| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 130/2022/00019/И |
| Дугаар | 212/МА2022/00044 |
| Огноо | 2022-05-02 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 212/МА2022/00044
К.Б-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2022/00245 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *** оршин суух ** овогт К.Бны итгэмжлэгдсэн төлөөлөгч ** оршин суух ** овогт Я.Сийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Ө аймгийн Ө сумын ** дугаар цэцэрлэгт /эрхлэгч К.А/-д холбогдох,
“Баян-Ө аймгийн Ө сумын ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/08 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаал, 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/27 дугаартай “Багш, туслах багш сонгон шалгаруулах комисс, журам батлах тухай” тушаал, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/13, Б/16 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалуудыг тус тус хүчингүй болгож, К.Бий Баян-Ө аймгийн Ө сумын ** дугаар цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн томилуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэж, 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгч Я.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч С.Нургайып, гуравдагч этгээд С.М, Б.М, тэдгээрийн өмгөөлөгч А.Серикжан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн үндэслэл:
1.1. К.Б нь Баян-Ө аймгийн Ө сумын ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/01 дугаартай тушаалаар тус цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд томилогдож, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан.
1.2. К.Б нь өнгөрсөн хугацаанд ажлын хариуцлага алдаж, ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл К.Б нь ямар ч сахилгын зөрчил гаргаагүй байхад Баян-Ө аймгийн Ө сумын ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/08 дугаартай тушаалаар "Шинээр бий болсон орон тоонд туслах багш сонгон шалгаруулж авах хүртэлх 3 сарын хугацаагаар түр томилогдон ажиллаж байгаа К.Бтэй байгуулсан гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосугай" гэж үндэслэл дурдаж К.Бийг цэцэрлэгийн бүлгийн багшийн ажлаас чөлөөлсөн явдалд гомдолтой байна. Учир нь тус цэцэрлэгийн бүлгийн багшийн орон тоо нь шинээр бий болсон бүр орон тоо. Гэтэл ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 "байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна" гэсэн заалтыг ноцтой зөрчиж, ажилтан К.Бтэй хөдөлмөрийн гэрээг туршилтын хугацаа гэсэн нэрийдлээр түр хугацаагаар байгуулсан явдал нь буруу гэж үзэж байна. Нөгөө талаас цэцэрлэгийн туслах багшийн орон тоонд иргэнийг авч ажиллуулахад заавал сонгон шалгаруулалт явуулах асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль болон сургуулийн өмнөх боловсролын тухай хуулиар зохицуулаагүй байна.
1.3. К.Б нь сургуулийн өмнөх боловсролын багшийн мэргэжил эзэмшсэн, тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байгаа иргэн. Ингэхээр ажил олгогчийн К.Бийг ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй.
1.4. Ажил олгогчийн К.Бийг гэнэт ажлаас чөлөөлсөн шийдвэр нь цэцэрлэгчийн бүлгийн багшийн ажлын орон тоонд сонгон шалгаруулалт явуулах нэрийдлээр өөрийн хамаарал бүхий иргэнийг ажилтай болгох далд санааг хэрэгжүүлэх гэсэн башир арга ажиллагаа гэж үзэж байна.
1.5. Иймд Баян-Ө аймгийн Ө сумын ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/08 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаалыг хүчингүй болгож, К.Бийг Баян-Ө аймгийн Ө сумын ** дугаар цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн томилуулж өгнө үү.
2. Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад:
2.1. Баян-Ө аймгийн Ө сумын ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/27 дугаартай “Багш, туслах багш сонгон шалгаруулах комисс, журам батлах тухай” тушаал, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/13, Б/16 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалуудыг тус тус хүчингүйд тооцож өгнө үү.
3. Хариуцагчийн тайлбар, татгалзал:
3.1.Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг буюу ТИКА-ийн хөрөнгө оруулалтаар манай цэцэрлэгт 50 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөл барьж, 2021-2022 оны хичээлийн жилийн төсөвт 2 салбар бүлэг ажиллуулах бүтэц орон тоог нэмж, төсвийг баталж өгснөөр шинээр бий болсон 2 багш, 2 туслах багшийн орон тоонд багш сонгон шалгаруулж авах шаардлагатай болсон. Тийм учраас тус цэцэрлэгийн эрхлэгч нь шинээр ажилтан сонгон шалгаруулж авах хүртэл 4 хүнийг түр хугацаагаар томилон, хугацаатай гэрээ байгуулан ажиллуулсан. Тэдний нэг нь К.Б бөгөөд багш сонгон шалгаруулж авах хүртэлх хугацаагаар түр Хөдөлмөрийн гэрээ байгуулан 3 сараар ажиллуулсан болно.
3.2. 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр түр ажиллаж байгаа багш нарт хурал хийж, шинээр бий болсон 4 сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, шалгалтын дүнг үндэслэн хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулна гэдгийг тайлбарлаж, хэрэв шалгалтад тэнцээгүй тохиолдолд үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй гэдгээ мэдэгдсэн.
3.3. 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр К.Бтэй байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан бөгөөд цаашид үргэлжлүүлэн сунгахгүй гэдгээ хэлж сонгон шалгаруулалт явагдах талаар мэдэгдэж тушаалаа гардуулж өгсөн. 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр сонгон шалгаруулалт явуулахаар болж, 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/27 дугаар тушаал гаргаж, шалгалт авах комисс байгуулж, журам баталсан.
3.4. Сонгон шалгаруулалт явуулах комисс нь аймгийн Боловсролын газрын цахим хуудсанд зарлал тавьж, 11 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд бүртгэл явуулж, 2021 оны 12 дугаар сарын 01-03-ны хооронд багш сонгон шалгаруулах шалгалтыг 3 үе шаттай явуулсан. Нийтдээ 76 дээд боловсролтой, багшлах эрх, чадамжийн гэрчилгээтэй иргэд шалгалтад бүртгүүлсэн бөгөөд үүнээс бүлгийн багшийн орон тоонд 33 хүн бүртгүүлсэн.
3.5. Бүлгийн багшийн шалгалтад бүртгүүлсэн иргэдээс 2 нь шалгалтад оролцоогүй. М.Б нь шалгалтад оролцсон боловч эхний шалгалтаас унаж, сонгон шалгаруулалтаас хасагдсан. Тодруулбал онолын мэдлэгийн тестийн 60 онооноос ердөө 3 оноо авсан. К.Б нь түр ажиллах хугацаандаа манай цэцэрлэг Боловсролын яамнаас шалгалтын хэсэг ирж ажилласан. Тэр үед шалгалтын комиссын гишүүдээс цэцэрлэгийн багш нараас асуусан асуултыг Л.Б ойлгоогүй, хариулж чадаагүй. Тэр үед яамнаас ирсэн комиссын гишүүд монгол хэл мэдэхгүй К.Б багшийг яаж бүлгийн багшаар ажиллуулж байгаа юм бэ? Монгол хүүхэд энэ бүлэгт байх юм бол яаж хэл нэвтрэлцэх юм бэ? гэдгийг хатуу анхааруулж байсан. Тухайн үед К.Бийг аймгийн Засаг даргын орлогч С.Х сул орон тоонд авч ажиллуулахыг үүрэг болгож байсан учраас сонгон шалгаруулалт явагдах хүртэл түр хугацаагаар ажиллуулж байсан.
3.6. Манай аймагт багш ажилчдыг сонгон шалгаруулж авахдаа ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр, авлига, ашиг сонирхлоор дарга нарын хамаарал бүхий хүмүүсийг ажилд томилдог хэмээн маш их шүүмжлэл дагуулж байгаа. Бодит байдал дээр тэр нь үнэн бөгөөд аймгийн удирдлагуудаас бидэнд шахалт үзүүлэн өөрсдийнхөө хүмүүсийг томилуулдаг байсан. Боловсрол, шинжлэх ухааны сайд манай аймагт ажиллах үеэр ард иргэдтэй уулзалт хийхэд иргэд мөн энэхүү асуудлаар санал, хүсэлтээ уламжилсан. Мөн Авлигатай тэмцэх газраас боловсон хүчний томилгоотой холбоотой шалгалтыг тодорхой давтамжтайгаар хийдэг болсон.
3.7. К.Бийг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр томилон ажиллуулах талаар аймгийн Засаг даргын орлогч С.Х, Ө сумын Засаг дарга Д.Е нар тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Х.Гүлжайнагаас удаа дараа шаардсан боловч тэр бусдын нөлөөнд орж К.Бд давуу байдал олгон, томилгоо хийх боломжгүй байсан. Олон нийтэд сул орон тооны талаар мэдээлэл өгснөөс хойш 76 иргэн өрсөлдөхөөр болж бүртгүүлсэн бөгөөд сонгон шалгаруулалтыг хараат бус комисс байгуулан шударга явуулсан. Сонгон шалгаруулах комиссын бүрэлдэхүүнд цэцэрлэгийн эрхлэгч ороогүй. Комиссын бүрэлдэхүүнд аймгийн Боловсролын газраас төлөөлөл орсноос гадна цэцэрлэгийн эцэг эхийн төлөөлөл орсон. Цэцэрлэгийн эрхлэгчийн зүгээс шалгалтын комиссын авсан шалгалтыг үндэслэн шударгаар томилгоо хийсэн гэж үзэж байна. Иймд К.Бййн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
4. Баян-Ө аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2022/00245 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3-д зааснаар нэхэмжлэгч К.Бий Баян-Ө аймгийн Ө сумын ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/08 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаал, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/13, Б/16 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалуудыг тус тус хүчингүй болгож, К.Бийг Баян-Ө аймгийн Ө сумын ** дугаар цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.1-д зааснаар Баян-Ө аймгийн Ө сумын ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/27 дугаартай “Багш, туслах багш сонгон шалгаруулах комисс, журам батлах тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
5.1. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн.
5.2. Ажилтан К.Бийг ажил олгогч нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу тус цэцэрлэгийн бүлгийн туслах багшийн ажлаас чөлөөлсөн байхад анхан шатны шүүх уг маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн ТОГТООХ нь хэсэгт 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3, 158 дугаар зүйлийн 158.2.2-д заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь уг маргаанд хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн.
5.3. Ажил олгогчоос ажилтан К.Бтэй 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн хугацаатай гэрээний Нэг.1.6 Ажлын байрны төрөл: “Түр" гэж тэмдэглэсэн нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 23.2.1-д заасныг ноцтой зөрчиж байна. Учир нь К.Бий ажиллаж байсан ажлын байр нь байнгын ажлын байр гэдэг нь төсвийн ерөнхийлөн захиргагчаас баталсан тус цэцэрлэгийн орон тоо, бүтцийг тогтоосон шийдвэр болон одоо хүртэл уг орон тоонд хүн ажиллаж байгаагаар нотлогдож байна.
5.4. Ажил олгогчтой ажилтан К.Бтэй 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан 22 дугаартай Хөдөлмөрийн гэрээний Дөрөвдүгээр бүлэгт Ажилтны хүлээх үүргийг 8 зүйлээр зохицуулсан ба А.Б нь ажиллаж байх хугацаанд хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй буюу ажил олгогч нь зөрчсөн гэдгийг нотолж чадаагүй байна. Уг хөдөлмөрийн гэрээний Зургаадугаар бүлэгт Гэрээг дуусгавар болгох, цуцлах үндэслэлийг 20 зүйлээр зохицуулсан байна. Ажил олгогч нь ажилтан К.Б нь хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчилд тооцсон 16 зөрчлийн аль нэгийг гаргаагүй байна. Харин ажил олгогч нь К.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3 дахь хэсэгт заасан Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон гэсэн үндэслэлийг дурджээ. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3 дахь заалт нь уг ажлын байрыг цомхотгосон, байгууллага татан буугдсан, эсвэл ажилтан К.Б нь сонгон шалгаруулалтад орж тэнцээгүй гэх мэт нөхцөлд хэрэглэх ёстой заалт гэж үзэж байна.
5.5. Ажил олгогч нь К.Бийг анх бүлгийн багшийн ажилд томилоход 3 сарын хугацаатай буюу 3 сарын туршилтын хугацаагаар ажилд авах тухай эрхийн акт гаргажээ. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуульд анх ажилд орж байгаа ажилтныг 6 сар хүртэл туршилтын хугацаагаар ажиллуулахыг зөвшөөрсөн боловч К.Б нь тухайн албан тушаалд ажиллаж байх хугацаанд ямар нэгэн сахилгын зөрчил гаргаагүй байхад түүнийг туршилтын хугацаа дууссан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа явдал нь хууль бус байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл ажил олгогчоос К.Бийг бүлгийн багшийн ажлаас чөлөөлөх болсон гол үндэслэл нь тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А\27 дугаартай “Багш, туслах багш сонгон шалгаруулах комисс, журам батлах тухай” тушаалаас үүдэлтэй байна. Ажил олгогч нь К.Бийг анх 3 сарын хугацаатай буюу туршилтын хугацаагаар ажилд авсан тохиолдолд гадагш чилгэсэн буюу нийтэд хандсан эрхийн акт гаргах ёсгүй гэж үзэж байна. К.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа нь дууссан тохиолдолд ажил олгогч нь 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл К.Б уг ажлыг хэрхэн гүйцэтгэж байсан, ажлын байранд тавигдсан үүргийг хэрхэн биелүүлсэн, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ хэрхэн биелүүлснийг тал бүрээс нь харгалзан үзээд тэрээр тухайн ажлын байранд ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа бол үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй гэж үзэж байна.
5.6. Хэрвээ тус цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар уг бүлгийн багшийн ажилд сонгон шалгаруулалт явуулах шаардлагатай гэж үзвэл дотогш чиглэсэн нэг удаагийн үйлчлэлтэй эрхийн акт гаргаад эхлээд тус орон тоонд ажиллаж байсан К.Б нь мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага, тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг тогтоох зорилгоор түүнээс шалгалт авах ёстой. Хэрвээ К.Б нь уг шалгалтад хангалтгүй дүн үзүүлсэн тохиолдолд уг орон тоог хууль тогтоомжид нийцүүлэн нөхөх ёстой гэж үзэж байна. Гэтэл ажил олгогч нь уг орон тоонд К.Б нь ажиллаж байгааг мэдсээр байж гадагш чиглэсэн эрхийн акт гарган нийтэд сонгон шалгаруулалт зарлаж байгаа нь К.Бий хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, шударга ёсонд нийцэхгүй хууль бус шийдвэр байсан гэж үзэж байна.
5.7. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “ Цэцэрлэгийн эрхлэгч нь багш, ажилтныг сонгон авч ажиллуулах” тухай зохицуулсан. Цэцэрлэгийн эрхлэгч хуульд заасан уг бүрэн эрхийг хэрэгжүүлье гэвэл тус цэцэрлэгийн орон тоо, бүтцэд анх шинэ орон тоо бий болсон тохиолдолд буюу 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлэх боломжтой байсан. Өөрөөр хэлбэл дээрх хуулийн заалтыг цэцэрлэгийн эрхлэгч нь тус цэцэрлэгт шинэ орон тоо бий болсон тохиолдолд уг орон тоонд олон тооны иргэдээс ажиллах тухай цэцэрлэгийн захиргаанд хүсэлт гаргасан байхад өргөдөл ирүүлсэн иргэдийн мэдээллийг тал бүрээс нь судлан үзээд аль нэгийг сонгон ажиллуулна гэж ойлгож байна. Иймд анхан шатны шүүх Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
5.8. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116дугаар зүйлийн 116.2-т заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтад нийцэхгүй байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
6.1. К.Б анх ажилд томилогдохдоо 3 сарын хугацаагаар хугацаатай гэрээ байгуулж, тухайн ажил албанд томилогдож байсан. Мөн хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа тухайн 3 сарын хугацаатай гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа ажилтныг нээлттэй сонгон шалгаруулалтад оролцуулж, тухайн шалгалтын үр дүнг үндэслэн хугацаагаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Хэрэв шалгалтад тэнцээгүй тохиолдолд гэрээг цуцлах үндэслэл болно гэсний дагуу 3 сарын хугацаагаар ажиллаж байгаа К.Б нээлттэй сонгон шалгаруулалтад оролцож, шалгалтад тэнцээгүй учраас түүнийг ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалсан.
6.2. Нэгэнт хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, ажилтандаа танилцуулж гарын үсэг зуруулж хүлээн зөвшөөрч ажиллаж байсан. К.Б тухайн 3 сарын туршилтын хугацаанд тухайн ажил албан тушаалыг хийж гүйцэтгэж чадна гэдэгт ажил олгогчид итгэл төрүүлж чадаагүй. Энэ талаар хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт дурдагдсан.
6.3. Боловсролын яамнаас тус цэцэрлэгт ажлын хэсэг очиж шалгалт хийж, К.Бээс асуулт асуухад, асуултад хариулж чадаагүй, асуусан асуултыг ойлгоогүй байна. Яагаад гэвэл монгол хэл бичиг үсэг мэдэхгүй хүн байсан. Тухайн ажлын хэсгээс монгол хэл бичиг, үсэг мэдэхгүй хүнийг сургуулийн өмнөх боловсролын багшаар томилон ажиллуулж болохгүй гэдгийг сануулж, тухайн хүнийг ажлаас чөлөөлөхийг шаардаж байсан. Энэ үед туршилтын хугацаагаар ажиллаж байсан К.Бий хувьд цаашид шалгалтад тэнцээгүй нөхцөлд ажлаас чөлөөлнө гэдгийг эрхлэгч нь танилцуулсан.
6.4. Сонгон шалгаруулалтад 76 хүн өрсөлдсөн. Тус цэцэрлэгт өргөтгөл хийсэнтэй холбоотой шинээр 4 багшийн орон тоо гарсан. Тухайн 4 орон тоонд дарга нарын санал болгосон хүнийг бүр томилон ажиллуулах боломжгүй байсан. Яагаад гэвэл аймгийн хэмжээнд дээд боловсролтой ажилгүй байгаа олон залуучууд байсан. Тэдний дундаас сонгон шалгаруулж авъя гэсэн зорилгоор сонгон шалгаруулалт явуулж, өндөр оноо авсан иргэдийг томилон ажиллуулсан. Энэ нь хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцэж байна. К.Бтэй хугацаатай гэрээ байгуулж, хугацаа нь дууссан үед мэдэгдэл өгч чөлөөлсөн.
7. Гуравдагч этгээд С.Мы давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
7.1. Ө сумын ** дугаар хүүхдийн цэцэрлэгт бүлгийн багш, туслах багш авна гэсэн зарыг интернэтэд тавьсан. Уг зарын дагуу би бичиг баримтаа бүрдүүлж, сонгон шалгаруулалтад оролцсон. Сонгон шалгаруулалтад 33 хүн орсон. Эхний шалгалтад би 2 дугаар байранд орсон. Хоёрдугаар шалгалтад мөн адил 2 дугаар байранд орсон. Сонгон шалгаруулалтад орж би өөрөө мэдлэг чадвараараа гарч ирсэн учраас К.Бий давж заалдах гомдол үндэслэлгүй. Заавал дарга нарын санал болгосон хүмүүс ажиллах ёстой юм уу. Жирийн иргэд бид нар яагаад ажиллаж болохгүй юм бэ. Монгол Улсын шүүх шударга шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна.
8. Гуравдагч этгээд Б.Мийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
8.1. Ө сумын ** дугаар цэцэрлэгт шинээр бий болсон орон тоонд миний бие 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр бүлгийн багшаар түр томилогдсон. Тухайн үеийн цэцэрлэгийн эрхлэгч К.Б бид хоёрт 3 сарын хугацаагаар түр ажиллана, дараа нь сонгон шалгаруулалт явуулна гэж анхааруулж байсан. Бид хоёр өөрсдөө зөвшөөрсөн. 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр эхний сонгон шалгаруулалтад орж, миний бие 1 дүгээр байранд орсон. Сонгон шалгаруулалтад 33 хүн ороход, хамгийн доод үнэлгээг К.Б авсан. К.Б шиг хамаатан садантай дарга нарын хүүхдүүд ажиллаад яагаад бид нар шиг жирийн иргэд ажиллаж болохгүй юм бэ. Тийм учраас хуулийн дагуу шударгаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.
9. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
9.1. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т зааснаас үзэхэд, цэцэрлэгийн эрхлэгч аливаа сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулалтаар авна. Миний үйлчлүүлэгч Б:М 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр томилогдоход К.Б ажиллаж байсан. Тухайн үед сонгон шалгаруулалт болно, сонгон шалгаруулалтад тэнцвэл орно гэдгийг анхааруулж хэлж байсан. 12 дугаар сард болсон сонгон шалгаруулалтад Б:М, С.М хоёр тэнцээд 2 орон тоонд ажиллаж байна.
9.2. К.Б сонгон шалгаруулалтад орсон 33 хүнээс хамгийн бага оноо авсан. Монгол хэлний яриа, бичгийн ур чадварын хувьд хангалтгүй байсан. Нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо сонгон шалгаруулалт явуулах журам батлах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан. Сонгон шалгаруулалт явуулах журам батлах тухай шийдвэр захиргааны акт биш. Сонгон шалгаруулалт явуулах журам батлагдсанаар шууд үр дагавар үүсэхгүй. Тийм учраас нэхэмжлэгч гомдол гаргах эрхгүй. Нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй. Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийг баримталсан боловч хэргийн үйл баримтаас үзэхэд, туршилтын гэхээс илүүтэй сонгон шалгаруулалт явуулах хүртэл түр ажиллуулах тухай шийдвэр байсан. Анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэлт хийсэн. Тийм учраас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дугаар заалтад өөрчлөлт оруулах байдлаар шийдвэрлэх саналтай байна.
ХЯНАВАЛ:
10. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар Я.Сийн нэхэмжлэлтэй, Ө сумын ** дугаар цэцэрлэгт холбогдох, К.Бийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох болон 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/27 дугаартай “Багш, туслах багш сонгон шалгаруулах комисс, журам батлах тухай” тушаал, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/13, Б/16 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалуудыг тус тус хүчингүй болгох тухай хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр бус, бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй тул гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
11. Хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль ёсны хийгээд үндэслэл бүхий байдлыг хянахад, шүүх ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн, ажлаас буруу халсан тухай маргааны үйл баримт, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг үндэслэлтэй сэргээн тогтоосон боловч уг үйл баримтад тухайн үед мөрдөгдөж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, эрх зүйн алдаатай дүгнэлт хийсэн байх тул К.Бийг урьд эрхэлж байсан Ө сумын ** дугаар цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, гомдлын бусад шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
12. Ажил олгогч Баян-Ө аймгийн Ө сумын ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/01 дугаар тушаалаар К.Бийг мөн өдрөөс эхлэн 3 сарын хугацаагаар тус цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд түр томилж ажиллуулсан байна. Ажилтан, ажил олгогчийн хооронд мөн өдөр байгуулагдсан 19 дугаартай хөдөлмөрийн гэрээний 1.10-1.12 дахь заалтаас үзвэл, К.Бтэй хөдөлмөрийн гэрээг 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 3 сарын туршилтын хугацаагаар байгуулсан ба туршилтын хугацаа дуусмагц К.Бийг нээлттэй сонгон шалгаруулалтад оролцуулж, тухайн шалгалтын үр дүнг үндэслэн хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах эсэхийг шийдвэрлэх, хэрвээ шалгалтад тэнцээгүй тохиолдолд гэрээг цуцлахаар талууд харилцан тохиролцжээ. /Хэргийн 39-42 дугаар тал/
Ө сумын ** дугаар цэцэрлэгийн Хөдөлмөрийн дотоод журмын 2.10-т анх ажилд орж байгаа ажилтны албан тушаалын онцлогийг харгалзан 3 сар хүртэл хугацаатай туршилтын журмаар ажиллуулж болохоор журамласан байна. /Хэргийн 101 дүгээр тал/
13. Ө сумын ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/08 дугаартай тушаалаар “шинээр бий болсон орон тоонд багш сонгон шалгаруулж авах хүртэл 3 сарын хугацаагаар түр томилогдон ажиллаж байгаа К.Бтэй байгуулсан гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” гэх үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, К.Бийг тус цэцэрлэгийн бүлгийн багшийн ажлаас чөлөөлжээ. Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бусад баримтуудаар ажил олгогч нь К.Бий түр ажиллаж байсан гэх бүлгийн багшийн орон тоог сул орон тоо гэж үзэж, 2021 оны 11 дүгээр сарын 29-30, 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд олон нийтэд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, уг бүлгийн багшийн орон тоонд өрсөлдсөн 33 хүнийг сонгон шалгаруулж, үүнээс 1, 2 дугаар байр эзэлсэн Б:М, С.М нарыг цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/13, Б/16 дугаар тушаалаар тус тус бүлгийн туслах багшийн орон тоонд ажиллуулахаар томилсон байна. /Хэргийн 21, 23, 43-52 дахь тал/
14. Харин ажилтан К.Б нь дээрх нээлттэй сонгон шалгаруулалтад оролцож онолын мэдлэгийн тестээс 60 оноо авах ёстойгоос 3 оноо авч эхний шалгалтад тэнцээгүй байна. Хариуцагч тухайн нээлттэй сонгон шалгаруулалт зарласан болон ажилтныг ажлаас чөлөөлсөн талаарх үндэслэлээ “К.Бийг шинээр бий болсон орон тоонд багш сонгон шалгаруулж авах хүртэл 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулсан. Багш сонгон шалгаруулах талаар зарыг олон нийтэд нээлттэй тавьж, хараат бус комисс байгуулан шалгалтыг зохион байгуулсан. К.Б нь тухайн шалгалтад оролцож 60 оноо авахаас ердөө 3 оноо авч тэнцээгүй. Цэцэрлэгийн багшаар ажиллах сонирхолтой 76 хүн шалгалт өгч өрсөлдөж байхад К.Бд давуу байдал олгон багшаар шууд томилох боломжгүй” гэж тайлбарласан бөгөөд цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/27 дугаар тушаалаар батлагдсан “Сул ажлын байранд ажилтан сонгон шалгаруулах журам” хэрэгт авагдсан байна. /Хэргийн 75-77 дугаар тал/
15. К.Бийг Ө сумын ** дугаар цэцэрлэгийн бүлгийн багшийн орон тоонд 3 сарын туршилтын хугацаатай, түр авч ажиллуулсан, улмаар ажил олгогчоос түүний ажиллаж байсан орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, бүртгүүлсэн иргэдээс шалгалт авсан, уг сонгон шалгаруулалтад ажилтан К.Б тэнцээгүй, шалгалтын дүнгээр Б:М, С.М нар 1, 2 дугаар байруудад шалгарсан тул К.Бийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Б:М, С.М нарыг цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд томилсон зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон дээрх үйл явдлууд 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн үйлчлэлийн үеэр өрнөсөн байна.
Тиймээс уг үйл баримт бүхий хөдөлмөрийн маргаанд тухайн үед мөрдөгдөж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийг ажил олгогч хэрхэн биелүүлж, хэрэгжүүлж байсан, гомдлын шаардлагын хүрээнд ажил олгогчийн үйл ажиллагаа тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн эсэх талаар давж заалдах шатны шүүх мөн хуулийг хэрэглэж эрх зүйн дүгнэлт өгөх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчимд нийцнэ. Учир нь Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй. Хөдөлмөрийн тухай хууль нь хөдөлмөрийн харилцааны зарчим, суурь хэм хэмжээг тогтоодог иргэний хууль тогтоомжид хамаарах хувийн эрх зүйн эх сурвалж мөн болохын хувьд түүнийг буцаан хэрэглэх эсэх асуудалд Иргэний хуулийн дээрх зохицуулалт нэгэн адил хамаарах ба талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн маргаанд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн 2021 оны Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй, уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуульд “хуулийг буцаан хэрэглэх” талаар өөр журам тогтоогоогүй байна.
16. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байхаар, мөн хэсгийн 23.2.3 дахь заалтад шинээр орж байгаа ажилтантай ажил олгогчоос “хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон” туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болохыг зөвшөөрсөн бөгөөд хуулийн 231 дугаар зүйлийн 231.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч ажилтныг ажилд авахдаа түүний “мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага нь тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах” зорилгоор туршилтын хугацаа тогтоож болно.
Гэтэл талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 1.10-1.12 дахь заалтад ажилтантай байгуулагдсан уг гэрээ 3 сарын “туршилтын хугацаагаар” байгуулагдсан боловч хугацаа дуусмагц К.Бийг нээлттэй сонгон шалгаруулалтад оролцуулж, тухайн шалгалтын үр дүнг үндэслэн хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах эсэхийг шийдвэрлэх, хэрвээ шалгалтад тэнцээгүй тохиолдолд гэрээг цуцлахаар тусгасан, хариуцагчийн тайлбарт дурдсанаар “шинээр бий болсон бүлгийн багшийн орон тоонд ажилтан сонгон шалгаруулж авах хүртэл К.Бийг бүлгийн багшийн ажилд түр томилон, хугацаатай гэрээ байгуулан ажиллуулсан”, ажил олгогчоос К.Бий ажиллаж байсан орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, улмаар түүнд оролцсон 33 хүнээс сонгон шалгаруулж, эхний байранд шалгарсан хүнийг К.Бий оронд уг ажилд томилсон зэрэг нөхцөл байдлуудаас дүгнэвэл, ажилтан К.Б болон ажил олгогч Ө сумын ** дугаар цэцэрлэг нарын хооронд 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан 19 дугаар хөдөлмөрийн гэрээний 1.10-1.12 дахь заалтад харилцан тохиролцсон хөдөлмөрийн гэрээний хугацаа буюу “туршилтын хугацаа” нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дугаар зүйлийн 231.1 дэх хэсэгт заасан “туршилтын хугацаа тогтоох зорилгыг” хангаагүй, хуульд нийцээгүй байна.
**. Талуудын тогтоосон 3 сарын хөдөлмөрийн гэрээний хугацааг “туршилтын хугацаа гэж үзэх хуульд заасан зорилгыг хангаагүй” нь дээрх үндэслэлээс гадна ажил олгогчоос ажилтан К.Б нь цэцэрлэгийн бүлгийн багшийн ажил үүргийг гүйцэтгэхэд мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлагын хувьд тохирох эсэхийг түүний 3 сарын хөдөлмөрийн үр дүнд тулгуурлан үнэлэлт өгч дүгнээгүй, харин түүний ажиллаж байсан орон тоог сул орон тоо гэж үзэж, олон нийтэд хандаж нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, уг сонгон шалгаруулалтад бүртгэгдсэн 76 хүнээс 33 хүнийг цэцэрлэгийн бүлгийн багшийн орон тоонд өрсөлдүүлж, улмаар эхний хоёр байранд шалгарсан 2 хүнийг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр бүлгийн багшаар томилсон үйл баримтаар давхар батлагдаж байна.
Хэрвээ ажил олгогчоос 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дугаар зүйлийн 231.1 дэх хэсэгт зааснаар К.Бийг цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд анх авахдаа түүнийг мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлагын хувьд гүйцэтгэж байгаа ажилдаа тохирох эсэхийг шалгах зорилготойгоор туршилтын хугацаа тогтоож ажилд авсан бол түүний уг хугацаанд гүйцэтгэсэн ажил байдалд дүгнэлт өгч, тохирох эсэхийг шалгах ёстой байтал түүний ажиллаж байсан орон тоог олон нийтэд нээлттэй зарлаж, сонгон шалгаруулалт явуулж, туршилтын хугацаагаар ажилласан ажилтныг шинээр ажилд орохоор бүртгүүлсэн 33 хүнтэй өрсөлдүүлэх байдлаар шинээр, дахин сонгон шалгаруулах ёсгүй. Харин туршилтын хугацаагаар авч ажиллуулсан гэх ажилтны ажиллаж байсан орон тоог сул орон тоо гэж үзэж, түүнд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, бүлгийн багшийн ажилд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байсан ажилтан К.Бийг 3 сарын хөдөлмөрийн дүнг үнэлээгүй атлаа түүнийг шинээр ажилд орохыг хүссэн 33 иргэнтэй хамт өрсөлдүүлэхээр зарласан сонгон шалгаруулалтад оруулахыг шаардсан, улмаар түүний хөдөлмөрийн гэрээг нь “сонгон шалгаруулалтад тэнцээгүй, сонгон шалгаруулалтад эхний байранд орж тэнцсэн иргэнийг бүлгийн багшийн орон тоонд томилсон” гэх шалтгаанаар дуусгавар болгосон ажил олгогчийн үйл ажиллагаа хууль ёсны зарчимд нийцээгүй, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дугаар зүйлийн 231.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.
18. Ажилтан ажил олгогчийн хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 3 сарын хугацаа нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дугаар зүйлийн 231.1 дэх хэсэгт заасан туршилтын хугацааны зорилгыг хангаагүй хууль бус тул ажил олгогчийг байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах талаарх мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалтын шаардлагыг зөрчсөн гэж үзэж, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсон гэх мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоход чиглэгдсэн ажил олгогчийн үйл ажиллагаа хууль бус болох нь тогтоогдсон тул ажилтныг урьд эрхэлж байсан Ө сумын ** дугаар цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, түүний хөдөлмөрлөхтэй холбогдсон зөрчигдсөн эрхийг сэргээх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв. Энэ талаарх нэхэмжлэгчийн анхан болон давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол бүрэн үндэслэлтэй тул хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
19. Нэхэмжлэгчээс Баян-Ө аймгийн Ө сумын ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталсан А/27 дугаартай “Багш, туслах багш сонгон шалгаруулах комисс, журам батлах тухай” тушаалыг хавсралтын хамт хууль зөрчсөн гэж үзэж хүчингүй болгох талаар гомдол гаргажээ. Уг тушаалын хавсралтаар батлагдсан комисс болон сонгон шалгаруулах журам нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалтад “эрхлэгч нь багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх эрхтэй” гэж заасныг болон тус цэцэрлэгийн хөдөлмөрийн дотоод журмын 2.6 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилготой бөгөөд үүнийг хууль бус тушаал гэж үзэх үндэслэл хэргээс тогтоогдохгүй байна. Уг тушаалаар батлагдсан комиссын чиг үүрэг болон сонгон шалгаруулах журмын зорилт нь шинээр ажилд томилогдох багш, ажилтныг нээлттэй сонгон шалгаруулах буюу цэцэрлэгийн эрхлэгчийн багш, ажилтныг сонгон авч ажиллуулах бүрэн эрхэд дэмжлэг үзүүлэх агуулгатай, Ө сумын ** дугаар цэцэрлэгийн хөдөлмөрийн дотоод журмын бүрэлдэхүүн хэсэг мөн байх тул уг баримт бичгийн талаар анхан шатны шүүх Захиргаан ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийг баримталж “захиргааны акт” гэж дүгнэсэн нь эрх зүйн хувьд алдаатай болжээ. Шүүхийн уг буруу дүгнэлтээс улбаатайгаар анхан шатны шүүх гомдлын уг шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэглэх ёсгүй зохицуулалтыг хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчмыг алдагдуулжээ.
Тиймээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндөөгүй, хууль тогтоомжид нийцээгүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул Баян-Ө аймгийн Ө сумын ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталсан А/27 дугаартай “Багш, туслах багш сонгон шалгаруулах комисс, журам батлах тухай” тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Ажил олгогчийн уг тушаалтыг хүчингүй болгох талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй тул хүлээж авахгүй.
20. Ажил олгогч нь К.Бий ажиллаж байсан бүлгийн багшийн орон тоог сул орон тоо гэж үзэж, 2021 оны 11 дүгээр сарын 29-30-ны өдрүүд, 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, уг сонгон шалгаруулалтад бүртгүүлсэн нийт 76 хүнээс 33 хүнийг хооронд нь өрсөлдүүлж, шалгаруулан 1, 2 дугаар байр эзэлсэн Б:М, С.М нарыг цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/13, Б/16 дугаар тушаалаар тус тус бүлгийн багшийн орон тоонд томилсон бөгөөд уг тушаалыг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулахаар гомдол гаргаж, Б:М, С.М нарыг шүүх тэдгээрийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулжээ.
“2 туслах багш, 2 бүлгийн багш, нийт 4 багшийн орон тоо гарсан ба тэдгээрийн оронд ажилтан сонгон шалгуулж авах хүртэл 4 багшийг хугацаатай гэрээгээр түр томилж ажиллуулсан” гэх хариуцагчийн хариу тайлбар, хугацаатай гэрээгээр түр ажиллаж байсан 2 бүлгийн багш К.Б, Б:М нар сонгон шалгаруулалтад орж Б:М 1 дүгээр байр эзэлж тэнцэж, К.Б тэнцээгүй тул 2 дугаар байранд орсон С.М, 1 дүгээр байранд орсон Б:М нар бүлгийн багшаар томилогдсон байна. Нөгөө талаар К.Бий ажиллаж байсан орон тоонд томилогдсон ажилтны хөдөлмөрийн гэрээ “хуульд зааснаар дуусгавар болох” тул хариуцагч цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/13, Б/16 дугаар тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, нэхэмжлэгчийн гомдлын энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа хуульд заасны дагуу дуусгавар болох ба К.Бийг шүүх урьд эрхэлж байсан Баян-Ө аймгийн Ө сумын ** дугаар цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоосон тул түүний ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн гэрээг хуульд зааснаар дуусгавар болгож, К.Бийг тус цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд ажиллах нөхцөл бололцоогоор хангах нь ажил олгогчийн үүрэг мөн болохыг тэмдэглэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өаймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2022/00245 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж “1. Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсгийн 158.1.3 дахь заалт, 158.2 дахь хэсгийн 158.2.2 дахь заалтыг баримтлан К.Бий итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сийн Баян-Ө аймгийн Ө сумын ** дугаар цэцэрлэгт холбогдуулан гаргасан гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгож, К.Бийг урьд эрхэлж байсан Баян-Ө аймгийн Ө сумын ** дугаар цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, Ө сумын ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Багш, туслах багш сонгон шалгаруулах комисс, журам батлах тухай” А/27 дугаар тушаал болон 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/13, Б/16 дугаар тушаалуудыг хүчингүй болгох тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн Тогтоох хэсгийн 3 дахь заалтын дугаарыг 2 гэж, мөн заалтад “хариуцагч Баян-Ө аймгийн Ө сумын ** дугаар цэцэрлэгээс 70.200 төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай” гэсэн нэмэлт оруулж, 4 дэх заалтын дугаарыг 3 гэж, 5 дахь заалтын дугаарыг 4 гэж тус тус өөрчлөн нэхэмжлэгч Я.Сийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээж авсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Д.КӨБЕШ