Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 171

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр,

Шүүгдэгч Б.Эгийн өмгөөлөгч Д.Зулаа,

Шүүгдэгч М.Агийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн,

Шүүгдэгч Б.Э, М.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч М.А, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч Б.Э нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.А, Б.Э  нарт холбогдох эрүүгийн 1830002230154 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

Нэг. Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сүхбаатар аймгийн Асгат сумын 4 дүгээр баг Дэлгэрийн ...тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б.Э.

 

Хоёр. Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Асгат суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт, Сүхбаатар аймгийн Асгат сумын 4 дүгээр баг Дэлгэрийн ...тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй М.А.

 

   Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

ШүүгдэгчБ.Э нь 2018 оны 07 дугаар сарын 18-ны орой 19 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Асгат сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Дэлгэрийн ...тоотод байх гэрийнхээ гадна эхнэр М.Аг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь “ зүүн нүдний алиманд цусан хураа, зүүн нүдний эргэн тойронд, баруун гарын шуунд, зүүн хөлний шилбэнд цус хуралт, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан, 

шүүгдэгч М.А нь 2018 оны 07 дугаар сарын 18-ны орой 19 цагийн орчим Сүхбаатар аймгийн Асгат сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Дэлгэрийн ...тоотод байх гэрийнхээ гадна нөхөр Б.Эг зодож эрүүл мэндэд нь “зүүн чамархайн урд хэсэгт хатгагдсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дух, хамар, зүүн мөр, эгэм, зүүн суганы урд хэсэгт, зүүн мөрний ар хэсэгт, зүүн хөх махны дор, зүүн гарын алганы ар хэсэгт зулгаралт, зүүн хөх махны дээд хэсэгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  - Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 07 сарын 18-ны өдөр би хөдөөнөөс ирэхэд О, Б хоёр манайд архи уугаад сууж байсан. Би хоёр шил архи аваад тэр хоёртой уучихаад хашааны хажууд блокон дээр гараад зогсож байхад блок унасан. Тэр үед манай хүү миний хажууд байсан. А хүү аллаа ш дээ гээд намайг алгадсан. Үүнээс болж бид хоёр маргалдсан. Эхнэрээ нэг удаа цохисноо л санаж байна. Цаашаа юу болсныг санахгүй байна. Нохойн идүүрээр цохисноо мэдэхгүй байгаа. 

Би архи их уугаад байдаггүй. Архи уухаараа л гэр бүлийн маргаан хийдэг. Манай эхнэр намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлдэг. Би эхнэрээ байнга зодож байгаагүй. Архи уухаараа л би уурлаж хэлдэг. Нэхэмжилж байгаа мөнгийг төлнө. Энэ асуудал миний архи ууснаас болсон. Би гэмшиж байна. Миний буруу. 

Би эхнэрээсээ олон удаа уучлалт гуйсан. Эхнэр намайг уучлахгүй гээд хүүхдүүдтэй маань ч уулзуулахгүй хөөж туугаад байгаа. Би 3 хүүхдээ бодоод эхнэрээсээ салмааргүй байна. Би хүүхдүүдээ өнчрүүлэхгүй, хүүхдүүдтэйгээ хамт амьдармаар байна. Манай эхнэр намайг дарамтанд оруулаад байсан. Би эхнэртэйгээ эвлэрье гэхэд, ээж, хоёр эгчийнхээ нүдийг дов болгочихоод ир гэж хэлсэн. Тэрнээс нь болоод би сүүлд архи уусан...гэв. 

