Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 212/МА2022/00054

 

     Т.А нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШШ2022/00314 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч *** оршин суух үндсэн хаягтай, одоогоор *** түр оршин суух ** овогт Т.А, **** оршин суух **овогт А.Б нарын нэхэмжлэлтэй, хариуцагч *** оршин суух ** овогт Д.С холбогдох,  

“Газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа хариуцагч Д.Сы өвлийн байшинг албадан буулгаж, газар чөлөөлүүлэх тухай” үндсэн нэхэмжлэлтэй,

“Газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа нэхэмжлэгч А.Бын 2019 онд зөвшөөрөлгүй барьсан саравчтай хашааг албадан буулгаж, газар чөлөөлүүлэх тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэж 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ж.Ахмарал, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч А.С, хариуцагч Д.С, хариуцагчийн өмгөөлөгч Х.Тилеугавал, орчуулагч Б.Жанерке нар оролцов.

   

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл:   

1.1. Миний бие 1983 оноос У сумын ** дугаар багийн нутаг “Хөндийн ам” гэх газарт өвөлжиж, мал маллаж амьдарч байна. Уг газар өмнө нь миний аав Ты нэр дээр байсан ба аав нас барсны дараа У сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 26 дугаар захирамжаар миний нэр дээр шилжүүлж, сумын Засаг дарга 2005 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 650 м.кв газрыг 60 жилийн хугацаагаар газар эзэмших гэрчилгээ бичиж өгсөн.

1.2. Би тухайн газарт байгаа 48 м.кв талбайтай байшинг барьж, 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан. Миний өвөлжөөний ойролцоо хүү А.Б нь У сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/134 дүгээр захирамжаар 700 м.кв газрыг 30 жилийн хугацаагаар эзэмшихээр болж сумын газрын даамал Б.Н 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж өгсөн. А.Б нь тухайн газарт “Талын нүүдэлчдийн эх булаг” ТББ-ын тусламжтайгаар өвөлжөө барьсан.

1.3. Бид Д гэх газар зусаж, намаржиж 10 дугаар сард нүүж ирдэг. Энэ жил намаржаанаас бууж өвөлжөөнд ирэхэд миний өвөлжөөний хажуу талд Д.С гэгч өвлийн байшин барьсан байсан. Очиж уулзахаар би газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, энэ газрыг эзэмших ёстой гэсэн тайлбар хэлсэн.

1.4. Д.Сд газар эзэмшүүлэх сумын Засаг даргын захирамж гараагүй бөгөөд тухайн үед сумын газрын даамлаар ажиллаж байсан дүү Д.Т нь ахдаа хуурамч гэрчилгээ бичиж өгсөн байсан. Би тэгэхээр нь маргаан шийдвэрлүүлэхээр сумын Засаг даргад хандсан ба сумын Засаг даргын шийдвэрээр байгуулагдсан маргаан шийдвэрлэх ажлын хэсэг 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр газар дээр нь очиж маргааныг шийдвэрлэх гэсэн боловч Д.С нь харилцан тохиролцоогүй. Дараа нь У сумын Засаг дарга 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1/313 дугаартай албан бичгээр шүүхийн журмаар шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн.

1.5. Д.С нь миний эзэмшил газарт хууль бусаар өвөлжөө барьж миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа тул эрх ашгаа хамгаалуулахаар танай шүүхэд хандаж байна. Иймд миний нэхэмжлэлийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж миний газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа иргэн Д.Сы өвлийн байшинг албадан буулгаж, газар чөлөөлөх шийдвэр гаргаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Миний бие Д.С У сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Хөндийн ам” гэх газарт мал маллаж, 1996 оноос эхлэн оршин сууж амьдарч байна. Би маргаан бүхий газарт амьдран оршин суухдаа ямар нэгэн хууль бус шийдвэрээр оршин сууж хашаа хороо бариагүй ба эрх бүхий албан тушаалтнуудын гаргасан захирамж, шийдвэрээр олгосон гэрчилгээгээр оршин сууж байна.

2.2. 1998 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн тухайн үед У сумын Засаг дарга байсан Х гэх хүний гарын үсэгтэй 1343 дугаартай газар эзэмших гэрчилгээг У сум ** дугаар багт К гэх газарт байшин 90, хашаа 270, бусад 40 нийт 400м.кв газрыг 60 жилийн хугацаатай олгож эзэмшүүлсэн.

2.3. 2003 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тухайн үед У сумын Засаг дарга байсан Х.Бын гарын үсэгтэй 26 дугаартай сумын нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын урьд эзэмшиж байгаа газрыг үргэлжлүүлэн эзэмшүүлсүгэй гэх захирамжаар, уг захирамжийг үндэслэж нэгж талбарын 031100972 дугаар бүхий 560 м.кв газрыг 60 жилийн хугацаатай өвөлжөөний зориулалтай эзэмшүүлэхээр олгосон ** дугаартай газар эзэмших гэрчилгээгээр, 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн тухайн үед У сумын Засаг дарга байсан Ж.Сын гарын үсэгтэй А/20 дугаартай тус сумын нутаг дэвсгэрээс хуучин эзэмшиж байгаа газраа үргэлжлүүлэн эзэмшихийг хүссэн нэр бүхий 9 иргэнд 6300 кв.м газрыг хавсралт ёсоор эзэмшүүлсүгэй гэж гаргасан захирамжаар хавсралтын 6 дугаарт С.Хт ** дугаар баг Хөндий гэх газраас 700 м.кв нэгж талбарын 031100972 дугаартай өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсүгэй гэсэн захирамжаар, уг захирамжийг үндэслэн олгосон ** дугаартай 6 дугаар баг Хөндийн уулын орой 700 м.кв газрыг 50 жилийн хугацаатай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг эрхийн актуудыг эрх бүхий албан тушаалтнууд шийдвэр гаргаж олгосноор эзэмшиж байна.

2.4. Нэхэмжлэгч Т.Айн 2005 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Засаг даргын захирамжаар олгосон 650 м.кв газар нь надад олгосон маргаан бүхий газраас 1.5-2 километр газарт байгаа ба уг газрыг Т.А одоо хүртэл эзэмшиж оршин сууж байгаа. Уг газарт миний зүгээс ямар нэгэн маргаан гаргаагүй. Харин маргаан бүхий газар маань миний дээрх эрх бүхий албан тушаалтнуудын хууль ёсны 5 удаагийн шийдвэр, захирамжаар эзэмшиж байгаа газрын хажууд 400-500 метр зайтай Аийн хүү Бд 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/134 дүгээр захирамжаар 700 м.кв газрыг олгож, газрын даамал Б.Н нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр газар эзэмших гэрчилгээ бичиж өгснөөр үүссэн маргаан юм.

2.5. Миний бие 23 жилийн өмнөөс эзэмшиж байсан газраас А.Бын нэхэмжлэлээр биш энэ газрын маргаанд эрх нь зөрчигдөөгүй Т.Айн гаргасан нэхэмжлэлд хариуцагчаар оролцож байгаад гайхаж байна. Д.С миний бие Т.Айн эзэмшиж байгаа газарт хууль бусаар өвөлжөө барьж түүний хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй. Харин энэ газрын маргаан бол А.Б бид хоёрт олгосон газрын заагийг буруу тогтоосон, давхцуулан газар олгосон асуудал гэж үзэж байна. Иймд Т.Айн шүүхэд гаргасан Д.Сы өвлийн байшинг албадан буулгаж, газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул Т.Айн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл:

3.1. Т.А нь Баян-Өлгий аймгийн У сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 26 тоот захирамжаар өөрийн төрсөн дүү Т.С, хүү А.Б нартай хамтран эзэмшихээр Хөндийн ам гэдэг газраас өвөлжөөний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг 2005 оны 6 дугаар сарын 14-ний өдөр авсан байна. Энэ газар нь хариуцагч Д.С миний эзэмшил газраас 2 километр 800 метрийн зайтай байгаа ба төрөл садан хүмүүсийн хувьд ямар нэгэн маргаан гаргаж байгаагүй, бэлчээрийг хамтран эзэмшиж ирсэн.

3.2.  Т.А, А.Б нар нь 2019 оны 10 дугаар сард Хөндийн ам гэдэг газарт төрийн бус байгууллагын тусламж дэмжлэгээр өөрт олгогдоогүй газарт саравчтай хашаа хороог эрх бүхий албан тушаалтнуудын шийдвэр гаргаагүй байхад дур мэдэн барьсан нь хууль тогтоомжийг зөрчсөнөөс гадна маргаан гарах шалтгаан болсон. А.Б нь эцэг Т.Атэй хамтран эзэмших өвөлжөөний зориулалттай эзэмшил газартай атлаа дахин 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/135 дүгээртэй У сумын тухайн үеийн Засаг дарга О.Наар захирамж гаргуулан, газрын даамлаар ажиллаж байсан Б.Нгаар 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 000102361 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ бичүүлэн авсан нь Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

3.3. 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/135 дүгээртэй У сумын тухайн үеийн Засаг дарга О.Ны захирамжийн хавсралтын 2 дугаарт А.Бд Хөндийн ам гэх газраас өвөлжөөний зориулалтаар газар эзэмшүүлэх захирамж гаргасан нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн У сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 32 дугаар тогтоолоор баталсан 2020 оны Газар зохион байгуулах төлөвлөгөө-д ороогүй газраас А.Бд өвөлжөөний зориулалтаар газар эзэмшүүлэх захирамж гаргасан нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна гэх заалтуудыг зөрчсөн. Газрын тухай хуулийн 21.4-т сумын Засаг дарга газрын харилцааны талаарх дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэх заалт, 21.4.3-д энэ хуулийн 21.3.2-т зааснаар бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж зохион байгуулах гэх заалтыг зөрчсөн.

3.4. А.Бд У сумын 6 дугаар багийн Хөндийн ам гэх газраас 2 удаа газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх хэсэгт гэр бүлийн хамтын хэрэгцээний гэх заалт, 29 дүгээр зүйлийн 29.1-т иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээний гэх заалт 29 дүгээр зүйлийн 29.1-д иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0.007 га-аас илүүгүй байна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдхүй/-ээрээ Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж хуульчилсан. Иймд миний сөрөг нэхэмжлэлийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж миний газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа А.Бын 2019 онд зөвшөөрөлгүйгээр баригдсан саравчтай хашааг албадан буулгаж, газар чөлөөлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү.

 

4.Хариуцагч Д.Саас нэхэмжлэгч Т.А, А.Б нарт холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан тухай тайлбарт:

4.1. Миний бие Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч А.Бын зөвшөөрөлгүй баригдсан битүү саравчтай хашааг албадан буулгаж, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчид болох Т.А, А.Б бид төрөл садан, хамаатан хүмүүс учраас хоорондоо сайн дураараа өөр өөрсдийн эзэмшил бүхий газарт оршин сууж, шүүхэд тус тусдаа гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хоёр тал сайн дураараа татгалзаж, бэлчээрийн маргааны асуудлыг Газрын тухай хуулийн холбогдох заалтын хүрээнд багийн нийтийн хурал, сумын Засаг даргаар шийдвэрлүүлэхээр 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд миний бие Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлээсээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар сайн дураар татгалзаж байна.

 

5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШШ2022/00314 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.А, А.Б нарын хариуцагч Д.Сд холбогдуулан “газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа хариуцагчийн өвлийн байшинг албадан буулгаж, газар чөлөөлүүлэхийг хүссэн” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч Д.С нь нэхэмжлэгч Т.А, Б.Б нарт холбогдуулан “газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа нэхэмжлэгч А.Бын зөвшөөрөлгүй барьсан саравчтай хашааг албадан буулгаж, газар чөлөөлүүлэхийг хүссэн” сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6-д тус тус зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.    

 

6. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: 

6.1. Үйлчлүүлэгч Т.Аээс анх шүүхэд хандаж, Д.Сд холбогдуулан “Эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьсан өвлийн байшинг албадан буулгаж чөлөөлүүлэх тухай" нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч Д.Саас нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлээ тайлбарлахдаа: "...2003 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тухайн үед У сумын Засаг дарга байсан Х.Бын гарын үсэгтэй 26 дугаартай захирамжийг үндэслэж нэгж талбарын 031100972 дугаар бүхий 560 м.кв газрыг 60 жилийн хугацаатай өвөлжөөний зориулалттай эзэмшүүлэхээр олгосон ** дугаартай газар эзэмших гэрчилгээгээр ...2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн тухай үед У сумын Засаг дарга байсан Ж.Сын гарын үсэгтэй А/20 дугаартай “Тус сумын нутаг дэвсгэрээс хуучин эзэмшиж байгаа газраа үргэлжлүүлэн эзэмшихийг хүссэн нэр бүхий 9 иргэнд 6300 кв.м газрыг хавсралт ёсоор эзэмшүүлсүгэй” гэж гаргасан захирамжаар хавсралтын 6 дугаарт С.Хт 6 дугаар баг Хөндий гэх газраас 700 м.кв нэгж талбарын дугаар 031100972 өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсүгэй гэсэн..." гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хариуцагчийн хариу тайлбар болон үүнд хавсаргасан У сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/20 дугаартай захирамж үндэслэлтэй эсэхийг тодруулах зорилгоор аймгийн ЗДТГ-ын Архивын тасагт хандаж холбогдох захирамжийн баталгаат хуулбарыг гаргуулан авч, тус хэрэгт хавсаргасан.

6.2. Зохигчдын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт болох У сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/20 дугаартай захирамжууд хоорондоо зөрүүтэй байсан бөгөөд гэрч Ж.Сын шүүхэд өгсөн мэдүүлэгт: “...иргэний гарт байгаа захирамж өөрчлөгдөх магадлалтай учраас архивд шилжүүлж, архивд хадгалагдаж байгаа захирамжийн үлдэх хувь үнэн зөв байна ...зарим хүмүүсийн газрын хэмжээг өөрчлөөд, зарим газрыг давхардуулаад өгдөг байсан энэ тохиолдлоос өөр олон удаа гарч байсан ...энэ талаар газрын даамал Тад удаа дараа сануулж хэлж байсан”, гэрч А.Хын шүүхэд өгсөн мэдүүлэгт “...захирамжийн эх хувийг үзээд нотариатаар гэрчилсэн, ...нотариатын үйлдэл хийхдээ хавсралтыг анзаарсангүй ...эх баримт засвартай байгаа тохиолдолд нотариатын үйлдэл хийдэггүй ...сар өдөр нь засвартай болохоос бусад хэсэгт засвар байхгүй юм байна шүү", гэрч А.К шүүхэд өгсөн мэдүүлэгт "...Т гэх хүүхэд асуудалтай хүүхэд байсан. Зарим тохиолдолд хавсралтыг би өөрөө хэвлэж байна хэмээн хавсралтыг хэвлэчихдэг тохиолдлууд гарч байсан. Энэ зэрэг янз бүрийн баримтад засвар оруулдаг тухай бид эхэндээ мэдээгүй ба сүүлд нь мэдсэн ...С нь газрын даамал Тын ах. Т нь янз бүрийн зүйл хийдэг хүүхэд байсан учраас ажлаас халагдсан" гэжээ. У сумын газрын даамал Д.Н шүүхэд ирүүлсэн тайлбарт "...захирамж гарсан боловч газрын мэдээллийн санд бүртгэлгүй, нэгж талбарын хувийн хэрэг байхгүй байна" гэжээ.

Эдгээр нотлох баримтаас үзэхэд хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн ** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, ** дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ тус тус хуурамч байж болзошгүй. Тухайлбал. ** дугаартай гэрчилгээний хувьд хоёр өөр өнгийн үзэг /бэх/-ээр бичигдсэнээс гадна "өвөлжөөний” гэж бичсэн хэсгийн доорх "Тастыбулак" гэж бичсэнийг арилгасан. 1343 дугаартай гэрчилгээний хувьд “Көндей” гэсэн үг нэмж бичигдсэн. ** дугаартай гэрчилгээний хувьд “Ш", "С”. "Х" "Баян-Өлгий”, "У”, "2016”, “02”, “20”, “***”, "700”, “**-р баг хөндий уулын орой”, “02” гэж бичигдсэн хэсгүүд тус тус засварласан байж болзошгүй нөхцөл байдал илт харагдаж байна.

6.3. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу хавтаст хэрэгт авагдсан 1343 дугаартай гэрчилгээ, ** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, ** дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдэд бичигдсэн мэдээллүүд засварлагдсан эсэх, хэрэв засварлагдсан бол аль аль хэсгийг засварласан болохыг, мөн ингэж засварлахаас өмнө ямар бичиглэл буюу мэдээлэл байсан эсэхийг тус тус тодруулах зорилгоор шинжилгээ хийлгүүлэхээр шүүхэд хүсэлт гаргасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн зүгээс эдгээр нотлох баримтууд засварлагдсан эсэхийг нотлох баримтыг өөрөө олж авах, цуглуулах боломжгүй юм. Гэтэл шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэт талыг барьж нэхэмжлэгчийн нотлох баримт цуглуулах эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

6.4. Түүнчлэн, хариуцагч Д Саас нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлээ нотлох зорилгоор 1343 дугаартай гэрчилгээ, ** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, ** дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус шүүхэд гаргаж өгсөн. Эдгээр гэрчилгээнүүд болон шүүхийн үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд маргаан бүхий газрыг Д.Саас гадна түүний хүү С.Х бас эзэмшиж байгаа гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл маргаан бүхий газарт Д С биш харин түүний хүү С.Х барилга байшин барьсан болох нь нотлогдож байна. Иймээс үйлчлүүлэгч Т.Аээс хариуцагчийн жинхэнэ хариуцагчаар солих болон иргэн С.Хийг тус хэргийн хамтран хариуцагчаар татан оролцуулах тухай хүсэлтүүдийг гаргасан. Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийг ийм агуулгатай хүсэлт гаргах эрхгүй мэтээр үзсэн төдийгүй хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу Т.Айн хүү А.Быг хамтран нэхэмжлэгчээр тогтоож, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтүүдийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон байна.

6.5. Хэргийн материалтай танилцаж үзэхэд А.Бын хувьд шүүхэд ганц хоёр удаа ирсэн бөгөөд үүнээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байна. Үйлчлүүлэгч Т.А хүү А.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаагаа илэрхийлсэн боловч хэрэгт ямар нэгэн итгэмжлэл авагдаагүй байна. Гэтэл шүүхээс үйлчлүүлэгч Т.А, түүний хүү болох А.Быг төлөөлөх эрхтэй мэтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаад явсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болжээ.

6.6. Мөн түүнчлэн, хэргийн материалтай танилцаж үзэхэд үйлчлүүлэгч Т.Аээс маргаан бүхий газарт үзлэг хийлгүүлэх тухай хүсэлт гаргасан, шүүхээс уг хүсэлтийг хангасан боловч нэхэмжлэгчийн уг ажиллагаанд оролцуулах эрхийг нь зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, шүүхээс үзлэгийг хэзээ хийх гэж байгааг нэхэмжлэгчид албан ёсоор мэдэгдсэн тухай баримт хэрэгт байхгүй байна. Нөгөөтээгүүр, шүүхээс хавтаст хэрэгт цугларсан зарим материалыг хэргийн оролцогчид танилцуулаагүй байна.

6.7. Угтаа бол процессын хууль шүүх, шүүгчийн шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын ажлыг хөнгөвчилдөг, эрх мэдлийг нь хамгаалдаг биш, харин хүний эрхийг хамгаалдаг хууль билээ. Гэтэл энэ тохиолдолд шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ удаа дараа хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан шинжтэй зөрчил гаргасан болох нь харагдаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

7. Хариуцагчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

7.1. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. 1998 оноос хойш хамт амьдарч байсан ба тухайн оноос эхлэн гэрчилгээгээ авсан. 2020 онд Бын нэр дээ Дэлхийн зөн байгууллагаас миний хашаанд ойрхон хашаа барьж өгсөн. Тэрнээс болж газрын маргаан гарч эхэлсэн. Эндээс яв гэж дарамталдаг болсон. Хамаатан садан хүн байна эвтэй, найртай сууя гэхээр Т дүү чинь байхад гэрчилгээ  бичүүлж авсан, явахгүй бол шүүхэд нэхэмжлэл гаргана гэж хэлсэн.

7.2. Шүүхээс хоёр хүн очиж үзлэг хийсэн. Өмгөөлөгч нарын зүгээс хамаатан садан хүмүүс юм байна хоорондоо ярилцаж, эвлэрээрэй гэж хэлсэн. Тухайн үед Аи хүлээн зөвшөөрсөн байсан. Гэрчилгээний хувьд ямар ч асуудалгүй.

7.3. Набидолдагийн үед гэрчилгээг хамаагүй бичдэг байсан. Нэг гэрчилгээнд Тастыбулах, Хөндий гэх зэргээр бичсэн байсан. Тухайн үед Тастыбулахт гэрчилгээ бичүүлээгүй. Хөндий гэж бичигдсэнийг засаж гараар Тастыбулах гэж бичсэн байсан. Тэр нь 1998 оны гэрчилгээ байсан.  Тэрнээс хойш 2003 онд гэрчилгээг солиулсан.

7.4. 2016 онд Т гэрчилгээгээ солих уу, таныг гэрчилгээгээ боль гэж байна гэхээр нь хүүхдийнхээ нэрийг бичүүлсэн. Энэ хүний хэлж байгаагаар 8-9 хүний нэр бичигдсэн асуудлыг мэдэхгүй. 2003 онд гараар бас бичүүлж байсан. Тэрнээс хойш оршин сууж байгаа газар маань. Миний хашаанд 1 километр ойрхон барьсан. Тын  юу хийгээд яваад байгааг нь би мэдэхгүй. Тын үед Хийн нэрийг бичүүлсэн маань үнэн. Би хүүхдийнхээ нэрийг бичүүлэх эрхтэй.

 

8. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

8.1. Миний үйлчлүүлэгч 1998 оны 2 дугаар сарын 18-ны өдөр тухайн үед У сумын Засаг дарга байсан Хажек гэх хүний гарын үсэгтэй, 1343 дугаартай газар эзэмших гэрчилгээгээр У сумын ** дугаар баг, Хөндий гэх газарт нийт 400 м.кв газрыг 60 жилийн хугацаатайгаар эзэмшсэн.

8.2. Дараа нь 2003 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тухайн үед У сумын Засаг даргын байсан Х.Бын  гарын үсэгтэй 76 дугаартай сумын нийт иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын урьд эзэмшиж байгаа газрыг үргэлжлүүлэн эзэмшүүлсүгэй гэх захирамжаар захирамжилсан шийдвэр гарсан. Үүний дагуу 2003 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн  тухайн үед У сумын Засаг дарга байсан Х.Бын гарын үсэгтэй 26 дугаар захирамжийг үндэслэн 560 м.кв газрыг 60 жилийн хугацаатайгаар өвөлжөөний зориулалтаар олгосон №** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон.

8.3. 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А/67 тоот У сумын Засаг дарга О.Ны эзэмшүүлж буй газрыг өмчлүүлэх, эзэмшүүлэх тухай захирамжийн 1-т тус сумын иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад газар эзэмшүүлсэн 2003 оны 26 дугаар захирамж хавсралтгүй байсан тул тус захирамжийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон бөгөөд ямар нэгэн зөрчил маргаангүй газрыг эзэмшиж буй 27 иргэнд хавсралт ёсоор эзэмшиж буй 18900 м.кв газрыг үргэлжлүүлэн эзэмшүүлсүгэй гэх захирамжилсан шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу газрын даамал нь программд оруулсан. Одоогийн байдлаар Сы эзэмшлийн газар болоод явж байгаа. Энэ захирамжийн 20 дугаарт Сд “Хөндийн ам” гэх газраас 700 м.кв газар олгосон байсан. Бусдын газрыг эзэмшээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон.

8.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Тын асуудлын талаар дурдаж байна. 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн тухайн үед У сумын Засаг дарга байсан Силамболын гарын үсэгтэй А/20 дугаартай тус сумын нутаг дэвсгэрээс хуучин эзэмшиж байгаа газраа үргэлжлүүлэн эзэмшихийг хүссэн нэр бүхий 9 иргэнд 63000 м.кв газрыг хавсралт ёсоор эзэмшүүлсүгэй гэж гаргасан захирамжийн хавсралтын 6 дугаарт  С.Х, 6 дугаар баг, Хөндий гэх газраас 700мкв газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсүгэй гэж байгаа. Энэ захирамж нь хариуцагч Сд ямар ч хамааралгүй. Уг захирамжийг гаргахдаа энэ хүмүүст мэдэгдэхгүйгээр захирамж гарсан байсан. Анх нотлох баримтаар  гаргаж өгсөн. Гэхдээ дараа нь нэхэмжлэгч талаас  архиваас нотлох баримт гаргаж өгөхөд хуурамч байсан нь тогтоогдсон тул хүчингүй болсон гэж ойлгосон.

8.5. Дараа нь 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдөр захирамж гаргаж Сы эзэмшиж байгаа газар нь 2003 оны захирамжаар үргэлжлүүлэн олгосон газар нь мөн байна гэдэг нь тогтоогдсон. Маргаан бүхий газрын гол  асуудал нь Сы өвөлжөөнөөс наашаа 1 км газарт Дэлхийн зөн байгууллагын санхүүжилтээр Бд хашаа татсан. Тухайн хашаа, байшин барьсан газар нь 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газар болох нь тогтоогдсон. Гэхдээ энэ хүмүүс хоорондоо төрөл садангийн холбоотой тул Бтой маргаагүй. Аийн газар нь миний газраас 2 киломер 800 метрийн зайтай болох нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон тул Аи надтай маргах ямар ч үндэслэл байхгүй.

8.6. Тиймээс Бын өвөлжөөг буулгаж өгөх тухай сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж, бэлчээрийг дараа нь хамтдаа эзэмших талаар эвлэрлийн гэрээ байгуулсан. Тухайн эвлэрлийн гэрээг шүүхээс баталгаажуулаагүй гэдгийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс дурдсан. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн  52.7-д “Өвөлжөө, хаваржааны доорх газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно”, мөн хуулийн 52.10-т “Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ” гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл шүүхээр баталгаажуулах талаар зохицуулагдаагүй.

8.7. Шинжээч томилох асуудлын талаар дурдсан. Тухайн үед хуурамч баримт бичиг эсэх, нэмж бичигдсэн эсэхийг тогтоох тухай А.С өмгөөлөгчийн хүсэлтийг  2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн захирамжаар хангахаас татгалзсан шийдвэр гаргасан. А.С өмгөөлөгчийн зүгээс тухайн захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүний дагуу 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр  40  дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх тухай шүүхийн тогтоол гарсан. Хавтаст хэрэгт авагдсан гэрчилгээний үг, үсэг засварлагдсан, нэмж бичигдсэн эсэх  асуудал  үүгээр шийдвэрлэгдсэн байсан. Мөн шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа хэргийн оролцогч нарын эрхийг зөрчсөн зөрчил гаргасан гэж байгаа. Ямар нэгэн эрхийг хязгаарлаагүй. Шүүх хуралдааны тэмдэглэлийг харах юм бол Бын итгэмжилсэн төлөөлөгчөөр Аи оролцож байгаа гэдгийг А.С өмгөөлөгч өөрөө тайлбарласан. Шүүгчээс итгэмжлэл байгаа эсэхийг асуухад “хавтаст хэрэгт байгаа” гэж хэлсэн байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

9. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хэргийг бүхэлд нь хянаж үзээд, нэхэмжлэгч Т.А, А.Б нарын хариуцагч Д.Сд холбогдуулан гаргасан “Газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй Д.Сы өвлийн байшинг чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж дүгнэв.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин “үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож,  шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгсөн байдлыг тус тус ойлгоно.

 

11. Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн, бусдын хууль бус эзэмшлээс  газар чөлөөлүүлэх тухай маргааны үйл баримт, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг үндэслэлтэй зөв дүгнэж, Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, Т.А нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх дээрх шаардлагыг хангасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

 

12. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Баян-Өлгий аймгийн У сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 26 дугаартай захирамж, 2005 оны 6 дугаар сарын 14-ний өдөр олгосон 031101061 дугаар нэгж талбарын 0068921 дугаартай газар эзэмших гэрчилгээ, Баян-Өлгий аймгийн У сумын Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А/67 дугаартай захирамж, түүний хавсралт зэрэг бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч Т.А нь Баян-Өлгий аймгийн У сумын 6 дугаар багийн “Хөндийн ам” гэх газарт 700 м.кв газрыг 43 жилийн хугацаагаар өвөлжөөний зориулалтаар эзэмшдэг, мөн У сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/134 дүгээр захирамж, түүний хавсралт, 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр олгосон 8317002366 нэгж талбарын 00010236 дугаартай газар эзэмших гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч А.Б нь У сумын 6 дугаар баг “Хөндийн ам” гэх газарт өвөлжөөний зориулалтаар 700 м.кв газрыг 43 жилийн хугацаатайгаар эзэмшдэг нь тогтоогдож байна.

 

13. Нэхэмжлэгч Т.А, А.Б нарын У сумын 6 дугаар баг “Хөндийн ам” гэх газарт өвөлжөөний зориулалтаар тус тус эзэмшиж буй 700 м.кв газар, хариуцагч Д.Сы өвлийн байшин барьсан У сумын 6 дугаар багийн “Хөндийн ам” гэх газарт тус тус давхцаагүй болох нь хэрэгт авагдсан, тухайлбал зохигчийн тайлбар, шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтуудаар бодитой, эргэлзээгүй тогтоогдож байх тул хариуцагч Д.Сы  У сумын 6 дугаар багийн “Хөндийн ам” гэх газарт өвлийн байшин барьсан үйлдэл нэхэмжлэгч нарын субьектив эрхийг хөндсөн, зөрчсөн, эсхүл түүний өөрийн эзэмшлийн газрыг ашиглах эрхэд саад учруулсан гэх бодит нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсонгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэрэгт авагдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлжээ.  

 

14. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн маргаан бүхий У сумын 6 дугаар багийн “Хөндийн ам” гэх газарт 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтний схем зургаар нэхэмжлэгч Т.Айн өвөлжөөний газраас  хариуцагч Д.Сы өвөлжөөний газар хүртэл 2800 метр, нэхэмжлэгч А.Бын У сумын **-р багийн “Хөндийн ам” гэх газарт өвөлжөөний зориулалттай 700 м.кв газарт байгаа саравчтай хашаанаас хариуцагч Д.Сы барьсан гэх байшин хоорондох зай нь 1000 метр байх тул  нэхэмжлэгч нарын “Д.С нь хууль бусаар өвөлжөө барьж, бидний хууль ёсны эрх ашгийг зөрчсөн” гэх нэхэмжлэлийн үндэслэл үгүйсгэгдэж байна.

 

15. Хариуцагч Д.С нь нэхэмжлэгч Т.А, А.Б нарт холбогдуулан газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа нэхэмжлэгч А.Бын зөвшөөрөлгүй барьсан саравчтай хашааг албадан буулгаж, газар чөлөөлүүлэхийг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдааны болохоос өмнө уг шаардлагаасаа татгалзсан тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Д.Сы нэхэмжлэгч нарт холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцжээ.

 

16. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч “хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн газар эзэмших эрхийн гэрчилгээнүүд засварлагдсан байж болзошгүй, У сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/20 дугаартай захирамжууд хоорондоо зөрүүтэй /хэргийн 1 дүгээр хавтасны 25 дахь талын арын нүүр ба 81 дэх хуудас/, маргаан бүхий газарт байшинг Д.С биш түүний хүү С.Хазыбек барьсан, нэхэмжлэгч А.Бд шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, хэргийн материалыг танилцуулаагүй” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргасныг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд судлан үзвэл:

- Нэхэмжлэлд дурдсан өвлийн байшинг хариуцагч Д.С барьж, эзэмшдэг талаар өөрөө анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд удаа дараа хүлээн зөвшөөрч маргаагүй учир түүний хүү С.Хазыбекийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцуулаагүй анхан шатны шүүхийн үйл ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 274 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт нийцсэн, хууль ёсны зарчмыг хангасан байна.

- Хариуцагчийн газар эзэмших эрхийг тодорхойлох зарим нотлох баримтууд, тухайлбал хэрэгт хоёр удаа авагдсан У сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/20 дугаартай захирамжуудын хавсралт нь хоорондоо зөрүүтэй болох илт байгаа боловч хариуцагч нь нэхэмжлэгч нарын эзэмшил газарт оруулж барилга, байшин барьсан нь тогтоогдоогүйгээс эдгээр нөхцөл байдлууд нь хэрэгт хамааралтай буюу нэхэмжлэгчийн субьектив эрхийг хөндсөн гэж үзэх, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл болохгүй юм.

- Нэхэмжлэгч А.Бд шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, хэргийн материал танилцуулаагүй гэх боловч түүнд хэргийн 147, 150 дугаар талд авагдсан баримтуудаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь шүүхээс танилцуулж, хэргийн материалтай танилцуулсан баримтад гарын үсэг зуруулсан бөгөөд анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд түүний эцэг Т.Айн “Нэхэмжлэгч А.Б миний төрсөн хүү байдаг юм. Тэрээр одоо оторт мал оторлуулахаар явсан учраас шүүхэд ирж чадахгүй. Тийм учраас би хүүгээ төлөөлөөд шүүх хуралдаанд оролцох болно. Шүүх хуралдааныг нэхэмжлэгч А.Бын эзгүйд хийж өгнө үү” гэх тайлбар, нэхэмжлэгч Т.Ад 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн баримт /хэргийн 1 дүгээр хавтасны 234 дэх тал/ зэргийг үндэслэж өмгөөлөгчийн нэхэмжлэгч А.Бд шүүх хуралдааны товыг шүүхээс мэдэгдээгүй гэх давж заалдах гомдлыг бодит үндэслэлгүй гэж дүгнэв.

 

17. Иймд дээрх үндэслэлүүдээр Т.А нарын хариуцагч Д.Сд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 сарын 28-ны өдрийн 130/ШШ2022/00314 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч А.Сы давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4,  57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ      

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       С.ӨМИРБЕК