| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 2529000000159 |
| Дугаар | 2026/ДШМ/01 |
| Огноо | 2025-12-24 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Э.Наранхүү |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2026/ДШМ/01
2025 оны 12 сарын 24 өдөр Дугаар 2026/ДШМ/01 Даланзадгад сум
Б.*******д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: Э.Наранхүү /цахимаар/,
Яллагдагч: Б.*******,
Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Даваанаран даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЗ/361 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хяналтын прокурор Э.Наранхүүгийн гаргасан эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Б.*******д холбогдох 2529000000159 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Яллагдагч Б.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр, Хаан банкны замд ******* улсын дугаартай Toyota prius 30 загварын тээврийн хэрэгслийг жолоодсон үедээ согтуурсан, мансуурсан эсэхээ зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Э.Наранхүү нь Б.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар яллагдагч Б.*******д холбогдох эрүүгийн 2529000000159 дугаартай хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газарт буцааж,
Хэргийг прокурорт очтол Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, хэрэгт нэгтгэгдсэн болон тусгаарлагдсан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хяналтын прокурор Э.Наранхүү давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:
Шүүх шийдвэртээ дараах дүгнэлтийг хийсэн. Үүнд: “...Тухайн гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд зам тээврийн ослын шинжтэй үйлдэл гарсан байхад мөрдөн шалгах ажиллагааны шатанд үүнтэй холбоотой хэргийн газрын үзлэг, тухайн осол нь хэний буруутай үйлдлээс болж гарсан талаарх магадалгаа, дүгнэлт, тээврийн хэрэгслийн эзэмшигч нь хэн болох, тээврийн хэрэгслийн жолооч, зорчигчид эрүүл мэнд болон эд хөрөнгийн хохирол учирсан эсэх, хохирол, хор уршиг нэхэмжилж байгаа эсэх талаарх тодруулах ажиллагааг хийхгүйгээр "кровн" маркийн автомашиныг жолоодож явсан жолоочид хохирлыг барагдуулсан гэж үзэж, үйлдэл холбогдлыг гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгаж тогтоохгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5- д ...заасныг тус тус тогтоогоогүй, нотолбол зохих байдлыг нотлоогүй байна гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул уг ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж шийдвэрлэлээ...” гэжээ.
Шүүгдэгч Б.*******гийн холбогдсон тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр, Хаан банкны замд ******* улсын дугаартай Toyota prius 30 загварын тээврийн хэрэгслийг жолоодсон үедээ согтуурсан, мансуурсан эсэхээ зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ба дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн Эрх бүхий албан тушаалтны “...жолооч согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн...” гэх тэмдэглэл бүхий илтгэх хуудас, /хавтаст хэргийн 03 дугаар хуудас/, яллагдагч Б.*******гийн жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЦ/77 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар, /хавтаст хэргийн 25-28 дугаар хуудас/, яллагдагч Б.*******гийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон болно.
Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.6 дугаар зүйлд: “Зам тээврийн ослын үед хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, осолд холбогдсон жолооч нарын тээврийн хэрэгслээс бусад эд хөрөнгөд хохирол учраагүй, ослоос үүдсэн эд хөрөнгийн хохирлыг жолооч нар өөр хоорондоо буюу даатгалын байгууллагатай харилцан маргаангүй шийдвэрлэхээр тохиролцсон бол энэ дүрмийн 3.5-ын “г”-д заасан үүргээс чөлөөлөгдөж болно”,
******* улсын дугаартай Toyota prius 30 загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.*******, түүний жолоодож явсан тээврийн хэрэгсэлд шүргэгдсэн ******* улсын дугаартай авто машины жолооч *******нар нь ослын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээс чөлөөлөгдөх, ослоос үүдсэн эд хөрөнгийн хохирлын талаар харилцан маргаангүй тохиолдолд өөр хоорондоо тохиролцох эрхтэй.
Тодруулбал, жолооч Б.******* нь тухайн газар дээрээ жолооч О.Оюунбаярт 180,000 /нэг зуун наян мянга/ төгрөг нөхөн төлөхөөр тохиролцож, улмаар төлсөн нөхцөл байдлыг прокуророос хууль зөрчөөгүй гэж үзсэн ба *******нь ямар нэгэн гомдол, санал байхгүй талаар өөрийн гар бичмэлээр хүсэл зоригоо илэрхийлсэн баримт хэрэгт авагдсан болно.
Түүнчлэн ******* улсын дугаартай болон тус тээврийн хэрэгсэлд шүргүүлсэн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн жолооч нар нь хэн болох нь тодорхой, хэн нэгэнд гэмтэл учраагүй, мөн ослоос үүдсэн эд хөрөнгийн хохирлын талаар жолооч нар маргаагүй болох нь тодорхой байхад шүүх шүүхэд шилжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчиж, тээврийн хэрэгслийн эзэмшигчийг тогтоох, жолооч, зорчигчийн эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирлыг тогтоолгох, хэн нь буруутай болох, хохирол, хор уршиг нэхэмжилж байгаа эсэх зэргийг тодруулахаар хэргийг прокурорт буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн гэж дүгнэж байна.
Яллагдагч Б.*******г прокуророос яллах дүгнэлт үйлдсэн эс үйлдэхүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтооход хамааралгүй буюу Замын хөдөлгөөний дүрэмд заасан цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээс чөлөөлөгдсөн буюу хохирлын талаар маргаангүй болсон, илтэд гэмт хэргийн шинжгүй үйлдэлд шүүхээс “гэмт хэрэг гарсан байдал” /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1/, “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” /мөн зүйлийн 1.5 дахь хэсэг/ зэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоолгохоор захирамжилсан шүүхийн шийдвэр нь хуулийн шаардлагыг хангахгүй байх ба энэ нь Эрүүгийн хуульд заасан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ...” гэж тодорхой, салаа утгагүйгээр хуульчлан зохицуулсан.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхээс дээрх хуулийн зохицуулалтын дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товын талаар прокуророос санал аваагүй бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийх тухай хуралдааны товыг мэдэгдээгүй.
Харин шүүх 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Б.*******д холбогдох хэргийн анхан шатны шүүх хуралдаан хийгдэх талаар прокурорт тов мэдэгдсэн боловч 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шүүх хуралдаан эхлэхээс 10 минут орчмын өмнө “Шүүгч өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг хэлэлцэх боллоо" гэж мэдэгдэн, улмаар хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.
Эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЗ/Э61 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Прокурор Э.Наранхүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Нэгдүгээрт тухайн кровн маркийн тээврийн хэрэгслийг шүргэсэн үйл баримтыг Замын хөдөлгөөний дүрмийн 3.6-д заасан тээврийн хэрэгслийн ослын үед хүний амь нас, эрүүл мэндэд хохироогүй, осолд холбогдсон тээврийн хэрэгслээс бусад эд хөрөнгөд хохирол учраагүй учир жолооч нар хоорондоо тохиролцоод цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээс чөлөөлөгддөг. Тухайн үед кровн маркийн машины жолооч *******гэдэг хүн тээврийн хэрэгсэлд байгаагүй. Эзэнгүй зогсоолд байсан машиныг мөргөдөг. Замын хөдөлгөөний дүрмээр цагдаагийн байгууллага дуудлагын дагуу хэргийн газар дээр нь очиход хоёр жолооч хоорондоо тохиролцсон байсан.
Гэтэл анхан шатны шүүх захирамждаа дурдахдаа хэрэг гарсан байдал, хохирол, хор уршиг учирсан тээврийн хэрэгслийн зорчигч нарын эрүүл мэндэд хохирол учирсан байдлыг тогтоо гээд хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй.
Б.*******гийн үйлдэлд яллах дүгнэлт болон эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж шалгаж байгаа. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд зааснаар өмнө нь механикжсан тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодоод эрхээ хасуулчихсан нөхцөл байдалтайгаар дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэдэг үйл баримтуудыг тогтоочхоод байхад гэмт хэрэг гарсан байдал, хохирол, хор уршгийн шинж чанарыг тогтоогоогүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар бүлэгт заасан гэмт хэрэгт хохирогчоор тогтоох ажиллагаа нь заавал хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч байж тухайн гэмт хэргийн хохирогч болдог. Гэтэл Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъект нь Б.******* ба согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ гэсэн хуулийн заалттай.
Гэтэл анхан шатны шүүх хуралдаан эхлэхэд улсын яллагчийн хувьд гэм буруугийн хуралдаан гэж бодож очоод улсын яллагчийн дүгнэлтийг гэм буруу дээрээ гаргах байр суурьтай очсон боловч шүүх хуралдаан эхлэхийн өмнө шүүгчийн туслах урьдчилсан хэлэлцүүлэг боллоо, прокуророо ч гэдэг юм уу, ийм байр суурьтай урьдчилсан хэлэлцүүлэгт оролцсон. Гурваас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх хуулийн заалтыг анхан шатны шүүх ноцтой зөрчөөд шууд урьдчилсан хэлэлцүүлгийг шүүх өөрийн санаачилгаар явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх заалтыг ноцтой зөрчиж байна.
Ийм учраас Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 361 дугаартай шүүгчийн захирамжаар Б.*******д холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Мөн үндэслэлгүй шийдвэр, хийгдэх ёсгүй, шаардлагагүй ажиллагаа, хэмжээ хязгаар зөрчсөн, өөр гэмт хэргийн шинжийг тогтоох ч гэдэг юм уу ийм ажиллагааг дурдсан учраас захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Яллагдагч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хяналтын прокурор Э.Наранхүүгийн бичсэн эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Яллагдагч Б.*******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхээ зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэгт холбогдуулан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Э.Наранхүү нь яллагдагч Б.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЗ/361 дугаартай шүүгчийн захирамжаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоогоогүй, нотолбол зохих байдлыг нотлоогүй гэж дүгнэн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх үндэслэлээр яллагдагч Б.*******д холбогдох эрүүгийн 2529000000159 дугаартай хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Хяналтын прокурор Э.Наранхүү нь “Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчиж, тээврийн хэрэгслийн эзэмшигчийг тогтоох, хэн нь буруутай болох, хохирол, хор уршиг нэхэмжилж байгаа эсэх зэргийг тодруулахаар хэргийг прокурорт буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн, мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй нь мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн” гэж шүүгчийн захирамжийг хүчингүй болгох агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.
Анхан шатны шүүх 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн тов тогтоох тухай захирамж гаргасан байх ба прокурор Э.Наранхүү, яллагдагч Б.******* нарт урьдчилсан хэлэлцүүлгийн товыг мэдэгдсэн тухай баримт хэрэгт авагдаагүй байна. Түүнчлэн урьдчилсан хэлэлцүүлгийг товлосон өдрөө буюу 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шүүхийн хэлэлцүүлгийг хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасан “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ...” гэснийг зөрчсөн байна.
Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт “Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.6 дугаар зүйлд: “Зам тээврийн ослын үед хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, осолд холбогдсон жолооч нарын тээврийн хэрэгслээс бусад эд хөрөнгөд хохирол учраагүй, ослоос үүдсэн эд хөрөнгийн хохирлыг жолооч нар өөр хоорондоо буюу даатгалын байгууллагатай харилцан маргаангүй шийдвэрлэхээр тохиролцсон бол энэ дүрмийн 3.5-ын “г”-д заасан “тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;” үүргээс чөлөөлөгдөж болно” гэж тус тус хуульчилсан.
Яллагдагч Б.******* нь ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох үедээ О.Оюунбаярын жолоодож явсан ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүргэсэн үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд хохирол учруулаагүй, О.Оюунбаярын тээврийн хэрэгсэлд учруулсан хохирол төлбөр дээр жолооч нар нь хоорондоо тохиролцон Б.******* нь 180,000 төгрөгийг О.Оюунбаярт төлж, ямар нэгэн гомдол, санал байхгүй талаар хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийг үйлджээ. /хх-ийн 43 дугаар тал/
Жолооч О.Оюунбаярын тээврийн хэрэгслийг шүргэсэн үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учирсан байх ба энэ үйлдэл нь зөрчлийн шинжийг агуулж байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байна. Иймд тээврийн хэрэгслийн жолооч нар өөр хоорондоо тохиролцон хохирол төлбөрийг барагдуулсан байх тул Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй байна.
Дээрх зөрчил нь гэмт хэргийн шинжгүй байхад анхан шатны шүүх яллагдагч Б.*******гийн холбогдсон Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн гэмт хэрэгт хамааруулж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шинж чанар зэргийг тогтоох шаардлагатай гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэм хэрэгт жолооч О.Оюунбаярын тээврийн хэрэгслийг шүргэсэн зөрчлийн хэргийг шалгах шаардлагагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасныг зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд анхан шатны шүүхийн “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай” гэх дүгнэлт нь үндэслэлгүй тул хяналтын прокурор Э.Наранхүүгийн бичсэн эсэргүүцлийг хангаж, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЗ/361 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Э.Наранхүүгийн эсэргүүцлийг хангасугай.
2. Яллагдагч Б.*******д холбогдох 2529000000159 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд хүргүүлсүгэй.
3. Яллагдагч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА
ШҮҮГЧИД Л.УГТАХБАЯР
Х.ГЭРЭЛМАА