Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2026/ДШМ/12

 

И.А*******, Б.Л******* нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Ерөнхий шүүгч Г.Давааренчин, Д-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор Г.Н******* /цахим/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О*******,

Хохирогчийн өмгөөлөгч Д.О*******

Шүүгдэгч И.А*******, Б.Л*******

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.А*******

Шүүгдэгчийн нарын болон иргэний хариуцагчийн өмгөөлөгч О.Б******* нарыг оролцуулан,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү даргалж, шийдвэрлэн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/244 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Б******* гийн давж заалдах гомдлоор Б.Л*******, И.А******* нарт холбогдох эрүүгийн 2203000250146 дугаартай, 175/2022/0093/Э/001/2023/0005 индекстэй, 8 хавтас хэргийг 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Ш******* овогт Б******* Л*******, Монгол улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр аймгийн Ж суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, илчит тэрэгний туслах машинист мэргэжилтэй, ам бүл *, эхнэр, * хүүхдийн нарын хамт Сэлэнгэ аймгийн С сумын *дугаар баг, * дугаар хэсэг, ***-** тоотод оршин суух хаягтай /РД:**********/ урьд

-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн,

2.Б овогт И А*******, Монгол улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, илчит тэрэгний машинист мэргэжилтэй, ам бүл *, эхнэр, * хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн С сум * дугаар баг * дүгээр хэсгийн ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:************/;

Шүүгдэгч Б.Л*******, И.А******* нар нь 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 21 цаг 36 минутад Сэлэнгэ аймгийн С сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах замын Д татах хэсгийн С депогийн хөдлөх бүсийн ** дүгээр километрийн * дугаар зуутын * дугаар зам дээр дугаартай галт тэргэнд машинч, туслах машинчийн үүрэг гүйцэтгэх үедээ Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/154 дүгээр тушаалаар баталсан “Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, ажлын цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөл”-ийн 2.1.4.хүний эрүүл мэнд, амь нас, хөдөлгөөний аюулгүй байдал болон ...саад илэрвэл нэн даруй галт тэрэгний болон сэлгээний хөдлөх бүрэлдэхүүнийг зогсоох, уул саадтай газрыг хааж хамгаалах, “Төмөр замын техник ашиглалтын журам”-ын 14.3.7.в “зам дээр байгаа хүмүүс, суман байдал, хөдлөх бүрэлдэхүүний байрлалыг анхааралтай ажиглах, сонор сэрэмжтэй байх” 14.3.7.г. “сэлгээний хөдөлгөөний аюулгүй байдал хангах”, 14.3.7.ё. “зогсох дохио гэнэт өгөгдөх буюу саад гэнэт тохиолдох үед яаралтай тоормослох бүх арга хэрэгслийг ашиглан сэлгээний бүрэлдэхүүнийг тухайн газарт тогтоосон тоормосны замаас илүүгүй зайд зогсооно” гэснийг тус тус зөрчиж сонор сэрэмжтэй байж замын 11/13 тэлээ сумын шулуун 79 метр хэсэгт 11 дүгээр суман шилжүүлэгч дээрх саадыг паркийн гэрэлтүүлэгчтэй хэсэгт илчит тэрэгний гэрэлтүүлэг дор хараагүй, саадыг дайрахгүй байх боломжит 23 метрээс багагүй зайд яаралтай тоормос хийж, зогсоогүйн улмаас зорчих хэсэг дээр хэвтэж байсан П.М дайрч, түүний амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн Прокурорын газраас: И.А*******, Б.Л******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч Ш******* овогт Б******* Л*******, Б овогт И А******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “галт тэрэгний машинч хөдөлгөөний аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ноцтой зөрчсөнөөс хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.А*******, Б.Л******* нарт 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаанд Сэлэнгэ аймгийн С сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шийтгэх тогтоолоор мэдэгдэж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган,

Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс өмгөөлөгчийн зардал 2,000,000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, бусад нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж,

Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сидиг хэргийн хамт хадгалж, ...шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгаж, ....шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Б******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

...Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2025/ШТ/244 дугаартай шийтгэх тогтоолыг Монгол Улсын Үндсэн Хуулийн Тавьдугаар зүйлийн 2-т “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ” гэсэн заалт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 зүйлийн 1.3-т “хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн”, мөн хуулийг зөрчсөн, эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг огт ойлгоогүй, хэргийн үйл баримтыг буруу дүгнэсэн ба хүнд хилсээр ял оноосон шийтгэх тогтоол гарчээ.

1.Хэргийн талаар: Төмөр замын тээврийн тухай хуулийн /2007/ 3 дугаар зүйлийн 3.1.12-т “ замын аюултай бүс” гэж галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөн, ачилт, буулгалтын ажил гүйцэтгэдэг дэвсгэр газрыг” гэж заасан газарт 2021 оны 12 дугаар сарын 18-ны 21 цаг 36 минутад амь хохирогч “М” нь маш хүнд, гүн зэргийн согтуу үедээ зам дээр 17 минутын турш хэвтээ байдалтай байж байгаад дайрагдсан.

-Илт үндэслэлгүй хууль зөрчсөн, шийтгэх тогтоол гарсан байна. Урд нь хэргийг анхан шатны шүүх гэм буруутай гэж үзсэнийг Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 71 дугаартай магадлалд “анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй байна...прокуророос хянавал зохих байдлыг хянан шийдвэрлээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нотолбол зохих байдлыг тогтоогоогүй” гэж буцаасан. Давж заалдах шатны шүүхээс “шүүгдэгч И.А*******, Б.Л******* нарыг гэм буруутай гэж үзсэн нь үндэслэлгүй байна, тухайн аюултай бүсийн дэглэмийг хэн хангуулах ёстойг тогтоо” гэж буцаасан.

-Улсын дээд шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 20 дугаартай тогтоолд “гэтэл замын аюултай бүсийн дэглэм”-ийн хэрэгжилтэд ямар байгууллага ажилтан, хэрхэн хяналт тавьдаг, ...өөрийгөө хянах чадваргүй хүн нэвтэрч улмаар 17 минутаас дээш хугацаанд хэвтсээр байхад аюулгүй бүсийн журмыг сахиулах этгээдүүд ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байдлыг амь хохирогчийн хохирсон үйлдэлтэй шалтгаант холбоогүй гэж улсын яллагчийн зүгээс дүгнэж байгааг зөвтгөн тайлбарлах боломж шүүхэд байхгүй”... “гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлж чадаагүй, ...гэм буруутайд тооцохдоо анхаарал, сонор сэрэмжээ хэрхэн яаж алдагдуулсан, камерын бичлэгт авагдсан дүрс бичлэгт тусгагдсанаас өөрөөр хэрхэн яаж техникийг яаралтай зогсоох арга хэмжээг авах ёстой байсан, мөн энэхүү осол гарах болсон үндсэн шалтгаан нөхцөлийг нарийвчлан шалгаж бодитой тогтоох зэргээр хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай” гэж дүгнэсэн.

-Мөн Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 03-ны 73 дугаартай магадлалд “71 дугаартай магадлал Улсын дээд шүүхийн 20 дугаартай тогтоолд заасан “ замын аюултай бүсийн дэглэм”-ийн хэрэгжилтэд ямар байгууллага ажилтан, хэрхэн хяналт тавьдаг биеэ хянах чадваргүй хүн нэвтэрч улмаар 17 минутаас дээш хугацаанд хэвтсээр байхад аюулгүй бүсийн журмыг сахиулах этгээдүүд ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй” гэж буцаасан. Мөн Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн дээрх магадлалууд болон тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар буцаасан. Гэтэл мөрдөх байгууллага  болон прокурор захирамж ба магадлалууд. Улсын дээд шүүхийн тогтоолыг үл тоож түүний хэрэгжилтийг хангуулахгүй хэргийг ирүүлж байхад шүүгч нь дээрх шийтгэх тогтоолыг гаргаж өөрийгөө болон Монгол Улсын Дээд шүүх, Сэлэнгэ аймгийн Эрүү. Иргэний хэргийн давж заалдах шүүхийг “цаасан бар” болгожээ. Шүүгч нь шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах үүрэгтэй билээ.

2. Хэргийн зүйчлэлийн талаар: Эрүүгийн хуулийн 27.2 гэдэг заалт нь “галт тэрэгний машинч” гэж заасан нь машинч өртөө хоорондын замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргийг биечлэн гүйцэтгэдэг тул ийнхүү хуульчилсан болохыг шүүгч анхаарсангүй. Гэтэл бидний авч үзэж буй нөхцөлд сэлгээний бригадын асуудлыг хэлэлцэж байгааг мөрдөгч, прокурор, шүүгч анхаарсангүй. Хэзээ ч сэлгээний хөдөлгөөн хийдэг бүс “аюултай бүс” тул энэ бүсэд зөвхөн хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтан нэвтрэх эрхтэй бөгөөд бусад замын ажилтан зөвшөөрөл авч нэвтэрдэг билээ.

