Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 03

 
Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Тунгалаг би тус аймгийн *******,*******ын газрын даргад холбогдох 2016 оны 2 сарын 24-нөөс 4 дүгээр сарын 7-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлс гаргуулах, 2016 оны 4 дүгээр сарын 7-ноос 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх цалин хөлсний зөрүүг гаргуулах, цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэлүүдийг зохих дансанд шилжүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх, байгаль хамгаалагчийн албан тушаалын цалинг ТЗ-2-1 зэрэглэлээр олгохыг Завхан аймгийн *******,*******ын газрын даргад даалгуулах шаардлагууд бүхий иргэн А.*******гийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь *******гийн ******* нь 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн *******,*******ын газрын даргын Б/18 тоот тушаалаар ******* сумын Байгаль хамгаалагчийн ажилд томилогдон ажиллаж байгаад 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Б/37 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн юм.

Намайг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ тушаалдаа дурьдахдаа төрийн албан хаагчийн ерөнхий шаардлагыг хангаагүй, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг ур чадвартай мэргэшсэн байх явдал мөн гэж мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 Энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага болзолыг хангасан Монгол улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй гэж заасан заалтыг тус тус үндэслэн чөлөөлсөн нь ямар ч үндэслэлгүй юм. Дээрх заалт нь төрийн албан хаагчид нэр дэвшигчийг төрийн албанд анх ороход хамаарах заалт болохоос төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлж халахад үндэслэх заалт биш гэж үзэж 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган нэхэмжлэлийн шаардлагаа: 1.Завхан аймгийн *******,*******ын газрын дарга Д.*******ы 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Б/37 тоот тушаалыг хүчингүй болгуулах, 2. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулж авах, 3.Цалин хөлснөөс Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг зохих дансанд шилжүүлэн дэвтэрт бичилт хийлгэх шаардлага тавьсан юм. Тус Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд ажлаас чөлөөлөх тушаалыг хүчингүй болгон ажилдаа эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь шийдвэрлэж өгсөн юм. *******,*******ын газар нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх 472 тоот магадлал гарсан. *******,*******ын газар нь хяналтын шатны шүүхэд хандан уг хяналтын шатны шүүх 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гомдол хүлээн авахаас татгалзах 80 тоот захирамж гарсан. Ингээд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 21 тоот шийдвэрээр 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр *******,*******ын газрын дарга эргүүлэн авсан боловч цалин бууруулан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192000 цалинжуулж байгаа нь Шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэж байна. Ингээд би хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192000 цалинжуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Завхан аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гомдол гаргасан. Ингээд Төрийн албаны зөвлөл ирц хүрэхгүй байгаа тул хуралдах боломжгүй дараагийн шатны байгууллагад хандах тухай 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 54 тоот албан бичгийг ирүүлсэн юм. Үндэслэлгүй халсанг шүүх тогтоосон байхад цалин, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл тасарч хохирч байгаа юм гэжээ.

Нэхэмжлэлийн шаардлага: 2016 оны 2 дугаар сарын 24-нөөс 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлсөө хуульд заасан журмын дагуу гаргуулж авах 2016 оны 4 дүгээр сарын 07-ноос 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх цалин хөлсний зөрүүг хуульд заасан журмын дагуу гаргуулж авах, цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэлүүдийг зохих дансанд шилжүүлэх дэвтэрт бичилт хийлгэх, өмнөх цалингийн хэмжээ болох Т3-2-1 цалингаа тогтоолгож Завхан аймгийн *******,*******ын газарт даалгуулах хүсэлтэй байна гэжээ. А.******* миний бие нь сарын дундаж цалин хөлс /444905 төгрөг/-нөөс нэг хоногийн хөлс /20694 төгрөг/-ийг тооцон гаргаж 2016 оны 02 дугаар сарын 24-ноос 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх 1 сар 14 хоногийн дундаж цалин 538044 төгрөг 2016 оны 04 дүгээр сарын 07-ноос 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх цалингийн зөрүү 2135240 нийт 2673284 төгрөгийг өнөөдрийн байдлаар нэхэмжилж байна. Цаашид хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх үе хүртэл тооцож хохирлоо гаргуулах

Нэхэмжлэгч, хариуцагч нар бичгээр үйлдсэн эвлэрлийн гэрээндээ: А.******* нь 2016 оны 2 дугаар сарын 24-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлсөө хуульд заасан журмын дагуу гаргуулж авах, 4 дүгээр сарын 7-ны өдрөөс одоог хүртэлх цалин хөлсний зөрүүг хуульд заасан журмын дагуу гаргуулж авах, цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэлүүдийг зохих дансанд шилжүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх, өмнөх цалингийн хэмжээ болох ТЗ-2-1 цалингаа тогтоолгох.

Маргааны талаар харилцан тохиролцож, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 26 дугаар зүйл, Иргэнийхуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийг үндэслэн 2017 оны 1 дүгээр сарын 9-ны өдөр дараах зүйлийг тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд:

1. Өргөдөл гаргагч А.*******гийн үүрэг

         Шүүхэд нэхэмжлэл гаргасан 3 259 820 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзана.

         Албан тушаалын үндсэн цалинг ТЗ-2-1-д хамааруулан цалинжина.

2. *******,*******ын газрын дарга Б.*******ын үүрэг:

         *******д албан тушаалын үндсэн цалинг ТЗ-2 хамааруулан цалинжуулна.

         Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх заалтын дагуу *******,*******ын газрын байгаль хамгаалагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилуулна.

Эвлэрүүлэн зуулчлалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулахаар тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.******* нь Завхан аймгийн *******,*******ын газрын даргын 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар байгаль хамгаалагчийн ажилд томилогдон ажиллаж байсан байна.

Тэрээр 2016 оны 2 дугаар сарын 24-нөөс 4 дүгээр сарын 7-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлс гаргуулах, 2016 оны 4 дүгээр сарын 7-ноос 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх цалин хөлсний зөрүүг гаргуулах, цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэлүүдийг зохих дансанд шилжүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх, байгаль хамгаалагчийн албан тушаалын цалинг ТЗ-2-1 зэрэглэлээр олгохыг Завхан аймгийн *******,*******ын газрын даргад даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан зохих ёсоор олгогдоогүй цалин хөлс буюу 3 259 820 төгрөгийн хохирол гаргуулах шаардлагаасаа татгалзах талаар хариуцагчтай тохиролцож, А.*******д ******* сумын байгаль хамгаалагчийн албан тушаалын үндсэн цалинг ТЗ-2-1 зэрэглэлээр олгох, *******,*******ын газрын байгаль хамгаалагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилуулах нөхцлөөр эвлэрч, энэ талаар бичгээр гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дүгээр зүйлийн 20.1.1, 68 дүгээр зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгох эрхтэй ба энэ тухайгаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул хэрэг хэлэлцэх ажиллагааг дуусгавар болгож эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.******* нь нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзаж, албан тушаалын үндсэн цалинг ТЗ-2 зэрэглэлээр цаашид олгох, *******,*******ын газрын байгаль хамгаалагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилуулах гэсэн нөхцлөөр хариуцагчтай эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