Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 303

 

 

О.Н, Х.А, М.Б, Ж.М, Ш.О, О.Х, Н.Э, Т.Т, Ц.Г, Х.Э

нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор О.Мөнхбаатар, шүүгдэгч О.Ц өмгөөлөгч Л.Наранчимэг, Т.Ариунболд, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоол, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 09 дүгээр магадлалтай, О.Н, Х.А, М.Б, Ж.М, Ш.О, О.Х, Н.Э, Т.Т, Ц.Г, Х.Э  нарт холбогдох 1939005080271 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч О.Ц болон түүний өмгөөлөгч Т.Ариунболд, Л.Наранчимэг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймаг, Баянхутаг сум, 1 дүгээр баг, хөдөө хэсэгт оршин суух,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 29 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, М овогт О Ц,

2. Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймаг, Баянхутаг сум, 1 дүгээр баг, хөдөө хэсэгт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Хын А,

3. Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Хэнтий аймаг, Баянхутаг сум, 3 дүгээр баг, хөдөө хэсэгт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт М Б,

4. Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин,ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймаг, Баянхутаг сум, 1 дүгээр баг, хөдөө хэсэгт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Ж М,

5. Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймаг, Хэрлэн сум, 5 дугаар баг, Сариг 4-7 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Ш О,

6. Монгол Улсын иргэн, 1998 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Хэнтий аймаг, Баянхутаг сум, 1 дүгээр баг, хөдөө хэсэгт оршин суух,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, М овогт Оийн Х,

7. Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймаг, Дэлгэрхаан сум, 4 дүгээр баг, хөдөө хэсэгт оршин суух,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,

Мөн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сар хорих ял оногдуулж, энэ хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг журамлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн 3 жил хорих ял шийтгүүлж байсан, Х овогт Нийн Э,

8. Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Хэнтий аймаг, Дэлгэрхаан сум, 3 дугаар баг, Аварга гэх газарт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Тын Т,

9. Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, малчин, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймаг, Баянмөнх сум, 2 дугаар баг, хөдөө хэсэгт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Ө овогт Цын Г,

10. Монгол Улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Баянмөнх суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймаг, Баянмөнх сум, 2 дугаар баг, хөдөө хэсэгт газарт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Хны Э.

О.Цнь ганцаараа 2019 оны 05 дугаар сард Хэнтий аймаг, Баянхутаг сум, 1 дүгээр баг, “Давсан бадрах” гэх газраас Б.Зоригтбаатарын 4 тооны үхрийг хулгайлж, 2,650,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 05-ны өдрийн хороонд Хэнтий аймаг, Баянхутаг сум, 1 дүгээр баг, “Баянхутаг уул” гэх газраас иргэн Н.Э 2 тооны үхрийг хулгайлж 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан,

О.Ц, Х.А нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Баянхутаг сум, 1 дүгээр баг, “Таахай” гэх газраас тээврийн хэрэгсэл ашиглан Б.Будын 3 тооны адууг хулгайлж, 2,650,000 төгрөгийн хохирол учруулсан,

О.Ц, М.Б, Ж.М нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Баянхутаг сум, 1 дүгээр баг, “Жирэм” гэх газраас Ц.М 2 тооны үхрийг хулгайлж, 3,750,000 төгрөгийн хохирол учруулсан,

О.Ц, М.Б, Ш.О нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 19-нөөс 21-ний өдрийн хооронд Хэнтий аймаг, Баянхутаг сум, 1 дүгээр багийн нутаг “Майнт”-ын хоолой гэх газраас Я.Гийн 1 тооны бүдүүн эр үхрийг хулгайлж, 2,800,000 төгрөгийн хохирол учруулсан,

О.Ц, М.Б нар нь бүлэглэн Хэнтий аймаг, Баянхутаг сум, 1 дүгээр баг, “Адуун чулуу” гэх газар Г.Гын 1 тооны үхрийг хулгайлж, 1,050,000 төгрөгийн хохирол учруулсан,

О.Ц, Х.А, О.Х нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 14-наас 16-ны хооронд Хэнтий аймаг, Баянхутаг сум, 1 дүгээр баг, “Гуталын уул” гэх газраас Б.Ц 4 тооны үхрийг хулгайлж, 2,800,000 төгрөгийн хохирол учруулсан,

О.Ц, Н.Э, Т.Т нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сард Хэнтий аймаг, 2 дугаар баг, “Баянмөнх уул”-ын орчмоос иргэн Н.Д 2 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан, хулгайлсны улмаас бусдад 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан,

Х.А нь 2019 оны 05 дугаар сарын дундуур Хэнтий аймаг, Баянхутаг сум, 1 дүгээр баг, ”Давсан бадрах” гэх газраас Д.Т 8 тооны алдуул бог малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 460,000 төгрөгийн хохирол учруулсан,

Т.Т нь 2019 оны 04 дүгээр сард Хэнтий аймаг, Дэлгэрхаан сум, 4 дүгээр баг, “Сүүл өндөр”-ийн ар гэх газраас иргэн Д.Пын 1 тооны адууг хулгайлж, 750,000 төгрөгийн хохирол учруулсан,

Н.Э нь 2019 оны 05 дугаар сард Хэнтий аймаг, Баянмөнх сум, 2 дугаар багийн нутаг “Ханангийн ар” гэх газраас иргэн Х.Б 1 тооны үхрийг хулгайлж, 850,000 төгрөгийн хохирол учруулсан,

Н.Э, Т.Т, Ц.Г нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сард Хэнтий аймаг, Дэлгэрхаан сум, 4 дүгээр баг, “Сүүл өндрийн ар” гэх газраас Д.П 2 тооны адууг хулгайлж, 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

Н.Э, Х.Э нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 15-наас 18-ны өдрийн хооронд Хэнтий аймаг, Баянмөнх сум, 2 дугаар баг, "Хонгорын ухаа” гэх газраас О.Өын 2 тооны адууг хулгайлж, 1,700,000 төгрөгийн хохирол учруулсан,

Т.Т нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ны орой Хэнтий аймаг, Хэрлэн сум, 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй “Төгөлдөр караоке” дотроос Г.Т “Самсунг галакси эс-8” загварын гар утсыг хулгайлж, 350,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч О.Ц бусадтай бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг байнга үлдэж, амьдарлын эх үүсвэр болгосон гэм буруутайд, М.Б, Ж.М, Ш.О, О.Х, Н.Э, Ц.Г, Х.Э нарыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Х.Аийг бусдын мал хулгайлах, мөн алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Т.Тыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг, мөн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1-д зааснаар шүүгдэгч О.Ц 6 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э 1 жил 6 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тыг 1 жил хорих ял, мөн түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Аийг 10 сар хорих ял, мөн түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б 1 жил хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэх, шүүгдэгч Ж.М, Ш.О, Н.Э, Ц.Г нарт хорих ял оногдуулахгүйгээр тус тус 2 жилийн хугацаагаар тэнсэх албадлагын арга хэмжээ хэрэглэж,

Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Т.Т Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногт шилжүүлэн 30 хоног буюу 1 сарын хорих ялаар тооцож нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1 жил 1 сар, шүүгдэгч Х.Алтангэрэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногт шилжүүлэн 90 хоног буюу 3 сарын хорих ялаар тооцож нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1 жил 1 сараар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц, Н.Э, Т.Т, Х.А, М.Б нарт оногдуулсан хорих ялуудыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.Х, Ж.М, Ш.О, Н.Э, Ц.Г нарыг тэнсэгдсэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэж шийдвэрлэсэн байна.

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч О.Ц гаргасан гомдолдоо “... О.Ц намайг мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзсэн. Би амьдралын эх үүсвэр болгоогүй, А дансандаа 400 гаруй малтай. Энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. З 4 бярууг хадам аав Х гуйж хэрэглэсэн. Ц 3 үхрийг 4 гэж төлүүлсэн. Малын үнэлгээ зөрүүтэй гаргаж төлүүлсэн. Зүйл ангийг өөрчилж, тохирсон ялыг оногдуулж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч О.Ц өмгөөлөгч Т.А гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1-т зааснаар гэм буруутайд тооцож 6 жилийн хорих ялыг оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үүргээ тус тус биелүүлээгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад шүүхүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар “Хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэснийг зөрчиж, О.Ц “мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон” гэсэн үндэслэлээр хүндрүүлэн зүйлчилж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

О.Ц нь 7 удаагийн үйлдлээр 2018.12-р сараас 2019.08-р сар хүртэлх хугацаанд буюу 2018.12-р сард 2, 2019.03-р сард 1, 2019.04-р сард 2, 2019.05-р сард 1, 2019.08-р сард 1 нийт 7 удаагийн үйлдлээр бусдын 13 бод мал хулгайлсан гэмт хэргийг тус тус үйлдсэн бөгөөд уг гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч хохирогч нарт хохирлыг төлж барагдуулсан. Прокуророос О.Ц байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэснийг мөрдөн шалгах ажиллагаанд тогтоогоогүй атлаа түүний 2019.01-р сараас 2019.08-р сар хүртэлх хугацааны ХААН банкны дансны диспозит хуулгаас өөр баримтыг нотлох баримтад хавсаргаагүй, түүнийг хэрхэн амьдралын эх үүсвэрээ болгож, гэмт хэрэг үйлдсэн орлогоо гэр бүлийн хэрэгцээнд буюу амьдрал ахуйдаа зарцуулсан гэдгийг тогтоохгүйгээр яллах дүгнэлт бичсэн нь ойлгомжгүй, шүүх шүүгдэгч нарын мэдүүлгээр байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэдэг нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь учир дутагдалтай нотлох баримтын шаардлага хангахгүй, хэрэгт авагдаагүй нотлох баримтаар хэргийг шийдвэрлэсэн гэж дүгнэхээр байна.

