Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2026/ДШМ/15

 

Г.М******* т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор Б.У*******,

Хохирогч Г.О*******

Шүүгдэгч Г.М*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А******* нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/284 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Г.М******* т холбогдох эрүүгийн 2531002010291 дугаартай, 316/2025/0244/Э/208/2026/0005 индекстэй, 1 хавтас хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишиг илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт Г******* М*******, Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр Сэлэнгэ аймгийн С******* суманд төрсөн, ** настай эмэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн С******* сумын * дугаар баг, * дугаар хэсэг, *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /РД: **************/

Шүүгдэгч Г.М******* нь 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 17 цаг 30 минутын орчим Сэлэнгэ аймгийн С******* сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн ******* дугаар ангийн урд засмал замын орчимд буюу орчиндоо аюул учруулж болох нохойг зохих хамгаалалтгүй, уяагүй байлгасны улмаас Г.О******* руу дайрсны улмаас хохирогч унаж, эрүүл мэндэд нь тархины баруун талын лямбда заадас дагаж баруун чамархай хөхлөг сэртэн дайрсан нийлмэл диастез хугарал, хугарлын харалдаа баруун зулай, дагз хэсэгт эпидурал гематом бүхий хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Г.М*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч ******* ургийн овогт Г******* М******* т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасан “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М******* т 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г. М******* ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь шийдвэр гүйцэтгэх газарт даалган,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн зүгээс хохирогч Г.О******* ын эмчилгээний зардалд 2,789,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн, шүүгдэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн,

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийн даатгалын санд хохирогчид эмчилгээ, үйлчилгээ хийгдсэн 416,900 төгрөгийн төлбөрийг шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлснийг дурьдан,

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдан,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэн,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4. 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 Хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалган ...энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:

...Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12-р сарын 05-ны өдрийн 284 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.М******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон ял оногдуулсныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Учир нь шүүгдэгчийн хувьд тухайн гөлгөн нохойг хашаандаа уяж, гэр бүлийн хамтаар хооллон тэжээж байсан болохоо мэдүүлдэг бөгөөд хэрэг гардаг өдөр ч нохой нь хашаанд уяатай байсан болох нь гэрчүүдийн “...уг нохой метр гаран урт уяатай, түүнийгээ хүзүүнээсээ унжуулаад байсан...” гэх мэдүүлгээр тогтоогддог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлд заасан гэмт хэргийн “...зохих хамгаалалтгүй байлгах...” гэх объектив талын шинж нь байнга хамгаалалтгүй байлгах, үргэлж хамгаалалтгүй байлгасан гэх урт хугацааны үргэлжилсэн шинжийг утгын хувьд агуулах бөгөөд уяатай буюу байнга хамгаалалттай байж байгаад эзний ямар нэгэн оролцоогүй суларч гэм хор учруулсан тохиолдлыг үүнд хамруулах үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс нохой суларч хашаанаас гарч бусдад гэм хор учруулсныг болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна.

Иргэний хуулийн 501 дүгээр зүйлд “Амьтны учруулсан гэм хорыг хариуцах” зохицуулалт байгаа бөгөөд шүүгдэгчийн хувьд хохирогчид учирсан гэм хорыг хариуцан арилгах үүргээ ухамсарлаж, хохирол, хор уршгийн тал дээр огт маргаагүй болно. Иймд уг хэргийн хувьд гэмт хэргийн объектив талын шинж бүрэн хангагдахгүй байгаа тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр” хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай байна. Хохирол хор уршгийн зүгээс шүүгдэгчийн зүгээс огт маргаагүй. Мэдээж хохирол хор уршиг учирсан. Түүнийг анхан шатны шүүх дээр хохирогчийн нэхэмжилсэн үнийн дүнгээр төлж барагдуулсан. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөд татгалзах зүйлгүй. Энэ бол иргэний эрх зүйн харилцаа буюу гэм хорын харилцаагаар зохицуулагдах харилцаа гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа учраас түүнийг буруутгасан эрүүгийн хэргийн хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Манай нохой хашааны буланд дандаа байдаг. Урд нь суларч явж байгаагүй. Байнгын уяатай байдаг байсан. Уяатай байлгана гэдэг нь хамгаалалттай байсан гэж бодож байна гэв.

Хохирогч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Иргэн хохирогч Л.О******* би шүүгдэгч Г.М******* ийн давж заалдсан гомдолтой танилцаад энэ тайлбарыг гаргаж байна.

Шүүгдэгч Г.М******* болон түүний өмгөөлөгч нь гомдолдоо бичихдээ: Манайх нохойгоо хашаандаа уяатай байлгадаг, тухайн хэрэг гардаг өдөр эзнийхээ оролцоогүйгээр суларч явсан байсан, уг хэргийн хувьд объектив талын шинж хангагдахгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэж бичсэн байна. Энэ гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна.

Шүүгдэгч Г.М******* нь нохойгоо уяанаас нь мултрахгүй байх бүх л арга хэмжээг авч байх үүрэгтэй гэж үзэж байна. Нохой нь уяанаасаа мултарч олон нийтийн зорчих зам талбайд явж байсан хүн рүү дайрч хүн гэмтээсэн байхад нохойны эзэн Г.М******* хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Хохирогч Л.О******* би Г.М******* ийн нохойнд дайруулж унаснаас болж ухаан алдаж эрүүл мэнд муудаж хүнд гэмтсэн юм. Одоогийн байдлаар миний бие тааруу байна. Эмчилгээ сувилгаа хийлгэх шаардлагатай байгаа юм. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны дагуу гарсан гэж үзэж байна. Иймд Г.М******* болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би эрүүл хүн байсан. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

...Энэ гэмт хэргийн субъектив шинж нь тухайн амьтныг хамгаалалтгүй байлгаснаар хүний эрүүл мэндэд санаатай  хохирол учруулсан нь болгоомжгүй гэм буруугийн давхар хэлбэртэй байдгаараа онцлогтой байдаг. Хохирогч Г.О******* ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан шалтгаант холбоо байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Г.М******* т холбогдох эрүүгийн 2531002010291 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

Прокуророос шүүгдэгч ******* овогт Г******* М*******ийг “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

2.Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргасан болохыг дурьдаж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

3.Шүүгдэгч Г.М******* нь 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 17 цаг 30 минутын орчим Сэлэнгэ аймгийн С******* сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн **** дугаар ангийн урд засмал замын орчимд буюу орчиндоо аюул учруулж болох нохойг зохих хамгаалалтгүй, уяагүй байлгасны улмаас Г.О******* руу дайрсны улмаас хохирогч унаж, эрүүл мэндэд нь тархины баруун талын лямбда заадас дагаж баруун чамархай хөхлөг сэртэн дайрсан нийлмэл диастез хугарал, хугарлын харалдаа баруун зулай, дагз хэсэгт эпидурал гематом бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М******* өгсөн мэдүүлэгтээ: “...******* *******” ХХК-ний хашаанд байдаг, манай хашааг нураасан юм. Байшингийн хажууд контейнер байсан, өөрсдөө хаалга хийсэн байсан юм. Хашаагаа “******* *******” ХХК нураасан юм. Үүдээ цоожлочихоод харахад эмэгтэй хүн аймаар орилсон, би харангуутаа манай аавын байрны эгч байсан учраас таньдаг юм. Би эгч рүү очсон, Г эмч тасралтгүй чулуу шидээд байсан, 103 дууд гээд би өөрөө нохойгоо хөөсөн. Нохойг худалдаж аваагүй, гадаа жижиг гөлөг байна, жоохон хоол өгье гэсэн юм. ...Халдвар тараахгүй гээд 1 сарын дундуур вакцин хийлгэсэн юм. ...Байнга уяатай байдаг, би ерөөсөө суллаагүй. Пасспорт дээр миний нэр байгаа учраас хохирлыг төлж барагдуулах нь зүйтэй. Намайг яллах гээд байгаад үнэхээр гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 140-162-р тал/

-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.О******* өгсөн мэдүүлэгтээ: “...Эдний нохой намайг савааж унагаасан. Нохой намайг савааж унагаасан би эмнэлэгт яаж очсоноо санахгүй байдаг ухаан алдсан байх. Г эмч маргааш нь орж ирж байсан хэрвээ би ирээгүй бол тэр нохой чамайг бариад идсэн байх гэж хэлсэн. Эзэн нь гарч ирээд нохойгоо хараад зогсоод байсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 140-162-р тал/

-Гэрч Л.О******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...Би 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ...хилийн цэргийн *** дугаар анги чиглээд алхаад явж байтал гэнэт миний хажуугаас нэг хар өнгийн нохой над руу дайраад миний энгэр хэсгийг минь эрчиндээ мөргөөд газарт унагаасан бөгөөд түүнээс хойш би болсон асуудлыг санахгүй байгаа бөгөөд нэг мэдэхэд толгойноос их хэмжээний цус гарсан эмнэлгийн орон дээр хэвтэж байсан. Намайг эмнэлэгт хэвтэж байхад нохойн эзэн болон М******* гэх эмэгтэй эргэж ирээд миний биеийн байдлыг асуусан. Тэгээд би тэр эмэгтэйгээс яагаад нохойгоор сул хаясан юм бэ гэж асуухад “Би нохойгоо өдрийн 3 удаа хооллодог юм аа тэгээд хооллох гээд байж байхад уяанаасаа алдуурч яваад таныг гэмтээлсэн” гэж хэлсэн. Би нохойд мөргүүлсэн цагаасаа хойш 3 сар гаруй гэртээ байсан бөгөөд хөдөлмөрийн чадваргүй болсон. Баримттай зардлын хувьд ...нэхэмжилж буй хохирол 5,937,498 төгрөг байгаа бөгөөд одоогоор би энэ мөнгийг л нэхэмжилж байна. Цаашдаа би яаж өвдөх, ямар эмчилгээ хийлгэх талаараа сайн мэдэхгүй байна. Тиймээс хохирол нэхэмжлэх эрхийг минь нээлттэй үлдээж өгөөч гэж хүсэж байна” гэсэн мэдүүлэг хх-ийн 22.23-р, 25, 27-р талууд/,

-Иргэний нэхэмжлэгч Ц.Дэлгэр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Хохирогчоор тогтоогдсон Л.О******* ын эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан 416,900 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-р тал/,

-Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Г ийн зүгээс өгсөн: “...2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 17 цаг 40 минутын үед ажил тараад Хилийн цэргийн *** дугаар ангиас Төмөр зам руу урууддаг 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 17 цаг 40 минутын үед ажил тараад Хилийн цэргийн *** дугаар ангиас Төмөр зам руу урууддаг замын ертөнцийн зүгээр баруун талын явган хүний замаар алхаад явж байтал миний явж байсан хэсгийн замын эсрэг талд байрлах хашаа байшингаас хар өнгийн овчарка нохой нэг эмэгтэйн хамт гараад ирсэн. Тэр эмэгтэй нь нохойн эзэн юм байна лээ. Хар өнгийн овчарка нохой нь хүзүүндээ хүзүүвчтэй байсан бөгөөд хүзүүвчиндээ 1 метр гаруй олстой түүнийгээ унжуулсан байсан. Тэгсэн тухайн нохой гэнэт л өөрийн гарч ирсэн талын явган хүний зам дээр Хилийн цэргийн анги руу чиглээд алхаад явж байсан 50 орчим насны эмэгтэй рүү хуцаж дайраад түүний цээж, энгэр хэсэг хүү цоройж үсрээд мөргөж, түлхээд унагаасан, эмэгтэй унахдаа эгц хойшоо яг дагз хэсгээрээ асфальтан зам дээр унасан бөгөөд толгой яс нь тас гээд л хагарах шиг болсон. Эмэгтэй газар унах үед түүний толгойноос их хэмжээний цус гараад муужирсан үед гаргадаг “мөөрөх” мэт дуу авиа гаргасан. Харин түүнийг мөргөсөн хар өнгийн овчарка нохой түүн рүү дахин хуцаад дайрах гэхээр нь би тэнд байсан нэг залуутай нийлж байгаад орилж, хашхирч, хөөж чулуу шидэж байж нэг холдуулсан. Тэгсэн нохой над руу болон надтай хамт хөөлцсөн залуу руу дайрахаар нь чулуу шидэж хөөж явуулсан. Харин дээрх мэдүүлсэн үйл явдлууд болж байхад нохойн эзэн эмэгтэй юу ч хийхгүй зогсоод л байсан. ...Нохойд дайруулсан эмэгтэй ухаангүй хэвтэж байгаад түргэн тусламж ирэх үед сэрээд их цочирдсон байдалтай “Юу болсон бэ? би үхлээ намайг авраач гээд л байсан” тэгээд бид түүнийг эмнэлгийн машинд суулгаад явуулсан. Хэрэг болох үед нохойн эзэн, би, хамт нохойг хөөлцсөн хүнээс өөр хэн нэгэн харагдаагүй. Тухайн үед ямар нэгэн машин ч замаар яваагүй. Нохой өөр хэн нэгэн рүү дайрч довтолсон зүйл байхгүй. Нохой нь гэмтсэн эмэгтэйг бол хазаж урсан зүйл байхгүй. Цоройж үсэрч түлхээд л унагаасан. Нохой дайрсан эмэгтэй толгой яс нь гэмтсэн байх гэж бодож байна. Яагаад гэвэл тухайн үед яс цуурч, хугарч байгаа мэт чимээ гараад толгойноос их хэмжээний цус гарсан. Хамт нохойг хөөлцсөн эрэгтэйг сайн танихгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-р тал/,

-Гэрч П.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Г.М******* бид хоёр хамтран амьдраад 10 жил болж байгаа бөгөөд дундаасаа 1 хүүхэдтэй. Жэйси нохойг гудамжны нохой байхад нь хоол өгч байсан. Тэрнээс хойш манай гэрийн гаднаас салахаа байсан. Тэгээд нэг удаа хоолны хордлого авахаар нь малын эмч дээр очоод тариа хийлгэх гэтэл малын эмч нь “дараа нь нохойндоо тариа хийлгэхэд хэрэг болно” гээд эхнэр бид хоёрын нэр дээр нохой гэрчилгээ гаргаж өгсөн. Жэйси нохойнд манай эхнэр л хоол унд өгч тэжээдэг. Би ажилтай байдаг учраас нээх оролцоод байдаггүй. 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр болсон асуудлын талаар манай эхнэр хэлэхдээ “Нохой хашаанаас гарч гүйгээд нэг хүнтэй таарсан чинь нөгөө хүн орилж хашхираад асуудал болсон гэсэн бөгөөд цаашаа юу болсон гэсэн талаар түүнээс надад өөр мэдэх зүйл байхгүй байна. Би тэр өдөр гэртээ байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-р тал/,

-Гэрч А.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 17 цагийн үед Хилийн цэргийн *** дугаар ангиас Вокзал руу уруудаад явж байтал асфальтан замын гол хэсэгт нэг эмэгтэй хүн дээш харсан байдалтай газар унасан тухайн эмэгтэйг хүзүүндээ уяатай, хөр өнгийн овчарк төрлийн нохой тойроод эргэлдэж байсан бөгөөд тухайн нохойг хөөж явуулах гээд байгаа бололтой Нэгдсэн эмнэлгийн Г эмч гартаа чулуу барьсан замын баруун талд явган хүний зам дээр яв гэх зэргээр нохой руу орилж хашхираад чулуу барьсан гараараа далайгаад зогсож байсан. Газар унасан эмэгтэй “намайг авраач” гээд орилж хашхираад байхаар нь би яарч сандраад тухайн эмэгтэйг тойроод эргэлдэж байсан нохойг чулуу шидэж хөөж явуулаад эмэгтэйг Г эмчийн хамт газраас босгоод машин замаас гаргаад түшиж зогсож байгаад эмнэлэг дуудсан. Харин тэнд нохойн эзэн бололтой нэг эмэгтэй байсан бөгөөд нохой нь түүний үгэнд ордоггүй юм шиг байна лээ яагаад гэвэл үгэнд нь ордог байсан бол өөр хүн рүү дайрахгүй шүү дээ. Газар хэвтэж байсан эмэгтэйн толгойноос их хэмжээгээр цус гараад, ухаан санаа нь орж гараад байх шиг байсан. ...Ямар ч байсан тэр эмэгтэй асфальтан зам дээр толгойн ар хэсгээрээ унаад л гэмтсэн байх гэж бодож байна. Нохой ч үүнтэй холбоотой байх гэж бодож байна. Нохой руу чулуу шидээд хөөх үед газар унасан эмэгтэйгээс гадна хажууд нэг эмэгтэй байсан. Тэр эмэгтэй нохойг нэг нэрээр дуудаад хойноос нь хөөж байгаад барьж авсан. Тэгээд л нохойны эзэн нь юм байна гэж бодсон. Тухайн нохой хар өнгийн уяа чирсэн явж байсан шиг санагдаж байна. ...Хазаж, зуусан зүйл бол миний нүдэнд харагдаагүй. Хар өнгийн овчарки төрлийн гөлгөн нохой шиг байсан. Хүзүүвчтэй холбоотой хар өнгийн гогцоотой хар уяатай байсан. Гогцоотой уяа гэхээр нохойг оосорлоод бариад явдаг уяа гэсэн үг юм. Тэр үед Г болон газар унасан эмэгтэй, нохойн эзнээс гадна өөр хүн байгаагүй, ямар нэгэн машин ч явж үзэгдээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42-р тал/,

-Гэрч О.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Жесси нэртэй нохойнд пасспорт олгож вакцин тариагүй. Харин хуучин захын доод талд мал эмнэлгийн эмийн сан байдаг бөгөөд тухайн эмийн санд Т гэх малын эмч ажилладаг. Т эмч нь нохойнд вакцин тарьдаг бөгөөд тэгэхдээ надаас зөвшөөрөл авч хийдэг. Тийм учраас л тухайн пасспорт дээр миний нэр, утасны дугаарыг бичсэн байна. Пасспорт дээр байгаа гарын үсэг нь миний гарын үсэг биш байна. Тухайн үедээ надаас асуугаад л вакцин хийсэн байх би одоо санахгүй байна. Нохойны пасспортыг хэрхэн олгодог тал дээр хүмүүс ихэнхидээ бол нохойгоо бүртгэлжүүлэхгүй тэжээгээд байдаг. Тийм учраас нохойгоо дагуулаад вакцин хийлгэх гээд ирсэн хүмүүсийн нохойг мал эмнэлгээс бүртгэлжүүлж, эзэнжүүлж, пасспорттай болгодог” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46-р тал/,

-Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...С******* сум, * дугаар баг, ***** гудамжинд 2010 оноос хойш 2025 оны 08 дугаар сар хүртэл хөрш зэргэлдээ амьдарсан. 2025 оны 08 дугаар сард тэдний байшинг нураагаад суурин дээр нь худалдааны төв барихаар болсон бөгөөд одоо хаана амьдарч байгааг нь сайн мэдэхгүй байна. Би М*******, Б тэй хөрш зэргэлдээ амьдарч байсан болохоос биш ямар нэгэн дотно харилцаа бол байгаагүй. Тэднийх хар өнгийн овчарк төрлийн нохой тэжээдэг байсан /яг ямар төрлийн нохой тэжээдэг байсан талаар сайн мэдэхгүй/ яагаад сайн мэдэж байна гэхээр тухайн нохойгоо байшингийнхаа гадна яг манай унтлагын өрөөний доор уядаг байсан бөгөөд нохой нь их хуцаад унтуулдаггүй байсан. ...Ямар ч байсан жижиг гөлөг байхаас эхлээд том болтол тэжээсэн. Нохой нь их хуцдаг, дуу ихтэй нохой байсан. 2025 оны дундуур нохой нь гэнэт л байхаа больсон бөгөөд яг яасан талаар нь мэдэхгүй байна. Өмнө тэр нохой нь хүн рүү дайрсан тохиолдол гарч байсан эсэх талаар мэдэх зүйл байхгүй байна. Гэрийнх нь гадаа уяатай хуцаад л байж байдаг байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-р тал/,

-Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Т өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Жесси нэртэй нохойнд вакцин тарьж пасспорт олгосон талаар яг одоо тэр гэж санахгүй байна. Би зөндөө нохойнд вакцин хийдэг учраас санахгүй байгаа хэрэг. Пасспорт олгож байгаа нь тэр нохойг бүртгэлжүүлж, эзэнжүүлж мөн урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсан баталгааг харуулах гэж юм. Манай эмнэлэг нохойн пасспорт 10,000 төгрөгөөр зардаг бөгөөд би хүмүүсээс та нохойгоо эзэнжүүлэх мөн вакцин хийлгэсэн гэдгийг нотлох дэвтэр авах уу гэж асууж байгаад зөвшөөрөх юм бол нохойн пасспорт нээдэг. Нохойг гадагш дотогшоо авч явах гэхээр заавал вакцин хийлгэсэн байхыг шаарддаг учир хүмүүс ихэнхдээ паспорт нээлгэдэг юм. ...Жесси нохойнд мультикан 4 буюу 4 төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх мультикан 6 буюу 6 төрлийн өвчнөөс сэргийлэх вакцин хийсэн байна. ...Жэсси нохой эзэмшигч нь нохой өвдсөн тул малын эмийн сан дээр очиж тариа хийлгэсэн гэж мэдүүлсэн дээр тийм зүйл байна гэж байхгүй. Өвчтэй нохойнд вакцин хийхгүй. Тухайн хүн худлаа хэлсэн байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-р тал/,

-Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Сэл0725/246 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Л.О******* ын биед тархины баруун талын лямбда заадас дагаж баруун чамархай хөхлөг сэртэн дайрсан нийлмэл диастез хугарал, хугарлын харалдаа баруун зулай, дагз хэсэгт эпидурал гематом гэмтэл тогтоогдлоо. 2.3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлээс хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54-55-р тал/ зэрэг шүүх хуралдааны шатанд шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

4.Анхан шатны шүүхээс хэргийг хүлээн аваад хэргийн үйл баримтыг зөв тогтоож, эрх зүйн дүгнэлтийг үндэслэл бүхий хийсэн, түүнчлэн гэмт хэргийн нотлогдсон байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, цаашид гарах зардлыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгчид хуульд заасан торгуулийн ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна. 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх шалгуур нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.

Эрүүгийн хуулийн 20.15 дугаар зүйлийн 1-д 1.Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж,

2-д “Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нас барсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заасан.

Анхан шатны шүүхээс улсын яллагчийн зүгээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх санал оруулсан, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын шинж байдал зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс торгох ял оногдуулсан нь тохирсон, түүнийг давж заалдах шатны шүүхээс хөнгөрүүлэн үзэх, хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

5.Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “...Шүүгдэгч нохойг харуул хамгаалалтгүй зориуд байлгаагүй, Г.М******* ээс шалтгаалсан зүйлгүй, байнга уяатай байлгадаг бөгөөд түр суларч алга болох үедээ хохирогч руу дайрч гэмтээсэн учраас гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй учраас эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгөөч” гэсэн агуулга бүхий гомдол нь үндэслэлгүй, шүүгдэгч өөрийн эзэмшилд байдаг орчин тойрондоо аюул учруулж болох амьтныг зохих ёсоор хамгаалалт өөрийн хяналтдаа байлгах, түүнийг бусдад хор хөнөөл учруулахгүйгээр хариуцах үүрэгтэй болно.

6.Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.9-д заасан шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/284 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/284 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ,

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН                  

                            ШҮҮГЧ                                    Б.МАНЛАЙБААТАР

                            ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