Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 212/МА2022/00053

 

Тбанкны Баян-Өлгий салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2022/00270 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Тбанк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Тбанкны Баян-Өлгий салбарын харьяа Өлгий тооцооны төвийн харилцааны менежер К.Еы нэхэмжлэлтэй, хариуцагч *** оршин суух С.М, А.А нарт холбогдох,    

Хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 10173023 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2055706 төгрөг, нийт зээл, хүүгийн төлбөр 12228730 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хариуцагч А.Аы давж заалдах гомдлыг үндэслэж, 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл:   

1.1. Зээлдэгч С.М нь Баян-Өлгий аймаг дахь Хилийн цэргийн 0165 дугаар ангид ажиллаж байхдаа Тбанкны Өлгий тооцооны төвтэй 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр №290000520514 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ” /цалингийн зээл/ байгуулан 23.223.230 /Хорин гурван сая хоёр зуун хорин гурван мянга хоёр зуун гуч/ төгрөгийн зээлийг жилийн 15.60 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар цалингийн зээл авсан бөгөөд зээлийн барьцаанд цалингийн орлого болон гэрийн эд хогшил барьцаалсан.

1.2. Зээлдэгч С.М, М.А нар нь үндсэн зээлээс 10.158.425 төгрөгийг үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлсөн боловч гэрээний хавсралт 1-д заасан зээл, зээлийн хүүг төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлөхгүй, банкны ажилтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, зээлийн гэрээний 3.2.1-т заасан үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрлээ.

1.3. Иймээс С.М, А.А нартай байгуулсан Барьцаат зээлийн гэрээ /цалингийн зээл/-ний 2 дугаар зүйлийн 2.2.1 заалт, 3 дугаар зүйлийн 3.2.8. 3.3, 4 дүгээр зүйлийн 4.1.5 заалт, 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.1, 6.2.2, 6.3 заалтыг үндэслэн 2022 оны 1 дүгээр сарын 27-ний өдрийн байдлаар үндсэн  зээлийн үлдэгдэл 10,173,023 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,055,706 төгрөг нийт 12,228,730 төгрөгийг гаргуулж өгнө үү.  

 

2. Хариуцагч С.М-ийн тайлбар, татгалзал:

2.1. А.А бид хоёр 2018 онд өөрсдөө хувийн сууц барих зорилгоор 23000000 төгрөгийн зээлийг миний цалин болон гэрийн эд хогшил зэргийг барьцаалан авсан нь үнэн. Уг зээлийг бид хоёр 2021 оны 8 дугаар сар хүртэл хугацаандаа хуваарийн дагуу төлж ирсэн боловч өнгөрсөн 7 дугаар сард ажлаас халагдсан тул төлж чадаагүй тул зээлийн хүүгийн төлбөрийн хамт төлөхөөр болж байгаа.

2.2. 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр эхнэр бид хоёр шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан. Зээл авсны дараа өөрсдийн хашаан дотор улаан тоосгоор 2 давхар хувийн сууц барьж эхэлсэн ба 1-р давхрын өрөг угсралтыг дуусгасан, цаашид 2 дугаар давхрыг үргэлжлүүлэн барих материалууд хашаан дотор байгаа бөгөөд мөн дээрх мөнгөөрөө хашаанд зуны байр, гарааж, хүнсний амбаар зэргийг барьсан.

2.3. Дээрх банкнаас авсан цалингийн зээлээ дундаа хамтран өмчлөх хөрөнгөтэй болох зорилгоор зарцуулсан, босгосон хөрөнгө газар дээр байна. Түүнээс биш ганцаараа аваад өөр зүйлд зарцуулсан, өөртөө тусдаа ашигласан зүйл байхгүй.

2.4. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага зээл, хүүгийн хамт 12228730 төгрөгийг 50 хувиар хамтран зээлдэгч А.А бид хоёрт  хувааж төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү.

 

3. Хариуцагч А.Аы тайлбар, татгалзал:

3.1. Миний нөхөр болох С.М бид хоёр гэр бүл болсноос хойш байнга архи ууж намайг дарамтлан хэл амаар доромжилж удаа дараа зодож миний эрх чөлөөнд халдаж байсан болохоор 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан.

3.2. Миний хүү И гэнэт өвдөж эмнэлэгт үзүүлэхэд яаралтай Улаанбаатар явах шаардлагатай гэсэн тул би хүүгээ авч 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хот яваад улмаар 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүү хагалгаанд орж хавдраа авхуулан шинжилгээ хийлгэхэд ясны хавдартай гэж гарсан бөгөөд Монгол Улсад эмчлэх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Шинжилгээний хариуг Турк улсад илгээснээр 245000000 төгрөгөөр эмчлэх боломжтой гэсэн хариу ирүүлсэн тул ах дүү, нутгийн зон олноос хандив цуглуулж, 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Турк улсыг зорьж хүүгээ эмчлүүлж байгаад сая буюу 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Өлгийд ирсэн. Одоо би дахин хүүгээ авч Турк улсад очин дараагийн шатны эмчилгээ хийлгэх юм. Миний өнөөгийн туйлын зорилго хүүгээ эсэн мэнд болгож эмчлүүлж авах тул Мээс гэрлэлтээ цуцлуулж хүүхэдтэйгээ амар тайван амьдрах юм.

3.3. Зээлийн хувьд С.М өөрийнх нь авсан цалингийн зээл бөгөөд энэхүү мөнгийг нэг дор бөөнөөр аваагүй өмнөх авсан зээлд нэмж 1-2 сая авсаар байгаад хүүгийн хамт ийм болсон байна. Цувуулж авсан зээлээс С.М гэр бүлийн хэрэгцээнд нэг ч төгрөг зарцуулж байгаагүй бөгөөд өөрөө л үрэн таран хийж (архи, зээл, торгууль гэх мэт) дуусгасан байна.

3.4. Харин дээр дурдсанчлан С.М гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг тул би нэг өдрийн гэр бүл, хүүхдүүдийн амар тайван байдлыг бодож айсандаа түүний шаардсанаар хамтран хариуцагчаар гарын үсэг зурсан байсан.

3.5. Зээлийн гэрээгээр С.М өөрөө 100 хувийн хариуцлага хүлээх ёстой байх ба харин хамтран зээлдэгчээр гарын үсэг зурснаар би С.М байхгүй тохиолдолд түүний гэрээгээр хүлээсэн үүргийг (нас барсан, сураггүй алга болсон, эрх зүйн чадамжгүй болсон гэх мэт) хүлээдэг болохоос хариуцагч өөрөө байсан үед би хариуцлага хүлээх учиргүй гэж үзэж байна.

3.6. Иймд миний хувьд С.Мийн авсан цалингийн зээл надад хамаагүй бөгөөд С.М зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ өөрөө хариуцах учиртай бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2022/00270 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1, 242 дугаар зүйлийн 242.11-д заасныг тус тус баримтлан хариуцагч С.Мээс зээл, хүүгийн төлбөр 6114365 (зургаан сая нэг зуун арван дөрвөн мянга гурван зуун жаран таван) төгрөг, хариуцагч А.А (А)-аас зээл, хүүгийн төлбөр 6114365 (зургаан сая нэг зуун арван дөрвөн мянга гурван зуун жаран таван) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Тбанкны Баян-Өлгий салбарт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Тбанкны Баян-Өлгий салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228756 төгрөгийн 210610 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэгчийн илүү төлсөн 18146 төгрөгийг 18146 (арван найман мянга нэг зуун дөчин зургаан) төгрөгийг аймгийн Тсан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас, хариуцагч С.Мээс 105305 (нэг зуун таван мянга гурван зуун таван) төгрөг, хариуцагч А.А (А)-аас 105305 (нэг зуун таван мянга гурван зуун таван) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Тбанкны Баян-Өлгий салбарт олгож шийдвэрлэжээ.  

 

5. Хариуцагч А.Аы давж заалдах гомдлын агуулга:

5.1. Тбанкнаас авсан уг зээл нь С.Мийн цалингийн зээл бөгөөд тухайн цалингийн зээлийн гэрээнд миний хувьд хамтран хариуцагчаар гарын үсэг зурсан болохоос уг мөнгөнөөс би нэг ч төгрөг аваагүй. С.М өөрөө хувьдаа зарцуулсан. Чухам юунд зарцуулсан болохыг мэдэхгүй бөгөөд мөнгө хэрэг боллоо энд, тэнд өртэй боллоо өрөө өгнө гэж авдаг байсан.

5.2. Мөн С.М тухайн мөнгөнөөс гэр бүлдээ нэг ч төгрөг зарцуулж байгаагүй. Би дуртайдаа хамран хариуцагчаар гарын үсэг зураагүй бөгөөд он удаан жилийн турш гэр бүлийн хүчирхийлэл амсаж ирсэн учир нөхөр С.Мээс айсандаа, нэг өдрийн амар тайван байдлыг бодон гэрээнд гарын үсэг зурдаг байсан. Энэ талаар анхан шатны шүүхэд бичгээр өгсөн тайлбар болон шүүх хуралдааны тэмдэглэлд дэлгэрэнгүй бичигдсэн байх тул дахин дахин бичих шаардлагагүй гэж үзлээ.

5.3. Миний хүү И өвдөж ясны хавдартай гэж гарсан бөгөөд Монгол Улсад эмчлэх боломжгүй гэж дүгнэлт гарсан. Шинжилгээний хариуг Турк улсад илгээснээр 245.000.000 төгрөгөөр эмчлэх боломжтой гэсэн хариу ирүүлсэн тул ах дүү, нутгийн зон олноос хандив цуглуулж, 2020 оны 7 сарын 09-ний өдөр Турк Улсыг зорьж хүүгээ эмчлүүлж байгаад сая буюу 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Өлгийд ирсэн. Одоо өнөө маргааш дахин хүүгийн дараагийн шатны эмчилгээ хийлгэхээр Турк улс руу явж байгаа юм.

5.4. Манай нөхөр асан М нь би хүүгээ эмчлүүлэх гэж харийн нутагт зовж явахад намайг боддоггүй юмаа гэхэд өвдөж шаналж буй хүүхдэдээ урам зориг хайрлан ганц ч удаа холбогдсонгүй. Өвчтэй хүүгийнхээ өвчнийг маш их хэмжээний зардал гаргаж эмчилгээ хийлгэж байгааг мэдэж байгаа атлаа хүүгийн эмчилгээний зардалд хүний урманд 10.000 төгрөг болтугай өгч байгаагүй. Харин эсрэгээр бидэнд гай болж би хүүхдийнхээ эмчилгээний зардлыг олох гэж ядаж явахад С.Мийн цалингийн зээл авч голдуу архи, зугаа цэнгэлд зарцуулсан мөнгөний талыг надаар төлүүлж буй нь үнэхээр гомдмоор шударга бус явдал юм.

5.5. Эцэст нь дүгнэж хэлэхэд зээл авсан С.М нь амьд сэрүүн, эрх зүйн чадамжтай эрүүл саруул байсаар байтал С.Мийн зөвхөн амин хувьдаа зарцуулсан зээлийн мөнгийг төлөлцөж түүний өмнөөс би хариуцлага хүлээх учиргүй. С.Мийн авсан зээл надад огт хамаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж А.А надаар 6114365 төрөг төлүүлсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож банкны нэхэмжилж буй мөнгийг авсан эзэн нь болох С.Мээр төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1. Хамтран зээлдэгч үндсэн зээлдэгчийн адил үүрэг хүлээнэ гэснээр хамтран зээлдэгчээр А.А гарын үсэг зурж байгаа. Хэрэв үндсэн зээлдэгчийн зээл төлөгдөхгүй бол би төлж өгнө гэсэн батлан даагчийн хувиар орж байгаа гэсэн үг. Тиймээс зээлийг хоёулынгаас нь шаардаж байна. Хоёулаа хамт зээл аваад хамт хэрэглэсэн гэдэг утгаар нэхэмжилж байна.  Анх зээл авахдаа хоёулаа эрх үүргээ бүрэн ойлгож энэ зээлийг авч байсан. Хэн ч хүчээр гарын үсэг зуруулаагүй.

 

ХЯНАВАЛ:

            7. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Аы гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

           

8. Нэхэмжлэгч Тбанк нь хариуцагч С.М, А.А нарт холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр №290000520514 дугаартай Барьцаат зээлийн гэрээ (цалингийн зээл) байгуулан, 23223230 төгрөгийн зээлийг жилийн 15,60 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээл олгосон бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдэл 10173023 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2055706 төгрөг, нийт зээл, хүүгийн төлбөр 12228730 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч С.М нь “нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдэл 10173023 төгрөг, зээл хүүгийн төлбөр 2055706 төгрөг, нийт зээл, хүүгийн төлбөр 12228730 төгрөгийг хариуцагч А.А бид хоёрт тэнцүү хувааж төлүүлэхийг хүсэж байна” гэж, хариуцагч А.А нь “С.М авсан цалингийн зээлээ өөрөө 100 хувь хариуцан төлөх ёстой. С.М зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ өөрөө хариуцах тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүссэн байна гэж маргажээ.

 

9. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1, 242 дугаар зүйлийн 242.11-д заасныг тус тус баримтлан хариуцагч С.Мээс зээл, хүүгийн төлбөрт  6114365 төгрөг, хариуцагч А.А (А)-аас зээл, хүүгийн төлбөрт 6114365 төгрөгийг тус тус гаргуулан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үнийг хариуцагч нараар тэнцүү хувааж төлүүлэн, Тбанкны Баян-Өлгий салбарт олгохоор шийдвэрлэжээ.

 

10. Хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээнд хариуцагч А.Аы нэр А.А гэж бичигдсэн бөгөөд хариуцагч Ожыхкүзен овогт Аманкелдийн А нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нэрээ Ожыхкүзен овогт Аманкелдийн А гэж өөрчилсөн нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр олгосон Монгол Улсын Иргэний үнэмлэх болон овог, эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний лавлагаагаар нотлогдож байна. 

11. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Тбанк нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр №290000520514 дугаартай Барьцаат зээлийн гэрээ (цалингийн зээл) байгуулан, 23223230 төгрөгийн зээлийг жилийн 15,60 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээлдүүлж, гэрээний зүйлийг шилжүүлсэн, зээлдэгч нь тогтоосон хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүрэг хүлээж, мөнгийг хүлээн авсан үйл баримтуудад талууд маргаагүй, гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Тбанк болон С.М, А.А нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчээс үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд биелүүлэхийг шаардах эрхтэй байна.

 

12. Хариуцагч (зээлдэгч) С.М, хариуцагч (хамтран зээлдэгч) А.А нар нь хууль ёсны эхнэр нөхрийн хувьд хамтран амьдрах хугацаанд буюу 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Тбанкны Баян-Өлгий аймаг дахь Өлгий тооцооны төвөөс өмнөх зээлийн үлдэгдэл 19223229.73 төгрөгт, 4000000 төгрөгийг нэмэлтээр зээлж, нийтдээ 23223229.73 төгрөгийн зээл авч, барьцаат зээл (цалингийн зээл)-ийн гэрээ болон зээлтэй холбоотой бусад баримтуудад үндсэн зээлдэгчээр С.М, хамтран зээлдэгчээр А.А тус тус гарын үсэг зурсан нь тогтоогджээ.

“Барьцаат зээлийн гэрээ (цалингийн зээл)-ний 3 дугаар зүйлийн 3.3-д “Хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ” гэж заасныг үнэлж, ... шүүхийн шийдвэрээр С.М, А.А нарын гэрлэлтийг цуцалсан, мөн С.М нь Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаалаар 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс албан тушаалаас чөлөөлөгдөж, цэргийн албанаас халагдсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, мөн хамтран зээлдэгч А.А нь зээлсэн мөнгийг үндсэн зээлдэгч С.М өөрийн хэрэгцээнд зарцуулсан гэж маргасан боловч холбогдох нотлох баримтаар нотолж чадаагүй” гэж дүгнэж, Иргэний хуулийн 242 дүгээр зүйлийн 242.1, 242.13 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зээл, зээлийн хүү нийт 12228730 төгрөгийг үндсэн зээлдэгч С.М, хамтран зээлдэгч А.А нарт тэнцүү хувааж төлүүлэх нь зүйтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчжээ.

13. Хариуцагч С.М нь “А.А бид хоёр 2018 онд өөрсдөө хувийн сууц барих зорилгоор 23000000 төгрөгийн зээлийг миний цалин болон гэрийн эд хогшил зэргийг барьцаалан авсан нь үнэн, 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр эхнэр бид хоёр шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан, зээл авсны дараа өөрсдийн хашаан дотор улаан тоосгоор 2 давхар хувийн сууц барьж эхэлсэн ба 1-р давхрын өрөг угсралтыг дуусгасан, цаашид 2 дугаар давхрыг үргэлжлүүлэн барих материалууд хашаан дотор байгаа бөгөөд мөн дээрх мөнгөөрөө хашаанд зуны байр, гарааш, хүнсний амбаар зэргийг барьсан. Дээрх банкнаас авсан цалингийн зээлээ дундаа хамран өмчлөх хөрөнгөтэй болох зорилгоор зарцуулсан, босгосон хөрөнгө газар дээр байна. Түүнээс биш ганцаараа аваад өөр зүйлд зарцуулсан, өөртөө тусдаа ашигласан зүйл байхгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага зээл, хүүгийн хамт 12228730 төгрөгийг 50 хувиар хамтран зээлдэгч А.А бид хоёрт  хувааж төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү” гэж нэхэмжлэлийн зарим шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ баримтаар нотлоогүй, нөгөө талаар талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.2.4 дэх заалтад хамтран үүрэг гүйцэтгэгчийн үүрэг хүлээх нөхцөл, журмыг тодорхой тусгаж зохицуулсан байх тул Тбанктай байгуулсан зээлийн гэрээний зориулалт, барьцааны зүйл, зээлдэгч С.Мийн цалинг барьцаалж олгосон буюу тухайн үндсэн зээлдэгчийн санхүүгийн эх үүсвэрт тулгуурлаж өгсөн зээлийн онцлог зэргийг харгалзаж, нэхэмжлэлээс хариуцагч А.Ад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч С.Мээр нэхэмжлэлийн үнийг бүрэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь Тбанк нь цалингийн зээл олгохдоо хариуцагч С.Мийн цалин болон гэрийн эд хогшил барьцаалсан, зээлийг хариуцагч С.Мийн дансанд шилжүүлсэн, зээл авснаас хойш С.М, А.А нар гэрлэлтээ шүүхээр цуцлуулсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогджээ. Хэдийгээр  2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр №290000520514 дугаартай  цалингийн зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д “Хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ” гэж заасан боловч энэ нь гэрээний ерөнхий зарчмын зохицуулалт бөгөөд тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.4 дэх заалтад “Монгол Улсын Иргэний хуульд заасан нөхцөл байдал бий болсон /зээлдэгч нас барах, эрх зүйн чадамжгүй болох, сураггүй алга болсонд тооцогдох зэрэг/ тохиолдолд хуулийн дагуу зээлдэгчийн өв залгамжлагч, хамтран зээлдэгч, батлан даагч, баталгаа гаргагч нь энэ гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлтэй холбогдон гарсан бусад төлбөр, зардлыг бүрэн хариуцна” гэж хамтран зээлдэгчийн үүрэг хүлээх үндэслэл журам, нөхцөлийг тодорхой заасан байна. Иймээс талуудын хооронд байгуулагдсан ээлийн гэрээний 3.2.4-д заасан нөхцөл байдал үүсээгүй тохиолдолд хариуцагч А.А нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д заасан зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээх үндэслэлгүй.

Мөн зээлийн гэрээний 3.2.4-д заасан нөхцөл байдал үүсээгүй байхад анхан шатны шүүх хамтран зээлдэгч хариуцагч А.Ааас Тбанкны  нэхэмжлэлийн шаардлага үндсэн зээлийн үлдэгдэл 10173023 төгрөг, зээл хүүгийн төлбөр 2055706 төгрөг, нийт  12228730 төгрөгийн 50 хувь болох 6114365 төгрөгийг гаргуулан шийдвэрлэхдээ нотлох баримтад үндэслээгүй, хэргийн үйл баримтад Иргэний хуулийн 242 дүгээр зүйлийн 242.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг буруу хэрэглэсэн байх тул энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч А.Аын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2022/00270 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 251.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч С.Мээс зээл, зээлийн хүүгийн төлбөрт 12.228.730  (арван хоёр сая хоёр зуун хорин найман мянга долоон зуун гуч) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Тбанкны Баян-Өлгий салбарт олгож, нэхэмжлэгчийн хариуцагч А.Ад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 

шийдвэрийн 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Тбанкны Баян-Өлгий салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228756 төгрөгийн 210610 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэгчийн илүү төлсөн 18146 (арван найман мянга нэг зуун дөчин зургаан) төгрөгийг аймгийн Тсан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас, хариуцагч С.Мээс 210610 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Тбанкны Баян-Өлгий салбарт олгосугай.” гэж  өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч А.Аы гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Аы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112.779.84 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

                                    ШҮҮГЧ                                                                        Д.КӨБЕШ