| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2018/0157/э |
| Дугаар | 172 |
| Огноо | 2018-09-07 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 172
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Амарсайхан,
Шүүгдэгч Ч.О, Э.Х нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Ч.О, Э.Х нарт холбогдох эрүүгийн 1830002180158 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Нэг. Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 1 дүгээр багийн харьяат, 1969 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ах, дүү нарын хамт Уулбаян сумын 1 дүгээр баг “Б” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Ч.О.
Хоёр. Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 1 дүгээр багийн харьяат, 1986 оны 12 дугаар сарын 16-нд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Уулбаян сумын 1 дүгээр баг “Б” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Э.Х.
Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Ч.О, Э.Х нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Б” гэх газраас бусдын 2 тооны тэмээг хулгайлж хохирогч Д.Ст 550.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Г.Дд 500.000 төгрөгийн бусдад нийт 1.050.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Ч.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Шинэ оноос хойш манай тэмээнд ирж нийлсэн айлын тэмээг хүнд өгсөн. Энэ миний буруу. Тэмээнүүдийг хэний тэмээ гэдгийг мэдээгүй. Би гэмшиж байна. Хохирогч Сүхбаатарт тэмээг нь өгсөн. Иргэний нэхэмжлэгч Дулмаад 1 тооны тэмээг хүлээлгэж өгсөн... гэв.
- Шүүгдэгч Э.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Намайг гэртээ байж байхад О ах ирээд сум руу оруулаад өг гэж хэлсэн. Тэмээгээ тэмээгээр нь өгсөн. Миний унаж явсан мотоцикль миний эзэмшлийнх юм. Оынх тэмээ байхгүй. Хүний тэмээ тууж байгаа гэдгийг мэдсэн. Хохирогч нарт хохирлыг хувааж төлсөн. Хэрэгт холбогдоод айсандаа хохирол төлсөн. Өөр ярих юм байхгүй гэв.
- Яллагдагч Ч.Оын:Би 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хөдөө гэртээ Уулбаян сумаас баруун тийш 30 км “Б” гэдэг газар байж байгаад мөнгөний хэрэг гараад манай тэмээнд нийлсэн 2 цагаан тэмээ байхаар нь саахалт айлын Хүрэлтулга гэдэг залууг мотоциклтой нь гуйгаад сум оруулж малын ченжид өгсөн. Өөрийн болчимгүй үйлдлээс хулгайн гэмт хэрэг үйлдсэндээ их гэмшиж байна....гэх мэдүүлэг /хх-33-34/,
- Яллагдагч Э.Хын:2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хөдөө гэртээ байж байсан чинь танил ах Ч.О манайд ирээд “ахтайгаа хоёулаа тэмээ хөөгөөд сум явъя” гэхээр нь зөвшөөрсөн юм. Тэгээд миний өөрийн улаан өнгийн, улсын дугааргүй, Даюун маркийн мотоцикльтой мордоод гэрийнх нь баруун талаас “Б” гэдэг газраас 2 цагаан тэмээ хөөсөн. Тэр цагаан тэмээний нэг нь 5 настай эр, нөгөөх нь 4 настай тэмээ байсан. Арай том 5 настай цагаан тэмээ нь баруун талын хонгоныхоо ар талд нар саран тамгатай, зөв чих цуулга, буруу чих ганзага имтэй эр тэмээ байсан. Жижиг цагаан тэмээ нь 4 настай буруу талын хонгондоо баалчихсан бүдэг тамгатай, буруу чих цуулга имтэй тэмээ байсан. Тухайн үедээ би хулгай хийж байна гэдгийг мэдсэн боловч надад хамаагүй юм байна гэж бодоод явсан чинь миний буруу болчихлоо... гэх мэдүүлэг /хх-21/,
- Хохирогч Д.Сын мөрдөн байцаалтад өгсөн:Манайх Бүрэнцогтын урд хаданд байдаг Түвшинширээ сумын гаралтай айл байгаа юм. Манай тэмээ болон аавын тэмээ гээд 30-аад тэмээ Уулбаян сумын хойд болон баруун талаар жилийн 4 улирал нутагладаг. Тэгсэн 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр манай 5 настай буруу талын хонгондоо нар саран тамгатай, буруу талын чих цуулга, ганзага имтэй, эр цагаан зүсмийн тэмээг Ч.О, Э.Х нар “Б”-оос бэлчээр дээрээс нь хулгайлсан байсан. Би 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр тэмээнүүдээ бүртгээд ирсэн. Миний бусад тэмээнүүд бүгд бүрэн байсан. Алдсан тэмээгээ зүсээр нь буцааж авсан болохоор надад одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-6/,
- Иргэний нэхэмжлэгч Г.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2018 оны 07 дугаар сард Уулбаян сумын Засаг даргын дэргэдэх Тамгын газрын орон тооны бус үнэлгээний комиссоос уг тэмээг 500.000 төгрөгөөр үнэлсэн байсан. Одоогоор тэмээний эзэн тогтоогдоогүй байгаа болохоор сум хүлээж аваад байна. Нэмж нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-9/,
- Гэрч Ш.Эын өгсөн: 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр О 2 тооны цагаан тэмээ өгсөн. Өгсөн тэмээ нь нэг нь 5 настай, эр, баруун талын хонгондоо нар саран тамгатай, зөв чих цуулга, буруу талын чих ганзага имтэй, 4 настай цагаан тэмээ нь буруу чих цуулга имтэй, буруу талын хонгондоо тамгатай, гэхдээ тамга нь баалчихсан болохоор яг ямар тамгатай гэдэг нь сайн мэдэгдэхгүй 2 тэмээ авчирч өгсөн. Ч.О нь тухайн үедээ нэг өндөр бор залуугийн хамт ирж миний өөрийн тэмээ гэж өгсөн. Тэгсэн хулгайн тэмээ болохыг сая мэдлээ...гэх мэдүүлэг /хх- 13/,
- Уулбаян сумын эд зүйлийн үнэлгээ /хх-65 /,
- Малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх- 41-43/,
- Мал хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх- 44/,
- Тэмээ хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх- 45/,
- Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /хх- 47-49, 75/,
- Мал мах түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээ /хх- 52/,
- Ч.Оын иргэний үнэмлэхийн хуулбар/хх-56/,
- Э.Хын иргэний үнэмлэхийн хуулбар/хх-61/,
- Ч.Оын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-59/,
- Э.Хын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-64/,
- Хохирогч Д.Сын Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-68/,
- Яллагдагч Ч.О, Э.Х нарын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-77/,
- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-69-70/,
- “Ашид билгүүн” ХХК-ний Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээ /хх-72-74/,
- Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай Прокурорын тогтоол /хх-78/,
- Хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын тогтоол /хх-79/ зэргийг шинжлэн судлав.
ШүүгдэгчЧ.О, Э.Х нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “ Билгэхийн говь” гэх газраас бусдын 2 тооны тэмээг хулгайлж хохирогч Д.Ст 550.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Г.Дд 500.000 төгрөгийн, нийт 1.050.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Ч.О, Э.Х нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Д.С, иргэний нэхэмжлэгч Г.Д, гэрч Ш.Э нарын мэдүүлгүүд, Малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-41-43/, Мал хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх- 44-45/, Уулбаян сумын Цагдаагийн хэсгийн Зарлал. 2018.07.15./хх- 54/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /хх- 47-49/, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын эд зүйлийн үнэлгээ, “Ашид билгүүн” ХХК-ний хохирлын үнэлгээ, Уулбаян сумын эд зүйлийн үнэлгээ /хх-65/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Тухайн гэмт хэрэг гарсан байдлыг тодруулбал, шүүгдэгч Ч.О нь зарж борлуулан, ашиг олох зорилгоор өөрийн нутаг оронд ирсэн тэмээг, шүүгдэгч Э.Хтай хамтран түүний мотоциклиор тууж сумын төвд аваачин зарж борлуулж гэмт хэргийг хувийн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.
Тодруулбал, шүүгдэгч нар нь хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа бусдын өмчлөлийн малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэдийн өмчлөх эрхэд зориуд хохирол учруулжээ.
Шүүгдэгч Ч.О, Э.Х нарын 2 тооны тэмээг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч нарыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага үндэстэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ст 550.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Г.Дд 500.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хулгайлагдсан 2 тэмээнүүд эзэндээ биетээр буцаан олгогдож, хохирол арилсан, шүүгдэгч нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.
Прокуророос Ч.О, Э.Х нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан гэж дүгнэв.
Тухайлбал, энэ хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэдгээр нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогч Д.С, иргэний нэхэмжлэгч Г.Д нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар хэрэгт мэдүүлсэн, шүүгдэгч нар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон ялын талаар маргаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокуророос гаргасан төрөл, хэмжээний талаархи саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ч.О, Э.Х нар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд болно.
Шүүгдэгч нар бусдын 2 тэмээг хулгайлахдаа шүүгдэгч Э.Хын өмчлөлийн L7GPCKLY7J10443713 арлын дугаартай, улаан өнгийн Супер Даюун загварын, улсын дугааргүй мотоциклийг ашигласан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасны дагуу уг мотоциклийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэлд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хурааж улсын төсөвт оруулах нь зүйтэй байна. Дээрх мотоциклийг Сүхбаатар аймгийн Даатгалын хохирол үнэлгээний төлөөлөгчийн газраас 150.000 төгрөгөөр үнэлжээ /хх- 74/.
Ч.О, Э.Х нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Харин гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Э.Хын өмчлөлийн мотоциклийг улсын төсөвт оруулах шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдтал Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 5/04 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хэвээр үргэлжлүүлнэ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.О, Э.Х нарыг бүлэглэн мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О, Э.Х нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж хянан харгалзсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ч.О, Э.Х нарт хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О, Э.Х нар дээрх тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тэдгээрт мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Хас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, 150.000 төгрөгийн үнэ бүхий, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, L7GPCKLY7J10443713 арлын дугаартай, улаан өнгийн Супер Даюун загварын, улсын дугааргүй мотоциклийг хурааж улсын төсөвт оруулах албадлагын арга хэмжээ авсугай.
6. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Э.Хын өмчлөлийн L7GPCKLY7J10443713 арлын дугаартай, улаан өнгийн Супер Даюун загварын, улсын дугааргүй мотоциклийг битүүмжилсэн Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 5/04 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдтал хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч Ч.О, Э.Х нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хохирогч Д.С, иргэний нэхэмжлэгч Г.Д нарт тэмээнүүдийг нь биетээр нь буцаан олгосон бөгөөд шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шүүхийн шатанд шүүгдэгч Ч.О, Э.Х нарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, ялтан, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН