| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 130/2022/00150/И |
| Дугаар | 212/МА2022/00057 |
| Огноо | 2022-06-03 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 212/МА2022/00057
Л.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 130/ШШ2022/00338 дугаар шийдвэртэй, **** оршин суух ** овогт Л.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Ө аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэст холбогдох, хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн Б/02 дугаар “Л.Бг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэж 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ж.Ахмарал, нэхэмжлэгч Л.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Тилеугавал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн үндэслэл:
1.1. Миний бие аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн дарга Б.Пийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б\21 дугаартай тушаалаар тус хэлтэст манаачаар түр томилогдож ажилд орсон. Дараа нь 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/02 дугаартай тушаалаар манаачийн ажилд бүр томилж, ТҮ-1 ангиллын 1 дүгээр шатлалаар цалин хөлс олгож эхэлсэн. Ажил олгогчийн зүгээс дээрх тушаалуудын хүрээнд ажилтан надтай 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулснаар манаачийн ажил үүргээ одоо хүртэл гүйцэтгэж ажиллаж байна.
1.2. Аймгийн Стандарт хэмжил зүйн даргаар 2021 оны 5 дугаар сард томилогдсон хэлтсийн дарга Х.Т нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Л.Б надад 01 дугаартай мэдэгдэх хуудсыг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр өгч, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/02 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн байна. Уг тушаалыг тухайн үед би мэдээгүй ба 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр бичиг хэргийн ажилтан Н.М хүлээлгэн өгөхөд гарын үсэг зурж авсан.
1.3. Ажил олгогчийн талаас ажилтан Л.Б надад олгосон мэдэгдэх хуудас болон бусад тушаал шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасныг зөрчсөн. Ажлаас чөлөөлсөн тушаалыг нь ажил олгогч санаачилж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасныг үндэслэл болгосон гэх атлаа Монгол Улсын Засгийн газар болон Стандарт хэмжил зүйн газрын шийдвэрээр тус хэлтэст орон тоог цөөрүүлсэн эрхийн акт ирээгүй байхад ажлаас чөлөөлж хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн.
1.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-д заалтын хүрээнд олгогдох “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг” хуулийн хүрээнд олгох ёстой байхад тушаалд оруулахгүй орхигдуулж хуулийн дагуу тэтгэмж авах миний эрхийг зөрчсөн.
1.5. Л.Б надтай ажил олгогч Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг зөрчиж, Иргэний хуулийн 359-368 дугаар заалтын хүрээнд “Хөлсөөр ажиллуулах гэрээ” гэгчийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн байгуулсан дүр үзүүлж гарын үсэг зуруулж, хуурч мэхэлсэн асуудал нь зохих хууль тогтоомжийг зөрчсөн.
1.6. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 388 дугаар тогтоолын 6 дугаар зүйлд “сум дүүргийн Засаг дарга” нарт даалгасан тогтоолын холбогдох заалтыг зөрчсөн. Уг тогтоолын 7 дугаар зүйлийн 6-д, мөн 7.1- д "нийтлэг ажил үйлчилгээг хувийн хэвшил, төрийн орон нутгийн өмчид компаниар гүйцэтгүүлэх зорилго нь гагцхүү ажилчдын цалин хөлс, тэтгэмж, урамшуулал нийгмийн баталгааг нэмэгдүүлэхэд чиглэсэн байх” талаарх гаргасан тогтоолын холбогдох заалтыг зөрчсөн. Уг тогтоолын 7.3-д “Орон тооны цомхотгол хийхгүй байх, одоо ажиллаж байгаа ажилчдыг үндсэн ажилтнаар шилжүүлэн ажиллуулах, ажилчдын цалин хөлс, урамшуулал, тэтгэвэрт гарахад нь хуульд заасны дагуу олгох нэг удаагийн тэтгэмжийг одоо байгаа байгаа түвшингээс бууруулахгүй байх талаар холбогдох гэрээнд тусгах” гэх заалтуудыг зөрчиж, үндэслэлгүйгээр миний хууль ёсны эрх ашиг, хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байгаа тул эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд хандаж байна.
1.7. Иймд гомдлыг зохих журмын дагуу хянан үзэж, зөрчигдсөн эрхийг хамгаалж, Баян-Ө аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн Б/02 дугаартай Л.Бг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:
2.1. Баян-Ө аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн бүтэц орон тоог Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/118 дугаартай "Аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дотоод зохион байгуулалт, албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн батлах тухай” тушаалаар баталж 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 04/574 дугаартай албан бичгээр ирүүлсэн. Уг бүтэц, орон тоо баталсан газрын даргын тушаалыг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хамт олны хурал хийж бүх ажилчдад дэлгэрэнгүй танилцуулсан.
