Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 177

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Сугар даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Улсын яллагч хяналтын прокурор Э.Хосбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

Хохирогч Д.О

Шүүгдэгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Эд холбогдох 1830000000151 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1978 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийнхээ хамт, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй  М.Э.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:

 

ШүүгдэгчМ.Э нь 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг Төмөртэйн ... тоот хашааны урд хохирогч Д.Оийн толгой руу шургааг модоор цохисны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсангэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

- Шүүгдэгч М.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би эмнэлгийн хойно байдаг айлаас бичиг авах гээд айлаа хайгаад олоогүй. Тэгээд нэг айл руу орж асуухад мэдэхгүй гээд гэрээсээ надтай хамт гарч ирээд хашаан дотор гурвуулаа юм ярьж байсан. Үүнээс хойш юу ч санахгүй байна гэв. 

 

 

-Хохирогч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би тэр өдөр Сүхбаатар сум руу ээжийнх рүүгээ яваад хоёр хүүхдээ авчирсан. Эхнэр маань Дарьганга сум явсан байсан. Би охиноо дагуулаад Бынд хоол идчихээд Х ахынхаас авсан боолтны чулууг өгөх гэж очсон. Х ахынд очоод Х ахын гадаа байсан элсэн дээр охиноо тоглуулаад Х ахтай тамхи татаад сууж байхад араас нэг хүн цохих шиг болсон. Тэгээд ухаан алдаж унасан байсан. Маргааш нь эмнэлэг дээр очиж толгойны зураг авахуулсан. Тархиндаа, нүдэндээ хүнд гэмтэл авсан. Улаанбаатар хотод эмчлүүлж байгаад ирсэн. 2 сарын дараа нүдний хагалгаанд ор гэж эмч хэлсэн. Миний толгойн гэмтэл эдгэрэхгүй байгаа. Баримтаар 3.300.000 төгрөгийн баримт байгаа. Эмчилгээний зардал 1.000.000 гаруй төгрөг болсон. Би ээжийнхээ тэтгэврийн зээлийг нэмүүлж 2.000.000 төгрөг авахуулж хотод очиж эмчлүүлсэн. Э надад 1.350.000 төгрөг өгсөн. Энэ мөнгөнөөс аймагт эмнэлэгт хэвтсэн ор хоногийн мөнгийг төлсөн. Тал мөнгө нь аймагт эмчилгээнд зарцуулагдаад дууссан. Талыг нь аваад хот руу явсан. Би 50.000.000 төгрөгөөр нүдний хагалгаанд орно. Цаашид унаж татдаг өвчтэй болж болзошгүй гэсэн. Би мэдрэлийн эмч, гэмтлийн эмчийн хяналтад байгаа. Удахгүй аймагт эмнэлэгт хэвтэнэ. Одоо 8.000.000 төгрөг нэхэмжилж байгаа гэв. 

 

-Гэрч Д.Хын  мөрдөн байцаалтад өгсөн “...2018 оны 07 дугаар сарын 29-ний орой 18 цагийн орчимд гэртээ байж  байтал гаднаас ягаан өнгийн дээл  өмссөн танихгүй залуу орж ирээд айл асуусан. Би асуусан айлыг нь мэдэхгүй учир гэрээс хамт гартал гэрийн гадна Од машинтайгаа зогсож байсан. Од машинаас гарч ирээд хашааны гадна тамхи татаад зогсож байтал Од ягаан дээлтэй хүнээс чи хаанахын хүн бэ гэж асуухад Э би Сүхбаатар аймгийнх гэж хэлж байсан. Од би чамайг танихгүй юм байна гэж хэлсэн. Тэгтэл Э гэнэт хашааны хаалганы урд байх шургааг модоор Одийн толгойны урд хэсэгт буюу духны дээд  хэсэгт хөндлөн цохитол Од шууд газар унасан. Энэ үед би чи яаж байгаа юм бэ гээд бархиртал машинаас Ба бууж ирээд Одийг сэргээх гээд хэсэг байж байгаад сэргээгээд гэр рүү нь авч явсан... Тэд хоорондоо маргаж муудсан зүйл огт байхгүй. Э нь тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гэж ажиглагдаж байсан. Бүр их согтуу бол байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

 

-Гэрч Д.Бын мөрдөн байцаалтад өгсөн:“...Төмөртэйн ... тоотод оршин  суух Х ахын гэрээр орж ямааны хорхогны чулууг нь өгөх ёстой гээд хашааных нь гадаа зогсоод Од ганцаараа хашаа руу нь орж орсон чинь Х ах ягаан дээлтэй танихгүй залуутай гэрээсээ гарч  ирээд өөдөөс нь алхаж байснаа овоолттой шороон дээр Х, Од болон ягаан дээлтэй залуугийн хамт сууж байсан. Би машинд хүлээж байтал гэнэт хүн бархирсан чимээ гарахаар нь харсан чинь Од сууж байсан газраа дээшээ хараад хэвтчихсэн ягаан дээлтэй залуу хашааны шургааг мод барьчихсан Х ах чи яаж байгаа юм гээд Одийг сэргээх гээд хөдөлгөөд байж байсан. Би машинаас буугаад очиход Од ухаангүй хамраас нь цус гараад толгойны орой, дух хэсэг нь хавдаад зулгарчихсан байсан. Миний хувьд зүрхэнд нь иллэг хийж, чих рүү нь үлээж анхны тусламж үзүүлсэн чинь Од  сэргэсэн. Биеийн байдал ямар байна гэхэд гайгүй гэр рүүгээ харимаар байна гэсэн... Бид нар Одийг гэрт нь  хүргэж өгөөд хэвтүүлчихээд эхнэр бид 2 явсан Х ах, ягаан дээлтэй залуу 2 үлдсэн. Эыг машинд суулгахад бага зэрэг архи үнэртэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14/, 

 

 

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 433 дугаартай дүгнэлтэд “Д.Оийн  биед “1. тархины зүүн талын дух, чамархайн эдийг хамарсан няцрал, цусан хураа, 2 талын ухархайн ясны дээд хананд, зүүн нүдний алимны цусан хураа, баруун чамархай, зулайн хуйхны зулгаралт, дух, 2 нүдний эргэн тойронд цус хуралт, дагз, зулай, зүүн чамархайн хуйх, дух 2 нүдний эргэн тойрон хамрын зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Тархины зүүн талын дух, чамархайн эдийг хамарсан няцрал, цусан хураа, 2 талын ухархайн ясны дээд хананд, зүүн талын духны ясанд цуурсан  хугарал гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай  гэмтэл тул  гэмтлийн хүнд зэрэгт, зүүн нүдний алимны цусан хураа , баруун чамархай зулайн дух хуйхны зулгаралт, дух, 2 нүдний эргэн тойронд цус хуралт, дагз, зулай, зүүн чамархайн хуйх, дух, 2 нүдний эргэн тойрон хамрын зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна. гэх  /хх-ийн 18-р хуудас/

 

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг  /хх-ийн 6-9/

 

-Шүүгдэгч М.Эын оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 23/

 

-Шүүгдэгч М.Эын  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас- /хх-ийн 24/зэрэг баримтууд болно.

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугар шүүгдэгч М.Эын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр  зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. 

 

ШүүгдэгчМ.Э нь 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг Төмөртэйн ... тоот хашааны урд хохирогч Д.Оийн толгой руу модоор цохисны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь шүүгдэгч М.Эын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Д.О, гэрч Д.Х, Д.Банарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 433 дугаартай дүгнэлтзэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч М.Эындээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.1дүгээр зүйлийн 1-д заасангэмт хэргийн шинжийг агуулсан байх  тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Хэргийн байдлыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд хэрэг бүртгэлт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

 Шүүгдэгч М.Э нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн атлаа хохирогч Д.Оийг зодож эрүүл мэндэд зориуд хохирол учруулсан байна.

 

ШүүгдэгчМ.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаархүний биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх үзлээ. 

 

Шүүгдэгч М.Эд ял шийтгэл оногдуулахадЭрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч М.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулах шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт, эд  мөрийн баримт  ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж  шийдвэрлэв.

 

Хохирогч Д.О эмчилгээний зардалд 8.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаас 1.561.092 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь эмчилгээнд зарцуулагдсан нь нотлох баримтаар нотлогдсон баримт байна. Иймд баримтаар ирүүлсэн 1.561.092 төгрөгийг шүүгдэгч М.Эаас гаргуулаххохирогч Д.Оийн нэхэмжлэлийн шаардлагаас үндэслэлгүй нэхэмжилсэн 6.438.908 төгрөгийг хэрэгсэхгүй болгох, хохирогч Од энэ гэмтлийн улмаас хойшид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч  М.Э нь хохирогч Одт урьд нь эмчилгээний зардалд 1.350.000 төгрөг төлсөн бөгөөд дээрх мөнгийг энэ тогтоолоор төлбөл зохих 1.561.092 төгрөгөөс хасаж тооцоод үлдэгдэл 211.092 төгрөгийг Эаас гаргуулж Д.От олгохоор шийдвэрлэв.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1,36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

       

1. Шүүгдэгч М.Эыг хүний биед хүнд хохирол учруулахгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Эыг2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

              

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.Эд оногдуулсан  2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

        

 4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Эд өмнө авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 5.Монгол улсын иргэний хуулийн 497 дугаар зүйлийн  497.1-д зааснаар шүүгдэгч М.Эаас 211092 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9-р баг  Хайлаастын 9-904 тоотод оршин суух Д.От олгосугай.

 

  6. Хохирогч Д.Оийн нэхэмжлэлийн шаардлагаас 6.438.908 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогч Д.О нь энэ гэмтлийн улмаас хойшид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

           8. Ялтан М.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

      

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.СУГАР