О.Ц нь өөрийн А дансандаа 200 гаруй толгой малтай, аймгийн төвд нэг гэр нь байдаг, хөдөө малаа өөрөө хариулдаг зэргээс үзэхэд хулгайгаар амьдрах шаардлагагүй амьдрал ахуйтай юм. Харин түүнийг хулгайн малыг борлуулсан орлогоос гэр бүлдээ зарцуулсан гэж нотлох баримтаар тогтоосон баримт хэрэгт байхгүй, О.Ц хулгайн хэрэгт холбогдож цагдаад шалгагдсан үед түүний эхнэр Наранцэцэг, төрсөн эгч нь мэдсэн бөгөөд хулгайн гэмт хэргээс олсон орлогоороо гэр бүлдээ зарцуулсан зүйл байхгүй, бид нар ч хулгайн хэрэгт холбогдсон гэдгийг мэдээд хохирогч нарт хохирлыг өөрсдийн хөрөнгөнөөс төлж барагдуулсан гэж хэлдэг ба мөрдөн шалгах ажиллагаанд эхнэр, эгчийг нь гэрчээр мэдүүлэг авч, мөн малын А дансыг хэрэгт хавсаргаж, хөрөнгийн шилжих хөдөлгөөнийг шалгаж хэргийн бодит байдлыг тогтоох ач холбогдолтой нотлох баримтуудыг хэрэгт хавсаргаагүй. Хэрэв О.Ц нь хулгайлсан малын орлогоор гэр бүл амьдрал ахуйдаа зарцуулдаг, өдөр тутмын амьдралын хэв маягаа болгосон бол гэр бүлийн гишүүд үүнийг мэдэх ёстой, өөрийн хөрөнгө нь хорогдохгүй, хөдлөхгүй байх зэрэг үйл баримтууд хэрэгт авагдсан байх ёстой байтал тийм баримт байхгүй байна.

О.Ц нь банк бус санхүүгийн байгууллагаас зээлтэй бөгөөд сар бүр зээлийн төлөлт хийдэг энэхүү төлөлтийг түүний эхнэр Н ажил хийсэн цалингаас тогтмол төлдөг, зарим үед өөрийн малаас мах болгон төлж барагдуулдаг болохыг тогтоох боломжтой байтал энэхүү ажиллагааг явуулж нотлох баримт бүрдүүлээгүй.

Байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэдэг нь 2 шинжийг агуулдаг ба 1 дүгээрт байнга үйлдэж гэдэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэснээр 7 удаагийн үйлдэл байнга үйлдэж гэсэн шинжийг агуулж болно.

Харин амьдралын эх үүсвэрээ болгосон гэдэг нь тухайн мал хулгайлсан этгээд гэмт хэрэг үйлдэж олсон орлогоосоо гэр бүлийн ахуйн хэрэгцээг хангасан байхыг шаардахаар хуульд хуульчилсан байна. Иймд амьдралын эх үүсвэрээ болгосон гэдгийг прокурор мөрдөн шалгах ажиллагаанд хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй, шүүгдэгч нарын мэдүүлэгт О.Ц хулгайн орлогоос ихийг нь авдаг, хуваарилдаг гэдгээр нь таамаглаж тухайн орлогыг амьдрал ахуйдаа ашигладаг гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм.

О.Ц нь хулгайн орлогоос архи, мөрийтэй тоглоомонд өгсөн өр авлагад зарцуулсан, буруу зүйлийг хийж байснаа ойлгож гэмшин гэм буруугаа ойлгож, хохирогч нарт хохирлыг төлж барагдуулсан байдаг. Шүүхээс түүнийг буруу зуршилдаа гэмт хэрэг үйлдсэн орлогоо зарцуулсныг амьдралын эх үүсвэрээ болгосон гэж үзсэн нь мөн ойлгомжгүй юм.

Хууль тогтоогчоос өмчийн эсрэг болон бусад төрлийн гэмт хэрэгт амьдралын эх үүсвэрээ болгосон гэдгийг хуульчлахдаа энэ гэмт хэргийг тогтмол үйлдэж, дан ганц үүгээр амьдрах боломжгүй болсон, амьдралын боломж байгаа ч гэмт хэрэг үйлдсэн орлогоор хөнгөн, санхүүгийн дарамтгүй амьдрахыг зорилгоо болгосон эсхүл энэ гэмт хэргийг зохион байгуулалттай бүлгийн шинжтэйгээр тогтмол, системтэйгээр үйлдэж энэ үйл ажиллагааг нь тасралтгүй байх шинжийг агуулсан гэмт этгээд болон гэмт бүлэгт хамааралтай хуулийн заалт юм.

Тэгтэл О.Ц хувьд өөр өөр хүмүүстэй, мөн хүмүүсийн саналаар болон өөрийн санаачлагаар энэ гэмт хэргийг үйлдсэн зэргээс үзэхэд энэ гэмт хэрэгт зохион байгуулагчаар ажиллаад санаачлаад, төлөвлөөд, хэрэгт оролцох хүмүүсийг сонгоод ажил үүргийг нь хуваарилаад байсан зэрэг санаатай тогтмолжсон шинж тэмдэг огт байхгүй, хулгайлах хүнийхээ малыг хүртэл тооцоолж судалсан зүйл байхгүй ойр орчмын нутгийн саахалтын зайны хүмүүсийн сиймхийг ашиглаж мал хулгайлж байгаа зэргээс үзэхэд байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэж үзэхэд учир дутагдалтай ба хүндрүүлэн хамт хулгай хийсэн гэж мэдүүлсэн шүүгдэгч нарын таамаглаж зүйлчилж ял халдаах нь хууль зүйн хувьд үндэслэлгүй, харин О.Ц гэр бүл хулгайн орлогоор амьдардаг гэж үзэх нь бүдүүлэг учир дутагдалтай дүгнэлт байгааг анхаарах хэрэгтэй байна. Мөн хулгай хийсэн орлогоос хамт хулгайлсан этгээдүүд тэнцүү ч авч байсан, бага хэмжээгээр ч авч байсан байдаг тэгвэл эдгээр хүмүүс амьдралын эх үүсвэрээ болгосон гэж үзэх үү үгүй юу гэдэгт шүүх дүгнэлт өгөөгүй, О.Ц тогтмол хамт хулгай хийж байсан Болд-эрдэнэ ямар хэрэгцээгээ хангасан гэж үзэх юм. Ер нь хулгай хийсэн хүмүүс ямар нэгэн байдлаар өөрсдийн ямар нэг хэрэгцээг хангаж байгаа, О.Ц хулгай хийсэн хүмүүс хууль бус орлогоосоо хэн нэгэн хүнд буян үйлдээгүй, бэлэглээгүй, харин ч хамт архи ууж, мөрийтэй тоглоом зэрэг хорт зуршилд ихэнх нь үрсэн байдаг.

Тэгэхээр амьдралын эх үүсвэрээ болгосон гэдгийг нарийвчлан ямар хэрэгцээг хэрхэн хангасан, үүнээс аль нь амьдралын эх үүсвэрээ болгосон гэж үзэх тэр хэрэгцээ нь юм бэ гэдгийг зааглаж тогтоох хэрэгтэй. Эрүүгийн хуульд өмчийн болон бусад гэмт хэрэгт хууль бус орлого олохын тулд гэмт хэрэг үйлдэж байгаа 2 ба түүнээс дээш хэрэгт ямар шаардлагыг хангасан, эсхүл ямар шинжийг агуулсан олон удаагийн үйлдэлд нь амьдралын эх үүсвэрээ болгосон гэж хүндрүүлэхийг тодорхой болгох шаардлагатай байгааг анхаарна уу.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар шүүх нотолбол зохих байдал мөн зүйлийн 1.3, 1.4-т заасанчлан гэмт хэргийн сэдэлт, шүүгдэгчид оногдуулсан ялыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоож чадаагүй билээ.

Энэ хэрэгт хохирлын үнэлгээ гаргасан “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд “..хүрэн зүсмийн эр үхэр 2.800.000 төгрөг” гэж үнэлсэн. /1 хх-128-129х/, “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд “..ухаа алаг бүдүүн эр үхэр 2.800.000 төгрөг” гэж үнэлсэн. /1хх-200х/, тэгтэл “Вендо” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд “...хар халзан үнээ 750.000 төг, мухар үнээ 750.000 төг, хар хүрэн гунж 650.000 төг, хар ногоон гунж 650.000 төг, нийт 2.800.000 төгрөг” гэж үнэлсэн. /2х-23-24х/, “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд “...улаан ухаа үнээ 800.000 төг, мухар үнээ 800.000 төг, нийт 1.600.000 төгрөг” гэж үнэлсэн, “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд “...шүдлэн насны улаан зүсмийн эр үхэр 800.000 төгрөг” гэж үнэлсэн. /2х-232х/, “Вендо” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд “...ухаа халзан зүсмийн гунж 650.000 төг, ухаа улаан зүсмийн гунж 650.000 төг нийт 1.300.000 төгрөг” гэж үнэлсэн. /2хх-58-59х/, “Вендо” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд “...ухаа халзан бүдүүн үхэр 1.050.000 төгрөг' гэж үнэлсэн./1хх-235х/ зэрэг нь хоорондоо зөрүүтэй ижил насны үхрүүд 100.000-1.000.000 зөрүүтэй байх жишээний байгаа. Хохирогч Г өөрийн эр үхрээ 1.050.000 илүү үнэлэгдэх ёстой гэж гомдол гаргаж байсан нь үүнийг илтгэнэ. Зарим эр үхэр ямар шалгуураар 2.800.000 төгрөгөөр үнэлээд байгаа зах зээлийн ханшаас хэт үнэлсэн гэж үзэхээр бодит байдалд нийцэхгүй байна. Хохирлын үнэлгээ ийм зөрүүтэй байхад энэ хоёр байгууллагын үнэлгээ гаргасан шинжээч нарыг гэрчээр мэдүүлэг үнэлгээний талаар тодруулж асуугаагүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-т заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг зөв тогтоогоогүйн улмаас гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг буруу тогтоосон гэж үзэж байна.

О.Ц нь хохирогч Б.Зоригтбаатарын 4 тооны үхрийг 2019.05-р сард хадам эцэг Хүрэлбаатараас хүнд өрөнд өгөх шаардлага гарсан тул хэрэглээд эргүүлээд тоо ёсоор нь өгье гэж гуйгаад аваад явсан байхад түүнийг хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хохирогч Б.Зоригтбаатар мэдүүлэгт үхрээ тоолж үзэхэд 4 бяруу дутсан тул цагдаад мэдэгдсэн гэж хэлдэг, харин Х хүргэн Ц авсан гэдгийг хэлсэн байхад мөрдөгчөөс З хулгайд алдсан талаар мэдүүлгийг авсан нь хохирогчид нөлөөлж

Ц эсрэг мэдуүлэг авсан гэж үзэхээр байна. Учир нь Ц үхрээ алдсан гэж хэлсэн даруй хадам Х намайг авсныг хэлсэн би З ахтай уулзсан, хохирлоо өгвөл цагдаагаас гомдлоо авна гэж хэлсэн байдаг. Мөрдөгчөөс энэ хэрэг нь иргэний журмаар шийдвэрлэгдэх иргэд хоорондын эдийн маргаан гэж дүгнэх чадамжгүй, шууд эрүүгийн хэргээс яллах нотлох баримт бүрдүүлж ажилласанд гомдолтой байна. Х бол Зоригтбаатарын 60 гаруй тооны үхрийг Иргэний хуульд зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр хариулдаг хүн, 4 бяруу дутсан гэдгийг аль аль нь хүлээн зөвшөөрч Х Ц өгсөн гэдгээ З хэлсэн байхад үүнийг шалгаж үнэн зөвөөр тогтоох арга хэмжээг прокурор явуулаагүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмыг зөрчсөн, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулаагүй гэж үзэхээр байна.

О.Ц нь Х.А, О.Х нарт бүлэглэн Б.Ц 3 үхрийг хулгайлсан байхад хохирогчоор амаар 4 үхэр алдсан гэдгийг урьтал болгон мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. О.Ц нь гэрчээр, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ 3 үхэр хулгайлсан, хулгай хийхдээ ашигласан хүрэн халзан машин дээрээ ачиж явж байсныг Х.А, О.Х андуураад 4 бод гэж хэлсэн байна гэж мэдүүлсэн, гэрчээр Х.А, О.Х нар мэдүүлэг өгөхдөө 4 бод гэж, дараа нь яллагдагчаар Х.А, О.Х нар мэдүүлэг өгөхдөө гэрчээр мэдүүлэг өгөхдөө 3 үхэр хулгайлаад Ц ахын хулгай хийхдээ ашиглаж байсан морийг хамт буцааж ачихдаа андуураад 4 бод гэж хэлсэн гэж мэдүүлсэн байхад мөрдөгч, прокурор үүнийг цааш нь шалгаж Б.Ц 4 үхэр алдсан эсэхийг шалгаж тогтоогоогүй. Үүнд Б.Ц малын А дансыг нотлох баримтаар авч үүнээс ямар 4 үхэр алдагдсан гэдгийг зүсээр тулга зэрэг наад захын шалгах ажиллагааг явуулж болно. Хулгай хийсэн хүмүүс нь өөрсдөө хулгай хийсэн үхрээ тоо толгойгоор нь хэлээд байхад үүнийг хайхрахгүй хохирогчийн байр суурьнаас хандан хэрэг шалгаж байгаа нь хууль зүйн хувьд буруу юм. Шүүхээс Ц 4 үхрийн хохирол төлсөн тул 4 үхэр авсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэсэн нь хууль зүйн бодит дүгнэлт гэж үзэхэд учир дутагдалтай юм. Шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт хөнгөн ял авахын тулд хохирлоо төлцгөөсөн прокурорт энэ талаар хэлэхэд авч хэлэлцээгүй, хохирол төлбөрөө төлбөл ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж мэдэгдэж байсан тул хөнгөн ял авахын тулд хохирол төлсөн гэж шүүх хуралдаанд хэлдэг. Энэ нь мөрдөгч, прокурор гэмт хэрэг үйлдсэн яллагдагч нарын ял хөнгөрүүлэх амлалтаар сэтгэл зүйгээр нь тоглож хэрэгт яллах дүгнэлт үйлддэгийг бодитоор харуулж байна.

Энэ байдал цаашид байх юм бол ямарваа нэгэн эзэнгүй хэргийг хэн нэгэнт тохох, бүүр цаашилбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчим алдагдах алхмыг лавшруулах юм.

Энэ хэрэгт О.Ц хамт шийдвэрлэгдсэн Энхтөр нь 4 удаагийн үйлдлээр 7 бодын хохиролтой хэргээ хүлээж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож 1.5 жилийн хорих ялаар шийтгэгдсэн. Тэгвэл Э гэмт хэрэг үйлдсэн арга хэлбэр, бусадтай байнга бүлэглэж үйлдсэн үйлдэл нь О.Ц адил байдаг ба Энхтөр нь мөн гэмт хэрэг үйлдсэн орлогоо архи дарс, өр төлбөртэй өгөөд дуусгадаг байсан, үүнийг нарийвчлан шалгаагүй Энхтөр гэмт хэрэг олсон орлогоо хэрхэн зарцуулсныг тогтоогоогүй, ер нь энэ хэрэгт оролцсон этгээдүүд гэмт хэрэг үйлдсэн орлогоо хэрхэн яаж зарцуулдгийг тогтоосон нэг ч ажиллагаа хавтаст хэрэгт байхгүй байгаад анхаарах хэрэгтэй.

О.Ц Э-ээс хулгайн үйлдэл 7-8 бод, хохирол нь 12-17 гэж яллах дүгнэлтэд дурдснаар ялгаатай, харин гэмт хэрэг үйлдсэн арга хэлбэр нь адилхан гэдэг нь мөрдөн шалгах ажиллагаанд Энхтөрийн өгсөн мэдүүлэг, хамт бүлэглэн хулгай хийсэн яллагдагч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа. Э 4 удаагийн үйлдэл 7 бод, Ц 7 удаагийн үйлдэл 12 бод хулгайлсан үйлдлийн тоо, хохирол хэмжээ хоёр ялгаатай гэдгээр нь байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэж үзээд байгаа нь ойлгомжгүй, Эрүүгийн хуулийг хэрхэн яаж тайлбарлаад байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүхийн тайлбарлаж байгаагаар хуучин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бол 2-оос дээш үйлдэлтэй боловч 8 хүртэл бод хулгайлаагүй хүнийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэж үзэхгүй 1-ээр зүйлчилж, 2-оос дээш олон үйлдэлтэй 8-аас дээш бод хулгайлсан хүнийг бол байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэж үзэж мөн хуулийн 3.1-т зааснаар зүйлчилнэ гэж үзэж байгаа хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн заалт зөрчигдөж байна гэж дүгнэхээр байна.

О.Ц нарт холбогдох энэ хэрэгт малын ченж хулгайн малыг нь мэдсээр байж авдаг шинж ажиглагдсан бөгөөд О.Ц нарын нөхдүүдийг үйлдсэн гэмт хэрэгт яллаад явуулдаг юмаа гэж үзэхэд энэхүү ченж нар дараагийн Ц нарыг хөнгөн бодол, болчимгүй үйлдэл дээр дахин олзолж авах боломж бололцоотой бөгөөд мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх гол ажил нь хулгайн малыг авч мөнгө өгөөд байгаа этгээдүүдийг шалгаж тогтоосноор энэ гэмт хэрэг таслан зогсоогдоно гэдгийг шүүх анхаарах хэрэгтэй юм.

Иймд О.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1-т зааснаар 6 жилийн ял оногдуулсан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, О.Ц бусдын олон тооны малыг бүлэглэн хулгайлсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж, мөн зүйлийн 1.3-т заасныг үндэслэн хорих ялын доод хэмжээнийн хоёр нэгээс багагүйгээр хорих ялыг оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч О.Ц өмгөөлөгч Л.Наранчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Ц-ийн 8 удаагийн хулгайн үйлдлийн эхний үйлдэл нь 2018 оны 12-р сарын 5-наас эхэлж хамгийн сүүлийн үйлдэл нь 2019 оны 8-р сарын 15-ны өдрийг хүртэл нийт 9 сарын хугацаа хамаарах бөгөөд он сар өдрөөр нь авч үзвэл 2018 оны 12-р сард \2\ 2019 оны 3 \1\ удаа,4 \2\, 5 \2\, 2018 оны 8 \1\ гэх мэт хоорондоо 2-3 сарын зайтай тус тус үйлдэгдсэн зэргээс авч үзэхэд цаг хугацаа нь богино байгаа учраас байнга үйлдсэн гэж үзэх боломжгүй, мөн нөгөөтээгүүр хулгайн гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэсэн ойлголтыг нэг мөр ойлгох, зөв хэрэглэх талд эрүүгийн хуульд тайлбар хийгдээгүй, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэргийн тусгай давтангийн төрөл, хэлбэрт (удаа дараа, давтан, байнга) гэсэн ойлголтонд холбогдох зохицуулалтыг хуульчлаагүй атлаа тус хуулийн тусгай ангийн зарим зүйлийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд жишээ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1-д зааснаар “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэсэн шинжийг заасан нь Эрүүгийн хуулийг зөв ойлгон хэрэглэхэд хүндрэл эргэлзээ үүсгэж байгаа учраас 2015-12-03-ны өдрийн эрүүгийн хуулийг санаачлагчид хэрхэн яаж ойлгохоор хуульд тусгаж өгсөн талаар судлан үзэхэд хулгай хийсэн малаа зарж борлуулж олсон орлогоо гэр бүлийн гишүүдийн хэрэгцээнд зарцуулж амьдрал ахуйгаа залгуулж байсан байдлыг ойлгохоор хуульд тусгаж өгсөн байна.

Гэтэл Ц нь хулгайн гэмт хэргийг үйлдээд олсон орлогоороо эхнэр, хүүхэддээ өмсөж, зүүх хувцас хунар авч өгсөн мөн ар гэртээ мал ахуй авч өсгөж үржүүлсэн зүйл байхгүй энэ талаар нотолсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч О.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдсон, нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн болон нөлөөлж болохуйц нөхцөл байдал, зөрчил тогтоогдоогүй гэж дүгнэж шийдвэрлэсэн.

Шүүгдэгч нарын мэдүүлгийг нотлох баримтад тооцох боловч уг мэдүүлэг нь дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй. Иймд дан ганц шүүгдэгч нарын мэдүүлгээр Ц хулгайлсан малаа зарж борлуулж олсон орлогоо гэр бүлийн гишүүдэд зарцуулж, амьдралын эх үүсвэр болгосон байна гэж дүгнэх боломжгүй. Шүүгдэгч нарын мэдүүлгийг өөр бусад нотлох баримтаар давхар нотлох нь зүйтэй гэж үзэж байна.

Жич: Ц нь хулгайн гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө хэдэн тооны малтай байсан, хэрэв малтай байсан бол хулгайн гэмт хэрэг үйлдэж байх хугацаандаа хэрхэн өсөж үржсэн, хэрэв мал нь өссөн бол хаанаас ямар мөнгөөр мал худалдаж авсан, эхнэр хүүхдэдээ хэрэгцээний зүйлийг нь аваад өгсөн юм уу аль эсвэл ганцаараа наргиж цэнгээд, найз нөхөдтэйгөө ууж идээд дууссан юм уу гэх мэт байдлуудыг тогтоох шаардлагатай, мөн шүүгдэгч Х, А, Б нар нь Цтэй ойрын садан төрлийн холбоотой хүмүүс бөгөөд Ц нь дээрх шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс би хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо өөрийн хэрэгцээнд зарцуулсан гэж мэдүүлсэн ч байх магадлалтай. Тийм учраас шүүгдэгч нарын мэдүүлгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусад бусад нотлох баримтаар давхар нотлон тогтоох шаардлагатай байгаа юм. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нарын мэдүүлгийг бусад нотлох баримтаар тогтоож давхар нотлоогүй байхад шүүгдэгч Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1-д зааснаар мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутай байна гэж эрүүгийн хариуцлага оногдуулж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хуулийн зүйл, хэсэг заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хуүль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тайлбарлан хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгч, ялтанд ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэж заасан байгаа тул миний үйлчлүүлэгчид ашигтай байдлаар хэргийг нь шийдвэрлэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1-дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэснийг нь хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-дэх хэсэгт заанаар зүйлчилж уг гэм буруутай үйлдэлд нь эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү” гэжээ.

 

Прокурор О.М хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хэргийн бодит байдал, үйл баримтад нийцэж, үндэслэл бүхий гарсан байна. Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан тохирсон ял оногдуулсан байна. Мөн шүүгдэгч О.Ц 8 удаагийн үйлдлээр мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч О.Ц болон түүний өмгөөлөгч Т.Ариунболд, Л.Наранчимэг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн О.Н, Х.А, М.Б, Ж.М, Ш.О, О.Х, Н.Э, Т.Т, Ц.Г, Х.Э нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

О.Ц нь ганцаараа болон бусадтай бүлэглэн 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 09 дүгээр сарын хооронд 8 удаагийн үйлдлээр Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг дэвсгэрээс бусдын 19 тооны бог малыг хулгайлж, нийт 18,600,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Х.А нь 2019 оны 05 дугаар сарын дундуур Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутгаас бусдын 8 тооны алдуул бог малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 460,000 төгрөгийн хохирол учруулсан,

Т.Т нь 2019 оны 04 дүгээр сард Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутгаас бусдын 1 тооны адууг хулгайлж, 750,000 төгрөгийн хохирол учруулсан,

Н.Э нь 2019 оны 05 дугаар сард Хэнтий аймгийн Баянмөнх сумын нутгаас бусдын 1 тооны үхрийг хулгайлж, 850,000 төгрөгийн хохирол учруулсан,

Н.Э, Т.Т, Ц.Г нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сард Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутгаас бусдын 2 тооны адууг хулгайлж, 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

Н.Э, Х.Э нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 15-наас 18-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Баянмөнх сумын нутгаас бусдын 2 тооны адууг хулгайлж, 1,700,000 төгрөгийн хохирол учруулсан,

Т.Т нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ны орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй “Төгөлдөр караоке” дотроос Г.Т “Самсунг галакси эс-8” загварын гар утсыг хулгайлж, 350,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон зөв үнэлж хэргийг шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Х.А, М.Б, Ж.М, Ш.О, О.Х, Н.Э, Т.Т, Ц.Г, Х.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Х.А үйлдлийг мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, үндэслэл бүхий шийдвэрлэсэн байна.

Мөн шүүх шүүгдэгч Х.А, М.Б, Ж.М, Ш.О, О.Х, Н.Э, Т.Т, Ц.Г, Х.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, тэдний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Харин анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч О.Ц үйлдсэн гэмт хэргийн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ түүнийг мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүх тухайн гэмт хэргийн онц хүндрүүлэх шинжийг тогтоохдоо тодорхой цаг хугацаа, тухайн гэмт хэрэгт мэргэшсэн байдал болон уг гэмт хэргийг үйлдэж олсон бага бус, түүнээс дээш хэмжээтэй ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байх зэргийг нэгтгэн дүгнэх бөгөөд шүүгдэгч О.Цийн үйлдэлд дээрх нөхцөл байдлууд үгүйсгэгдэж байна.

Иймд бусдын олон тооны малыг хулгайлсан шүүгдэгч О.Цийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг болгон зөвтгөн зүйлчилж, түүнд оногдуулсан хорих ялыг 4 жил болгон хөнгөрүүлж, шүүгдэгч О.Ц болон түүний өмгөөлөгч Т.Ариунболд, Л.Наранчимэг нарын гаргасан “...хэргийн зүйлчлэлийг өөрчилж, оногдуулсан ялыг хөнгөрүүлэх” агуулгатай гомдлуудыг хүлээн авах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоол, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 09 дүгээр магадлалд “Шүүгдэгч О.Цийг бусадтай бүлэглэн олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц-ийг 4 жил хорих ялаар шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч О.Ц болон түүний өмгөөлөгч Т.Ариунболд, Л.Наранчимэг нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хүлээн авч шийдвэрлэсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                       Ч.ХОСБАЯР

                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН