| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Янжиндулам |
| Хэргийн индекс | 181/2024/04293/И |
| Дугаар | 191/ШШ2025/03024 |
| Огноо | 2025-04-10 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 191/ШШ2025/03024
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч- Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух, ******* овогт *******-н *******ын нэхэмжлэлтэй,
хариуцагч- Сүхбаатар дүүрэг, *****т байрлах, ******* ХХК-нд холбогдох,
гүйцэтгэх захирлын 2024 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн Б/1727 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай тушаалыг хүчингүйд тооцож, ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс /ӨҮ-3109/,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******, П.*******,
Хариуцагчийн өмгөөлөгч О.Батсүх /ӨҮ-1970/,
Гэрч Л.*******, Ю.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дэжид.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ш.******* нь ******* ХХК-нд холбогдуулан гүйцэтгэх захирлын Б/1727 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай тушаалыг хүчингүйд тооцож, ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.******* нь ******* ХХК-д баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны хэлтэст баяжуулалтын оператороор ажилладаг бөгөөд 2024 оны 5-р сарын 11-ний өдөр 3.5 лот /нэг лот нь 320 шуудай/ савлах үүрэг даалгаварыг ахлахаасаа аваад савлах хэсэгт ажиллаж буй хүмүүсийг удирдлагаар ханган ажиллаж байтал цахилгаан, тоног төхөөрөмжийн саатал гарснаас болоод ажиллагаа удааширсан. Ахлах ирээд Түмээ 3.5 лот амжихааргүй болох шинжтэй байвал та нар ярилцаад 4 цагийн coffee time-д орохгүйгээр ажлаа амжуулаарай гэж хэлсэн. Уг саналыг хүмүүстээ дамжуулан зөвшөөрөл авсны үндсэн дээр үргэлжлүүлэн ажиллаж 18:10 цагт дуусгахаар төлөвлөн ажилласан.
Гэтэл кран дээр ажиллаж байсан ******* гэх эмэгтэй удаа дараа зөвхөн ажилдаа ашигладаг станцаар ажил хэргийн гэхээс илүү хувийн шинж чанартай зүйл асуугаад уурлаад байсан, нэг их ач холбогдол өгөөгүй бөгөөд асуусан асуултуудад нь тов бөгөөд тодорхой хариултуудыг өгч байсан. Сүүлдээ аргаа бараад ******* чи буучих аа, буучих гэж хэлтэл амралтын өрөө рүү яваад орчихсон. Ш.******* бүх ажлаа дуусгаад ******* ХХК-ийн уурхайн Баяжуулах үйлдвэрийн савлах үйлдвэр дэх эмэгтэйчүүдийн хувцас солих өрөөнд орж ирээд *******д: чи ямар аймаар уурладаг юм бэ, Ханбогд явах автобус чинь 19:20 цагт явдаг юм байна шүү дээ гэсэн тайлбар хэлтэл ******* чи ер нь ажлаа мэддэг юмуу, чи бид нарыг хойшоо Ханбогд явна гэдгийг мэдэж байгаа юмуу, чам шиг балай авгай, гичий янхан, чам шиг хүүхнийг ажлаас нь халахад асуудал алга, би Ханбогдод амьдардаг болохоор 100 сая төгрөгийг хаанаас л бол хаанаас олно, чам шиг гуйлгачин амьтан ажилгүй болчихвол шууд гудамжинд гуриатаж үхнэ гэж хэлээд хөл рүү хатуу биетээр цохиж хөхрөлт үүсгэсэн. Энэ үйлдлийнх нь хариуд өөрөөсөө холдуулах зорилго агуулаад түлхээд, гараа урдаа барьж байтал *******гийн үс гарт хүрсэн. Бидний хажууд эгч байсан бөгөөд бүх зүйлийг мэдэж байгаа болно.
Гэтэл ******* ХХК-н гүйцэтгэх захиралын 2024 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн Б/1727 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.5-д хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл эрх бүхий этгээдэд гомдол гаргах эрхийнхээ хүрээнд ******* ХХК-н хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргаж 2024 оны 6-р сарын 25-нд хуралдаан болж талууд эвлэрэх боломжгүй гэсэн шийдэлд хүрсэн. Ингээд хуралдааны тэмдэглэл болох дугаар 7 тоот албан бичгийг 2024 оны 8 дугаар сарын 7-ны /лхагва гаригт/ гардан авсан болно.
Ш.******* нь *******гийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаж хохирол, гэмтэл учруулаагүй бөгөөд ажил олгогч ******* ХХК-н зүгээс энэ асуудалд бодитой дүгнэлт хийгээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.4-т заасан ажилтны эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандах үүргээ биелүүлээгүйд гомдолтой байхын зэрэгцээ Оюутолгой ХХК-н гүйцэтгэх захирлын 2024 оны 6-р сарын 6-ны өдрийн Б/1727 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон түүний эрхийг зөрчсөн гэж үзэж байна.
Учир нь 2024 оны 5 дугаар сарын 11-ний өдөр үүрэгт ажлаа хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй байсан тул удирдах албан тушаалтны үүрэг даалгаварын дагуу хариуцсан албан хаагч нартаа чиглэл өгч илүү цагаар ажиллах шаардлага үүссэн мөн илүү цагаар ажиллах цалин хөлсийг олгох талаар ч ярилцаж тохиролцсон хэдий ч ******* хувцас солих өрөөнд хэрүүл маргаан үүсгэж, бүдүүлгээр харьцаж, тэр бүү хэл биед нь халдаж өөрийгөө хамгаалах, зодуулахаас зайлсхийх, гадны халдлагаас хамгаалсан аргагүй хамгаалалтыг хөдөлмөрийн ноцтой зөрчилд тооцон ажлаас халсан үйлдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Мөн Ш.******* нь тус байгууллагад 12 жилийн хугацаанд ажиллаж байгаа бөгөөд ажилдаа хариуцлагатай ханддаг, ажилдаа дуртай, хичээл зүтгэлтэй ажилладаг нэгэн болохыг хамт ажилладаг хүмүүс мэдэх ба урьд өмнө сахилгын шийтгэл хүлээж байгаагүй болно.
Иймд ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн Б/1727 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах тухай тушаалыг хүчингүйд тооцож ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ /хх-1-2/.
3. Хариуцагч тал ******* компанийн гаргасан тушаал хуульд нийцсэн гэж үзэж байгаа. Тухайн зөрчлийг компанийн хэмжээнд шалган тогтоогоод баримтуудыг үндэслэн ажлаас чөлөөлсөн тушаал гарсан. Тухайн процессийн тухайд Баяжуулах үйлдвэрийн савлах үйлдвэрт болсон үйл явдал бөгөөд савлах үйлдвэрт цахилгааны гэмтэл гарснаар төлөвлөгөөт ажил тасарсан, савлах үйлдвэрийн ажилчдыг ахлаж байсан ******* ажилчиддаа мэдэгдээд төлөвлөгөөт ажил бага зэрэг хойшилсон талаар мэдэгдсэн, ингэснээр ажилтан ******* бухимдаж д бухимдлаа илэрхийлсэн байдаг, савлах үйлдвэрт болсон бага зэргийн бухимдал процесс явагдаад ажилчид хувцас солих өрөөнд орж ирээд ажилтан *******, ******* хоёрын өмнөх бухимдлаас болж маргалдсан байдаг, хувцас солих өрөөнд 3 угаалтуур байдаг, тэнд гурван ажилтан зэрэгцэн зогсож байхад ******* нь ёс зүйгүй үг хэлж *******д хандсан байдаг, энэ үед ******* нь ажилтан *******ийн ардуур орж *******г үстсэн байдаг, энэ талаар эдгээр ажилчидтай ярилцсан тэмдэглэлд тусгасан байгаа. Энэ үйл баримтыг компанийн зүгээс дотоод хяналт шалгалт явуулах баг томилж холбогдох этгээдээс тайлбар авч танилцуулагдснаар гүйцэтгэх захирлын тушаал гарсан.
Тус компани 5000 гаруй ажилчидтай тул эдгээр ажилчдыг дүрэм журамтай байлгах үүднээс ажлын талбай аюулгүй ажиллагааны журмыг өндөр хэмжээнд баримталдаг, ажилтан ажлын байранд ажиллахдаа ёс зүйн дүрэм журмыг баримтлах үүрэгтэй, бүх ажилчид сургалтад хамрагдсан, нэхэмжлэгч ийм зөрчил гаргаж болохгүй гэдгийг маш сайн мэдэж байсан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал хууль зүйн үндэслэлтэй. Ажилтан стрестдсэн байлаа гэхэд хүний бие эрх чөлөөнд халдаж болохгүй, хоёр ажилтан зүй зохисгүй хандлага гаргасан тул энэ хоёр ажилтаныг хоёуланг нь ажлаас чөлөөлсөн. Ажилтан ажлын байран дээр сахилгын ноцтой зөрчил гаргасан тул ажил олгогч эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргасан гэж татгалзсан тайлбар гаргаж маргасан.
4. Нотлох баримтын тухайд
4а. Нэхэмжлэгчээс төлөөлөгч П.ыг томилсон итгэмжлэл /хх-3/, ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн Б/1727 дугаартай Ш.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал /хх-4/, ******* ХХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл /хх-5-8/, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өмгөөлөгчөөр Б.Түвшинтөгсийг оролцуулах хүсэлт /хх-164/ зэргийг гаргасан.
4б. Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-11-12/, ******* ХХК-иас Д.Амарбаясгаланд олгосон итгэмжлэл /хх-13-14/, төлөөлөгч П.*******д олгосон итгэмжлэл /хх-15/, хариу тайлбар /хх-20/, төлөөлөгчөөр Х.*******ыг томилсон итгэмжлэл /хх-21/, ******* ХХК-ийн магадлан шалгалтын тайлан /хх-46-52/, Ш.*******тай ярилцсан ярилцлагын 2024-5-13-ны өдрийн тэмдэглэл /хх-53-59/, У.*******тэй ярилцсан ярилцлагын 2024-5-14-ний өдрийн тэмдэглэл /хх-60-71/, Ю.*******тэй ярилцсан ярилцлагын 2024-5-14-ний өдрийн тэмдэглэл /хх-72-74/, Ю.*******тэй ярилцсан ярилцлагын 2024-5-13-ны өдрийн тэмдэглэл /хх-75-80/, ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын Сахилгын шийтгэл ногдуулах журамд нэмэлт оруулах тухай 2023-8-16-ны өдрийн А/35 дугаартай тушаал /хх-81/, ******* ХХК-ийн Сахилгын шийтгэл ногдуулах журам /хх-82-105/, ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын журам шинэчлэн батлах тухай 2021-4-30-ны өдрийн 15/21 дугаартай тушаал /хх-106/, ******* ХХК-ийн гүйцэтгэх захиралын хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлаар шийдвэр гаргах эрх олгох тухай 2022-5-2-ны өдрийн 27/22 дугаар тушаал /хх-130-131/, Ш.*******ын осол зөрчлийн тайлбар авах хуудас /хх-132-135/, Ю.*******ийн осол зөрчлийн тайлбар авах хуудас /хх-136-139/, У.*******н осол зөрчлийн тайлбар авах хуудас /хх-140-142/, эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогыг уншиж танилцсан тухай Ш.******* гарын үсэг зурсан баримт /хх-143/, Айвенхоу майнз ХХК хүлээн авсан нотолгоо ба зөвшөөрөл дахин баталгаа Ш.******* гарын үсэг зурсан баримт /хх-144/, нийгмийн өмнө хүлээх бидний хариуцлагыг уншиж танилцсан тухай Ш.******* гарын үсэг зурсан баримт /хх-145/, компанийн дотоод журмыг хүлээн авч, уншиж танилцсан тухай Ш.******* гарын үсэг зурсан баримт /хх-146/, ******* ХХК хүлээн зөвшөөрсөн тухай баримт дахин баталгаажуулсан Ш.******* гарын үсэг зурсан баримт /хх-147/, кэмпийн дотоод журам болон ёс зүйн дүрэм хүлээн зөвшөөрсөн тухай Ш.******* гарын үсэг зурсан баримт /хх-148/, ******* ХХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2024-6-25-ны өдрийн хуралдааны тэмдэглэл /хх-158-161/, Ш.******* гарын үсэг зурсан 2024-6-6-ны өдрийн уулзалтын тэмдэглэл /хх-162/, итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******ын өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт /хх-165/, Ю.******* гараар бичсэн тайлбар /хх-199/, гараар бичсэн тайлбар /хх-200/, ******* ХХК-ийн У.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2024-6-6-ны өдрийн Б/1726 тоот тушаал /хх-201-202/, мэдээлэл хүргүүлэх тухай нэртэй хүснэгт бүхий тайлбар /хх-205/, өрөөний дотор хэсгийг харуулсан фото зураг /хх-206-209/ зэрэг баримтуудыг гаргасан.
4в. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр ******* ХХК-ийн Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэм /хх-107-129/, ******* ХХК, Ш.******* нарын 2015-12-24-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-149-154/, Ш.*******ын ажлын байрны тодорхойлолт /хх-155-157/, хариуцагч талаас нотлох баримтаар гаргасан плаш дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-183-190/, ******* ХХК, Ш.*******ын нарын 2012-7-12-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-196/ ******* ХХК-ийн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл олгох тухай 2014-6-18-ны өдрийн 2873/14 дугаартай тушаал /хх-197/, ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын Ш.*******д цалингийн нэмэгдэл болон урамшуулал олгох тухай 2023-03-01-ний өдрийн Б/4232 дугаартай тушаал /хх-198/ зэрэг баримтыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ш.******* нь ******* ХХК-нд холбогдуулан гүйцэтгэх захирлын Б/1727 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай тушаалыг хүчингүйд тооцож, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Нэхэмжлэгч тал шаардах эрхийн үндэслэлээ 2024 оны 5 дугаар сарын 11-ний өдөр үүрэгт ажлаа хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул удирдах албан тушаалтны үүрэг даалгаварын дагуу хариуцсан албан хаагч нартаа чиглэл өгч илүү цагаар ажиллах шаардлага үүссэн талаар мэдэгдэж, ярилцаж тохиролцсон хэдий ч ажилтан ******* хувцас солих өрөөнд хэрүүл маргаан үүсгэж, бүдүүлгээр харьцаж, хэл амаар доромжилж биед халдах үед өөрийгөө хамгаалах, зодуулахаас зайлсхийх, гадны халдлагаас хамгаалсан аргагүй хамгаалалтыг хөдөлмөрийн ноцтой зөрчилд тооцон ажлаас халсан үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй, *******гийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаж хохирол, гэмтэл учруулаагүй байхад ажил олгогч ******* ХХК-н зүгээс энэ асуудалд бодитой дүгнэлт хийгээгүй.
Ш.******* нь тус байгууллагад 12 жилийн хугацаанд ажиллаж, ажилдаа хариуцлагатай ханддаг, ажилдаа дуртай, хичээл зүтгэлтэй ажилладаг нэгэн болохыг хамт ажилладаг хүмүүс мэдэх ба урьд өмнө сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, Оюутолгой ХХК-н гүйцэтгэх захирлын 2024 оны 6-р сарын 6-ны өдрийн Б/1727 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцлаж ажлаас халсан нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн... гэж тодорхойлсон.
3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...тухайн зөрчлийг компанийн хэмжээнд шалган тогтоосон баримтуудыг үндэслэн ажлаас чөлөөлсөн тушаал гарсан. Тухайн процесс нь Баяжуулах үйлдвэрийн савлах үйлдвэрт болсон бөгөөд савлах үйлдвэрт цахилгааны гэмтэл гарснаар төлөвлөгөөт ажил тасарсан, савлах үйлдвэрийн ажилчдыг ахлаж байсан ******* ажилчиддаа мэдэгдэж, төлөвлөгөөт ажил бага зэрэг хойшилсон талаар мэдэгдсэн, ингэснээр ажилтан ******* бухимдаж д бухимдлаа илэрхийлсэн байдаг, савлах үйлдвэрт болсон бага зэргийн бухимдал процесс явагдаад ажилчид хувцас солих өрөөнд орж ирээд ажилтан *******, ******* хоёрын өмнөх бухимдлаас болж маргалдсан байдаг, хувцас солих өрөөнийн 3 угаалтуурт гурван ажилтан зэрэгцэн зогсож байхад ******* нь ёс зүйгүй үг хэлж *******д хандсан байдаг, энэ үед ******* нь ажилтан *******ийн ардуур орж *******г үстсэн байдаг, энэ талаар эдгээр ажилчидтай ярилцсан тэмдэглэлд тусгасан байгаа. Энэ үйл баримтыг компанийн зүгээс дотоод хяналт шалгалт явуулах баг томилж холбогдох этгээдээс тайлбар авч танилцуулагдснаар гүйцэтгэх захирлын тушаал гарсан.
Тус компани 5000 гаруй ажилчидтай тул эдгээр ажилчдыг дүрэм журамтай байлгах үүднээс ажлын талбай аюулгүй ажиллагааны журмыг өндөр хэмжээнд баримталдаг, ажилтан ажлын байранд ажиллахдаа ёс зүйн дүрэм журмыг баримтлах үүрэгтэй, бүх ажилчид сургалтад хамрагдсан байгаа, нэхэмжлэгч ийм зөрчил гаргаж болохгүй гэдгийг маш сайн мэдэж байсан, ажилтан ажлын байран дээр сахилгын ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал хууль зүйн үндэслэлтэй. Ажилтан стрестдсэн байлаа гэхэд хүний бие эрх чөлөөнд халдаж болохгүй... гэж тайлбарлан маргасан.
4. Шүүх зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
******* ХХК нь Ш.*******тай 2012 оны 7 дугаар сарын 12-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулснаар Ш.******* нь тус компанийн Баяжуулалтын үйл ажиллагааны хэлтэст оператороор ажилласан /хх-196/ байх бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хөдөлмөрийн гэрээгээр Ш.******* нь Баяжуулалтын оператор албан тушаалд ажиллаж /хх-149/ байсан болох нь зохигчдын тайлбар, Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэргээр тогтоогдож байна /хх-155/.
******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн Б/1727 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.3, 83.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн А/191 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журам-ын 2 дугаар зүйлийн 2.8 /1/, Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1, 10.2.1 /и/, Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэм-ийн 19.3, 19.4, Сахилгын шийтгэл ногдуулах журам-ын 17.1, 17.3 болон ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн Хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлаар шийдвэр гаргах эрх олгох тухай 27/22 дугаар тушаалыг тус тус үндэслэн Ш.******* нь 2024 оны 5 дугаар сарын 11-ний өдөр ******* уурхайн Баяжуулах үйлдвэрийн савлах үйлдвэр дэх эмэгтэйчүүдийн хувцас солих өрөөнд бусдын бие махбодид халдсан, хүч хэрэглэсэн хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2024 оны 06-р сарын 6-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан байна /хх-4/.
Дээрх тушаалыг нэхэмжлэгч Ш.******* нь эс зөвшөөрч гомдлоо ******* ХХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргаснаар 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр маргаан таслах комиссын хуралдаан болж /хх-5-8, 158-161/ 7 дугаартай тэмдэглэл гарсан, уг тэмдэглэлийг нэхэмжлэгч тал 2024 оны 8 дугаар сарын 7-ны өдөр гардан авснаар 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан үйл баримт болон гомдол гаргах хугацааны талаар зохигч талууд маргаагүй болно /хх-2/.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж, мөн зүйлийн 154.2.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэж, 158 дугаар зүйлийн 158.1-д дараах хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүх шууд хянан шийдвэрлэнэ гэж, мөн зүйлийн 158.1.1-д энэ хуулийн 154.8-д заасны дагуу гаргасан гомдол гэж тус тус зохицуулсан.
Иймд нэхэмжлэгч нь дээрх тушаалыг эс зөвшөөрсөн гомдлоо ******* ХХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандаж гаргасны дараа шүүхэд гаргасан байх тул дээрх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, шаардах эрхийн хугацааг хэтрүүлээгүй байна гэж үзэв.
6. Маргааны зүйл нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан ажил олгогчийн 2024 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн Б/1727 тоот тушаал байх бөгөөд уг тушаалын үндэслэлийн талаар шүүх дүгнэх ба ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар уг тушаалд баримталсан хуулийн зохицуулалт, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн эсэхийг шалгах бөгөөд ажил олгогчийн тушаал нь хууль зүйн үндэслэлтэй эсхүл үндэслэлгүй гарсан хэдий ч ажилтны хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож буй хууль зүйн факт бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй учир шүүх уг тушаалыг заавал хүчингүй болгох шаардлагагүй.
7. Харин дээрх тушаалын үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж болно гэж, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах шийтгэл ногдуулна гэж тус тус зохицуулжээ.
8. Ажил олгогчийн зүгээс Ш.*******ыг ******* уурхайн Баяжуулах үйлдвэрийн савлах үйлдвэр дэх эмэгтэйчүүдийн хувцас солих өрөөнд бусдын бие махбодид халдсан, хүч хэрэглэсэн хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон гэх үндэслэлийг тушаалд дурдсан байна /хх-4/.
9. Зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргаантай харилцаанд хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил үүсээгүй, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гарсан эсэх үйл баримт, зохигчдын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд хариуцагч талын гаргасан дээрх тайлбар үндэслэлийг ноцтой зөрчилд тооцохоор тусгагдсан эсэх нь ажил олгогчийн шийдвэрийн үндэслэлийг тодорхойлно.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ш.******* нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан эсэх, уг зөрчил нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болохоор хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан эсэх нь маргааныг шийдвэрлэх үндэслэл болно.
10. ******* ХХК, Ш.******* нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээний 8б-д ажилтан компанийн хууль ёсны аливаа заавар, тушаал, шийдвэр, бодлого, журам, дүрмийг баримтлан ажиллах, дагаж мөрдөх, 8в-д компанийн дотоод бодлого, журмуудад заасан ажилтны ёс зүй болон мэргэжлийн зан төлөвийн талаарх стандартыг ханган ажиллах үүрэг хүлээнэ гэж, гэрээний 10.2-т ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцлах, 10.2.1-д хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлүүд, 10.2.1.и-д компанийн аливаа бодлого, дүрэм журамд ноцтой зөрчил гэж тооцсон, эсхүл ажлаас халах арга хэмжээ авахаар, эсхүл зөрчил гаргасан даруй ажлын талбай, төслийн талбар болон тэдгээрт хамаарах нутаг дэвсгэрээс явуулахаар заасан зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах нөхцөлийг талууд харилцан тохиролцож, ажилтан гарын үсэг зурсан байна /хх-149-154/.
Иймд дээрх хөдөлмөрийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байх тул хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээний зохицуулалт нь ажилтны эрх зүйн байдлыг хууль тогтоомжид зааснаас дордуулсан хүчин төгөлдөр бус, харилцан тохиролцсон байдлаар хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.
11. Түүнчлэн ажил олгогчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон Б/1727 тоот тушаалын үндэслэл болгосон Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэм-ийн 19.3-т журмын 9.1.1-9.1.15-д заасан зөрчлүүдийг ноцтой зөрчилд тооцно гэж, 19.4-т журмын 9.1.1-9.1.15-д заасан ноцтой зөрчил гаргасан ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулна, журмын 9.1.2-т бусдын биед хүч хэрэглэх, бие махбодид халдах, 9.1.3-т бусдын биед хүч хэрэглэхээр заналхийлэх гэж /хх-107-127/,
Сахилгын шийтгэл ногдуулах журам-ын 17.1-д Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, компанийн бодлого, дүрэм, журам, стандарт, заавар, зааварчилгаа, компаниас батлан гаргасан бусад бичиг баримт, үйл ажиллагаанд мөрддөг аливаа бичиг баримт, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн болон энэхүү журамд заасан зөрчил гаргасан ажилтанд сахилгын шийтгэл ногдуулна гэж, 17.2-т дараах зөрчлүүдийг ноцтой зөрчилд тооцно гэж, 17.2.8.1-д бусдын биед хүч хэрэглэх, 17.2.8.2-т бусдын биед гэмтэл учруулсан эсэхээс үл хамааран бүхий л хэлбэрээр халдах гэж, 17.3-т журмын 17.2-т заасан ноцтой зөрчлийг гаргасан ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулна гэж тус тус журмалсан байна /хх-82-103/.
12. ******* ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн савлах үйлдвэр дэх эмэгтэйчүүдийн хувцас солих өрөөнд 2024 оны 5-р сарын 11-ний өдөр ажилтан Ш.*******, ажилтан У.******* нар маргалдаж, нэгнээ доромжлон улмаар нэгнийхээ биед халдсан тухай мэдээллийг тус компаний хөдөлмөрийн харилцааны багт 2024-5-12-ны өдөр гаргасан /хх-46/, энэ мэдээллийг ажилтан У.******* нь ажилтан Ш.*******д үсдүүлсэн тухайгаа ахлах ажилтандаа хэлснээр тус багт мэдээлэл ирсэн болохыг гэрч Л.******* мэдүүлж, хариуцагч тал тайлбарласан үйл баримтад нэхэмжлэгч тал маргаагүй.
13. Харин ******* ХХК-ийн Сахилгын шийтгэл ногдуулах журмын 10.2, 11.1, 11.2-т хянан шалгах үе шат болон хянан шалгах ажиллагааны багийн талаар тус тус зохицуулсан байх бөгөөд хянан шалгах үе шат нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн талаар олж мэдсэн, илрүүлсэн эсхүл сахилгын зөрчил гаргасан талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тохиолдолд удирдах ажилтан нь Боловсон хүчин, бүтэц, зохион байгууллалтын газарт нэн даруй мэдэгдэж, нотлох баримт цуглуулах, тайлбар авах, гэрч болон зөрчилд холбогдсон ажилтантай ярилцлага хийх зэргээр сахилгын зөрчлийг шалган тогтоох зорилгоор хянан шалгах ажиллагаа явагдахаар байх бөгөөд ажилтны гаргасан гомдлын дагуу хянан шалгах ажиллагааны баг хянан шалгах ажиллагааг явуулсны эцэст тухайн зөрчлийн талаар дүгнэлт гаргажээ.
Өөрөөр хэлбэл, ажил олгогчийн зүгээс ажилтаны гаргасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг шалган тогтоох баг, түүний ажиллах журмыг дээрх журмаар зохицуулсан байх бөгөөд ажилтан Ш.******* нь компанийн дотоод журмыг уншиж танилцсан, дүрэм, журмыг даган мөрдөхөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна /хх-146/.
14. Тиймээс бусдын биед халдсан зөрчил нь Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчлийн шинжтэй буюу цагдаагийн байгууллагын шалган тогтоох чиг үүрэгтэй байхад ******* ХХК нь дотооддоо шалган тогтоох замаар ажилтаныг бусдын биед халдсан гэж дүгнэлт гаргах эрхгүй байгууллага гэж тайлбарласан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн татгалзал, тайлбар мөн үндэслэлгүй байна.
15. Хянан шалгалтын явцад Ш.******* нь У.*******тэй маргалдсаны улмаас У.*******г үсдэж бие махбодид нь халдсан, хүч хэрэглэсэн, У.******* нь Ш.*******ыг зүй бус буюу харааллын үгээр доромжилсон зөрчил гаргасан, энэхүү зөрчил нь хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гэж дүгнэсэн магадлан шалгалтын дүгнэлт гарч хэрэгт нотлох баримтаар авагдсан байна /хх-47-51/.
16. Мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан Ш.*******тай ярилцсан ярилцлагын 2024-5-13-ны өдрийн тэмдэглэлд ...энхээ эгчийн хойд талаар миний гар санаандгүй очоод үснээс нь барьсан... гэж /хх-55/, У.*******тэй ярилцсан ярилцлагын 2024-5-14-ний өдрийн тэмдэглэлд ...ирээд л үсдсэн... гэх /хх-61/, Ю.*******тэй ярилцсан ярилцлагын 2024-5-13-ны өдрийн тэмдэглэлд ...Буяа жаахан бүдүүлэг үг хэлсэн, тэгсэн чинь Түмээгийн уур нь хүрээд миний араар шургаж ороод тэгээд Буяаг үсдсэн, би хажууд нь байсан болохоор тэр хоёрыг салгасан... гэх /хх-77/, Ю.*******тэй ярилцсан ярилцлагын 2024-5-14-ний тэмдэглэлд ...Түмээ Буякаг үсдээд дарангуут л би салгасан... гэх /хх-73/ тайлбарууд тусгагдсан байна.
17. Шүүх хуралдаанд оролцсон гэрч Ю.*******ийн ...18 цаг 40 минутын үед болсон явдал. Түүнээс өмнө станцаар ажлын цагтай холбоотой маргалдсан. Ажил дуусаагүй байсан. Савлах үйлдвэр нь Савлах үйлдвэр нь баяжмалаа савлаад конвероор яваад баяжмал нь байрлах ёстой. Тэгсэн чинь конвер дээрээ баяжмал нь байсан. ******* нь наад тэжээлээ эрт таслуулахгүй яасан юм гээд ******* руу уурласан. ******* нь болохлоор тухайн үед юм яриагүй. Эмэгтэй хувцас солих өрөөнд ******* ороод ирчихсэн буланд зогсож байсан. ******* орж ирээд чи хоёрын хооронд яах гэж иймэрхүү юм хийж байдаг юм, надаас шалтгаалаагүй, тоног төхөөрөмж саатсанаас боллоо шүү дээ гэсэн чинь ******* энэ янз бүрийн хараалын үгээр хэлсэн. ******* нь миний араар ороод *******г үсдээд авсан... гэж,
гэрч Л.*******ийн ...хоёр ажилтан хоорондоо маргалдсан гэх мэдээлэл манай хөдөлмөрийн харилцааны багт 2024 оны 05 сарын арван 12-ны өдөр ирсэн. Үүний дагуу сахилгын шийтгэл ноогдуулах журмынхаа дагуу хянан шалгах ажиллагааны баг зөрчлийг шалгасан, хянан шалгах багт ахлах менежер Бүдрагчаа болон миний бие оролцсон, хянан шалгах ажиллагааны хүрээнд зөрчилд холбогдсон хоёр ажилтан гэрч нараас тайлбар мэдээллийг авч ярилцлагын тэмдэглэл үйлдсэн, ярилцлагын хэсэг, гэрчүүдийн тайлбар мэдээллээс ******* нь *******гийн биед халдсан үйл ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдсон, тухайн зөрчил ажлын байран дээр ажлын цагаар болсон байсан, хянан шалгах ажиллагаа явуулахдаа сахилгын шийтгэл ногдуулах журмын дагуу хянан шалгадаг... гэж тус тус мэдүүлсэн.
18. Дээрх дүгнэлт гаргах хяналт шалгалтын явцад ажилтан Ш.*******, У.*******, Ю.******* нартай ярилцлага хийсэн байх бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, татгалзсан тайлбар, татгалзлаа нотолж шүүхэд нотлох баримтаар гаргасан магадлан шалгалтын тайлан, дүгнэлт, ярилцлагын тэмдэглэл, осол зөрчлийн тайлбар авах хуудас зэрэг бичмэл нотлох баримтад тусгагдсан үйл баримтыг нэхэмжлэгч тал өөр баримтаар үгүйсгэж няцаагаагүй бөгөөд магадлан шалгалтын дүгнэлтийг өөрчилж, хүчингүй болгосон талаарх ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар нэхэмжлэгч тал маргаагүй болно.
19. Иймд хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч Ш.******* нь ажилтан У.*******г үсдсэн буюу түүний биед халдсан хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
20. Хариуцагч талаас нотлох баримтаар гаргасан ногоон өнгөтэй плаш дискэнд хуулсан яриа бүхий бичлэгт шүүх 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр үзлэг хийсэн /хх-183-190/ боловч тухайн бичлэгт оролцсон ажилтан Ю.*******, Л.******* нар шүүх хуралдаанд биечлэн оролцож гэрчийн мэдүүлэг өгсөн болохыг дурдах нь зүйтэй.
21. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гэж зохицуулсан бөгөөд ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлд хамаарах тул нэхэмжлэгч Ш.******* нь дээрх хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
22. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П. шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд түүний өмгөөлөгчөөс итгэмжлэгдсэн төлөөлөгч эрүүл мэндийн шалтгааны улмаас өнөөдрийн шүүх хуралдаанд ирж чадаагүй, энэ талаараа надаар дамжуулан шүүхүэд мэдэгдэж байгаа, итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэсэн тайлбар гаргасан болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг тус тус баримтлан ******* ХХК-нд холбогдох гүйцэтгэх захирлын 2024 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн Б/1727 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай тушаалыг хүчингүйд тооцож, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Ш.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Ш.*******ын гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