2.2. Уг тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл” болон 2 дугаар хавсралтаар батлагдсан ”Аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дотоод зохион байгуулалт”-д манаачийн орон тоо тусгагдаагүй. Харин уг тушаалын 3 дугаар заалтаар Хэлтэс бүр ажлын байр өмч, хамгааллын чиглэлээр 2022 оны эхний хагас жилд багтаан гэрээт харуул хамгаалалтын байгууллагаар гүйцэтгүүлэх талаар зохих арга хэмжээ авахыг аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга нарт үүрэг болгосон. Тушаалыг хэрэгжүүлэхийн тулд хэлтсийн бүтэц орон тооноос хасагдсан манаачийн албан тушаалаас Л.Бг Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэж чөлөөлсөн.
2.3. Үүнээс гадна гомдолд дурдагдсан хууль тогтоомж болон Засгийн газрын тогтоол зөрчиж, үндэслэлгүйгээр миний хууль ёсны эрх ашиг, хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна гэх нь хууль зүйн үндэслэлгүй. Л.Бд 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажлаас чөлөөлөх тухай “Мэдэгдэх хуудас”-ыг бичгээр өгсөн. Л.Бг Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/118 дугаар тушаалыг үндэслэн ажлаас чөлөөлсөн бөгөөд тушаалыг 10 дугаар сарын 25-ны өдөр хамт олны хурлын үеэр танилцуулсан. Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн “Орон нутгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн орон тоо, албан тушаалын дээд хязгаар батлах” тухай А/72 дугаартай тушаалаар манаачийн орон тоо хасагдсан. Л.Бг манаачийн албан тушаалаас чөлөөлж, үргэлжлүүлэн харилцан тохиролцон “Хөлсөөр ажиллах гэрээ“ байгуулсан. Гэрээнд урьд авч байсан манаачийн цалин /ТҮ-1 ангиллын 1-р шатлалын цалингийн хэмжээтэй дүйцэхүйц/ болох 467,374 төгрөг, хоолны мөнгө 25,000 төгрөг нийт 492,374 төгрөгийн /Хөлсөөр ажиллах гэрээний 6.1 дэх заалт/ хөлс төлөхөөр тусгагдсан тул давхардуулан тэтгэмж олгох боломжгүй . “Хөлсөөр ажиллах гэрээ “-ний дагуу 1 ба 2 дугаар сарын хөлсийг бүрэн олгосон. Байгууллагын бүтэц орон тооноос манаачийн орон тоо хасагдсан тул Л.Бг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах боломжгүй болсон. Иймд өөртэй нь харилцан тохиролцож Иргэний хуулийн 359-368 дугаар заалтын хүрээнд “ Хөлсөөр ажиллуулах гэрээ“ байгуулсан. Л.Б нь уг “Хөлсөөр ажиллуулах гэрээ “-г хүлээн зөвшөөрч гарын үзэг зурсан. Ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй. Хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулахдаа ямар нэгэн хууль тогтоомжийг зөрчөөгүй.
Л.Бг ажлаас чөлөөлсөн нь Монгол Улсын Засгийн Газрын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 388 дугаар тогтоолтой огт холбогдолгүй. Манай байгууллагын манаачийн орон тоо Монгол Улсын Засгийн Газрын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 388 дугаар тогтоол гарахаас өмнө хасагдсан. Уг тогтоол гараагүй байхад Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2020 оны А/72 , 2021 оны А/118 тушаалаар манаачийн орон тоо 20 аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн бүтэц дотоод зохион байгуулалтаас хасагдсан байсан.
2.4. Иймд Баян-Ө аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/02 дугаартай тушаалыг хүчингүй болгох боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй тул иргэн Л.Бн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.
3. Баян-Ө аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 130/ШШ2022/00338 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 зүйлийн 158.2.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч ** овогт Л Б Баян-Ө аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/02 дугаартай Л.Бг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.5-д нэхэмжлэгч Л.Бг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан, ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас чөлөөлөх болсон үндэслэл Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй, хуулийг буруугаар хэрэглэсэн гэж үзэж байна.
4.2. Л.Б надад мэдэгдэх хуудсыг хүчингүй болсон эрх зүйн зохицуулалт нь зогссон Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэж олгосон. Яагаад гэвэл миний бие 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан ба байгууллагын бичиг хэргийн эрхлэгч Мс энэ өдөр тушаалаа гардаж авахад 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөр дуусгавар болгож ажлаас чөлөөлснийг мэдсэн. Ажил олгогчид ажилтан Л.Б надтай Хөдөлмөрийн гэрээ байгуулахыг шинээр батлагдсан Хөдөлмөрийн хуулийн 48 дугаар зүйлд тодорхой зааж хуульчилсан. Ажил олгогч шинээр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 48.3-д зааснаар “Хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно” гэж хуульчлагдсан ба миний хөдөлмөрлөх эрхийг баталгаажуулсан.
4.3. Ажил олгогч Л.Б надыг ажлаас чөлөөлөхдөө шинээр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтаар мэдэгдэх хуудсаа өгч чөлөөлөх ёстой байтал уг хуулийг баримтлалгүй миний эрх зүйн байдлыг доордуулсан гэж үзсэн ба шүүх үүнийг анхаарах ёстой байсан юм. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд “Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д нийцүүлэн хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож өөрчлөлт оруулах бол тухай, ажилтны эрх зүйн байдал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг доордуулахгүй байна” гэж хуульчилсан ба шүүхээс уг хуулийг буруугаар тайлбарлаж, ажил олгогчийн талд нэг талыг баримталж шийдвэр гаргасан.
4.4. Үндэслэх хэсгийн 5-д "Стандарт хэмжил зүйн даргын 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/118 дугаартай аймгийн Стандарт, хэмжил зүйн дотоод зохион байгуулалт, албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн батлах тухай" тушаалын 2 дугаар хавсралтад тус аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн 13 орон тоог баталсан тушаалыг үндэслэл болгосон нь буруу юм. Энэ тушаалын дараа ЗГ-ын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 388 дугаартай тогтоол гарч бидний хөдөлмөрлөх эрхийг бага ч гэсэн хамгаалсан тогтоол гарсан байхад шүүх зөвхөн нэг талыг баримтлан шийдвэр гаргасан.
4.5. Үндэслэх хэсгийн 8-д “Баян-Ө аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга Х.Т хөлсөөр ажиллагч Л.Б нар харилцан тохиролцож, ажлын байрны аюулгүй байдал, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал, хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг хариуцах, хөлсөөр ажиллуулагч талын дотоод журмыг сахиулахад Хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан байна гэж буруу дүгнэлт хийсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д заасныг үндэслэл болгосон ба " 78.1.9-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг тал гаргасан гэсэн ба манаач би Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргатай хөдөлмөрийн харилцааг цуцлах талаар санаачилга гаргаж байгаагүй.
4.6. Хөлсөөр ажиллах гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хийж гарын үсэг зуруулахдаа ямар төрлийн гэрээнд гарын үсэг зурснаа би мэдээгүй хөдөлмөрийн гэрээг шинээр хийсэн гэж ойлгосон. Тухайн үед надад ажлаас чөлөөлсөн тушаалын гардуулж өгөөгүй.
4.7. Мөн шинээр батлагдсан 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Хөдөлмөрийн хуульд ажил олгогч нь ажилтантай Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д “ Ажил олгогч, ажилтны хоорондын харилцаа нь энэ хуулийн 4.1.15-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй бол хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглоно” гэж хуульчилсан байхад Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль журмыг баримталсан байна гэж дүгнэсэн нь дээрх хуулийг буруугаар хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд гомдлыг давж заалдах журмаар хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
5.1. Нэхэмжлэгч Л.Б нь 2017 оноос тус хэлтэст манаачаар ажиллаж байгаа. 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/72 дугаартай Монгол Улсын Стандарт хэмжил зүйн газрын даргын орон тоо, албан тушаалын дээд хязгаар тогтоох тухай тушаал гарсан. Тухайн тушаалд 13 хүний бүтэц орон тоо байсан бөгөөд манаачийн орон тоо байхгүй байсан. Гэвч өөрийнхөө төсөвтөө багтаагаад ажиллуулж болно гэх заалт байсан. Тухайн заалтын дагуу ажиллуулж байсан.
5.2. 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр тухайн А/72 дугаартай тушаалыг хүчингүй болгоод А/118 дугаартай тушаал гарсан. Тухайн тушаалаар манаачийн орон тоог хассан байсан.
5.3. Дээрээс нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Шадар сайд н.Амарсайхан манай газрын дарга н.Билгүүнд 2022 оны төсвийг хүргүүлсэн байсан. Уг төсөвт зааснаар 8 хүний орон тоогоор ажиллахаар баталсан ба удирдах ажилтан 1, гүйцэтгэх ажилтан 7 гэж баталж өгсөн. Үүнээс үдэн манай байгууллагын төсөв хүндрэлтэй байдалд орсон.
5.4. Үүний дагуу Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар мэдэгдэх хуудас өгч, хуулийн дагуу тушаалыг гаргаж өгсөн. Дараа нь 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/18 дугаар тушаалаар манай хэлтэст нэмэлт санхүүжилт олгож 12 хүн ажиллуулах цалингийн сан баталж өгсөн.Уг тушаалд удирдах албан тушаалтан 1, гүйцэтгэх албан тушаалтан 8, 3 гэрээт ажилтан байхаар зааж өгсөн. 3 гэрээт ажилтны нэг нь жолооч, хоёр нь манаач байгаа.
5.5. Дараа жил шинэ байранд ороход манаачийн орон тоо хасагдана. Тиймээс нэг жил яаж хийж байгаад цалинжуулах үүднээс хөөцөлдөж байгаад нэмэлт санхүүжилт авсан. Нэгэнт тушаал байхгүй тул хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллуулаад, хуучин авч байсан цалингаар нь цалинжуулж байгаа.
ХЯНАВАЛ:
6. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн гомдлоор авч хэлэлцсэн хэргийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянан үзээд, давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
7. Нэхэмжлэгч Л.Бн хариуцагч Баян-Ө аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтэст холбогдуулан түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, манаачийн ажилд эгүүлэн тогтоолгохоор гаргасан гомдол нь Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.5.2 дахь заалтаар шүүхээр хянан шийдвэрлэгдэх маргаан мөн бөгөөд тэрээр гомдлоо мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 дэх заалтад заасан хугацааны дотор гаргажээ. Ажил олгогчоос гомдлыг эс зөвшөөрч шүүхэд хариу тайлбар ирүүлсэн байна.
8. Хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримтаар дараах үйл баримтууд тогтоогдов. Стандарт хэмжил зүйн газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/118 дугаар “Аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дотоод зохион байгуулалт, албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн батлах тухай” тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл”-ийн жагсаалтад Баян-Ө аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн орон тоог 13 хүнээр баталсан бөгөөд тус хэлтсийн жижүүр, манаач, харуулын орон тоо хасагдсан байна. Улмаар тус хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.1, Стандарт хэмжил зүйн газрын даргын 2021 оны дээрх А/118 дугаар тушаалыг тус тус үндэслэн тус хэлтсийн манаачаар ажиллаж байсан Л.Бг ажлаас нь чөлөөлж, түүний тус хэлтэстэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь хууль тогтоомжийг зөрчөөгүй байна.
9. Ажил олгогчоос ажилтанд орон тоо хасагдсан талаар 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр мэдэгдсэн нь 01 дугаартай мэдэгдэх хуудас, Стандарт хэмжил зүйн хэлтсийн хамт олны 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 15 дугаартай хурлын тэмдэглэлээр тогтоогдсон ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
10. Стандарт хэмжил зүйн газрын 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/118 дугаартай “Аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дотоод зохион байгуулалт, албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн батлах тухай” тушаалын 3 дугаар заалтаар хэлтэс бүр ажлын байрны харуул хамгаалалтын ажлыг 2022 оны эхний хагас жилд багтаан гэрээт харуул хамгаалалтын байгууллагаар гүйцэтгүүлэх талаар зохих арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга нарт үүрэг болгосноос үзэхэд, тус хэлтсийн манаачийн ажлын байр хасагдаж үгүй болсон нь бүрэн тогтоогдсон байна.
11. Хариуцагч Баян-Ө аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн дарга Х.Т, нэхэмжлэгч Л.Б нар 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 01 дугаартай “Хөлсөөр ажиллах гэрээ” байгуулж, ажилтнаар ажил үүрэг гүйцэтгэж байгаа нь Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолын хавсралт, “Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэхэд баримтлах чиглэл”-ийн 6.2 болон 4.3-д заасан заалттай нийцсэн, хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт бодит байдалд нийцсэн бөгөөд шүүх нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж, маргааныг хуульд заасан журмаар шийдвэрлэсэн байна.
12. Иймд ажил олгогчийн 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/02 дугаартай “Л.Бг ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т зааснаар орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажилтны хөдөлмөр эрхлэлтий харилцааг цуцалсан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байх тул уг шийдвэрийг хүчингүй болгох, ажил эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
13. Нэхэмжлэгчээс “анхан шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх нэг талыг баримтлан шийдвэр гаргасан байх тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж шийдвэрлэлээ. Түүнчлэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд “ажил олгогч мэдэгдэх хуудас үйлдэхдээ хүчингүй болсон, эрх зүйн зохицуулалт нь зогссон Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэсэн” гэж дурдсан байх ба Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчлагдсан, ажил олгогчоос 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр бичигдсэн мэдэгдэх хуудаст 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийг баримталсныг буруутгах үндэслэлгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Ө аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 130/ШШ2022/00338 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Л.Бн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК