Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2017/00592

 

С.Болдын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1437 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

         2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дүгээр магадлалтай,

         С.Болдын нэхэмжлэлтэй,

         Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар, Г.Нэргүй, Д.Одбаяр нарт холбогдох        

         Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

         Нэхэмжлэгч С.Болдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Хариуцагч Худалдаа хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганболд, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “...Миний бие 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өөрийн өмчлөлийн Дархан сумын 9 дүгээр баг 2 дугаар байрны 143 тоот 3 өрөө орон сууцыг Г.Нэргүйд Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан шилжүүлсэн. Тус гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар 2015 онд Г.Нэргүйд холбогдуулж нэхэмжлэл гарган шийдвэрлүүлсэн ба тус иргэний хэрэг Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 681 дүгээр шийдвэр, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 115 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 919 дүгээр тогтоолоор миний Г.Нэргүйтэй байгуулсан 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр буст тооцож” шийдвэрлэсэн. Г.Нэргүй, түүний хүү Д.Одбаяр нар нь Худалдаа хөгжлийн банкны Дархан салбартай 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх” гэрээ байгуулж миний байрыг шилжүүлсний улмаас Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар Дархан сумын 9 дүгээр баг 2 дугаар байрны 143 тоот 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоогдож намайг болон миний гэр бүлийн гишүүдийг байрнаас гаргуулахаар шүүхэд хандаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхлээд байна. 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдөр С.Болд, Г.Нэргүй бид хоёрын дунд байгуулагдсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдож, дээрх шүүхийн шийдвэрүүдээр эцэслэн шийдвэрлэгдсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасны дагуу Г.Нэргүй, Д.Одбаяр нар болон Худалдаа хөгжлийн банкны Дархан салбартай 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх” гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

      Хариуцагч Худалдаа хөгжлийн банкны Дархан салбарын гаргасан хариу тайлбарт: “С.Болд нь 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум 9 дүгээр баг 4 дүгээр хороолол 2 дугаар байрны 143 тоот 3 өрөө орон сууцыг Г.Нэргүйд худалдаж Г.Нэргүй нь 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Худалдаа хөгжлийн банктай орон сууцны зээлийн гэрээг байгуулан 31.920.000 төгрөгийн зээлийг авсан. Г.Нэргүй нь зээлээ цаг хугацаандаа төлөөгүйн улмаас банк шүүхэд хандаж, 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчийн 1121 дүгээр захирамжаар хэргийг шийдвэрлэсэн. С.Болд нь 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулахаар нэхэмжлэл гаргасан ба энэ нь гурван шатны шүүхээр явж гэрээг хүчин төгөлдөр буст тооцсон боловч Худалдаа хөгжлийн банкны эрх ашигт нөлөөлөх боломжгүй гэж шүүх дүгнэсэн. Манай банк С.Болдыг орон сууцнаас албадан гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг гаргаж 3 шатны шүүхээр хэргийг шийдвэрлэсэн. С.Болд нь дээрх тогтоолд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулсан ба зээлийн үүргийг барьцааны зүйлээр хангахаар тохиролцсоны үндсэн дээр орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардсаныг хангаж шийдвэрлэсэн. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу.” гэжээ.

        Хариуцагч Г.Нэргүй, Н.Одбаяр нарын гаргасан хариу тайлбарт: “2012 оны 08 дугаар сарын 16-ны өдөр С.Болдын өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум 9 дүгээр багийн 2 дугаар байрны 143 тоот 3 өрөө орон сууцыг орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлэн авсан. Хаан банкны эдийн засагч … нар нь 2012 оны 07 дугаар сард Д.Одхүүд гялгар уутны үйлдвэрийн бизнест хамтран ажиллах санал тавьж хамтран ажиллахаар болсон. Зээлийн гэрээний дагуу С.Болдын ордер миний нэр дээр шилжсэн С.Болдын дансанд Худалдаа хөгжлийн банкнаас 31.920.000 төгрөг орсон. С.Болд, Б.Ганхүү нар нь зээлээ төлөхөө больсон. 2014 оны 08 дугаар сарын 30-ны өдөр С.Болдод Худалдаа хөгжлийн банкны мэдэлд байрыг чинь өглөө гэдгээ хэлсэн. Тухайн үед зээл төлөх талаар ямар ч арга хэмжээ авахгүй, зээлээ төлөхгүй, харилцан ярилцаж ойлголцохгүй байсан.” гэжээ.

        Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1437 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10, 56.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Болдын гаргасан хариуцагч Г.Нэргүй, Д.Одбаяр, Худалдаа хөгжлийн банкны Дархан салбарт холбогдох үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч С.Болдоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

         Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дүгээр магадлалаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1437 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Болдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

           Нэхэмжлэгч С.Болдын хяналтын журмаар гаргасан гомдолд: “...Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсний улмаас иргэн миний хууль ёсны эрхийг зөрчиж үндэслэлгүй шийдвэр, магадлал гаргасан. С.Болд миний гаргасан нэхэмжлэлийн дагуу Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар, Г.Нэргүй, Д.Одбаяр нарын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг анхан болон давж заалдах шатны шүүх тогтоосон байх боловч тус хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас өөрийн орон байраа алдахад хүрээд байгаа нэхэмжлэгч С.Болд миний Иргэний хуулийн 56.4-т заасан тус хэлцлийн үр дагаврыг арилгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь тус хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас С.Болд миний бие Дархан сумын 9 дүгээр баг 4 дүгээр хороолол, 2 дугаар байрны 143 тоот 3 өрөө өөрийн өмчлөлийн орон сууцаа Худалдаа хөгжлийн банкинд алдахад хүрээд байгаа бөгөөд Иргэний хуулийн 56.4 дэх хэсэгт зааснаар тус үр дагаврыг арилгуулж өмчлөх эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байгаа минь хууль зүйн үндэслэлтэй төдийгүй шаардах эрхийн үндэслэл болж чадна. Гэтэл шүүх хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосон боловч түүний үр дагаврыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэл болж байна. Иймд хяналтын журмаар гаргасан гомдлыг минь хүлээн авч шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй, хууль хэрэглээний алдаа гаргаагүй байх тул шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

          Нэхэмжлэгч С.Болд нь хариуцагч Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар, Г.Нэргүй, Д.Одбаяр нарт холбогдуулан “Худалдаа хөгжлийн банк болон Г.Нэргүй, Д.Одбаяр нарын хооронд байгуулагдсан 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн Дархан сумын 9 дүгээр багт байрлалтай 2 дугаар байрны 143 тоот 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр С.Болдыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

Хариуцагч Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, урьд нь шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргасан бол зээл төлөх талаар ямар ч арга хэмжээ аваагүй, банкны мэдэлд байрыг нь өглөө гэдгийг хэлсэн гэж Нэргүй, Н.Одбаяр нар нь тайлбар гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 681 дүгээр шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 115 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 919 дүгээр тогтоолоор С.Болд, Г.Нэргүй нарын хооронд 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 2 дугаар байрны 143 тоот 3 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах тухай гэрээ хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдсон байна.

         Харин Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1121 дүгээр захирамжаар “... хариуцагч Г.Нэргүй нь үүргийн гүйцэтгэл 36.500.229 төгрөгийг Худалдаа хөгжлийн банк болон Г.Нэргүй, Д.Одбаяр нарын хооронд байгуулагдсан 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээний дагуу барьцаа хөрөнгө болсон дээрх орон сууцаар хангуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож”  шийдвэрлэсэн байна.

            Түүнчлэн Худалдаа хөгжлийн банкны Дархан салбарын гаргасан “Дархан сумын 9 дүгээр баг, 2 дугаар байрны 143 тоот 3 өрөө орон сууцыг С.Болдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 231 дүгээр шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 66 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 443 дугаар тогтоолоор тус тус хангаж шийдвэрлэжээ.

          Улмаар нэхэмжлэгч С.Болд Улсын Дээд шүүхэд хандан “Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 231 дүгээр шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 66 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 443 дугаар тогтоол”-ыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлт гаргасныг Дээд шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолоор уг хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

         Дээрх дурдсан үйл баримт нь шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон тул дахин нотлох шаардлагагүй гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т нийцсэн гэж үзнэ.

          Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч С.Болд нь Худалдаа хөгжлийн банк болон Г.Нэргүй, Д.Одбаяр нарын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан “Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх” гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар буюу маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зөв тодорхойлсон байна.  

         Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар болон Г.Нэргүй, Д.Одбаяр нарын хооронд хийгдсэн “2014 оны 09 сарын 01-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”-ний дагуу  маргааны зүйл болсон Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 2 дугаар байрны 143 тоот 3 өрөө орон сууцыг үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгө болгож, Худалдаа хөгжлийн банкны Дархан салбараас зээл авсан ба үүргийн гүйцэтгэлийг энэхүү барьцаа хөрөнгөөр хангуулахаар талууд эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1121 дүгээр захирамж гарсан нь  барьцааны зүйлийн өмчлөгч өөрчлөгдсөн ч барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй, уг эд хөрөнгөнд ногдуулсан барьцааны үүрэг хэвээр үлдэх боломжтой тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. 

        Хэдийгээр нэхэмжлэгч С.Болдын Г.Нэргүйд орон сууц өмчлөх эрхээ шилжүүлэхээр 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангасан боловч уг хэлцлийн үр дагаврыг арилгаж С.Болдыг улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэж, түүний өмчлөх эрх нь баталгаажаагүй тул улсын бүртгэлийг үнэн зөв гэж тооцож өмчлөгч Г.Нэргүй нартай байгуулсан Худалдаа хөгжлийн банкны Дархан салбарын зээлийн барьцааны гэрээ хүчин төгөлдөр, мөн тэдний хооронд байгуулсан өмчлөх эрх шилжүүлэх гэрээ нь хүчин төгөлдөр байх тул С.Болдыг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэх боломжгүй юм.

           Харин нэхэмжлэгч нь С.Болд, хариуцагч Г.Нэргүй нарын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгийн хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцуулсны үр дагаварт байрны өмчлөх эрхийг бус байрны үнэ болох хохирлыг Г.Нэргүй нарт холбогдуулан нэхэмжлэх эрхтэй бөгөөд ийнхүү нэхэмжлэхэд шүүхийн энэ шийдвэр саад болохгүй гэсэн давж заалдах шатны  шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6-д заасныг зөрчөөгүй байна.

         Иймээс нэхэмжлэгч С.Болдын “..анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1437 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Болдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Нэхэмжлэгч С.Болдын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Х.СОНИНБАЯР

                                           ШҮҮГЧ                                                       Д.ЦОЛМОН