-Бусад аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбон энгийнээр тайлбарлавал “Монгол улсын зам хөдөлгөөний дүрэм” нь “барилгын талбай” “уурхайн олборлолтын бүс”-д гэх мэт газарт байх авто замд үйлчилдэггүй. Яг үүнтэй адил сэлгээний хөдөлгөөн бол үйлдвэрлэлийн бүс тул энд галт тэрэг гэж огт ярихгүй болохыг шүүгч анхаарсангүй. Тухайн дүрэм журмыг Монгол улсад замын тээвэр үүссэн үеэс эхлэн бүх баримт бичгийг үзсэн ба 2007 оноос хойших дүрэм журмыг гардан боловсруулсан хүний хувьд хэлээд байхад яг “илжигний чихэнд ус хийсэн ч алт хийсэн ч адил гэдэг зарчмаар хэрэг шийдэж болохгүй. Хууль дээдлэх шударга ёсыг уландаа гишгэх замаар хүний хувь заяагаар тоглох эрх хүн, хуульч, шүүгчид хэзээ ч байж болохгүй.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 60 хоногоор шүүх хурлыг хойшлуулсан бөгөөд энэ нөхцөл шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг хийгээгүй нөхцөлд цагаатгах тогтоол гаргах байжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан тул эргэлзээ төрсөн учраас 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2025/Ш3/461 захирамжаар 60 хоног хойшлуулсан тул 1.15 зүйлийн 2 заалтыг хэрэглэх ёстой байжээ. 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2025/Ш3/461 захирамжаар хийсэн ажил нь туршилт хийсэн гэсэн тул тухайн ТЭМ2- 1221 дугаартай сэлгээний зүтгүүр нь 2021 оны 12 дугаар сараас хойш 22 их ба дунд удаа засварт орсон баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл тэр туршилтыг үнэлэн шийтгэх тогтоолд үндэслэл болгосон байна. дугаартай сэлгээний зүтгүүр нь 120 тонн бөгөөд нэг удаа сэлгээ хийхдээ 60-аас 12000 тонн ачаа татах бөгөөд дан ган болохыг татах түлхэх үед бүх тохиргоо алдагддаг болохыг ойлгохгүй хүн байж болох уу?

Мөн шийтгэх тогтоолын 34 дүгээр талд “...Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны тусгай журам, ажил амралтын дэглэм”-ийн 2.1.4 заалт, Техник ашиглалтын журмын 14.3.7 в “зам дээр байгаа хүмүүс, суман байдал, хөдлөх бүрэлдэхүүний байрлалыг анхааралтай ажиглах, сонор сэрэмжтэй байх” 14.3.7 г-д “сэлгээний хөдөлгөөний аюулгүй байдал хангах” гэсэн заалтыг зөрчсөн гэсэн байна. Уучлаарай энэ хэрэг маргаанд ажил амралтын дэглэм, сэлгээний хөдөлгөөнд аюул учирсан, зам дээр байгаа “хүмүүс”-тэй холбоотой ямар ч үйл баримтыг байхгүй бид хэлэлцээгүй.

Мэдлэг чадвар дутуу төрийн яаманд байцаагч гэх албан тушаал эрхэлдэг этгээдүүдийн алдаатай дүгнэлт болохыг гэрч Ч.Х болон бид хангалттай бөгөөд хүрэлцээтэй хэмжээнд бүрэн нотолсон болно. 14.3.7-д “сэлгээ хийх үеийн зүтгүүрийн бригад дараах үүргийг гүйцэтгэнэ” гэсэн заалт тул энэ зүйлийн а-д “сэлгээний ажлын даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх” бие даасан хөдөлгөөн хийх шийдвэр гаргахгүй билээ. Энэ нь “галт тэрэгний машинч” “сэлгээний бригад гэдэг нь тус тусдаа ойлголт билээ.

Мөн шийтгэх тогтоолын 34 дүгээр талд Техник ашиглалтын журмын 14.3.7 е-д “зогсох дохио гэнэт өгөгдөх буюу саад гэнэт тохиолдох үед яаралтай тоормослох бүх арга хэрэгслийг ашиглан сэлгээний бүрэлдэхүүнийг тухайн газарт тогтоосон тоормосны замаас илүүгүй зайд зогсооно” гэсэн заалтыг зөрчсөн гэсэн байна гэжээ. Гэтэл шийтгэх тогтоолын 35 дугаар талд “...үйл баримтаас дүгнэвэл машинч, туслах машинч нар нь саадыг харсан даруйд сэлгээний зүтгүүрийг зогсоох арга хэмжээ авсан, зогсоох ёстой боломжит хугацаанд буюу боломжит богино зайд зогсоосон байна” гэж дүгнэсэн атлаа гэм буруутай гэж байгаа нь ойлгомжгүй болжээ.

1. Энэ бидний авч үзэж буй жишээнд шүүгдэгч нар ямар ч буруугүй юм. Учир нь яг тухайн цаг хугацаанд болсон үйл баримтыг баримтжуулсан үл няцаагдах нотлох баримт болох камерын бичлэгт шүүгдэгч нар яг дүрэм журмын дагуу ажилласан бөгөөд хамгийн богино хугацаанд боломжтой бүх аргаар сэлгээний зүтгүүрийг зогсоох арга хэмжээг авсан нь “онц” дүнтэй үүргээ гүйцэтгэн гэж үзэх бөгөөд тэр замын сэлгээ хийх дэвсгэр газарт хүн хэвтэж байх нь битгий хэл “хөдөлгөөнтэй шууд холбоотой”-гоос бусад замын ажилтан орох нь ч хориотой бүс билээ. Шүүгч “ноцтой зөрчих” гэдгийг тайлбарласан байна.

Үүнийг дэлхийн болон Монгол улсын замын түүхэнд гарсан осол, сүйрэл бүгдийг судалж байгаа бид Төмөр замын тээвэр дэх осол, гологдлыг судлан бүртгэх журмаар тодорхойлсон ойлголт бөгөөд үүнийг шүүгч тайлбарлахгүй. Өөрөөр хэлбэл Төмөр зам тээврийн үүссэн үеэс цусаар бичсэн түүх, түүнд тулгуурлаасан шинжлэх ухааныг үгүйсгэх шүүгч байж болохгүй. Энэ бол техникийн шинжлэх ухаан бөгөөд хурд хүчний ойлголтыг Ерөнхий боловсролын сургуулийн 6 дугаар ангид заадаг хичээл билээ.

2. Гэнэт гэдэг Монгол хэлний утга нь “тухайн хүн тархинд анхны мэдээлэл авах үеэс цаашаа хийх дараагийн үйлдэл зөв бурууг бид үл няцаагдах нотлох баримтаас харсан тул шүүгдэгч нар ямар ч гэм буруугүй шүү. Зогсоох арга хэмжээ авсан. Тийм учраас гэм буруугүй. Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2025/ШТ/244 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож цагаатгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хоёр өмгөөлөгчтэй учраас нэг өмгөөлөгч нь гомдол гаргасан. О.Б******* өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Шүүхийн шийтгэх тогтоол маш үндэслэлгүй гарсан. Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэж байна. Яагаад гэвэл шийтгэх тогтоолын 4 дүгээр талд дараах нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруу тогтоож байна гэх агуулгатай зүйлийг дүгнэж хийсэн. Маш олон гэрчүүдийн мэдүүлгийг шийтгэх тогтоол дээр бичсэн. Гэтэл шийтгэх тогтоол бичээд байгаа, гэм буруутай эсэхийг нотолсон нотлох баримтаас илүү үгүйсгэж байгаа нотлох баримт маш их байсан. Гаргаж байгаа үндэслэлүүдээ няцаасан, үгүйсгэсэн зүйлүүдийг тодорхой бичиж чадаагүй. Хэрэг дотор байгаа бүх гэрчүүдийн мэдүүлгийг биччихсэн. Шийтгэх тогтоолын 4 дэх талд ингэж дүгнэсэн мөртлөө 11 дүгээр талд гэрч Б, гэрч Б нарын мэдүүлэг байдаг. Уг хоёр хүний мэдүүлгээр Улсын дээд шүүхийн тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан хэн энэ хяналт тавих ёстой вэ гэдэг асуудал дээр дээр дурдсан хоёр гэрч тавих ёстой гэдгийг өөрсдийнх нь гэрчийн мэдүүлэг өгөгдчихсөн. Уг мэдүүлэг өгөгдчихсөн байхад энэ хоёр хүний үйлдлийг үгүйсгээд байгаа, няцааж гэм буруутай гэдгийг нь нотолж байна гэж шийтгэх тогтоолдоо дурдаад байгаа нь үндэслэлгүй.

Шийтгэх тогтоолын 19 дүгээр талд Ц.З гэх хүний мэдүүлэг байгаа Уг хүний мэдүүлгээр тооромслох үйл ажиллагааг хийсэн үү гэхэд хийсэн. Маш хурдан зогсоосон байна. Энэ байдал нь өнөөдөр цаг агаарын нөхцөл байдалтай холбоотой байдаг. Зуны цагт тооромз барих, өвлийн цагт тооромз барих нь маш ялгаатай байдаг. Энэ хүмүүс зогсоох арга хэмжээг маш хурдан авчихсан байна гэдгийг гэрчилчихсэн. Гэтэл шүүгдэгч нарыг буруутгаад байгаа үндэслэлийг үгүйсгэж байна.

Шийтгэх тогтоолын 24 дүгээр талд М. гэж хүн бий. Энэ хүн ч гэсэн шүүгдэгч нарын үйлдлийг маш зөв үйлдэл хийсэн талаар гэрчилсэн.

Шийтгэх тогтоолын 25 дугаар талд Ц.З гэх шинжээчийн мэдүүлэг байгаа. Уг шинжээчийн мэдүүлэг дээр ямар нэгэн буруутай үйлдэл байхгүй байна. Зогсох арга хэмжээ авсан уу, авсан. Маш түргэн хугацаанд авсан байна. тийм учраас шүүгдэгч нар харуул хамгаалалтын үүргийг гүйцэтгэх үүрэгтэй хүмүүс биш гэж хэлдэг. Энэ байдал нь юуг илэрхийлж байна гэхээр шүүгдэгч нарыг буруутгаад байгаа байдал нь няцаагдаж байна.

Шийтгэх тогтоолын 26 дугаар талд 09, 10 дугаартай шинжээчийн дүгнэлт нь ямар утгатай вэ гэхээр машинист туслах машинист хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна гэж гарсан. Гэтэл энэ зүйлийг дурдаад байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлд заасан энэ зүйлчлэлтэй зөрчилдөж байна. бид нар юуг анхаарах ёстой вэ гэхээр машинист яг ямар тохиолдолд буруутай үйлдэл хийсэн гэж үзэж уг зүйл ангид орох вэ гэхээр согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, өвчин бусад нөхцөл байдлын улмаас өөрийн үг, үйлдлийн удирдан жолоодож чадахгүй үедээ замын хөдлөх бүрэлдэхүүн, усан онгоц, агаарын хөлөг жолоодсон, галт тэрэгний машинист ноцтой зөрчил гаргасны улмаас энэ зүйл ангиар зүйлчлэгдэх юм байна. Тийм учраас өмгөөлөгч нарын зүгээс зүйлчлэлийн хувьд маргадаг.

Шийтгэх тогтоолын 29 дүгээр талд 25/1601 дугаартай шинжээчийн дүгнэлт авагдсан. Уг шинжээчийн дүгнэлтийн 124, 125, 126 дугаар талд шүүгдэгч нар буруугүй гэх талаар маш тодорхой дурдаад өгчихсөн.

Шийтгэх тогтоолын 30 дугаар талд Т.Б гэх хүний гэрчийн мэдүүлэг авагдсан. Үүнийг шинжлэн судлахад ойлгогдоно. Миний хувьд цагаатгах байр суурьтай оролцож байна гэдгээ илэрхийлье гэв.

Шүүгдэгч И.А******* шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжинэ гэв.

Шүүгдэгч Б.Л******* шүүх хуралдаанд хуралдаанд гаргах тайлбаргүй Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжинэ гэв.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сэлэнгэ аймгийн шүүхийн шүүгч нарт чин сэтгэлээсээ талархаж байгаа. Зам тээврийн прокурор, замын цагдаагийн газар, Улсын дээд шүүхийн хамт олонд талархлаа илэрхийлэх нь зөв байх. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг маш зөв гарсан гэж үзэж байна. Дүрэм, журам бүх зүйл нь тогтоогдчихсон. Дотор камерын бичлэг дээр маш тодорхой байгаа. Үүнийг үгүйсгэх аргагүй. Шүүхийн оноосон ял шүүгдэгч нарын гэм буруутай тохирсон гэж боддог. Гэм буруугаа хүлээлгүй 5 жил явсан. Шүүгдэгч нарын үйлдлээс болж өнөөдрийн хурал өдий хүртэл явж байна. Гэм буруугаа хүлээхгүй, хор уршгаа арилгахгүй байна. Миний хүүгийн амь нас үнэгүйдсэн. Шүүгдэгч тал гэм буруугүй гэж ярьж байгаа. Би үнэрлэх үргүй болчихсон ээж хүн. Нэг мөсөн шийдээд өгчихөөсэй гэж бодоод явж байна. Миний хүүгийн аав нь 76 хүрч байна. Би 72 нас хүрч байна. И.А******* гийн хувьд учир байдлаа хэлээд сэтгэлийг зөөллөсөн бол өдий 5 жилийн хугацаанд ингэж явахгүй. Хүүгийн маань эхнэр сэтгэл санааны асар их дарамтад орж нутаг сэлгээд Д явсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй гарсан. Уг маргаан үндсэндээ 6 дахь жил рүүгээ орж байна. 2022 онд анхны маргаан эхлэхэд Үүрийнтуяа Р.А******* өмгөөлөгч ажиллаж байсан. Шүүх дээр ирэхэд шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч эрүүгийн хариуцлагыг хөнгөн хэлбэрээр авах зорилго авагдаад явж байсан. Төмөр замаар мэргэшсэн гэх хүн орж ирж шүүгдэгч нарын өмгөөлөгч болж хувираад уг маргааныг энэ хүртэл хүргэж байгаа. Энэ талаар шүүхээс гэм буруугаа хүлээгээгүй хүнд оногдуулсан ял шийтгэлийг буруу оногдуулчихсан ч юм шиг, гэмт хэрэг үйлдээд үйлдсэн гэмт хэрэгт нь ял оногдуулаад байхад ажлыг нь хийлгэхгүй байгаа ч юм шиг зүйл сүүлдээ ярьж байна. Энэ бол учир явдлаа бүрэн дүүрэн ойлгохгүй байна гэж харж байна.

Уг хэрэг дээр Монгол улсын дээд шүүхээс 2023 онд буцаасан. 2023 онд давж заалдах шатны шүүхээс мөн буцаасан байдаг. Буцаахдаа сэлгээний машинч, туслах машинч хоёрын гэм буруугүй гэж дүгнээгүй. Гэм буруугүй гэж дүгнэсэн бол Улсын дээд шүүхээс цагаатгах байсан. Шүүгдэгч нарын үйлдэл оролцоо байхгүй байна. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй, замын аюултай бүсэд дэглэм сахиулах чиг үүрэгтэй хүмүүс нь хэн байсан бэ. Тэр хүмүүс рүү чиглээд  мөрдөн шалгах ажиллагаа явуул гэж цагаатгах байсан. Энэ хоёр хүний үйлдэл дээр нэмэгдээд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг буюу замын аюултай бүсэд дэглэм сахиулах чиг үүрэгтэй этгээд хэн байсан бэ. Цэрэгжүүлсэн алба нь байсан уу, вохор нь байсан уу түүнийг нэмэгдүүлж шалга гэсэн. Нэмэгдүүлж мөрдөн шалгах ажиллагаа 2,3 янзаар явсан. Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны тогтоол, давж заалдах шатны шүүхийн 2023 оны магадлал гарах үед уг хэрэг 3 хавтаст хэрэг байсан. Уг хоёр тогтоол, магадлалын араас дахиад 3 хавтас хэргээр нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Б, Б нарыг шалгах ажиллагаа бүрэн дүүрэн явсан. Нэгэнт прокурор, мөрдөх байгууллагаас гэм буруугийн асуудал дээр дүгнэлт хийгээгүй учраас бидний зүгээс яллах дүгнэлт үйлдэж ирсэн хэргийн хүрээнд маргаанаа шийдвэрлүүлнэ гэх зорилгоор хохирогч яваад байгаа. Төмөр замын ашиглалт талаар хариуцаад явж байсан машинч, туслах машинч хоёрын гэм буруу байна уу, үгүй юу гэдгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж ирсэн хэргийн хүрээнд шийдвэрлүүлэх гээд байгаа. Эцэстээ шүүгдэгч нар бид хоёр үхэж байхаар бусдыгаа ч гэсэн аваад үхье гэдэг агуулчихаад Б, Бг татна, ерөнхий жижүүр, хөдөлгөөн хариуцаж байсан хүмүүсээ татна гэж цаад агуулгаараа ингэж яваад байгаа. Хохирогч талаас маргааныг ингэж өргөн болгох ямар ч шаардлага байхгүй. Тэртээ тэргүй тэр хүмүүсийн алдаатай үйл ажиллагаа байсан байж болох ч гэмт хэрэг болж чадахгүй. Угаасаа болохгүй. Б, Б нар нь паркийн харуулын ажилтан атлаа тухайн үед ачаа буулгахад ажиллаж байсан хүмүүс болж таардаг. Хүний нөөцийн хүрэлцээгүй байдлаас үүдээд камераа хараад сууж байх боломж бололцоо ажлын хуваарийн дагуу байхгүй байсан гэдэг нь тогтоогдчихсон. Шалтгаант холбоо энэ хоёр хүний хувьд байхгүй. Тийм байхад илтэд замаа харж яваагүй буруутай үйлдлээ хэн нэгэн рүү чиглүүлчихээд бид хоёр гараад ирнэ гэдэг агуулга энэ хоёр хүнд яваад байна.

Дараагийн асуудал нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр т гэх шинжээч дүгнэлт гаргасан. Техник ажиллагааны дүрмийн 14-ийн 3 заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн. Энэ бол дүгнэлтийг хууль зүйн үндэслэлүүд зөв байхад хүчингүй болчихсон замын сайдын тушаалыг үндэслэчихсэн байна гээд үүний дараа Б гэх шинжээч 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр давж заалдах шатны шүүхэд хэрэг буцсаны ард дахин дүгнэлтээ гаргадаг. Дүгнэлт гаргаад т гэх хүний дүгнэсэн 3 заалтыг зөрчсөн байна гэх дүгнэлтийг Б гаргадаг. Үүний талаар мэдүүлэг өгдөг. Төмөр замын техник ашиглалтын дүрмийн 14.3.6-ийн 3 заалтыг зөрчсөн гэх шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх нотлох баримт хаана байна вэ. Энэ хоёр хүнийг зөрчсөн гээд байна. Тэр нь хаана байна вэ. түүнийг үгүйсгэж байж цаашаа ярих ёстой. 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр М, , З гэх 3 шинжээчийг томилж бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг дахин гаргасан. Мөн т, Б гэх хоёр шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэсэн. Уг дүгнэлт дээр 17 км цагийн хурдтай явж байгаа сэлгээний вагон зогсох үйлдэл хийхэд нийт зарцуулах хугацаа 23.84 метр зай туулна гэж бичдэг. Энэ хүмүүсийг буруугүй байхад нь буруутгаад байгаа зүйл байхгүй. Хавтаст хэрэгт буруутай гэж илэрхийлэх олон баримт байгаа. Гэм буруу дээр эргэлзээ төрүүлсэн баримт байдаггүй. Үүнийг бодитой харж тайлбарлахгүй бол гэм бурууг тогтоосон бичгийн нотлох баримтуудыг буруугүй байсан гэж тайлбарлаж байна. Жишээ нь 1 дүгээр хавтаст анх хэргийн газарт үзлэг хийж ТМ1231 дугаартай сэлгээний вагоны 1 гэрэлтүүлгийн хэмжээг харсан байдаг. Гэрэлтүүлгийн хэмжээ 50 метр зай тусгалтай байсан. 50 метр зайны тусгалтай байхад 23 метр зайнаас зогсдог бол 2,3 удаа зогсчих байсан. Энэ хүмүүст зөндөө боломжууд байсан. 23 метрийн зайнаас хараад зогсох боломжтой байсан. Гэтэл шөнө байсан, гэрэл дарангуйлсан гэж сүүлдээ олон зүйлсийг ярьдаг. 50 метрийн цаанаас замаа чөлөөтэй хараад явж байна гэдгийг үзлэгээр тогтоочихсон. 1 дүгээр хавтаст хэргийн 199-204 дүгээр талд дотор камерын бичлэг байгаа. Дотор камерын бичлэг дээр Б.Л******* гуай явж байгаа чиглэлээ харахгүйгээр хажуу талын цонхоор замаа харж явсан байдаг. Замаар 8 секунд орчим харсан байдаг. Шүүх өөрөө бичсэн байдаг. И.А******* гуай болохоор явж байсан чиглэлээ харахгүйгээр 8 секунд болдог. Гэнэт хараад зогсоох арга хэмжээг авдаг. Шүүгдэгч тал нэг зүйлээ хольж яриад байгаа харагддаг. Зогсоох арга хэмжээ авсан гэдэг дээр бид маргаагүй. Саад учирч байгаа учир 1 секундэд авна уу, 0,1 дольд байна уу, сайн, муу байна уу хамаагүй. Сонор сэрэмжтэй явсан уу гэдэг нь маргааны зүйл болчихоод байгаа юм. 8 секунд замаа хараагүй байна. Нийт зогсох хугацаа 6 секунд байгаа юм. Сэлгээний вагонд дайруулж амь хохирч байсан зүйл замын түүхэд байдаггүй юм байна. Би шүүхийн шийтгэх тогтоол, архиваар явж үзсэн. Сэлгээний вагон дээд хурд нь 24, доод хурд нь 17. 6 секундийн хугацаанд зогсдог. Хүссэн газраа зогсож, хүссэн газраа явдаг. Хохирогч нар тайлбарлаж байгаа. Ачааны болон суудлын вагонд хүн дайруулахад бид нар замд ажиллаж байсан хүмүүс. Салбарын хууль гэж байна. Зогсоох арга байхгүй. Явж байгаа вагонд хүүхэд дайруулна уу, нөхөр дайруулна уу тэр хүний хойноос буруутай гэж явах боломж байхгүй. Сэлгээнд дайруулж амь хохирсон асуудал Монгол улсад байхгүй гэж удаа дараа хэлж байна.

М, , З нар шинжээчийн дүгнэлт гаргахаас гадна шүүх хуралдаанд өөрсдөө оролцсон. 2025 оны 08 дугаар сард тэр шинжээчийн дүгнэлтийг үндэслэж байгаад хэргийг 60 хоногоор дахин буцаасан байдаг. Тодорхой зүйлүүдийг хэлсэн. Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн гэдэгт юу хэлэх вэ гэдгийг сэлгээ, сэлгээний вагон, суудлын вагон, ачаа тээврийн вагон хөдөлгөөн хийж байхад бүхэлд нь замын бүрэлдэхүүн гэж үзэж байна. Төмөр замын бүрэлдэхүүн дотор машинч, туслах машинч нь хөдлөх бүрэлдэхүүний салшгүй нэг хэсэг мөн гэж тэр хүмүүс хэлсэн. Тэгэхээр замын ашиглалтын дүрмийг би боловсруулсан, би ингэж боловсруулаагүй гэж байгаа нь утга учиргүй байна. Дахин нэг утгагүй зүйл нь сэлгээний хөдөлгөөний аюулгүй байдлыг бид нар хадгалж хамгаалж явахаас биш, тэнд хүний амь насыг эрсдэлд өртөх вий гэдэг зүйлийг харах ямар ч шаардлага байхгүй гэдэг. Тэгэхээр туслах машинч, машинч хоёр маань замын бодлогын бичиг баримтыг боловсруулсан хуульчийн агуулгаар харахад замд юу таарах нь хамаагүй, бид нар замаа харах шаардлага байхгүй. Төмөр замын аюулгүй байдлын дэглэм сахиулж байгаа цагдаа, вохор нь хүн, мал байвал чирээд явах болохоос биш бид хоёр зам хараад яах вэ гэдэг агуулгатай явна гэж тайлбарладаг. Гэтэл шүүгдэгч нар сэлгээ байна уу, суудлын байна уу, ачаа тээврийн байна уу, хөдөлгөөн хийж байх үедээ ашиглалт хариуцаад явж байгаа хүний хувьд хөдлөх бүрэлдэхүүний аюулгүй байдлыг сахин хангах чиг үүрэг нь ажлын байрны чиг үүрэг дээр байгаа.  Ингэж явцуу утгаар тайлбарлаж болохгүй. Нөгөө талаасаа эрүүгийн хариуцлага хүндэтсэн гэж үзэж байгаа бол шүүгдэгч нарын өөрсдийнх нь асуудал. Н.О******* гуай хэлдэг. И.А******* тай хоол цайгаа хувааж идээд нэг гэрт өссөн хуурай эгч, дүү. Намайг Сэлэнгэд ирэхэд өлгийдөж авсан эгч маань гэж тайлбарладаг. Над дээр ирээд учир байдлаа хэлж, хүн ёсоор уучлалт гуйсан бол би 1,2 хашхирна. Ингээд л хүүгийнхээ хойноос хаяна гэдэг. Гэм буруугаа хүлээхгүй, мөрдөн шалгах ажиллагаа ямар цар хүрээнд явав, шүүн таслах ажиллагаа ямар цар хүрээнд явав. Давж заалдах шатны шүүхээр 3, анхан шатны шүүхээр 5 удаа орсон. Төмөр зам, прокурорын ажлыг ямар цаг хугацаанд уясан бэ. Гэм буруугаа хүлээхгүйгээс үүдэж байна. Энэ нөхцөл байдлыг харж эрүүгийн хариуцлага хүлээлгэж байна. Түүнийг ойлгож байгаа байх гэж бодож байна.

Эцэстээ эрүүгийн хариуцлага нь шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон. Бид нар хорих ял оногдуулах саналыг гаргаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлд нэмэгдэл ялыг тухайн зүйл ангид заасан бол олгоно гэж заасан. Мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт юу гэж заасан бэ гэхээр эрх хасах нэмэгдэл ялыг шүүх заагаагүй ч гэсэн шүүх нэмэгдүүлж болно. Гэтэл одоо суудлын вагон жолоодоод явж байна. Суудлын вагон, сэлгээний вагон жолоодож байгаад хүний амь насанд хүрч байгаа нь тусгай зөвшөөрөлтэй хүн жолооддог зүйл байгаа юм. Гэтэл ийм төрлийн гэмт хэрэг үйлдчихээд байхад хэргийн нөхцөл байдлыг харгалзаж байгаад энэ үйлдлээс нь үүдэж нэмэгдэл ялыг шүүх оноох ёстой байсан. Нэгэнт анхан шатны шүүх оногдуулаагүй учраас давж заалдах шатны шүүх тэр дээр нь хууль зүйн дүгнэлт хийх, хүндрүүлэхэд хэцүү. Ийм ял завшсан асуудал байгаа хэмээн өмгөөлөгчийн хувьд тайлбарлаж хэлмээр байна. Хэргийн газрын үзлэгийн нөхөн үзлэг хийсэн. Асар харанхуйд хийсэн гэж одон оронгоос авсан байдаг. Хийхэд тусгал нь 50 метр байсан. Энэ дээр туршилт хийсэн байдаг. Туршилт хийж бүрэн зогсоон хугацаа 6 секунд байна гэж байгаа. 6 секундийн дотор сэлгээний ганц толгой зогсож байгаа. Гэтэл 8 секунд замаа харж яваагүй хоёр хүний асуудлыг бид нар ярьж байна гэдгийг хэлье. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: 

Анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 244 дугаартай шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. Уг шийтгэх тогтоолыг хэвэр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. Учир нь тухайн хэрэг маань амь хохирогч аюултай бүсэд нэвтрэн орж, зам дээр хэвтэж байхад амь хохирогчийг тухайн нөхцөлд нэвтрүүлээд байгаа албан тушаалтан болон амь хохирогчийн дээгүүр дайраад байгаа албан тушаалтнуудын аль алины буруутай үйл ажиллагаа байна уу гэдгийг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай нотлон тогтоосон. Тухайн харуулын бүсээр нэвтрээд байгаа үйлдлийг вохорын ажилтан буюу харуул хамгаалалтын ажилтнуудын зөрчил гаргасан зүйл байна уу гэдгийг шалган тогтооход тухайн Б, Б нар өөрсдийн мэдүүлгээр, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар осол болсон үед албан үүргээ биелүүлж явсан. Аюултай бүсийн дэглэм зөрчигдсөн, зөрчлийн харуулын байранд байрласан теле камераар байнга хяналт тавьж, илрүүлэх талаар ажлын байрны тодорхойлолтод, өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгаанд тусгагдаагүй, тухайн зөрчлийг мэдэх боломжгүй байсан нь тогтоогддог. Зөрчлийг илрүүлсэн тохиолдолд арилгуулах талаар арга хэмжээ авдаг талаар нотлох баримтуудаар тогтоогдсон. Харин амь хохирогчийг дайрахгүй байх боломжтой байсан уу гэдэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулахад дайрахгүй байх боломжтой байж ээ гэдгийг хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, мөрдөн шалгах ажиллагааны туршилтаар дайрахгүй байх боломжтой байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тусгагддаг. Хяналтын камерын бичлэгээс харахад машинч И.А******* туслах машинч Б.Л*******  нар нь 7,8 секунд урдах замаа хараагүйн улмаас амь хохирогч М ын амийг хохироосон буюу хор уршиг шалтгаант холбоо тогтоогдож байна гэх шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий гарсан. Хэвээр үлдээж өгнө үү гэсэн байр суурьтай байна. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс тайлбар дүгнэлттэй адил байр суурьтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Б.Л*******, И.А******* нарт холбогдох эрүүгийн 2203000250146 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

2. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна

3.Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн дараах бичгийн нотлох баримтууд болох

-Гэрч И.Ж 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2021 оны 12 дугаар сарын 18-ны 20 цагаас ээлж хүлээж аваад өдрийн гарсан ээлж болон 08 цагт гарсан сэлгээгээ буулгасан, өдрийн гарсан ээлж буух гэсээр байтал 21 цаг болсон. Тэгээд байж байтал 21 цаг 30 минутын үед депогийн жижүүр өрөөнд орж ирээд “сэлгээний машинч хүн дайрчихлаа, дулаан хувцсаа өмсөөд яаралтай тусламжийнхаа цүнхийг аваад очоорой гэж хэлсэн. Би цүнхээ аваад хувцсаа өмсөөд шууд гараад 5 минутын дотор гүйгээд очтол машинч А*******, туслах машинч Л*******, 3-4 засварын хүмүүс тэрэгнийхээ доогуур шагайгаад байж байсан. Тухайн хүн нь илчит тэрэгний эхний 2 дугуйны доод хөндийгөөр харагдаж байсан. Би машинчаас “гаргах боломж байна уу” гэтэл “гаргах ямар ч боломж байхгүй байна” гэхээр нь би тэргэн доогуур гараа оруулаад амьд байна уу гээд гарыг нь татаад пульсыг нь үзэхэд байхгүй байхаар нь гүрээнийх нь судсыг барьж үзтэл мөн байхгүй байсан. Намайг үзэж байхад тэнд байсан хүмүүс М байна шдээ гэж хэлэхээр нь би яанаа өнгөрчихсөн байна шдээ” гэж хэлсэн. Тэгээд илчит тэргэн доороос гаргаx боломж хайгаад тойроод гүйж байхад цагдаа болон түргэн тусламж хамт ирсэн...” гэсэн мэдүүлэг,

-Гэрч Б.Б ийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 18-ны 19 цаг 30 минутад би ачаа хамгаалагч, Б паркийн харуулын үүрэг гүйцэтгэхээр ээлж хүлээж аваад би суудлын 271 дүгээр галт тэргийг өртөөний урд тал цэргийн ангийн харалдаа хүлээж авсан, Б буу зэвсэг, доторх бичиг баримт хөтлөлтөө хүлээж авах гээд үлдсэн. Тэр өдөр 20 цаг 57 минутад хот руу явах суудлын галт тэргийг гаргаж өгчихөөд 21 цаг 15 минутын үед ажлынхаа өрөөндөө орж ирсэн. Хот руу явсан галт тэрэгтэй ачааны галт тэрэг зөрж орж ирэх байсан тул өрөөнөөс гар чийдэн, бээлий зэргээ авах гэж байтал утас дуугарахаар нь автал 33 дугаар дохион дээр хүн дайруулсан тухай өртөөний жижүүр утсаар мэдэгдсэн. Би хамт гарч байсан паркийн харуул Б г “салаан дарга, албаны диспетчер, харуулын дарга нарт мэдэгдээрэй” гэж хэлчихээд 33 дугаар дохио руу яваад очтол маневар зогсчихсон, цагдаа нар ирчихсэн байсан. Намайг ар гэрийнхэн нь ирэх гэж байгаа тул гадны хүн битгий оруулаарай гэсэн үүрэг өгсний дараа хамгаалалтанд зогссон. Миний ажлын байрны тодорхойлолтоор хамгаалалтанд хүлээн авсан ачаа вагоныг гэмт халдлагаас хамгаалан хүрэн өртөөнд бүрэн бүтэн хүргэх гэсэн үндсэн тодорхойлолттой. Миний ажлын байрны тодорхойлолтонд хяналтын камерт хяналт тавих талаар тусгаагүй боловч хяналтын камерыг ажил үүрэгтэй холбоотойгоор хамгаалалттай вагоныг харах зорилгоор ашигладаг. Паркийн замыг камераар хяналт тавь гэсэн үүрэг байхгүй, камераа анзаарч байгаарай гэж хэлдэг болохоос камер хяна гэсэн үүрэг байхгүй. Харин биечилсэн хяналтыг тавь гэсэн үүргийг өгдөг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 97-98-р хуудас/,

-Гэрч Т.Б гийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 18-ны 19 цаг 30 минутад ачаа хамгаалагч Бийн хамт үүрэг гүйцэтгэхээр ээлж хүлээж аваад диспетчерт 20 цаг 05 минутын үед ээлжээ хэвийн хүлээж авлаа, постнуудад хэн хэн үүрэг гүйцэтгэж байгаа болон хамгаалалттай вагоны тооны мэдээг өгсөн. Тэгээд 20 цаг 25 минутын үед ачааны галт тэргийг үдэж гаргаж өгөөд 20 цаг 55 минутад суудал явах үед Б гаргаж өгсөн. Би 21 цагаас 21 цаг 25 минутын хооронд паркийн өрөө, ачаа хамгаалагчийн өрөөнд цэвэрлэгээ хийж дуусаад 21 цаг 30 минутын үед ачааны галт тэрэг угтаж авах гээд бид 2 гарах гэж байтал өрөөний утас дуугараад Б автал өртөөний жижүүр залгаад “33 дугаар дохион дээр сэлгээний тэрэг хүн дайрсан байдалтай байна” гэж мэдэгдсэн, “Б салаан дарга, харуулын даргад мэдэгдээрэй” гэж хэлээд осол болсон газар луу явсан, би 2 даргадаа мэдэгдээд ардаас нь очиход замын цагдаа нар ирчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг,

-Шинжээч Ц.Н ын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 18-ны 23 цаг 24 минутад гэртээ амарч байхад С депогийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженер Мөнхтөр залгаад “сэлгээний тэрэгний урдуур хүн орсон, яаралтай ирж орчуулга хий, 25 талын хаалгаар тойрч орж ирээрэй” гэж хэлсний дагуу 30-аад минутын дараа өрөөндөө очсон. Намайг очиход ахлах жижүүр тухайн илчит тэрэгний туузыг туслах машинч Л******* ээр өгүүлсэн. Туузыг авч орчуулахад машинчийн кран шалгасан бичлэг, 200 орчим метр, 17 км/цаг хүртэл хурдтай яваад тормосны гол хоолой 0 хүртэл унаж зогссон бичлэг байсныг журмын дагуу акт №2021/030 үйлдэж ахлах жижүүрт өгсөн...” гэх мэдүүлэг

-Шинжээч Х. тийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Дагаж мөрдөх үүрэгтэй. Ган замын байдлыг хангаж, зам чөлөөтэй эсэхэд хяналт тавиагүйн улмаас Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/154 Дүрмийн 14.3.7.в гэсэн заасан заалтыг хангалттай биелүүлээгүй гэж үзсэн. Ган дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Төмөр замын техник ашиглалтын замын байдлыг хангаж, зам чөлөөтэй эсэхэд хяналт тавиагүй, зам дээр саад байсныг хараагүй нь улмаас яаралтай тоормосыг оройтуулж хийсэн нь Зам, Тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/154 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Төмөр замын техник ашиглалтын дүрмийн 14.3.7.ё гэсэн заалтыг зөрчсөн гэж үзсэн. Дагаж мөрдөх үүрэгтэй. Ган замын байдлыг хангаж, зам чөлөөтэй эсэхэд хяналт тавиагүй нь улмаас Зам, Тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/154 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Төмөр замын техник ашиглалтын дүрмийн 14.3.7.в гэсэн заасан заалтыг хангалттай биелүүлээгүй гэж үзсэн. Ган замын байдлыг хангаж, зам чөлөөтэй эсэхэд хяналт тавиагүй, зам дээр саад байхыг хараагүй нь улмаас яаралтай тоормосыг оройтуулж хийсэн нь Зам. Тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/154 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Төмөр замын техник ашиглалтын дүрмийн 14.3.7.ё гэсэн заалтыг зөрчсөн гэж үзсэн. Илчит тэрэг болгоныг ажилд гарахын өмнө Төмөр замын техник ашиглалтын дүрэмд заасны дагуу техникийн иж бүрэн үзлэг хийж, шаардлага хангасан тохиолдолд тээвэрт гаргадаг. Төмөр замын техник ашиглалтын дүрмийн 11-р бүлгийн 11.1, 11.2 заалтыг хангасан тохиолдолд шаардлага хангасан гэж үзнэ. Илчит тэрэгний их гэрэл 250-400 метр зайд тусгалтай байхаар завсрын дүрэмд заасны дагуу тохируулдаг. Уг ажлыг Улаанбаатар замын зүтгүүрийн депод хийж гүйцэтгэдэг. Машинчийн харах чадварыг би тодорхойлох боломжгүй бөгөөд Энэ нь миний мэдлэгээс хэтэрсэн асуудал гэж бодож байна. Галт тэрэгний жин, явсан хурднаас шалтгаалж өөр өөр байдаг би өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд 17 км цагийн хурдтай яваа дан зүтгүүр, яаралтай тоормос хийсэн тохиолдолд хэдэн метр зам яваад зогсохыг тогтоох боломжгүй.. гэх мэдүүлэг /1-р хх-ийн 194-195-р хуудас/,

-Гэрч Б.М ын 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 онд Сэлэнгэ аймгийн С депод ахлах жижүүрийн албан тушаалд ажиллаж байсан. Тиймээ би мэдсэн. Тухайн үед ажиллаж байсан. Зүтгүүр хөдөлгөж байгаа үед зүтгүүрийн бригадын машинч, туслах машинч   нар  зам сумны байдалд хяналт  тавьж, зам дээр ямар нэгэн зүйл харсан тохиолдолд яаралтай тоормос хийж нэн даруй зогсох ёстой. Мөн замын бүсэд аюулгүй байдалд хяналт тавьж өртөөний жижүүрийн өгсөн үүргийн дагуу хөдөлгөөн хийж ажилладаг...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 08-09-р хуудас/,

-Гэрч Б.Б гаас 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2003 онд туслах машинчаар ажилд орж 2005 он хүртэл ажиллаад машинчаар томилогдож 5 жил ажилласан. 2010 оноос хойш, суудлын галт тэрэгний машинч, зааварчлагч машинч, авто тоормосны зааварлагч машинчаар тус тус томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Цаг агаарын температураас хамаарч намар, өвлийн улиралд зогсох зай нь бага зэрэг ялгаатай байдаг. Энэ нь зүтгүүрийн тоормосны системийн эд ангиуд дамжлагуудын зарцалтаас хамаарч тоормосны эд ангийн ажиллагаа удаашралтай ажилласнаас болж байгаа гэсэн үг. Өвлийн улиралд зогсох тоормосны зайг байнга судалгаа хийж харьцуулдаг бөгөөд уг практик судалгаагаар 30 хувь хүртэл зай нь нэмэгдэнэ гэж үздэг. Дээрх хэргийн нөхцөл байдал дээр дан сэлгээний зүтгүүр яаралтай тоормос хийснээс хойш 23 метр яваад зогсож байна. Энэ нь надад танилцуулснаар 10 дугаар сарын 08-ны өдөр байсан бөгөөд намрын улиралд хамаарч байна. Тэгтэл үүнийг өвлийн улирал гэж тооцвол 6.9 метр илүү зам туулж зогсох буюу 29.9 метр зайд бүрэн зогсоно гэж үзэж болно. Сэлгээний дан зүтгүүр 17 км цагийн хурдтай явахдаа яаралтай тоормос хийхэд 29.9 метрээс ирүү явах ямар ч боломж байхгүй. Үүнийг би мэргэшсэн авто тоормосны зааварлагч машинчийн хувьд судалгаа, тооцооллын үндсэн дээр баталгаатай хэлж байна. Төмөр замын “Техник ашиглалтын журам”-д зааснаар зүтгүүрийн бригадын хориглох 5 заалтад заасан байдаг. Туслах машинч нь энэ бүгдийг харж машинчид хэлж заах үүрэгтэй байдаг…” гэх мэдүүлэг /7-р хх-ийн 196-197-р хуудас/,

-Гэрч Д.Б ийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Би “Одон орон геофизикийн хүрээлэн”-д1976 оноос хойш ажиллаж байна. Ихэвчлэн нарны физик судалгаа хийдэг. Үүнийг манай хүрээлэнд байдаг тэнгэр эрхэсийн /нар, сар, гараг/ тодорхойлдог программ ашиглан тухайн цаг хугацаанд сарны байрлал болон хэмжээг /гэрлэлтийн хэмжээ/ тодорхойлоход 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 21 цаг 30 минутын үед том сартай байсан /тэргэл сар/. Энэ өдөр бүрэнхий нар жаргасны дараа 16 цаг 53 минутаас эхлэн 17 цаг 32 минутад төгсөн харанхуй эхэлсэн байна. Нөгөө өдрийн хувьд 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 23 цаг 20 минутын үед мөн том сартай байсан бөгөөд 18 цаг 19 минутад бүрэнхий эхэлсэн, 18 цаг 51 минутад бүрэнхий дуусан харанхуй болсон байна. Тэгэхээр тухайн 2 өдрийн сарны байрлал мөчлөг, хэмжээ /гэрлэлтийн/ ажил бөгөөд бүрэнхий дуусан харанхуй эхэлсэн байсан нь үзэгдэх орчин ижил байсан байна. /Байгалийн гэрэл/ …” гэх мэдүүлэг /7-р хх-ийн 205-206-р хуудас/,

-Осолд холбогдсон дугаартай зүтгүүрийн хурд хэмжүүрийн туузыг орчуулсан акт дахь дугаартай зүтгүүр ухрах чиглэлд 20 цаг 43 минутад хөдөлж 17 км/цаг хүртэл хурдтай 200 метр яваад тоормосны гол хоолойн даралт 0 хүрч 20 цаг 44 минутад зогссон байна.” гэх акт, /1хх 144x/

-Зам тээврийн хөгжлийн яамны улсын байцаагч Х. тийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №22/74/02 дугаартай: “...Осол гарсан 2021.12.18-ны өдөр дугаартай илчит тэрэг техникийн хувьд бүрэн бүтэн, их гэрэл, дуут дохио ажиллагаатай байсан байна. дугаартай илчит тэрэгний машинч И А******* нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/154 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Төмөр замын техник ашиглалтын дүрмийн 14.3,7.в “зам дээр байгаа хүмүүс, суман байдал, хөдлөх бүрэлдэхүүний байрлалыг анхааралтай ажиглах, сонор сэрэмжтэй байх;”, 14.3,7.ё “зогсох дохио гэнэт өгөгдөх буюу саад гэнэт тохиолдох үед яаралтай тоормослох бүх арга хэрэгслийг ашиглан сэлгээний бүрэлдэхүүнийг тухайн газарт тогтоосон тоормосны замаас илүүгүй зайд зогсооно.” тус тус заалтыг зөрчсөн байна. дугаартай илчит тэрэгний туслах машинч Б.Л******* нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/154 дүгээр тушаалын 1 дгээр хавсралтаар баталсан Төмөр замын техник ашиглалтын дүрмийн 14.3,7.в “зам дээр байгаа хүмүүс, суман байдал, хөдлөх бүрэлдэхүүний байрлалыг анхааралтай ажиглах, сонор сэрэмжтэй байх;”, 14.3,7.ё. “зогсох дохио гэнэт өгөгдөх буюу саад гэнэт тохиолдох үед яаралтай тоормослох бүх арга хэрэгслийг ашиглан сэлгээний бүрэлдэхүүнийг тухайн газарт тогтоосон тоормосны замаас илүүгүй зайд зогсооно.” тус тус заалтыг зөрчсөн байна.  Хохирогч нь Төмөр замын газрын даргын 2009 оны 10 дугаар тушаалаар баталсан “Төмөр замын аюултай бүсийн дэглэм”-ийн 2.3 “Аюултай бүс нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хувьд энэ дэглэмд зааснаас бусад үйл ажиллагаа явуулах, нэвтрэх, объект байрлуулахыг хязгаарласан хориотой бүс болно”, 3.1.1 “Төмөр замын гарам, явган хүний гүүрэн гарцтай буюу нүхэн гарцтай хэсгээр зам хөндлөн гарах”, 3.2.10 “согтууруулах, мансуурах бодис хэрэглэх, согтуурсан буюу мансуурсан байдалтайгаар байх” гэсэн хэсэг, заалтуудыг тус тус зөрчсөн буруутай байна.  Дүгнэлт гаргахад тогтоогдсон бусад нөхцөл байдал байхгүй…” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 186-187-р хуудас/,

- дугаартай илчит тэрэгний гадна талд байрлах хяналтын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл дэх “ ..2021 оны 12 дугаар сарын 18-ны 21 цаг 34 минут 47 секундэнд зүтгүүр замын 3 дугаар зам дээр явж байхад зам дээр амь хохирогч дээгүүрээ цайвар өнгийн хувцастай рейс дэрлэсэн байрлалтай хэвтэж байсан ба зүтгүүр амь хохирогчид ойртон ирэх үед ямар нэгэн хариу үйлдэл хийгээгүй байна...... 21 цаг 34 минут 51 секундэд зүтгүүр амь хохирогчийн дээгүүр гарч байна.../... Цааш үргэлжлүүлэн дугаартай илчит тэрэгний дотор бичлэгт 21 цаг 33 минут 29 секундэд илчит тэрэг хөдөлгөөн үйлдэж эхэлсэн. 21 цаг 34 минут 32 секундэд туслах машинч эвшээлгэн шилэн хүзүүгээ барин 41 секундэд цонх онгойлгон цонхоороо толгойгоо гарган харж, 48 секундэд цонхоо хааж байна. 49 секундэд урагш харж яаралтай тоормосыг хойшоо татах үед туслах машинч машинч руу харж суудлаасаа босон анхааруулах дохио дарж байгаа бичлэг байна...” гэх тэмдэглэл, /1-р хх-ийн 199-204-р xуудас/,

-Зам тээврийн яамны шинжээч Д.Б гийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн №23/012/06 дугаартай:

“…Хэрэг бүртгэлтийн 2203000250146 дугаартай хэрэгт хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, шинжээчийн тусгай мэдлэг, Зөрчлийн тухай хууль, Төмөр замын тээврийн тухай хууль, нийтлэг багц дүрмийн хүрээнд шинжилгээ хийж тавьсан асуултын дагуу дүгнэлт гаргасан. 1. Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Төмөр замын тээврийн хяналт хариуцсан шинжээч, улсын байцаагч Х.тийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №22/74/02 дугаартай дүгнэлт “үндэслэлтэй” байна.

Илчит тэрэгний яаралтай тоормос хийсэн, зогссон зайг ойролцоогоор хэмжихэд 23 метр байна. .. сэлгээний илчит тэрэгний жолоодлого хийж яваа машинист, туслах машинист нар Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/154 дүгээр тушаалаар баталсан “Төмөр замын техник ашиглалтын журам”-ын 14.3.7. “зам дээр байгаа хүмүүс, суман байдал, хөдлөх бүрэлдэхүүний байрлалыг анхааралтай ажиглах, сонор сэрэмжтэй байх” заалтыг тус зөрчсөн байна....” гэх шинжээчийн дүгнэлт /4-р хх-ийн 68-70-р хуудас/,

-Зам, тээврийн яамны Салбарын хяналтын газрын Төмөр зам, замын байгууламжийн хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн, Улсын ахлах байцаагч Б.М, Б., Ц.З нарын 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №25/016/01 дугаартай: “...Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Төмөр замын тээврийн хяналт хариуцсан шинжээч, улсын байцааry Х. тийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №22/74/02 дугаартай дүгнэлт, Салбарын хяналтын газрын мэргэжилтэн, улсын байцаагч ажилтай шинжээч Д.Б гийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гаргасан 23/012/06 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд нь “үндэслэлтэй” байна.

Улсын байцаагч Х. тийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №22/74/02 дугаартай дүгнэлтийн үндэслэл:

2.1 дугаартай илчит тэрэг техникийн хувьд бүрэн бүтэн, их гэрэл, дуут дохио ажиллагаатай байсан нь холбогдох акт, камерын бичлэгээр нотлогдож байна.

2.2 дугаартай илчит тэрэгний машинч И.А*******, Б.Л******* нар сонор сэрэмжтэй байж замын 11/13 тэлээ сумын шулуун 79 метр хэсэгт 11 дүгээр суман шилжүүлэгч дээрх саадыг паркийн гэрэлтүүлэгтэй хэсэгт илчит тэрэгний гэрэлтүүлэг дор хараагүй, саадыг дайрахгүй байх боломжит 23 метрээс багагүй зайд яаралтай тоормос хийж, зогсоогүй нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/154 дүгээр тушаалаар баталсан “Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, ажлын цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөл”-ийн 2.1.4. хүний эрүүл мэнд, амь нас, хөдөлгөөний аюулгүй байдал болон ... саад илэрвэл нэн даруй галт тэрэгний болон сэлгээний хөдлөх бүрэлдэхүүнийг зогсоох, уул саадтай газрыг хааж хамгаалах, “Төмөр замын техник ашиглалтын журам”-ын 14.3.7.в. “зам дээр байгаа хүмүүс, суман байдал, хөдлөх бүрэлдэхүүний байрлалыг анхааралтай ажиглах, сонор сэрэмжтэй байх 14.3.7.г. “сэлгээний хөдөлгөөний аюулгүй байдал хангах”, 14.3.7.0. “зогсох дохио гэнэт өгөгдөх буюу саад гэнэт тохиолдох үед яаралтай тоормослох бүх арга хэрэгслийг ашиглан сэлгээний бүрэлдэхүүнийг тухайн газарт тогтоосон тоормосны замаас илүүгүй зайд зогсооно” заалтыг зөрчсөн байна.... гэх шинжээч нарын дүгнэлт /6-р хх-ийн 121-129-р хуудас/,

-Хурд хэмжүүрийн туузыг орчуулсан акт /1-р хх-ийн 144-р хуудас/,

-С депогийн тууз орчуулагч Ц.Нын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн орчуулгын дагуу хариу /1-р хх-ийн 145-146-р хуудас/,

-2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн галт тэрэгний гадна болон дотор талын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 200-204-р хуудас/ зэрэг шүүх хуралдааны шатанд шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

4.Шүүгдэгч Б.Л*******, И.А******* нар нь 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 21 цаг 36 минутад Сэлэнгэ аймгийн С сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах замын Д татах хэсгийн С депогийн хөдлөх бүсийн 24 дүгээр километрийн 6 дугаар зуутын 2 дугаар зам дээр дугаартай галт тэргэнд машинч, туслах машинчийн үүрэг гүйцэтгэх үедээ

-Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/154 дүгээр тушаалаар баталсан “Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, ажлын цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөл”-ийн 2.1.4.хүний эрүүл мэнд, амь нас, хөдөлгөөний аюулгүй байдал болон ...саад илэрвэл нэн даруй галт тэрэгний болон сэлгээний хөдлөх бүрэлдэхүүнийг зогсоох, уул саадтай газрыг хааж хамгаалах,

-“Төмөр замын техник ашиглалтын журам”-ын 14.3.7.в “зам дээр байгаа хүмүүс, суман байдал, хөдлөх бүрэлдэхүүний байрлалыг анхааралтай ажиглах, сонор сэрэмжтэй байх” 14.3.7.г. “сэлгээний хөдөлгөөний аюулгүй байдал хангах”, 14.3.7.ё. “зогсох дохио гэнэт өгөгдөх буюу саад гэнэт тохиолдох үед яаралтай тоормослох бүх арга хэрэгслийг ашиглан сэлгээний бүрэлдэхүүнийг тухайн газарт тогтоосон тоормосны замаас илүүгүй зайд зогсооно” гэснийг тус тус зөрчиж сонор сэрэмжтэй байж замын 11/13 тэлээ сумын шулуун 79 метр хэсэгт 11 дүгээр суман шилжүүлэгч дээрх саадыг паркийн гэрэлтүүлэгчтэй хэсэгт илчит тэрэгний гэрэлтүүлэг дор хараагүй, саадыг дайрахгүй байх боломжит 23 метрээс багагүй зайд яаралтай тоормос хийж, зогсоогүйн улмаас зорчих хэсэг дээр хэвтэж байсан амь хохирогчийг дайрч, түүний амь насыг хохироосон талаарх хэргийн үйл баримт болон шүүгдэгч нарын гэм буруугийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, түүнийг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн буруутгах боломжгүй байна.

4.Түүнчлэн тухайн осол нь “Төмөр замын аюултай бүсийн дэглэм”-ийн хэрэгжилт биелэгдээгүйгээс осол гарах шалтгаан үүссэн байж болзошгүй байдлыг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагаа хийх талаар Улсын дээд шүүхийн 20 дугаартай тогтоол болон давж заалдах шатны шүүхээс магадлалдаа тодорхой заасан.

Түүний дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч “Төмөр замын аюултай бүсийн дэглэм”-ийн журам зөрчигдсөн эсэх асуудал тогтоогдоогүй энэ талаар холбогдох эрх бүхий этгээдүүдээс холбоотой мэдүүлгүүдийг авсан ба тэдгээрийг ажлын хариуцлага алдсан гэм буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, дахин шалгах шаардлагагүй.

5.Шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс “Төмөр замын техник ашиглалтын журам”-ын 14.3.7.ё. “зогсох дохио гэнэт өгөгдөх буюу саад гэнэт тохиолдох үед яаралтай тоормослох бүх арга хэрэгслийг ашиглан сэлгээний бүрэлдэхүүнийг тухайн газарт тогтоосон тоормосны замаас илүүгүй зайд зогсооно” гэснийг зөрчөөгүй, харин ч зогсоох арга хэмжээг яаралтай авсан гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбар нь

-Шинжээчийн сэлгээний илчит тэрэгний жолоодлого хийж яваа машинист, туслах машинист нар саадаас ойролцоогоор 23 метрээс багагүй зайд яаралтай тоормос хийхэд илчит тэрэг саадын өмнө зогсох боломжтой байна.

Илчит тэрэгний камерын дотор бичлэгээр 21:34:49 цагт яаралтай тоормос хийсэн. Илчит тэрэгний гадна камерын бичлэгээр 21:34:55 цагт зогссон. Зогсох хугацаа 6 секунд байна. Эндээс гадаа камерын бичлэгээр 21:33:26 цагт зогссон бол 21:33:20 цагт яаралтай тоормос хийсэн байна. Илчит тэрэгний яаралтай тоормос хийсэн, зогссон зайг ойролцоогоор хэмжихэд 23 метр байна гэсэн дүгнэлт, 

Галт тэрэгний дотор камерын бичлэг, мөрдөн шалгах туршилт хийсэн тухай тэмдэглэл зэргээс үзэхэд машинч И.А*******, туслах машинч Б.Л******* нар нь 7-9 секундийн турш анхааралгүй явсны улмаас зам дээр байгаа саадыг 51 метрийн зайд зүтгүүрийн их гэрлийн тусгалд харах боломжтой байхад хараагүй, урд байгаа саадыг хожимдож харснаас хохирогчийн амь нас хохирсон гэж үзэхээр байх тул өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.

Мөн шүүгдэгч нар нь сэлгээний бригадын асуудлыг хэлэлцэж  “машинч”  гэж  тодорхойлж журмыг мөрдөгч, прокурор, шүүгч анхаараагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн субъект болох “галт тэрэгний машинч”-д хамаарахгүй гэж гомдлоо тайлбарласан.

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/154 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан 

Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 1.3. “Төмөр замын техник ашиглалтын журмын 15 дугаар бүлгийн /Галт тэрэгний хөдөлгөөнийг зохицуулахад тавигдах шаардлага/ 15.1.1-15.1.4-т заасны дагуу галт тэрэгний хөдөлгөөнийг зөвхөн нэг ажилтан удирдана. Хэсэгт-галт тэрэгний диспетчер, өртөөнд-өртөөний жижүүр, постонд-постын жижүүр, хоорондын зам дахь аж ахуйн галт тэргэнд ажил удирдагч, хоёроос дээш тооны зүтгүүр бүхий галт тэргэнд түүчээ зүтгүүрийн машинч удирдана.”,

“13.75.7. зогсох дохио гэнэт өгөгдөх буюу саад гэнэт тохиолдох үед Төмөр замын техник ашиглалтын журмын 14.3.7-д заасны дагуу яаралтай тоормослох бүх арга хэрэгслийг ашиглан сэлгээний бүрэлдэхүүнийг тухайн газарт тогтоосон тоормосны замаас илүүгүй зайд зогсооно.

-Зүтгүүрийн аж ахуйн албаны зүтгүүрийн бригадын ажлыг зохион байгуулах зааврын 5.3-д “Сэлгээний хөдөлгөөнд ажиллах зүтгүүрийн бригадад  дараах шаардлагыг тавина Үүнд:  Машинчаар ажиллах бол” Машинчаар ачааны хөдөлгөөнд 2-оос багагүй жил ажилласан, Ачааны хөдөлгөөнд үйлчилдэггүй сэлгээний ажил хийдэг хэсэгт сэлгээний хөдөлгөөнд сүүлийн 2 жил тасралтгүй туслах машинчаар ажилласан, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагаатай холбоотой гологдол, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны осол, сахилгын зөрчилд хамрагдаж байгаагүй туслах машинч нараас сонгон бэлтгэж болно. Туслах машинчаар ажиллах бол: Туслах машинчаар ачааны хөдөлгөөнд 1-ээс багагүй жил ажилласан.

5.3.1-д Сэлгээний хөдөлгөөний ажиллах, түүнийг түр орлон ажиллах зүтгүүрийн бригадын нэрсийг хагас жил тутам шинэчлэн татах хэсгийн даргаар батлуулна.” гэж тус тус заасан байна.

Дээрхи журамд “сэлгээний бригадын машинч”, “галт тэрэгний машинч” гэсэн өөр агуулга тусгагдаагүй, сэлгээний бригадад тодорхой шалгуур бүхий машинч  тодорхой хугацаагаар ажилладаг болох нь тогтоогдож байна.

6.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн субъект болох “галт тэрэгний машинч”-д сэлгээний зүтгүүрийн бригадын машинч, туслах машинч нар нь хамаарахгүй гэсэн тайлбар үндэслэлгүй байх тул шүүгдэгч И.А*******, Б.Л******* түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/244 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүгдэгч нарт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг магадлал хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                                                       

                                    ШҮҮГЧ                                    Б.МАНЛАЙБААТАР

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН