Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 174

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

Шүүгдэгч Ү.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ү.Цт холбогдох эрүүгийн 1830000000145 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат, 1983 оны 02 дугаар сарын 28-нд төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 8 сараас 17 насны 3 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй  Ү.Ц.

 

   Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч Ү.Цнь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг, Хайлаастын ... тоотод 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр иргэн Н.Эг зодож, эрүүл мэндэд нь “хамар, баруун эгэм, хүзүүний урд доод хэсэгт, баруун суганд маажсан зулгаралт, баруун мөр, баруун бугалга, зүүн эгэм, зүүн дал, зүүн мөр, зүүн бугалга, зүүн тохойн дотор хэсэг цус хуралтууд, баруун шанаа, баруун мөрний зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  - Шүүгдэгч Ү.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2015 онд найзуудаараа явж байгаад Мтай танилцсан. М надад эхнэрээсээ салсан гэж хэлсэн.  Н.Э гэдэг хүн намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжилдог. 2018 оны 04 сард аймагт ирээд намайг доромжлоод алгадчихаад явсан. М 8 сард хөдөө машинаа орхичхоод ирээд буцаад машинаа аваад ирье гэж яваад Этай ирсэн. Э нь ирээд  надтай уулзсан. М араас нь ирээд Тайван ирсэн үү гэж асуухаар нь ирсэн, гэрт байгаа гэж хэлсэн. Тэгээд хадам аавынд очиж учраа олно гээд хадмынх руу явсан. Хадмын гэрт ороод намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлж, үснээс зулгаагаад тавихгүй байсан. Би үснээсээ арай гэж тавиулаад гэр рүүгээ явахад Э араас ирээд намайг өшиглөж зодсон. Тэгээд М ирээд Эг аваад явсан. Э надаас 400.000 төгрөг нэхэмжилсэн. Би олдсон 350.000 төгрөгөө шилжүүлсэн. Надтай бол утсаар яриагүй. Мтай яриад үлдэгдэл 50.000 төгрөгөө хэзээ өгөх гэж байна гэж хэлсэн байсан... гэв. 

 

- Яллагдагч Ү.Цын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…Миний гэрчээр өгсөн мэдүүлэг үнэн. Би Н.Эы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. 2013 онд Х.М гэдэг залуутай танилцаж байсан. Анх танилцаж байхдаа би Мг эхнэр хүүхэдтэй гэдэг талаар нь мэддэг байсан. 2015 онд М нь би эхнэр хүүхдээсээ салж байгаа гэж надад хэлсэн. Тэгж явж байгаад би 2018 оны 01 дүгээр сард Мгийн хүүхдийг гаргасан. Гэтэл 2018 оны 04 дүгээр сараас Х.Мгийн эхнэр гэх Н.Э нь миний гар утас руу доромжилсон байдалтай захидал ирүүлж байсан. Би тухайн үед хариу өгч байгаагүй. 04 дүгээр сарын 20-ны орчим Х.М нь манай эхнэр намайг хөөгөөд байна гээд нэг шөнө хүрээд ирсэн. Н.Э нь над руу олон удаа залгаж хэрүүл хийдэг байсан ч би нэг ч удаа Н.Э руу залгаж үзээгүй. Мөн доромжилсон мессеж их ирүүлдэг байсан. 08 дугаар сарын 01-ний өдөр гэртээ байж байтал Н.Э нь манай руу ороод ирсэн. Араас нь Х.М ирсэн. Тэгээд Х.М, Н.Э хоёртой Х.Мгийн аавын гэр рүү явсан. Тэнд очоод намайг энд тэндэхийн хүн их цуглуулдаг, наад хүүхэд чинь Мгийн хүүхэд биш гэх мэтээр доромжлоод байсан. Н.Э нь Хын гэрт ороод байнга намайг загнаад байсан. Би өөдөөс нь хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй Н.Эы хэлж ярьж байгаа зүйлүүдийг сонсоод сууж байсан. Тэгээд би гарах гээд орон дээрээс бостол Н.Э нь миний толгойтой үснээс зулгааж чирээд байсан. Би тавиулах гээд чадахгүй байхаар нь би цамцнаас нь зулгаатал баруун гарын эрхий хуруу мөн зүүн гарын долоовор хурууг хазсан. Н.Э бид хоёрыг Х.М болон түүний ээж салгасан. Тэгээд би гэртээ очоод байж байтал Н.Э нь мөн араас ирээд намайг доромжилж над руу дайрч намайг цохиж, өшиглөөд байсан. Тухай үед би хүүхдээ өргөөд зогсож байсан. Н.Эы эрүүл мэндэд хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-07 /,

 

- Хохирогч Н.Эгийн: Миний гэрчээр өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би Улаанбаатар хотод хүүхдүүдийн хамт амьдардаг. Одоо хичээл сургууль эхэлж байна. Би Улаанбаатар хотод хүний хүнсний дэлгүүрт худалдагч хийж амьдралаа залгуулдаг. Иймд дахин дахин Сүхбаатар аймагт ирж чадахгүй. Надад унааны зардал мөнгөнөөс эхлээд асуудал их тулгарах учраас би шүүх хуралд оролцож чадахгүй. Тэгэхдээ би Ү.Цт зодуулсандаа болон миний гэр бүлийг үймүүлж байгаа үйлдэлд гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх- 03/,

 

- Н.Эы гэрчээр өгсөн: Би өөрийн нөхөр Х.Мтай суугаад 15 жил болж байгаа бөгөөд бид нар Улаанбаатар хотод амьдардаг юм. Гэтэл манай нөхөр Х.М Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд амьдардаг Ү.Ц гэгч эмэгтэйтэй явалдаад удаж байгаа бөгөөд би өөрөө 2018 оны 07 дугаар сарын 26-ны үед Сүхбаатар аймгийн төвд ирчхээд хөдөө байж байгаад 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 14 цагийн үед хөдөөгөөс нөхөр Х.Мгийн хамт орж ирээд Хайлаастын задгай тоотод байх Ү.Ц гэгч эмэгтэйн гэр рүү уулзахаар гүйгээд очсон чинь тэр эмэгтэй байсан. Би тэднийд ороод очсон чинь Ү.Ц гэгч эмэгтэй гэрээсээ зөрөөд гараад явчихсан. Би одоо ирэх юм байлгүй гэж бодоод гэрт нь хүлээгээд байсан чинь араас манай нөхөр Х.М машинтай ирээд гэрийн гадаа Ү.Цтай яриад байхаар нь гараад ирсэн чинь цаашаа яваад байхаар нь тэр эмэгтэйд  “чамтай уулзмаар байна” гэхэд өөдөөс “чамд хамаагүй, чи яах гээд байгаа юм. Чамд ямар хамаатай юм” гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан. Гэтэл тэр эмэгтэй “явъя” гээд манай нөхрийн машинтай зүүн талын хашаанд хадам аав Хын гэрт очоод би “Би чамтай уулзмаар байна. Та хоёр одоо ер нь яах гээд байгаа юм бэ? Хэдий болтол намайг доромжлох гэсэн юм. Манай нөхөр Х.М надаас салахгүй. Хоёр хүүхэд дээрээ очно гэж худал үнэн хэлээд олон сар явлаа. Одоо учраа олъё” гэхэд Ү.Ц гэгч эмэгтэй “Чамд хамаагүй, юу гээд байгаа юм, нөхөртэйгөө учраа олохгүй юу” гэх зэргээр хэл амаар доромжилж байгаад над руу босоод ирэхээр нь би үснээс нь зулгаасан чинь миний чээж рүү маажихаар нь манай нөхөр дундуур орж ирээд хорьж байтал миний чээж, хүзүү, нүүр ам маажсан юм. Урьд нь Ц гэгч эмэгтэйг зүс танина. Ямар нэг өс хонзонгийн асуудал бол байхгүй. Манай гэр Улаанбаатар хотод байдаг бөгөөд манай нөхөр Х.М аймаг руу ажилтай гээд ах дүү нар руугаа байнга ирж очоод явдаг байсан. Тэгээд энэ оны цагаан сарын дараа л манай нөхөр гэртээ ирэхгүй, утсаар ярихгүй байсан чинь Ц гэгч эмэгтэйтэй явалдаад хамтран амьдарч байсан юм билээ. Тэгээд саяхан уулзахаар ирээд зодуулсан юм. Намайг Ү.Ц гэгч эмэгтэй чээж, нүүр ам маажиж гэмтэл учруулсан. Одоо миний чээж, баруун мөр хөхөрч маажигдсан, зүүн бугалга хөхөрсөн гэмтлүүд учирсан. Миний чээжин хэсгээрээ их хөндүүр байна. Манай нөхөр Х.М намайг зодож цохисон асуудал байхгүй. Харин дундуур орж ирчхээд намайг барьж байгаад тэр эмэгтэйдээ зодуулсан...гэх мэдүүлэг /хх-04 /,

 

- Гэрч Ж.Жгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэртээ ганцаараа байж байтал манай хүү М нь эхнэр Н.Этайгаа цуг хөдөөгөөс ирсэн. Ирээд удалгүй Э, М хоёр цуг манай гэрээс гарч явсан. Би тэр хоёрыг хаашаа явж байгаа талаар нь мэдээгүй. Тэгээд би гал тогооны пиндээ юм хийж байгаад гэртээ буцаад ороод иртэл Ү.Ц, Н.Э, М гурав ирчихсэн Ү.Ц, Н.Э хоёр хоорондоо зууралдчихсан голоор нь манай хүү М орчихсон салгаж байсан. Би тэгээд “та нар боль л доо” гэж хэлчхээд буцаж гараад ороод ирэх хооронд салчихсан байсан.  Би тэр хоёрт хаана нь ямар гэмтэл учирсан талаар мэдэхгүй. ...Н.Э хөдөөгөөс ирэхдээ биед нь ил харагдах гэмтэл бэртэл харагдаагүй...гэх мэдүүлэг /хх-08 /,

 

- Гэрч Х.Мгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Би Н.Этай гэр бүл болоод 15 жил болж байна. Одоо бид хоёр 2 хүүхэдтэй. Манай гэр Улаанбаатар хотод байдаг юм. Заримдаа Улаанбаатар хотоос Сүхбаатар аймагт байдаг дүүгийнхээ хөдөө байдаг гэрт мал харахаар ирдэг. Би 2013 оны хавар аймгаас хойш байдаг “Ө” гэх газар хаваржиж байгаад Ү.Цтай танилцаж байсан юм. Үүнээс хойш Ү.Цтай уулздаг болсон. Харин 2017 оны 04 дүгээр сард Ү.Ц нь миний хүүхдийг гаргасан. Үүнийг манай эхнэр Э нь 2018 оны 04 дүгээр сард мэддэг болсон. 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Ү.Цтай цуг Улаанбаатар хотоос Сүхбаатар аймагт ирсэн.  Харин манай эхнэр Н.Э нь 07 дугаар сарын 26-ны өдөр миний араас Сүхбаатар аймагт ирж надтай цуг манай хөдөө байдаг хүүгийн гэр рүү нь цуг явж хэд хоноод 08 дугаар сарын 01-ний өдрийн 13 цагийн орчимд буцаж аймаг дээр ирсэн. Аймагт аавынхаа гэрт байж байтал манай эхнэр Н.Э нь “би тэр Ү.Ц гэдэг хүүхэнтэй учраа олно” гээд гараад явчихсан. Би араас нь очтол Ү.Ц нь гэрийнхээ гадаа хүүхдээ тосоод сууж байсан. Харин Н.Э нь гэр дотор нь сууж байсан. Тэгээд тэр хоёр хоорондоо хэрэлдээд байхаар нь боль гэтэл Н.Э нь тэгвэл ээжийн чинь хажууд очиж учраа олно гээд байхаар нь тэр хоёрыг машиндаа суулгаад аавынхаа гэр рүү очсон. Тэгээд манай аавын гэрт очоод мөн хоорондоо муудаж хэрэлдэж байтал Ү.Ц нь босоод явах гэтэл Н.Э Ү.Цын үснээс нь зулгаасан. Үүнээс болоод тэр хоёр хоорондоо зууралдаж зодолдож эхэлсэн. Би тэр хоёрын голоор орж болиулж салгасан...гэх мэдүүлэг /хх-05-06 /,

 

- Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 432 дугаартай дүгнэлтэд: Н.Эы биед  хамар, баруун эгэм, хүзүүний урд доод хэсэгт, баруун суганд маажсан зулгаралт, баруун мөр, баруун бугалга, зүүн эгэм, зүүн дал, зүүн мөр, зүүн бугалга, зүүн тохойн дотор хэсэг цус хуралтууд, баруун шанаа, баруун мөрний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирчээ. Уг гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” гэжээ /хх-10 /,

 

-  Ү.Цын Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-25/,

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2018.08.27-ны өдрийн 9/348 дугаартай тодорхойлолт /хх-22/,

 

- Яллагдагч Ү.Цын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-23/,

 

-   Хохирогч Н.Эы Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх- 32/, 

 

- Ү.Цын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх- 33/, 

 

- Хэргийг ердийн журмаар шийдвэрлэх тухай Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын 2018.08.23-ны өдрийн 5/15 дугаартай тогтоол / хх-34 / зэрэг баримтууд болно.

 

Шүүгдэгч Ү.Цнь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг, Хайлаастын ... тоотод 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр иргэн Н.Эг зодож, эрүүл мэндэд нь “хамар, баруун эгэм, хүзүүний урд доод хэсэгт, баруун суганд маажсан зулгаралт, баруун мөр, баруун бугалга, зүүн эгэм, зүүн дал, зүүн мөр, зүүн бугалга, зүүн тохойн дотор хэсэг цус хуралтууд, баруун шанаа, баруун мөрний зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Ү.Ц, хохирогч Н.Э, гэрч Ж.Ж, Х.М нарын мэдүүлгүүд, шинжээчийн 432 дугаартай дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Тухайн хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөлийг тодруулбал, хохирогч Н.Э нь “ нөхөртэй нь холбогдсон ” асуудлаас шүүгдэгч Ү.Цтай маргаан үүсгэн, харилцан зодолдох явцад Ү.Ц нь маажих, цохих зэргээр түүнийг зодож гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. 

           Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа хувийн сэдэлттэй хоорондын маргааны улмаас хохирогчийг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ. 

Шүүгдэгч Ү.Цын дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Ү.Ц нь хохирогч Н.Эы эрүүл мэндэд учруулсан хохиролд 350.000 төгрөгийн нөхөн төлсөн бөгөөд энэ тогтоолоор түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ. 

 

           Ү.Цтэрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна. 

 

   Шүүгдэгч Ү.Цын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, бусдад учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн, тухайн хэрэг гарсан шалтгаан нь хохирогчийн гэр бүлийн асуудлаас шалтаглан эхлүүлсэн маргаантай холбоотой зэрэг хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Ү.Ц ганц бие эх, бага насны хүүхэдтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй буюу түүний хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулах торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтооно.

  Шүүгдэгч Ү.Ц энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. 

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ү.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Цыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Ү.Цт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг нэг сард 45.000 төгрөгөөр тооцож 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Ү.Ц дээрх торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд ялтан Ү.Цт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

  6. Ялтан Ү.Ц энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд тэрээр гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохиролд хохирогч Н.Эд 350.000 төгрөг төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН