Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 305/ШШ2026/00317

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Б.А-н нэхэмжлэлтэй

мал маллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.

Нэхэмжлэгч Б.А нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 1987 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1999 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд **** аймгийн **** сумын **** багт аав ээжийн хамт мал маллаж байсныг тогтоолгох тухай.

 

2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие 1970 оны 9 сарын 10-нд ****  аймгийн **** сумд төрсөн. Би 1987 оны 6 сарын 20-нд 8 дугаар анги төгсөөд мал дээр гарч аав, ээжийн хамт мал маллах болсон. 1999 оны 08 сарын 25-нд өрх тусгаарласан. Малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1987-1999 оны малын А данс өрхийн тэргүүн буюу аавын нэр дээр бүртгэгдсэн байгаа учраас малчнаар ажиллаж байсан жил тогтоогдохгүй, шүүхээр тогтоолгож  ир гэсэн юм. Иймд энэ байдлыг харгалзан үзэж миний бүрдүүлсэн нотлох баримтыг үндэслэн 1987 оны 06 сарын 20-ноос 1999 оны 08 сарын 25 хүртэлх хугацаанд **** аймгийн **** сумын **** багт аав ээжийн хамт мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

3.  Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-**** аймгийн Төрийн архивын хэлтсийн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 217, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 454 дугаар лавлагаанууд, уг лавлагаануудын архивын эх баримтын хуулбарууд,

-мөн архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 451 дугаар лавлагаа,

-**** аймгийн ****  сумын **** багийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 3/111 дугаар лавлагаа

-Б.Б-н 1992-1998, 2000 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны **** аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,

-Б.А-н 1999 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны **** аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,

-Б.А-н 2000 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны ****  аймгийн ****  сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,

-Үндэсний төв архивын 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 03-04/7656, 03-04/7657 дугаар лавлагаанууд,

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б.А, Д.Б нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

- Б.А, Д.Б нарын гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

-**** аймгийн ****  сумын **** багийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 24, 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 1/112 дугаар тодорхойлолтууд.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Б.А нь 1987 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1999 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд **** аймгийн ****  сумын **** багт аав ээжийн хамт мал маллаж байсныг тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх тогтоож болохоор заасан байна.

Малчнаар ажилласан хугацааг шүүхийн  журмаар тогтоолгох нь тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг тооцох, малчинд өндөр насны тэтгэвэр тогтооход ач холбогдолтой буюу малчнаар ажилласанд тооцуулах нь эрх зүйн ач холбогдолтой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.

4. Б.А нь 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд **** аймгийн ****  сумын ****  багт мал маллаж байсан болох нь:

-**** аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 451 дугаар “Тус аймгийн ****  сумын ****  багийн малчин, өрхийн тэргүүлэгч Б.А-н мал маллаж байсан хугацаа /1999 он/ хүртэлх, Тус аймгийн ****  сумын ****  багийн малчин, өрхийн тэргүүлэгч Б.Б-н мал маллаж байсан хугацаа /1992-1998, 2000 он/ хүртэлх гээд тухайн оны малын тоог тодорхойлсон лавлагаа,

-**** аймгийн ****  сумын ****  багийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 3/111 дугаар “Тус багийн **** багийн малчин, өрхийн тэргүүлэгч Б.А-н мал маллаж байсан хугацаа /2000 он/ гээд тухайн оны малын тоог тодорхойлсон лавлагаа,

-Б.Б-н 1992-1998, 2000 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны **** аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,

-Б.А-н 1999 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны ****  аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,

-Б.А-н 2000 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны **** аймгийн **** сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,

-**** аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 454 дугаар “БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1973 оны 02 сарын 22-ны өдрийн 45 дугаар зарлигаар ****  сумын харьяат Г.Б-г алдарт эхийн нэгдүгээр одонгоор шагнасугай. Г.Б хүүхдүүдэд: 1. О 12 настай, 2. Г 10 настай, 3. Б 7 настай, 4. Н 6 настай, 5. М 6 настай, 6. Ч 3 настай, 7. Бн 2 настай, 8. Н 1 настай гэж бүртгэгдсэн” лавлагаа, уг лавлагааны архивын эх баримтын хуулбарууд,

-Үндэсний төв архивын 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 03-04/7656 дугаар “1989 оны хүн амын тооллогод **** аймгийн **** сум Б.Б тэргүүлэгч өөрөө, 53 настай, эрэгтэй, Г.Б эхнэр, 47 настай, эмэгтэй, Б.А хүү, 18 настай, эрэгтэй, Б.Н хүү, 17 настай, эрэгтэй, Б.Ч хүү 22 настай, эрэгтэй, Б.Б охин 14 настай, эмэгтэй, Б.Б охин, 13 настай, эмэгтэй” гэж бүртгэгдсэн лавлагаа,

-мөн архивын 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 03-04/7657 дугаар “2000 оны хүн амын тооллогод **** аймгийн ****  сум Б.А тэргүүлэгч өөрөө 1970 оны 09 сард төрсөн, 29 настай, эрэгтэй, Д.Б эхнэр, 1972 оны 05 сард төрсөн, 27 настай, эмэгтэй” гэж бүртгэгдсэн лавлагаа,

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б.А, Д.Б нарын **** аймгийн **** сумын 1-рт 2001 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр бүртгүүлсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.

5. Иймд ****  овгийн Б.А-г 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд **** аймгийн ****  сумын **** багт мал маллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

6. Харин 1987 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлт нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоолгохоор эцэг Б.Б-н тус  аймгийн ****  сумын ****  нэгдэлд малчнаар ажиллаж байсан цалингийн цэсүүд буюу **** аймгийн Төрийн архивын хэлтсийн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 217 дугаар лавлагааг ирүүлсэн боловч дээрх баримт түүний эцгийг нэгдэлд ажиллаж байсан болохыг нотлох боловч нэхэмжлэгч Б.А нь тухайн нэгдэлд ажиллаж байсан гэдгийг нотлохгүй тул дээрх баримтыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ****  овгийн Б.А-г 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд **** аймгийн ****  сумын **** багт мал маллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1987 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                        

                        

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.МӨНХТУЯА