 

  - Шүүгдэгч М.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 07 сарын 18-ны өдөр 15 цагийн үед манай ангийн Б, О хоёр орж ирээд хоол хийгээд өг гэхээр нь би чадахгүй, хүүхдээ авна гэж хэлсэн. Тэгэхэд 2500 төгрөг өгчих бэлэн хоол идчихээд явъя гэж хэлсэн. Тэгээд бэлэн хоолоо идчихээд, нэг шил архи авчраад ууж байхад манай нөхөр хөдөөнөөс ирсэн. Манай нөхөр архи уухгүй гэж аавдаа болон надад амалсан байсан. Гэтэл О, Б нартай архи уусан. Тэгээд 2 настай хүүхдээ өргөөд гадаа гарсан. Хүүхдээ өргөөд явж байхдаа согтоогүй, гайгүй юм шиг байсан. Тэгээд хашааны захад байсан блокон дээр гараад зогсож байхад нь блок манай хүүхдийн гэдэс, хөлөн дээр унасан. Би хүүхэд аллаа ш дээ гэж хашгираад очиход хүүхдээ “ юун сүртэй юм бэ “ гээд загнаад байсан. Би хүүхдээ өргөөд гэрт ээжид оруулж өгөхөд араас дагаад хүүхдээ “ сүртэй юм дуугүй бай, алчихна шүү “ гэж загнаад байсан. Намайг гэрээс гарахад араас толгой руу 2 удаа цохисон. Миний толгойн дагз руу цохисон. Бас үүдэн шүд рүү цохисон. Тэгээд машины доогуур хоолтой байсан нохойны идүүрээр цохисон. Нохойны идүүрийг О гэдэг найз нь авч урагш шидсэн. Бас тоосго авч цохих гэж байсан. Хөдөө явна гэхээр нь мотоциклийнх нь түлхүүрийг булааж авахад “ чи муу ямар зэвүүн гичий вэ “ гээд намайг цохиод байсан. Би энэ хүнийг цохих ямар ч тэнхэл байхгүй байсан. Тэгээд би нөхрөө маажсан. Би хойшоо зугатаад явж байхад улангассан юм шиг дайраад үсдэж унагаагаад дээрээс балбаж цохисон. Манай дүү ирээд хорьсон. Манай дүүг хараад “ эгчийг чинь яах ч үгүй “ гээд гайгүй болсон. Би дүүгээ хорьж байхад нь цагдаа дуудсан. Намайг цагдаа дуудлаа гээд хэлэх хэлэхгүйгээр хэлж цохиод байсан. О нь ирээд хориод Отайгаа дээр дороо ороод зодолдоод байсан. Манай ээж “ эмэгтэй хүн зодож болохгүй боль “ гэхэд ээжийг шууд түлхэж хаячихаад, намайг ална гээд дайраад зодоод байсан. Манай ээж аргаа барахдаа “ наад хүн чинь дийлдэхгүй хүн байна, чи алуул алуул “ гэж хэлсэн. 10 жил ханилахдаа намайг жилд олон удаа архи ууж зодож байсан. 2012 онд намайг 8 сартай жирэмсэн байхад намайг зодож байсан. 2016 онд Э архи уугаагүй, эрүүл байх үедээ намайг зодож байсан. Би тэр үед ухаан алдсан байсан. 4 настай хүү маань аав таныг уяагаар зодсон, хоолойг чинь боосон гэж хэлсэн. Хүү маань их айсан байсан. Архи ууж зодсоныхоо маргааш нь дахиад архи уухгүй, зодохгүй гэж амладаг. Тэгээд л гудамжинд архи уусан хүн таарвал шууд хамт архи уучихна. Хүнд үгүй гэж хэлж чаддаггүй. Архи уухаараа л намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлж хэрүүл үүсгэдэг. Зодооны эх үүсвэрийг өөрөө тавьдаг. Байнга зодоон цохионтой байдаг. Гэр бүлийн хүндлэл байхгүй. Пизда гэж хараадаг байсан. Гэтэл одоо гичий банзал гэж хэлэх болсон. Өмнө нь зөндөө л зодож байсан. Би нэгнийхээ үйлийг үзээд яах вэ гэж цагдаад хэлдэггүй байсан. Би гомдлоо буцаах боломж байсан боловч энэ хүнийг хашраахын тулд өөрөө хамт шүүгдэгч болоод л явж байна гэв. 

Э байнга архи уудаг. 7 хоногт 2 удаа, заримдаа дараалан 2-3 хоног уух ч тохиолдол байдаг. Архи уугаагүй үедээ мал аж ахуйгаасаа болж маргалдаж, намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлдэг. Үнээ ивэлгээд өг гэхээр ивэлгэж өгөхгүй. Хатуу хөхтэй үнээг хоёр удаа ивэлгээд өг гэхээр намайг ямар шуналтай пизда вэ? гэж хараадаг. 2018 оны 05 сард уухгүй гэж амлалт өгсөн. Гэтэл Өвөрхангайгаас найз нь ирэхэд архи уусан. 

Хүүхдээ зүгээр ийм юм байдаг гээд хүүхдээ булааж аваад байхаар нь би нэг удаа алгадсан. Мотоциклио унаад явах гэхээр нь би явуулахгүй гээд түлхүүрийг нь аваад цохисон. Архи уугаад мотоциклио унаад явахаар 7 хоногоор алга болдог. Намайг зодож алах гээд байсан. Би өөрийгөө болон нялх хүүхдээ хамгаалж Эг цохисон. 

Энэ хэрэг энэ хүнээс болсон. Иймд мөнгө нэхэмжилж байгаа. Энэ хүний зан хэзээ засрахыг би мэдэхгүй. Дахиад ийм зүйл болохгүй гэх баталгаа байхгүй. Хүүхдийн дээрээс блок унахад ээж хүн чинь айна биз дээ. Бид гараа жижиг зүйлээр цохиход ямар их өвддөг билээ. Гэтэл 2 кг жинтэй блок 2 настай хүүхдийн дээр уначихаад байхад аав нь байж зүгээр, яах ч үгүй гээд байхаар нь миний уур хүрсэн. Би нялх хүүхдээ өмгөөлөхийн тулд ийм ааш гаргасан. Би өөрийгөө хамгаалах гэж ийм хэрэг хийсэн. Би гомдолтой байна... гэв. 

 

- Яллагдагч, хохирогч Б.Эгийн: Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр би 17 цагийн орчимд хөдөө мал дээрээсээ сумын төвийн гэртээ ирэхэд манайд манай найз О, Б нар нь архи уугаад сууж байсан. Б нь манай эхнэрийн анги учраас ангийнхаа нийллэгний талаар ярих гэж ирсэн байсан гэж ярьж байсан. Тэгээд би тэр хоёртой нийлж 0.75 литрийн “Ерөөл” нэртэй архи 2 шилийг уусан. Тэгээд би гадаа гараад хашааныхаа зүүн урд талд байдаг үнс хашсан байдаг блокон дээр гишгээд хашаа давах гэхэд блок нурж ойчсон. Тэр үеэр миний 2 настай бага хүүхэд маань намайг дагаад явж байсан бөгөөд блок хажууд нь ойчиж уйлахад манай эхнэр “хүүхэд аллаа” гэж надад уурлаад намайг алгадахаар нь би уурлаад эхнэрээ нүүр хэсэгт нь цохижбайснаа санаж байна. Түүнээс хойш уурласнаасаа болоод би тасарсан. Нэг мэдсэн эмнэлэг дээр ирсэн цусаа арилгуулж байснаа санаж байна. Би их согтуу байсан учраас зарим зүйлээ санахгүй байна. М.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ” гэх ...мэдүүлэг /хх-ийн 16/,

 

- Яллагдагч, хохирогч М.Агийн: 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн орчимд манай ангийн Б нь Оын хамтаар манайд ирж ангийн нийллэгний талаар ярьсан. Тэр 2 манайд архитай ирээд ууж эхлэх үед манай нөхөр Э нь хөдөөнөөс ирж таарсан. Тэгээд тэр хоёртой нийлээд Э нь 2 шил 0.75 литрийн “Ерөөл” нэртэй архи уугаад согтсон. Ууж байхад нь би нөхөртөө хандаж “ууж хэрэггүй, хоёулаа орой айлд очно” гэж хэлэхэд тоохгүй уугаад байсан. Архиа ууж дуусчихаад О гэрээс гарч манай урд талын эгнээнд байх найз руугаа явлаа гээд явсан. 19 цагийн орчимд манай нөхөр гэрээс гараад манай үнс хашсан блокон дээр гарч зогсоод Оыг дуудаад байж байтал манай 2 настай хүүхэд араас нь нь очсон. Тэр үеэр блок унаж би Э рүү “хүүхэд аллаа” гэж хэлэхэд зүгээр гэж хэлээд “хүүхэд айлгаад хаячихлаа” гээд загнаад хүүгээ булааж авснаа битгий уйл гээд загнаад байсан болохоор нь би очоод алгадаад авсан. Тэгээд хүүхдээ аваад гэр рүүгээ оруулж өгтөл араас гэрт орж ирээд “алаад хаячихна шүү, дуугүй бол” гээд загнаад байсан. Тэгэхээр нь би хүүхдээ булааж аваад гадагшаа гарахад мөн араас дагаад загнаад байхаар нь би буцаад гэр рүү орох гэтэл миний толгойны дагз хэсэг рүү гараараа цохисон. Би урагшаа ойчоод босоод ирэхэд тэрээр урагшаа алхаж байсан. Би араас нь очоод түүнийг гараараа 2 удаа цохисон. Гэтэл тэрээр буцаад намайг зүүн нүд болон хамар руу цохиж хамраас цус гаргасан. Бас намайг газар ойчуулаад дээрээс өшиглөөд байсан. Нохойны идүүрээр миний толгойнд 2 удаа цохисон. Тэгээд Э нь мотоциклоо унаад хөдөө явна гээд байхаар нь би мотоциклийнх нь түлхүүрийг булаагаадавсан. Тэр үеэр намайг мотоциклийн түлхүүр өг гээд цохихоор нь би адилхан цохилцоод явсан. Тэр үедээ би түлхүүр барьсан гараараа Эгийн толгойных нь баруун шанаанд нь цохиж түлхүүрээр хатгаад цус гаргасан. Цусаа хараад бахираад намайг ална гээд дайраад өшиглөж унагаагаад зодоод байсан. Тэр үеэр би хариу үйлдэл хийгээгүй. Эд зодуулснаас болж зүүн нүд хөхөрсөн. Зүүн нүдний цагаан нь улаан цус хурсан. Хүзүү хавдаж хөндүүр болсон. Дагз мөн хөндүүр, бэлхүүс ууц нуруугаар хөшиж хөндүүр болсон. Зүүн хөлний өвдөгний доогуур хөхөрсөн байсан.  Баруун цавь хэсгээр мөн өвдөөд өвдөгний дээд хэсгээр бүдүүн гуя хэсгээр өвдөөд байсан. Э нь 2 шил 0.75 литрийн “Ерөөл” нэртэй архи уугаад их согтсон байсан. ...2012 оны 09 дүгээр сард намайг жирэмсэн байхад архи уучихаад нэг удаа зодож байсан. 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр сумын төвөөс гарахдаа адуу алга болсон араас нь явах боломжгүй байна гээд загнаад байсан. Хөдөө гэртээ очоод хонио хаших гээд чадахгүй намайг бахираад дуудаад байхад нь би гэртээ галаа түлээд гарах завгүй байж байтал гэнэт орж ирээд араас намайг зодсон. Миний толгойд цохиод би ухаан алдаж унасан. Төд удалгүй би сэргэсэн. Тэгээд би машиндаа суугаад явах гэхэд машины түлхүүр булааж аваад намайг явуулаагүй сүүлдээ би гуйж байгаад сумын төв дээр буулгуулж байсан. Намайг буулгаж өгөхдөө машинаараа дайрч ална гээд айлгаж байсан. Тухайн үедээ миний толгой доргисон. Хоолой өвдөж 7 хоног халуурч гэртээ хэвтэж байсан. Тухайн үедээ эмнэлэг, цагдаагаар яваагүй. Ер нь архи уух болгондоо гэртээ хэрүүл, маргаантай байдаг байсан. Би нялх хүүхдээ өмгөөлж хамгаалж байгаад нөхөртөө зодуулсандаа гомдолтой байна. Надад эмчилгээний зардал гэж гараагүй ч гэсэн би өмгөөлөгч хөлсөлсөн хөлс, замын зардал, хоол хүнсний мөнгөө нэхэмжилнэ. Нийт 555.500 төгрөг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 40-41/

 

-  Гэрч З.Дгийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүргэн Эгийнд хүүхэд хараад байж байсан юм. 19 цагийн орчим манай хүргэний 2 найү нь гэрт ирээд архи ууж байхад манай хүргэн гаднаас сүүлд орж ирээд гурвуулаа архи уусан. Би арын өрөөнд байсан учраас Э, А нарыг яг юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Том өрөөндөө инээлдээд байж байснаа гэнэт гадаа шуугилдаад байхаар нь гараад очтол гадаа Э нь эхнэр Атай муудалцаад газар унагаачихсан байсан. Би очоод болиулах санаатай хэлтэл миний үгэнд ороогүй намайг түлхэхээр нь би газар ойчоод тэгээд би гэр рүүгээ буцаад орсон. Миний биед учирсан гэмтэл байхгүй. Төд удалгүй цагдаа ирээд аваад явсан. Б, О нар нь “эхнэрээ зодохоо боль” гээд дундуур нь хорьж салгасан. Намайг гэрээс гараад ирэхэд эхнэрээ газар унагаачихсан байсан. Тэгээд би буцаад гэр рүүгээ орсон. Яг хаана нь хэдэн удаа цохьсон талаар хараагүй болохоор мэдэхгүй байна. Би хараагүй учраас А нь Эг цохисон эсэхийг мэдэхгүй байна. Э тухайн үед их согтуу байсан. Манай охин надад гэртээ хэрүүл маргаантай байгаа талаар өмнө нь хэлж ярьж байгаагүй. Би хүргэн Эг согтуу агсан тавьж байхыг анх удаа л харлаа... гэх мэдүүлэг /хх-ийн 20/

 

-  Гэрч Г.Оын мөрдөн байцаалтанд өгсөн: 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр найз Бын хамтаар Эгийнд ирэхэд тэрээр өөрөө гэртээ байхгүй байсан бөгөөд Б бид хоёр тэднийд 0.75 литрийн “Ерөөл” нэртэй архи задлаад уусан. Архиа ууж байтал Э нь гаднаас орж ирээд бид 3 нийлээд 2 шил 0.75 литрийн “Ерөөл” нэртэй архи хувааж уусан. Тэгээд Эгийн урд талын хашаанд Хөлөг гэдэг айл руу адуу малаа сураглах гээд орсон хойгуур Э нь эхнэртэйгээ маргалдаж муудсан байсан. Би Хөлөгийн гадаа түүнтэй уулзаад байж байтал Э нь эхнэртэйгээ маргалдаад муудалцаад байхаар нь очиж салгасан. Намайг очих үед Эгийн толгойноос цус гарсан байсан. Э нь намайг очихоос өмнө эхнэрээ зодсон юм шиг байсан. Тэгээд би Эг хориод байж байтал цагдаа ирээд Эг аваад явсан. ...Э уусан архиндаа нилээн согтсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 21/,

 

-  Гэрч Г.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр би хөдөөнөөс сумын төв рүү бензин авахаар дүүтэйгээ ирсэн юм. Сумын төвд ирээд найз Отай таараад дэлгүүрээс 0.75 литрийн нэг шил “Ерөөл” нэртэй архи аваад Эгийнд ирэхэд тэрээр өөрөө гэртээ байхгүй байсан бөгөөд О бид хоёр тэднийд авчирсан архиа задлаад уусан. Архиа ууж байтал Э нь гаднаас орж ирээд бид 3 нийлээд 2 шил 0.75 литрийн Ерөөл нэртэй архи хувааж уусан. Би уусан архиндаа согтсон байсан болохоор сайн санахгүй байна. Нэг мэдсэн тэдний гадаа би Эг бариад зогсож байсан. Эгийн зүүн шанаанаас цус гарсан байсан. Тэгэхэд О ирээд Эг бид 2 хорьсон. Э нь эхнэрээ загнаад байсан. Тэгээд би От үлдээгээд дүүтэйгээ цуг гэр рүүгээ явсан. Намайг хорьж байхад Э нь эхнэрийнхээ зүүн нүдний дээд талаар нэг удаа цохисон. Би уусан архиндаа согтсон учраас зарим зүйлийг нь санахгүй байна. Эг хориод зууралдаж байснаа санаж байна. А нь Эг цохисон талаар мэдэхгүй байна. Би өөрөө нилээн согтсон байсан учраас Эг хэр согтолттой байсан талаар хэлж мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 22/, 

 

-  Гэрч М.Аийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 17 цагийн үед сумын төв дээр ангийнхаа хүүхдийн найранд орох ажилтай ирээд хүргэн ах Эгийнд ирэхэд Э ах нь толгойгоо угаагаад байж байсан. Тэднийд 2 найз нь ирээд архи уугаад сууж байсан. Би тэднийд удаагүй гараад явсан. Би Э ахын урд талын хашаанд айлд байж байхад 19 цагийн орчимд манай эгч А нь гэрийнхээ гадаа Сүхээ гээд бахираад намайг дуудахаар нь ирэхэд Э ах согтсон, манай ээжийг түлхэж унагаасан байдалтай байсан. Э ах хүний үгэнд орохгүй дайраад байсан. Б ах Эг хориод дийлэхгүй байсан. Намайг очоод хорих гэхээр “ахын дүү байж бай, ах нь мэдэж байна” гээд хоорондоо муудалцаад байсан. Би тэгээд 2 хүүхдийг нь аваад чиргүүлийн хажууд зогсож байсан. Намайг ирэхэд А эгчийн нүд нь хавдсан байдалтай Э ахын толгой нь нилэнхүйдээ цус болсон байсан. Намайг ирснээс хойш удаагүй О ах ирээд Э ахыг хорьсон. Тэр үеэр Б ах яваад өгсөн. Тэгээд сумын цагдаа ирээд Э ахыг аваад явсан. Э нь Аг үсдээд газар ойчуулаад өшиглөөд байх шиг байсан. А эгч мөн өөдөөс нь адилхан цохилцоод байсан. Яг хаана хаана нь яаж цохисон талаар сайн мэдэхгүй байна. А нь Эг цохисон талаар яг сайн хэлж мэдэхгүй байна. Адилхан хоорондоо цохилцоод байх шиг байсан. Э ах их согтолттой байсан. А эгч архи уугаагүй эрүүл байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

 

- Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 402 дугаартай дүгнэлтэд: М.Агийн биед зүүн нүдний алиманд цусан хураа, зүүн нүдний эргэн тойронд, баруун гарын шуунд, зүүн хөлний шилбэнд цус хуралт, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй... гэжээ. /хх-ийн 27/, 

 

- Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 401 дугаартай дүгнэлтэд: Б.Эгийн биед зүүн чамархайн урд хэсэгт хатгагдсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дух, хамар, зүүн мөр, эгэм, зүүн суганы урд хэсэгт, зүүн мөрний ар хэсэгт, зүүн хөх махны дор, зүүн гарын алганы ар хэсэгт зулгаралт, зүүн хөх махны дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Зүүн чамархайн урд хэсэгт хатгагдсан шарх гэмтэл нь ир үзүүртэй, бусад гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй... гэжээ /хх-ийн 30/,

 

-  Яллагдагч М.Агийн иргэний үнэмлэхийн хуулбар. /хх- 48/

-  М.Агийн Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-52/,

 

-  Яллагдагч Б.Эгийн иргэний үнэмлэхийн лавлагаа. /хх- 49/

 

- Б.Эгийн Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-53/,

 

- Сүхбаатар аймгийн Асгат сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2018.08.04-ний өдрийн 198, 199 дугаартай тодорхойлолтууд /хх-50-51/,

 

- М.Агийн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-57/, 

 

- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 5/14 дугаартай хэргийг ердийн журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-58/ 

 

- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 5/18 дугаартай яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хх-59/ зэрэг баримтууд болно.

 

Прокуророос Б.Эд холбогдох үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, М.Агийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх шүүгдэгч Б.Эгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Б.Эгийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг “ гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга...зодсон “ гэж тодорхойлсон бөгөөд прокурорын яллах дүгнэлтэнд Б.Эгийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны орой эхнэр М.Аг зодсон үйлдлийг тусгаж, энэ нэг удаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчилсэн буруу байна. 

Тодруулбал, Б.Эгийн дээрх нэг удаагийн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хуульд заасан “ байнга зодох ” гэсэн шинжийг агуулаагүй хийгээд хохирогч М.Агийн мэдүүлж буй  “ Б.Э нь 2012 оны 09 дүгээр сар, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрүүдэд намайг зодож байсан “ гэх үйлдлүүд прокурорын яллах дүгнэлтэнд тусгагдаагүй, улсын яллагч дээрх үйлдлээр яллаагүй ба энэ нь хэрэгт нотлох баримтаар тогтоогдоогүй байна. 

Мөн шүүгдэгч Б.Эгийн, хохирогч М.Аг зодсон гэх үйлдэл нь  “ Б.Эгийн хүүхдийн дээрээ блок унагсан ” гэх асуудлаас эхэлсэн гэр бүлийн гишүүдийн хоорондын зан, харилцаанаас үүссэн маргаантай холбоотой хийгээд үүнээс улбаалан тэдгээр нь харилцан зодолдсон байгааг дурдая. 

 

Шүүгдэгч Б.Э, М.А нар нь 2018 оны 07 дугаар сарын 18-ны орой 19 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Асгат сумын 4 дүгээр багийн Дэлгэрийн ...тоотод байх гэрийнхээ гадаа гэр бүлийн маргаанаас харилцан зодолдож Б.Э нь эхнэр М.Агийн эрүүл мэндэд “зүүн нүдний алиманд цусан хураа, зүүн нүдний эргэн тойронд, баруун гарын шуунд, зүүн хөлний шилбэнд цус хуралт, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал ” бүхий хөнгөн хохирол, 

М.А нь нөхөр Б.Эгийн эрүүл мэндэд “зүүн чамархайн урд хэсэгт хатгагдсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дух, хамар, зүүн мөр, эгэм, зүүн суганы урд хэсэгт, зүүн мөрний ар хэсэгт, зүүн хөх махны дор, зүүн гарын алганы ар хэсэгт зулгаралт, зүүн хөх махны дээд хэсэгт цус хуралт ” бүхий хөнгөн хохирлыг тус тус учруулсан болох нь Б.Э, М.А нарынхэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, гэрч З.Д, Г.О, Г.Б, М.А нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 401,402 дугаартай дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна. 

 

Тухайн хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцлийг тодруулбал, М.А нь архи ууж согтуурсан нөхөр Б.Эг “ хүүхдийн дээрээс блок унагалаа, хүүхэд байхыг харсангүй ” гэх асуудлаас маргаан үүсгэн, түүнийг алгадсанаас тэдгээрийн харилцан зодоон эхэлсэн байх бөгөөд уг маргааны явцад Б.Э нь эхнэр М.Аг нүүр, толгойд гараар болон түмпэнгээр цохих, биед нь өшиглөх, М.А нь Б.Эг алгадах, мотоциклийн түлхүүрээр цохих зэргээр зодож, гэмт хэргийг хувийн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр тус тус үйлджээ.

Тэдгээр нь бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа гэр бүлийн маргаанаас улбаалан харилцан зодолдож, бусдын эрүүл мэндэд зориуд хохирол учруулжээ. 

Хохирогч Б.Э нь хохирол, хор уршигтай холбоотойгоор нэхэмжлэл гаргаагүй бөгөөд харин хохирогч М.Агийн нэхэмжилсэн өмгөөллийн төлбөр, замын зардлын 555.500 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор тогтоолоо.

Учир нь хохирогчийн өмгөөлөгчийн хөлс нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д “ хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал” гэж заасан зардалд хамаарахгүй бөгөөд хуульд дурдсан эдгээр зардал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарсан төр хариуцах, гэм буруутай нь тогтоогдсон этгээдээс нөхөн гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал юм.

Хохирогч нь хуулиар өмгөөлүүлэх, эрх зүйн туслалцаа авах эрхтэй, энэ нь өөрийнх нь хүсэлтээр, сайн дурын үндсэн дээр хийгдэх үйлдэл бөгөөд өмгөөллийн төлбөр нь гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар биш тул хангах үндэслэлгүй болно.

Мөн хохирогч нь дээрх нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаагүй болно.

 

           Б.Э, М.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна. 

 

Шүүгдэгч Б.Э, М.А нарын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэдгээр нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хоорондоо гэр бүлийн харилцаатай зэрэг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн харгалзан шүүгдэгч Б.Э, М.А нарт торгох ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Мөн шүүгдэгч Б.Эд согтууруулах ундаа зохидоггүй, согтууруулах ундаа хэрэглэх бүртээ эхнэртэйгээ хэрүүл маргаан үүсгэн, элдвээр хэлдэг, зоддог зэрэг хувийн байдлыг үндэслэн түүнд 1 жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар “ зан үйлээ засах ” үүрэг хүлээлгэх, мөн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар “ согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнүүдийг хэрэглэхээр тогтоолоо.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дээд амсарын тойрог нь 82 см, доод хэсгийн тойрог нь 68 см, өндөр нь 8 см, гадна тал болон дотор талаараа хар бараан өнгийн зүйлээр бохирлогдсон, дээд амсар нь 5 хэсэг газар ханзарч цуурсан цагаан өнгийн түмпэнг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах коммист даалгана.

 

Шүүгдэгч Б.Э, М.А нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний болон бусад бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Өндөрийнхөн овгийн Батнацагийн Э, шүүгдэгч М.А нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр,  шүүгдэгч Б.Эг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т заасныг баримтлан ялтан Б.Эд 1/ нэг / жилийн хугацаанд “ зан үйлээ засах ” үүрэг хүлээлгэх, 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар ” согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох “-ыг хязгаарлалт тогтоох албадлагыг арга хэмжээ тус тус авсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дээд амсарын тойрог 82 см, доод хэсгийн тойрог 68 см, 8 см өндөр, гадна болон дотор талаараа хар бараан өнгийн зүйлээр бохирлогдсон, дээд амсар 5 хэсэг газар ханзарч цуурсан цагаан өнгийн металл түмпэнг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч М.Агийн өмгөөлөгчийн хөлс, замын зардалд нэхэмжилсэн 555.500 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Ялтан М.А, Б.Э нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний болон бусад бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Э хохирол, хор уршигтай холбоотойгоор нэхэмжлэл, гомдол гаргаагүйг тус тус дурдсугай.

 

8. Шүүхийн шатанд ялтанМ.А, Б.Э нарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН