Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 315

 

Ж.Ө-ын нэхэмжлэлтэй,

Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст

 холбогдох

захиргааны хэргийн тухай

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:         Ч.Тунгалаг

            Шүүгчид:                        Г.Банзрагч

                                                   М.Батсуурь

                                                   Х.Батсүрэн

            Илтгэгч шүүгч:               Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

            Нэхэмжлэлийн шаардлага: “Сэлэнгэ аймгийн Сант сумын 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаарт бүртгэгдсэн Я.Б, Ц.Н нарын гэрлэлтийг хүчингүйд тооцуулах, Б.Б, Б.Б нарыг Я.Б-өөр овоглосон Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 1988 оны 02 дугаар сарын 09-ний өдөр олгосон 08, 168 дугаартай улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох”,

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 316 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд Ц.Н нарыг оролцуулж,

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 7, 12 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Ө-ын “Б.Б, Б.Б нарын Я.Б-өөр овоглосон Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 1988 оны 02 дугаар сарын 09-ний өдөр олгосон 08, 168 дугаартай улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Сэлэнгэ аймгийн Сант сумын 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаар бүхий гэрлэлтийн бүртгэлийг хүчингүйд тооцуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 316 дугаар магадлалаар: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийг “1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Ө-ын нэхэмжлэлийн шаардлагаас “Сэлэнгэ аймгийн Сант сумын Ш.Б, Ш.Б нарыг Я.Б-өөр овоглосон 1988 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 08, 168 дугаар улсын бүртгэлүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай“ хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гэр бүлийн /1973 оны/ хуулийн 4 дүгээр зүйл, 8 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Ө-ын “Сэлэнгэ аймгийн Сант сумын 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаарт бүртгэгдсэн Я.Б, Ц.Н нарын гэрлэлтийг хүчингүйд тооцуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын дугаарыг “3” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

      3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 0ны 05 дугаар сарын 13-ны өдрийн 316 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

         4. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэсэн заалтыг зөрчиж энэ үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэлийн шаардлага хангагдаагүй.

        5. Үүнд: хариуцагч Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр болон шүүхэд гаргасан тайлбарт энэ хоёр хүн өргөдлөө гаргалаа, өргөдлийг үндэслэн гэрлэлтийн гэрчилгээг гараар бичиж бүртгэлд авч ХААТР маягт буюу гэрлэгсдийг бүртгэх гэрчилгээг хамт бичиж өгөөд ХААТР маягт дэвтэр хоёр архивт орж нотлох баримтыг завсар нь хавсаргаад архивладаг байсан. Тэгэхээр манай байгууллагад энэ хоёр баримт хоёулаа байдаг” гэж ярьсан. Гэрлэгчдийн гараар бичсэн өргөдөл архивт байгаа талаар хариуцагч тодорхой дурдаад байхад эдгээр материалыг шүүх хэрэгт нотлох баримтаар цуглуулж аваагүй. Я.Б, Ц.Н нарын өөрсдийн гараар бичсэн өргөдөл анкет бүртгэлийн дэвтэр байгаа эсэхийг тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нотлох баримт юм.

       6. Нэхэмжлэгчээс Ц.Н-ийн гарын үсэг мөн эсэхийг тогтоолгож шинжээч томилох тухай хүсэлтийг анхан шатны шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Өнөөдөр гэрлэлтийн бүртгэл дээрх гарын үсэг гэдэг нь Ц.Н гэдэг хүн үнэхээр өөрөө, сайн дурын үндсэн дээр зурсан эсэхийг тогтоох, эрх зүйн үйл явдлыг тогтоох, шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөх зэрэгт ач холбогдолтой нотлох баримт болох байсан боловч анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж хангахаас татгалзан гомдол гаргах эрхгүй хэмээн захирамж гаргасан. Шүүгчийн захирамжид хэргийн оролцогчийг гомдол гаргах эрхгүйг шүүхээс шууд заасан нь захирамжид гомдол гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн, гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ захирамжид нэхэмжлэгч эс зөвшөөрч гомдол гаргаагүй хуулийн хүчин төгөлдөр болсон тул түүний энэ талаарх давах гомдолд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь хэргийн оролцогчийг шүүхээс гомдол гаргах эрхийг нь захирамжаар хориглосон тул нэхэмжлэгч гомдол гаргаж чадаагүй, гомдол гаргах хууль зүйн үндэслэлгүй байгааг дүгнээгүй нь учир дутагдалтай болсон. Хэрэв гомдол гаргах эрхтэй байсан бол нэхэмжлэгч тал гомдлоо гаргаад Ц.Н-ийн гарын үсэг мөн эсэх талаарх шинжээчийн дүгнэлтийг гаргуулж, улмаар уг дүгнэлтэд үндэслэж шүүхийн шийдвэр гарсан бол нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжтой байсан.

       7. Түүнчлэн анхан шатны шүүх Сэлэнгэ аймгийн Сант сумын архивын гэрлэлт цуцалсан бүртгэлд үзлэг хийж Я.Б, Ц.Н нарын гэрлэлт цуцалсан эсэхийг тогтоох шаардлагатай байсан. Хэрэв энэ хоёр хүний гэрлэлт цуцалсан бүртгэл байгаа бол өнөөдөр энэ маргааныг шийдвэрлэх нотлох баримт болох байсан. 2000, 2010 оны шинэчилсэн бүртгэлд Ц.Н, Я.Б нар аль аль нь гэрлээгүй, ганц бие мэтээр тайлбар гаргаж бүртгүүлсэн болох нь Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР 21 маягтаас харахад тодорхой байсан. Хэрэв энэ үед хамт амьдарч байсан гэрлэлтээ цуцлуулаагүй байсан юм бол гэрлэсэн гээд гэр бүлийн гишүүдийн нэрсийг бичүүлэх байсан, тэгэхээр энэ үед Ц.Н-ээс гэрлэлтээ цуцлуулсан байсан гэж үзэж болохоор байна.

        8. Гэрч Д.Б-ны мэдүүлэгт ...Я.Б, Ц.Н нарын урд гэрлэлтээ цуцлуулсан байсан эсэхийг асуухад сайн санахгүй байна... гэсэн мэдүүлэг өгсөн байхад үүнд анхан шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй. Бид нарын маргаж буй маргааны гол асуудал нь Я.Б, Ц.Н нарын өмнөх гэрлэлт цуцалсан эсэхийг тогтоохгүйгээр бүртгэсэнд байгаа юм. Тиймээс Д.Б-ны гэрлэлт бүртгэсэн бүртгэл илт хууль бус болсон гэж үзэх үндэслэлтэй, учир нь гэрлэгч нарын гарын үсэг ихээхэн эргэлзээтэй буруу бичигдсэн, Я.Бийн гарын үсэг биш гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, Ц.Н-ийн гарын үсэг нь энгийн нүдээр харахад л “цэцэг” гэх үгний сүүлийн хэсгийг таталсан маягаар бичсэн байсан тэгтэл Ц.Н хавтаст хэрэгт гаргаж өгсөн хариу тайлбар, бусад материалд гарын үсгээ зүгээр л “Н” гэж бичсэн байдаг, гэтэл шинжээч томилох хүсэлтийг шүүх хүлээж аваагүй.

        9. Би Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт буюу “Сэлэнгэ аймгийн Сант сумын 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаар бүхий гэрлэлтийн бүртгэлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг өөрчлүүлэхээр гомдол гаргасан. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасныг зөрчиж оролцогчийн гаргасан гомдлын хүрээнд шийдвэрлэхгүйгээр хэргийг бүхэлд нь шийдвэрлэж, нэхэмжлэгчийн гомдол гаргаагүй шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

        10. Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг тайлбарлахдаа буруу тайлбарласан. Тус зүйлд “хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино” гэж заасан. Ж.Ө нь нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд, нэхэмжлэгч мөн, яагаад гэвэл дээр дурдсан бүртгэлүүдийг Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн ажилтны /тухайн үеийнхээр/ хууль бус бүртгэл, үйлдлээс болж өнөөдөр Ж.Ө-ын хууль ёсны эрх ашиг хөндөгдөж, өнөөдөр өөрийнхөө худалдаж авсан байрныхаа тал хувийг буюу 21 сая төгрөгийг Ц.Н, Б.Б, Б.Б нарт алдаж магадгүй нөхцөл байдал үүсээд байна. Ийм учраас л Б.Б, Б.Б нарын Я.Б-өөр овоглосон бүртгэлийн улмаас Ж.Ө өөрийн зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Хэдийгээр маргаан бүхий бүртгэл нь тухайн үедээ Ж.Ө-т шууд чиглэгдэн гараагүй боловч энэ гэрлэлтийн бүртгэлээс болж Ж.Ө-ын эрх ашиг ноцтойгоор хөндөгдөх болсон тул хамааралтай гэж үзнэ.

        11. Мөн давж заалдах шатны шүүх хуралдаан дээр илтгэгч шүүгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өвийн талаар, өвлөх эрхийн талаар асууж байсан, тэр ч бүү хэл шүүгч нар зөвлөлдөөд шийдвэрээ танилцуулсны дараа илтгэгч шүүгч гаргасан шийдвэрийнхээ талаар танилцуулахдаа “1 хүн өвлөсөн, 3 хүн өвлөсөн ч ялгаагүй тэр байрны тал хувийг авна шүү дээ, тиймээс энэ хоёр хүүхдийн овог сольсон, үрчлэлт буруу хийгдсэн, илт хууль бус гэдэг нь хамааралгүй” гэж тайлбарласан. Энэ маргаан нь Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа иргэний хэрэг, Ц.Н, Б.Б, Б.Б нарын өв залгамжлах эрхтэй эсэхээс шалтгаалан Ж Ө-ын эрх ашиг хөндөгдөөд байгааг асууж байсан мөртлөө Б.Б, Б.Б нарын овог нэр, үрчлэлтийг хууль бусаар хийсэн нь Ж.Ө-т хамааралгүй түүний эрх ашиг хөндөгдөхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. Энд бид нар хэн, хэн өв авах, байрны оногдох хэсгийг авах талаарх асуудлыг яриагүй, харин хүүхдийн овог нэрийг сольсон бүртгэл илт хууль бус эсэх талаар яригдах ёстой гэж үзэж байна. Өв болон байрны талаарх асуудлыг иргэний хэргийн шүүх шийдвэрлэх асуудал юм.

        12. Анхан шатны шүүх хуралд хариуцагч нэмэлт тайлбартаа “...тэгэхээр үүнд энэ хоёр хүнд гэрлэлтийн гэрчилгээ олгогдсон байх ёстой гэж үзэж байна, гэхдээ олгоогүй юм болов уу, манай 02 дугаартай бүртгэлд салсан, 2 дахь гэрлэлт гэж бичигдсэн. Т.Б гэдэг хүн бүртгэлийг хийхдээ дотоод итгэлээрээ энэ хоёр хүн хоёр дагавар хүүхэдтэй орж ирэхээр урд нь гэрлэлт байсан уу гэж асууна. Үүнд дотоод итгэлээрээ бүртгэл хийж энэ хоёр хүн гарын үсэг зурсан гэж ойлгож байна. Хоёрдугаарт: 2000, 2005, 2006 онд улсын хэмжээнд хүн амын тооллого явагдсан бөгөөд 2000 онд хүн амын улаан паспортыг цэнхэр үнэмлэх буюу иргэний үнэмлэхээр сольж олгосон. Үүнийг ХААТР 21 дүгээр маягт гэдэг. 21 дүгээр маягтын 14 дүгээр асуулт буюу гэрлэлтийн байдал гэдэг асуултад Ц.Н, Я.Б хоёр хоёулаа хариулаагүй алгассан тэр үед хариуцлагагүй л ажлаа хийсэн байна” гэж ярьсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Хүний гэрлэлтийг бүртгэх асуудал нь Гэр бүлийн хуульд /тухайн үед мөрдөгдөж байсан/ тусгагдсан, зохицуулагдсан, хууль журмын дагуу хийгдэх ёстой ажил. Түүнээс биш хэн нэгэн байцаагч ажилтан дотоод итгэлээрээ хийдэг ажил биш. Гэрлэгчид урдах гэрлэлтээ цуцлуулсан эсэхийг заавал шалгаж, цуцлуулсан талаарх баримт бичгийг нь шалгаж байж гэрлэлтийг шинээр бүртгэх ёстой. Тэгэхгүй бол хэн нэг нь ирээд гэрлэлтээ цуцлуулсан гэж хэлсний дагуу гэрлэлт бүртгээд байна гэдэг нь хууль бус үйлдэл юм. Тиймээс би энэхүү гэрлэлтийг хууль бусаар бүртгэснийг хүчингүйд тооцох үндэслэлтэй гэж үзэж байна.

        13. Дээр дурдсан үндэслэлүүдэд дүгнэлт хийж, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

14. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

            15. Нэхэмжлэгч Ж.Ө-оос “Сэлэнгэ аймгийн Сант сумын 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаарт бүртгэгдсэн Я.Б, Ц.Н нарын гэрлэлтийг хүчингүйд тооцуулах, Б.Б, Б.Б нарыг Я.Б-өөр овоглосон Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 1988 оны 02 дугаар сарын 09-ний өдөр олгосон 08, 168 дугаартай улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагууд гаргаж, үндэслэлээ “... Я.Б бид 2 /олон жил/ хамтран амьдарч, дундаа худалдан авсан үл хөдлөх хөрөнгөтэй, Я.Б-ийг нас барсны дараа Ц.Н гэх эмэгтэй Я.Б-ийн хууль ёсны эхнэр гэж, мөн Б.Б, Б.Бгэж 2 хүүхэд нь хууль ёсны өв залгамжлагч гэж /миний өмчлөлийн/ байрны үнийн 50 хувийг надаас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна, ... /маргаж буй гэрлэлт, 2 хүүхдийн талаар/ Батмөнх нь огт ярьж байгаагүй /тул/ энэ талаар судлахад Я.Б, Ц.Н нарын гэрлэлтийг 1988.02.05-ны өдрийн 02 дугаарт бүртгэсэн нь хууль бус, түүнчлэн  Б.Б, Б.Б нарыг Я.Б-өөр овоглосон бүртгэл илт хууль бус болох талаар баримтууд гарч ирсэн, ... Я.Б нь Ц.Н-тэй гэрлэлт бүртгүүлэх талаар ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд гэрлэлтийг бүртгэх анкетанд зурагдсан гарын үсэг нь түүнийх биш гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хуурамч бүртгэлийг үндэслээд гэрлэлтийн гэрчилгээг олгосон нь хууль бус, үүний  улмаас миний өмчлөх эрх зөрчигдөхөд хүрсэн” гэх зэргээр маргажээ.

16. Сэлэнгэ аймгийн Сант сумын иргэний бүртгэлийн 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаарт Я.Б, Ц.Н нарын гэрлэснийг бүртгэсэн, Я.Б нь 2017 онд нас барсан, Ц.Н нь энэ хэрэг хянан шиййдвэрлэх ажиллагаанд гэравдагч этгээдээр оролцож, “... хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн, бүртгэл хууль зөрчөөгүй” гэж, хариуцагчаас “... 1988 онд өргөдлийг үндэслэн гэрлэлтийн гэрчилгээг гараар бичиж, бүртгэлд авч, ХААТР маягт буюу гэрлэгсдийн бүртгэх гэрчилгээг хамт бичиж өгөөд, ХААТР маяг дэвтэр хоёр архивд орж, нотлох баримтыг завсар нь хавсаргаад архивладаг байсан, манай байгууллагад энэ хоёр баримт хоёулаа байна, … /тэгэхээр/ бүртгэл хууль ёсны гэж үзэх үндэслэлтэй” гэж тус тус шүүхэд тайлбар гаргасан, захиргааны хэргийн шүүх маргаан бүхий улсын бүртгэлийн хууль зүйн үндэслэлийг шалгахдаа хэрэгт авагдсан баримтуудыг үнэлж “1988 онд бүртгэгдсэн гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй” гэж дүгнэж, энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнийг хяналтын шатны шүүхээс үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй.

17. Захиргааны хэргийн шүүх иргэн Я.Б, Ц.Н нарын тухайн үеийн бодит нөхцөл байдлыг болон гэр бүлийн харилцаатай байсан эсэх, тэдгээртэй холбоотой бусад хууль зүйн фактыг тогтоохгүй, захиргааны байгууллагын үйл ажиллагаа буюу гэрлэсний бүртгэл хийхдээ хууль зөрчсөн эсэхийг тогтоож дүгнэх бөгөөд Сэлэнгэ аймгийн Сант сумын иргэний бүртгэлийн 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаарт бүртгэгдсэн Я.Б, Ц.Н нарын гэрлэсний бүртгэлийг шууд үгүйсгэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй, тодруулбал, хэрэгт авагдсан баримтуудаар “Я.Б, Ц.Н нарын өмнөх гэрлэлт цуцалсан эсэхийг тогтоохгүйгээр бүртгэсэн”, “бүртгэгч Д.Б-ны гэрлэлт бүртгэсэн бүртгэл илт хууль бус болсон” гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, түүнчлэн, “Я.Б гэх гарын үсгийг түүний өмнөөс дур мэдэн зурж, түүнийг Улсын бүртгэлд бүртгэж Ц.Н-тэй гэр бүл болгосон”,  1988 онд захиргааны байгууллага хүсэлт өргөдлөө гаргаагүй хоёр иргэний гэрлэлтийг “хуурамчаар” бүртгэсэн гэж захиргааны хэргийн шүүх шууд дүгнэх боломжгүй байна.

18. Өөрөөр хэлбэл, гэрлэлт хуурамч байсан эсэхийг, хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болсон эсэхийг, эсхүл 1988 онд уг хоёр иргэн гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхээр очсон эсэхийг захиргааны хэргийн шүүх тогтоохгүй, “гэрлэлт хүчин төгөлдөр бус” болох нь иргэний шүүхээр тогтоогдоогүй байхад маргаан бүхий бүртгэлд холбогдох архивын зарим баримт дээрх   “Я.Б-ийн гарын үсэг” гэх бичиглэлүүд  хоорондоо тохирохгүй талаар шинжээчийн дүгнэлтүүд гарсан, Я.Б, Ц.Н нарын гэрлэхийг хүссэн талаарх гараар бичсэн өргөдөл хэрэгт авагдаагүй буюу архиваас өөр баримт ирүүлээгүй гэх зэрэг нөхцөл байдлуудыг үндэслэн Я.Б, Ц.Н нарын 1988 онд гэрлэснийг бүртгэсэн бүртгэлийг захиргааны хэргийн шүүх хүчингүй болгох үндэслэлгүй.

19. Түүнчлэн, шүүх Сэлэнгэ аймгийн Сант сумын иргэний бүртгэлийн 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаарт бүртгэгдсэн Я.Б, Ц.Н нарын гэрлэсний бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүрээнд шүүх хэргийг шийдвэрлэж байгаа тул “... Я.Б, Ц.Н нар нь гэрлэлтээ цуцлуулсан байх магадлалтай … /байхад/ шүүх уг асуудлаар нотлох баримт цуглуулж шалгаагүй” гэх хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлийг хүлээж авах боломжгүй, 2000 онд явагдсан хүн амын тооллого, иргэний үнэмлэх  олгох явцад хийгдсэн бүртгэлээр ХААТР 21 дүгээр маягтын “гэрлэлтийн байдал” гэх хүснэгтэд Я.Б нь “гэрлээгүй” гэж тэмдэглэсэн, Ц.Ннь “хариулаагүй” нөхцөл байдал нь 1988 онд гэрлэлт бүртгэсэн үйл баримтад хамааралгүй юм.

20. Иймд, шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт холбогдуулж, нэхэмжлэгч Ж.Ө-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... /гуравдагч этгээд/ Ц.Н нь гэрлэлтийн бүртгэл дээр өөрөө, сайн дурын үндсэн дээр гарын үсэг зурсан эсэхийг шүүх тогтоох ёстой байсан”, “... шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

21. Харин, Д.Ш-оор овоглож байсан Б.Б, Б.Б нарын овгийг 1088 онд Я.Б-өөр сольж, төрсний гэрчилгээ олгосон, ингэхдээ Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 1988 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 08, 168 дугаарт бүртгэснээр тэмдэглэсэн боловч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар Б.Б, Б.Б нарын Д.Ш-оор овоглосон бүртгэл хүчинтэй, хүүхдүүдийн овгийг сольсонтой холбоотой аливаа баримт материал архивт байхгүй, хэргийн оролцогчдоос эдгээр үйл баримтуудтай маргаагүй зэргээс маргаан бүхий бүртгэлүүдийг “илт хууль бус” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв, давж заалдах шатны шүүхээс жг дүгнэлтийг үгүйсгэж дүгнээгүй, “... уг асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Ө-ын нэхэмжлэлийн энэ шаардлагын хүлээн авахаас татгалзсан нь буруу байна.

22. Аливаа гэрлэлт, гэр бүлийн харилцаанаас үүссэн эрх зүйн үр дагавар нь ердийн тохиолдолд уг харилцааны оролцогч биш этгээдэд хамааралгүй, тодруулбал, 1988 онд Я.Б, Ц.Н нарын гэрлэснийг бүртгэсэн болон Б.Б, Б.Б нарыг Я.Бөөр овоглож бүртгэсэн нь өөр бусад этгээдэд “хамааралгүй” байх шинжтэй хэдий ч, тухайн тохиолдолд, уг асуудлаар маргах Ж.Ө-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол байна гэж шүүх үзсэн нь зөв, энэ тохиолдолд, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрхийг хоёр нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулж өөр өөрөөр дүгнэсэн нь буруу юм.  

23. Иймд, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Б.Б, Б.Б нарын Я.Б-өөр овоглосон бүртгэлийн улмаас Ж.Ө өөрийн зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Хэдийгээр маргаан бүхий бүртгэл нь тухайн үедээ Ж.Ө-т шууд чиглэгдэн гараагүй боловч энэ гэрлэлтийн бүртгэлээс болж Ж.Ө-ын эрх ашиг ноцтойгоор хөндөгдөх болсон тул хамааралтай гэж үзнэ, ... давж заалдах шатны шүүх буруу дүгнэлт хийсэн” гэх гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 24. Эдгээр үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Ө-ыг итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 316 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Ө-оос тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ТУНГАЛАГ

             ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА