| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 130/2022/00149/И |
| Дугаар | 212/МА2022/00043 |
| Огноо | 2022-05-02 |
| Маргааны төрөл | Ажлаас буруу шилжүүлсэн, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 212/МА2022/00043
Х.Н-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2022/00271 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч *** оршин суух ** овогт Х.Нгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Ө аймгийн Ө сумын Засаг дарга Д.Е-д холбогдох,
“Баян-Ө аймгийн Ө сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №Б/33 дугаартай “Сэлгэн ажиллуулах тухай” захирамжийг хүчингүй болгож, Х.Нг урьд эрхэлж байсан Баян-Ө аймгийн Ө сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэж, 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн үндэслэл:
1.1. Ө сумын Засаг дарга 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №Б\33 дугаартай “Сэлгэн ажиллуулах тухай” захирамж гаргаж намайг Ө сумын 20 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой.
1.2. Хөдөлмөрийн тухай хуулиар сэлгэн ажиллуулахаас өмнө ажилтантай харилцан тохирсон байх ёстой боловч Засаг даргаас надтай ямар нэгэн байдлаар харилцан тохиролцохгүйгээр шууд сэлгэн ажиллуулах шийдвэр гаргаж миний хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж байна.
1.3. Манай аймагт сумын Хөдөлмөрийн эрхийг хамгаалах маргаан зохицуулах гурван талт хороо одоогоор байгуулагдаагүй, миний гомдлыг урьдчилан хянан шийдвэрлэх боломжгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т заасны дагуу сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзээд шууд шүүхэд гомдлоо гаргаж байна.
1.5. Иймд Баян-Ө аймгийн Ө сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №Б/33 дугаартай “Сэлгэн ажиллуулах тухай” захирамжийг хүчингүй болгож, Ө сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр эгүүлэн тогтоож өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:
2.1. Ө сумын Хүүхдийн цэцэрлэгүүдийн эрхлэгч нарыг цэцэрлэг хооронд туршлага солилцох, сайн туршлага бий болгох зорилгын хүрээнд Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.8 дахь хэсэгт тусгаж харилцан тохиролцсоны үндсэн дээр сэлгэн ажиллуулж байгаа ба аймгийн болон сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан заалтуудыг хэрэгжүүлэхээр энэхүү ажлыг зохион байгуулж байгаа.
2.2. Сэлгэн ажиллуулах явцад хэн нэгнийг ажлаас халсан, эрх зүйн байдлыг нь доордуулсан асуудал байхгүй бөгөөд ажил олгогч, ажилтан хоёр зөвхөн хөдөлмөрийн гэрээнд заасан эрх үүргийн хүрээнд л ажил зохион байгуулагдаж байгааг тайлбарлая.
2.3. Мөн цаашид сэлгэн ажиллуулах тухай захирамжийн хэрэгжилтийг нь бүрэн хангаж ажиллах нь эрхлэгчийн хөдөлмөрийн гэрээнд заасан эрх үүрэг юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.
3. Баян-Ө аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2022/00271 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-ийг баримтлан Т овогт Х.Нг Ө сумын хүүхдийн ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр сэлгэн ажиллуулсан Баян-Ө аймгийн Ө сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №Б\33 дугаартай Сэлгэн ажиллуулах тухай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.Нг урьд эрхэлж байсан Баян-Ө аймгийн Ө сумын хүүхдийн ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Ө сумын хүүхдийн цэцэрлэгүүдийн эрхлэгч нарыг хооронд сэлгэн ажиллуулах тухай ажил зохион байгуулсан гол зорилго нь цэцэрлэг хооронд сайн туршлага бий болгох, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилго агуулсан.
4.2. Х.Н нь тэс өөр албан тушаалд сэлгэн ажиллаагүй бөгөөд зөвхөн цэцэрлэгийн харьяалал өөрчлөгдсөн бөгөөд эрхэлсэн ажил, хөдөлмөрлөх чанарын ямар нэгэн ялгаа байхгүй, эрх зүйн байдлыг доордуулсан шийдвэр гараагүй.
4.3. Х.Нтэй харилцан тохиролцоогүй мэдэгдээгүй гэдэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байгаа бөгөөд хөдөлмөрийн гэрээг Сум дундын шүүх тал бүрээс нь судалж, үнэлээгүй явдалд гомдолтой байна.Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр биш учраас бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
5.1. Ажил олгогчоос ажилтныг сэлгэн ажиллуулах шийдвэр гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмыг зөрчиж, сэлгэн ажиллуулах шийдвэр гаргасан. Тухайн асуудлаар ажилтан хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргасан.
5.2. Хөдөлмөрийн тухай хуульд /Шинэчилсэн найруулга/ зааснаар хөдөлмөрийн эрхийг таслах комисс урьдчилан шийдвэрлэх заалттай боловч манай Ө суманд хөдөлмөрийн эрхийг таслах комисс байгуулагдаагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, үндэслэлтэй шийдвэр гаргасан тул хариуцагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
ХЯНАВАЛ:
6. Гомдлоор авч хэлэлцэх хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
7. Нэхэмжлэгч Х.Н нь Баян-Ө аймгийн Ө сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/33 дугаартай “Сэлгэн ажиллуулах тухай” захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Ө аймгийн Ө сумын хүүхдийн ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр эгүүлэн тогтоолгохыг хүссэн” нэхэмжлэл гаргасан бөгөөд түүнийг сэлгэн ажиллуулах талаар гаргасан ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байх тул нэхэмжлэл хууль зүйн үндэслэлтэй байна.
8. Ө сумын Засаг даргаас “Ө сумын Хүүхдийн цэцэрлэгүүдийн эрхлэгч нарыг цэцэрлэг хооронд туршлага солилцох, сайн туршлага бий болгох зорилгын хүрээнд Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.8 дахь хэсэгт тусгаж харилцан тохиролцсоны үндсэн дээр сэлгэн ажиллуулж байгаа ба аймгийн болон сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан заалтуудыг хэрэгжүүлэхээр энэхүү ажлыг зохион байгуулж байгаа. Сэлгэн ажиллуулах захирамжийн хэрэгжилтийг эрхлэгчид хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу биелүүлэх үүрэгтэй бөгөөд хэн нэгний эрх зүйн байдлыг нь доордуулсан асуудал байхгүй.” гэж хариу тайлбар ирүүлсэн бөгөөд ажил олгогчийн уг тайлбар хууль зүйн үндэслэлгүй болжээ.
9. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэвэл: Х.Н нь Баян-Ө аймгийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/489 дугаартай захирамжаар Ө сумын Хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ө сумын Хүүхдийн ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан нь тогтоогджээ. /хавтаст хэргийн 4, 5 дахь тал/
10. Ажил олгогч Баян-Ө аймгийн Ө сумын Засаг дарга Д.Е нь 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/33 дугаартай “Сэлгэн ажиллуулах тухай” захирамж гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.1.4, 102 дугаар зүйлийн 102.1.1, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.8 дахь заалтуудыг тус тус үндэслэж, Ө сумын хүүхдийн ** дугаар цэцэрлэгийн эрхлэгч Х.Нг Ө сумын ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэжээ.
11. Ажил олгогч ажилтныг сэлгэн ажиллуулах болсон үндэслэлээ “Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.8 дахь хэсэгт тусгаж харилцан тохиролцсоны үндсэн дээр сэлгэн ажиллуулж байгаа” гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан баримтаар ажил олгогч нь ажилтныг сэлгэн ажиллуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт хуульчилсан урьдчилсан нөхцөлүүд бүрдээгүй буюу сэлгэн ажиллуулах гэж буй ажилтны зөвшөөрлийг авсан үйл баримт нотлогдон тогтоогдоогүй, талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний дээрх заалтыг үндэслэж хуулийн уг урьдчилсан нөхцөл бүрдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
12. Ажилтныг сэлгэн ажиллуулах талаар Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 59 дүгээр зүйлийн 59.1-д “Ажил олгогч ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллага дотроо, харьяа нэгж, салбарын хооронд дараах үндэслэлээр ажилтныг гурван жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно” гэж хуульчилснаас үзэхэд, ажил олгогч нь ажилтныг сэлгэн ажиллуулахдаа нэгдүгээрт, ажилтантай заавал тохиролцож, түүний зөвшөөрлийг авахаас гадна хоёрдугаар, түүнийг аж ахуйн нэгж, байгууллага дотроо, харьяа нэгж, салбарын хооронд сэлгэн ажиллуулахаар байна.
13. Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргээс үзвэл, ажилтан болон ажил олгогчийн сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, сэлгэн ажиллуулах болсон үйл баримт тогтоогдоогүйгээс гадна ажил олгогчоос ажилтан Х.Нг “аж ахуйн нэгж, байгууллага дотроо, харьяа нэгж, салбарын хооронд” сэлгэн ажиллуулсан гэж үзэх үндэслэлгүй болно. Учир нь Ө сумын 20 дугаар цэцэрлэг нь тус сумын ** дугаар цэцэрлэгтэй эрх зүйн статусын хувьд ямар нэгэн холбоо, хамааралгүй буюу 20** дугаар цэцэрлэгийг ** дугаар цэцэрлэгийн харьяа нэгж, эсхүл салбар гэж үзэхгүй, эдгээр байгууллагууд нь тус тусдаа бие даасан хуулийн этгээдүүд болно.
14. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Х.Н нь тэс өөр албан тушаалд сэлгэн ажиллаагүй бөгөөд зөвхөн цэцэрлэгийн харьяалал өөрчлөгдсөн бөгөөд эрхэлсэн ажил, хөдөлмөрлөх нөхцөлийн хувьд чанарын ямар нэгэн ялгаа байхгүй, эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гараагүй. Х.Нтай харилцан тохиролцоогүй мэдэгдээгүй гэдэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байгаа бөгөөд хөдөлмөрийн гэрээг сум дундын шүүх тал бүрээс нь судалж, үнэлээгүй явдалд гомдолтой байна” гэх давж заалдах гомдол хууль зүйн хувьд үндэслэлгүй. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтад “ажилтныг сэлгэн ажиллуулахтай” холбоотой хууль зүйн ойлголтыг холбогдох хуулийн зохицуулалтыг баримталж үндэслэлтэй, зөв тайлбарлаж хэрэглэсэн тул гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчимд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Ө аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2022/00271 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК