тоног төхөөрөмж байсныг саяхан мэдсэн. Иймд үлдсэн төлбөрийг төлж барагдуулах боломжгүй бөгөөд Х.Мт ажиллуулж засаж өгөхийг удаа дараа сануулж байсан.

 

3. Баян-Ө аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2022/00193 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК-аас худалдан авсан тоног төхөөрөмжийн үлдэгдэл үнэ 15480000 төгрөг, алданги 7740000 төгрөг, нийт 23220000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274050 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч “Э” ХХК-аас 274050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож шийдвэрлэжээ.  

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... хариуцагч “Э” ХХК нь нэхэмжлэгч “Б” ХХК-аас шилжүүлсэн эд хөрөнгө болох цэвэр усны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ашиглан бүтээгдэхүүн гаргаж үйлдвэрлэл эрхэлж байсан нь ... хариуцагч нарын тайлбараар тогтоогдож...” гэж дүгнэсэн. Гэтэл бид шүүх хурал дээр гаргасан болон шүүхэд өгсөн баримт, тайлбараар үйлдвэрийн тоног төхөөрөмжийг байнга ашиглаж, их хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн талаар шүүхэд тайлбар гаргаагүй, мөн энэхүү нөхцөл байдал нь ямар баримтаар нотлогдож байгааг тодорхой дурдаагүйгээр ийм дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Мөн энэхүү үйл баримтыг үйлдвэрийн байранд үзлэг хийх байдлаар бодит нөхцөл байдлыг нэг мөр тодорхойлох боломжтой байтал шүүх нэг талыг баримтлан шийдвэр гаргаж, үйлдвэрлэл эрхэлж байсан нь тогтоогдсон, тоног төхөөрөмжийг гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгө гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

4.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... 2021.06.15-ны өдрөөс нэхэмжлэгч “Б” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл хугацаа буюу 2021.12.24-ний өдрийг хүртэл 551 хоног хугацаа хэтрүүлсэн ... 7740000 төгрөгийн алданги гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна...” гэжээ. Манай компани тус тоног төхөөрөмжийг худалдан авсан цагаас эхлэн доголдол үүсэж, энэ талаар нэхэмжлэгч компанийн захиралд удаа дараа мэдэгдсээр байсан, энэ хугацаанд үйлдвэрлэл эрхлэх боломжгүй нөхцөл байдалд байсан, мөн нэхэмжлэгч компанийн захирал нь тоног төхөөрөмжийг буцаан авах талаар саналаа илэрхийлж байсан. Өмнө нь ямар ч байдлаар гэрээний үлдэгдэл төлбөрийг нэхэмжилсэн агуулгатай албан бичиг ирүүлж байгаагүй хир нь 2021.12.24-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь алданги нэхэмжлэх хоног, мөнгөн дүнг нэмэгдүүлэх зорилготой байсан нь харагдаж байна.

4.3. Гэтэл шүүх нэхэмжилсэн алдангийг бүрэн хангаж шийдвэрлэхдээ талуудын үүрэг буюу доголдолгүй тоног төхөөрөмж нийлүүлсэн эсэхийг бүрэн тогтоогоогүй, хариуцагч үүргийн зөрчил гаргахад нэхэмжлэгчийн хамаарал байсныг анхаарч үзээгүй, мөн хариуцагч тухайн тоног төхөөрөмжөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэж орлого олж чадаагүй, одоо үйлдвэрийн нөхцөл байдал зогсонги байдалтай байгаа, ямар ч төлбөрийн чадваргүй байгаа зэрэг бодит нөхцөл байдлыг огт харгалзан үзэлгүйгээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

4.4. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нь өөрчлөлт оруулан шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Бид гэрээний дагуу мөнгөө нэхэж байна. Өөр хувийн өш хонзонгийн асуудал байхгүй. Бид банкнаас зээл авсан болохоор тэрийг төлөх шаардлагатай байна. Иймд Баян-Ө аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2022/00193 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна.

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1. Хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Давж заалдах гомдолд алдангийг хасаж өгөх, тоног төхөөрөмжийн иж бүрдэл хангагдаагүй, зарим тоног төхөөрөмжүүд доголдолтой байна гэсэн үндэслэл дурджээ. Гэтэл худалдсан эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргаж байгаагүй. Энэ талаар гомдол гаргах хугацаа хэтэрсэн. Доголдолтой эд хөрөнгийг худалдсан гэж шүүх дүгнэх боломжгүй.

6.2. Хариуцагчийн өмгөөлөгч “гэрээ хүчин төгөлдөр бус, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Х.М тухайн “Б” ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд гэрээ байгуулж, худалдах худалдан авах гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус гэрээ” гэсэн байр сууринаас хандаж байгааг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээ байгуулах, гэрээний санал гаргах асуудал Иргэний хуулийн 2 дугаар бүлэгт тусгагдсан. Гэрээ байгуулах эрх бүхий субъект эсэх асуудлыг аль хэдийн хэдэн жил өнгөрч эд хөрөнгөө шилжүүлэн авч үйл ажиллагаагаа явуулж эхлээд хэдэн жилийн дараа хөндөж байгаа нь үндэслэлгүй.

6.3. Тухайн үед худалдах, худалдан авах тухай саналыг хариуцагч талаас гаргасан үед нэхэмжлэгч гэрээ байгуулахаас татгалзах эрх нээлттэй байсан. Гэрээ байгуулсанд тооцох асуудлыг Иргэний хуулийн 196 дугаар зүйлд тодорхой заасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудаар нэхэмжлэгч хариуцагчийг тодорхойлохоос биш хариуцагч нэхэмжлэгчээс татгалзаж, солих асуудлыг хөндөхгүй. Ийм учраас хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

 

ХЯНАВАЛ:

7. Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзээд, “Б” ХХК-ийн “Э” ХХК-нд холбогдуулан  гаргасан “тоног төхөөрөмжийн үнэ 15480000 төгрөг, алданги 7740000 төгрөг, нийт 23220000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

8. Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч “Э” ХХК-нд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээг үндэслэж, үүрэг гүйцэтгэгчийн биелүүлээгүй үлдсэн үүрэг болон алдангийн хамт нийт 23.220.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хариуцагч “нэхэмжлэгчийн суурилуулсан тоног төхөөрөмжүүд нь авсан цагаас эхэлж удаа дараа эвдэрч, хуучирсан байсан, одоо ажиллагаагүй байгаа, засаж өгөхийг удаа дараа шаардаж байсан” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч шүүхэд мэтгэлцжээ.

 

9. Нэхэмжлэгч “Б” ХХК болон хариуцагч “Э” ХХК нарын хооронд 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр “Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах, суурилуулах” гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч “Б” ХХК нь 38.700.000 төгрөгийн үнэ бүхий өөрийн ашиглаж буй цэвэр усны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг “Э” ХХК-д нийлүүлж суурилуулж өгөхөөр, худалдан авагч нь нийлүүлсэн тоног төхөөрөмжийн үнийг  гэрээгээр тохирсон хуваарийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна. Гэрээ байгуулагдсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч анхан шатны шүүх хуралдаанд маргаагүй, мэтгэлцээгүй бөгөөд давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд, талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдлыг үгүйсгэх, няцаах хууль зүйн болон бодит үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

10. Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний зүйл болох 37.800.000 төгрөгийн үнэтэй цэвэр усны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг худалдагч нь худалдан авагчид хүлээлгэн өгч, суурилуулсан талаар зохигч маргаангүй байх бөгөөд нэхэмжлэгчээс гэрээг зээлээр худалдах-худалдан авах гэрээ гэж үзэн нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон боловч анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээг худалдах-худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

11. Тоног төхөөрөмж худалдах-худалдан авах, суурилуулах гэрээний 2.2-т “худалдан авагч “Э” ХХК нь тоног төхөөрөмжийн үнэ болох 37.800.000 төгрөгийн 60 хувь буюу 23.220.000 төгрөгийг талууд гэрээнд гарын үсэг зурснаас хойш 3 хоногийн дотор худалдагч талаас ирсэн нэхэмжлэлийн дагуу дансаар болон бэлнээр төлөхөөр, үлдсэн 40 хувь буюу 15.480.000 төгрөгийг талууд гэрээт ажлыг актаар хүлээлцсэнээс хойш 1 жилийн дотор худалдагч талаас ирсэн нэхэмжлэлийн дагуу дансаар болон бэлнээр төлөх /2020 оны 01 дүгээр сарын 15 ба 6 дугаар сарын 15-нд 2 хувааж төлөх/-өөр тус тус харилцан тохиролцсон бөгөөд гэрээний 2.3 дахь заалтаар “худалдагчийн нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөрийг 2.2-т заасан хугацаанд төлөлгүй хожимдуулсан бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг худалдан авагчид төлөхөөр” заажээ.

 

12. “Б” ХХК нь гэрээний дагуу тохиролцсон эд хөрөнгө болох цэвэр усны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шилжүүлэн өгч суурилуулсан байх ба хариуцагч “Э” ХХК нь тоног төхөөрөмжийг хүлээж авсны дараа уг үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ашиглан бүтээгдэхүүн гаргаж байсан үйл баримт зохигчийн тайлбараар тогтоогджээ. Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцох бөгөөд хариуцагч “Э” ХХК нь “Б” ХХК-аас шилжүүлсэн цэвэр усны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ашиглаж үйлдвэрийн үйл ажиллагаа эрхэлж байсан нь тогтоогдсон тул хариуцагч “Э” ХХК-ийг цэвэр усны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хүлээн авсан гэж үзнэ. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болно. Өөрөөр хэлбэл, талууд гэрээнд заасан дээрх нөхцөлийг хэрэгжүүлж, цэвэр усны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шилжүүлэн өгч суурилуулж, худалдан авагч хүлээн авсан байх тул  нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөрийн үлдэгдэл 15480000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

13. Талууд “Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах, суурилуулах” гэрээний 2.3 дахь хэсэгт худалдагчийн нийлүүлсэн тоног төхөөрөмжийн төлбөрийг 2.2-т заасан хугацаанд төлөлгүй хожимдуулсан бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг худалдан авагчид төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байх тул нэхэмжлэгч “Б” ХХК нь алданги шаардах эрхтэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт болон тооцоолол зөв байна.  Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасны дагуу алдангийг анхан шатны шүүх багасгах нь тухайн хэргийн нөхцөл байдлаас шалтгаалах шүүхийн эрх хэмжээний асуудал мөн бөгөөд анзын хэмжээг шүүх багасгаагүйг хууль ёсны зарчимд нийцсэн гэж үзнэ. Иймд хариуцагчийн алдангийн талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй.

 

14. Хариуцагчаас “(1) ..үйлдвэрийн байранд үзлэг хийх байдлаар бодит нөхцөл байдлыг нэг мөр тодорхойлох боломжтой байтал шүүх нэг талыг баримтлан шийдвэр гаргаж, үйлдвэрлэл эрхэлж байсан нь тогтоогдсон, тоног төхөөрөмжийг гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгө гэж үзсэн нь үндэслэлгүй, (2) 2021.06.15-ны өдрөөс нэхэмжлэгч “Б” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл хугацаа буюу 2021.12.24-ний өдрийг хүртэл 551 хоног хугацаа хэтрүүлсэн ... 7740000 төгрөгийн алданги гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй” гэх давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хариуцагч буюу үүрэг гүйцэтгэгчээс алданги гаргуулж, нэхэмжлэгчийн эл шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтад Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэснээс гадна тооцооллын алдаа гаргаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Ө аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2022/00193 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,    хариуцагч “Э” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274.050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК