| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржпаламын Сугар |
| Хэргийн индекс | 174/2018/0093/э |
| Дугаар | 109 |
| Огноо | 2018-05-22 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 109
С аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц,
Улсын яллагч хяналтын прокурор С.Сугар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн,
Шүүгдэгч Ө.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар С аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ө.Уад холбогдох 1830000820073 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1978 оны 07 дугаар сарын 10-ны өдөр С аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, С аймгийн Баяндэлгэр сумын 1 дүгээр баг, Хашаат гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Ө.У.
Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Ө.У нь С аймгийн Баяндэлгэр сумын “Б” гэх газарт 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн шөнийн 03 цагийн орчимд 09-43 СҮА улсын дугаартай Мазда просийд маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д: “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” мөн2.7. “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 2.3. “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Д.Ц нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахнотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
- Шүүгдэгч Ө.У шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:2018 оны 3 дугаар сарын 08-нд Балжирынд очиж байж байгаад орой нь Бийнх рүү яриад тэднийх рүү очих гээд хөдөлсөн гэнэт машин шарваад ойчсон. Үүнээс болж Ц нас барсан харамсалтай хэрэг болсон. Маш их гэмшиж байна. Оршуулгын зардалд 7500000 төгрөг төлсөн. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А мөрдөн байцаалтанд өгсөн: “...Д.Ц нь манай төрсөн ах байгаа юм. Манай ах өөрийн өргөмөл 2 хүүхэдтэйгээ амьдардаг болохоор миний бие хохирогчоор оролцож байна. 2018 оны 03 дугаар сарын 09-ний үүрээр 04 цагийн үед над руу Бая яриад “энд машин уначихлаа, эмнэлгийн утас хэд вэ” гэхээр нь эмнэлгийн дугаарыг өгчихөөд босож байхад У залгаад “дүү нь машинтайгаа онхолдоод Ц ах нас барчихлаа” гэсэн. Тэгэхээр нь “хаана юм бэ?” гэхэд “Бийн голд” гэж хэлсэн. Тэгэхээр нь Бийн голд очиход Уын машин нь баруун талаараа зүүн тийш харан ойчсон манай ах доор нь дарагдсан толгой нь хавчигдсан байхыг харсан. У “эгчээ намайг уучлаарай” гээд байсан. Ц ах 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр манай гэрээр ирэхдээ эрүүл ирсэн юм. Архи уух гэхээр нь “таны баяр биш, танд архи өгөхгүй” гэсэн, тэр хавиараа айлаар архи уусан юм шиг байгаа юм. У манай ах Ц 2 ойрхон нутагладаг манай ахыг хааяа архи уух үед У л аваад явдаг байсан. Миний зүгээс гаргах гомдол санал байхгүй байна. Учир нь гомдолтой гээд миний ах босоод ирэх биш дээ. Манай ах Ц зам тээврийн осолд орж нас барснаас хойш ажил явдалд хэрэглэсэн баримтаараа 4,610,806 төгрөгийн хохирол, баримтгүй 2,900,000 төгрөгийн хохирол нийт 7.510.806 төгрөгийн оршуулгын зардалд зарцуулаад байна. 2,900,000 төгрөгийг ажил явдалд оролцож байгаа лам нарт мөн дэлгүүрээс баримтгүй авсан эд зүйлс орж байгаа. Баримттай эд зүйл авсан барааны баримтуудыг танд гарган өгч байна. У нь ажил явдалд 1,100,000 төгрөгийг өгөөд байгаа. Үлдсэн хохирлын мөнгийг өгнө гэсэн байгаа. Миний хувьд гаргах гомдол санал байхгүй”гэх мэдүүлэг,
Хохирогчийнхууль ёсны төлөөлөгч Д.А С аймгийн прокурорын газарт өгсөн хүсэлтдээ: “...Ө.У нь талийгаач Цгийн оршуулгын зардалд 7 500 000 төгрөг төлсөн тул одоо нэхэмжлэх зүйлгүй” гэжээ /хх-ийн 105-р хуудас/
- Шүүгдэгч Ө.У мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Ц ахтай нэг голын 2 захад олон жил амьдарч байгаа юм.Садан төрлийн холбоо байхгүй. 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр эмэгтэйчүүдийн баяр болоод орой Балжир гэх айлд очоод 0,5 литрийн Улаанбаатар архи мөн нэг вискиг 6-уулаа хувааж уугаад 00 цаг хүргэсэн.тэгээд Б гэх найзруугаа яриад хаана байна танайд очих гэсэн юм гэсэн чинь сумын төвөөс гарч байна хүрээд ирэхгүй юу гэсэн. Гэрээрээ орчихоод өөрийн 09-43 СҮА улсын дугаартай цэнхэр өнгийн Мазда просийд маркийн машинаа өөрөө бариад хажуудаа Ц ахыг суулгаад арын нугасанд манай эхнэр О, Ц ахын охин Л нар суугаад 00 цаг өнгөрөөд 2018 оны 03 сарын 09 болсон байхад Бийн гэрт очсон. Манайх Бийн гэрээс баруун урагш 10 орчим км-т байдаг юм. Бийн гэр сумаас 10 км-т Б гэх газар байдаг юм. Тэгээд Бийн гэрт очиход Б өөрөө мөн эхнэр Бая, саахалт айлын С гэх залуу байсан. Тэгээд тэнд хоол цай идэж уучихаад Б нь 1 шил 0,5 литрийн ерөөл архи гаргаж ирээд дараа нь С 0,5 литрийн ерөөл архи гаргаж ирээд Ц ах, манай эхнэр О, Б түүний эхнэр Бая, С бид зургаа хувааж уугаад 3 цаг өнгөрөөгөөд гэртээ харихаар болсон. Тэгээд би машинаа өөрөө бариад миний хажууд О, Л нар суугаад Ц ах нэлээн согтсон байсан болохоор арын нугасанд суусан. Тэгтэл С нь “би машиныг чинь барьчихья” гэхээр нь “би өөрөө барьчихна, зүгээрээ” гэж хэлээд баруун урагшаа хөдлөөд явсан ба машины араагаа солих гэж байгаад хаазаа өндөр өгөөд араагаа сольсон чинь машин шарваад жолоогоо буцааж дарсан боловч жолоо буцаж булаагдаад хажуу талаараа унаад гулгаад урагшаа явсан. Тэгээд гайгүй юу гэхэд манай эхнэр О, Л нар гайгүй гэж байсан ба машинаас цонхоороо гарсан би Ц ахыг дуугарахгүй байхаар нь гараа явуулаад үзсэн чинь Ц ахын толгой нь баруун талын шилэнд хавчуулагдсан юм шиг татах гэхээр болохгүй байсан ба цаашаа гараа явуулсан чинь шил цонхны шил хагарсан цаашаа дахиад гараа явуултал газар тэмтрэгдээд толгой нь дарагдаад гарахааргүй болсон байхаар нь өөрөө гараад Л, О нарыг Бийн гэр рүү явуулаад эмч дуудаарай гэж хэлсэн. Удалгүй эмнэлгийн эмч Д ирж үзээд хамт очоод харахад Ц ахын толгой нь бяцраад цус гарсан байсан. Эмч нас барсан байна гэж хэлсэн.Миний хувьд их харамсаж байна. Хийсэн зүйлдээ гэмшиж байна. Болгоомжгүй байдлаас болоод ийм зүйл боллоо” гэх мэдүүлэг,
- Гэрч Х.Дийн: “...2018 оны 03 дугаар сарын 09-нийүүрээр 04 цагийн үед дуудлага ирээд сумын төвөөс баруун тийш 10 км газарт машин онхолдоод нэг хүн нь муу байна гэсэн. Тэгээд очиход 09-43 СҮА улсын дугаартай Уын машин нь зүүн тийш хараад баруун талаар унасан, доор нь хүн толгойгоороо дарагдсан, толгойноос нь цус гарч тархи нь цувсан байсан. Ямар нэгэн амь насыг нь аврах боломжгүйгээр газар дээрээ нас барсан байсан. Хамт явж байсан 3 хүн болох У, түүний эхнэр О, талийгаач Цгийн охин Л нарын биеийн байдлыг үзэхэд хэвийн байсан ба ямар нэгэн шарх сорви шалбарсан зүйл байгаагүй. Тэгээд сумын хэсгийн төлөөлөгчид дуудлага өгсөн” гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Лгийн: “..Ц нь манай аав байгаа юм.2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр эмэгтэйчүүдийн баяр болоод ойрхон нутагладаг 2 айлаар У ах болон түүний эхнэр Бая нарын хамт орсон ба Балжир гэх айлд нэг шил архи уусан, тэгээд 00 цаг өнгөрөөгөөд У ах өөрийнхөө цэнхэр өнгийн викап машинаа бариад хажууд нь манай аав Ц суугаад арын нугасанд нь О эгч бид 2 суугаад явсан. Б ахын гэрт очиход С, Бая эгч, Б ах гурав сумын төвөөс ирлээ гэж байсан ба хоол цай идэж уучихаад эхлээд Б ах 0,5 литрийн 1 шил Ерөөл архи гаргаад дараа нь С ах 0,5 литрийн Ерөөл архи гаргаад манай аав Ц, У ах түүний эхнэр О, Б ах түүний эхнэр Бая, С нар хувааж уугаад 03 цаг өнгөрөөгөөд дууссан. Тэгээд харьцгаахаар болоод У машинаа бариад О эгч бид 2 хажуу талын суудал дээр суугаад манай аав Ц нугасанд суусан. Тэгсэн Б ах “та нарыг хүргээд өгье” гээд байсан. Тэгээд У хөдлөөд баруун урагш ширүүн явсан гэнэт л машин эргээд онхолдсон.Тэгээд бүгд л зүгээр үү гээд байсан боловч аав дуугарахгүй байсан. Тэгээд О эгч эхэлж гараад араас нь би гараад У ах гарч ирсэн боловч аав гарч ирэхгүй байсан...тэгээд эмч хэсэг хугацааны дараа ирж үзээд “аавыг нас барсан байна” гэсэн. ...С ах “машиныг чинь би барьчихья, та согтуу байна” гэсэн чинь У ах “би өөрөө барина” гээд байсан. ...Миний биед учирсан гэмтэл байхгүй гаргах гомдол, санал байхгүй. Миний хувьд хурдтай явснаас болоод нь осол боллоо гэж бодож байна” гэх мэдүүлэг,
Гэрч Н.Оийн: “..У нь манай нөхөр байгаа юм. Ц ахтай ойрхон нутагладаг болохоор танина. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглээд ойрхон нутагладаг айл болох Балжирын гэрт зургуулаа 0,5 литрийн улаанбаатар архи 00 цагийн үед уучихаад Б рүү манай нөхөр У яриад “хаана байна” гэхэд “сумын төвөөс хөдөө гэр рүүгээ явах гэж байна” гэсэн. Тэгэхээр нь гэртээ ирчихээд Бийн гэр рүү явахаар болоод манай нөхөр өөрийнхөө 09-43 сүа улсын дугаартай, цэнхэр өнгийн викап машинаа бариад хажууд нь Ц ах суугаад би Лгийн хамт нугасанд суугаад явсан.Тэгээд ... хоол цай идэж уугаад Б нь 0,5 литрийн ерөөл архи гаргаж ирээд Ц ах, манай нөхөр У, С, Бая, Б бид зургуулаа хувааж уугаад дахин С нь 0,5 литрийн ерөөл архи гаргаж ирээд ууж дуусгаад 03 цаг өнгөрөөгөөд гэр рүүгээ явахаар болоод машинаа У бариад хажуугийн суудал дээр нь Л бид 2 суугаад ард талд нь Ц ах суусан. Тэгээд гэрээс баруун урагш хөдлөөд явж байгаад гэнэт л машин хазайгаад манай нөхөр “жолоо дийлдэхгүй байна” гээд л онхолдсон... Манай нөхөр машинаа жолоодоод хөдлөөд явахдаа энгийн явдгаас арай илүү хурдтай явсан. Гэхдээ хэдэн миллийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Манай нөхрийн хувьд согтолт нь гайгүй л байх шиг байсан. Миний биед учирсан гэмтэл байхгүй. Манай нөхөр болон Л нарт гэмтэл учраагүй” гэх мэдүүлэг,
Гэрч А.Баягийн: “...2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр суман дээр нөхөр Б саахалт айлын С нарын хамт ирж байж байгаад орой 00 цагийн үед гэртээ очоод байж байхад У нь эхнэр О, Ц ах түүний охин Л нарын хамт дөрвүүлээ ирсэн. Тэгээд хоол цай идэж уугаад манай нөхөр Б нь 1 шил 0,5 литрийн ерөөл архи гаргаж өгөөд Ц ах, Б, У, О, С бид зургаа хувааж уусан. Дараа нь С бас нэг 0,5 литрийн ерөөл архи гаргаж өгөөд бүгд хувааж уучихаад 03 цаг өнгөрөөгөөд тарцгаах болоод гаргаж өгөхөд У өөрийнхөө унаж ирсэн цэнхэр өнгийн Викап машиныг жолоодоод хажууд нь О, Л нар сууж суудлын арын нугасанд Ц ах суугаад манайхаас баруун урагш хөдлөөд явсан. Тэгээд манай нөхөр Б нь “У арай согтуу байх шиг байна, араас нь хөдлөөд хүргэж өгье” гээд гэрээс гараад машинтайгаа араас нь хөдлөөд явсан чинь сумын төвөөс Дорноговь аймгийн төв ордог шороон замын хойд талд хамар нь зүүн тийш харсан баруун талаараа ойчсон байсан... тэгээд сумаас эмч дуудаад Д эмч ирж үзээд Ц ахыг нас барсан байна гэсэн. ... Уын согтолт нь бусдаасаа арай илүү юм шиг болохоор нь манай нөхөр хүргээд өгчихье гээд араас нь хөдөлсөн юм.”гэх мэдүүлэг
Гэрч М.Бийн: “...2018 оны 03 дугаар сарын 08-ны 00 цагийн үед У нь өөрийнхөө 09-43 СҮА улсын дугаартай цэнхэр өнгийн Викап машинтайгаа эхнэр О, Ц ах, охин Л нарын хамт дөрвүүлээ ирсэн. Тэгээд манайд хоол идэж, цай уучихаад би 0,5 литрийн ерөөл архи гаргаж өгөөд У эхнэртэйгээ, Ц ах, манай эхнэр Бая, С бид нар хувааж уучихаад С мөн 0,5 литрийн 1 шил ерөөл архи гаргаж өгөөд хувааж уугаад шөнийн 03 цаг өнгөрөөгөөд манайхаас хөдөлсөн тэгэхээр нь ер нь дагаж яваад хүргээд өгдөг юм бил үү гээд эхнэр Баягаа суулгаад араас нь хөдөлтөл машин нь онхолдсон. ...Ц ах машины баруун талын кабинд толгойгоороо дарагдаад бяцарсан байсан. Тэгээд сумын эмнэлэг дуудаж үзүүлэхэд Ц ахыг нас барсан байна гэсэн. Миний хувьд хэр хурдтай явсныг мэдэхгүй байна гэхдээ манай гэрийн гаднаас хөдлөхдөө их л ширүүн хөдөлсөн. Манайд анх ирэхдээ У, Ц нар архи уусан байдалтай байсан ба манайд зургуулаа 0,5 литрийн 2 шил ерөөл архи хувааж уусан ба согтолт нь гайгүй л байх шиг харагдаж байсан. гэх мэдүүлэг,
Гэрч Д.Сын: “....2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр суман дээр ирж байж байгаад орой 00 цагийн үед манайд ирцгээсэн... У нь тэр хоёроосоо бага зэрэг илүү согтолттой байх шиг байсан. Тэгээд Б ах 1 шил 0,5 литрийн ерөөл архи гаргаж У, Ц, О, Б, Бая бид зургаа хувааж уучихаад би дахиж 0,5 литрийн 1 шил ерөөл архи гаргаж ирээд хувааж уугаад шөнийн 03 цаг өнгөрөөгөөд тэд нар явахаар болоод гаргаж өгөхөд У нь улсын дугаарыг мэдэхгүй цэнхэр өнгийн Викап машинаа өөрөө бариад явсан ... баруун урагш 200 орчим метр яваад ойччих шиг болсон, яваад очиход сумаас Дорноговь аймаг явдаг төв замын хойд талд баруун талаараа ойчсон байсан ба дотроос нь У, О, Л нарыг зүүн талын цонхоор нь татаж гаргаад Ц ахыг гаргах гэсэн машин ойчсон баруун талын хэсэгт толгойгоороо дарагдаад толгой нь бяцарсан цус гоожсон байдалтай байсан…Осол болсон газар нь ямар нэгэн саад бартаа байхгүй төв замын хойд талд хуучин машин явдаг байсан замын шантай мөр байдаг юм. Осол болсон газар цас байхгүй, шороогоороо байсан ба баруунаас зүүн тийш бага зэрэг налуу замтай юм” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 34 дугаартай дүгнэлтээр: 1.Ө.Уаас авсан гэх цусанд 1.4 промилль этилийн спирт илрэв.2.Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 14 дугаартай дүгнэлтээр: 1.Талийгаач Д.Цгийн цогцост гавал тархины ил гэмтэл, гавлын оройгоос нүүр рүү үргэлжилсэн язарч урагдсан шарх, гавал ясны олон тооны хэлбэр дүрс бүхий цөмөрсөн салсан хугарал, эдүүдийн дутагдал гэмтэл тогтоогдсон ба уг гэмтлүүд нь авто ослын үед болон унах цохигдох үед үүсгэгдэх боломжтой.2.Дээрхи гэмтлүүд нь амьд үед үүсгэгджээ.3.Талийгаач Д.Ц нь гавал тархины ил гэмтлүүдийн улмаас нас баржээ.4.Талийгаачийн цогцост үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5.Шүүх химийн шинжилгээгээр Д.Цгийн цусанд 1.6 промилль этилийн спирт илэрсэн ба энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,
Замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 029 дугаартай дүгнэлтээр:
1.С аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, ахмад Б.Даваадоржийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гаргасан 26 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байна.
2.Proceed маркийн 09-43 СҮА улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Өлзийбатын У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
3.Proceedмаркийн 09-43 СҮА улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Өлзийбатын У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”. Мөн дүрмийн 2.7. “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 2.3. “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
4.Proceed маркийн 09-43 СҮА улсын дугаартай автомашины зорчигч Д.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн байх үндэслэл тогтоогдохгүй байна.
5. 4 дүгээр асуултаар хариулагдсан болно.
6. Жолооч нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түүнээс гарах хохирлыг багасгахад тээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгож явах нь ач холбогдолтой байдаг, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь осол гарах шалтгаан болсон байна гэж үзлээ.
7. Шинжилгээний явцад өөр нөхцөл байдал илрээгүй болно” гэх дүгнэлт
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх-01 /
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-03-09/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зураг /хх-13-15 х /
С аймгийн Баяндэлгэр сумын 1 дүгээр багийн засаг даргын 2018.03.09-ний 316 тоот тодорхойлолт /хх-88 х /
Ө.У урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-97 х /
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
С аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугар шүүгдэгч Ө.Уын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэжирүүлжээ.
Шүүгдэгч Ө.У нь согтуурсан үедээ С аймгийн Баяндэлгэр сумын “Б” гэх газарт 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн шөнийн 03 цагийн орчимд 09-43 СҮА улсын дугаартай Мазда просийд маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрийн 9.1-д: “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” мөн2.7. “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 2.3. “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Д.Ц нас барсанболох нь шүүгдэгч Ө.Уын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А, гэрч Х.Д, Ц.Л, Н.О, А.Бая, М.Б, Д.С нарын мэдүүлгүүд, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Гэрэл зургийн үзүүлэлт, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, С аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 34,14 дугаартай дүгнэлтүүд, С аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 029 дугаартай дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Ө.Уын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасангэмт хэргийн шинжийг агуулсан байх бөгөөд тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-аар давхар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүйболжээ.
Учир нь : Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг согтуурсан мансуурсан үедээ үйлдсэн бол 4.1-т зааснаар хүндрүүлж ял оногдуулахаар хуульчилсан байна. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-т автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн энэ хэргийн улмаас хүний амь хохирсон бол гэж зааснаас дүгнэхэд шүүгдэгч Ө.У нь согтуурсан үедээ Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн энэ хэргийн улмаас хүний амь хохирсон байх тулЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.
Иймд С аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас шүүгдэгч Ө.Уад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэж давхардуулан зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байна.
Шүүгдэгч Ө.Уын үйлдсэн гэмт хэрэг нь хэдийгээр болгоомжгүй гэмт хэрэг боловч жолооч нь замын хөдөлгөөнд оролцохдоохөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, жолооч нь “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн зохицуулалтыг биелүүлээгүйгээс осол гарах, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч дээрх заалтуудыг биелүүлээгүйгээс осол гарч бусдын амь нас хохирсон хор уршиг учирсан байна.
Хэргийн байдлыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтанд хамааралтай хийгээд хэрэг бүртгэлт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Ө.УыгЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчиж зам тээврийн осол гаргаж нэг хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Ө.УыгЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Шүүгдэгч Ө.Уыг гэмт хэрэг үйлдсэний дараа амь хохирогчийн оршуулгын зардлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Ө.Уын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тодорхой хугацаагаар хасаж, хорих ял оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Ө.У энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй,хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй,хохирогчийн оршуулгын зардалд 7500000 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 981586 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх хүчин төгөлдөр болмогц С аймгийн шүүхийн шийдвэр хэлтэст шилжүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн1.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.С аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Уад холбогдох хэргээс эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Ө.Уыг согтуугаар автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Ө.Уын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 / таван/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ө.Уад оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Ялтан Ө.У энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор гаргуулах хохирол, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, оршуулгын зардалд 7.500.000 төгрөг төлсөн бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 981586 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх хүчин төгөлдөр болмогц С аймгийн шүүхийн шийдвэр хэлтэст шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1т зааснаар шүүгдэгч Ө.Уад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор С аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР