| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2533000640045 |
| Дугаар | 2026/ДШМ/14 |
| Огноо | 2026-02-03 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Д.Бат-Эрдэнэ |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 2026/ДШМ/14
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Д аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор Д.Б******* /цахим/
Хохирогч Б.Э******* /цахим/
Хохирогч Б.Э******* ын өмгөөлөгч Ц.М******* /цахим/, М.М******* /цахим/
Иргэний хариуцагч Л.А*******,
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.З******* нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, шийдвэрлэн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн иргэний хариуцагч болон хохирогч Б.Э*******ын өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Ш.О******* холбогдох эрүүгийн 2533000640045 дугаартай, 150/2025/0094/Э индекстэй, 2 хавтас хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишиг илтгэснээр хянан хэлэлцэв.
Б******* овогт Ш******* О, Монгол Улсын иргэн, ****оны ** дугаар сарын **-ны өдөр аймгийн Б суманд төрсөн, ** настай эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын засалч ажилтай, ам бүл *, нөхөр * хүүхдийн хамт У хот, С дүүрэг ** дугаар хороо, ** дүгээр хороолол нисэх ** байр *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД: **********/
Шүүгдэгч Ш.О нь 2025 оны 02 дугаар сарын 24-ны өдрөөс 25-нд шилжих шөнө 03 цаг 40 минутын орчим У хотоос аймаг буюу Д аймгаас аймгийн асфальтан замын 105-106 дахь километрт Тоёота приус 20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: 6/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг зөрчсөний улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Б.Э*******ын эрүүл мэндэд хүнд хохирол, Э.Эгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас: Ш.О ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс:
Шүүгдэгч Б******* овогт Ш******* О ыг Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон,
Шүүгдэгч Ш.О******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жил 06 сарын хугацаагаар хасаж, 02 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О******* оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох аймгаар тогтоож, тухайн бүсчлэлээс гарахыг хориглон,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүгдэгч биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэн,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О******* оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолон,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2, 511 дүгээр зүйлийн 511.3, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О аас 29,319,410 төгрөгийг, иргэний хариуцагч Л.А******* гаас 19,546,270 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Б.Э******* д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,323,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, шүүгдэгч Ш.О аас 496,939 төгрөгийг, иргэний хариуцагч Л.А******* аас 331,293 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Э.Э д, шүүгдэгч Ш.О аас 4,037,978 төгрөгийг, иргэний хариуцагч Л.А******* гаас 2,691,989 төгрөгийг тус тус гаргуулж Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгон,
Хохирогч Б.Э*******, Э.Э нар цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар, иргэний хариуцагч Л.А******* нь учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс тус тус нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээн,
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүнээс гаргах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдан,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, ...шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалган, ...энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Иргэний хариуцагч гаргасан давж заалдах гомдолдоо:
...Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 2025/ ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “...мөн иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан...” гэж дүгнэсэн. Энэ дүгнэлтийг шүүх хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
Учир нь хэрэгт хохирогчоор, гэрчээр мэдүүлэг өгсөн оролцогчдын мэдүүлгүүдээр тодорхой хөлс тохирч шүүгдэгч Ш.О ыг автомашинаа жолоодуулахаар тохиролцсон байдаг. Өөрөөр хэлбэл уг тохиролцоо хүчин төгөлдөр болсноор Ш.О миний автомашиныг бодитойгоор эзэмшилдээ авсан. Иймд намайг жолоодох эрхгүй эсхүл согтуурсан мансуурсан хүнд жолоо шилжүүлсэн хүнтэй адилтгаж дүгнэлт хийсэнд гомдолтой байна.
Мөн шүүх дүгнэлтдээ гэм хорын хохирлын 40 хувийг иргэний хариуцагч гаргуулах агуулга бүхий дүгнэлт гаргасныг зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх заалт нь бусдад учирсан эдийн болон эдийн бус гэм хорыг эд хөрөнгө эрүүл мэндэд учирсан хохирол байхаар тодорхойлсон байхад гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохирлыг надаар төлүүлж байгаад гомдолтой.
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ надад учирсан хохирлыг шийдвэрлээгүй намайг зөвхөн иргэний хариуцагч мэтээр хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Хэрэгт дугаартай миний эзэмшлийн автомашинд учирсан хохирлыг тогтоосон үнэлгээний баримт авагдсан байхад энэ хохирлыг ямар нэгэн байдлаар шийдвэрлээгүй орхисон нь миний эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхэд хүргэж байна. Учир миний хохирлыг барагдуулахтай холбоотой өөр ямар нэгэн зөрчлийн хэрэг байхгүй бөгөөд энэ талаар миний хохирлын хэрхэн хэн барагдуулах нь тодорхойгүй үлдсэн. Иймд анхан шатны шүүхийн 2025/ ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хохирогч Б.Э******* ын өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:
...Шийтгэх тогтоолын шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулсан хэсэгт дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:
Нэг: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ш.О******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэхдээ “Шүүгдэгч хувийн байдлын хувьд насанд хүрээгүй 3 хүүхэдтэй, барилгын засал чимэглэлийн ажил хийдэг, эрхэлсэн тодорхой ажилгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэхээс гадна түүнийг нийгмээс бүрэн тусгаарлахгүйгээр засарч, хүмүүжих, зүй зохистой, зөв амьдралд ороход нь туслах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, өөрийгөө хөгжүүлэх, ажил хөдөлмөр эрхэлж гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх боломжийг олгодог тул тухайн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүх зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож оногдуулж шийдвэрлэв” гэж дүгнэжээ. Шүүхийн энэхүү дүгнэлт нь шүүгдэгчийн хувийн байдал буюу гэмт хэрэг үйлдсэн гэм буруудаа хандаж буй хандлагад тохирохгүй байна. Учир нь гэмт хэрэг үйлдэгдсэн мөчөөс өдийг хүртэл Ш.О нь өөрийн сайн дураар надад тусламж үзүүлээгүй бөгөөд гуйлгаж байж уурлаж уцаарлан “....надад чамд өгөх мөнгө байхгүй, санхүүгийн хувьд хэцүү байна.... чи наад гомдлоо буцаачих... гомдлоо буцаавал наадмын өмнө 5 саяыг өгөөд, наадмын дараа 15 саяыг өгье хоёулаа ингэж тохиролцъё...” гэж хэлэн бага хэмжээний мөнгө өгсөн. Ш.О нь гомдлоо буцаавал мөнгөтэй болох гээд байгаа мэт, гомдлоо буцаахгүй бол мөнгөгүй байх гээд байгаа мэт зүйл хэлж байсан бөгөөд энэ үгэндээ хүрч шүүх хуралдаан болсон цагаас энэхүү гомдлыг гаргах хүртэл ямар ч дэмжлэг туслалцаа үзүүлэхгүй байгаа нь түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруудаа хэрхэн хандаж байгааг харуулж байна.
Эрүүгийн хариуцлагын зорилгыг Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тодорхойлсон. Энэхүү эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх зорилгыг хангасан шүүхийн шийдвэр гарсангүй. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1-д “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож болно”, 2 дах хэсгийн 2.1-д “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” гэж тус тус заасан. Энэ нь Ш.О******* шүүхээс ял оногдуулахдаа гэмт хэргийн ур уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх хууль зүйн бүрэн боломжтой байсан. Гэтэл шүүх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний төрлөөс гэмт хэргийн хор уршгийг арилгах талаарх арга хэмжээг бус оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх арга хэмжээг тогтоолдоо тусгасан нь өөрөө албадлагын арга хэмжээг буруу сонгон хэрэглэсэн гэж үзэхээр байна. Энэ талаар шийтгэх тогтоолын 17 дахь талд доороосоо 2 дахь догол мөрөнд “Шүүгдэгч Ш.О******* оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг аймгийн нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтов” гэж тусгасан байна. Нөгөө талаас шүүхийн шийтгэх тогтоолын дээрх 17 дахь талд байгаа “зорчих үүргийг хүлээлгэхээр тогтов” гэсэн хэсэг нь хуульд нийцэхгүй байна. Учир нь зорчих эрхийг хязгаарлах ял нь хуульд зааснаар хэд хэдэн хориглолт, хязгаарлалтыг агуулсан байх ба хуулийн 5.5 дугаар зүйлд “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох”, “тодорхой газар очихыг хориглох”, “шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих”, “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” гэж тус тус хуульчилж өгчээ. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлд нэрлэн зааж тодорхойлсон хэд хэдэн хориглолт, хязгаарлалтын төрлүүдээс алийг нь оногдуулж байгаа, эсхүл давхардуулан оногдуулж байгаа эсэх нь ойлгомжгүй байна. Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн эрүүгийн хариуцлага оногдуулсан хэсэг нь тогтоох хэсгийн эрүүгийн хариуцлагын оногдуулсан хэсэгтэйгээ яв цав таарч тохирч байж шүүхийн шийдвэр ойлгомжтой тодорхой байх хуулийн шаардлагад нийцнэ. Гэтэл шүүхийн шийдвэрийг тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О******* оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох аймгаар тогтоож тухайн бүсчлэлээс гарахыг хориглосугай” гэсэн боловч тодорхойлох хэсэгт “Шүүгдэгч Ш.О******* оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг аймгийн нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтов” гэсэн нь ойлгомжгүй байдлыг бий болгож байна.
Хоёр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “нэгж” гэж аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороог ойлгохоор, 6 дугаар зүйлийн 6.1-д “Аймаг нь хуулиар тусгайлан олгосон чиг үүргийн хүрээнд эдийн засаг, нийгмийн асуудлаар бие даан шийдвэр гаргах, сумдын үйл ажиллагааг зохицуулах, хууль тогтоомжийн биелэлтийг хангах хяналтыг хэрэгжүүлэх нэгж мөн” гэж заажээ. Үүнээс үзвэл аймаг нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хамгийн том нэгж бөгөөд шүүх аймгийн нутаг дэвсгэрийг зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг бүсээр тогтоосон нь хязгаарлалтын бүсийг хэт өргөнөөр тогтоосон гэж үзэж байна. Хязгаарлалтын бүсийг хэт өргөнөөр тогтоосон нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйл, 5.1 дүгээр зүйлд заасан заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байна.
Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жил 06 сарын хугацаагаар хасаж, 02 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай”, 5 дахь заалтад “....тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай” гэж тус тус нэмэгдэл ялын хэмжээг харилцан зөрүүтэй тусгасан нь тогтоол ойлгомжтой тодорхой бөгөөд биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхээргүй бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.
Ийнхүү ял шударга ёсны зарчид нийцээгүй, эрүүгийн хариуцлагын зорилго хангагдаагүй, шийдвэрт тавигдах хуулийн шаардлага хангаагүй үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
...Сэлэнгэ аймгийн Сайхан сум дах Сум дундын шүүхийн 12 дугаар сарын 04-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолыг иргэний хариуцагч Л.А******* болон хохирогч Б.Э******* түүний өмгөөлөгч М.М******* нар нь үл зөвшөөрч давж заалдах гомдол гаргасантай танилцаад энэхүү тайлбарыг гаргаж байна.
Нэг. Л.А******* гомдлын тухайд: Миний хувьд гэрээсээ яваад удаан хугацаагаар алга болсон нөхрийнхөө сураг гарахаар очиж аваад хүүхдүүдтэйгээ уулзуулахаар аймаг руу явах болсон тухайн үед цаг орой болсон учир автобус явахгүй зогссон байсан бөгөөд мөнгө муутай байсан болохоор тендерийн жижиг машинд сууж чадахгүй хямдхан явах машины зар хайж байгаад машин бариад явах хүн хайж байсан зарыг олж үзсэн. Тэгээд Л.А******* машиныг бариад аймаг явахаар болсон ямар ч мөнгө төгрөгийн асуудал яриагүй юм. Өөрөөр хэлбэл Л.А******* өөрөө согтуу байсан болохоор машинаа надад шилжүүлж жолоодуулаад өөрөө зорчигчоор ард суугаад нөгөө хоёр эмэгтэйтэйгээ архи, пиво уугаад явсан юм. Замдаа Л.А******* нь машин жолоодож яваа миний араас хурдан явахыг байнга шаардаж, элдэв зүйл хэлж согтуурхаад тайван явах боломж олгохгүй байсан. Тэрбээр өөрөө машинаа надад шилжүүлж жолоодуулсан учраас мөрдөн байцаагч түүнийг иргэний хариуцагчаар татаж шүүхээс Иргэнийн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д зааснаар нийт гарсан гэм хорын хохирлын 40 хувийг түүнд хариуцуулсан нь үндэслэлтэй, хуульд нийцсэн гэж дүгнэж байна. Л.А******* нь сэтгэл санааны хохирлыг төлөхгүй гэсэн утга бүхий зүйлийг гомдолдоо тусгасан байна. Гэм хор гэдэгт эдийн болон эдийн бус /сэтгэл санааны/ хохирол бүгд орно гэж дүгнэж байна. Ийм учраас түүний гомдлыг хангахгүйгээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
Хоёр. Хохирогч Б.Э******* болон түүний өмгөөлөгчийн гомдлын тухайд: Л.А******* машиныг жолоодоод явж байхад гэнэт л машин жолоодолгүй болоод замаас гарч осол гарсан. Би одоо маш их харамсдаг. Яах гэж бүрэн бүтэн эсэхийг нь мэдэхгүй, хүний машин барьж шөнө оройн цагаар явж бусдын бие, сэтгэл санаа эд хөрөнгөнд хохирол учруулчихваа гэж байнга харамсдаг. Олигтой цалин хөлс орлогогүй байгаадаа хохирогчдод тусалж чадахгүй байгаадаа ч харамсдаг. Би боломжтой байсан бол 5 хоногийн завсарлага аваад хохирлоо төлөх байсан. Даанч надад ямар ч боломж байгаагүй. Гэхдээ би барилгын засал чимэглэл хийж сурч байгаа учир энэ ажлаа хийгээд хохирлоо нэг мөр биш ч гэсэн төлнө гэж бодож байгаа. Анхан шатны шүүх миний амьдрал, бага насны 3 хүүхдээ асран хамгаалдаг өрх толгойлсон эх гэдэгт болон гэмт хэрэг гарсан нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж зорчих эрхийг хязгаарлах ял оноосон. Надад тусалж дэмжээд өгөх хань ижил байхгүй тул би өөрөө ажил хийж байж л хохирлоо төлнө. Энэ байдалд шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн намайг аймагтаа ажил хөдөлмөр эрхлэх боломжийг хангасан нь бас хохирогчийн эрх ашигт ч нийцсэн шийдвэр гэж үзэж байна. Би ажил хийж л байж хохирлоо төлнө ш дээ. Би өөрөө бие даан засал чимэглэлээ хийвэл ажлын хөлс ч гайгүй байх болно, хохирлоо төлөх боломж нээгдэнэ. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагад бүрэн нийцсэн, шүүх сонгох санкцтай ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож хэрэглэхдээ хууль зөрчөөгүй гэж үзэж байна Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч Ц.М******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
...Уг зам тээврийн ослын улмаас хохирогч Б.Э******* ын эрүүл мэндэд хүнд хохирол. Э.Э гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд дээрх зам тээврийн ослын улмаас учирсан хохирол, хор уршгийг хариуцан арилгах хохирол барагдуулах үүргийг хуулиар хүлээсэн этгээд нь Л.А******* мөн болно.
Улмаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн тогтоолоор хохирол хор уршгийг хариуцуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэж байна.
Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтууд буюу тээврийн хэрэгслийн өмчлөгч эзэмшигчийн лавлагаа болон гэрчүүдийн мэдүүлгүүдээс тээврийн хэрэгслийн эзэмшигч өмчлөгч нь Л А******* болохыг бүрэн тогтоосон бөгөөд уг зам тээврийн осол болоход нөлөөлсөн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг арилгах үүрэг бүхий этгээд нь Л.А******* болохыг тогтоож иргэний хариуцагчаар тогтоож, улмаар хохирол хор уршгийн тодорхой хэсгийг хариуцуул шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон.
Хавтаст хэргийн 104-105 дугаар хуудаст Л.А******* г иргэний хариуцагчаар тогтоон тайлбар мэдүүлэг авсан байх бөгөөд уг мэдүүлэгт зам тээврийн осолтой холбогдуулан мэдүүлэг тайлбар өгсөн байх бөгөөд улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол гэмтлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлттэй Л.А******* нь танилцан хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын талаар иргэний нэхэмжлэл шүүхэд гаргаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт оролцож хохирлыг барагдуулах талаар нэхэмжлэл гаргаагүй байхад шүүхээс уг тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг шийдвэрлэх боломжгүй бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтаар уг Л.А******* нь учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар иргэний хариуцагчаар тогтоосон Л.А******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд бөгөөд өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн нь мөн хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасантай нийцсэн бөгөөд Л.А******* нь иргэний нэхэмжлэл гаргаагүй тул цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээн шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон. Иймд иргэний хариуцагч Л.А******* н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Хэрэгт шинжээчийн дүгнэлт буюу хөрөнгийн үнэлгээний дүгнэлт гарсан. Авто тээврийн эзэмшигч Л.А******* н авто машинд учирсан хохирлын үнэлгээ гарсантай холбоотойгоор Л.А******* г иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй нь Л.А*******н эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Яагаад гэвэл уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд авто машины хохирол орох бөгөөд энэ хэрэгт шууд шалтгаант холбоогүйгээр хохирол учирсан. Нийгмийн даатгалын газрыг иргэний хариуцагчаар татаж тогтоосон мөртлөө уг хэрэгт Л.А******* г давхар тогтоогоогүй нь түүний эрхийг ноцтой зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа. Яагаад гэвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн иргэний нэхэмжлэгчээр тогтоох эсэх гэсэн хэсэгт гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эдийн бус хохирлыг нөхөн төлүүлэх шаардлага тавьж байгаа хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ. Мөн мөрдөгч, прокурор, шүүх тогтоож, шүүгч захирамж гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтооно гэсэн үүрэгжүүлсэн заалт орчихсон байгаа. Тийм учраас Л.А******* болон өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн 99 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаалгах хүсэлттэй байна гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Ц.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Л.А******* гийн гомдолтой холбогдуулан хохирлоос тодорхойлох хэсэг болон тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхийг хязгаарласан шийдвэр гаргаагүй. Тийм учраас иргэний хариуцагчийн гомдлыг хүлээж авах боломжгүй. Хохирогч болон Б.М******* өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Гомдолд дурдсан үндэслэл тогтоогдож байна гэж харж байна. Тийм учраас давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж үндэслэл бүхий шийдвэр гаргаж өгнө үү гэв.
Хохирогчийн өмгөөлөгч М.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Иргэний хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлгүй. Хохирогч болон өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна гэв.
Хохирогч Б.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Шүүх хуралдаан эхэлснээс хойш надад нэг ч төгрөгийн мөнгөн тусламж үзүүлээгүй. Би өөрөө бүх зардлаа гаргасан. Энэ байдал нь гэм буруудаа хэрхэн харуулж байгааг нь харуулж байна. Хүний урманд нэг удаа залгаж бие нь зүгээр үү гэж сэтгэлээсээ ганц удаа залгаж үзээгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа хүнд ийм шийтгэл өгсөнд маш их гомдолтой байна гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
...Иргэний хариуцагчийн гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй гэж прокурорын зүгээс үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч болон хохирогч Б.Э******* ын өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Ш.О******* холбогдох эрүүгийн 2533000640045 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгчид холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.
3. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны оролцогч, талуудын эрхийг хангаж, тэдний шинжлэн судалсан нотлох баримт болон санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлсний үндсэн дээр шүүгдэгч Ш.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Тодруулбал, шүүгдэгч Ш.О нь 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө 03 цаг 40 минутын орчим У хотоос аймаг буюу Д аймгаас аймгийн асфальтан замын 105-106 дахь километрт Тоёота приус 20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: 6/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг зөрчсний улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Б.Э*******ын эрүүл мэндэд хүнд хохирол, Э.Э гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан болох нь:
-Хохирогч Б.Э******* ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би зам тээврийн осолд орноос хойш 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс ухаан орсон 2025 оны 03 дугаар сарын 03-ны Өдрийн хоорондох үйл явдлыг санахгүй байгаа. ...Аарцаг яс 3 хугарсан, баруун хөлийн дунд чөмөг хугарсан, баруун хөлийн гуяны гадна хэсэгтээ түлэгдсэн, түнх мултарсан, баруун гар хавдаж гэмтэл авсан. ...Би эмчилгээний зардал болон сэтгэл санаанд учирсан хохирлоо нэхэмжилнэ. ...банкны зээлээ төлүүлэх шаардлагатай. Тухайн осол гардаг өдөр оройн 20 цагийн үед ажлаас Э, А******* нартаа гараад 1-р хороолол Орбит орж хашаанаас нь машиныг нь авч нэг урт үстэй эгчээр бариулаад аймаг руу гарч байсныг санаж байна. Би ажил дээр байхдаа явна гэж ярьж байхад Э эгч намайг хүргэж өгнө гээд А******* ахыг машинаа авч ир гээд байсан юм. Тэр үед тэр хоёр архи согтууруулах ундаа уучихсан байсан юм. Замын турш болсон асуудлыг санахгүй байгаа. Санаж байгаагаар жолооч эгч руу А******* ах согтуу машин барих талаар заагаад байсан. Тэгсэн тэр эгч уурлаад байх шиг байсан. Өөр зүйл санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 73-74-р тал/,
-Хохирогч Э.Э гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 02 дугаар 24-ний орой 22 цаг өнгөрөөд хот руу танил найз А*******, ажлын газрын дүү Э******* нарын хамт А*******н машиныг дуудлагын жолооч дуудаж бариулаад гарцгаасан юм. Учир нь А******* согтуу байсан. Тэгээд зар тавиад эмэгтэй, эрэгтэй 2 хүн ирээд тавуулаа гарсан. А*******, Э******* бид 3 арын суудалд, жолоочоор ирсэн хүмүүс нь эхнэр нөхөр байсан. Тэгээд эхнэр нь жолоо барьсан нөхөр нь жолоочийн хажууд урд суудалд сууж явсан. Тэгээд би Солонгос улсаас ирээд удаагүй байгаа учир газарзүйн байршил хаана явж байгаа зэргээ бол мэдэхгүй байсан. Ямар ч байсан явж байгаад би 02 цагийн үед хальт зүүрмэглээд сэрсэн тэгтэл гэнэт машин осолдсон. Тэгээд би тухайн мөчдөө хойноос машин мөргөчихлөө гэж бодсон. Яагаад гэвэл бидний өөдөөс ямар ч ирж байсан машин байгаагүй мөн гэрэл ч харагдаагүй. Тэгээд машинаас хамгийн түрүүлж буусан хүн би байгаа юм. Буугаад эргэн тойрноо хартал ямар ч машин байгаагүй. Тэгээд би машинтай мөргөлдөөгүй юм байна гэж мэдсэн. Тэгээд би шууд хамт яваа дүүгээ хайсан хажууд сууж байсан хүүхэд байхгүй болчихсон байсан. Тэгээд машины доороос дүүгээ олсон юм. Тэгээд л эмнэлэг, цагдаа дуудсан юм. Гадаа үзэгдэх орчин харанхуй байсан. Тэгээд хойд суудал дээр явж байсан болохоор замын нөхцөл байдлыг сайн хараагүй. Гадаа цаг агаар тогтуун байсан. Салхи, шуурга, цасгүй байсан. Одоогийн байдлаар миний зүүн хөл шагай хэсгээрээ хугарсан гэмтэлтэй байгаа. Нүүрэнд учирсан хөхрөл няцралууд бол одоо эдгэсэн байгаа. Өөр ямар нэгэн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн, шүргэлдсэн зүйл байхгүй. Мөн гэрлийн гялбаанд ороогүй эсрэг урсгалаас машин байгаагүй. Би буугаад шууд мөргөлдсөн машинаа хайсан учир машинтай мөргөлдсөн гэж ойлголттой буусан юм. Хэр зэргийн хурдтай явж байсан талаар надад мэдэх зүйл байхгүй....” гэсэн мэдүүлэг /хх-н 94-р тал/.
-Гэрч У.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эхнэр О бид хоёр У хотоос аймаг явах гээд - У явдаг машины зарын групп-д унаа хайж байсан чинь машин бариад үнэгүй явах хүн байна уу? гэсэн зар байсан. Тэгээд тэр зарын дагуу холбогдоод У хотын С дүүргийн О цэргийн хотхоны орчимд очиж уулзахад цэнхэр өнгийн Приус-20 загварын машинтай 2 эмэгтэй, 1 эрэгтэй байсан. Тухайн хүмүүс согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тэгээд тэндээс манай эхнэр О машин бариад би хажуугийн урд суудалд суугаад, хойно нөгөө 3 суугаад явсан. Хотоос гарах үед 22:30 цаг болж байсан. ...Тухайн машины жолооч согтчихоод О руу хурдаа нэм хурдан явмаар байна хурд сааруулагч дээгүүр хурдаа хасахгүй яв гээд хэлээд байсан. Тэгээд би жолоочид битгий саад болоод бай гэсэн чинь арай гайгүй болсон. ...Зараагийн даваа даваад яг уруудах үед огцом эргэлттэй замд замаас гарч замын баруун талын дагширсан цасан дээр гулгаад эсрэг талын замын хажуугийн хөвөө ховил руу орж цохигдоод цаана нь гараад өнхөрсөн. Тэгээд машинаас буугаад хүмүүсээ гаргах гээд бүртгэсэн чинь ард сууж явсан гурвын нэг нь буюу миний ард сууж явсан Э******* гэх охин алга болсон байсан. Тэгээд хайсан чинь машины доор дарагдсан байсан. Тэгээд замаар явж байсан 2 хүн зогсоод машиныг өргөж хөндийрүүлж байгаад Э*******ыг гаргаж ирсэн. Гаргаж ирэхэд тухайн эмэгтэй ухаан алдсан байсан. Тэгээд гаргаж ирээд куртикээрээ бүтээгээд дулаацуулсан чинь ухаан орсон. Тэгээд Баруунбүрэн сумын эмнэлэгт ирээд бид нарыг аймгийн эмнэлэгт хүргэсэн. Тэнд Э*******ын хөл хугарсан байсан. Нөгөө хойно сууж явсан эмэгтэй хөлийн шагайндаа зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэсэн. Өөр ил гэмтэлтэй хүн байхгүй. Осол болох үед 100 орчим км/цагийн хурдтай явсан. Замын турш дундаж хурд 80 км цаг байсан байх. Надад ямар нэгэн гэмтэл учраагүй, би хамгаалах бүс хэрэглэсэн байсан. Мөн жолооч хамгаалах бүсээ зүүсэн байсан. Арын зорчигч нар хамгаалах бүс хэрэглээгүй унтаж байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, /хх-н 107-р тал/,
Иргэний хариуцагч Л.А******* гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 18 цагийн үед У хотын төвд Төмөр замд найз Э дээр очсон юм. Тэгсэн Э маргааш яваад өгөөч гэж гуйхаар нь би зөвшөөрөөд тэндээ хоноод маргааш өглөө нь гарахаар болсон. Намайг Э гийн ажил дээр очиход Э******* хамт байсан. Тэгээд Э******* өнөөдөртөө явчихмаар байна боломж байна уу гээд байхаар фейсбүүк дээрээс зар харж байгаад машин бариад явчих хүн байвал хамаа алга би машинаа өгөөд явуулъя гэж хэлсэн. Тэгээд фейсбүүк дээрээс эхнэр нөхөр хоёр машин бариад хамт явахаар болсон. Тэгээд С дүүргийн Орбитод байдаг цэргийн хотхоны орчимд уулзахаар болсон. Тэнд манай хашаанд миний өөрийн эзэмшлийн улсын дугаартай тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгсэл байсан юм. Тэгээд тэндээ нөгөө эхнэр нөхөр хоёртой уулзаад миний машиныг эхнэр нь бариад жолоочийн хажуугийн суудалд нөхөр нь суугаад би жолоочийн ард суугаад голд Э суугаад Э******* жолоочийн хажуугийн суудлын арын суудалд суугаад У хотоос 22 цаг өнгөрч байхад хөдөлсөн. ... Тэгээд замд архи ууж явж байгаад Дархан өнгөрөөд унтсан. Тэгээд нэг мэдсэн түжигнээд явчихаар нь сэрсэн чинь машин онхолдсон өнхөрч байсан. Тэгээд машинаас бүгд буусан чинь Э******* машинд бөгсөн бие цээжний зарим хэсэг дарагдсан байсан. Тэгээд замын машин зогсоод хүмүүстэй нийлээд машинаа өргөж байгаад Э*******ыг гаргасан. Тэгээд дуудлага өгөөд эмнэлэг цагдаа ирсэн. ... улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгсэл миний өөрийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би тээврийн хэрэгслээ 2024 оны 4-р сард танилаасаа 9.600.000 төгрөгөөр худалдан авсан.” гэсэн мэдүүлэг /хх-н 104-105-р тал/,
-Иргэний нэхэмжлэгч Ц.Дэлгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн хэрэгт Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн тодорхойлолтод иргэн Э.Э гийн биед эмчилгээ хийсэнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын сангаас 233,462. Б.Э******* ын биед эмчилгээ хийсэнтэй холбоотойгоор эрүүл мэндийн даатгалын сангаас 6,496,511 үйлчилгээ хийгдсэн байна. Би тухайн тодорхойлолтыг гаргасан учир сайн мэдэж байна. Би дээрх хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан мөнгөн дүнг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-н 154-156-р тал/,
-Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн ОРХ0725/420 дугаартай 1.Б.Э******* ын биед баруун, зүүн талын умдаг ясны дээд, доод нумын хугарал /эрвээхэй хэлбэрийн/, баруун талын сүүжний ясны тогооны зөрөөтэй хугарал, баруун дунд чөмөгт ясны хугарал, баруун гуяны 10%-ийн түлэгдсэн шарх За зэрэг Парьс нөхөх мэс заслын дараах байдал/, баруун дунд чөмөгний толгойн мултрал, хэвлийд шарх, баруун чамархай, баруун өвдөгт зулгаралт, цээж, зүүн шилбэнд цус хуралт, баруун шагайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь өндөр хэм болон мохоо зүйлийн олон удаагийн 4. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой. 5. Баруун, зүүн талын умдаг ясны дээд, доод нумын хугарал /эрвээхэй хэлбэрийн/, баруун талын сүүжний ясны тогооны зөрөөтэй хугарал гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.18, 4.6.1-д зааснаар хохирлын хүнд зэрэг, баруун дунд чөмөгт ясны хугарал, баруун гуяны 10%-ийн түлэгдсэн шарх За зэрэг /арьс нөхөх мэс заслын дараах байдал/ гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг, баруун дунд чөмөгний толгойн мултрал, хэвлийд шарх гэмтэл нь дан дангаараа, баруун чамархай, баруун өвдөгт зулгаралт, цээж, зүүн шилбэнд цус хуралт, баруун шагайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 39- 43-р тал/,
-Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ЕГ0725/3816 дугаартай 1. Э.Э гийн биед зүүн шагайн дотор хашлага ясны зөрөөгүй далд хугарал, тархи доргилт, баруун зулай, хацар, уруул, зүүн шилбэ, тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд язрал, зүүн нүдний зовхи, баруун дал, бүсэлхий, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Шинэ гэмтэл байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэсэн шинжээчийн дүгнэлт /26-28-р тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 945 дугаартай 1.Б.Э******* ын сэтгэцэд 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. 2. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай. 3. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн Дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 81- 83-р тал/,
-“Ашид билгүүн” ХХК-ийн 2025 оны 03 дугаартай сарын 13-ны өдрийн 862 дугаартай хохирлын үнэлгээ /хх-н 50-52-р тал/,
-2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 46-73/157 дугаартай “...1. Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад Toyota Prius маркийн улсын дугаартай автомашины жолооч Ш.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: 6/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна... 2.Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад хурдыг тооцоолоход ашиглах тоормосны мөр, зай, дугуйн чанар, тээврийн хэрэгслийн жин, замын болон зорчих хэсгийн гадаргууны байдал зэрэг өгөгдөл байхгүй байх тул шинжээчийн тусгай мэдлэг, шинжилгээнд ашиглаж буй арга хэрэгслээр тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй байна... 3. Toyota Prius маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.1 “Тээврийн хэрэгслээр зорчигч дараах үүргийг хүлээнэ: а/ хамгаалах бүсээр тоноглосон суудалд зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 64-66-р тал/,
Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 22/68 дугаартай албан бичиг, хохирогч Б.Э******* аас гаргаж өгсөн хохирлын баримт, 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” 2533000640045 дугаартай прокурорын тогтоол, Яллагдагчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд, Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.
4.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Ш.О ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Ш.О ыг “Toyota prius” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс тээврийн хэрэгсэлд зорчин явсан Б.Э******* ын эрүүл мэндэд хүнд, Э.Эгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
5.Иргэний хариуцагч Л.А******* н зүгээс “....шүүх дүгнэлтдээ гэм хорын хохирлын 40 хувийг иргэний хариуцагч гаргуулах агуулга бүхий дүгнэлт гаргасныг зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх заалт нь бусдад учирсан эдийн болон эдийн бус гэм хорыг эд хөрөнгө эрүүл мэндэд учирсан хохирол байхаар тодорхойлсон байхад гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохирлыг надаар төлүүлж байгаад гомдолтой. Мөн анхан шатны шүүх надад учирсан хохирлыг шийдвэрлэлгүй орхигдуулсанд гомдолтой, миний хохирлын хэрхэн хэн барагдуулах нь тодорхойгүй үлдсэн. Иймд анхан шатны шүүхийн 2025/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн,
Хохирогч Б.Э*******, түүний өмгөөлөгч М.М******* нарын зүгээс “...Шүүгдэгч сайн дураараа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэх боловч хохирогчид хохирогчоос уучлал гуйгаагүй, хохирол төлбөрийг барагдуулах талаар санаачилга гаргаагүй байхад хэт хөнгөн төрлийн ял оногдуулсан, зорчих эрхийг хязгаарлах ялын оногдуулж буй агуулга тогтоох хэсэгтэйгээ зөрсөн, хэмжээ хүрээг хэт өргөн тогтоосон, шүүхийн шийдвэр биелүүлэхэд ойлгомжгүй эргэлзээтэй болсон тул өөрчлөлт оруулж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний хүрээнд ял оногдуулахаар хуульчилсан.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгосноос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.
Шүүгдэгч Ш.О ын үйлдэлд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ш.О ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жил, 06 сарын хугацаагаар хасаж, 02 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимд нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж заасан.
Анхан шатны шүүхээс дүгнэлт хийхдээ Ш.О******* оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээгээр тогтоож, оршин суугаа газраасаа явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэсэн боловч тогтоолын тогтоох хэсэгт “...тогтоосон бүсчлэлээс гарахыг хориглосугай” гэж бичсэн нь логикийн хувьд алдаатай, тодорхойлох хэсгээс зөрүүтэй болсныг давж заалдах шатны шүүх засаж шийтгэх тогтоолыг тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой байна.
Харин иргэний хариуцагчийн зүгээс хохирлын тодорхой хэмжээний хэсгийг түүнд хариуцуулан шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй гэж гомдол гаргасныг давж заалдах шатны шүүхээс хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн.
Учир нь: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж,
499.4-д “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заасан бөгөөд уг хуулийн зүйл заалтыг анхан шатны шүүх зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүгдэгч болох иргэний хариуцагчид хохирлын хувь хэмжээг 60/40 хувийн харьцаатайгаар хуваарилан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй, үндэслэл бүхий болсон.
6.Түүнчлэн түүний өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байх тул шийдвэрлэлгүй орхигдуулж түүний эрхийг хязгаарласан, зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй, мөн шийтгэх тогтоолын 5 дахь заалтанд техникийн шинжтэй алдаа буюу тогтоох хэсгийн 2 дахь заалтанд шүүгдэгч Ш.О ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жил 06 сарын хугацаагаар хассан атлаа нэмэгдэл ялын тоолох хугацааг заахдаа 02 жил гэж ташаа бичсэнийг залруулж өөрчлөлт оруулахаар тогтов.
Иймд дээр үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, иргэний хариуцагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, хохирогч түүний гомдлын зарим хэсгийг хүлээн авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн
2 дахь заалтыг:
“Шүүгдэгч Ш.О******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жилийн хугацаанд оршин суугаа газраасаа явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх ял оногдуулсугай” гэж,
3 дахь заалтыг:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ш.О******* оногдуулсан 02 жилийн хугацаанд оршин суугаа газраасаа явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, уг ялын хэмжээ хүрээг түүний оршин суух газар болох аймгаар тогтоосугай” гэж,
5 дахь заалтыг:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О******* оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жил 06 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай” гэж тус тус өөрчлөлт оруулан шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хариуцагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, хохирогч түүний өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