Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2026/ДШМ/247

 

2026            03             04                                                                              2026/ДШМ/247

Г.Г-, О.М-, Г.А-,

Э.Б-, М.Х-, Б.Б-, Б.С-, М.М-,

Л.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Н.Баасанбат,  шүүгч Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор У.Анхжаргал,

шүүгдэгч Г.Г-, түүний өмгөөлөгч Б.Батбаяр, Х.Чинбат,

шүүгдэгч О.М-, түүний өмгөөлөгч Н.Нямдорж,

шүүгдэгч Э.Б-, түүний өмгөөлөгч О.Анхбаяр,

шүүгдэгч М.Х-, түүний өмгөөлөгч Д.Очирдорж,

шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Б.Мөнхтөр,  

шүүгдэгч Б.С-, Г.А-, тэдгээрийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

шүүгдэгч М.М-, түүний өмгөөлөгч Б.Батжаргал, Т.Багахүү,

шүүгдэгч Л.Б-, түүний өмгөөлөгч Ч.Ганзориг,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/2636 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч Б.Батбаяр, шүүгдэгч Л.Б-ийн өмгөөлөгч Ч.Ганзориг, шүүгдэгч М.М-ын өмгөөлөгч Б.Батжаргал, шүүгдэгч М.Х-ын өмгөөлөгч Д.Очирдорж, шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч О.Анхбаяр, шүүгдэгч О.М-ы өмгөөлөгч Н.Нямдорж, шүүгдэгч Б.Б-, Э.Б-, М.М-, Г.А-, Б.С-, М.Х- нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Г-, О.М-, Г.А-, Э.Б-, М.Х-, Б.Б-, Б.С-, М.М-, Л.Б- нарт холбогдох эрүүгийн 2402002990067 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Галбадарын илтгэснээр хянан хэлэлцэв.    

 

1. Б- овгийн Г-ын Г-, ....., /РД:Г-/,

2. А- овгийн О-ийн М-, ......, /РД:О-/, урьд:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1109 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан.

3. Б- овгийн Г-ын А........, ял шийтгэлгүй, /РД:Г-/,

4. Б- овгийн Э-ын Б-, ........, ял шийтгэлгүй, /РД:УЭ-/,

5. Т- овгийн М-ы Х-, ......, ял шийтгэлгүй, /РД:АМ-/,

6. С- овгийн Б-ийн Б-, ........, ял шийтгэлгүй, /РД:У3Б-/,

7. Б- овгийн Б-гийн С-, ....., ял шийтгэлгүй /РД:НШБ-/,

8. Б- овгийн М-ын М-, ......, /РД:УМ-/, урьд:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1205 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан.

9. Б- овгийн Л-ын Б-, ......., ял шийтгэлгүй, /РД:ВEЛ-/.

Шүүгдэгч Г.Г- нь хамтран оролцогчийн зохион байгуулагчийн үүрэгтэйгээр, шүүгдэгч О.М-, Г.А-, Э.Б-, М.Х- нар нь хамтран оролцогчийн гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр тус тус оролцон, бүлэглэн 2023 оны 6 дугаар сараас 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 32 дугаар хороо, 104 дүгээр байрны Л- тоот, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Л- байрны 1-1 тоот, Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Хүннү 2222 дугаар хотхоны а тоотод тус тус "Pokerrrr-2" аппликейшны "А" нэртэй клуб нээж буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан,

- шүүгдэгч Г.Г- нь үргэлжилсэн үйлдлээр, хамтран оролцогчийн зохион байгуулагчийн үүрэгтэйгээр, шүүгдэгч Б.Б-, Б.С-, М.М-, Л.Б- нар нь хамтран оролцогчийн гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр тус тус оролцон, бүлэглэн 2024 оны 5 дугаар сараас 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 15 дугаар хоpoo, "А" хотхоны С-2 блокийн 7 давхрын 718 тоотод "Pokerrrr-2" аппликейшны “А” нэртэй клуб нээж буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан,

- шүүгдэгч Г.Г- нь дээрх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо 7 иргэдийн 16 төгрөгийн данс, банкны карт, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг зэргийг мөнгө төлөн авч, нийт 24.406.659.188.59 төгрөгийг төвлөрүүлэн 21.906.633.496.14 төгрөгийг тоглоом тоглогчдод шилжүүлж, 6 иргэний 7 дансаар 2.500.025.692.45 төгрөгийг захиран зарцуулах аргаа нуун далдалж бэлнээр зарлага хэлбэрээр авч, гэмт хэрэг үйлдэж олсон 1.949,949,117.00 төгрөгийг бэлнээр болон шилжүүлгээр, 69,684,270.00 төгрөгийг худалдан авалтаар хувирган өөрчилж нийт 408.392.306.00 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэдгийг мэдсээр байж түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигчийг нуун далдалж, А УЕК улсын дугаартай цагаан өнгийн Landcruiser Prado загварын тээврийн хэрэгслийг 160.000.000 төгрөгөөр өөрийн хамаарал бүхий этгээдээр зуучлуулан иргэн Ж.Д-гийн өмчлөлийн автомашиныг худалдан авч мөнгө угаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Шүүгдэгч Г.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч О.М-, Г.А-, Э.Б-, М.Х- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Б-, Б.С-, М.М-, Л.Б- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б- овогт Г-ын Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр, бусадтай бүлэглэн, зохион байгуулагчаар хамтран оролцож “мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "мөнгө угаах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А- овогт О-ийн М-, Б- овогт Г-ын А-, Б- овогт Э-ын Б-, Т- овогт М-ы Х-, С- овогт Б-ийн Б-, Б- овогт Б-гийн С-, Б- овогт М-ын М-, Б- овогт Л-ын Б- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр, бусадтай бүлэглэн, гүйцэтгэгчээр хамтран оролцон “мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Г.Г-ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч О.М-, Г.А-, Э.Б-, М.Х- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Б-, Б.С-, М.М-, Л.Б- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 10 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ид энэ тогтоолоор оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-д Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1109 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч О.М-д оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-, Г.А-, Э.Б- нараас тус бүр 60.000.000 төгрөг, шүүгдэгч Б.Х-аас 29.740.000 төгрөг, шүүгдэгч Б.Б-, Б.С-, М.М-, Л.Б- нараас тус бүр 7.600.000 төгрөг, шүүгдэгч Г.Г-оос 2.107,509,908 төгрөгийг тус тус гаргуулж, прокурорын тогтоолоор хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Хаан банк дахь Б.С-ын эзэмшлийн Д- тоот дансны үлдэгдэл 5.486.914 төгрөг, И.З-ын эзэмшлийн З- тоот дансны үлдэгдэл 1.001.656 төгрөг, Л.Б-ийн эзэмшлийн Ү- тоот дансны үлдэгдэл 8.642.046 төгрөг, Л.М-ын эзэмшлийн 5Ү- тоот дансны үлдэгдэл 1.421.448 төгрөг, Г.Г-ийн эзэмшлийн 5Ү-3 тоот дансны үлдэгдэл 5.823.718 төгрөг, нийт 22.375.784 төгрөгийг, шүүгдэгч Г.Г-ийн эзэмшлийн А УЕК улсын дугаартай Тоёота Ланд круйзер прадо Жи-150 маркийн тээврийн хэрэгслийг 130.000.000 төгрөгт тооцон тус тус улсын орлого болгож, IPhone X загварын, цагаан өнгөтэй, өнгөгүй, шарлаж, хуучирсан кейстэй гар утас 1 ширхэг, Samsung Galaxy A31 загварын, хар өнгөтэй, солонгорсон туяатай, шилэн наалттай гар утас 1 ширхэг, Samsung Galaxy A31 загварын, хар өнгөтэй, солонгорсон туяатай, баруун доод хэсэгтээ цуурч хагарсан гар утас 1 ширхэг, Samsung Galaxy A31 загварын, хар өнгөтэй, солонгорсон туяатай, шилэн наалттай, өнгөгүй хуучирсан кейстэй гар утас 1 ширхэг, IPhone 13 загварын, цайвар цэнхэр өнгийн, арын хэсэг бүхэлдээ хагарсан, "033" гэх бичиглэлтэй шар, бор өнгийн кейстэй гар утас 1 ширхэг, IPhone 15 загварын, саарал өнгөтэй, баруун доод буланд шилэн наалт цуурсан, өнгөгүй кейстэй гар утас 1 ширхэг, Samsung Galaxy A31 загварын, цагаан өнгөтэй, шилэн наалттай гар утас 1 ширхэг, Samsung Galaxy A31 загварын, хөх өнгөтэй, солонгорсон туяатай, шилэн наалттай, ар хэсэгтээ цаас наалдсан гар утас 1 ширхэг, IPhone загварын, хар саарал өнгийн, ногоон туяатай, шилэн наалттай гар утас 1 ширхэг, IPhone загварын, хар өнгийн, хөх туяатай, шилэн наалттай, 2 ширхэг камертай гар утас 1 ширхэг, нийт 10 ширхэг гар утас, цагаан өнгөтэй процессор 1 ширхэг, хар өнгөтэй процессор 1 ширхэг, Anteс загварын хар өнгөтэй процессор 1 ширхэг, нийт 3 ширхэг компьютерын процесс, цагаан өнгөтэй компьютерын дэлгэц 1 ширхэг, Samsung брэндийн хар өнгөтэй компьютерын дэлгэц 1 ширхэг, нийт 2 ширхэг компьютерын дэлгэц зэрэг эд зүйлийг улсын орлого болгож, Голомт банкны 1 ширхэг воско төхөөрөмж, Хаан банкны 5 ширхэг воско төхөөрөмжийг тухайн байгууллагад буцаан олгуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, УҮ- улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, Хаан банкны Б Ү- гэсэн нэртэй виза карт 1 ширхэг, Г- Г- нэрээр захиалсан виза карт 2 ширхгийг тус тус устгахыг “Эд мөрийн баримт устгах” комисст даалгаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Г.Г-, О.М-, Г.А-, Э.Б-, М.Х-, Б.Б-, Б.С-, М.М-, Л.Б- нарт урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн тус бүр цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тус бүр тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч Б.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч бусад хэргийн оролцогчдын адил мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн үеэс эхлэн энэ хэрэгтэй холбоотой гэм буруугийн асуудал дээр маргаагүй, гэм буруугаа зөвшөөрсөн байдлаар мэдүүлгээ өгч ирсэн байдаг. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн бүх мэдүүлэгтээ дурдсан бөгөөд хэргийн материалтай танилцсаны дараа прокурорын шатанд болон шүүхийн шатанд ч мөн адил гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байр сууриа илэрхийлж ирсэн. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагыг агуулгын хувьд хангасан гэж үзэж байна. Тухайлбал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагаанд идэвхтэй дэмжлэг үзүүлсэн, хэрэгтэй холбоотой нотлох баримт, эд зүйл, бусад нөхцөл байдлыг нуун дарагдуулах аливаа үйлдэл гаргаагүй. Мөн энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон этгээд байхгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан хохирол, хор уршиг тогтоогдоогүй тул төлөх төлбөрийн асуудал ч үүсээгүй. Миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагаанд идэвхтэй оролцож, хэрэг илрүүлэхэд дэмжлэг үзүүлж ирсэн бөгөөд өмгөөлөгч аваагүй байсан учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хууль зүйн хэллэгээр илэрхийлж чадаагүй ч агуулгын хувьд бүх мэдүүлэг, тайлбартаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх байр сууриа илэрхийлж ирсэн байдаг. Энэ нөхцөл байдлыг прокурор ч мөн адил ял, шийтгэлийн талаар санал гаргахдаа дурдсан байдаг. Тодруулбал, шийтгэх тогтоолын 19 дүгээр хуудсанд прокурор “шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж буй байдал, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, нуун далдлаагүй зэргийг харгалзан зорчих эрх хязгаарлах ялын санал гаргаж байна” гэж тодорхой дурдсан. Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шударга ёсны зарчмыг баримталж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан үзсэн гэж дүгнэсэн атлаа ял оногдуулахдаа дээд хэмжээнд тулсан ял оногдуулсан байна. Тухайлбал, дээд хэмжээ нь 3 жилийн хорих ялтай хэрэгт 2 жил 6 сарын хорих ял, дээд хэмжээ нь 1 жилийн хорих ялтай хэрэгт 10 сарын хорих ял оногдуулсан байна. Шүүх үндэслэлдээ учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг дурдсан боловч шийдвэрийн өөр хэсэгт “бусдад төлөх хохирол, төлбөргүй” гэж дүгнэсэн байдаг. Иймд энэ дүгнэлт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан хохирол, хор уршгийн ойлголттой нийцэхгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн энэ хэрэгт улсын орлого болгох хөрөнгө, эд зүйлийн талаар маргаан байхгүй бөгөөд шүүхээс тогтоосон хэмжээгээр шийдвэр хүчин төгөлдөр болсон үед биелүүлэх боломжтой. Энэ нөхцөл байдал нь ял шийтгэл оногдуулах асуудалд нөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс онцлон хэлэхэд, миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокуророос үйлдсэн яллах дүгнэлт болон яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрсөн. Энэ нөхцөл байдал нь яллагдагч, шүүгдэгч гэм буруугаа үгүйсгэж, маргаж байгаа тохиолдлоос эрх зүйн хувьд ялгаатай гэж ойлгож шүүхийн шат хүртэл итгэж явсан. Яллагдагчаар татах тогтоол танилцуулах үед мөрдөгч, прокуророос энэ талаар тайлбарлаж байсан тул үүнд итгэж ирсэн. Гэтэл шүүх нийгмийн аюулын шинж чанарыг үндэслэн хорих ялын дээд хэмжээнд тулсан ял оногдуулсанд миний үйлчлүүлэгч гомдолтой байна. Миний үйлчлүүлэгч хууль зүйн зөвлөгөө аваагүй, өмгөөлөгч аваагүй байсан учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаагүй боловч агуулгын хувьд гэм буруугаа зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой нөхцөл байдлыг илэрхийлж ирсэн гэж үзэж байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг давж заалдах шатны шүүх харгалзан үзэж дүгнэлт хийх байх гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч анх удаа хөнгөн төрлийн гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тодорхой оршин суух хаягтай, гэр бүлтэй зэрэг нөхцөл байдлуудтай. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж эрх зүйн байдлыг нь дээрдүүлж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдлын талаар өмгөөлөгч Х.Чинбат нэмэлт тайлбар өгнө.” гэв.

Шүүгдэгч Л.Б-ийн өмгөөлөгч Ч.Ганзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Б-ийн хувьд гэм буруугийн талаар ямар нэгэн маргаан байхгүй. Тэрээр анхны мэдүүлгээсээ эхлэн гэм буруугаа тогтвортойгоор хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаанд идэвхтэй дэмжлэг үзүүлж ирсэн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал энэ хэрэгт байгаа гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Энэ нөхцөл байдлыг анхан шатны шүүх харгалзан үзэх ёстой байсан гэж үзэж, эрүүгийн хариуцлагатай холбоотойгоор давж заалдах гомдол гаргасан. Миний үйлчлүүлэгч Б- анх удаа хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн. Гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж ирсэн. Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг мөн шүүхээс харгалзан үзэх шаардлагатай гэж үзэж байна. Б- нь энэ хэрэгт холбоотойгоор нийтдээ ойролцоогоор 20 хоног ажилласан. Тодруулбал, Б- өөрөө үсчин мэргэжилтэй бөгөөд нурууны хагалгааны заалттай, эхнэр нь төрөөд удаагүй байсан тул тодорхой хэмжээний орлогын хэрэгцээ үүссэн. Энэ үед Г- түүнийг дуудаж, “ирээд цэвэрлэгээ хийж өгөөч, хоол хийж өгөөч” гэсэн санал тавьсан. Үүний дагуу Б- эхний ээлжид 14 хоног орчим ийм байдлаар ажилласан. Дараа нь ажиллаж байх хугацаанд “админ” гэх ажлыг хийж үзэх эсэх талаар санал тавьсны дагуу ойролцоогоор 7 хоног орчим хугацаанд админы үүрэг гүйцэтгэсэн байдаг. Энэ хугацаанд нийтдээ 17.600.000 төгрөгийн цалин авсан бөгөөд уг мөнгийг буцаан төлөхөө бүрэн илэрхийлж байгаа. Шүүх хуралдаанд орохоос өмнө төлөхийг оролдсон боловч тухайн мөнгийг шилжүүлэх тодорхой шүүхийн данс байхгүй байсан тул төлөх боломж бүрдээгүй. Гэсэн хэдий ч шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа уг мөнгийг бүрэн төлөхөө илэрхийлж байгаа. Б-ийн ар гэрийн нөхцөл байдлын тухайд бага насны хүүхэдтэй, эхнэр нь одоогоор эрхэлсэн ажилгүй, ам бүл гурвуулаа амьдардаг. Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ам бүлийг найм гэж бичигдсэн байсан тул энэ талаар холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Эрүүл мэндийн байдлын тухайд Б- нурууны хагалгааны заалттай. Тэрээр 461 дүгээр хорих ангид хоригдож байх хугацаандаа тогтмол эмчийн хяналтад байсан бөгөөд энэ талаар 461 дүгээр ангийн эмнэлгийн эмчийн тодорхойлолтыг баримтаар гаргаж өгсөн. Мөн “Бриллиант” эмнэлгийн тодорхойлолт болон амбулаторийн эмчлүүлэгчийн картыг нотлох баримтаар хавсаргасан бөгөөд эдгээрт нурууны хагалгааны заалттай болох нь тусгагдсан. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад Б- хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байсан нь мэдүүлгүүдээс нь тодорхой харагддаг. Харин өмгөөлөгч аваагүй байсан тул энэ хүсэлтээ хуульд заасан журмын дагуу хэрхэн гаргах талаар мэдлэггүй байсан учраас тухайн үед хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаагүй нөхцөл байдал үүссэн. Иймд Б-ийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсэж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж үзэж, Л.Б-т оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар өөрчилж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч М.М-ын өмгөөлөгч Б.Батжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бидний хувьд гаргасан давж заалдах гомдолд дурдсанчлан гэм буруугийн асуудлаар маргахгүй. Манай үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүддээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон. Мөн тухайн гэмт хэргийг шалгах ажиллагаанд саад учруулах ямар нэгэн үйлдэл гаргаагүй, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн нөхцөл байдалтай байсан. Түүнчлэн өмгөөлөгч аваагүй, хууль эрх зүйн мэдлэг дутмаг байсан нөхцөл байдлын улмаас анх өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа зарим буруу, ташаа ойлголт илэрхийлсэн байдаг. Тухайлбал, өөрийгөө ганцаараа амьдардаг гэж мэдүүлсэн. Гэвч бодит байдал дээр гэрлэлтийн баталгаа байхгүй боловч хамтран амьдрагч Т- гэх хүнтэй бөгөөд бага насны охинтой. Т-ын хувьд Өмнөговь аймагт ажилладаг, растер буюу ээлжийн ажлын хуваарьтай ажил эрхэлдэг. Иймд тухайн хугацаанд бага насны охиныг эхнэрийнх нь хойд ээжийнд байлгаж, сургуульд нь хүргэж өгөх, авах зэрэг асуудлыг зохицуулж байгаа нөхцөл байдал үүссэн байна. Тиймээс М-ыг хоригдож байгаа энэ хугацаанд тухайн хүүхдийн амьдралын нөхцөл байдал, сурлага хүмүүжил зэрэг асуудалд тодорхой хүндрэл үүсэж байгаа гэдгийг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна. М- нь тухайн хэрэгт холбогдон ажиллахдаа ажлын саналын дагуу очиж, нийтдээ хоёр сарын хугацаанд ажилласан бөгөөд энэ хугацаанд нийт 7.600.000 төгрөгийн цалин авсан. Шийтгэх тогтоолоор уг орлогыг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн бөгөөд үүнийг манай үйлчлүүлэгч хүлээн зөвшөөрч, төлөхөд бэлэн байгаагаа илэрхийлж байна. Иймд дээр дурдсан хувийн байдал болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэн хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч М.Х-ын өмгөөлөгч Д.Очирдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс манай үйлчлүүлэгч Х-т 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 29 сая төгрөгийг улсын орлого болгох албадлагын арга хэмжээ авсан. Манай үйлчлүүлэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирол, төлбөргүй нөхцөл байдалтай этгээд юм. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1-д заасан зохицуулалтыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорихоос өөр төрлийн ял оногдуулах, эсхүл хорих ял оногдуулах асуудлыг дахин хэлэлцэх боломжтой байсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн улсын яллагч шүүгдэгчийн хэрэгт оролцсон байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хувийн байдлыг нь харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял зэрэг дөрвөн төрлийн ял оногдуулах боломжийг хуульчилсан байдаг. Эдгээр ял нь шүүгдэгчийг цээрлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зэрэг зорилго чиглэлтэй ял шийтгэл юм. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх боломжуудыг харгалзан үзэлгүйгээр шууд хорих ял оногдуулсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Өөрөөр хэлбэл, бусад төрлийн ял нь мөн өөр өөрийн гэсэн зорилго, нийгэмшүүлэх чиг үүрэгтэй байдаг тул хууль тогтоогч тухайн зүйл ангид ийм олон төрлийн ял сонгох боломжийг хуульчилсан гэж ойлгож байна. Х-т хорихоос өөр төрлийн ял, тухайлбал прокурорын санал болгосон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулснаар тухайн ялын зорилго болох цээрлүүлэх, нийгэмшүүлэх зэрэг шаардлагад нийцэх боломжтой гэж үзэж байна. Шүүгдэгч Х- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон 461 дүгээр хорих ангид цагдан хоригдож байх хугацаандаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаагаа илэрхийлж, цаашид дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй гэдгээ байнга илэрхийлж ирсэн. Х-ын хувийн байдлын тухайд өмнө нь эхнэр, хүүхэд, ээжийн хамт амьдардаг байсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан баримтаар тогтоогдсон байдаг. Гэвч энэ хугацаанд эхнэр нь салж, одоогоор 5 настай хүүхэд болон ээжийн хамт амьдарч байгаа. Тухайлбал, 5 дугаар хавтаст хэргийн 33 дугаар талд ам бүлийн талаарх мэдээлэл, мөн 2 дугаар хавтаст хэргийн 233 дугаар талд холбогдох тодорхойлолт авагдсан байдаг. Иймд бага насны хүүхэд нь хараа хяналт шаардлагатай, мөн өндөр настай ээжийгээ асарч хамгаалах шаардлага байгаа тул энэ нөхцөл байдлыг шүүх харгалзан үзэхийг хүсэж байна. Мөн шүүхээс улсын орлого болгохоор шийдвэрлэсэн 29 сая төгрөгийг төлөхөө илэрхийлж байгааг өмгөөлөгчийн зүгээс уламжилж байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Х-т прокурорын санал болгосны дагуу зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч О.Анхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Э.Б- нь хэрэгт шалгагдаж эхэлсэн үеэс шууд өөрийн гэм бурууг хүлээж байжээ. Тэрээр 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр, мөн 8 дугаар сарын 27-ны өдрүүдийн 2 удаагийн гэрчийн мэдүүлэгтээ өөрийн үйлдсэн хэргийн талаар дэлгэрэнгүй ярьж, уг хэрэгт хэн хэн холбоотой болох, ямар үйл ажиллагааг хэрхэн хаана явуулдаг болох, ямар орлогыг ямар дансаар яаж авдаг байснаа дэлгэрэнгүй мэдүүлж байжээ. /1xх 153-155, 158-159/ Миний хувьд давж заалдах шатны шүүхээс эхлэн Б-од өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд хэрэгтэй танилцаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг уншиж судалсан. Шийтгэх тогтоол болон шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад прокурор анхан шатны шүүх хуралдаанд эдгээр шүүгдэгч нарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан байна. Гэтэл анхан шатны шүүх прокурорын гаргасан эрүүгийн хариуцлагын саналыг хүндрүүлсэн байдлаар шийдвэр гаргасан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нарт нийтэд нь хорих ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн шийдвэр болсон гэж ойлгож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохицуулалтыг харвал шүүх ямар тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж болох талаар тодорхой заасан байдаг. Тухайлбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д ял хүндрүүлэх нөхцөл байдлыг хуульчилсан. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “нийгмийн хор аюулын хэр хэмжээ” гэдэг ойлголтыг үндэслэл болгон ял хүндрүүлсэн байдлаар дүгнэсэн байна. Гэвч Эрүүгийн хуулийг бүхэлд нь авч үзэхэд “нийгмийн хор аюулын хэр хэмжээ” гэдэг ойлголт нь ерөнхий ангийн 2 дугаар бүлэгт буюу гэмт хэрэг гэж юуг ойлгох тухай хэсэгт хэрэглэгддэг ойлголт юм. Энэ нь гэмт хэрэг бусад эрх зүйн зөрчлөөс юугаараа ялгаатай болохыг тодорхойлох, гэмт хэргийн шинжийг тайлбарлахад хэрэглэгддэг ойлголт болохоос биш ял оногдуулах шалгуур нөхцөл биш юм. Харин гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа баримтлах үндсэн шалгуур нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар бүлэгт тодорхой заасан байдаг. Тухайлбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэж заасан байдаг. Эдгээр шалгуур дотор “нийгмийн хор аюулын хэр хэмжээ” гэдэг ойлголтыг хууль тогтоогч шууд заагаагүй. Иймд гэмт хэргийн тодорхойлолтод хэрэглэгддэг ойлголтыг ял оногдуулах үндэслэл болгон татаж хэрэглэж байгаа нь хууль хэрэглээний хувьд хэр оновчтой вэ гэдэг асуудал гарч ирж байна. Түүнчлэн үүнийг ял хүндрүүлэх үндэслэл болгон ашиглаж байгаа нь хэр зөв бэ гэдэг асуудал мөн үүсэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “нийт 20 гаруй тэрбум төгрөгийн эргэлт үүссэн” гэх нөхцөл байдлыг дурдсан бөгөөд энэ нь нийгмийн ёс суртахууны эсрэг үйл ажиллагаа учраас прокурорын санал болгосон ялыг хүлээж авах боломжгүй гэж дүгнэсэн байна. Гэтэл гэмт хэргийн шинжийг тайлбарлах ойлголтыг ял оногдуулах шалгууртай хольж хэрэглэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчтой биш гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Ял хүндрүүлэх асуудлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д тодорхой заасан бөгөөд уг заалтад заасан нөхцөл байдлаас өөр үндэслэлээр ял хүндрүүлэхийг хууль тогтоогч хориглосон байдаг. Тиймээс уг зохицуулалтыг баримтлах ёстой. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа бид давж заалдах гомдлын хамт гэмт хэргийн замаар олсон гэж үзсэн 60 сая төгрөгийг төлөх талаар анхан шатны шүүхэд хандсан. Гэвч анхан шатны шүүхээс хохирол, хор уршгийг хүлээн авах данс байдаг боловч гэмт хэргийн замаар олсон орлогыг улсын орлого болгох албадлагын арга хэмжээтэй холбоотой төлбөрийг хүлээн авах тусгай данс байхгүй гэсэн тайлбар өгсөн. Энэ тайлбар нь хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн хувьд ойлгосон. Иймд Б- нь тухайн 60 сая төгрөгийг төлөхөд бэлэн байгаагаа илэрхийлэх үүднээс уг мөнгийг өөрийн төрсөн дүү Н-ийн дансанд байршуулсан бөгөөд энэ талаар дансны хуулгыг шүүхэд гаргаж өгч байгаа. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд уг мөнгийг төлөхөд бэлэн байгаагаа илэрхийлж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б-ын дансанд нийт 169 сая төгрөгийн гүйлгээ орсон нь тогтоогдсон. Гэвч Б- үүнээс 70–80 хувь нь өөрийн цалингийн орлого байсан гэж мэдүүлсэн байдаг. Аудитын шинжээчийн дүгнэлтээр ойролцоогоор 60 сая төгрөгийг гэмт хэргийн замаар олсон орлого гэж дүгнэсэн тул шүүх энэ хэмжээг үндэслэн төлбөрийг хувь тэнцүүлэн тогтоосон. Мөн нэг зүйлийг онцлон хэлэхэд, хохирол, хор уршиг болон гэмт хэргийн замаар олсон орлогыг улсын орлого болгох албадлагын арга хэмжээ нь эрх зүйн хувьд хоёр өөр ойлголт юм. Өөрөөр хэлбэл, хорих ял нь эрүүгийн хариуцлагын нэг хэлбэр бол 60 сая төгрөгийг улсын орлого болгох нь албадлагын арга хэмжээ бөгөөд энэ нь ял шийтгэлээс өөр эрх зүйн шинжтэй асуудал юм. Иймд нийгмийн хор аюулын хэр хэмжээг үндэслэн ял хүндрүүлж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тиймээс шүүгдэгч Э.Б-ын хувьд оногдуулсан хорих ялыг түүнтэй дүйцүүлэх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч О.М-ы өмгөөлөгч Н.Нямдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.М-ы өмгөөлөгчийн хувьд давж заалдах гомдлыг хоёр үндэслэлээр гаргасан. Нэгдүгээрт, анхан шатны шүүхээс О.М-д оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчилж өгнө үү гэсэн үндэслэлээр гомдол гаргасан. Хоёрдугаарт, энэ гэмт хэргийн улмаас олсон ашиг орлого гэж үзэн улсын орлого болгохоор шийдвэрлэсэн 60 сая төгрөгийн асуудлаар гомдол гаргасан. Нэгдүгээр үндэслэлийн тухайд, анхан шатны шүүхээс М-д ял оногдуулахдаа 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1109 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн тэнсэн харгалзах ялыг хэрэгжилтийн хугацаа дуусаагүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн нэгтгэж, нийт 2 жил 6 сарын хорих ял оногдуулсан байдаг. Өмгөөлөгчийн зүгээс энэ асуудлыг өөрөөр дүгнэж байна. Учир нь 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн тэнсэн харгалзах ялын хугацаа 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр дуусгавар болсон гэж үзэж байгаа. Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гарсан байдаг. Өөрөөр хэлбэл, өмнөх тэнсэн харгалзах ялын хугацаа аль хэдийн дуусгавар болсон байхад тухайн хугацааг нэгтгэн тооцсон нь О.М-ы эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр болсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн ял шийтгэл оногдуулахдаа О.М- мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг анхан шатны шүүх хангалттай харгалзан үзээгүй. Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс О.М-д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан байдаг. Гэтэл шүүх нийгмийн аюулын шинж чанартай холбон дүгнэж хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Хоёрдугаар үндэслэлийн тухайд, О.М- өөрийн мэдүүлэгт админаар ажиллаж байсан бөгөөд ажил хөдөлмөрийн хөлсөнд сар бүр 5-6 сая төгрөгийн цалин авч байсан гэж мэдүүлсэн байдаг. Тэрээр өөрийн хийсэн ажилтай холбоотойгоор ийм хэмжээний цалин авч байсан талаар тайлбарласан. Гэтэл хэрэгт “ашиг орлого олсон” гэж үзэн 60 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Энэ талаар гаргасан шинжээчийн дүгнэлтэд “60 сая төгрөгийн ашиг олсон байж болзошгүй” гэсэн байдлаар дүгнэсэн байдаг. Өөрөөр хэлбэл уг дүгнэлт нь өөрөө тодорхой бус, эргэлзээтэй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн мөрийтэй тоглоомд оролцож байсан хүмүүсээс тодруулж асуух, тоглоомын явцад ямар хэмжээний мөнгө эргэлддэг байсан, зохион байгуулсан этгээд хэдэн хувийн ашиг авдаг байсан, оролцогчдын хооронд ашиг хэрхэн хуваарилагддаг байсан зэрэг нөхцөл байдлыг нарийвчлан тогтоогоогүй байна. Ийм нөхцөл байдлыг тодорхой тогтоосны үндсэн дээр ашиг орлогын бодит хэмжээ тодорхой болох боломжтой байсан гэж үзэж байна. Жишээлбэл, тухайн тоглоомын ширээнд 9 хүн тоглож байсан тохиолдолд хэдэн хүн оролцож тоглодог байсан, тухайн тоглоомоос хэдий хэмжээний шимтгэл эсвэл ашиг авдаг байсан зэрэг нөхцөл байдлыг тодорхой тогтоож байж ашиг орлогын бодит хэмжээ тогтоогдох ёстой байсан гэж үзэж байна. Иймд шинжээчийн дүгнэлтээр тогтоосон гэх 60 сая төгрөгийн ашиг орлогын асуудал нь эргэлзээтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Тиймээс дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор О.М-д оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчилж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие анхан шатны шүүхээс 10 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн. Эхнэр маань сахарын өвчтэй, жирэмсэн, мөн элэгний цирроз өвчнөөр оношлогдоод байгаа. Тухайн үед таньж мэдэх хүмүүст ажил захьсан байсан бөгөөд Г.Г- холбогдоод уулзсан. Түүний ажлын санал 24 цаг ажлаад 24 цаг амрах байсан. Гэр бүлийн нөхцөл байдлын улмаас хууль бус ажил гэдгийг ухаарч амжилгүй шууд ажиллахаар зөвшөөрсөн. Хууль зөрчиж ийм асуудалд орсондоо маш их харамсаж байна. Иймд гэр бүлийн болон хувийн байдлыг минь харгалзан үзэж торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Э.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анх удаа гэмт хэрэгт холбогдож шүүх хуралд орохдоо маш их айж сандарсны улмаас өөрийгөө бүрэн ойлгуулж чадаагүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд залуу хүний хувьд өөрийн тэнэгээсээ болж хайртай дотны хүмүүсийнхээ итгэлийг алдсандаа үнэхээр их харамсаж байна. Миний гэр бүлийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Би ээж, 3 дүүгийн хамтаар амьдардаг бөгөөд ээж маань астматай учраас гэр бүл маань хүнд нөхцөлд байна. Нэг дүүгийн маань биеийн байдал хүнд, нөгөө хоёр дүү маань бага насны хүүхдүүд байгаа. Хохирол төлбөрийн хувьд 60 сая төгрөгийг төлөх ба төлөхөд татгалзах зүйлгүй. Ганц олдох энэ амьдралдаа өөрийн буруугаас болж асуудалд орж алдсан надад боломж олгож ял шийтгэлийг минь хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч М.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Г.Г-ийн зохион байгуулж байсан мөрийтэй тоглоомын талаар тодорхой мэдээлэлгүй зөвхөн цалинжиж ажиллаж байсан бөгөөд өөр бусдаар ямар ч зохион байгуулалт болон мөнгөний зохицуулалтад орж байгаагүй. Хуулийн мэдлэггүй, өөрийн санамсар болгоомжгүйгээс болж хууль бус хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Би тус ажилд 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр уулзаж, 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн. Миний бие 24 цагаар ажиллаж, 24 цагаар амардаг байсан бөгөөд нийт 25 гараа гараад ажиллахаа больж, 10 дугаар хороололд байрлах “Н-” жимд багшаар ажилласан. Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, маш их зүйлийг ухаарсан. Би дахин цахим мөрийтэй тоглоомонд оролцохгүй, мөн цахим мөрийтэй тоглоомын эсрэг арга хэмжээнд байнга оролцож, залуус, дүү нартаа хор хөнөөлийг өөрийн хэмжээнд сурталчлах болно. Би эхнэр, охины хамт амьдардаг. Охин маань саяхан, ес хоногийн өмнө 13 нас хүрсэн. Манай ээж гадаадад амьдардаг бөгөөд эхнэр маань Оюу толгойд ажилладаг, бараг арваад жил тэнд ажиллаж байна. Ийм нөхцөл байдлын улмаас охиноо би өөрөө гардан өсгөж хүмүүжүүлж ирсэн. Гэвч энэ хэрэгт холбогдсоноос хойш охин маань айл дамжин, танихгүй хүмүүсийн асрамжид байж, энэ хугацааг айдас, түгшүүртэй өнгөрүүлсэн. Энэ хугацаанд би маш их харамсаж, гэмшиж байна. Өмнө нь би ямар нэгэн байдлаар гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Харин олон жилийн турш хүмүүсийн эрүүл мэнд, бие бялдрын төлөө фитнесийн багшаар ажиллаж ирсэн. Багш, дасгалжуулагч хүний хувьд өөрийн шавь нартаа зөв үлгэр дуурайл үзүүлэхийг хичээж ирсэн. Харамсалтай нь энэ хэрэгт холбогдсон нь миний хувьд маш том сургамж боллоо. Цаашид би өөрийн дүү, шавь нар болон ойр тойрны хүмүүстээ хууль зөрчих нь ямар аюултай, хүн эрх чөлөөгөө хамгаалах, хууль дээдлэх нь ямар чухал болохыг ойлгуулж, зөвөөр сургаж хүмүүжүүлэхийг хичээх болно. Иймд миний хувийн байдал, гэр бүлийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, надад боломж олгож өгөөч гэж шүүхээс хүсэж байна. Хохирол төлбөрийн хувьд дансандаа байршуулж эхэлсэн байгаа. Тиймээс данснаас татан хохирол барагдуулахад татгалзах зүйлгүй.” гэв.

Шүүгдэгч Г.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн. Би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэнээс хойш мөрдөн шалгах ажиллагаанд дуудсан цагт очиж, хэрэгт ач холбогдолтой бүхий л мэдүүлгийг үнэн зөвөөр мэдүүлж, өөрийн гэм буруугаа ухамсарлаж үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би эхнэр болон 1, 2, 5 насны 3 хүүхдийн хамт амьдардаг. Миний эхнэр зүрхний өвчтэй ба 7 настайгаас хойш 29 нас хүртлээ тасралтгүй 5, 6 удаа орсон бөгөөд удахгүй дахин хагалгаанд орох заалттай байгаа. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг өөрчилж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.С- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 10 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн. Би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэнээс хойш мөрдөн шалгах ажиллагаанд дуудсан цагт очиж, хэрэгт ач холбогдол бүхий л мэдүүлгийг үнэн зөвөөр мэдүүлж, өөрийн гэм буруугаа ухамсарлаж, үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би хоёр хүүхэдтэй. Эхнэр маань хөдөө, орон нутагт амьдардаг. Харин би хоёр хүүхдийнхээ хамт хотод шилжиж ирсэн. Тиймээс хоёр хүүхдийг маань харж хандах, асрах хүнгүй байх тул ял шийтгэлийг маань хөнгөрүүлж өгнө үү .” гэв.

Шүүгдэгч М.Х- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд надад 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн. Миний бие цагдан хоригдож байх хугацаандаа гэм буруутай үйлдлээ үнэхээр их ойлгож ухаарч байна. Би ээж болон охины хамт амьдардаг бөгөөд ээжийн маань бие муу байгаа болохоор ажил хийхгүй байгаа. Одоо амьдарч байгаа гэр болон бусад хэрэглээний зээлийг төлөх, мөн 5 настай охиныг минь асран хамгаалах хүнгүй байгаа. Би урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч үнэхээр их ойлгож ухаарч байна. Иймд улсад төлөх хохирлоо төлөөд эхэлсэн зэргийг минь харгалзан үзэж ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Г.Г- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: “...Хэн нэгнийг залилъя, хохирооё гэсэн зорилгогүйгээр анх гэмт үйлдлээ эхлүүлж байсан. Үүний улмаас 8 залуусыг оролцуулан тэдгээрт болон тэдгээрийн ар гэрийнхэнд хохирол учруулсандаа гэмшиж байна. Найман залуусын хувьд бөөнөөрөө зэрэгцэж суун хэн нэгнийг луйвардаж тоглосон зүйлгүй. 2 объект байсан ба 4, 4-өөрөө 24 цагаар ээлжлэн тоглож байсан. Хэн нэгнийг залилж мөнгө олоогүй гэхдээ хууль бус үйлдэл хийсэндээ маш их гэмшиж байна. Мөн өөр тоглож байгаа залилангийн шинжтэй үйлдлүүдийг таслан зогсоож байсан бөгөөд үүнийг огт хүлээн зөвшөөрдөггүй байсан. Хийсэн гэмт хэрэгтээ үнэхээр их гэмшиж байгаа. Анхнаасаа хэргээ хүлээн зөвшөөрсөн байсан учраас ажиллагаанд саад болох, өмгөөлөгч авах зэрэг үйлдэл хийгээгүй. Өөрт байсан нотлох баримтуудаа бүгдийг нь гаргаж өгсөн. Анх баригдахад охин маань төрөөд дөнгөж 14 хоногтой байсан. Тиймээс надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч Х.Чинбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд шүүгдэгч Г-ийн өмгөөлөгчөөр давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна. Сая Батбаяр өмгөөлөгч гомдлын үндэслэлүүдийн талаар дэлгэрэнгүй тайлбарласан тул давхцахгүйгээр нэмэлт байдлаар тайлбар өгье. Хавтаст хэрэгтэй танилцах явцад Г- нь мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, анхнаасаа үнэн зөв мэдүүлэг өгч ирсэн нь харагдаж байна. Тухайлбал, энэ гэмт хэрэг илэрч таслан зогсоогдсоноос хойш өгсөн мэдүүлгүүддээ болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлсэн байна. Мөн мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулах, оргон зайлж нуугдах, бусад оролцогчдыг буруугүй мэт харагдуулах, эсхүл хэрэгт нөлөөлөх зорилгоор ямар нэгэн байдлаар нөлөөлөх зэрэг үйлдэл гаргасан нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн байдал, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах зохицуулалттай байдаг. Улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд хорихоос өөр төрлийн ял оногдуулах санал гаргасан байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс энэ хоёр гэмт хэрэгт нэгэнд нь 2 жил 6 сар, нөгөөд нь 10 сарын хорих ял оногдуулсан байна. Иймд ял шийтгэлийг ялгамжтайгаар оногдуулах, мөн хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна. Түүнчлэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх шаардлагатай. Энэ хэрэгт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, өөрийгөө илчилсэн, бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн, гэмт хэргийн замаар олсон орлогыг илрүүлэхэд тусалсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Мөн Г-ийн хувийн байдлын тухайд эхнэр, бага насны хүүхдийн хамт амьдардаг бөгөөд хадам эх нь хорт хавдартай гэх хүндрэлтэй нөхцөл байдал байгаа талаар тайлбарласан. Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Г-ид оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж, мөн эрүүгийн хариуцлагыг нь багасгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч М.М-ын өмгөөлөгч Т.Багахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М-ын өмгөөлөгчийн хувьд давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна. Өмгөөлөгч Батжаргалын гаргасан тайлбартай санал нэг байгаа. Миний хувьд нэмэлтээр өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн хувийн байдалтай холбоотой баримтуудын талаар тайлбар хэлэх шаардлагатай гэж үзэж байна. Юуны өмнө миний үйлчлүүлэгч 13 настай өсвөр насны охинтой. Одоогийн байдлаар тухайн хүүхдийн амьдарч байгаа нөхцөл байдал нэлээд хүндрэлтэй байгаа талаар баримтаар тайлбар өгсөн. Үүнийг тодруулахад, эхнэр Т- нь “Оюу Толгой” компанид 14 хоног ажиллаж, 14 хоног амрах ростерийн хуваариар ажилладаг. Иймээс ажлын хугацаанд охин нь айл дамжин амьдрах нөхцөл байдалд орж байгаа бөгөөд өсвөр насны шилжилтийн үе дээр байгаа хүүхдийн сурч хүмүүжих, амьдрах орчин, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах нөхцөл байдалд хүндрэл үүсэж байна. Иймд шүүх хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд анхаарч үзэхийг хүсэж байна. Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн эрхийн конвенц-д нэгдэн орсон бөгөөд уг конвенцод хууль, шүүхийн байгууллага аливаа шийдвэр гаргахдаа хүүхдийн эрх ашигт дээд зэргээр анхаарал хандуулна гэж заасан байдаг. Иймд М-ын охин Мөнх-Үжиний эрх ашгийг харгалзан үзэхийг хүсэж байна. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж М-ад оногдуулсан 10 сарын хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Мөн шүүхээс 7.600.000 төгрөгийг улсын орлого болгохоор тогтоосон. Энэ мөнгийг төлж барагдуулах чин хүсэл зорилго манай үйлчлүүлэгчид байгаа. Үүний нотолгоо болгон эхнэр Т-ын дансны үлдэгдлийн талаар баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх боломжтой. Иймд шүүхээс миний үйлчлүүлэгчид 7.600.000 төгрөгийг тодорхой хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж болно гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн хүний гэмт хэрэгт оролцсон байдал болон хувийн байдлыг харгалзан үзнэ гэж заасан байдаг. Миний хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүндэтгэн үзэж байгаа боловч давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт ялыг хүндрүүлэхгүйгээр өөрчлөлт оруулах эрх хэмжээтэй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан М-ад оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар өөрчилж өгөхийг хүсэж байна. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдлын тухайд бол сүүлийн 11 гаруй жилийн хугацаанд хүний эрүүл мэнд, бие бялдрыг сайжруулах чиглэлээр ажил хөдөлмөр эрхэлж ирсэн. Өөрөөр хэлбэл фитнес, биеийн тамирын чиглэлээр тогтвортой ажиллаж, хүмүүст эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулж ирсэн хүн юм. Өнөөдрийн байдлаар ч мөн энэ чиглэлээрээ ажиллаж байгаа бөгөөд цаашид хүний эрүүл мэнд, ахуй амьдралд тустай, ач холбогдолтой энэ ажлаа үргэлжлүүлэн эрхэлж, нийгэмд хэрэгтэй хөдөлмөр хийхээ илэрхийлж байна.” гэв.

Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Б.Мөнхтөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б-ын өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Б-ын хувьд энэ хэрэгт анхнаасаа зохион байгуулагчийн шинжтэйгээр оролцсон нөхцөл байдал байхгүй. Өөрийн мэдүүлэгт болон анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа ажил хайж байсан бөгөөд тухайн үед ийм ажил байна гэсэн саналын дагуу очиж ажилласан гэж мэдүүлсэн байдаг. Тухайн ажлыг нийтдээ нэг сар орчим хугацаанд хийсэн гэж яригддаг боловч ээлжийн хуваариар ажилласан тул бодитоороо 19 хоног орчим ажилласан нөхцөл байдалтай. Анхан шатны шүүхээс түүнд 7.600.000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд энэ төлбөрийг төлөхөд бэлэн гэдгээ Б- өөрөө илэрхийлж байгаа. Гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй, өөрийн үйлдсэн хууль зөрчсөн үйлдэлдээ харамсаж, гэмшиж байгаагаа илэрхийлдэг. Хувийн байдлын тухайд Б- эхнэр болон хоёр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь элэгний хорт хавдартай гэсэн оноштой бөгөөд энэ талаар холбогдох 7 хуудас баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Мөн бага хүүхэд нь одоогоор 6 сартай байна. Иймд Б-ын хувийн байдал, хэрэгт оролцсон нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар өөрчилж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.С-, Г.А- нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд давж заалдах шатны шүүх нь гаргасан гомдол, эсэргүүцлээр хязгаарлагдахгүйгээр хэргийг бүхэлд нь хянах зохицуулалттай байдаг. Иймд үйл баримтыг дахин давтан уншихгүйгээр, үйлчлүүлэгчийн гаргасан гомдлыг хууль зүйн үндэслэлийн хувьд дэмжиж, өмгөөлөгчийн байр сууриа илэрхийлнэ. Юуны өмнө шүүх бүрэлдэхүүнд нэг зүйлийг тодруулж хэлэхийг хүсэж байна. Өмгөөлөгч нь хэргийн оролцогчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэй бөгөөд үйлчлүүлэгчтэйгээ нэг байр сууринаас асуудалд ханддаг. Иймд миний өгч байгаа тайлбар дотор зарим хууль зүйн дүгнэлт, тодруулга орж байгаа нь үйлчлүүлэгчийн байр сууринаас зөрж байгаа мэтээр ойлгогдохгүй байхыг хүсэж байна. Харин ч хэргийн бодит нөхцөл байдал болон хуулийн хэрэглээний асуудлыг тодруулж, шүүхэд дүгнэлт хийхэд туслах зорилготой тайлбар юм. Нэгдүгээрт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотлогдвол зохих нөхцөл байдлыг тодорхой заасан байдаг. Үүнд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, түүний шинж чанар, хэмжээ, мөн тухайн хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох шаардлагатай гэж заасан. Гэтэл энэ хэрэгт шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа шинжээчийн дүгнэлт нь үнэхээр шинжлэх ухааны тусгай мэдлэгийн хүрээнд гарсан эсэх, мөн бусад нотлох баримтуудтай хэр зэрэг уялдаа холбоотой байгаа эсэх дээр тодорхой эргэлзээ байж болохоор нөхцөл байдал ажиглагдаж байна. Энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх нь зүйтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хоёрдугаарт, гэм буруугийн талаар шүүхээс асуулт тавигдсан. Энэ төрлийн гэмт хэрэг нь нийгмийн хор аюултай гэдгийг өмгөөлөгчийн хувьд үгүйсгэхгүй. Мөрийтэй тоглоомтой холбоотой гэмт хэрэг нь олон улсын хэмжээнд анхаарал татдаг, зарим тохиолдолд үндэстэн дамнасан гэмт хэргийн шинжтэй ч байж болохыг бид бүгд мэдэж байгаа. Гэхдээ эрүүгийн хариуцлага оногдуулахдаа зөвхөн “нийгмийн хор аюул” гэсэн ойлголтыг үндэслэж бүх шүүгдэгчид ижил төрлийн, тухайлбал хорих ял оногдуулах ёстой гэсэн байдлаар хандах нь хууль хэрэглээний хувьд зөв арга зүй биш гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн зохицуулалтад гэмт хэрэг үйлдсэн этгээдийн оролцоо, үйлдлийн шинж чанар, сэдэл зорилго, хэргийн нөхцөл байдал, хувь хүний байдал зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үзэж ял оногдуулах ёстой. Тиймээс хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах энэ төрлийн хэрэгт хуульд заасан сонгох санкцуудын аль тохирохыг нь хэрэглэж шийдвэрлэх нь эрүүгийн эрх зүйн бодлоготой нийцнэ гэж үзэж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх асуудлын тухайд хууль зүйн ойлголт нь тодорхой агуулгатай. Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал нь тухайн этгээд үйлдсэн үйлдлээ ухамсарлах, өөрийн гэм бурууг ойлгож хүлээн зөвшөөрөх, мөн тухайн үйлдлийн үр дагаврыг ойлгож байгаа байдлаас бүрддэг. Миний үйлчлүүлэгчийн хувьд анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн нөхцөл байдал нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдох ёстой гэж үзэж байна. Мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй нь өөрөө эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл болдоггүй. Ийм зохицуулалт эрүүгийн хуульд байхгүй. Энэ талаар шүүх мөн харгалзан үзэх шаардлагатай гэж үзэж байна. Гуравдугаарт, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэх асуудал байна. Миний үйлчлүүлэгчийн ар гэрийн нөхцөл байдал, эрүүл мэндийн байдал зэрэг нь хариуцлага оногдуулахад харгалзан үзэх нөхцөл байдалд хамаарна. Энэ талаар холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Тухайлбал эрүүл мэндийн хувьд хүндрэлтэй байдал үүссэн, мэс заслын дараах нөхцөл байдалтай байгаа зэрэг асуудлыг анхаарч үзэх шаардлагатай гэж үзэж байна. Дөрөвдүгээрт, хохирол болон гэмт хэргийн замаар олсон орлогыг хураах асуудлын талаар тодруулж хэлэх нь зүйтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд бусдад учирсан шууд хохирол байхгүй гэж дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл энэ хэрэгт тодорхой хохирогчид учирсан шууд хохирол тогтоогдоогүй байна. Гэтэл гэмт хэргийн замаар олсон орлогыг улсын орлого болгох албадлагын арга хэмжээний асуудал яригдаж байгаа. Энэ хоёр ойлголт хоорондоо ялгаатай. Хохирол төлөх нь шүүгдэгчийн эрхийн хүрээнд хэрэгждэг бол гэмт хэргийн замаар олсон орлогыг хураах нь албадлагын шинжтэй арга хэмжээ юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийг харахад зарим шүүгдэгчийн хувьд хураах орлогын хэмжээ, дансанд байгаа мөнгөн дүнгийн хооронд тодорхойгүй, зөрүүтэй байдал ажиглагдаж байна. Жишээлбэл, нэг талаас 7.600.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн атлаа нөгөө талаас дансанд байгаа 2 сая гаруй төгрөгийг мөн хураахаар дурдсан зэрэг тодорхойгүй байдал бий. Энэ тохиолдолд яг ямар дүнг, ямар үндэслэлээр хурааж байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой тайлбар байхгүй байна.Мөн зарим тохиолдолд шинжээчийн дүгнэлтэд дурдсан дүн болон шүүхийн шийдвэрт тусгасан дүн хооронд зөрүү байгаа нь ажиглагдаж байна. Энэ нь шүүхийн шийдвэрийн үндэслэл хангалттай тайлбарлагдсан эсэх асуудлыг мөн хөндөж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагад нийцсэн эсэх, мөн хэргийн бодит нөхцөл байдалтай нийцэж байгаа эсэх талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх шаардлагатай гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн давж заалдах шатны шүүх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэр гаргах боломжтой. Гэвч эд хөрөнгө, орлогыг хураах хэмжээг өөрчлөх нь зарим тохиолдолд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл үүсгэж болзошгүйг мөн дурдах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд үнэлж дүгнэн шийдвэрлэж өгнө үү.” гэв. 

Шүүгдэгч О.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Мөрдөн шалгах болон прокурорын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Цахим орчинд мөрийтэй тоглоом тоглоом зохион байгуулах гэмт хэрэгт хамтран оролцсондоо мөн өөрт оногдуулсан шийтгэх тогтоолын дагуу энд хорих байгууллагад байх хугацаандаа хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм төрлийн гэмт хэрэгт оролцохгүй гэдгээ илэрхийлье.” гэв. 

Шүүгдэгч Л.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би эхнэр 2 охины хамт амьдардаг. Эхнэр маань нурууны өвчтэй бөгөөд хүүхдүүд минь нялх байгаа. Ийм үед хоригдсон нь манай гэрт маш хүндээр нөлөөлж байна. Тиймээс надад оногдуулсан хорих ялыг сольж хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Прокурор У.Анхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч нар болон шүүгдэгч нараас гаргасан давж заалдах гомдлыг прокурорын зүгээс бүхэлд нь сонсож танилцлаа. Гомдлын агуулгыг ерөнхийд нь дүгнэж үзэхэд дийлэнх нь анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагын талаар буюу ял шийтгэлийн төрөл, хэмжээнд маргасан шинжтэй байна гэж ойлгож байна. Иймд прокурорын зүгээс гомдлуудад хамаарах зарим үндсэн асуудлаар тайлбар өгье. Юуны өмнө энэ хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20 дугаар бүлэгт хамаарах, олон нийтийн аюулгүй байдал, олон нийтийн ашиг сонирхлын эсрэг чиглэсэн гэмт хэрэг юм. Өөрөөр хэлбэл мөрийтэй тоглоомыг цахим орчин, мэдээллийн технологи ашиглан олон нийтийн сүлжээгээр дамжуулан зохион байгуулсан нөхцөл байдал тогтоогдсон. Энэ төрлийн гэмт хэрэг нь нийгмийн хүрээнд өргөн сөрөг нөлөө үзүүлдэг, олон нийтийн ашиг сонирхолд халдсан шинжтэй гэмт хэрэгт тооцогддог. Хэрэгт авагдсан нотлох баримтуудын тухайд өмгөөлөгч нарын зүгээс шинжээчийн дүгнэлтийн талаар эргэлзээтэй, үндэслэлгүй байж болзошгүй талаар тайлбар хэлж байна. Гэвч энэ шинжээчийн дүгнэлт нь үндэслэлгүйгээр гарсан зүйл биш юм. Шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа тухайн хэрэгт ашиглагдсан олон тооны данс эзэмшигчдийн дансны гүйлгээг судалж, тухайн дансуудад орж гарсан мөнгөн гүйлгээг нэг бүрчлэн шалган тогтоосон. Мөн эдгээр гүйлгээний мэдээллийг шүүгдэгч нарын мэдүүлэгтэй харилцан уялдуулан дүгнэж, шаардлагатай магадалгаа, баримтыг үндэслэн гаргасан байдаг. Өмгөөлөгчийн зүгээс зарим тоглогч буюу мөрийтэй тоглоомд оролцсон хүмүүсийг нэг бүрчлэн тогтоож, тэднээс хэдий хэмжээний мөнгө хожсон, алдсан, буцааж авсан зэргийг тодруулах шаардлагатай байсан гэх агуулгатай тайлбар хийсэн. Гэвч практик нөхцөл байдалд мөрийтэй тоглоомд оролцсон бүх хүнийг нэг бүрчлэн тогтоож, тэдгээрээс асууж тодруулах боломж бодитойгоор байхгүй. Түүнчлэн өнөөдрийн нөхцөлд тухайн цахим тоглоомын системээс оролцогч бүрийн бодит үр дүнг нарийвчлан тогтоох техникийн боломж манай мөрдөн шалгах ажиллагаанд бүрэн хангагдаагүй байдаг. Иймд мөрдөн шалгах ажиллагаанд дансны гүйлгээ, мөнгөн урсгал, шүүгдэгч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтыг уялдуулан шинжээчийн дүгнэлт гаргасан бөгөөд уг дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудтай нийцэж байгаа гэж прокурорын зүгээс үзэж байна. Тиймээс шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй, эргэлзээтэй гэж үзэх үндэслэл байхгүй гэж дүгнэж байна. Дараагийн асуудал нь гэмт хэргийн улмаас олсон орлого болон эд хөрөнгийг хураах тухай асуудал юм. Зарим өмгөөлөгчийн зүгээс энэ асуудлыг хохирлын асуудалтай холбон тайлбарлаж байна. Гэвч энэ хэрэгт бусдад шууд учирсан хохирол тогтоогдоогүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн улмаас олсон орлого, эд хөрөнгийг улсын орлого болгох зохицуулалт үйлчилж байгаа. Тухайлбал шүүгдэгч С-ын хувьд өөрийн дансыг гэмт хэрэг үйлдэхэд ашиглуулсан, тухайн дансанд тодорхой хэмжээний мөнгөн гүйлгээ орж гарсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Прокурорын зүгээс уг дансанд байгаа үлдэгдэл мөнгөнд хяналт тогтоож, хязгаарлалт тавьсан. Энэ талаар анхан шатны шүүх мөн үнэлэлт дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэргийн улмаас олсон орлого, эд хөрөнгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Г-ийн хувьд мөрийтэй тоглоом зохион байгуулах явцад олсон мөнгийг бэлнээр болон бусдын дансаар дамжуулан шилжүүлж авсан нөхцөл байдал тогтоогдсон байдаг. Иймд гэмт хэргийн улмаас олсон орлогыг улсын орлого болгох тухай анхан шатны шүүхийн шийдвэр нь хуульд нийцсэн гэж прокурорын зүгээс дүгнэж байна. Зарим шүүгдэгч нар өөрсдийгөө тухайн ажилд орсон, цалин хөлс гэж ойлгож мөнгө авсан гэх тайлбар хийдэг. Гэвч тухайн үйл ажиллагаа нь өөрөө гэмт хэрэгт тооцогдох үйл ажиллагаа байсан тул уг ажиллагааны хүрээнд олсон орлого нь гэмт хэргийн улмаас олсон орлого гэж үзэх үндэслэлтэй юм. Эрүүгийн хариуцлагын тухайд прокурорын зүгээс анхан шатны шүүхэд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан. Энэ гэмт хэргийн хувьд хуульд сонгох санкц буюу хэд хэдэн төрлийн ял оногдуулах боломжтой байсан. Шүүх тухайн шүүгдэгч нарын оролцоо, үйлдсэн үйлдлийн шинж чанар, мөн хэргийн нийгмийн хор уршгийг харгалзан үзэж дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзнэ гэж заасан. Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг нь нийгмийн хүрээнд олон төрлийн сөрөг үр дагаврыг бий болгодог. Тухайлбал зарим хүмүүс зээл авч тоглох, өрөнд орох, донтох зэрэг сөрөг үр дагавар гардаг нь нийгмийн практикт олонтоо ажиглагддаг. Энэ утгаараа уг гэмт хэргийн хор уршиг нь зөвхөн мөнгөн хэмжээгээр хязгаарлагдахгүй, нийгмийн хүрээнд өргөн сөрөг нөлөө үзүүлдэг. Анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэр гаргасан гэж прокурорын зүгээс үзэж байна. Гэхдээ эрүүгийн хариуцлагын асуудал нь шүүхийн бүрэн эрхийн асуудал бөгөөд давж заалдах шатны шүүх тухайн нөхцөл байдлыг дахин үнэлж дүгнэлт хийх бүрэн боломжтой. Мөн М-тай холбоотой өмнөх ял шийтгэлийн хугацаа дууссан эсэх асуудлыг өмгөөлөгчийн зүгээс хөндсөн. Прокурорын зүгээс хэрэгт авагдсан баримтад үндэслэн үзэхэд тухайн өмнөх ял шийтгэлийн хугацаа бүрэн дуусаагүй байх хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан нотлох баримт, хууль зүйн зохицуулалтад нийцсэн гэж прокурорын зүгээс дүгнэж байна. Гэсэн хэдий ч давж заалдах шатны шүүх энэ асуудлыг бүхэлд нь хянаж, эрх хэмжээнийхээ хүрээнд эцсийн дүгнэлт гаргах боломжтой гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч Б.Батбаяр, шүүгдэгч Л.Б-ийн өмгөөлөгч Ч.Ганзориг, шүүгдэгч М.М-ын өмгөөлөгч Б.Батжаргал, шүүгдэгч М.Х-ын өмгөөлөгч Д.Очирдорж, шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч О.Анхбаяр, шүүгдэгч О.М-ы өмгөөлөгч Н.Нямдорж, шүүгдэгч Б.Б-, Э.Б-, М.М-, Г.А-, Б.С-, М.Х- нарын гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав. 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч Г.Г- нь хамтран оролцогчийн зохион байгуулагчийн үүрэгтэйгээр, шүүгдэгч О.М-, Г.А-, Э.Б-, М.Х- нар нь хамтран оролцогчийн гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр тус тус оролцон, бүлэглэн 2023 оны 6 дугаар сараас 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 32 дугаар хороо, 104 дүгээр байрны Л- тоот, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Л- байрны 1-1 тоот, Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Хүннү 2222 дугаар хотхоны а тоотод тус тус "Pokerrrr-2" аппликейшны "А" нэртэй клуб нээж буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан,

- шүүгдэгч Г.Г- нь үргэлжилсэн үйлдлээр, хамтран оролцогчийн зохион байгуулагчийн үүрэгтэйгээр, шүүгдэгч Б.Б-, Б.С-, М.М-, Л.Б- нар нь хамтран оролцогчийн гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр тус тус оролцон, бүлэглэн 2024 оны 5 дугаар сараас 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 15 дугаар хоpoo, "А" хотхоны С-2 блокийн 7 давхрын 718 тоотод "Pokerrrr-2" аппликейшны “А” нэртэй клуб нээж буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан,

- шүүгдэгч Г.Г- нь дээрх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо 7 иргэдийн 16 төгрөгийн данс, банкны карт, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг зэргийг мөнгө төлөн авч, нийт 24,406,659,188.59 төгрөгийг төвлөрүүлэн 21,906,633,496.14 төгрөгийг тоглоом тоглогчдод шилжүүлж, 6 иргэний 7 дансаар 2,500,025,692.45 төгрөгийг захиран зарцуулах аргаа нуун далдалж бэлнээр зарлага хэлбэрээр авч, гэмт хэрэг үйлдэж олсон 1,949,949,117.00 төгрөгийг бэлнээр болон шилжүүлгээр, 69,684,270.00 төгрөгийг худалдан авалтаар хувирган өөрчилж нийт 408,392,306.00 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэдгийг мэдсээр байж түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигчийг нуун далдалж, А УЕК улсын дугаартай цагаан өнгийн Landcruiser Prado загварын тээврийн хэрэгслийг 160,000,000 төгрөгөөр өөрийн хамаарал бүхий этгээдээр зуучлуулан иргэн Ж.Д-гийн өмчлөлийн автомашиныг худалдан авч мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх 9/,

Эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэл /1хх 15/,

Фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 16-17/,

Нэгжлэг хийсэн тэмдэглэл /1хх 38-50/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 51-62/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (компьютер) /1хх 71-72/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд (гар утас) /1хх 73-76, 77-79, 80-83, 84-86, 87-89, 90-94, 95-102, 103-106/,

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлүүд /1хх 111-112, 113-116, 134, 2хх 20-23, 24-26, 27, 28, 29/,

Мөрдөгчийн магадлагаанууд /2хх 171-193, 198-202/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 1 дүгээр сарын 29-ны өдрийн 146 дугаар дүгнэлт /2хх 215-220/,

Дабль аксиом аудит ХХК-ийн 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2025/0827 дугаар шинжээчийн дүгнэлт /5хх 164-168/,

Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2025 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 12 дугаар шинжээчийн дүгнэлт /2хх 229-232/ зэрэг бичгийн нотлох баримтууд,

гэрч Ж.Д-гийн “...2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр манай хүү намайг дуудаад Landcruiser 150 prado маркийн автомашиныг манай найз Г- гэх залуу 160 сая төгрөгөөр худалдаж авъя гэж байна та худалдах худалдан авах гэрээ байгуулах хэрэгтэй байна гэсэн ...би тухайн үедээ Г-той хамт нотариат дээр очиж худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээ хийсэн өдрөө би өөрийн Хаан банкны Н- дугаарын данс руу 33.5 саяар 1 удаа, 5 саяар 2 удаа, 11.5 саяар 1 удаа, 44.8 саяар 1 удаа нийт 99.8 сая төгрөгийг авсан. ...хамгийн сүүлд 7 дугаар сарын 26-ны өдөр 10 сая төгрөг авч нийт 159.8 сая төгрөг өөртөө шилжүүлэн авсан” /2хх 17-18/,

гэрч Ч.Б-гийн “...энэ миний данс байгаа юм. Уг дансыг нэлээд дээр нээгээд өөрөө ашиглаж байгаад 2023 оны хавар 4 билүү 5 сар шиг л санагдаж байна хорооллын Хаан банкны ойролцоо явж байхад нэг залуухан эрэгтэй хүн надтай ирж уулзаад ах аа та дансаа ашиглуулаач гээд гуйхаар нь би зөвшөөрөөд түүнд өөрийнхөө энэ 5Б- тоот дансыг өгсөн юм” /2хх 32-33/,

гэрч И.З-ын “...би эдгээр данснуудыг өөрөө ашигладаггүй. Миний санаж байгаагаар 2023 оны хавар 5 билүү 6 дугаар сард л байх надад мөнгөний хэрэгцээ шаардлага гараад фэйсбүүк дээрээс данс худалдаж авна гэсэн зар байхаар нь зарын дагуу холбогдоод эдгээр данснуудыг 500.000 төгрөгөөр зарсан” /2хх 36-37/,

гэрч Г.Б-ийн “...би энэ дансыг огт ашиглаж байгаагүй. Миний санаж байгаагаар 2023 оны 10 дугаар сард би фэйсбүүк дээрээс данс худалдаж авна гэсэн зар харж байсан юм. Тэгтэл тухайн үед гэнэт надад мөнгөний хэрэгцээ шаардлага гараад тухайн зарын дагуу холбогдож яриад өөрийнхөө Худалдаа хөгжлийн банкны дансаа санал болгоход Худалдаа хөгжлийн банкны данс авахгүй заавал Хаан банкны данс авна та өөрийнхөө нэр дээр Хаан банкны данс нээлгээд өг гэхээр нь би зөвшөөрөөд тэр өдрөө өөрийнхөө ойролцоох Хаан банкны салбар дээр очоод уг Хаан банкны 5Б- гэсэн дансыг нээлгэж байсан юм. ...бэлнээр 1.000.000 төгрөг өгөөд энэ дансыг надаас худалдаж авч байсан юм ...надад юунд ашиглах гэж байгаагаа хэлээгүй” /2хх 40-41/,

гэрч П.М-ын “...энэ данс миний данс байгаа юм. Гэхдээ би уг дансаа 2024 оны 1 билүү 2 дугаар сараас хойш өөрөө ашиглаагүй. Учир нь тухайн үед буюу 2024 оны 1 билүү 2 дугаар сард хорооллын Апекс гэх дэлгүүр дотор байдаг PC дотор нэг танихгүй залуу надаас дансаа ашиглуулаач гэж гуйхаар нь өөрийнхөө нэвтрэх нэр, нууц үгийг өгсөн юм” /2хх 44-45/,

гэрч О.М-гийн “...би цахим орчинд хаа нэг покер мөрийтэй тоглоом тоглодог юм. Энэ миний покер тоглосон тоглоомын гүйлгээ байна. ...А нэртэй клубт тоглож байсан” /2хх 48-49/,

гэрч Ө.УуГ-ын “...Г.Г- гэдэг залууг мэднэ. Бусдыг нь мэдэхгүй. Г.Г-ийн хувьд түүний фэйсбүүк дээр покер тоглоомын шууд лайв бичлэг хийдэг болохоор мэддэг болсон. Энэ үүднээс түүний ажиллуулдаг покерын клуб болох А нэртэй клубт нь 2023 оны хавраас эхэлж тогтмол тоглох болсон юм. ...Уг гүйлгээ нь миний цахим орчинд А нэртэй мөрийтэй тоглоомын клубт тоглосон мөнгө байгаа юм. ...нийт тоглож алдсан мөнгө гэвэл замбараагаа алдсан барагцаагаар 500.000.000-600.000.000 орчим төгрөг алдсан” /2хх 53-55/,

гэрч Б.М-ийн “...2023 оноос 2024 оны сүүл үе хүртэл цахим орчинд мөрийтэй тоглоом тоглодог байж байгаад 2025 оноос хойш тоглохоо больсон. ...Ямар ч байсан А нэртэй покерын клубт тоглодог байсан. Бусад тоглож байсан клубуудыг санахгүй байна” /2хх 64-65/,

гэрч Б.Б-ы “...2023 оноос 2024 оны хооронд Pokerrrr2 аппликейшнээр цахим мөрийтэй тоглоом тоглодог байсан юм. Энэ гүйлгээ нь миний тухайн үед покерын клубт бооцоо тавьж тоглож байсан гүйлгээ байна. ...Миний санаж байгаагаар нийт тоглогч нарын бооцооны мөнгөнөөс 3 хувийг нь цаад клубээс нь татаад авдаг байсан” /2хх 73-74/,

гэрч Д.Х-ын “...Би эдгээр хүмүүсээс Г.Г- гэдэг хүнийг нь хальт мэднэ фэйсбүүк дээр лайв бичлэг хийж покер тоглоомыг сурталчилдаг хүн гэдгээр нь мэднэ. Энэ хүний бичлэгийг үзээд ажиллуудаг А нэртэй покерын клубт нь орж тоглох болсон” /2хх 79-80/,

гэрч Н.Ч-ийн “...2023 он билүү 2024 онд ийм нэртэй цахим мөрийтэй тоглоомын клубт тоглож байсан. Энэ клубт нь покер тоглоом тоглодог байсан. Миний тоглодог тоглоом нь нэг ширээнд 9 хүн хоорондоо бооцоо тавьж суугаад аль илүү том хөзөртэй нь хождог тоглоом байгаа юм. ...Энэ миний А нэртэй цахим мөрийтэй тоглоомын клубт покер тоглосон гүйлгээнүүд байна. ...Би гар утсан дээрээ Pokerrrr2 нэртэй программ татаж суулгаад бүртгүүлээд орж тоглохыг хүссэн цахим мөрийтэй тоглоомын клубын өрөө рүү хүсэлт илгээж ороод нээсэн ширээн дээр нь өөр бусад хүмүүстэй аз туршиж бооцоо тавьж тоглодог юм” /2хх 92-93/,

гэрч Ө.Б-ын “...2022 билүү 2023 оноос эхлэн 2024 он хүртэлх хугацаанд цахим орчинд мөрийтэй тоглоом тоглож байсан. ...Би энэ данс эзэмшигч нарыг нь огт танихгүй, тухайн үед цахим мөрийтэй тоглоомын клубт байршуулсан данс руу л бооцооны мөнгөнүүдээ бага багаар шилжүүлсэн” /2хх 98-99/,

гэрч Э.Р-ийн “...эдгээр хүмүүсийн нэгийг нь ч танихгүй ...Миний хувьд 2023 оноос эхлэн гэртээ байхдаа гар утсаараа цахим орчинд цахим мөрийтэй тоглоом тоглож эхэлсэн. Маш олон цахим мөрийтэй тоглоомын клубуудэд орж тоглож байсан учраас яг ийм нэртэй клубт орж тоглодог байсан гэж тодорхой хэлж чадахгүй байна. Би ихэвчлэн 100.000 юм уу 200.000 төгрөгийн бооцоотой мөрийтэй тоглоомын клубуудэд орж тоглодог байсан.  ...би тухайн үед А гэсэн цахим мөрийтэй тоглоомын клубт маш их орж тоглодог байсан юм. Намайг энэ клубт тоглож байх хугацаанд тип бокс буюу нийт бооцооны мөнгөний 3 хувийг нь авдаг байсан ...миний санаж байгаагаар өдөр нь нэг өөр дансаар авдаг, шөнө нь бас нэг өөр дансаар аваад байдаг байсан” /2хх 120-121/,

гэрч Г.Н-ийн “...Би гар утсаараа интернэтээр цахим мөрийтэй тоглоом тоглодог. Энэ А нэртэй клубт тоглож байсан. ...Миний данснаас шилжүүлсэн энэ гүйлгээнүүд бол бүгд А нэртэй цахим мөрийтэй тоглоомын клубт мөрийтэй тоглохдоо шилжүүлсэн бооцооны мөнгө байгаа юм” /2хх 144-145/,

гэрч П.Б-ий “...гар утсаар цахим орчинд нэвтэрч цахим мөрийтэй тоглоом тоглодог. ...энэ миний А нэртэй цахим мөрийтэй тоглоомын клубт тоглохдоо шилжүүлсэн гүйлгээнүүд байна” /2хх 148-149/,

гэрч Б.Б-ын “...Би ерөөсөө цахим орчинд мөрийтэй тоглоом тоглож байгаагүй. ...Би энэ гүйлгээг санаж байна. Тухайн үед буюу өнгөрсөн жилийн зун наадмаар манай компанид туслахаар ажиллаж байсан нэг залуу надаар уг гүйлгээг хийлгүүлж байсан юм. Тэгэхдээ эргээд цалин дээрээсээ суутгуулчихъя гэж гуйгаад найзуудтайгаа цахим мөрийтэй тоглоом тоглож байгаа учраас энэ данс руу мөнгө хийх хэрэгтэй байна гэж гуйхаар нь л би зөвшөөрөөд надад хэлсэн данс руу нь дээрх мөнгөнүүдийг шилжүүлсэн юм” /2хх 152-153/,

гэрч Г.О-ын “...Би өнгөрсөн жилийн зун л ганц нэг удаа тоглож байсан. Тэрнээс хойш дахиж тоглохоо байсан. ...Энэ тухайн үед миний ганц нэг удаа цахим орчинд мөрийтэй тоглоом тоглосон гүйлгээ байна. Тухайн үед ямар нэртэй клубт тоглож байснаа санахгүй байна” /2хх 156-157/,

гэрч М.Х-ийн “...Би хааяа нэг цахим мөрийтэй тоглоом тоглодог байсан. Клубын нэр нь “Морьтон”, “А” гэх нэртэй байсан санагдаж байна. ...Эхлээд мөнгө өсгөх зорилгоор цахим мөрийтэй тоглоом тоглож эхлээд сүүлдээ мөнгө их алдаад, эргээд олчих байх гэж бодоод гар утас лизингээр аваад тэр утсаа зарж бэлэн мөнгө болгоод дансаа цэнэглээд тоглодог байсан. Намайг тоглож байхад цахим мөрийтэй тоглоомыг хааж байна гээд данс байнга солигдож байсан болохоор тухайн гүйлгээнүүдийг санахгүй байна” /2хх 159/,

шинжээч Д.Б-гийн “...Магадлагаагаар 7 иргэний 16 дансанд нийт 30,326,288,834 төгрөгийн орлого орсон. 30,307,383,268 төгрөгийн зарлагын гүйлгээнд шинжилгээ хийгдсэн. Үүнээс 6 иргэний 7 дансаар гүйлгээний утгандаа аккаунт нэр агуулсан цахим мөрийтэй тоглоомтой холбоотой гэх 24,591,526,420 төгрөгийн орлого, 22,521,199,095 төгрөгийн зарлагын гүйлгээнүүд нь цахим мөрийтэй тоглоомтой холбоотой болох нь тогтоогдсон ...Энэ нийт ашиг болох 2,500,025,692 төгрөгийн зарлагуудыг нэг бүрчлэн тооцоод шинжилгээгээр юунд хэрхэн зарцуулсныг тогтоох боломжгүй 480,392,306 төгрөг байгаа юм” /2хх 223-224/,

яллагдагчаар Г.Г-ийн “...2023 оны 5 дугаар сараас эхлэн Баянзүрх дүүргийн 32 дугаар хороо 104-Л- тоотыг түрээслэж уг байрандаа эхлээд М-тай хамтарч дараа нь удалгүй Э.Б-той, түүний дараа А- нэмэгдэж бид хэд Pokerrrrr2 аппликейшн дээр “А” нэртэй цахим мөрийтэй тоглоомын клуб үүсгэн байгуулж ажиллуулсан юм. Анх 2023 оны 5 дугаар сард М- бид хоёр байсан. 6 дугаар сард эхлээд Б- дараагаар нь А- нэмэгдэж админы ажил хийх болсон. Энэ клубтээ Б- гэдэг хүний дансыг ашиглаж байсан. Тэгээд 2023 оны намар 9 дүгээр сард л байх Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Б- байрны 1-1 тоот руу нүүж тэндээ 2 сар завсарлчихаад клубынхаа үйл ажиллагааг 2023 оны 11 дүгээр сарын сүүлээс эхлэн үргэлжлүүлэн явуулсан. Энд байхад нэмэгдэж Х- гэдэг залуу 11 сарын сүүлээр билүү 12 дугаар сарын эхээр админаар нэмэгдэж ирсэн. Энэ байрандаа 2024 оны 2 дугаар сарыг байж байгаад цагаан сарын өмнө Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Хүннү 2222 хотхоны а тоот руу нүүж үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсан. Ингэх явцдаа 2024 оны 5 дугаар сард би өөрөө санаачилж дахиж шинээр цахим мөрийтэй тоглоомын клуб нээж 740TH гэсэн нэртэйгээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, А С2 блокын 718 тоотыгш түрээслэн мөрийтэй тоглоом зохион байгуулж эхэлсэн. Энэ клубтээ С-, Б-, Б-, М- гэсэн 4 залууг админаар ажиллуулж байгаад сүүлд 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр цагдаа нарт баригдаж зогсоосон.”

“...Би А нэртэй мөрийтэй тоглоомын клубээ ашиглах зорилгоор анх фэйсбүүк дээр “данс худалдаж авна” гэсэн зар тавьж зарын дагуу холбогдсон З- гэх хүнтэй уулзаж, түүнээс Б-2, З- гэсэн  Хаан банкны 2 дансыг 1.000.000 төгрөгийг бэлнээр өгч худалдаж авч байсан юм. Уг З- гэх хүнтэй утсаар ерөөсөө холбогдож байгааагүй, фэйсбүүк чатаар харилцаж байгаад уулзаж байсан. ...зарын дагуу холбогдсон хүнээс Б- гэх хүний 5Б- тоот дансыг 2.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Дараа нь 2023 оны 11 дүгээр сард мянган оюутны байрны орчимд Б- гэх гудамжны архичин ахтай тааралдаад түүнтэй уулзаад “та данстай юу ах аа данстай бол дансыг чинь худалдаж авъя” гэхэд тэр ах зөвшөөрч түүний Хаан банкны 5Б- тоот дансыг бэлэн 1.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Үүний дараахан удаагүй бас дахиж фэйсбүүк дээр данс худалдаж авна гэх зар оруулж П.М- гэх хүний Хаан банкны 5Ү- дансыг 1.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Эдгээр данснуудаас гадна өөрийнхөө болон клубт админаар ажиллаж байсан Б.С-, Л.Б- хоёрын нэр дээр дансыг бас мөрийтэй тоглоомдоо ашигласан. ...би Topaz, 1xbet гэх мөрийтэй тоглоомын сайтуудад 2022 оноос эхлэн тоглодог байсан юм. Мөрийтэй тоглоом зохион байгуулж олсон ашиг орлогын ихэнхээр нь тоглож алдсан. 1xbet л гэхэд миний санаж байгаагаар 280.000.000-300.000.000 гаруй сая төгрөг тоглож алдсан. Topaz-д гэхэд бараг 500.000.000-600.000.000 төгрөг тоглож алдсан, хожиж байгаагүй. Мөн бид хэд шоу цэнгээн, ууж идэхэд маш их мөнгө үрэн таран хийсэн барагцаагаар 100.000.000 төгрөгөөр шоудаад дуусгачихсан. ...Ер нь өдөрт 1000 гаруй тоглолт явагддаг байсан. Нэг тоглолтын бооцоо нь 50.000-100.000 төгрөгийн сонголттой. Клуб нийт бооцооны мөнгөнөөс ашиг гэж 3 хувийг нь авдаг байсан. Манай А болон 740TH клуб нь ерөөсөө тоглогч нарыг залилж хуурч байгаагүй, үүнийгээ бусад клубуудээс давуу тал болгож тоглогч татдаг байсан...”

“...Миний клубт ашиглаж байсан З-, Б-, Б-, Б.С-, П.М- нарын данснаас өөрийнхөө эзэмшлийн данс руу покер тоглоомын мөнгөө хийлгэдэг байсан юм. Эргээд энэ мөнгөнөөс админ нарын цалин, байрны түрээсийн төлбөр, ширээ нээхэд зарцуулах мөнгө, хоол унд, шоу цэнгээн болон би өөрөө бас өөр бусад покер тоглоомын клубт мөнгө тавьж тоглоход зарцуулсан” /3хх 98-99, 102-104, 107/,

яллагдагчаар О.М-ий “...Би 2023 оны 5 дугаар сараас эхлэн найз Г.Г-ийн санаачлан ажиллуулсан цахим мөрийтэй тоглоомын клуб болох “А” нэртэй клубт админаар ажиллаж эхэлсэн юм. Анх надтай Г.А-, Э.Б- хоёр админаар хамт ажилладаг байсан. Г.Г-ийн хувьд гэх юм бол клубээ удирддаг зохион байгуулдаг үүрэгтэй байсан. Анх бол Баянзүрх дүүргийн 32 дугаар хороо, 104-Л- тоотод байр түрээслэж цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан. Дараа нь 2023 оны сүүлээр л байх гэж санаж байна байрлалаа өөрчилж нүүхээр болоод Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Б- байрны 1-1 тоотод үйл ажиллагаагаа явуулж эхлэхэд би түр админыхаа ажлаа больсон. Тэгэхэд М.Х- гэх манай найз тухайн байранд Г.А-, Э.Б- нарын хамтаар клубт админ хийж эхэлсэн. Тухайн үед би уг байранд мөнгөний шаардлага гарсан үедээ ганц нэг очиж админы ажил хийж, цалингаа өдөртөө аваад явчихдаг байсан. Гэхдээ энэ нь байнга биш хаа нэг л ингэдэг байсан. Тэгээд 2024 оны 1 билүү 2 дугаар сараас эхлэн тэр хэдийг Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Хүннү 2222 хотхоны а тоотод нүүхэд нь очиж админы ажлыг Х-, Б-, А- нарын хамтаар сүүлд 2024 оны 7 дугаар сарын сүүлээр цагдаа нарт баригдах хүртлээ хийсэн. ...Би өдөрт 150.000-500.000 төгрөгийн хооронд цалин авдаг байсан. Уг цалингаа өөрийнхөө 5Б- тоот дансаараа авдаг байсан. Нийтдээ ажиллах хугацаандаа барагцаагаар 10 гаруй сая төгрөг авч байсан. Энэ мөнгөнийхөө ихэнхийг нь цахим мөрийтэй тоглоом тоглож алдаад дууссан. ...Pokerrrr2 нэртэй аппликейшн дээр манай А нэртэй клуб байдаг. Уг клуб руу А нэртэй кодоор нэвтрэн ордог. Манай клуб нь өдөрт 1-2 ширээ нээдэг, нэг ширээнд 9 хүн хоорондоо 50.000 төгрөгний бооцоо тавьж тоглодог. Нийт тоглогчдын бооцооны мөнгөнөөс тип бокс буюу клубын ашиг гэж 1 хувийг нь авдаг байсан. Энэ 1 хувийн ашигаа тоглолт болгоноос авдаг. Өдөрт дунджаар 500 тоглолт ихдээ 10000 тоглолт явагддаг байсан...”  

“...Тоглоомын клубт тавьсан данснууд болох З-, Б-, Б-, Б-, М- нарын данснаас Г.Г-ийн данс руу шилжүүлдэг байсан юм. ...Би энэ 112.797.600 төгрөгийг дансаараа авсан боловч үүнээс 30-40 орчим сая төгрөгийг нь буцаагаад шилжүүлсэн гүйлгээ байгаа...”

 “...Миний хувьд цалингаа зөвхөн дансаараа л авдаг байсан. Барагцаагаар 60 орчим сая төгрөг л байгаа. Харин үлдсэн мөнгө нь ямар учиртай болохыг мэдэхгүй байна” /3хх 142-143, 146, 149/,

яллагдагчаар Г.А-ын “...2023 оны зун 6 дугаар сарын сүүлээс эхлэн найз Г.Г-ийн ажиллуулж байсан “А” нэртэй цахим мөрийтэй тоглоомын клубт нь Баянзүрх дүүргийн 32 дугаар хороо, 104-Л-  тоотод очиж админаар ажиллаж эхэлсэн. Тухайн үедээ надтай хамт О.М-, Э.Б- нар энэ клубт админы ажил хийдэг байсан. Г.Г- бол өөрөө клубын үйл ажиллагааг зохион байгуулж удирддаг байсан. Эндээ 2-3 сар ажиллаж байгаад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Б- байрны 1-1 тоотод нүүж “А” клубын үйл ажиллагааг үргэлжлүүлсэн. Бид нарыг энд ажиллаж байхад О.М-ы найз М.Х- гэдэг залуу бас нэмэгдэж админы ажил хийдэг байсан. Уг байранд 2024 оны цагаан сарын өмнө хүртэл покерын клубынхаа үйл ажиллагааг явуулж байгаад цагаан сар болохоос өмнөхөн Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо Хүннү 2222 хотхоны а тоотод очиж тэндээ покерын клубээ үргэлжлүүлж ажиллуулсан. Тэгээд 2024 оны 7 дугаар сарын сүүлээр цагдаа нарт баригдаад үйл ажиллагаагаа зогсоосон. Харин энэ А нэртэй клубын талаар бол би сайн мэдэхгүй байна. ...Би өдөрт багадаа 100.000 төгрөг дээд тал нь 400.000-500.000 төгрөгийн хооронд цалин авдаг байсан...”

“...шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Миний данс руу шиллжиж орсон гээд байгаа 165.218.344 төгрөг нь бүгд цалин биш, уг мөнгөнүүд нь данс хооронд шилжүүлсэн буцааж надаас шилжүүлж авсан тоглогчдын бонус өгсөн. Бас манай эхнэрийн ажиллуулдаг караоке руу орж үйлчлүүлэхдээ тооцоогоо миний данс руу хийдэг байсан. Би бол яг цалин гэж 50.000.000 орчим сая төгрөг л авсан.” /3хх 203-204, 207/,

яллагдагчаар Э.Б-ын “...2023 оны 6 дугаар сараас эхлэн найз Г.Г-ийн ажиллуулдаг А нэртэй покерын клубт нь админаар ажилд орсон юм. Намайг анх админаар ажилд ороход М-, Г- хоёр л байсан. Миний дараагаар удалгүй А- мөн админаар ажиллаж эхэлсэн. Анхандаа бид нар Баянзүрх дүүргийн 32 дугаар хороо 104-Л- тоот байрыг түрээслэж үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Эндээсээ миний санаж байгаагаар 2023 оны 10 билүү 11 сард нүүж Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Б- дугаар байрны 1-1 тоотыг миний нэр дээр түрээслэж клубээ ажиллуулсан. Энд байхад Х- гэдэг залуу админаар нэмэгдэж ирсэн. Уг байрандаа 2024 оны 2 дугаар сарыг хүртэл байж байгаад цагаан сарын өмнөхөн Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо Хүннү 2222 хотхоны а тоотыг бас миний нэрээр түрээслэж сүүлд цагдаа нарт баригдах хүртлээ үйл ажиллагаа явуулсан. Манай клуб нь эхэндээ 50.000 төгрөгний 2-3 ширээ нээдэг байж байгаад хааяадаа 100.000 орчим төгрөгийн ширээнүүд бас нээдэг байсан. Өдөртөө нийтдээ дунджаар 1000 орчим тоглолт явагддаг байсан. Тоглолт болгоноос клубын ашиг гэж нийт бооцооных нь мөнгөнөөс 1 хувийг авдаг байсан. ...Би эхлээд өдөрт 100.000 төгрөгийн цалин авдаг байсан. Энэ байдлаараа 3 сар явсан. Дараа нь 2024 оны 10 дугаар сарыг хүртэл 200.000 төгрөг, тэрнээс хойшоогоо бага багаар нэмэгдсээр 500.000 төгрөгийн цалин авдаг болсон ...нийтдээ 20 орчим сая төгрөгийн цалин авсан...”

“...Нийт үнийн дүнг тооцоолж хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан нэлээн их ашиг олсон...”

“...Энэ орлогын гүйлгээнүүд нь покер тоглоомын ашгаас миний данс руу орж ирж байгаа мөнгөнүүд байгаа юм. Гэхдээ энэ мөнгөнүүдээс халдварын байр, Хүннү 2222 хотхонд түрээслэж байсан байрны түрээсүүдийг би энэ мөнгөнөөс төлсөн, мөн админ нарын хоол унд, хүнсийг бас энэ мөнгөнөөс гаргаж зарцуулсан ...бусад нь миний цалин...”, “...Энэ 169.561.320 төгрөгийн орлогоос 70-80 орчим сая төгрөг нь л минй цалин хөлс байгаа юм. Үлдсэн мөнгө нь бид нарын өөрсдийнхөө хэрэгцээндээ буюу хоол хүнс, ундаа, байрны төлбөр түрээсэндээ зарцуулсан мөнгөнүүд байгаа юм.” /3хх 238-239, 242, 245, 248/,

яллагдагчаар М.Х-ын “...2023 оны сүүлээр намар 12 дугаар сарын эхнээс эхлэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Б- байрны 1-1 тоотод Г.Г-ийн ажиллуулдаг “А” нэртэй цахим мөрийтэй тоглоомын клубт нь админаар ажиллаж эхэлсэн. Уг байранд би 2 сар л ажилласан. Оны дараахан удаагүй Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо Хүннү 2222 хотхоны а тоотод нүүсэн. Намайг анх халдвартын байранд ажиллаж байхад А-, Б-, М- нар админаар ажилладаг байсан. Хүннү 2222 хотхонд ирэхэд бас бид дөрөв “А” клубт админаар ажилладаг байсан. Манай клубын үйл ажиллагааг Г- удирддаг буюу данс олж өгдөг бид нарт цалинг маань өгдөг байсан. 2024 оны 5 дугаар сараас эхлэн Г.Г- өөрөө дахиад тусдаа цахим мөрийтэй тоглоомын клуб нээсэн. Уг клубээ Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, А  хотхоны 718 тоотод үйл ажиллагааг нь явуулж, админ нараар нь Б-, С-, М-, Б- гэсэн залуусыг ажиллуулдаг байсан. Энэ клубынх нь талаар өөр нарийн ширийн зүйлсийг нь мэдэхгүй...”, “...би 29.740.000 төгрөгийг талаас илүү нь бол миний цалин байсан. Үлдсэн мөнгөөр нь админ нарын хоол хүнс авах бусад зүйлс худалдаж авахад зарцуулсан...” /4хх 31-32, 38/,                                                                                                                                                                                                                                                                                                                

яллагдагчаар Б.Б-ын “...Манай найз Г.Г-ийг “А” нэртэй покерын клуб ажилуулдаг байсныг нь би мэддэг байсан юм. Энэ утгаараа 2024 оны 5 дугаар сард түүнтэй уулзаж байхдаа “би танай А клубт админаар оръё” гэхэд зөвшөөрөөгүй ба харин намайг өөрийнхөө шинээр байгуулсан А нэртэй цахим мөрийтэй тоглоомын клубт админаар ажиллахыг зөвшөөрсөн. Ингээд би 2024 оны 5 дугаар сараас эхлэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо А хотхоны С2 блокын 718 тоотод Б-, С-, М- гэсэн залуустай хамт цахим мөрийтэй тоглоомын админы ажил хийж эхэлсэн юм. Би Б- гэдэг залуутай хамт нэг ээлжинд админаар гарч хонодог байсан. Тэгэж хонохдоо 50.000 төгрөгийн бооцоотой 1 ширээ нээж орж ирсэн хүмүүсээсээ С- гэх залуугийн дансаар бооцооны мөнгөө аваад 9 хүн бүрдсэн тохиолдолд тоглолтоо эхлүүлдэг байсан. Өдөрт дунджаар 500 гаруй тоглолт болдог. 1 тоглолтоос 3 хувийн ашиг гэж авдаг байсан. Энэ байдлаараа авсан явсаар 2024 оны 7 дугаар сарын сүүлээр цагдаа нарт баригдаад үйл ажиллагаагаа зогсоосон. ...Би эхэндээ цалин авдаггүй байсан. Сүүлдээ л өдөрт 400.000 төгрөгний авч эхэлсэн. Би нийт 9 орчим сая төгрөгний цалин авсан...” /4хх 75-76/,

яллагдагчаар Б.С-ын “...2024 оны 5 дугаар сарын сүүлээр танил Г.Г-ийн гуйснаар түүний шинээр байгуулсан “А” нэртэй цахим мөрийтэй тоглоомын клубт нь өөрийнхөө Хаан банкны Д- тоот дансаа ашиглуулангаа админаар ажиллаж эхэлсэн юм. Тухайн үед надтай хамт М-, Б-, Б- гэсэн 3 залуу бас админаар ажилладаг байсан. Бид дөрөв хоёр хоёроороо ээлжилж 24 цагаар ажилладаг байсан. Тухайн үед Г.Г- нь миний данснаас гадна Энхтүвшин, Б-, Б- нарын дансыг бас ашигладаг байсан. Тэгээд энэ байдлаараа цахим мөрийтэй тоглоомын клубээ 2024 оны 7 дугаар сарын сүүл үе хүртэл ажиллуулж байгаад цагдаа нарт баригдаад ажиллуулахаа больсон. Манай клуб нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо А хотхоны 718 тоотод үйл ажиллагаа явуулдаг байсан. Уг клубт М-, Б-, Б- бид дөрвөөс өөр админ ажиллаж байгаагүй. Клубын үйл ажиллагааг Г.Г- удирдаж, зохион байгуулдаг байсан. ...Би өдөрт хамгийн анх 200.000 төгрөгний цалин авдаг байж байгаад 1 сарын дараа 400.000 төгрөгний цалин авдаг болсон. Би цалингаа ашиглуулж байсан данснаасс гаргуулаад тооцоод авчихдаг байсан ...2024 оны 5 дугаар сарын сүүлээс эхлэн ажиллаж эхэлсэн. Энэ клубт анхнаасаа Б-, Б-, М- бид 4 админаар ажиллаж эхэлсэн...”, “...2024 оны 5 дугаар сараас эхлэн уг клубт админаар ажиллаж болсон юм. Ингэж ажиллахдаа анх Хүннү 2222 хотхоны Г- тоотод А клубын админ нартай хамт байсан. Тэгэхдээ би А клубт админ хийгээгүй зөвхөн А клубт л админ хийсэн. Тэгээд 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр А хотхон руу Б-, Б-, М- нарын хамтаар тусдаа байр түрээслэж ажиллаж байгаад 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр цагдаа нарт баригдсан...”, “...Би өөрийнхөө дансыг Г.Г- ахад өгч ашиглуулдаг байсан юм. Энэ их хэмжээний орлого бол миний дансыг ашиглаж олсон цахим мөрийтэй тоглоомын орлого байгаа юм. Өөрөөр миний данс руу 1.090.114.179 төгрөг орох ямар ч боломжгүй.” /4хх 115-116, 119-120, 123/,

яллагдагчаар М.М-ын “...2024 оны 5 дугаар сарын 20 хэдээр л байх яг нарийн он сарыг нь санахгүй байна өөрийн танил Г.Г-ийн санал болгосноор түүний шинээр байгуулсан гэх А нэртэй цахим мөрийтэй тоглоомын клубт нь админаар С-, Б-, Б- нарын хамтаар ажиллаж эхэлсэн. Уг клуб нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, А хотхоны 718 тоот байрыг түрээслэн үйл ажиллагаагаа явуулж байсан. Уг байрыг нь Г.Г- өөрийн найз М-ы нэрээр түрээслэж өгсөн байсан. Миний хувьд С- гэдэг залуутай хамт нэг ээлжинд гарч админаар хонодог байсан. Б-, Б- хоёр нөгөө ээлижд гарч ажилладаг байсан. С- бид хоёр админаар гарч ажиллаж байхдаа клубын тоглогч нарын мөнгийг нь хүлээн авч, шилжүүлсэн мөнгөн дүнгээр нь нээсэн ширээн дээрээ суулгадаг, хожсон хүнд хожсон мөнгийг нь буцааж явуулдаг байсан. Үүрээр олсон ашигаа Г-ийн нэртэй данс руу шилжүүлдэг байсан. Өдөрт дунджаар 1.500.000-2.500.000 төгрөгийн хооронд ашиг олдог байсан. Энэ байдлаараа ажиллаж байгаад сүүлд 2024 оны 7 дугаар сарын сүүлээр цагдаа нарт баригдаад үйл ажиллагаагаа зогсоосон ...Би өдөрт 300.000 төгрөгийн цалин авдаг байсан. ...барагцаагаар 13 сая орчим төгрөг авсан.” /4хх 156-157/,

яллагдагчаар Л.Б-ийн “...2024 оны 5 дугаар сард манай найз охины хамаатан болох Г- ахаас ажил байна уу? гэж асуухад надад уг А нэртэй покерын клубын админы ажлыг санал болгосон юм. Тэгээд би уг ажлыг нь зөвшөөрч 2024 оны 5 дугаар сарын сүүлээс эхлэн Хан-Уул дүүргийн А хотхоны С2 блокын 718 тоотод цахим мөрийтэй тоглоомын админаар 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажилласан. Тухайн үед надтай хамт уг клубт админаар Б-, М-, С- гэсэн 3 залуу надтай хамт ажилладаг байсан. Энэ клубт С- болон миний дансыг ашиглаж байсан. ...Би эхлээд өдөрт 300.000 төгрөгийн цалин авдаг байсан. Ямар ч байсан Г- ахын ажилуулдаг өөр нэг цахим мөрийтэй тоглоомын клуб гэдгээр нь л мэднэ...”

“...2024 оны 5 дугаар сараас эхлэн Г.Г-ийн ажиллуулдаг А цахим мөрийтэй тоглоомын клубт админаар ажиллаж эхэлсэн.Мөн өөрийнхөө дансыг 2024 оны 7 дугаар сараас эхлэн “А” нэртэй цахим мөрийтэй тоглоомын клубт нь бас ашиглуулдаг байсан ...Энэ миний А клубт дансаа ашиглуулж олсон цахим мөрийтэй тоглоомын орлого байгаа юм. Өөрөөр миний данс руу 2.127.644.120 төгрөг орох боломжгүй.” /4хх 205-206, 212-213/ гэх мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Г.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч О.М-, Г.А-, Э.Б-, М.Х-, Б.Б-, Б.С-, М.М-, Л.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Г.Г-ийг үргэлжилсэн үйлдлээр, бусадтай бүлэглэн, зохион байгуулагчаар хамтран оролцож, мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч О.М-, Г.А-, Э.Б-, М.Х-, Б.Б-, Б.С-, М.М-, Л.Б- нарыг үргэлжилсэн үйлдлээр, бусадтай бүлэглэн, гүйцэтгэгчээр хамтран оролцож, мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан тус тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Харин шүүгдэгч Г.Г-ийн үргэлжилсэн үйлдлээр мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэргийн аль шинжүүдээр гэм буруутайд тооцсоноо тогтоох хэсэгт бичээгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжтой гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан үйлдэл хийгдсэнээр бүрдэл төгсөх хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байна.

Шүүгдэгч Г.Г- нь гэмт хэргийн замаар олсон нийт 24.406.659.188.59 төгрөгийг Монгол Улсын Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцож, ял оногдуулахаар хуульчилсан мөрийтэй тоглоом зохион байгуулах хэлбэрээр төвлөрүүлж, 21,906,633,496.14 төгрөгийг мөрийтэй тоглоом тоглож хожсон хонжвор хэлбэрээр тоглогчдод буцаан шилжүүлсэн, мөн 6 иргэний 7 дансаар 2,500,025,692.45 төгрөгийг гэмт хэргийн замаар олж авч уг мөнгөний бодит шинж чанар, эх үүсвэр, захиран зарцуулах аргыг нуун далдалсан, 1,949,949,117 төгрөгийг бэлнээр болон шилжүүлгээр, 69,684,270 төгрөгийг худалдан авалтаар өөрчилж гэмт хэргийн замаар олсон орлого болохыг мэдсээр байж Land Cruiser Prado 150 маркийн тээврийн хэрэгслийг 160,000,000 төгрөгөөр худалдан авсан байна. Иймд шүүгдэгч Г.Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрчилсөн, бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах аргыг нуун далдалсан үйлдлийн шинжүүдийг хангасан гэм буруутайд тооцохоор өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан мөрийтэй тоглоом зохион байгуулах, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан мөнгө угаах гэмт хэргүүд нь гэмт хэргийн улмаас хохирол учирсан байхыг шаардахгүй, Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцохоор тухайн зүйл, хэсэгт хуульчилсан тодорхой үйлдэл хийгдсэнээр бүрдэл төгсөх хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Тодруулбал мөрийтэй тоглоом зохион байгуулж хэр хэмжээний ашиг олсон, хэдий хэмжээний хөрөнгө, мөнгө, орлогыг угаасан зэрэг нь эдгээр гэмт хэргүүдийн зүйлчлэл болоод гэмт хэрэгт тооцох эсэх шинжид хамаардаггүй боловч гэмт хэргийг үргэлжлүүлсэн хугацаа, үйлдлийн давтамж, хөрөнгө, мөнгө, орлогын хэмжээ, мөрийтэй тоглоом зохион байгуулж хамруулсан хүмүүсийн тоо, мөнгөн дүнгийн хэмжээ зэрэг нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх, ял оногдуулах зайлшгүй харгалзан үзэх нөхцөл байдал болно.

Нийгмийн аюулын шинжийн хувьд нийтлэгээр хууль бус, далд эдийн засгийг дэмжих, гэмт хэргийн замаар хөрөнгө, мөнгө, орлого бий болгох, төвлөрүүлэх, хуримтлуулах зэрэг сөрөг үр дагаварыг бий болгодог бол мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн тухайд мөрийтэй тоглоом нь донтолт, сэтгэл зүйн хамаарал үүсгэж,  хувь хүнд хийгээд гэр бүлд  санхүүгийн хямрал бий болгох, их хэмжээний өрөнд орсноос болж сэтгэл гутралд орох,  гэр бүл салалт зэрэг асуудлуудыг үүсгэхийн зэрэгцээ, богино хугацаанд дахин мөнгө олж мөрийтэй тоглох зорилгоор өмчлөх эрхийн эсрэг болоод богино хугацаанд ашиг олж болохуйц бусад гэмт хэрэг үйлдэх шалтгаан болох зэргээр тодорхойлогдоно.   

Төрөөс мөрийтэй тоглоомыг тэр дундаа цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглох арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа нь төрийн бодлогын түвшинд онцгойлон анхаарч, хууль тогтоомжоор шууд хориглох хатуу зохицуулалт хэрэглэж байгааг дурдах нь зүйтэй.

Анхан шатны шүүх хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээний талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнийн дүнгээс өөрөөр дүгнэхдээ шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдэд тулгуурлан “...Дабль Г- ХХК-ийн 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2025/0827 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргийн улмаас шүүгдэгч нар нь нийт 2.500.025.692 төгрөгийн орлого олсон. ...Шүүгдэгч Г.Г- нь дээрх 2.500.025.692 төгрөгөөс бусад шүүгдэгч нарын админаар ажилласан хөлс, орон сууц түрээслэсэн зардал, хоол ундны төлбөр, “Pokerrrr-2” аппликейшний төлбөр, гишүүдийн хооронд дахь тэмцээний зардал зэрэг үйл ажиллагааны зардал гарсан гэж тайлбарлах боловч дээрх зардлуудыг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байх тул гэмт хэрэг үйлдэж олсон орлогоос хасах хууль зүйн үндэслэлгүй болно. ...Шүүгдэгч О.М-, Г.А-, Э.Б- нар гэмт хэрэг үйлдэж олсон орлого буюу “админаар ажилласан хөлс”-ний хэмжээг 60.000.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэлээ. Учир нь шүүгдэгч О.М-, Г.А-, Э.Б- нарын дансны хуулгаар их хэмжээний орлого орсон байх боловч тухайн орлогоос байрны түрээс, хоол ундны бусад зардлууд гарч байсан, цалин хөлс 50.000.000-60.000.000 төгрөг, 60.000.000-70.000.000 төгрөг авч байсан талаар хэн аль нь мэдүүлэх ба тэдгээрийн мэдүүлэг нь шүүгдэгч Г.Г-ийн өгсөн мэдүүлгээр давхар нотлогдож байна. Харин шүүгдэгч Б.Х- нь 2024 оны 1 дүгээр сараас эхлэн админаар ажиллаж байсан болох нь түүний яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон бусад шүүгдэгч болох О.М-, Г.А-, Э.Б-, Г.Г- нарын мэдүүлгээр давхар тогтоогдохоос гадна түүний дансны мэдээллээр 29.740.000 төгрөгийн орлого орсон байх тул гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг 29.740.000 төгрөгөөр тогтоов. Шүүгдэгч Б.Б-, Б.С-, М.М-, Л.Б- нар 2024 оны 5 дугаар сараас 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд ажилласан 5.000.000-7.000.000 төгрөг, 7.500.000-8.000.000 төгрөгийн цалин авсан талаараа мэдүүлэх ба шүүгдэгч Л.Б- нь 7.600.000 төгрөгийн цалин авсан талаараа яллагдагч, шүүгдэгчээр тодорхой, тогтвортой мэдүүлж байгаа нь бусад шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б-, Б.С-, М.М-, Л.Б- нараас тус бүр 7.600.000 төгрөг гаргуулах нь зүйтэй байна. ...Иймд 2.500.025.692 төгрөгөөс бусад шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 180.000.000+29.740.000+30.400.000 буюу 240.140.000 төгрөг, харилцах данснуудын үлдэгдэл 22.375.784 төгрөг, тээврийн хэрэгслийн үнэ 130.000.000 төгрөг, нийт 392.515.784 төгрөгийг хасаж 2.107.509.908 төгрөгийг шүүгдэгч Г.Г-оос гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэлээ” гэж дүгнэжээ.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-, Г.А-, Э.Б- нараас тус бүр 60.000.000 төгрөг, шүүгдэгч Б.Х-аас 29.740.000 төгрөг, шүүгдэгч Б.Б-, Б.С-, М.М-, Л.Б- нараас тус бүр 7.600.000 төгрөг, шүүгдэгч Г.Г-оос 2.107.509.908 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого, Хаан банк дахь Б.С-ын эзэмшлийн Д- тоот дансны үлдэгдэл 5.486.914 төгрөг, И.З-ын эзэмшлийн З- тоот дансны үлдэгдэл 1.001.656 төгрөг, Л.Б-ийн эзэмшлийн Ү- тоот дансны үлдэгдэл 8.642.046 төгрөг, Л.М-ын эзэмшлийн 5Ү- тоот дансны үлдэгдэл 1.421.448 төгрөг, Г.Г-ийн эзэмшлийн 5Ү-3 тоот дансны үлдэгдэл 5.823.718 төгрөг, нийт 22.375.784 төгрөгийг улсын орлого, шүүгдэгч Г.Г-ийн эзэмшлийн Г- УЕК улсын дугаартай Тоёота Ланд Круйзер Прадо Жи-150 маркийн тээврийн хэрэгслийг 130.000.000 төгрөгт тооцон улсын орлого тус тус болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Г.Г-ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч О.М-, Г.А-, Э.Б-, М.Х- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Б-, Б.С-, М.М-, Л.Б- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 10 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ид энэ тогтоолоор оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-д Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1109 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч О.М-д оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийг гэм буруутайд тооцохдоо журамласан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцож нэг ял оногдуулах зохицуулалтыг баримтлаагүйг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч Б.Батбаяр “...Г.Г-ийг хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү.” гэх,

шүүгдэгч Л.Б-ийн өмгөөлөгч Ч.Ганзориг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалт, 7.1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтаас хэрэглэн шүүгдэгч Л.Б-т хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэх,

шүүгдэгч М.М-ын өмгөөлөгч Б.Батжаргал “...Эрүүгийн хуульд хуульчлагдсан хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугийн зарчим зэрэг нь дээрх байдлаар хангагдаж байх тул торгох шийтгэл оногдуулах боломжтой юм ...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгч М-од холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэх,

шүүгдэгч М.Х-ын өмгөөлөгч Д.Очирдорж “...хорихоос өөр төрлийн ял оногдуулах эсвэл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байна ...анхан шатны шүүх тухайн гэмт хэргийн хамтран оролцох төрөл хэлбэрийг буруу тодорхойлж, хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэж байна ...шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэх,

шүүгдэгч О.М-ы өмгөөлөгч Н.Нямдорж “...мөрдөгч, прокурор нар нь “та нар яах ч үгүй хөнгөн гэмт хэрэг учир өмгөөлөгч аваад шаардлагагүй торгуулаад сална” гэдэг байдлаар тайлбар мэдүүлэг авч эцэст нь шүүх хуралд өмгөөлөгчгүй орно гэж хэлээд эрх эдэлж чадалгүй түүний эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн байна. ...60.000.000 төгрөгийг юуны учир улсад төлөх нь эргэлзээтэй, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцох нь зөв үү үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. ...шийтгэх тогтоолоор О.М-д оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах  ялыг оногдуулж өгнө үү.” гэх,

шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч О.Анхбаяр “...анхан шатны шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч Э.Б-од 1 жил 6 сарын хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү.” гэх,

шүүгдэгч Б.Б- “...10 сарын хорих ялыг минь торгуулын ялаар сольж өгнө үү.” гэх,

шүүгдэгч Э.Б- “...надад боломж олгож оноосон ялыг минь хөнгөрүүлж өгөхийг чин сэтгэлээсээ хүсэж байна.” гэх,

шүүгдэгч М.М- “...хорихоос өөр ялаар шийтгэж нийгэмд хариуцлагатай иргэн болоход минь тусалж өгнө үү.” гэх,

шүүгдэгч Г.А- “...хувийн байдлыг минь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оноож миний эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү.” гэх,

шүүгдэгч Б.С- “...хувийн байдлыг минь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн шийтгэл оноож өгнө үү.” гэх,

шүүгдэгч М.Х- “...биеэр эдлэх ялыг минь хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Г.А-, Э.Б-, М.Х-, Б.Б-, Б.С-, М.М-, Л.Б- нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.А-, Э.Б-, М.Х- нарт 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Б.Б-, Б.С-, М.М-, Л.Б- нарт 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.А-, Э.Б-, М.Х-, Б.Б-, Б.С-, М.М-, Л.Б- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оршин суух буюу шүүгдэгч Г.А-ыг Баянгол дүүргийн, Э.Б-ыг Баянзүрх дүүргийн, М.Х-ыг Сонгинохайрхан дүүргийн, Б.Б-ыг Хан-Уул дүүргийн, Б.С-ыг Чингэлтэй дүүргийн, М.М-ыг Сүхбаатар дүүргийн, Л.Б-ийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс эмнэлэгийн яаралтай тусламж авахаас бусад тохиолдолд хяналт тавьж буй эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гарч явахыг хориглож, хязгаарлалт тогтоож, хяналт тогтоохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.А-, Э.Б-, М.Х-, Б.Б-, Б.С-, М.М-, Л.Б- нарт сануулж шийдвэрлэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Г-ид үргэлжилсэн үйлдлээр, бусадтай бүлэглэн, зохион байгуулагчаар хамтран оролцож мөрийтэй тоглоом зохион байгуулах, мөнгө угаах үйлдэлд хорих ял оногдуулсан нь тохирсон байна.  

Учир нь Г.Г- нь шүүгдэгч О.М-, Г.А-, Э.Б-, М.Х- нартай бүлэглэн цахим орчинд “Pokerrrr-2” аппликейшнд “А” нэртэй клуб үүсгэн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 6 дугаар сараас 2024 оны 7 дугаар сарын 24-ны өдөр хүртэлх хугацаанд, мөн үүнээс гадна шүүгдэгч Б.Б-, Б.С-, М.М-, Л.Б- нартай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр цахим орчинд “Pokerrrr-2” аппликейшнд “А” нэртэй клуб үүсгэн 2024 оны 5 дугаар сараас 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн хугацаанд тус тус мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг зохион байгуулж, гэмт хэрэг хамтран үйлдэх этгээдүүд буюу гүйцэтгэгч нарыг сонгон авч, үүрэг оролцоог хуваарилж, гэмт хэрэг үйлдэж олсон орлогоос цалин нэрийн дор урамшуулал, шан харамж олгож цаашид гэмт хэрэг хамтран үйлдэх нөхцөл байдлыг үргэлжлүүлсэн, гэмт хэрэг үйлдэх аргыг сонгож үйлдсэн, энэ хугацаанд мөрийтэй тоглоом зохион байгуулж цуглуулсан хууль бус орлогын хэр хэмжээ, түүнийг захиран зарцуулсан байдал, гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг угаасан, түүний гэмт үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан, мөн гэмт хэрэгт хамтран оролцсон төрөл хэлбэр, үүрэг оролцоо зэрэг нөхцөл байдлууд, эрүүгийн хариуцлагын зорилго болоод шударга ёсны зарчимд нийцүүлж дүгнэсэн болно.

Харин шүүгдэгч О.М-д үргэлжилсэн үйлдлээр, бусадтай бүлэглэн, гүйцэтгэгчээр хамтран оролцож, мөрийтэй тоглоом зохион байгуулах үйлдэлд анхан шатны шүүхээс хорих ял оногдуулж урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулж, нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрт давж заалдах шатны шүүх өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Үүнд шүүгдэгч О.М-д анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж гэж өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Анхан шатны шүүх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1109 дугаартай шийтгэх тогтоолын тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн зүйл хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагыг зорилгод нийцсэн гэж дүгнэв.

ШШГЕГ-ын 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №02/26028 албан тоот /5хх 239/, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /5хх 240/ зэрэг баримтуудаар О.М-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хяналт  тогтоосон хугацаа 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болсон. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна гэж хууль хэрэглээний хувьд ойлгомжгүй, ямар нэгэн салаа болон хоёрдмол утгагүйгээр, тодорхой хуульчилсан. Шүүгдэгч О.М-ы сүүлийн үйлдэл 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр цагдаагийн байгууллагын албан хаагч нар гэмт хэргийг таслан зогсооход төгссөн гэж үзэхэд хүртэл тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх хангалттай үндэслэл бий болсон бөгөөд анхан шатны шүүхээс тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах зохицуулалт нь гэмт хэрэг үйлдэгдэж төгссөн цаг хугацаанд хамаарах ойлголт болохоос биш анхан шатны шүүхийн шийдвэрээр гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хугацаанд хамаарах ойлголт биш болно.  

Шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч Б.Батбаярын гаргасан “...хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү” гэх, шүүгдэгч О.М-ы өмгөөлөгч Н.Нямдоржийн гаргасан “...60.000.000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь учир дутагдалтай, анхан шатны шүүх энэ талаар хангалттай дүгнэлт хийгээгүй, шүүгдэгч О.М-д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү”, шүүгдэгч М.Х-ын өмгөөлөгч Д.Очирдоржоос гаргасан “...анхан шатны шүүх тухайн гэмт хэргийн хамтран оролцох төрөл хэлбэрийг буруу тодорхойлж, хууль хэрэглээний алдаа гаргасан” гэх агуулга бүхий гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, зарим шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан торгох ял оногдуулах, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх талаар гаргасан гомдлуудыг хангах үндэслэлгүй, харин нэр бүхий шүүгдэгч нарт хорихоос өөр төрлийн буюу зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжтой гэж шийдвэрлэсэн болно.   

Иймд дээрх үндэслэлээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/2636 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч  Б.Б-, түүний өмгөөлөгч Ч.Ганзориг, шүүгдэгч Э.Б-, түүний өмгөөлөгч О.Анхбаяр, шүүгдэгч  М.М-, түүний өмгөөлөгч Б.Батжаргал, шүүгдэгч Г.А-, шүүгдэгч Б.С-, шүүгдэгч М.Х-, түүний өмгөөлөгч Д.Очирдорж нараас гаргасан хорихоос өөр төрлийн ял оногдуулах агуулгаар гаргасан гомдлуудыг хүлээж авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 99 хоногийг Г.Г-, О.М- нарт оногдуулсан хорих ял эдлэх хугацаанд, шүүгдэгч Г.А-, Э.Б-, М.Х-, Б.Б-, Б.С-, М.М-, Л.Б- нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногтой цагдан хоригдсон 1 хоногийг тэнцүү байхаар тооцож тус тус эдлэх ялд нь оруулан тооцов.

Шүүгдэгч Г.А-, Э.Б-, М.Х-, Б.Б-, Б.С-, М.М-, Л.Б- нарт хорих ял оногдуулсан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тул даруй суллахаар шийдвэрлэв.  

Нийслэлийн прокурорын газрын 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 372 дугаар яллах дүгнэлтийн хавсралт,  2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Хэрэг хүргүүлэх тухай №Ц-5/5578 албан тоотод дурдагдаж буй эд мөрийн баримтууд нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/2636 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтанд дурдсан эд мөрийн баримтын жагсаалтаас зөрүүтэй байх боловч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор У.Анхжаргал анхан шатны шүүх хуралдаанд эд мөрийн баримтуудыг нэг бүрчлэн тулгаж, шинжлэн судалсан, прокурорын яллах дүгнэлт, албан тоотод буруу бичигдсэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд бичигдсэн жагсаалт зөв гэсэн агуулга бүхий тайлбар гаргасныг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/2636 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 1 дэх заалтын “...Шүүгдэгч Б- овогт Г-ын Г-ийг ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд...” гэснийг “...Шүүгдэгч Б- овогт Г-ын Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрчилсөн, бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах аргыг нуун далдалсан үйлдлийн шинжүүдийг хангасан гэм буруутайд тооцсугай...” гэж,

- 2 дахь заалтын “Шүүгдэгч Г.Г-ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял,

- Шүүгдэгч О.М-, Г.Аптанбагана, Э.Б-, М.Х- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

- Шүүгдэгч Б.Б-, Б.С-, М.М-, Л.Б- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 10 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.” гэснийг 

“...Шүүгдэгч Г.Г-ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял,

- Шүүгдэгч О.М- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

- Шүүгдэгч Г.А-, Э.Б-, М.Х- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгарлах ял,

- Шүүгдэгч Б.Б-, Б.С-, М.М-, Л.Б- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.” гэж,

- 5 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч О.М-д оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч О.М-д оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэж,

- 6 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-, О.М- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-ыг Баянгол дүүргийн, Э.Б-ыг Баянзүрх дүүргийн, М.Х-ыг Сонгинохайрхан дүүргийн, Б.Б-ыг Хан-Уул дүүргийн, Б.С-ыг Чингэлтэй дүүргийн, М.М-ыг Сүхбаатар дүүргийн, Л.Б-ийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс эмнэлэгийн яаралтай тусламж авахаас бусад тохиолдолд хяналт тавьж буй эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гарч явахыг хориглож, хязгаарлалт тогтоож, хяналт тогтоохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэсэн,

- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.А-, Э.Б-, М.Х-, Б.Б-, Б.С-, М.М-, Л.Б- нарт сануулсугай.” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.А-, Э.Б-, М.Х-, Б.Б-, Б.С-, М.М-, Л.Б- нарыг даруй сулласугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-, О.М-, Г.А-, Э.Б-, М.Х-, Б.Б-, Б.С-, М.М-, Л.Б- нарын цагдан хоригдсон 99 хоногийг оногдуулсан хорих болон зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 5. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                               Н.БААСАНБАТ  

                 ШҮҮГЧ                                                         Л.ГАЛБАДАР